Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 06 сарын 19 өдөр

Дугаар 210/МА2020/01321

 

 

 

 

 

2020 оны 06 сарын 19 өдөр

Дугаар 210/МА2020/01321

 

 

Н.Г нэхэмжлэлтэй иргэний

хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Ичинхорлоо даргалж, шүүгч Д.Нямбазар, Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн 183/ШШ2020/00991 дугаар шийдвэртэй нэхэмжлэгч Н.Г хариуцагч Хан-Уул дүүргийн Э төвд холбогдуулан гаргасан тус төвийн даргын 2019 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн Б/165 тоот хохирол гаргуулах, суутгал хийх тухай тушаалыг хүчингүй болгуулах, уг тушаалын дагуу цалингаас суутгасан 912 026 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн, Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчйн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ө, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Э, хариуцагчийн өмгөөлөгч Г.Б, шүүх хуралдааны нарын бичгийн дарга Ч.Д нар оролцов.

 

Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага болон шүүхэд гаргасан тайлбарт: Хан-Уул дүүргийн Э төвийн яармаг салбарын мэс заслын их эмч Н.Габит нь 2017 оны 12 сарын 31-ний өдөр иргэн Д.Дэлгэрмаа хэвлий орчмоор өвдсөн гэх зовиуртай ирэхэд үзлэг хийж, ЭХО-ны эмч Ш.Номин-Эрдэнэд онош тогтоолгохоор явуулсан. Улмаар ЭХО-ны эмчийн бичгийг үндэслэж, мэс заслын эмчийн зүгээс яаралтай мэс заслын өвчний шинж тэмдэггүй тул өвдөлт намдаах эм зөвлөж, үйлчилгээ нь гарсны дараа цус, БХШ, шээсний бактериологийн шинжилгээ давтан өгөхийг зөвлөсөн. Гэтэл Д.Дэлгэрмаа нь 2018 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд Н.Габит болон Хан-Уул дүүргийн Э төвийг хариуцагчаар татан гэм хорын хохиролд 1 631 310 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан. Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхээс 2018 оны 07 дугаар сарын 30-ны өдрийн 183/ШШ2018/01780 тоот шийдвэрээр Хан-Уул дүүргийн Э төвөөс Д.Дэлгэрмаад 1 681 310 төгрөг олгуулахаар шийдвэр гаргасан. Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн 1959 дугаар магадлал, Улсын дээд шүүхийн хяналтын шатны шүүхийн 2019 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн 233 дугаар тогтоолоор тус анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээсэн. Гэтэл Хан-Уул дүүргийн Э төвийн дарга Э.Бодьцэцэг 2019 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр Б/165 тоот Н.Габитаас хохирол гаргуулах, суутгал хийх тухай тушаал гаргасан. Уг тушаалд Н.Габит нь 2017 оны 12 дугаар сарын 31-нд иргэн У.Дэлгэрмаад эмнэлгийн тусламж үйлчилгээг зохих ёсоор үзүүлээгүй, хохирол учруулсан нь Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрээр тогтоогдсон. Д.Дэлгэрмаад учирсан хохирлыг Хан-Уул дүүргийн Э төвөөс 2019 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр бүрэн төлж барагдуулсан тул Н.Габитаас 1 723 161 төгрөгийн хохирлыг гаргуулах, энэ тушаалыг 2019 оны 09 дүгээр сараас 2020 оны 09 дүгээр сарын 01-ний дотор гаргуулж дуусгахыг ерөнхий нягтлан бодогчид үүрэг болгосон. Түүнчлэн, мэс заслын их эмч Н.Габит болон дүрс оношлогооны эмч Ш.Номин-Эрдэнэ нарт өвчтөний оношлогоог стандартын дагуу хөтлөөгүй гэж сануулах сахилгын шийтгэл ногдуулж, урамшуулал болох 1 600 000 төгрөгийг олгоогүй.

Уг тушаалыг 2019 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр байгууллагын хүний нөөцийн даргаас хүлээн авч, эс зөвшөөрсөн гомдлоо 2019 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр Нийслэлийн Хан-Уул дүүргийн Э төвийн дэргэдэх Хөдөлмөрийн маргаан таслах комисст гаргасан. 2019 оны 12 дугаар сарын 18-ны өдөр дээрх асуудлыг Хөдөлмөрийн маргаан таслах комисс хэлэлцэх үндэслэлгүй гэх хариу өгсөн. Хан-Уул дүүргийн Э төвийн дарга миний 2 сарын үндсэн цалинтай тэнцэх хэмжээний хохирлыг дур мэдэн тушаал гаргаж, цалин хөлснөөс суутгаж байгаа нь хөдөлмөрийн тухай хуулиар олгосон, эрх хууль ёсны ашиг сонирхлыг ноцтой зөрчсөн. Иймд Хан-Уул дүүргийн Э төвийн даргын 2019 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн Б/165 тоот тушаалын дагуу миний цалингаас суутгасан 700 000 төгрөгийг буцаан олгуулж өгнө үү. Хариуцагч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчийн 2020 оны 02 дугаар сарын цалин хөлснөөс 165 407 төгрөг, 3 дугаар сарын цалин хөлснөөс 84 991 төгрөгийн суутгал хийснийг буцаан олгуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа 250 398 төгрөгөөр нэмэгдүүлж, нийт 912 026 төгрөгийг буцаан гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагчийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: Хан-Уул дүүргийн Э төвийн Яармаг дахь салбарын мэс заслын их эмч Н.Г гэм буруугаас иргэн Д.Дэлгэрмаад 1 681 310 төгрөгийн гэм хорын хохирол учирсан болох нь Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 07 дугаар сарын 30-ны өдрийн 1780 дугаартай шийдвэр, Нийслэлийн давж заалдах шатны шүүхийн магадлал, Улсын дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүхийн тогтоолоор тогтоогдсон ба уг хохирлыг Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.1 дэх хэсэгт зааснаар байгууллагаас гаргуулсан. Иймд байгууллагын даргын 2019 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн Б/165 тоот тушаалаар их эмч Н.Г цалингаас суутгал хийж байгууллагад учруулсан гэм хорын хохирлыг арилгуулж байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

Шүүх: Хөдөлмөрийн тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.4, 135 дугаар зүйлийн 135.4, 128 дугаар зүйлийн 128.1.3-т заасныг тус тус баримтлан хариуцагч Хан-Уул Э төвөөс ажилтны 2019 оны 9, 10, 11, 12 дугаар сар, 2020 оны 02, 03 дугаар сарын цалингаас суутгасан нийт 912 026 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Н.Габитад олгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 28 400 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Хан-Уул Э төвөөс 26 438 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Н.Габитад олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.1 дэх хэсэгт заасныг баримтлан төрийн сангийн данснаас 2020 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр төлсөн 7 000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Н.Габитад олгож шийдвэрлэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдолд: Хөдөлмөрийн гэрээнд эд хөрөнгийн бүрэн хариуцлага хүлээх асуудлыг тусгасан. Гэтэл шүүх ажил олгогч болох Хан-Уул дүүргийн Э төв нь нэхэмжлэгч Н.Габиттай 2015 оны 05 дугаар сарын 25-ны өдөр байгуулсан хөдөлмөрийн гэрээний 4 дүгээр зүйлийн 4.3.7, Хөдөлмөрийн тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.4 дэх хэсэгт заасныг баримтдан үндэслэлгүй дүгнэлт хийж, хууль буруу хэрэглэсэн. Хөдөлмөрийн гэрээнд тусгасан Хөдөлмөрийн тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.3 дахь заалт нь уг хохирлын асуудал шүүхээр тогтоогдож, иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.1 дэх хэсэгт зааснаар байгууллагаас гаргуулсныг Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.5, Хөдөлмөрийн тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1, 63.2 дахь хэсэгт зааснаар Н.Габитаас гаргуулсан нь хууль зөрчөөгүй. Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж дүгнэсэн атлаа Н.Габитаас суутгасан мөнгөний зарим хэсэг болох 912 026 төгрөгийг хариуцагчаас гаргуулж Н.Габитад олгуулахаар шийдвэрлэсэн нь дүгнэлтээс зөрүүтэй байна. Захиргааны байгууллагын даргын тушаал захиргааны актыг хүчингүй болгох шаардлага бүхий нэхэмжлэлийг хүлээн авсан нь шүүхийн харьяалал зөрчсөн тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хуулиар тогтоосон журмыг зөрчсөн байх тул шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан шаардлагыг хангаагүй гэж үзэв.

Нэхэмжлэгч Н.Габит нь хариуцагч Хан-Уул дүүргийн Э төвд холбогдуулан тус төвийн даргын 2019 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн Б/165 тоот хохирол гаргуулах, суутгал хийх тухай тушаалыг хүчингүй болгуулах, уг тушаалын дагуу цалингаас суутгасан 912 026 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

Анхан шатны шүүх 2019 оны 12 дугаар сарын 30-ны өдөр 183/ШЗ2020/00238 дугаартай шүүгчийн захирамжаар дээрх нэхэмжлэлд дурдсан шаардлага бүрт хэрэг үүсгэсэн боловч хэргийг шийдвэрлэхдээ зөвхөн цалингаас суутгасан 912 026 төгрөг гаргуулах шаардлагыг хангаж шийдвэрлэсэн байна.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч талаас Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 07 дугаар сарын 30-ны өдрийн 1780 дугаар шийдвэрийг үндэслэн нэхэмжлэгч Н.Габитын буруутай үйлдлийн улмаас иргэн Д.Дэлгэрмаад учирсан хохирол болох 1 681 310 төгрөгийг хариуцагч байгууллага төлсөн тул уг мөнгөн төлбөрийг гаргуулахаар сөрөг нэхэмжлэл гаргажээ. /хх 49/

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 73 дугаар зүйлийн 73.2 дахь хэсэгт зааснаар сөрөг нэхэмжлэлийн шаардлага үндсэн нэхэмжлэлийн шаардлагатай тооцогдох байвал шүүх сөрөг нэхэмжлэлийг үндсэн нэхэмжлэлийн хамт шийдвэрлэх журамтай. Анхан шатны шүүх үндсэн болон сөрөг нэхэмжлэлийг хамтатган шийдвэрлэх боломжгүй гэж үзэж, сөрөг нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан нь үндэслэл муутай байна.

 

Нэхэмжлэлийн шаардлага, үндэслэл хоорондоо холбоотой, шаардлага нь нэхэмжлэлийн үндэслэлээс хамаарч тодорхойлогддог, харилцан хамааралтай тул шүүхээс энэ асуудлыг тодруулаагүй нь буруу болжээ.

 

Хариуцагч нэхэмжлэгчээс сөрөг нэхэмжлэлээр ажилтны учруулсан хохирлыг Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.5 дахь хэсэгт зааснаар буцаан гаргуулахыг шаардаж байгаа шаардлагын талаар өгөх шүүхийн дүгнэлт нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагад зааж буй цалин хөлснөөс суутгасан мөнгөн хөрөнгийг буцаан гаргуулах шаардлагатай харилцан тооцогдох эсэх нь ач холбогдолтой. Талууд энэ талаар мэтгэлцээгүй байхад шүүх шаардах эрхийн үндэслэл болсон эрх зүйн харилцааг зөв тодорхойлж, холбогдох хуулийн зохицуулалтыг оновчтой тайлбарлан хэрэглэх боломжгүй юм. Иргэний хуульд заасан ажилтны хохирол учруулсан гэм буруугийн байдлыг тодорхойлох шаардлагатай болно.

 

Давж заалдах шатны шүүхэд дээрх ажиллагааг нөхөн гүйцэтгэх эрхийг хуулиар олгоогүй тул хэрэгт авагдсан баримтын хүрээнд дүгнэлт хийх, хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжгүй болно.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаав.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.3 дахь заалтыг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн 183/ШШ2020/00991 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 26 500 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1-д зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ц.ИЧИНХОРЛОО

 

ШҮҮГЧ Д.НЯМБАЗАР

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ж.ОЮУНТУНГАЛАГ