Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 01 сарын 31 өдөр

Дугаар 251

 

 

 

 

 

 

 

 

 

2017 оны 01 сарын 31 өдөр

      Дугаар 182/ШШ2017/00251

                 Улаанбаатар хот

 

 

    МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

                                                           

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Дашдэчмаа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Орхон аймгийн Баян-Өндөр сумын 2 дугаар баг, Оюут 2 дугаар хороолол, 2 дугаар байрны 56 тоотод оршин суух, Боржигин овогт Сүрэнгийн Отгонбаатар /РД:ХЫ69042137/-ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хороо, Бага тойруу, Жуулчны гудамж-5, өөрийн байранд байрлах, Цаг уур, орчны шинжилгээний газарт холбогдох,

Ажлаас буруу халсан болохыг тогтоолгож, Орхон аймгийн Ус цаг уур, орчны шинжилгээний албаны даргын ажилд томилохыг даалгахыг хүссэн иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч С.Отгонбаатар, түүний өмгөөлөгч М.Ганзориг, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Жавзмаа, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Ж.Гэрэлчулуун нар оролцов.   

                                                                 

  ТОДОРХОЙЛОХ нь:

 

            Нэхэмжлэгч С.Отгонбаатар шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Миний бие нь 1992 онд Монгол улсын их сургуулийг цаг уурын инженер мэргэжлээр төгссөн бөгөөд мэргэжлээрээ тасралтгүй 25 дахь жилдээ ажиллаж байна.

Энэ хугацаандаа шатласан хэлбэрээр инженер, улсын байцаагч, ерөнхий инженер, төвийн захирал, албаны даргаар ажиллаж байсан. Улсын хэмжээнд аймаг нийслэлийн нийт 22 албаны ажлыг дүгнэдэг бөгөөд үүнээс манай хамт олон сүүлийн 15 жилийн турш улсад 1 удаа түрүүлж, эхний 5 байранд 10 гаруй жилийн турш орж байсан.

Санхүүгийн хувьд надад ямар нэгэн мөнгөн зөрчил байхгүй ба 2014, 2015 оны санхүүгийн шалгалтаар олон жил зөрчилгүй ажилласан гээд улсын ерөнхий аудиторын тушаалаар итгэл олгосон байгууллагаар шалгаруулж шалгалтаас чөлөөлж байсан.

2016 онд намайг ажлаас халахтай холбоотойгоор гэнэтийн шалгалтыг сайд Оюунхорол болон төрийн нарийн бичгийн даргын удирдамжийн дагуу нэр бүхий хүмүүс ирж шалгасан. Үүгээр бас зөрчилгүй гарсан.

Ингээд би ажлаа хэвийн үргэлжлүүлээд явж байтал 2016 оны УИХ-ын сонгуулийн дараа Засгийн газар бүрдэж, манай агентлагийн даргаар Сэвжидийн Энхтүвшин гэдэг хүн томилогдсон. Энэ хүн өөрөө 2014 онд ажлаасаа зүй бусаар халагдсан гээд шүүхэд хандсанаар 2 жилийн дараа ажилдаа эргээд орсон.

Энэ хүний ажлаас чөлөөлөгдсөн байсан 2 жилийг оролцуулахгүй гэвэл бид 15 жилийн турш хамт ажилласан. Бидэнд ямар нэгэн өш хонзонгийн гэх мэт хувийн сэдэл байгаагүй, би хариуцсан ажлаа сайн хийж, байгууллагад өөрийн тодорхой хувь нэмрээ оруулж ажиллаж байсан гэж ойлгож байна.

Гэвч манай дарга ажилдаа буцаж ирэхдээ өөр хүн болсон байсан. Би ажлаас чөлөөлөх тухай газрын даргын 2016 оны 9 дүгээр сарын 29-ний өдрийн тушаалыг хөдөө ажлаа гүйцэтгэж яваад эргэж ирэхдээ мэдсэн. Харин сайдын тушаалыг бол огт мэдээгүй. Учир нь би сайдын шууд удирдлага дор ажилладаггүй.

Удалгүй би ажлаасаа чөлөөлөгдөж, алба маань байхгүй болсныг өөрийгөө дарга биш түр орлон гүйцэтгэгч болсныг мэдсэн. 

Тэгж байтал манай орон нутгийн сайт дээр Ядамсүрэнгийн Тунгалаг гэдэг хүнийг Ус цаг уур орчны шинжилгээний албаны даргаар томилж байгаа талаар уншсан.  Тухайн үедээ үүнийг зүгээр шар мэдээ байх гэж бодож байсан боловч нийт 18 хүний нэр байснаас 15 хүн нь нэрсийн дарааллаар томилогдчихсон байна.

Анх 2016 оны 12 дугаар сарын 06-ны өдөр уулзахад өмнөх шүүх хуралдаанд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр оролцож байсан  Б.Баттулга дарга ийм юм байхгүй, хуулийн дагуу зөвшилцөх ажил явагдаж байгаа гэж надад хэлж байсан.

Бусдын 4-6 жил суралцаж байж олж авсан мэдлэгийг Я.Тунгалаг гэдэг хүн 7 хоногийн сургалтанд суугаад сертификат авчихсан байна, вэб сайт дээрх мэдээлэл үнэн байгаа талаар хэлэхэд л үгүй гээд байсан.

Гэтэл 9 сард зөвшилцөх мэдэгдэл явуулаад 2016 оны 10 дугаар сард хариу нь ирчихсэн байхад худал хэлж байсан байгаа юм. Тэгэхээр шүүхэд худал мэдүүлэг өгч биднийг хуурч байсан байна.

Одоог хүртэл 4 сарын турш зөвшилцөх үйл ажиллагаа явагдчихсан байгаа юм. Би бол тангараг өргөдөг төрийн жинхэнэ албан хаагч биш, зөвхөн хөдөлмөрийн гэрээ байгуулж ажилладаг ажилтан юм.

Манай дарга надад хэлэхдээ улс төрийн шахалт ирээд байна, сайд болон гишүүдээс шахаж шаардаад байна гэж байсан. Би байгуулж байсан 3 жилийн хөдөлмөрийн гэрээгээ хавтаст хэрэгт өгсөн. Уг нь бол би байнгын ажлын байран дээр хугацаагүй гэрээ байгуулах ёстой байтал 2010, 2011, 2012 онд дандаа 1 жилийн хугацаатай гэрээ байгуулсан. 

Учир нь урьд хүрээлэнгийн захирлаар ажиллаж байсан хүнийг ажлаас халсан тохиолдлоосоо хаширлаад ингэх болсон юм байна лээ. Хөдөлмөрийн гэрээний 1.7-д төрийн албан, төрийн албан хаагчтай холбоотой стандартыг мөрдөх, төрийн албан хаагчийн ёс зүйн хэм хэмжээг чанд сахих, ажлын байран дээр архидан согтуурах, ажлын хариуцлага алдаж хөдөлмөрйин ноцтой зөрчил гаргавал үүрэг ажлаас шууд чөлөөлнө гэж заасан байдаг.

Гэтэл би энд заасан аль ч зөрчлийг гаргаж байгаагүй ба үүнийг миний жил бүрийн үр дүнгийн гэрээнээс харж болно. Мөн 2011, 2012 онд байгуулсан гэрээн дээр улс төрийн аливаа ажиллагаанд оролцохгүй, намын гишүүн бол түүнээс түдгэлзэнэ гээд зөвшөөрсөн байдаг.

Гэтэл ажил олгогч маань үүнийгээ зөрчөөд улс төрийн шалтгаантай тухай хэлсэн байдаг. Би уг нь аль ч намын гишүүн биш бөгөөд 1993 онд анх томилогдоод 1997 онд байгууллагын бүтэц өөрчлөгдөж ерөнхий инженер болж байсан. Эргээд 2001 онд аймгийн засаг даргын захирамжаар томилогдож байсан юм.

Үүнээс хойш би тасралтгүйгээр энэ ажлыг хийсээр ирсэн. Надад үнэхээр харамсалтай байна, миний том охин 22 настай, бага охин маань 2 настай, эхнэр маань ажилгүй. Би 4 сарын турш түр орлон гүйцэтгэгчээр ажиллаж, цалин мөнгөө авч байгаа боловч буцаад томилогдох болов уу гэж горьдсон хэвээр байгаа юм.

Өнөөдөр 5 аймгийн түр орлон гүйцэтгэгч халагдчихсан байдалтай байна. Бид бүгд хуулийн дор ажиллаж амьдарч байж, сонгуулийн үр дүн хүний амьдралд хортой байдлаар хэтэрхий нөлөөлж байгааг гайхаж байна.

Би газрын даргадаа ил тод байдлаар уулзаж ярилцаад бүр болохгүй бол доод шатнаас эхлээд ажилласан хүмүүс байна, ядаж дотор ажиллаж байгаа хүмүүсээсээ томилвол би зүгээр инженерээ хийгээд явъя гэж хүртэл хэлж байсан.

Гэтэл үгүй гээд Я.Тунгалагийг томилно гэж байсан мөртлөө өмнөх шүүх хуралдаан дээр хүртэл Б.Баттулга дарга үгүйсгэсээр байсан.

Иймд албаны даргын ажлаас үндэслэлгүйгээр халагдсаныг маань тогтоож өгнө үү. Засгийн газрын 2016 оны 8 дугаар сарын 03-ны өдрийн 9 дүгээр тогтоол дээр аймгийн Засаг даргын тамгын газрын бүтцийг тогтоосон байдаг бөгөөд 4 дүгээр заалтын хавсралтад Ус цаг уур орчны шинжилгээний алба гээд хуучин нэрээрээ батлагдсан байдаг.

Үүнээс харвал манай байгууллага бүтэц зохион байгууллалтын өөрчлөлтгүй хэвээрээ байгаа гэж ойлгож байна. Тэгэхээрээ алба маань хэвээрээ байхад би ажлаасаа үндэслэлгүй халагдсан гэж үзэж байна” гэв. 

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Жавзмаа шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “…Орхон аймгийн ус, цаг уур орчны шинжилгээний албаны даргын албан тушаалаас буруу халсан болохыг тогтоолгох тухай нэхэмжлэл шаардлага гаргаж байна гэж ойлгож байна.

Тэгэхээр шүүхэд хүн ямар ч шаардлага тавьж болох боловч Иргэний хуулийн 9 дүгээр зүйлд зааснаар тухайн хүний эрх ямар нэгэн байдлаар зөрчигдсөн байх юм. Гэтэл нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл тодорхойгүй байна.

Бид ажиллаж байсан тал дээр маргаагүй байхад нэхэмжлэгч ажиллаж байсан талаараа яриад байна. Шүүх хуралдааны хэлэлцүүлгийн шат эхлэхээс өмнө нэхэмжлэлийн 3 шаардлагаасаа татгалзсан.

Өөрөөр хэлбэл нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болж байсан эрхийн актаас татгалзсан. Тэгэхээр үндэслэл байхгүй, нотлох баримт байхгүй байна. Ажлын байран дээрээ, чиг үүргээ хэрэгжүүлээд цалингаа аваад ажиллаж байж хөдөлмөрлөх ямар эрх зөрчигдсөн байгаа нь ойлгомжгүй юм.

Албаны даргаас чөлөөлөөд түр орлон гүйцэтгэгчээр томилсон тушаал хүчинтэй хэвээрээ байгаа бөгөөд үүнийг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан нь нэхэмжлэгч хүчинтэй байгааг хүлээн зөвшөөрч байна гэж ойлгож байна.

Түүнийг ажлаас халсан тушаал гараагүй учраас энэ нь Хөдөлмөрийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.8-д зааснаар хөдөлмөрийн ганцаарчилсан маргааны шинжийг агуулж байна. Мөн Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлын 128.1-т зааснаар шүүхийн харьяаллын маргаан биш буюу Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.3-т зааснаар хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.

Мөн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1.4-т заасан нөхцөл буюу нэхэмжлэлийн үндэслэл байхгүй болчихож байгаа учраас нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах үндэслэлтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 37 дугаар зүйлд зааснаар шаардлагын үндэслэл болж байгаа нотлох баримт байх ёстой гэж үзэж байна.

Иймд гэрээний 2 талын маргаан учраас урьдчилан шийдвэрлүүлэх боломжтой байна, мөн нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй байна. Ямар нэгэн байдлаар ажлаас халсан тушаал байсан бол өөр хэрэг болох юм.

Тэгэхээр шүүх нэхэмжлэлийг хүлээн авч шийдвэрлэх боломжгүй байна. Өмнө нь гаргасан нэхэмжлэлийн хувьд авч үзвэл өнөөдрийн байдлаар нэхэмжлэгчийг ажлаас халаагүй, зөвшилцлийн байдалтай байгаа.

Байгаль орчин, ногоон хөгжлийн яамны сайдын 2015 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн А/77 тоот тогтоол хүчингүй болж, Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2016 оны 9 дүгээр сарын 02-ны өдөр А/32 тоот тушаал гаргасан.

Үүнийг үндэслээд газрын дарга нь А/92 тоот тушаал гаргасан нь нэхэмжлэгчийн эрхийг зөрчөөгүй. Харин Засгийн газрын агентлагийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.3.1, 8.3.4, 8.3.5-т зааснаар бүтэц зохион байгуулалт өөрчлөгдсөнтэй холбоотойгоор нэхэмжлэгчийг чөлөөлж, түр орлон гүйцэтгэгчээр томилсон. 

Өөрөөр хэлбэл алба нь газар болсноор арай өргөн чиг үүрэгтэй болсон. Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч С.Отгонбаатар нь 2016 оны 10 дугаар сарын 27-ны өдөр хариуцагч Цаг уур, орчны шинжилгээний газарт холбогдуулан ажлаас буруу халсан болохыг тогтоолгож, Цаг уур, орчны шинжилгээний газрын даргын 2016 оны 9 дүгээр сарын 29-ний өдрийн А/92 тоот “Албан тушаалаас чөлөөлөх, томилох тухай” тушаалын 1 дүгээр хавсралтын дэс дугаар 20, 2 дугаар хавсралтын дэс дугаар 20-д заасан Сүрэнгийн Отгонбаатар гэсэн хэсгийг хүчингүй болгуулж, Орхон аймгийн Ус цаг уур, орчны шинжилгээний газрын даргын ажилд томилохыг даалгахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

 

Шүүх хуралдааны явцад нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагынхаа зарим хэсгээс татгалзаж, ажлаас буруу халсан болохыг тогтоолгож, Орхон аймгийн Ус цаг уур, орчны шинжилгээний албаны даргын ажилд эгүүлэн тогтоолгохоор нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилсөн.

 

Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэж маргаж байна.

 

Шүүхээс нэхэмжлэлийн өөрчилсөн шаардлагын хүрээнд хэргийг шийдвэрлэсэн болно.

 

Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2-д “ажилтан ажлаас буруу халсан буюу өөр ажилд буруу шилжүүлсэн гомдлоо ажил олгогчийн шийдвэрийг хүлээн авсан өдрөөс хойш нэг сарын дотор гомдлоо гаргана” гэж заасны дагуу нэхэмжлэгч С.Отгонбаатар нь хариуцагч Цаг уур, орчны шинжилгээний газрын дарга С.Энхтүвшины 2016 оны 9 дүгээр сарын 29-ний өдрийн А/92 дугаартай “Албан тушаалаас чөлөөлөх, томилох тухай” тушаалд гомдлоо 2016 оны 10 дугаар сарын 27-ны өдөр тус шүүхэд гаргасан байх тул хуульд заасан хугацааны дотор гаргасан гэж үзнэ.

 

Нэхэмжлэгч С.Отгонбаатар нь 2002 оноос хойш Орхон аймгийн Ус цаг уурын орчны шинжилгээний албаны даргаар томилогдон Хөдөлмөрийн болон үр дүнгийн гэрээ байгуулан ажиллаж байсан байна.

 

Ажил олгогч нь нэхэмжлэгчтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг Хөдөлмөрийн тухай хуулийн 21 дүгээр зүйл, 23 дугаар зүйлийн 23.2.2, 24 дүгээр зүйлийн 24.1, 38 дугаар зүйлийн 38.1.2, Монгол улсын Засгийн газрын агентлагийн эрх зүйн байдлын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.3.5, 8.4, Төсвийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.4.18, 16.5.1, Ус цаг уур, орчны хяналт шинжилгээний тухай 6 дугаар зүйлийн 6.2, Авилгын эсрэг хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.2, ... Төрийн албаны зөвлөлийн 2013 оны 60 дугаар тогтоол, “Агентлагийн үйл ажиллагааны стратеги, зохион байгуулалтын бүтцийн өөрчлөлтийн хөтөлбөр батлах тухай” Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2016 оны 9 дүгээр сарын 02-ны өдрийн А/32, тус газрын даргын 2016 оны А/81 дүгээр тушаалыг тус тус үндэслэн  Цаг уур, орчны шинжилгээний газрын даргын 2016 оны 9 дүгээр сарын 29-ний өдрийн А/92 дугаартай тушаалаар С.Отгонбаатарыг Орхон аймгийн Ус цаг уурын орчны шинжилгээний албаны даргын албан тушаалаас чөлөөлж, Орхон аймгийн Ус цаг уурын орчны шинжилгээний газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр томилсон байна.

 

Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2016 оны 9 дүгээр сарын 02-ны өдрийн А/32 дугаартай “Агентлагийн үйл ажиллагааны стратеги, зохион байгуулалтын бүтцийн өөрчлөлтийн хөтөлбөр батлах тухай” тушаалаар “Цаг уур, орчны шинжилгээний газрын харьяа аймаг, хотын Ус цаг уур, орчны шинжилгээний албаны нэрийг өөрчилж, Ус цаг уур, орчны шинжилгээний газар” гэж нэрлэсэн байх ба уг тушаалын 2 дугаар хавсралтаар Цаг уур, орчны шинжилгээний газрын бүтцийг баталжээ.

 

Ус цаг уур, орчны хяналт шинжилгээний тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2-т “Ус, цаг уур, орчны хяналт шинжилгээний улсын сүлжээний нэгжийн албан хаагчийг тухайн шатны Засаг даргатай нь зөвшилцөн мэргэжлийн удирдлагаар хангах үүрэг бүхий байгууллагын дарга томилж, чөлөөлнө” гэж заасны дагуу Орхон аймгийн Ус цаг уур, орчны шинжилгээний газрын даргыг томилох асуудлаар тухайн аймгийн Засаг даргатай зөвшилцөх ажиллагаа явагдаж байгаа болох нь хэрэгт авагдсан баримт, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбараар тогтоогдож байна.

 

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч нь С.Отгонбаатарыг даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр томилсон нь хууль зөрчсөн, мөн Монгол улсын Засгийн газрын 2016 оны 8 дугаар сарын 03-ны өдрийн 09 дугаартай “Аймгийн Засаг даргын Тамгын газрын бүтцийг шинэчлэн тогтоох тухай” тогтоолоор “...аймгийн Засаг даргын эрхлэх асуудлын хүрээнд хэрэгжүүлэгч агентлагуудыг ажиллуулахаар тогтоосон байдаг бөгөөд үүний 4-т ... Ус цаг уур, орчны шинжилгээний алба гэсэн нэрээрээ байдаг. Гэтэл үүнийг Байгаль орчин, аялал жуулчлалын сайд нь А/32 тоот тушаалаар Ус цаг уур, орчны шинжилгээний алба гэсэн нэрийн сүүлийн үгийг газар гэдэг үгээр сольж, өөрчилсөн нь хууль зөрчсөн гэж маргасан.

 

Гэтэл өнөөдрийг хүртэл Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2016 оны 9 дүгээр сарын 02-ны өдрийн А/32 дугаартай тушаал нь хүчин төгөлдөр байх бөгөөд дээрх тушаалыг үндэслэн гарсан Цаг уур, орчны шинжилгээний газрын даргын 2016 оны 9 дүгээр сарын 29-ний өдрийн А/92 дугаартай “Албан тушаалаас чөлөөлөх, томилох тухай” тушаалыг хууль зөрчсөн гэж үзэхээргүй байна.

 

Хөдөлмөрийн тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1.-д “...хөдөлмөрийн гэрээний үндсэн дээр хөдөлмөрийн харилцаанд оролцогч ажилтан, ажил олгогчийн нийтлэг эрх, үүрэг, хамтын гэрээ, хэлэлцээр, хөдөлмөрийн ганцаарчилсан ба хамтын маргаан, хөдөлмөрийн нөхцөл, удирдлага, хяналт болон хууль тогтоомж зөрчигчдөд хүлээлгэх хариуцлагыг тодорхойлж талуудын эрх тэгш байдлыг хангахад оршино” гэж заасан.

 

Мөн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1.4-т зааснаар нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлийн үндэслэл, шаардлага, түүнийг нотлох баримтыг тодорхой заах шаардлагатай бөгөөд нэхэмжлэгч С.Отгонбаатар нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болсон Цаг уур, орчны шинжилгээний газрын даргын 2016 оны 9 дүгээр сарын 29-ний өдрийн А/92 дугаартай “Албан тушаалаас чөлөөлөх, томилох тухай” тушаалын 1 дүгээр хавсралтын д/д 20 буюу өөрт хамаарах хэсгийг хүчингүйд тооцуулах нэхэмжлэлийн шаардлагаас татгалзсан учраас түүнийг үндэслэлгүйгээр ажлаас халагдсан гэж үзэх үндэслэл тогтоогдсонгүй.

 

Хэдийгээр Цаг уур, орчны шинжилгээний газрын даргын 2016 оны 9 дүгээр сарын 29-ний өдрийн А/92 тоот “Албан тушаалаас чөлөөлөх, томилох тухай” тушаал нь агуулгыг хувьд хуульд заасан шаардлагыг хангаагүй байх боловч уг тушаал гарснаараа С.Отгонбаатарыг Орхон аймгийн Ус цаг уурын орчны шинжилгээний албаны даргын албан тушаалаас чөлөөлж, Орхон аймгийн Ус цаг уурын орчны шинжилгээний газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр томилсон нь нэхэмжлэгчийн хөдөлмөрлөх эрхийг ноцтой зөрчсөн гэж үзэх хууль зүйн үндэслэл тогтоогдохгүй байна.

 

Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч С.Отгонбаатар нь Орхон аймгийн Ус, цаг уур, орчны шинжилгээний газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр ажиллаж, ажил үүргээ гүйцэтгэж, өмнө авч байсан цалин хөлсөө авч, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл нь хуульд заасны дагуу төлөгдөж байгаа болох нь зохигчдын тайлбараар тогтоогдож байх тул шүүхээс түүний эрх зөрчигдсөн гэж үзэхээргүй байна.

 

            Иймд Цаг уур, орчны шинжилгээний газарт холбогдох ажлаас буруу халсан болохыг тогтоолгож, Орхон аймгийн Ус цаг уур, орчны шинжилгээний албаны даргын ажилд эгүүлэн тогтоолгохыг хүссэн нэхэмжлэгч С.Отгонбаатарын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйл, 160 дугаар зүйлийн 160.1.2-т заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1.Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-т зааснаар Ус цаг уурын орчны шинжилгээний газарт холбогдох ажлаас буруу халсан болохыг тогтоолгож, Орхон аймгийн Ус цаг уур, орчны шинжилгээний албаны даргын ажилд эгүүлэн тогтоолгох тухай С.Отгонбаатарын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч С.Отгонбаатар нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурьдсугай.

 

            3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй бөгөөд зохигч 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах ба шийдвэрийг гарган аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй болохыг дурдсугай.

 

            4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдаж шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ                                       Х.ДАШДЭЧМАА