Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2021 оны 05 сарын 25 өдөр

Дугаар 001/ХТ2021/00510

 

Н.Г-ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

          Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч Д.Цолмон даргалж, шүүгч С.Соёмбо-Эрдэнэ, Х.Сонинбаяр, Б.Ундрах, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

        Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн         

          2020 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн 183/ШШ2020/00991 дүгээр шийдвэр,

          Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 

          2020 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн 1321 дүгээр магадлалтай,

         Нэхэмжлэгч: Н.Г-

        Хариуцагч: Хан-Уул эрүүл мэндийн төв

        2019.09.19-ний өдрийн Б/165 дугаартай  тушаалыг хүчингүй болгуулах,  912,026 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

          Нэхэмжлэгч Н.Г-ын хяналтын журмаар 2020.07.08-ны өдөр гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Б.Ундрахын илтгэснээр хянан хэлэлцэв.

          Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Кадирбек, нарийн бичгийн даргад Х.Билгүүн нар оролцов.

          Нэхэмжлэгч нэхэмжлэлдээ: Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018.07.30-ны өдрийн 183/ШШ2018/01780 тоот шийдвэрээр Хан-Уул дүүргийн Эрүүл мэндийн төвөөс Д.Дэлгэрмаад 1,681,310 төгрөг олгуулах болж,уг шийдвэр давж заалдах болон   хяналтын шатны шүүхийн  тогтоолоор  хэвээр үлдсэн. Гэтэл хариуцагч  Н.Г-аас хохирол гаргуулах, суутгал хийх тухай 2019.09.18-ны өдрийн Б/165 тушаал  гаргасан. Уг тушаалд Н.Г- нь 2017.12.31-нд  У.Дэлгэрмаад эмнэлгийн тусламж үйлчилгээг зохих ёсоор үзүүлээгүй, хохирол учруулсан нь  шүүхийн шийдвэрээр тогтоогдсон, хохирлыг  төвөөс 2019.09.05-ны өдөр бүрэн барагдуулсан тул Н.Г-аас 1,723,161 төгрөг гаргуулах, мөнгийг 2019.09 сараас 2020.09.01-ний дотор  дуусгахыг ерөнхий нягтлан бодогчид үүрэг болгосон байна. Түүнчлэн, надад болон дүрс оношлогооны эмч Ш.Номин-Эрдэнэ нарт өвчтөний оношлогоог стандартын дагуу хөтлөөгүй гэж сануулах сахилгын шийтгэл ногдуулж, урамшуулал болох 1,600,000 төгрөгийг олгоогүй. Уг тушаалыг 2019.09.25-ны өдөр байгууллагын хүний нөөцийн даргаас хүлээн авч, эс зөвшөөрсөн гомдлоо 2019.11.20-ны өдөр Нийслэлийн Хан-Уул дүүргийн Эрүүл мэндийн төвийн дэргэдэх Хөдөлмөрийн маргаан таслах комисст гаргасан. 2019.12.18-ны өдөр дээрх асуудлыг Хөдөлмөрийн маргаан таслах комисс хэлэлцэх үндэслэлгүй гэх хариу өгсөн. Хан-Уул дүүргийн Эрүүл мэндийн төвийн дарга миний 2 сарын үндсэн цалинтай тэнцэх хэмжээний хохирлыг  тушаал гаргаж, суутгаж байгаа нь  хууль зөрчиж байна. Иймд Хан-Уул дүүргийн Эрүүл мэндийн төвийн даргын 2019.09.18-ны өдрийн Б/165 тоот тушаалын дагуу миний цалингаас  нийт 912,026 төгрөг суутгасаныг  буцаан гаргуулж өгнө үү гэжээ.

        Хариуцагч тайлбартаа: Хан-Уул дүүргийн Эрүүл мэндийн төвийн Яармаг дахь салбарын мэс заслын их эмч Н.Г-ын гэм буруугаас Д.Дэлгэрмаад 1,681,310 төгрөгийн гэм хорын хохирол учирсан нь Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018.07.30-ны өдрийн 1780 дугаартай шийдвэр,  давж заалдах шатны шүүхийн магадлал,  хяналтын шатны  шүүхийн тогтоолоор тогтоогдсон. Уг хохирлыг Иргэний хуулийн 498.1-д хэсэгт зааснаар байгууллагаас гаргуулсан. Иймд байгууллагын даргын 2019.09.19-ний өдрийн Б/165 тоот тушаалаар их эмч Н.Г-ын цалингаас суутгал хийж байгууллагад учруулсан гэм хорын хохирлыг арилгуулж байна. Иймд нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй гэжээ.

        Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх 2020 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр 183/ШШ2020/00991 дүгээр шийдвэр гаргаж, Хөдөлмөрийн тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.4, 135 дугаар зүйлийн 135.4, 128 дугаар зүйлийн128.1.3-т заасныг тус тус баримтлан хариуцагчаас 912,026 төгрөгийг гаргуулж Н.Г-ад олгохоор шийдвэрлэжээ.

 

        Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн 1321 дүгээр магадлалаар Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн 183/ШШ2020/00991 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцаасан  байна.

 

         Нэхэмжлэгч Н.Г- хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүх нэхэмжлэгчийн дурдаад буй тус захирамжийг хуульд нийцсэн эсэх, нэхэмжлэгчийн хууль ёсны эрх ашгийг хөндөж буй эсэхийг хянан шийдвэрлэхдээ маргаан бүхий харилцааг зохицуулж буй хэм хэмжээний актуудыг зөв сонгон хэрэглэх, хуулийн үндэслэлийг зөв тогтоох, хэрэг маргааныг хянан шийдвэрлэх явцад уг харилцааг зохицуулж буй хэм хэмжээний актуудын үндсэн зорилго, агуулгад нийцүүлэн хэрэглэсэн байхыг шаарддаг. Н.Г-ын нэхэмжлэл бол ажил олгогчийн шийдвэр нь хууль бус болохыг тогтоолгож уг шийдвэрээс үүдэн цалингаас нь сар бүр суутгасан мөнгөн дүнгийн хохирлоо буцаан гаргуулах шаардлага бүхий хөдөлмөрийн маргаан байсан учир хөдөлмөрийн тухай хууль, ИХШХШТХууль, Иргэний хуулиудын агуулга зорилгод нийцсэн байдлаар үйл ажиллагаагаа явуулж , нэхэмжлэлийн агуулга, нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хуулийг зөв хэрэглэж холбогдох эрх зүйн хэм хэмжээнүүдийг оновчтой зөв сонгон нэхэмжлэгчийн шаардах эрхийн үндэслэлийг зөв тодорхойлж нэхэмжлэгчийн хөндөгдсөн эрх ашгийг нь дахин сэргээсэн шийдвэр гарсан нь Хөдөлмөрийн тухай хууль, Иргэний тухай хууль, ИХШХШТХ-н тус тус хуулиар хамгаалагдсан эрх ашиг бүрэн нийцсэн байна. Тухайлбал ИХ-н 9.1.Иргэний эрх зүйн хамгаалалт нь зөрчигдсөн эрхийг сэргээх зорилготой байна, 9.4.2. эрх зөрчсөн үйлдлийг таслан зогсоож, зөрчихөөс өмнөх байдлыг сэргээх, 9.4.7.бусдын эрх зөрчсөн шийдвэрийг хүчингүй болгох: 9.4.4 учруулсан хохирлыг арилгуулах, Хөдөлмөрийн тухай хуулийн 1.1-т Энэ хуулийн зорилт нь хөдөлмөрийн гэрээний үндсэн дээр хөдөлмөрийн харилцаанд оролцогч ажилтан, ажил олгогчийн нийтлэг эрх, үүрэг, хамтын гэрээ, хэлэлцээр, хөдөлмөрийн ганцаарчилсан ба хамтын маргаан, хөдөлмөрийн нөхцөл, удирдлага, хяналт болон хууль тогтоомж зөрчигчид хүлээлгэх хариуцлагыг тодорхойлж талуудын харилцан эрх тэгш байдлыг хангахад оршино. Гэх тус тус хуулиудын зорилго зорилтыг хангах үүднээс ИХШХШТХ-н хэм хэмжээ журмыг баримтлан материаллаг хуулийн хэм хэмжээ болох Хөдөлмөрийн тухай хуулийн 63.4, 135.4, 128.1.3 заалтуудыг үндэслэн нэхэмжлэлийн үндсэн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн байдал тус шүүхийн шийдвэрийн хэлбэр нь шүүхийн шийдвэрийн агуулгад тавигдах удирдах, тодорхойлох, үндэслэх, тогтоох хэсгүүдээс бүрдэж процесс хуулийн хэм хэмжээг зөв хэрэглэсэн тул хууль ёсны байх үндсэн шаардлагыг бүрэн хангасан байна. Монгол Улсын дээд шүүхээс 2006.04.24-ний өдөр 21 дугаартай тогтоолын 2.2-т Хэрэгт хамааралтай бөгөөд хуульд заасан арга хэрэгслээр олж авсан, хэрэгт авагдсан ба шүүх хуралдаанаар хэлэлцэгдэж, шүүхээр судлан шинжлэгдсэн нотлох баримтаар хэрэгт ач холбогдол бүхий бүх нөхцөл байдал тогтоогдсон хийгээд эдгээр нөхцөл байдлын талаар шүүхийн бүрэн, бодитой дүгнэлтийг агуулсан шийдвэр үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангана. Анхан шатны шүүх нь талуудын гаргаж өгсөн ИХШХШТХ-н 38-д заасан шаардлагуудыг хангаж, тус хуулийн 40-д зааснаар үнэлж шийдвэрлэсэн бөгөөд хэрэгт авагдсан нотлох баримтууд нь хэрэгт хамааралтай, хуулиар зөвшөөрсөн арга хэрэгсэл, хэлбэрээр гаргасан болох нь анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэрүүдээс илэрхий тодорхой байна. 2. Анхан шатны шүүх сөрөг нэхэмжлэлийг үндсэн нэхэмжлэлийн хамт шийдвэрлэх учиртай ийнхүү хүлээн авч шийдвэрлээгүй нь үндэслэл муутай байна хэмээн давж заалдах шатны шүүх үзсэн нь үндэслэлгүй юм. ИХШХШТХ-н 73.1-т зааснаар сөрөг нэхэмжлэл гаргаж болох бөгөөд 73.2-т зааснаар зөвхөн хоорондоо тооцогдох боломжтой шаардлагыг шүүх сөрөг нэхэмжлэлийн журмаар үндсэн нэхэмжлэлтэй хамтатган шийдвэрлэж болно. Хариуцагч 2020.02.05-ны өдөр нэхэмжлэгчээс гэм хорын хохиролд 1,723,161 төгрөгийг гаргуулах нэхэмжлэл гаргасныг  анхан шатны шүүх 2020.02.13-ны өдөр сөрөг нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэсэн юм. Хариуцагчаас гаргаж буй нэхэмжлэлийн шаардлага нь нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагатай тооцогдож болох шаардлага байх учиртай. Тохиолдолд нэхэмжлэгчийн үндсэн шаардлага нь ажил олгогчийн 2019.09.19-ний өдөр гарсан Б/165 дугаартай хохиролд байгууллагаас нөхөн төлсөн 1,723,161 төгрөгийг сар бүрийн цалингийн 20 хувиас хэтрэхгүй хэмжээгээр суутгал хийх тухай тушаалыг хүчингүйд тооцуулах шаардлага буюу Хөдөлмөрийн тухай хуулийн 63-д заасан цалин хөлснөөс хийх суутгалын талаарх шаардлагыг хамтад нь шийдвэрлэх боломжгүй байсан учир анхан шатны шүүхээс сөрөг нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байна. Давж заалдах шатны шүүхээс Иргэний хуульд заасан нэхэмжлэлийн буюу ажилтны гэм буруугүйн байдлыг тодорхойлох шаардлагатай хэмээн дүгнэсэн нь нэхэмжлэлийн агуулга, үндсэн шаардлагад огт хамааралгүй байхад ийнхүү дүгнэсэн нь  магадлал нь үндэслэлгүй байх бөгөөд хууль ёсны байх шаардлагыг хангахгүй байна. Иймд шийдвэрийг хэвээр үлдээж, магадлалыг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

        Н.Г- 2019.12.23-ны өдөр нэхэмжлэл гаргаж,  2019.09.19-ний өдрийн Б/165 дугаар   тушаалыг хүчингүй болгуулах, 912,026 төгрөг гаргуулахыг шаардсан байна. 

        Анхан шатны шүүх хариуцагчаас 912,026 төгрөг гаргуулахаар шийдвэрлэснийг давж заалдах шатны шүүх хүчингүй болгож хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцаажээ.

        Хяналтын шатны шүүхэд гаргасан нэхэмжлэгчийн гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

       Сөрөг нэхэмжлэлийн шаардлага үндсэн нэхэмжлэлийн шаардлагатай тооцогдох байвал шүүх сөрөг нэхэмжлэлийг үндсэн нэхэмжлэлтэй хамт шийдвэрлэнэ.

        Хэрэгт авагдсан баримтаас үзвэл, хариуцагч нь шүүх хуралдаанаас өмнө сөрөг нэхэмжлэл гаргаж, Н.Г-аас хохиролд 1,681,310 төгрөг гаргуулахыг шаардсан байна.  

        Хариуцагчийн гаргасан сөрөг нэхэмжлэл нь үндсэн нэхэмжлэлийн шаардлагатай тооцогдох байхад шүүх хүсэлтийг хангаагүй нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6,  73 дугаар зүйлийн 73.2 дахь хэсгийг зөрчжээ.   

        Давж заалдах шатны шүүх өөрийн эрх хэмжээний хүрээнд дүгнэлт хийж, шийдвэрийг хүчингүй болгохдоо хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу явуулсан байх тул магадлалыг хэвээр үлдээв.

        Шүүх хэргийг шийдвэрлэхдээ нэхэмжлэл болон сөрөг нэхэмжлэлийн талаар дүгнэлт хийж,  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн  115 дугаар зүйлийн 115.2 дахь хэсэгт заасан шийдвэрийн аль нэгийг гаргавал зохино.    

        Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

        1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн 1321 дүгээр магадлалыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн гомдлыг хангахгүй орхисугай.

        2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т заасныг баримтлан нэхэмжлэгчээс хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2020 оны 07 дугаар сарын 08-ны өдөр төлсөн 26,500 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

                                   ДАРГАЛАГЧ,ШҮҮГЧ                             Д.ЦОЛМОН

                                                    ШҮҮГЧИД,                            Х.СОНИНБАЯР

                                                                                                 С.СОЁМБО-ЭРДЭНЭ

                                                                                                 Б.УНДРАХ

                                                                                                 Х.ЭРДЭНЭСУВД