Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 09 сарын 25 өдөр

Дугаар 210/МА2019/01744

 

 

 

 

 

2019 оны 09 сарын 25 өдөр

Дугаар 210/МА2019/01744

 

 

ХБ- ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Н.Батзориг даргалж, шүүгч А.Отгонцэцэг, Ч.Цэнд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2019 оны 7 дугаар сарын 09-ний өдрийн 181/ШШ2019/01522 дугаар шийдвэртэй

 

Нэхэмжлэгч ХБ- ХХК-ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч Д.А-, Ө.Б- нарт холбогдох

 

8 500 669 төгрөгийг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэлтэй

 

Хариуцагч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Ч.Цэндийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Амартүвшин

Хариуцагч болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.А-

Хариуцагчийн өмгөөлөгч М.Шаравнямбуу

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Энхнаран нар оролцов.

 

Нэхэмжлэгч ХБ- ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Д.А-, Ө.Б- нар нь ХБ- ХХК-тай 2014 оны 8 дугаар сарын 26-ны өдөр 1570005849 дугаартай Барьцаат зээлийн гэрээ байгуулан 12 000 000 төгрөгийг жилийн 30 хувийн хүүтэй, 36 сарын хугацаатайгаар, өрхийн хэрэглээний зориулалтаар авсан. Зээлдэгчийн хүсэлтээр 2015 оны 12 дугаар сарын 07-ны өдөр зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулсан. Үндсэн гэрээний дагуу 2017 оны 9 дүгээр сарын 08-ны өдөр дуусах хугацааг 2018 оны 12 дугаар сарын 03-ны өдөр дуусгавар болгохоор тусгасан. Үндсэн гэрээний дагуу олгосон 12 000 000 төгрөгийн зээлийн үлдэгдэл 8 024 323 төгрөг. Зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулснаас хойш зээлдэгч нь үндсэн зээлд 3 024 664.59 төгрөг, зээлийн хүүд 2 898 280.89 төгрөг, нэмэгдүүлсэн хүүнд 6 665.55 төгрөг төлсөн. Зээлдэгч нь банктай байгуулсан 1570005840 дугаартай барьцаат зээлийн гэрээгээр үүргээ зөрчиж, зээлийн төлбөрийг байнга хугацаа хэтрүүлэн дутуу төлж байгаа ба нэхэмжлэл гаргах өдрийн байдлаар 736 хоног хугацаа хэтрүүлсэн байна. ХБ- ХХК нь удаа дараа зээлийн төлбөрийг эргэн төлөлтийн хуваарийн дагуу төлөхийг зээлдэгчээс шаардаж, мэдэгдэж байсан бөгөөд зээлдэгч гэрээний үүргээ биелүүлээгүй байна.

Иймд Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.4 дэх заалт болон 1570005849 дугаартай зээлийн гэрээний холбогдох заалтын дагуу төлөгдөөгүй нийт үлдсэн зээлийн төлбөр 4 999 659 төгрөг, 2019 оны 5 дугаар сарын 08-ны өдрийн байдлаар хүү 3 153 440 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 333 070 төгрөг, нотариатын зардал 14 500 нийт 8 500 669 төгрөгийг хариуцагч нараас гаргуулж, барьцаа хөрөнгүүдээр үүргийн гүйцэтгэлийг хангуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.А- шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Д.А- миний бие нь 2014 оны 8 дугаар сарын 27-ны өдөр ХБ- ХХК-аас 11 829 900 төгрөгийн зээл авсан. Үүнээс эргэн төлөлтөд 13 953 834 төгрөгийг төлсөн. 2017 оны эргэн төлөлтийн хуваарь өндөр болсон тул ХБ- ХХК-ийн эдийн засагч Н.Батнавчид хандаж учир байдлаа хэлсэн. Эдийн засагч Н.Батнавчийн ажлын хариуцлагагүйгээс болж хуримтлагдсан хүү болох 3 153 440 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 333 070 төгрөг, нотариатын зардал 14 500 төгрөгийг төлөх сонирхолгүй байна. Одоо ХБ- ХХК-ийн нэхэмжилсэн 8 500 000 төгрөгийг төлбөл би өөрийн хашаа байшин хөрөнгөө хураалгаж эхнэр 6 хүүхдийн хамт гудамжинд гарах болно. Иймээс ХБ- ХХК-ийн нэхэмжилсэн 8 500 000 төгрөгийг сарын 300 000 төгрөг 29 сарын хугацаатай төлөхөөр эвлэрүүлж өгнө үү гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2, Банк эрх бүхий этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Д.А-, хариуцагч Ө.Б- нараас бүгд 7 310 339 төгрөгийг нэхэмжлэгч ХБ- ХХК-д олгож, үлдсэн 1 190 330 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Д.А-, хариуцагч Ө.Б- нар энэхүү шийдвэрт заасан төлбөрийг сайн дураар төлөөгүй тохиолдолд барьцаа хөрөнгө болох 000511446 дугаар гэрчилгээтэй, Сүхбаатар дүүрэг, 14 дүгээр хороо, Хандгайтын 39 дүгээр гудамж, 464А тоот хаягт байршилтай, 277 м.кв талбайтай эзэмших эрхтэй газар, Улсын бүртгэлийн Ү-2203008562 дугаарт бүртгэлтэй, Сүхбаатар дүүрэг, 14 дүгээр хороо, Хандгайтын 39 дүгээр гудамж, 464А тоот, 33.75 м.кв талбайтай хувийн сууцыг албадан дуудлага худалдаагаар борлуулж үүргийн гүйцэтгэл хангуулж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч ХБ- ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 221 161 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Д.А-, хариуцагч Ө.Б- нараас улсын тэмдэгтийн хураамжид 202 115 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч ХБ- ХХК-д олгон шийдвэрлэжээ.

 

Хариуцагч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.А- давж заалдах гомдолдоо: ХБ- ХХК нь банкны үйл ажиллагаа явуулах тусгай зөвшөөрөлтэй эсэх нь тодорхой бус байна. Хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтын хүрээнд хуулийн этгээдийн улсын бүртгэл байгаа болохоос банкны зээлийн үйл ажиллагаа явуулах тусгай зөвшөөрөл байхгүй байхад иргэний хэргийн анхан шатны шүүхээс нэмэгдүүлсэн хүү тооцон хэргийг хянан шийдвэрлэсэн байна.

2019 оны 7 дугаар сарын 05-ны өдрийн 181/Ш32019/07892 дугаартай шүүгчийн захирамжаар Д.А- миний өмгөөлөгчтэй оролцох эрхийг хангаж шүүх хуралдаан хойшилсон боловч 2019 оны 7 дугаар сарын 09-ний өдөр хүртэл 4 хоногийн хугацаа өгсөн нь бага хугацаа бөгөөд өмгөөлөгч олох боломжгүй байсан. 2019 оны 7 дугаар сарын 09-ний өдөр Ө.Б-гийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хувиар өмгөөлөгчтэй оролцох хүсэлт гаргасан боловч хангаагүй. 2014 оны 8 дугаар сарын 26-ны өдрийн 1570005849 дугаартай зээлийн гэрээ байгуулсан боловч ХБ- ХХК нь өөрөө зээлийн үйл ажиллагаа эрхлэх Монгол Банкнаас зөвшөөрөл авсан нь тогтоогдоогүй тул хүчин төгөлдөр бус хэлцэл гэж үзэх хууль зүйн үндэслэл байна. Тодруулбал, Банкны тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1, 6 дугаар зүйлийн 6.1, 6.1.2, 6.4 дэх хэсэгт заасан тусгай зөвшөөрлийг шалгалгүй хэргийг хянан шийдвэрлэсэнд гомдолтой байна гэжээ.

ХЯНАВАЛ:

Шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, зохигчдын хоорондын маргааны үйл баримтыг хэрэгт цугларсан нотлох баримтад үндэслэн зөв дүгнэж, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсний улмаас шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагад нийцсэн байна.

Нэхэмжлэгч ХБ- ХХК нь хариуцагч Д.А-, Ө.Б- нарт холбогдуулан зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 8 500 669 төгрөг гаргуулж, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулахаар нэхэмжилснийг хариуцагч нар эс зөвшөөрч маргажээ.

Зээлийн гэрээний үүрэгт 8 500 669 төгрөг гаргуулах шаардлагын тухайд

Талууд 2014 оны 8 дугаар сарын 26-ны өдрийн 1570005849 дугаартай зээлийн гэрээ байгуулж ХБ- ХХК нь 12 000 000 төгрөгийг сарын 30 хувийн хүүтэй, 36 сарын хугацаатай зээлдүүлж, Д.А-, Ө.Б- нар нь зээлийн гэрээний хугацаанд мөнгийг тохиролцсон хүүгийн хамт тогтоосон хуваарийн дагуу төлөх үүрэг тус тус хүлээж, улмаар мөнгөн хөрөнгийг шилжүүлэн авсан болох нь зээлийн гэрээ, талуудын тайлбараар нотлогдож байна. /хх10-12 дахь тал/

Дээрх гэрээг талууд 2015 оны 12 дугаар сарын 07-ны өдөр харилцан тооцоо нийлж дүгнээд зээлийн үлдэгдлийг 8 024 323 төгрөгөөр тооцон, зээлийн гэрээний хугацааг мөн өдрөөс 2018 оны 12 дугаар сарын 03-ны өдрийг хүртэл сунгаж, өмнөх гэрээний бусад заалтыг хэвээр дагаж мөрдөхөөр тохиролцон 1570005849 дугаартай зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулсан үйл баримт тэдгээрийн тайлбар, зээлийн нэмэлт гэрээ зэргээр тогтоогдсон байна. /хх-20-21/ Энэ үйл баримт болон зээлийн гэрээний хүчин төгөлдөр байдалд маргаангүй учир талуудын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт заасан зээлийн гэрээний харилцаа үүссэн гэж үзсэн анхан шатны шүүхийн дүгнэлт зөв. Иймд гэрээний нэг тал нөгөө талаасаа гэрээний үүргээ биелүүлэхийг шаардах эрхтэй.

Хариуцагч Д.А-, Ө.Б- нар зээлийн үүргээ хугацаанд нь бүрэн биелүүлээгүй гэдгээ хүлээн зөвшөөрсөн агуулга бүхий тайлбар гаргаж байх бөгөөд харин нэхэмжлэгч талын буруутай үйл ажиллагаанаас болж уг үүргээ гүйцэтгэж чадаагүй гэж маргажээ.

Хэрэгт, хариуцагч нараас нэхэмжлэгч талд хандан зээлийн гэрээнд өөрчлөлт оруулах хүсэлт гаргасан, нэхэмжлэгчийн буруугаас үүргээ биелүүлж чадаагүй гэх үйл баримтыг нотлох баримт авагдаагүй байх тул хариуцагч нарыг татгалзлын үндэслэлээ нотлох үүргээ хэрэгжүүлээгүй гэж үзнэ. Иймээс Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч тал зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү төлөх үүргээс чөлөөлөгдөх үндэслэлгүй.

Шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт заасан журмын дагуу хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн зээлийн болон барьцааны гэрээ, зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах тухай гэрээ, зээл төлөх мэдэгдэл, зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүгийн тооцоолол, зохигчдын тайлбар зэргийг харьцуулан үнэлээд хариуцагч нараас 7 310 339 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт заасанд нийцжээ.

 

Барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах шаардлагын тухайд:

Талууд зээлийн гэрээний үүргийг хангах зорилгоор 2014 оны 8 дугаар сарын 26-ны өдөр барьцааны гэрээ байгуулж, Сүхбаатар дүүрэг, 14 дүгээр хороо, Хандгайтын 39 гудамж, 464а тоотод байрлах газар, хувийн сууцыг барьцаалан гэрээг улсын бүртгэлд бүртгүүлжээ. /хх 13-19/ Уг гэрээ нь Иргэний хуулийн 156 дугаар зүйлийн 156.1, 156.2 дахь хэсэгт заасан шаардлагыг хангасан хүчин төгөлдөр гэрээ байх ба энэ талаар талууд маргаангүй. Анхан шатны шүүх дээрх нэхэмжлэлийн шаардлагын хувьд хариуцагч Ө.Б-гийн өмчлөлийн эд хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт нийцжээ.

Хариуцагч тал ...ХБ- ХХК-ийн банкны үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл байхгүй байхад шүүх хэргийг хянан шийдвэрлэсэн мөн хэргийн оролцогчийн хуулиар олгосон эрхийг зөрчсөн гэх үндэслэлээр давж заалдах гомдол гаргасан байна.

Банкны тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.2 дахь хэсэгт Банк Монголбанкны тусгай зөвшөөрөлтэйгээр зээлийн үйл ажиллагаа эрхэлнэ, 25 дугаар зүйлийн 25.1 дэх хэсэгт Энэ хуулийн 18-22 дугаар зүйлд заасан журмын дагуу Монголбанкнаас тусгай зөвшөөрөл авсан банк улсын бүртгэлд бүртгүүлнэ, 26 дугаар зүйлийн 26.1 дэх хэсэгт Банкны нэр нь түүний оноосон нэр болон банк гэсэн үгнээс бүрдэнэ гэж тус тус заажээ.

ХБ- ХХК нь улсын бүртгэлд ХБ- ХХК, үндсэн эрхлэх үйл ажиллагааны чиглэл нь арилжааны банкны үйл ажиллагаа гэж бүртгэгдсэн болох нь хэрэгт авагдсан улсын бүртгэлийн гэрчилгээгээр нотлогдож байх тул нэхэмжлэгчийг дээрх хуульд заасны дагуу тусгай зөвшөөрөл авсан эрх бүхий этгээд гэж үзнэ. /хх6 дахь тал/

Шүүх, эрх зүйн туслалцаа авч шүүх хуралдаанд оролцох хариуцагчийн эрхийг хангаж шүүх хуралдааныг 1 удаа хойшлуулж байсан. /хх-38-39/ Улмаар 2019 оны 7 дугаар сарын 09-ний өдрийн шүүх хуралдаанд хариуцагчийн дахин гаргасан өмгөөлөгчтэй шүүх хуралдаанд оролцох хүсэлтийг хэрэгсэхгүй болгон, хэргийг хянан шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт заасан талуудын тэгш эрхийг хангах зарчимд нийцэж байна.

Түүнчлэн 2019 оны 7 дугаар сарын 09-ний өдрийн шүүх хуралдааны тэмдэглэлд нотлох баримт гаргуулах хариуцагчийн хүсэлтийн талаар тусгагдаагүй байх тул хэргийн оролцогчийн хуулиар олгогдсон эрхийг зөрчсөн гэх үндэслэл тогтоогдохгүй байна.

Дээрх үндэслэлээр хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээхээр шүүх бүрэлдэхүүн тогтов.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 7 дугаар сарын 09-ний өдрийн 181/ШШ2019/01522 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч талын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагч талын давж заалдах гомдол гаргахдаа урьдчилан төлсөн 131 950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацаа тоолохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Н.БАТЗОРИГ

 

ШҮҮГЧИД А.ОТГОНЦЭЦЭГ

 

Ч.ЦЭНД