Шүүх | Улсын дээд шүүх |
---|---|
Шүүгч | Чулууны Тунгалаг |
Хэргийн индекс | 128/2019/0399/З |
Дугаар | 36 |
Огноо | 2020-01-20 |
Маргааны төрөл | Бусад, |
Улсын дээд шүүхийн Тогтоол
2020 оны 01 сарын 20 өдөр
Дугаар 36
“Э-Ө” ХХК-ийн гомдолтой, Сүхбаатар
дүүргийн Мэргэжлийн хяналтын хэлтсийн
хөдөлмөрийн хяналтын улсын байцаагч
Г.А, нийгмийн хамгааллын хяналтын
улсын байцаагч Ж.Э нарт
холбогдох зөрчлийн хэргийн тухай
Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүн:
Даргалагч: шүүгч Б.Мөнхтуяа
Шүүгчид: Г.Банзрагч
Д.Мөнхтуяа
П.Соёл-Эрдэнэ
Илтгэгч шүүгч: Ч.Тунгалаг
Нарийн бичгийн дарга: Т.Даваажаргал,
Гомдлын шаардлага: Сүхбаатар дүүргийн Мэргэжлийн хяналтын хэлтсийн нийгмийн хамгааллын болон хөдөлмөрийн хяналтын улсын байцаагч нарын 2019 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн 0066476, 0066477 дугаар шийтгэлийн хуудсыг тус тус хүчингүй болгуулах
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн 128/ШШ2019/0665 дугаар шийдвэр,
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 622 дугаар магадлалтай,
Шүүх хуралдаанд оролцогч:
Гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Б, өмгөөлөгч Ю.С,
Хариуцагч Ж.Э,
Хариуцагч нарын гаргасан гомдлыг үндэслэн хэргийг хянан хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Өмнөх шатны шүүхийн шийдвэр:
1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 41 дугаар сарын 09-ний өдрийн 128/ШШ2019/0665 дугаар шийдвэрээр: Зөрчлийн тухай хуулийн 10.17 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 10.16 дугаар зүйлийн 9.2, 9.3 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан гомдол гаргагч “Э-Ө” ХХК-ийн “Сүхбаатар дүүргийн Мэргэжлийн хяналтын хэлтсийн нийгмийн хамгаалал хяналтын улсын байцаагчийн 2019 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн 0066476 дугаар шийтгэлийн хуудас, Мэргэжлийн хяналтын улсын байцаагчийн 0066477 дугаар шийтгэлийн хуудсыг тус тус хүчингүй болгуулах” гомдлыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.
2. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх гомдол гаргагч, түүний өмгөөлөгч нарын гаргасан гомдлоор хэргийг 2019 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр хянан хэлэлцээд 622 дугаар магадлалаар: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн 128/ШШ2019/0665 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, “Э-Ө” ХХК-ийн төлөөлөгч Д.Баярмаа, өмгөөлөгч Ю.Сэвлэгмаа нарын давж заалдах гомдлыг хангаж, Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.6, 4.1.7, 9 дүгээр зүйлийн 9.3.1, 10 дугаар зүйлийн 10.10, Нийгмийн даатгалын тухай хуулийн 25 дугаар зүйлийн 1-ийн 3, 5, 26 дугаар зүйлийн 2-ийн 4-д заасныг тус тус баримтлан “Э-Ө” ХХК-ийн гомдлын шаардлагыг бүхэлд нь хангаж, Сүхбаатар дүүргийн Мэргэжлийн хяналтын хэлтсийн нийгмийн хамгааллын болон хөдөлмөрийн хяналтын улсын байцаагч нарын 2019 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн 0066476, 0066477 дугаар шийтгэлийн хуудсуудыг хүчингүй болгож шийдвэрлэсэн байна.
Хяналтын журмаар гаргасан гомдол:
3. Хариуцагч Ж.Э, Г.А нар хяналтын журмаар гаргасан гомдолдоо: “Нийгмийн хамгааллын хяналтын улсын байцаагчийн 0066476 тоот шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах тухайд: Нийгмийн даатгалын тухай хуулийн 33 дугаар зүйлд заасны дагуу Нийгмийн даатгалын тухай хууль тогтоомжийн биелэлтэд тавих хяналтыг Засгийн газар, бүх шатны Засаг дарга, хууль тогтоомжоор эрх олгогдсон бусад байгууллага, албан тушаалтан тус тусын эрх хэмжээний дагуу хэрэгжүүлнэ. Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 1.8 дугаар зүйлийн 6.10 дахь заалтад зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны харъяалалд заасны дагуу Мэргэжлийн хяналтын улсын байцаагч нь Зөрчлийн тухай хуулийн 10.17 дугаар зүйлд заасан зөрчлийг хянан шийдвэрлэнэ. Монгол улсын Засгийн газрын 2003 оны 37 дугаар тогтоол улсын мэргэжлийн хяналтын газрын нийтлэг дүрмийн 2.3.2 заасны дагуу нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын тухай хууль тогтоомжийн хэрэгжилтэд хяналт тавина. Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 521 дахь хэсэгт зааснаар төлөвлөгөөт бус хяналт шалгалтыг иргэнээс ирүүлсэн гомдлын дагуу хийнэ гэсэн заалтуудын хүрээнд хяналт шалгалт хийж илэрсэн зөрчилд арга хэмжээ авсан болно.
4. Хөдөлмөрийн хяналтын улсын байцаагчийн 0066477 тоот шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах тухайд: Ажилтанд цалин хөлсийг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр тогтоосон хугацаанд олгоогүй нь Э-Ө ХХК-ийн нягтлан Д.Б санхүүгийн тайлан, дансны гүйлгээний хуулга зэргээр нотлогдож байдаг. Мөн дэд захирал Б.Баттогтох, нягтлан Д.Б 1909000415 тоот зөрчлийн хэрэгт өгсөн мэдүүлэг зэргээр нотлогдсон болно. Мөн Энх-өглөө ХХК-ний зүгээс цалин хөлсийг цаг хугацаанд нь олгоогүй зөрчлөө хүлээн зөвшөөрч иргэн Ц.Хуягбаатарт нөхөн олгосон байдаг.
5. Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 4.14 зүйлийн 2 дахь хэсэгт Зөрчлийн нотлох баримт нь гэрч, хохирогч, холбогдогчийн мэдүүлэг, бичмэл болон эд мөрийн баримт, эсхүл баримт бичиг, шинжээчийн дүгнэлт, мэдүүлэг, гэрэл зураг, зураглал, дууны, дүрсний, дуу-дүрсний бичлэг, хэв загвар, дээж, зөрчил шалгах ажиллагааны болон шүүх хуралдааны тэмдэглэл, хүн, хуулийн этгээд, албан тушаалтнаас ирүүлсэн зөрчлийн шинжтэй гомдол, мэдээлэл, стандартаар баталгаажсан хэмжилт-хяналтын төхөөрөмжийн мэдээлэл, бусад баримтаар тодорхойлогдоно.
6. Тухайн зөрчил нь хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн байна гэж шийдвэрлэсэн нь Зөрчлийн тухай хуулийн 2.4 зүйлийг 1 дахь хэсэгт зааснаар Зөрчлийн үр дагавар хэзээ илэрснээс үл хамааран тухайн зөрчил үйлдэгдсэн үеийг зөрчил үйлдсэн хугацаанд тооцно гэснээр зөрчил таслан зогсоогдсон хугацаа буюу 2019 оны 03 сарын 27 өдөр үлдэгдэл цалин болох 1.437.582 төгрөгийг олгуулж шийтгэлийн хуудас тавьсан байдаг. Иймд хөөн хэлэлцэх хугацаа тооцох шаардлагагүй гэж үзэж байна. Гэтэл Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх хууль буруу хэрэглэж улсын байцаагчийн шийтгэлийн хуудсуудыг хүчингүй болгон шийдвэрлэснийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Иймд Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 622 дугаартай магадлалыг бүхэлд нь хүчингүй болгож өгнө үү” гэжээ.
ХЯНАВАЛ:
7. Хяналтын шатны шүүх дараах үндэслэлээр давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээж шийдвэрлэв.
8. Сүхбаатар дүүргийн Мэргэжлийн хяналтын хэлтсийн нийгмийн хамгааллын хяналтын улсын байцаагч Ж.Э, хөдөлмөрийн хяналтын улсын байцаагч Г.А нар нь иргэн Ц.Х-аас гаргасан “... ажилласан хугацааны цалин хөлс олгоогүй, нийгмийн даатгалын дэвтэр бөглөж баталгаажуулаагүй” гэсэн гомдлыг шалгаж, 2019 оны 3 дугаар сарын 29-ний өдрийн 0066476 дугаар Шийтгэлийн хуудсаар “... олгосон цалин хөлснөөс нийгмийн даатгалын шимтгэлийг хуульд заасан хэмжээгээр тооцож тайлагнаагүй” гэх зөрчилд Зөрчлийн тухай хуулийн 10.17 дугаар зүйлийн 2-т зааснаар 3,000,000 төгрөгөөр торгох; 2019 оны 3 дугаар сарын 29-ний өдрийн 0066477 дугаар Шийтгэлийн хуудсаар “...цалин хөлс хугацаанд нь олгоогүй” гэх зөрчилд Зөрчлийн тухай хуулийн 10.16 дугаар зүйлийн 9.3-т зааснаар 5,000,000 төгрөгөөр торгох шийтгэлийг тус тус “Э-Ө” ХХК-д оногдуулжээ.
9. Зөрчлийн тухай хуулийн 10.17 дугаар зүйлийн 2-т “... нийгмийн даатгалын шимтгэл ногдох орлого нуусан, эсхүл худал мэдүүлсэн, эсхүл эрх бүхий байгууллагаас эцэслэн тогтоосон төлбөл зохих нийгмийн даатгалын шимтгэл, алданги, торгуулийг төлөхөөс зайлсхийсэн нь ...” гэж тодорхойлж, зөрчлийн объектив шинжийг заасан, эдгээрээр тодорхойлогдох зөрчил тогтоогдсон тохиолдолд уг зүйл, заалтын дагуу гэм буруутай этгээдэд хариуцлага ногдуулна.
10. Зөрчлийн хэргийн материалаас үзвэл, улсын байцаагч Ж.Э нь иргэн Ц.Х-ын гомдлын дагуу “...ажилласан хугацаанд олгосон цалингаас нийгмийн даатгалын шимтгэлийг үнэн зөв тооцон тайланг гаргадаггүй болох нь тогтоогдсон” гэх үндэслэлээр зөрчлийн хэрэг нээж, зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулсан ба уг ажиллагаагаар “Э-Ө” ХХК-ийн удирдах болон гүйцэтгэх албан тушаалтнаас “нийгмийн даатгалын шимтгэл ногдох орлого нуусан, эсхүл худал мэдүүлсэн” зөрчил гаргасныг тогтоогоогүй, үүнтэй холбогдох баримт материал цуцлуулж шалгаагүй, 0066476 дугаар Шийтгэлийн хуудаст тодорхойлж бичсэн зөрчил нь Зөрчлийн тухай 10.17 дугаар зүйлийн 2-т заасан зөрчлийн шинжийг агуулахгүй байна.
11. Түүнчлэн, Зөрчлийн тухай хуулийн 10.17 дугаар зүйлийн “Нийгмийн даатгалын тухай хууль зөрчих” зөрчлийг шалган шийдвэрлэх бүрэн эрхийг Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 1.8 дугаар зүйлийн 6.10-т заасны дагуу “мэргэжлийн хяналтын улсын байцаагч”, 6.15-д заасны дагуу “нийгмийн даатгалын байцаагч”-ийн аль аль нь хэрэгжүүлэхээр байна.
12. Харин, Нийгмийн даатгалын тухай хуулиар нийгмийн даатгалын байгууллага, нийгмийн даатгалын байцаагчийн үйл ажиллагааны эрх зүйн үндсийг тодорхойлсны дагуу Нийгмийн даатгалын байгууллагын нийгмийн даатгалын байцаагч нь нийгмийн даатгалын хяналт шалгалтыг хэрэгжүүлэх бүрэн эрхтэй, тус хуулиар Мэргэжлийн хяналтын байгууллагын нийгмийн хамгааллын улсын байцаагчид ийм эрх олгогдоогүй тул иргэн Ц.Х-ын гомдлын дагуу “төлөвлөгөөт бус шалгалт”-аар илрүүлсэн гэх зөрчилд шийтгэл оногдуулахаар 0066476 дугаар шийтгэлийн хуудсыг үйлдсэн нь Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10-т “улсын байцаагчийн тодорхой бүрэн эрхийг захиргааны тухайн хяналтын хууль тогтоомжоор тогтооно” гэсэнд нийцэхгүй болохыг давж заалдах шатны шүүх зөв дүгнэжээ.
13. Иймд, хариуцагч улсын байцаагч нараас хяналтын журмаар гаргасан “... Мэргэжлийн хяналтын газрын нийтлэг дүрмийн 2.3.2-т заасны дагуу нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын тухай хууль тогтоомжийн хэрэгжилтэд хяналт тавина, ... Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.1-д заасны дагуу төлөвлөгөөт бус шалгалтыг иргэний гомдлын дагуу хийж, илэрсэн зөрчилд арга хэмжээ авсан” гэх гомдлыг хүлээж авах боломжгүй.
14. Түүнчлэн, зөрчлийн хэргийн материалаас үзвэл, иргэн Ц.Хуягбаатараас 2019 оны 3 дугаар сарын 06-ны өдөр Сүхбаатар дүүргийн Мэргэжлийн хяналтын газарт өргөдөл гаргахдаа “...цалингийн үлдэгдэл болох 2,600,000 төгрөгийг 7 хоногийн дараа бэлэн өгнө гэсэн боловч одоог хүртэл өгөөгүй” гэсэн ба зөрчилд холбогдогч “Э-Ө” ХХК-ийн захирал М.Халиун нь 2019 оны 3 дугаар сарын 15-ны өдөр “... тооцоо нийлж, цалингийн үлдэгдлийг өгнө” гэж мэдүүлсэн, улмаар 2019 оны 3 дугаар сарын 27-ны өдөр Ц.Хуягбаатарын цалингийн тооцоог дуусгавар болгож, энэ тухай баримт үйлдсэн, энэ асуудлаар хэргийн оролцогчид маргаагүй байна.
15. Зөрчлийн тухай хуулийн 10.16 дугаар зүйлийн 9-д “ажил олгогч: ...9.3-т ажилтны буруугүйгээс үүссэн сул зогсолтын олговрыг олгоогүй, эсхүл түүнийг хуулиар тогтоосон хэмжээнээс доогуур тогтоож олгосон бол” гэж зөрчлийн шинжийг тодорхойлсон, энэ тохиолдлын хувьд “Э-Ө” ХХК нь тийм зөрчлийг гаргасан гэдэг нь тогтоогдоогүй байхад улсын байцаагчийн 0066477 дугаар шийтгэлийн хуудсаар уг зүйл заалтыг баримтлан “Э-Ө” ХХК-д шийтгэл ногдуулсан нь хууль бус, энэ талаарх давж заалдах шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй.
16. Үүний зэрэгцээ уг 0066477 дугаар Шийтгэлийн хуудаст “цалин хөлс цаг хугацаанд нь олгоогүй” гэж зөрчлийг тодорхойлж бичсэн, ажил олгогч “Э-Ө” ХХК нь Ц.Хуягбаатарын цалин хөлсийг цаг хугацаанд нь олгоогүй нь тогтоогдож байгаа хэдий ч Зөрчлийн тухай хуулийн 10.16 дугаар зүйлийн 9.2-т “ажилтны цалин хөлсийг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр тогтоосон хугацаанд нь олгоогүй, эсхүл саатуулсан” гэж зааснаас үзвэл, уг зөрчлийн объектив шинж нь “хүндэтгэн үзэх шалтгаангүй нь” тогтоогдсон байхыг шаардсан, улсын байцаагч нараас иргэний гомдлыг шалгахдаа энэ байдлыг огт тогтоогоогүй байна.
17. Мөн, Ц.Хуягбаатарын “... 7 хоногийн дараа цалингийн үлдэгдлийг өгнө гэсэн боловч өгөөгүй” гэх гомдол нь “олгогдоогүй цалин”-гийн асуудлаар ажил олгогч, ажилтан нар тохиролцсон гэж үзэхээр ба зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны явцад Ц.Хуягбаатарт “цалингийн үлдэгдэл”-ийг олгосноор тухайн зөрчил арилсан байхад үүний дараа шийтгэл хүлээлгэсэн нь үндэслэлгүй, хариуцагч нарын “... цалин хөлсийг хугацаанд олгоогүй зөрчлөө хүлээн зөвшөөрч Ц.Х-т нөхөн олгосон” гэх гомдлыг хүлээж авах боломжгүй.
18. Иймд, давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээж, хариуцагч Сүхбаатар дүүргийн Мэргэжлийн хяналтын хэлтсийн улсын байцаагч Ж.Энхжаргал, Г.Ариунбаяр нарын хяналтын журмаар “магадлалыг хүчингүй болгуулах”-аар гаргасан гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 622 дугаар магадлалыг хэвээр үлдээж, хариуцагч нарын гомдлыг хангахгүй орхисугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар хариуцагч нар хяналтын журмаар гомдол гаргахдаа тэмдэгтийн хураамж төлөөгүй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.МӨНХТУЯА
ШҮҮГЧ Ч.ТУНГАЛАГ