Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 03 сарын 30 өдөр

Дугаар 210/МА2018/00806

 

 

 

 

 

2018 оны 03 сарын 30 өдөр

Дугаар 210/МА2018/00806

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

ӨМӨЗО-ны Шэнг Хүй Инг Ли цахилгаан эрчим

хүч, шинжлэх ухаан ХХК-ийн нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Т.Туяа, Ц.Ичинхорлоо нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2018 оны 1 дүгээр сарын 24-ний өдрийн 181/ШШ2018/00229 дугаар шийдвэртэй

 

Нэхэмжлэгч ӨМӨЗО-ны Шэнг Хүй Инг Ли цахилгаан эрчим хүч, шинжлэх ухаан ХХК-ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч Электрик ком ХХК-д холбогдох

 

-       Худалдан-худалдан авах гэрээний үүргийн гүйцэтгэлд 148 308 287 төгрөг

гаргуулах үндсэн,

 

-       46 702 876 төгрөг буцаан гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч болон өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Ц.Ичинхорлоогийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч: М.Мөнхжаргал

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Р.Очирбал

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Лхагвадорж нар оролцов.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Батчулуун шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Золзаяа хуралдаанд гаргасан тайлбартаа:

 

Электрик ком ХХК нь 2013 оны 11 дүгээр сарын 5-ны өдөр аж үйлдвэрийн тоног төхөөрөмж худалдах, худалдан авах гэрээг байгуулж, QD загварын цахилгаан 2 баганатай гүүрэн кран (жолоодлогын өрөөтэй)-ыг БНХАУ, ӨМӨЗО-ны Шэнг Хүй Инг Ли цахилгаан эрчим хүч шинжлэх ухаан ХХК-аар дамжуулан 710 000 юанаар Шан Донг Лонг Хүй кран машин механизм ХХК-иас худалдан авахаар тохиролцсон. Краны үнэ болох 710 000 юанийг Электрик ком ХХК-ийн өмнөөс Шэнг Хүй Инг Ли цахилгаан эрчим хүч шинжлэх ухаан ХХК нь худалдагчид бүрэн төлсөн. Электрик ком ХХК нь дээрх гэрээний дагуу краныг өөрийн өмчлөлдөө авч, үйл ажиллагаандаа ашигласан. Гэвч тус компани уг краны үнийг Шэнг Хүй Инг Ли цахилгаан эрчим хүч шинжлэх ухаан ХХК-д бүрэн төлж барагдуулаагүй ба үлдэгдэл төлбөрийг төлж барагдуулахыг удаа дараа шаардсан боловч одоог хүртэл бодит үр дүнд хүрээгүй явсаар өнөөдрийг хүртэл уг төлбөрийг төлөөгүй байна. Талууд 2015 оны 02 дугаар сарын 12-ны өдөр тооцоо нийлж гүүрэн краны үлдэгдэл төлбөрийн баримтыг эргэж олоод тооцоо хийхээр болсон байдаг боловч хариуцагч нь yг тооцоогоор хассан 315 000 юанийн төлбөрөө үлдэгдэл гэж тохирсон 284 000 юаньд дахин тооцож хасна гэж уг тооцоо нийлсэн баримтаа үгүйсгэж байгаа тул гүүрэн краны төлбөрөөс гадна талуудын хооронд 2013, 2014 онд хийсэн эрчим хүчний бараа бүтээгдэхүүний нийт худалдааны үлдэгдэл төлбөрийг хариуцагчаас гаргуулах шаардлага үүсэж байна. 2007 оноос хойш хариуцагч Электрик ком ХХК, тус компанийг төлөөлж захирал Ц.Баатар нь нэхэмжлэгч Шэнг Хүй Инг Ли цахилгаан эрчим хүч шинжлэх ухаан ХХК-иас байнгын зээлээр бараа, бүтээгдэхүүн, тоног төхөөрөмж худалдан авч түншийн харилцаатай болсон. Улмаар Электрик ком ХХК нь бараа бүтээгдэхүүнээ зээлээр худалдан авч хэд хэдэн худалдан авалтынхаа дүнгээс нэгтгэж төлөх байдлаар худалдаа хийж ирсэн. 2013 оны 11 дүгээр сарын 5-ны өдөр байгуулсан LHQZ20131105 дугаартай гэрээний дагуу хариуцагчид худалдсан QD загварын цахилгаан 2 баганатай гүүрэн краны үлдэгдэл төлбөр болох 284 000 юань, торгууль 8 520 юань, нийт 292 520 юань буюу 89 759 762 төгрөг, 2014 оны зээлээр худалдсан нийт цахилгаан, эрчим хүчний бараа материал, тоног төхөөрөмжийн үлдэгдэл төлбөр буюу 2014 оны 8 дугаар сарын 24-ний өдрийн 0030082 дугаартай бараа худалдах бичгээр хариуцагчид зээлээр худалдсан бараа материалын нийт төлбөр болох 346 530 юаниас төлөгдөөгүй үлдэгдэл төлбөр болох 164 121 юань буюу 58 548 525 төгрөг, нийт 148 308 287 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч Электрик ком ХХК-ийн захирал Ц.Батбаатар шүүхэд гаргасан болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.Очирбал шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Манай компаниас Хятад улсын иргэн Жан Шин Хуй-тай 2015 оны 2 дугаар сарын 12-ны өдөр тооцоо нийлж, 105 147 юанийн үлдэгдэл төлбөр төлөхөөр тохиролцсон байдаг. Уг төлбөрийг компанийн зүгээс 2016 оны 2 дугаар сарын 3-ны өдөр Хаан банкны гадаад гуйвуулгаар Жан Шин Хуй-гийн дансанд шилжүүлж барагдуулсан. Нэхэмжлэгчийн зүгээс нэхэмжлэлийн үндэслэлд дурдсанаар Электрик ком ХХК-тай 2013 оны 11 дүгээр сарын 5-ны өдрийн худалдах, худалдан авах гэрээг хийсэн. Тухайн гэрээг компанийн ерөнхий захирал Ц.Баатартай хийсэн ба ерөнхий захирал Ц.Баатар 2014 оны 11 дүгээр сард авто ослоор нас барсан. Тухайн үед захирал Ц.Баатар нь худалдах, худалдан авах гэрээний дагуу төлбөрийн 50 хувь болох 355 000 юанийг урьдчилан шилжүүлж, БНХАУ-ын Эрээн хотод бараа материал ирэх үед 40 хувийн төлбөр болох 248 000 юанийг гэрээний дагуу өөрийн биеэр Хятад улсын Эрээн хотод зорчих үедээ төлж барагдуулан Монгол Улсын хилээр нэвтрүүлсэн байдаг. Хятад улсын иргэн Жан Шин Хуй нь 2013 онд тулгуурын хамтарсан үйлдвэр байгуулахаар захирал Ц.Баатартай тохиролцон үүний дагуу 2013 оны 4 дүгээр сарын 22-ны өдөр компаниас 556 000 юанийг Жан Шин Хуйгиин дансанд Хас банкны гадаад гуйвуулгаар шилжүүлсэн. Тухайн хөрөнгө оруулалт хийгдсэн үеэс одоог хүртэл хөрөнгө оруулалтын ногдол ашиг болон үр өгөөж Электрик ком ХХК-д орж ирээгүй байгаа нь манай компанид хохиролтой байна. Үүнийг нэхэмжлэгч талаас шүүхэд гаргаж өгсөн 2013, 2014 оны худалдан авалт болон төлбөр төлөлтийг харуулсан график, түүнчлэн манай байгууллагаас гадаад гуйвуулгаар мөнгө шилжүүлсэн баримтад үндэслэн дараах байдлаар харуулж байна. Манай байгууллагын худалдан авсан үнийн дүн 2013 онд 3 866 616 юань, 2014 онд 1 326 499 юань буюу нийт 5 193 115 юань болж байна. Хэдийгээр нэхэмжлэгч талаас ирүүлсэн баримтууд шаардлага хангахгүй ч ийм хэмжээний бараа хүлээн авсан гэдэгт хариуцагчийн зүгээс маргахгүй байна. Энэхүү худалдан авалтын эргэн төлөлтийг 2013 оны 4 дүгээр сарын 22-нд 556 000 юань, 2013 оны 5 дугаар сарын 7-нд 450 696 юань, 2013 оны 6 дугаар сарын 26-ны өдөр 210 000 юань, 2013 оны 7 дугаар сарын 30-ны өдөр 743 849 юань, 2013 оны 10 дугаар сарын 9-ний өдөр 100 000 юань, 2013 оны 10 дугаар сарын 17-ны өдөр 500 000 юань, 2013 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр 355 000 юань, 2013 оны 12 дугаар сарын 6-ны өдөр 315 000 юань, 2013 оны 12 дугаар сарын 12-ны өдөр 303 449 юань, 2014 оны 5 дугаар сарын 19-ний өдөр 306 000 юань, 2014 оны 5 дугаар сарын 23-ны өдөр 300 000 юань, 2014 оны 8 дугаар сарын 8-ны өдөр 500 000 юань, 2016 оны 2 дугаар сарын 2-ны өдөр 105 000 юань тус тус төлсөн. Нэхэмжлэгч талын гаргаж өгсөн тооцооны дагуу дээрх 4 744 994 төлсөн эсэх дээр маргахгүй байгаа. Үүнээс гадна хариуцагчаас нэхэмжлэгч талын холбогдох дансаар 2014 оны 1 дүгээр сарын 28-ны өдөр 300 000 юань, 2014 оны 9 дүгээр сарын 29-ний өдөр 44 000 юань, 2014 оны 9 дүгээр сарын 29-ний өдөр 93 500 юань, 2014 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр 17 325 юань, 2014 оны 6 дугаар сарын 18-ны өдөр 118 170 юань, нийт 572 995 юань төлсөн. Үүнийг нэхэмжлэгч байгууллага тооцоонд оруулаагүй байна. Нэхэмжлэгч талаас хүлээн авсан барааны нийт үнэд гүүрэн краны 710 000 юань багтсан байгаагаас гадна гурван талт гэрээгээр манай компани торгууль төлөх талаар тусгагдаагүй байдаг. Нэгэнт Электрик ком ХХК нь гэрээний төлбөрт 5 193 115 юань төлөхөөс 5 317 989 юань төлж нэхэмжлэгч талаас худалдан авсан барааны үнээс 124 874 юань илүү төлсөн байна. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.

Хариуцагч Электрик ком ХХК-ийн захирал Ц.Батбаатар шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ:

Манай компани нэхэмжлэгч талаас бараа, бүтээгдэхүүн зээлээр худалдан авч төлбөрийг нэгтгэн төлж, өмнөх төлбөрийн үүргийг дуусгавар болгох байдлаар төлж барагдуулсаар ирсэн бөгөөд төлбөрийн төлөлтийг хянах дотоод механизмын дутмаг байдал, тухайн үеийн удирдлага ослын улмаас нас барснаас үүдэн төлбөр төлөлтийн талаарх мэдээллийн сайтар нягтлан шалгаагүй алдаа гаргасан. Хэрэг маргааныг шүүхээр шийдвэрлэх явцад бид гадаад мөнгөн гуйвуулгын баримтуудыг өөрийн байгууллагын санхүүгийн баримт бичиг, арилжааны банкуудаар хийсэн гадаад мөнгөн гуйвуулгын баримтуудыг шүүж үзэхэд манай компани нэхэмжлэгч талд гэрээний төлбөрт 5 193 115 юаныг төлж барагдуулах байснаас нийт 5 315 989 юаныг төлж 124 874 юань илүү төлсөн байна. Иймд 124 874 юань буюу 46 702 876 төгрөгийг нэхэмжлэгчээс буцаан гаргуулж өгнө үү. н.Мөнхболд гэх хүний тухайд талийгаач захиралтай төрөл садангийн хамааралгүй, тус компанид ажилладаггүй тул манай компани бусдын өмнөөс төлбөр төлөх үүрэг хүлээхгүй. Түүнчлэн н.Мөнхболдын гэх барааг манай компани хүлээж аваагүй тул төлбөрийг хариуцах үүрэггүй. Иймд сөрөг нэхэмжлэлийг хангаж өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Золзаяа сөрөг нэхэмжлэлд гаргасан хариу тайлбартаа:

Хариуцагч Электрик ком ХХК-ийн захирал Л.Баатар болон нэхэмжлэгч компанийн захирал Жан Шинг Хүй нар нь 2007 оноос түншийн харилцаатай байсаар ирсэн бөгөөд өмнө дурдсанчлан, талуудын хооронд дан ганц гүүрэн краны төлбөр болон 2013, 2014 онуудад худалдсан барааны бүтээгдэхүүний төлбөрөөр хязгаарлагдахгүй олон тооны бусад төлбөр тооцоо, гүйлгээ хийгдэж ирсэн. Хариуцагчийн зүгээс 2014 оны 1 дүгээр сарын 28-ны өдөр 300 000 юань, 2014 оны 9 дүгээр сарын 29-ний өдөр 44 000 болон 93 500 юань, 2014 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр 17 325 юань, 2013 оны 5 дугаар сарын 7-ны өдөр 118 170 юань буюу 572 995 юанийг компанийн захирал Жан Шинг Хүйгийн нэрээр шилжүүлсэн гадаад гуйвуулгын баримтуудыг хавсаргасан байгаа боловч уг мөнгийг нэхэмжлэгч байгууллагаас авсан барааны үнэд төлсөн гэж үзэх боломжгүй юм. гадаад гуйвуулгын баримтуудад зааснаар уг төлбөрийн зориулалт нь гэрээний урьдчилгаа гэсэн байгаагаас үзэхэд компанийн захирал нарын хооронд хийгдсэн гэрээний төлбөр тооцооны нэг хэсэг байна. Манай талаас нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болсон төлбөрийн баримт тус бүрийг бараа худалдсан бичиг тухай бүртээ хамт шүүхэд гаргаж өгсөн, хариуцагч байгууллага хэзээ, ямар бараа бүтээгдэхүүн худалдан авсан, хэзээ төлбөрийг төлсөн, ямар бараа төлбөрийг төлсөн, аль нь дутуу байгаа болохыг нотолсон байдаг. Харин хариуцагчаас шилжүүлсэн гэх төлбөрүүд нь нэхэмжлэгчээс хэдэн онд худалдан авсан барааны үнэ болох нь тодорхойгүй, 2013, 2014 оноос өмнөх худалдан авсан барааны үнэ байж болохоор байна. Иймд Электрик ком ХХК-ийн зүгээс илүү төлсөн хэмээн 124 874 юань буюу нийт 46 702 876 төгрөг гаргуулахаар нэхэмжилж байгааг үндэслэлгүй гэж үзэн хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 186 дугаар зүйлийн 186.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Электрик ком ХХК-иас 8 406 839 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Шэнг Хүй Инг Ли цахилгаан эрчим хүч шинжлэх ухаан ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 139 901 448 төгрөг болон нэхэмжлэгчээс 46 702 876 төгрөг гаргуулах тухай хариуцагч Электрик ком ХХК-ийн сөрөг нэхэмжлэлийг тус тус хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 56. 2, 57 дугаар зүйлийн 57.3 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 1 064 145 төгрөг, хариуцагчийн төлсөн 512 000 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас тэмдэгтийн хураамжид 149 459 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид, илүү төлсөн 157 960 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж нэхэмжлэгчид, 120 536 төгрөгийг хариуцагчид тус тус олгож, тус шүүхийн 2016 оны 8 дугаар сарын 29-ний өдрийн 181/ШЗ2016/02018 дугаар шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах тухай захирамжийн үйлчлэл дуусгавар болсныг дурдаж шийдвэрлэсэн байна.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Золзаяа, өмгөөлөгч М.Мөнхжаргал нар давж заалдах гомдолдоо:

... Анхан шатны шүүхээс 2013 оны 11 дүгээр сарын 5-ны өдрийн гэрээний дагуу хариуцагчид шилжүүлсэн гүүрэн краны үнэ 710 000 юанийг нэхэмжлэгч 2013 оны 11 дүгээр сарын 9-ний өдрийн зарлагын баримтад тусган 2013 онд нийлүүлсэн нийт 3 866 616 юанийн бүтээгдэхүүний үнэд оруулж тооцсон байх ба нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс уг асуудлаар маргаагүй болно хэмээн нэхэмжлэгчийн тайлбарыг мушгин, үндэслэлгүй дүгнэлт хийсэн байна. Хэрэгт авагдсан баримт болох 2013 онд "Электрик ком" ХХК-тай хийсэн төлбөр тооцооны хүснэгтийн 15 дугаарт 2013 оны 11 дүгээр сарын 9-ний өдрийн баримтад тусгагдсан 715 600 юань бүхэлдээ төлөгдөөгүй талаар тэмдэглэсэн, 2015 оны 2 дугаар сарын 12-ны өдөр талуудын үйлдсэн тооцоо нийлсэн баримтын хүснэгтийн 2 дахь хэсэгт гүүрэн краны үлдэгдэл төлбөрийн төлөлт хийгдээгүй буюу баримт байхгүй талаар дурдсан, хариуцагч тал уг төлбөрийг төлсөн бол баримтыг нь харж байж эргэж тооцоо хийхээр тохиролцсон байдаг. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн зүгээс шүүх хуралдаанд 710 000 юанийг нийлүүлсэн барааны төлбөрт оруулан тооцсон гэсэн тайлбар огт гаргаагүй бөгөөд дээрх төлбөрийн 426 000 юанийг хариуцагч төлсөн, нэхэмжлэгчээс төлөгдөөгүй үлдэгдэл төлбөр болох 284 000 юанийг зарлагын баримт, тооцоо нийлсэн баримтад үндэслэн нэхэмжилж байхад 710 000 юанийг нийт нийлүүлсэн барааны төлбөрт суутган тооцсон талаар маргаагүй байна хэмээн дүгнэсэн нь учир дутагдалтай байна.

Шүүхээс Н.Мөнхболдын хариуцаж байсан төсөлд ашиглахаар нийлүүлсэн бараа бүтээгдэхүүний төлбөрийг хариуцагчид бус Н.Мөнхболд гэх этгээдэд хамааралтай хэмээн ойлгож, дүгнэлт хийсэн явдал нь буруу. Хэдийгээр Мөнхболдын гэж тэмдэглэсэн боловч дээрх 426 562 юанийн үнэ бүхий бараа бүтээгдэхүүний төлбөр тооцооны асуудал нь ӨМӨЗО-ны "Шэнг Хүй Инг Ли цахилгаан эрчим хүч шинжлэх ухаан" ХХК болон "Электрик ком" ХХК нарын хооронд байгуулагдсан гэрээний харилцаанаас үүдэлтэй тул нийлүүлсэн барааны төлбөрийг төлөх үүргийг "Электрик ком" ХХК хүлээх кь ойлгомжтой юм. Анхан шатны шүүх шийдвэрийнхээ үндэслэх хэсэгт гурван талт гэрээнд ямар үүргийг зөрчвөл торгууль төлөх тухай, мөн гэрээний зүйлийн үнийг эргүүлэн төлөх хугацааны тухай тус тус тусгаагүй байгаа тул нэхэмжлэгч торгууль нэхэмжлэх үндэслэлгүй хэмээн дүгнэсэн нь үндэслэлгүй юм. Гэрээнд краны үнийг эргүүлэн төлөх хугацааг тодорхой заасан эсэхээс үл хамааран хариуцагч "Электрик ком" ХХК нь 2013 онд худалдан авсан барааны төлбөрийг өдий 2018 он хүртэл бүрэн төлж барагдуулахгүй байгаа нь худалдан авагч тал үүргээ зохих ёсоор гүйцэтгээгүй явдал мөн бөгөөд хариуцагч худалдах-худалдан авах гэрээний үндсэн үүрэг болон нийлүүлсэн барааны үнийг эргүүлэн төлөх үүргээ гүйцэтгээгүй байгаа тул нэхэмжлэгч гэрээнд заасны дагуу торгууль нэхэмжлэх эрхтэй юм. Анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-д заасан ".. хууль ёсны бегөед үндэслз.п бүхий байх" шаардлагыг хангаагүй байх тул Сүхбаатар дуүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 1 дүгээр сарын 24-ний өдрийн 229 дугаар шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулсан, хэрэгт авагдсан нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт заасны дагуу үнэлсэн байна.

 

Нэхэмжлэгч ӨМӨЗО-ны Шэнг Хүй Инг Ли цахилгаан эрчим хүч, шинжлэх ухаан ХХК нь хариуцагч Электрик ком ХХК-д холбогдуулан худалдах-худалдан авах гэрээний үүргийн гүйцэтгэлд 148 308 287 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч, гэрээний үүрэгт илүү төлсөн 46 702 876 төгрөгийг буцаан гаргуулахаар сөрөг нэхэмжлэл гарган маргажээ.

 

Хэрэгт авагдсан нотлох баримтаас үзэхэд 2013 оны 11 дүгээр сарын 5-ны өдөр Шанг Донг Лонг Хүй кран машин механизм ХХК, ӨМӨЗО-ны Шэнг Хүй Инг Ли цахилгаан эрчим хүч, шинжлэх ухаан ХХК болон Электрик ком ХХК нарын хооронд аж ахуйн төхөөрөмж худалдах худалдан авах гэрээ байгуулагдаж, уг гэрээгээр QD загварын цахилгаан 2 баганатай гүүрэн краныг 710 000 юаниар худалдан авахаар тохиролцсон байна. /1хх-ийн 11 тал/

 

Уг гэрээний 8-д зааснаар худалдан авсан гүүрэн краны төлбөр болох 710 000 юанийг ӨМӨЗО-ны Шэнг Хүй Инг Ли цахилгаан эрчим хүч, шинжлэх ухаан ХХК нь худалдагч тал буюу Шанг Донг Лонг Хүй кран машин механизм ХХК-д бүрэн төлсөн асуудлаар зохигчид маргаагүй болно. Иймд нэхэмжлэгч ӨМӨЗО-ны Шэнг Хүй Инг Ли цахилгаан эрчим хүч, шинжлэх ухаан ХХК-ийг хариуцагч Электрик ком ХХК-ийн нэрийн өмнөөс худалдагч Шанг Донг Лонг Хүй кран машин механизм ХХК-д төлсөн краны үнээ нэхэмжилсэн нь Иргэний хуулийн 186 дугаар зүйлийн 186.1 дэх хэсэгт заасантай нийцсэн гэж үзнэ.

 

Түүнчлэн нэхэмжлэгч нэхэмжлэгч ӨМӨЗО-ны Шэнг Хүй Инг Ли цахилгаан эрчим хүч, шинжлэх ухаан ХХК болон хариуцагч Электрик ком ХХК нар дээрх гэрээнээс өөр худалдах-худалдан авах гэрээ байгуулж, талуудын хооронд худалдан авсан барааны тооцоо байсныг хэн аль нь үгүйсгээгүй байна. Тухайлбал, 2013 онд 3 866 616 юань, 2014 онд 1 326 499 юань, нийт 5 193 115 юанийн бараа хүлээн авсан болохоо хариуцагч тайлбартаа мэдүүлжээ. /2хх-ийн 245-246 тал/

 

Хэргийн 1 дүгээр хавтасны 20 дугаар талд талуудын авагдсан 2012 оны 2 дугаар сарын 12-ны өдрийн Жан Шин Хуйтай хийсэн тооцооны баримтад 460 147 юанийн үлдэгдэл төлбөртэй болохоо баталж, гарын үсэг зурсан байгаа боловч гүүрэн краны үлдэгдэл төлбөрийн 40 хувь болох 284 000 юанийн баримтыг нь олоод эргэж тооцоо хийнэ гэж тухайлан заасан байна. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч байгууллагаас 2014 оны 1 дүгээр сарын 28-ны өдрийн 300 000 юань төлсөн баримтыг ирүүлж, дээрх тооцоо нийлсэн актад тэмдэглэсэн гүүрэн краны үлдэгдэл төлбөр 284 000 юанийг төлсөн баримт гэж тайлбарласныг нэхэмжлэгч үгүйсгээгүй болно. /2хх-ийн 110 тал/

 

Хэрэгт авагдсан нотлох баримтаар хариуцагч Электрик ком ХХК нь нэхэмжлэгч Шэнг Хүй Инг Ли цахилгаан эрчим хүч, шинжлэх ухаан ХХК-иас нийт 5 193 115 юанийн бараа худалдан авсан, худалдан авсан барааны төлбөрт 2013 онд 3 534 045 юань, 2014 онд 1 678 995 юань, 2016 онд 105 000 юань, нийт 5 318 040 юань шилжүүлсэн болох нь тус тус тогтоогдсон байна. /2хх-ийн 103-106, 129-141, 238-247 тал/ Иймд анхан шатны шүүх хариуцагч Электрик ком ХХК нь гэрээний үүргийг бүрэн биелүүлсэн, 124 925 юанийн /5 318 040-5 193 115=124 925/ илүү төлөлттэй байгаа гэж дүгнэсэн нь хууль зүйн үндэслэлтэй болжээ.

 

Мөн талуудын хооронд байгуулагдсан 3 талт гэрээний 10-т ... хуулийн холбогдох заалтыг зөрчсөн тал нөгөө талд гэрээний нийт үнийн дүнгийн 3 хувьтай тэнцэх алданги, торгуулийг төлнө гэж заасан бөгөөд хариуцагч байгууллага гэрээний төлбөрийг бүрэн төлж барагдуулсан байгаа тохиолдолд нэхэмжлэгчийн нэхэмжилсэн торгуулийг анхан шатны шүүх хэрэгсэхгүй болгосныг буруутгах боломжгүй юм.

 

Зохигчид 2013, 2014 онд хийгдсэн худалдах-худалдан авах гэрээний үүрэгт иргэн н.Мөнхболдын төлөх 153 048 юанийг оролцуулан тооцсон асуудлаар маргасан байна. Хариуцагч Электрик ком ХХК нь худалдан авсан барааны үнийн зөрүүд 124 874 юанийг шаардаж байгаа боловч 2015 оны 2 дугаар сарын 12-ны өдөр Жан Шин Хуйтай хийсэн тооцооны баримтад н.Мөнхболдын 2014 оны гэрэлтүүлгийн тооцоо болох 153 048 юанийг хариуцагч байгууллага өөрийн төлбөл зохих төлбөрт оролцуулан тооцсон байх тул анхан шатны шүүх гэрээний үүрэгт илүү төлсөн 124 874 юанийг н.Мөнхболдын гэрэлтүүлгийн тооцоо болох 153 048 юаниас хасч, үлдэх 28 174 юань буюу 8 406 839 төгрөгийг хариуцагчаас гаргуулж, сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосныг буруутгах боломжгүй юм. Учир нь хариуцагч байгууллага н.Мөнхболдын төлбөрийг төлөхгүй гэж маргаж байгаа боловч өр төлбөрийн талаар тооцоо нийлэхдээ н.Мөнхболдын гэрэлтүүлгийн үнийг оруулсан байх тул хариуцагчийн нийт төлөх төлбөрт уг мөнгийг нэмж тооцсон анхан шатны шүүхийн дүгнэлт зөв болжээ.

 

Иймд энэ талаар давж заалдсан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч болон өмгөөлөгчийн гомдлыг хүлээн авах боломжгүй байна гэж давж заалдах шатны шүүхээс үзлээ.

 

Харин анхан шатны шүүх шийдвэртээ 2016 оны 8 дугаар сарын 29-ний өдрийн 181/ШЗ2016/02018 дугаар шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах захирамжийн үйлчлэл дуусгавар болсныг дурьдсан нь шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах арга хэмжээ нь давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргасан бол түүнийг шийдвэрлэх хүртэлх хугацаанд хэвээр байх тухай Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.2 дахь хэсэгт заасныг зөрчсөн байна. Иймд уг үндэслэлээр шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулахаар шүүх бүрэлдэхүүн тогтов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2 дахь заалтыг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1.Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 1 дүгээр сарын 24-ний өдрийн 181/ШШ2018/00229 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн

3 дэх заалтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэлрэх тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.2 дахь хэсэгт зааснаар тус шүүхийн 2016 оны 8 дугаар сарын 29-ний өдрийн 181/ШЗ2016/02018 дугаар шүүгчийн захирамж хүчинтэй байгааг дурдсугай гэж өөрчлөн шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч болон өмгөөлөгчийн гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа нэхэмжлэгч Шэнг Хүй Инг Ли цахилгаан эрчим хүч, шинжлэх ухаан ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 857 460 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацаа тоолохыг дурьдсугай.

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                        Ж.ОЮУНТУНГАЛАГ

  ШҮҮГЧИД                           Т.ТУЯА

                                                   Ц.ИЧИНХОРЛОО