Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 01 сарын 24 өдөр

Дугаар 181/ШШ2018/00229

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх хуралдааныг шүүгч О.Одгэрэл даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,

Нэхэмжлэгч: БНХАУ, ӨМӨЗО-ны Шилийн гол аймаг, Эрээн хот, Тие дао донг, Ча ма да гудамж, 1888 тоотод байрлах, ӨМӨЗО-ны “ШХИЛ ХХКцахилгаан эрчим хүч шинжлэх ухаан” ХХК /Бүртгэлийн дугаар:152501000004996/-ийн нэхэмжлэлтэй, 

Хариуцагч: Хан-Уул дүүрэг, 3 дугаар хороо, Чингисийн өргөн чөлөө гудамж 57а байр, 1 дүгээр орц, 1 давхарт байрлах “ЭК” ХХК /Регистрийн дугаар:2833883/-д холбогдох,

Худалдах худалдан авах гэрээний үүрэгт 149.646.992 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй, 46.702.876 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Золзаяа, нэхэмжлэгчийн өмгөөлөгч М.Мөнхжаргал, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.Очирбал, нарийн бичгийн дарга Б.Мандшир нар оролцов.                                                                                                     

        ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл, нэмэгдүүлсэн шаардлага болон  итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгчөөс шүүх хуралдаанд дэмжиж гаргасан тайлбартаа: БНХАУ, ӨМӨЗО-ны "ШХИЛ ХХКцахилгаан эрчим хүч шинжлэх ухаан” ХХК нь Монгол Улсын хуулийн этгээд болох “ЭК” ХХК-тай 2007 оноос эхлэн цахилгаан тоног төхөөрөмжийн чиглэлээр хамтран ажиллаж ирсэн. Энэ хугацаанд бичгээр байгуулсан гэрээ хэлцэл байгаагүй, нэхэмжлэгч талын барааг БНХАУ-ын Эрээн хотод байрлах дэлгүүрээс нийлүүлж,  хариуцагч байгууллагын удирдлага төлбөрийг дараа нь төлөх байдлаар ажил хэргийн хүрээнд тогтмол харилцаж ирсэн байдаг. Төлсөн төлбөрийг өмнөх барааны үлдэгдэлд тооцох байдлаар төлбөр тооцоог гүйцэтгэсээр ирсэн.  Хоёр байгууллагын төлбөр тооцооны дагуу дараах нэхэмжлэлийг гаргаж байна.

1.2013 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр Аж үйлдвэрийн тоног төхөөрөмж худалдах худалдан авах гэрээг байгуулж, QD загварын цахилгаан 2 баганатай гүүрэн кран (жолоодлогын өрөөтэй)-ыг БНХАУ, ӨМӨЗО-ны "ШХИЛ ХХКцахилгаан эрчим хүч шинжлэх ухаан” ХХК-аар дамжуулан 710.000 юанаар “Шан Донг Лонг Хүй кран машин механизм” ХХК-иас худалдан авахаар тохиролцож гурав талт гэрээг байгуулсан. “ЭК” ХХК-ийн өмнөөс “ШХИЛ ХХКцахилгаан эрчим хүч шинжлэх ухаан” ХХК нь худалдагч талд төлбөрийг бүрэн төлсөн.  “ЭК” ХХК нь дээрх гэрээний дагуу краныг өөрийн өмчлөлдөө авч, үйл ажиллагаандаа ашигласан. Гэвч тус компани уг краны үлдэгдэл үнийг “ШХИЛ ХХКцахилгаан эрчим хүч шинжлэх ухаан” ХХК-д бүрэн төлж барагдуулаагүй байна.

Хоёр тал 2015 оны 2 дугаар сарын 12-ны өдөр хоёр талаас тооцоо нийлсэн байдаг. Үүнд “ЭК” ХХК нь гүүрэн краны нийт үнийн 40 хувьтай тэнцэх үлдэгдэл төлбөр буюу 284.000 юанийг төлсөн эсэх тооцоог хараад эргэж тооцоо хийнэ гэж баримт үйлдэн тохиролцсон. Гэсэн хэдий ч “ЭК” ХХК нь үлдэгдэл төлбөрийг төлөхгүй байсаар нэхэмжлэгчийн эрх ашгийг хохироож байна.

2013 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр байгуулсан LHQZ20131105 дугаартай Аж үйлдвэрийн тоног төхөөрөмж худалдах худалдан авах гэрээний дагуу “ЭК” ХХК-д худалдсан гүүрэн краны үлдэгдэл төлбөр болох 284.000 юань, дээрх гурван талт гэрээний 10-т заасны дагуу торгууль 8520 юань, нийт 292.520 юань буюу 89.759.762 төгрөгийг нэхэмжилж байна.

Хоёр тал 2015 оны 2 дугаар сарын 12-ны өдөр тооцоо нийлсэн  акт үйлдсэн ч хариуцагч дээрх актыг хүлээн зөвшөөрөхгүй сөрөг нэхэмжлэл гаргасан тул манайх мөн 2013, 2014 онд нийлүүлсэн барааны үлдэгдэл тооцоог нэмж нэхэмжилж байна.  Хариуцагч байгууллагаас төлсөн төлбөрийг өмнөх төлбөрт суутгах байдлаар шингээж тооцоход хамгийн сүүлд 2014 оны 8 дугаар сарын 24-ний өдрийн Бараа худалдах бичгээр “ЭК” ХХК-д зээлээр худалдсан эрчим хүчний бараа, материал (ZR2IJV3*120 кабель 629 ширхэг, 120W-ын замын гэрэл 110 ширхэг, 60W-ын замын гэрэл 110 ширхэг, 9.5м урт гэрлийн шон 110 ширхэг, жолоочид өгсөн торгуулийн мөнгө 800 юань)-ын нийт төлбөр болох 346.530 юаниас төлөгдөөгүй үлдэгдэл төлбөр болох 164.121 юань буюу 58.548.525 төгрөгийг төлөөгүй байх тул  нийт 456.641 юань буюу 148.308.287 төгрөгийг “ЭК” ХХК-аас гаргуулж өгнө үү. Шүүхэд 149.646.992 төгрөг гаргуулахаар нэхэмжилснээс тооцоог нягталж 1.338.705 төгрөгөөр нэхэмжлэлийн шаардлагыг багасгасан болно. Мөн хэрэгт баримтаар өгсөн зарлагын баримтуудын заримд “зээл” гэж бэлнээр өгсөн мөнгө тусгагдсан ч бид зээлсэн мөнгийг хариуцагч байгууллагын төлсөн төлбөрөөс тооцож авсан гэж үзэж байгаа. Иймд зээлийн гэрээний дагуу нэхэмжилсэн зүйлгүй, зөвхөн нийлүүлсэн бараа бүтээгдэхүүний үлдэгдэл төлбөрийг нэхэмжилж байгаа гэв.

Сөрөг нэхэмжлэлийн тухайд: Хариуцагч “ЭК” ХХК-ийн захирал Л.Баатар болон нэхэмжлэгч компанийн захирал Жан Шинг Хүй нар нь 2007 оноос түншийн харилцаатай байсаар ирсэн бөгөөд өмнө дурдсанчлан, талуудын хооронд дан ганц гүүрэн краны төлбөр болон 2013, 2014 онуудад худалдсан барааны бүтээгдэхүүний төлбөрөөр хязгаарлагдахгүй олон тооны бусад төлбөр тооцоо, гүйлгээ хийгдэж ирсэн байдаг. Хариуцагчийн зүгээс 2014 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр 300.000 юань, 2014 оны 9 дүгээр сарын 29-ний өдөр 44.000  болон 93.500 юань, 2014 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр 17.325 юань, 2013 оны 5 дугаар сарын 07-ны өдөр 118.170 юань буюу 572.995 юанийг компанийн захирал Жан Шинг Хүйгийн нэрээр шилжүүлсэн байна. Үүнийг компани хүлээн авсан гэдэгт маргахгүй. Гэхдээ уг төлбөр нь Г.Мөнхболдын худалдан авсан барааны үнэ юм. Тус компанийн талийгаач захирал Л.Баатар нь өөрийн хамаатны дүү гэх н.Мөнхболдыг 2014 онд дагуулан ирж 3 удаагийн нийлүүлэлтээр 426.562 юаны бүтээгдэхүүн авч явсан байдаг. Илүү төлсөн гэх дээрх төлбөрүүд нь н.Мөнхболдын худалдан авсан барааны төлбөрт төлсөн мөнгө. н.Мөнхболдыг хариуцагч байгууллага мэдэхгүй гэх боловч талийгаачийн хамаатны хүн гэж танилцуулж байснаас гадна, түүний төлбөрийг “ЭК” ХХК хариуцан төлөхөөр тохирч байсан болох нь  2015 оны 2 дугаар сарын 12-ны өдрийн тооцоо нийлсэн актад “н.Мөнхболд 2014 оны гэрэдтүүлэг тооцоо 153.048 юань”-ыг хариуцагч тал өөрийн төлөх төлбөрт орццлж тооцож байснаас харагдана. Иймд “ЭК” ХХК нь хариуцагчийн зүгээс илүү төлсөн хэмээн 124.874 юань буюу нийт 46.702.876 төгрөг гаргуулахаар нэхэмжилж байгааг үндэслэлгүй гэж үзэн хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

Хариуцагч шүүхэд гаргасан хариу тайлбартаа болон шүүх хуралдаанд дэмжиж гаргасан тайлбартаа: Манай компани нэхэмжлэгч байгууллагатай ажил хэргийн хүрээнд гэрээний харилцаатай байсан гэдэг нь үнэн. Худалдан авсан барааныхаа үнийг тухай бүрт дараа нь төлдөг байсан. Компанийн захирал талийгаач болж, шүүхэд маргаан үүссэнээр төлбөр тооцоог нягталж үзвэл манайх худалдан авсан барааны төлбөрийг бүрэн төлсөн, харин ч илүү төлөлттэй байсан байна.  

Нэхэмжлэгч нь 2013 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр талуудын хооронд байгуулсан Аж үйлдвэрийн тоног төхөөрөмж худалдах, худалдан авах гэрээний дагуу гүүрэн краны төлбөр болон торгуульд нийт 89.759.762 төгрөг, мөн 2014 онд зээлээр худалдсан нийт цахилгаан эрчим хүчний бараа, материал, тоног төхөөрөмжийн үлдэгдэл төлбөр буюу 2014 оны 8 дугаар сарын 24-ний өдрийн 0030082 дугаартай бараа худалдах бичгээр манай компанид худалдсан эрчим хүчний бараа материалын нийт төлбөр болох 346.530 юанаас төлөгдөөгүй үлдэгдэл төлбөр болох 164.121 юань буюу 58.548.525 төгрөг бүгд 148.308.28 төгрөгийг нэхэмжилсэн байна.

Үүнийг нэхэмжлэгч талаас шүүхэд гаргаж өгсөн 2013, 2014 оны худалдан авалт болон төлбөр төлөлтийг харуулсан график, түүнчлэн манай байгууллагаас гадаад гуйвуулгаар мөнгө шилжүүлсэн баримтад үндэслэн дараах байдлаар харуулж байна. Манай байгууллагын худалдан авсан үнийн дүн 2013 онд 3.866.616 юань, 2014 онд 1.326.499 юань буюу нийт 5.193.115 юань болж байна. Хэдийгээр нэхэмжлэгч талаас ирүүлсэн баримтууд шаардлага хангахгүй ч ийм хэмжээний бараа хүлээн авсан гэдэгт хариуцагчийн зүгээс маргахгүй.

Энэхүү худалдан авалтын эргэн төлөлтийг 2013 оны 4 дүгээр сарын 22-нд 556.000 юань, 2013 оны 5 дугаар сарын 07-нд 450.696 юань, 2013 оны 6 дугаар сарын 26-ны өдөр 210.000 юань,  2013 оны 7 дугаар сарын 30-ны өдөр 743.849 юань, 2013 оны 10 дугаар сарын 09-ний өдөр 100.000 юань, 2013 оны 10 дугаар сарын 17-ны өдөр 500.000 юань, 2013 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр 355.000 юань, 2013 оны 12 дугаар сарын 06-ны өдөр 315.000 юань, 2013 оны 12 дугаар сарын 12-ны өдөр 303.449 юань, 2014 оны 5 дугаар сарын 19-ний өдөр 306.000 юань, 2014 оны 5 дугаар сарын 23-ны өдөр 300.000 юань, 2014 оны 8 дугаар сарын 08-ны өдөр 500.000 юань, 2016 оны 2 дугаар сарын 02-ны өдөр 105.000 юань тус тус төлсөн. Нэхэмжлэгч талын гаргаж өгсөн тооцооны дагуу дээрх 4.744.994 төлсөн эсэх дээр маргахгүй байгаа.

Үүнээс гадна хариуцагчаас нэхэмжлэгч талын холбогдох дансаар 2014 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр 300.000 юань, 2014 оны 9 дүгээр сарын 29-ний өдөр 44.000 юань, 2014 оны 9 дүгээр сарын 29-ний өдөр 93.500 юань, 2014 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр 17.325 юань, 2014 оны 6 дугаар сарын 18-ны өдөр 118.170 юань, нийт 572.995 юань төлсөн. Үүнийг нэхэмжлэгч байгууллага тооцоонд оруулаагүй байна. Нэхэмжлэгч талаас хүлээн авсан барааны нийт үнэд гүүрэн краны 710.000 юань багтсан байгаагаас гадна гурван талт гэрээгээр манай компани торгууль төлөх талаар тусгагдаагүй байдаг.

Нэгэнт “ЭК” ХХК нь гэрээний төлбөрт 5.193.115 юань төлөхөөс 5.317.989 юань төлж нэхэмжлэгч талаас худалдан авсан барааны үнээс 124.874 юань илүү төлсөн байна. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэв.

Хариуцагч шүүхэд  гаргасан сөрөг нэхэмжлэлдээ болон итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шүүх хуралдаанд дэмжиж гаргасан тайлбартаа: “ЭК” ХХК нь нэхэмжлэгч БНХАУ-ын хуулийн этгээд болох “Шэнг Хүй Инг цахилгаан эрчим хүч шинжлэх ухаан” ХХК-ийн гаргасан гэрээний үлдэгдэл төлбөр гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй. Манай компани нэхэмжлэгч талаас бараа, бүтээгдэхүүн зээлээр худалдан авч төлбөрийг нэгтгэн төлж, өмнөх төлбөрийн үүргийг дуусгавар болгох байдлаар төлж барагдуулсаар ирсэн бөгөөд төлбөр төлөлтийг хянах дотоод механизмын дутмаг байдал, тухайн үеийн удирдлага ослын улмаас нас барсанаас үүдэн төлбөр төлөлтийн талаарх мэдээллийн сайтар нягтлан шалгаагүй алдаа гарсан. Хэрэг маргааныг шүүхээр шийдвэрлэх явцад бид гадаад мөнгөн гуйвуулгын баримтуудыг өөрийн байгууллагын санхүүгийн баримт бичиг, арилжааны банкуудаар хийсэн гадаад мөнгөн гуйвуулгын баримтуудыг шүүж үзэхэд манай компани нэхэмжлэгч талд гэрээний төлбөрт 5.193.115 юаныг төлж барагдуулах байснаас нийт 5.315.989 юаныг төлж 124.874 юань илүү төлсөн байна. Иймд 124.874 юань буюу 46.702.876 төгрөгийг “ШХИЛ ХХКЦахилгаан эрчим хүч шинжлэх ухаан” ХХК-аас гаргуулж өгнө үү. н.Мөнхболд гэх хүний тухайд талийгаач захиралтай төрөл садангийн хамааралгүй, тус компанид ажилладаггүй тул манай компани бусдын өмнөөс төлбөр төлөх үүрэг хүлээхгүй. Түүнчлэн н.Мөнхболдын гэх барааг манай компани хүлээж аваагүй тул төлбөрийг хариуцах үүрэггүй. Иймд сөрөг нэхэмжлэлийг хангаж өгнө үү гэв.

 

Шүүх хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

Шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв.

Нэхэмжлэгч ӨМӨЗО-ны “ШХИЛ ХХКцахилгаан эрчим хүч шинжлэх ухаан” ХХК нь “ЭК” ХХК-д холбогдуулан худалдах худалдан авах гэрээний үүрэгт 448.121 юань буюу 149.646.992 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч илүү төлсөн 124.874 юань буюу 46.702.876 төгрөг гаргуулахаар сөрөг нэхэмжлэл гаргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа 456.641 юань буюу 148.308.287 төгрөг болгон багасгаж байх тул энэ хүрээгээр шийдвэрлэх нь зүйтэй.

Маргааны үйл баримтыг дүгнэвэл талууд ажил хэргийн хүрээнд аман тохиролцоогоор Иргэний хуулийн 196 дугаар зүйлийн 196.1.1-д зааснаар хөрөнгийг өмчлөлд шилжүүлэх замаар худалдагч бүтээгдэхүүнийг худалдан авч байсан, худалдан авагч үнийг хожим төлж байсан болох нь зохигчдын тайлбараар тогтоогдож байна. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д зааснаар худалдагч хөрөнгийг өмчлөлд шилжүүлэх, худалдан авагч үнийг төлөх үүргийг хүлээх тул нийлүүлсэн бараа бүтээгдэхүүнийг үнийг нэхэмжлэгч шаардах эрхтэй.

 Нэхэмжлэгч талаас нэхэмжлэлийн шаардлага буюу худалдагчаас худалдан авагчид хөрөнгө шилжүүлсэн болохоо нотлохоор ирүүлсэн 2013, 2014 оны зарлагын баримтуудын зарим хэсэг орчуулга зөрүүтэй, хятад хэл дэх эх баримт зөрүүтэй зэргээр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2-т зааснаар шүүх үнэн зөв эргэлзээгүй талаас үнэлэх боломжгүй баримтууд байх боловч хариуцагч дээрх баримтуудын дагуу 2013 онд 3.866.616 юань, 2014 онд 1.326.499 юань, нийт 5.193.115 юаны бүтээгдэхүүн шилжүүлэн авсан гэдэгт маргаагүй байна. /1хх 101-129, 171-180, 2хх 64-85 /

Мөн зохигчид 2013 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр Аж үйлдвэрийн тоног төхөөрөмж худалдах-худалдан авах гурван талт гэрээг байгуулж, QD загварын цахилгаан 2 баганатай гүүрэн краныг хариуцагч нь нэхэмжлэгч байгууллагаар дамжуулан худалдагч “Шан Донг Лонг Хүй кран машин механизм” ХХК-иас  худалдан авахаар тохирч, гүүрэн краны үнэ болох 710.000 юанийг хариуцагч байгууллагын өмнөөс нэхэмжлэгч гуравдагч этгээдэд төлсөн, хариуцагч байгууллага гэрээний зүйлийг өөрийн өмчлөлд шилжүүлэн авсан гэдэгт маргаагүй. /1хх 10-12, 119, 129, 158-163, 2хх 72, 73/

Худалдан авагч 2013 оны 4 дүгээр сарын 22-нд 556.000 юань, 2013 оны 5 дугаар сарын 07-нд 450.696 юань, 2013 оны 6 дугаар сарын 26-нд 210.000 юань,  2013 оны 7 дугаар сарын 30-нд 743.849 юань, 2013 оны 10 дугаар сарын 09-нд 100.000 юань, 2013 оны 10 дугаар сарын 14-нд 500.000 юань, 2013 оны 11 дүгээр сарын 08-нд 355.000 юань, 2013 оны 12 дугаар сарын 03-нд 315.000 юань, 2013 оны 12 дугаар сарын 06-нд 303.500 юань, 2014 оны 5 дугаар сарын 19-нд 306.000 юань, 2014 оны 5 дугаар сарын 22-нд 300.000 юань, 2014 оны 8 дугаар сарын 06-нд 500.000 юань, 2016 оны 2 дугаар сарын 03-нд 105.000 юань тус тус хүлээн авсан гэдэгт мөн маргаагүй. /1хх 43, 44, 55, 57, 58, 61, 130-137, 181-186, 2хх 103-111, 130-134, 139-141/. Олон улсын банк хооронд мөнгө шилжүүлэхэд банкны шимтгэл тооцогдох, хоног алдах зэрэг байдлаас хамаарч хариуцагчаас нэхэмжлэгчид шилжүүлсэн төлбөрийн баримтын үнийн дүн, шилжүүлсэн огноо хоорондоо зөрүүтэй байдал байсан гэж тайлбарлан, хариуцагчийн Монгол Улсаас шилжүүлсэн төлбөрийн баримтын хэмжээ, хугацаагаар тооцоход татгалзахгүй гэж нэхэмжлэгч тайлбарласныг дурдах нь зүйтэй.

Мөн нэхэмжлэгч 2014 оны 1 дүгээр сарын 28-нд 300.000 юань, 2014 оны 6 дугаар сарын 18-нд 118.170 юань, 2014 оны 9 дүгээр сарын 29-нд 137.500 юань, 9 дүгээр сарын 30-нд 17.325 юань тус тус хүлээн авсанд гэдэгт маргаагүй ч дээрх төлбөрийг н.Мөнхболдын худалдан авсан барааны үнэд тооцсон гэж, хариуцагч бусдад шилжүүлсэн хөрөнгийн үнийг хариуцах үндэслэлгүй, дээрх барааг хариуцагч байгууллага хүлээж аваагүй гэж маргаж байна. /2хх 112-116, 129, 135-138/

Хэрэгт авагдсан баримтаар 2013 онд 3.534.045 юань, 2014 онд 1.678.995 юань, 2016 онд 105.000 юань, нийтдээ 5.318.040 юанийг нэхэмжлэгчид шилжүүлсэн болох нь тогтоогдож байна. Дээрх шилжүүлсэн төлбөрөөс худалдан авсан барааны үнэ 5.193.115 юанийг хасвал хариуцагч 124.925 юань илүү төлсөн байна. Өөрөөр хэлбэл хариуцагч байгууллага Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д зааснаар өөрийн шилжүүлэн авсан хөрөнгийн үнийг бүрэн төлсөн, гэрээний үүргийг биелүүлсэн гэж үзэхээр байна.

Хэрэгт авагдсан баримтаар 2013 оны 11 дүгээр сарын  05-ны өдрийн гэрээний дагуу хариуцагчид шилжүүлсэн гүүрэн краны үнэ 710.000 юанийг нэхэмжлэгч 2013 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн зарлагын баримтад тусган 2013 онд нийлүүлсэн нийт 3.866.616 юаний бүтээгдэхүүний үнэд оруулж тооцсон байх ба нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шүүх хуралдаанд үүнд маргаагүй болно. Иймд гүүрэн краны үнийг нэхэмжлэгчид төлжээ.

Мөн гурван талт гэрээний 10-т“зөрчсөн тал нөгөө талд гэрээний нийт үнийн дүнгийн 3 хувийн торгууль төлөх”-өөр тохиролцсон байх хэдий ч гэрээнд оролцогч гурван тал ямар үүргийг зөрчвөл торгууль төлөх тухай, мөн хариуцагч “ЭК” ХХК  нэхэмжлэгч “ШХИЛ ХХКцахилгаан эрчим хүч шинжлэх ухаан” ХХК-д гэрээний зүйлийн үнийг эргүүлэн төлөх хугацааны тухай тус тус тусгагдаагүйгээс гадна хариуцагч гэрээний зүйлийн үнийг бүрэн төлсөн болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байх тул нэхэмжлэгч Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 232 дугаар зүйлийн 232.5-д зааснаар гүүрэн краны үнэ, торгууль нэхэмжлэх үндэслэлгүй.

Мөн н.Мөнхболдын гэх 426.562 юаны бүтээгдэхүүнийг нэхэмжлэгч хариуцагчид хүлээлгэн өгөөгүй гэдэгт маргаагүй, түүний шилжүүлэн авсан бүтээгдэхүүний үнийг “ЭК” ХХК хариуцан төлөхөөр тохиролцсон гэх 2014 оны 6 дугаар сарын 13-ны өдрийн гэрээ нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2-т заасан шаардлага хангахгүй, шүүх үнэн зөв эргэлзээгүй талаас үнэлэх боломжгүй баримт тул нэхэмжлэгч шилжүүлэн авсан төлбөрөөс 272.914 юанийг хасч тооцсон нь үндэслэлгүй. /2хх 149-155, 180,181, 205, 206, 218-222/    

Харин 2015 оны 2 дугаар сарын 12-ны өдрийн тус хоёр байгууллагын тооцоо нийлсэн актад “Мөнхболдын тооцоо 153.048 юань” гэж тусган хариуцагч байгууллага өөрийн төлбөл зохих төлбөрт нэгтгэн тооцсон байх тул “ЭК” ХХК-г Иргэний хуулийн 199 дүгээр зүйлийн 199.1-д зааснаар дээрх хэмжээгээр бусдын өрийг төлөхийг хүлээн зөвшөөрсөн гэж үзэн хасч тооцох нь зүйтэй. Ийнхүү хасч тооцохдоо хариуцагч 124.874 юань илүү шилжүүлсэн гэж сөрөг нэхэмжлэлээр шаардаж байх тул энэ хэмжээгээр тооцон хасав.

Дээрхийг нэгтгээд хариуцагчаас нийт 8.406.839 төгрөг /153.048-124.874 =28.174 юань * нэхэмжлэл гаргах 2016.07.01-ний БНХАУ-ын юаны ханш 298 төгрөг/ гаргуулж нэхэмжлэгчид олгон нэхэмжлэлээс үлдэх 139.901.448 төгрөгийг, мөн хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийг тус тус хэрэгсэхгүй болгов.

Нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамжид 906.184 төгрөг төлөхөөс 1.064.145 төгрөг, хариуцагч 391.464 төгрөг төлөхөөс 512.000 төгрөг тус тус төлсөн байх тул илүү төлсөн хэсгийг улсын орлогоос буцаан гаргуулж зохигчдод олгох нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 73 дугаар зүйлийн 73.2, 115 дугаар зүйлийн 115.2.2, 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1.Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 186 дугаар зүйлийн 186.1-д заасныг баримтлан “ЭК” ХХК-иас 8.406.839 /найман сая дөрвөн зуун зургаан мянга найман зуун гучин есөн/ төгрөг гаргуулж, ӨМӨЗО-ны “ШХИЛ ХХКцахилгаан эрчим хүч шинжлэх ухаан” ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 139.901.448 төгрөг болон нэхэмжлэгчээс 46.702.876 төгрөг гаргуулах тухай “ЭК” ХХК-ийн сөрөг нэхэмжлэлийг тус тус хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 56.2, 57 дугаар зүйлийн 57.3-т заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 1.064.145 төгрөг, хариуцагчаас төлсөн 512.000 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас тэмдэгтийн хураамжид 149.459 төгрөг  гаргуулж нэхэмжлэгчид, илүү төлсөн 157.960 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж нэхэмжлэгчид, 120.536 төгрөгийг хариуцагчид тус тус олгосугай.

 

            3.Тус шүүхийн 2016 оны 8 дугаар сарын 29-ний өдрийн “шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах тухай” 181/ШЗ2016/02018 дугаар шүүгчийн захирамжийн үйлчлэл дуусгавар болсныг дурдсугай.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг, түүнчлэн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тус тус дурдсугай.

 

 

 

                               ДАРГАЛАГЧ                                   О.ОДГЭРЭЛ