Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 11 сарын 03 өдөр

Дугаар 869

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Дуламсүрэн даргалж тус шүүхийн шүүх хуралдааны 5 дугаар танхимд хийсэн нээлттэй шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Ч.Б

Хариуцагч: Улсын бүртгэл, статистикийн Ерөнхий газрын харьяа Хан-Уул дүүргийн эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн тасаг /хуучнаар/

Гуравдагч этгээд: “К” ХХК

Гуравдагч этгээд: “М” ХХК

Нэхэмжлэлийн шаардлага: “М******* ХХК-ийн нэр дээр бүртгэсэн Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Зайсангийн гудамж, Blue Sку хотхоны байрны тоот 129 м.кв 3 өрөө орон сууц болон зоорийн давхрын 6 тоот авто зогсоолын улсын бүртгэлийг тус тус хүчингүй болгож, уг байрны тоот орон сууц болоод авто зогсоолын улсын бүртгэлийг иргэн Ч.Б миний нэр дээр бүртгэхээс татгалзсан эс үйлдэхүй нь хууль бус болохыг тогтоох, өмчлөх эрхийн улсын бүртгэлийг иргэн Ч.Бын нэр дээр бүртгэж, гэрчилгээ олгохыг даалгах”

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Г, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Ч, гуравдагч этгээд “М” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Г, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Булган нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Ч.Б шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлдээ: “...Ч.Б миний бие 2008 оны 07 дугаар сарын 27-ны өдөр “М*******” ХХК-тай 340 дугаартай “Орон сууц захиалах бариулах гэрээ”-г байгуулсаны үндсэн дээр Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Зайсангийн гудамж, “Вl*******” хотхоны байрны тоот орон сууцыг тус байрны зоорийн давхрын 6 тоот автомашины зогсоолын хамт захиалж, гэрээний үнийг бүрэн төлснөөр орон сууц болон автомашины зогсоолыг өөрийн эзэмшил, ашиглалтанд хүлээн авсан.

Гэвч “М*******” ХХК нь миний нэр дээр орон сууцны, мөн авто зогсоолын өмчлөх эрхийн гэрчилгээг гархад шаардлагатай холбогдох материалыг гаргаж өгөхгүй байсан тул миний бие шүүхэд хандан өмчлөгчөөр тогтоолгох нэхэмжлэл гаргаж, улмаар Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн 102/ШШ2016/01708 дугаартай шүүгчийн захирамжаар хариуцагчийн зөвшөөрлийг баталсан. Үүний дагуу Хан-Уул дүүргийн улсын бүртгэлийн газарт, мөн Улсын бүртгэлийн Ерөнхий газарт тус тус хандсан хэдий ч дээрх орон сууц болоод авто зогсоол нь “Барьцаанд байгаа тул бүртгэх боломжгүй” гэсэн хариуг өгсөн. Гэтэл “М*******” ХХК нь “К”-тай миний өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгийг буюу Хан-уул дүүргийн 11 дүгээр хороо, Зайсангийн гудамж, “В*******” хотхоны байрны тоот орон сууц, мөн зоорийн давхарын 6 тоот авто зогсоолыг надад огт мэдэгдэлгүйгээр зээлийн барьцаанд тавихын тулд үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлд 90%-ийн гүйцэтгэлтэй хэмээн бүртгүүлсэн нь “Иргэний хууль’’-ийн 183 дугаар зүйлийн 183.3-д: “Улсын бүртгэлд бүртгэлтэй эрхийн жинхэнэ эзэмшигчийг үнэн зөв тогтоохын тулд улсын бүртгэлд бичигдсэн тэмдэглэл буруу, ташаа болох тухай өргөдлийг эрх нь зөрчигдөж байгаа этгээд бүртгэлийн байгууллагад гаргах эрхтэй”, түүнчлэн “Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хууль”-ийн 7 дугаар зүйлийн 7.5-д “Иргэний хуулийн 183.3-д заасны дагуу эрхийн улсын бүртгэл буруу ташаа болох тухай өргөдлийг эрх нь зөрчигдөж байна гэж үзсэн этгээд эрхийн улсын бүртгэлийн төрийн захиргааны байгууллагад гаргах эрхтэй бөгөөд өргөдлийг шалгах явцад эрхийн улсын бүртгэлийг буруу хийсэн нь тогтоогдвол ерөнхий бүртгэгчийн шийдвэрээр бүртгэлд өөрчлөлт оруулж болно” гэж заасныг тус тус зөрчсөн гэж үзэж байна.

Иймд “М*******” ХХК-ийн нэр дээр бүртгэсэн Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Зайсангийн гудамж, “B*******” хотхоны байрны тоот орон сууц, мөн зоорийн давхрын 6 тоот авто зогсоолын улсын бүртгэлийг хүчингүй болгож, уг орон сууцны болон авто зогсоолын улсын бүртгэлийг иргэн Ч Б миний нэр дээр бүртгэхээс татгалзсан эс үйлдэхүй нь хууль бус болохыг тогтоож, өмчлөх эрхийн улсын бүртгэлийг иргэн Ч.Бын нэр дээр бүртгэн, гэрчилгээ олгохыг Хан-Уул дүүргийн улсын бүртгэлийн хэлтэст даалгаж өгнө үү” гэжээ.

Хариуцагч шүүхэд бичгээр ирүүлсэн хариу тайлбартаа: “...Өргөдөлд дурдсан Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Зайсангийн гудамж дүгээр байрны тоот 129 м.кв талбайтай 90%-ийн гүйцэтгэлтэй аялал жуулчлалын зориулалттай үл хөдлөх хөрөнгө нь эрхийн улсын бүртгэлийн Ү- дугаарт, 2010 оны 05 дугаар сарын 12-ны өдөр “М*******" ХХК- ний өмчлөлд бүртгэгдсэн байх бөгөөд Ктай байгуулсан 2007 оны 08 дугаар сарын 1-ны өдрийн Т07/143 барьцаат зээлийн гэрээ, 2007 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн Т07/143 тоот барьцаат зээлийн гэрээнд өөрчлөлт оруулах тухай нэмэлт гэрээ, 2008 оны 02 дугаар сарын 11-ны өдрийн Т07/143 тоот барьцааны гэрээнд өөрчлөлт оруулах тухай нэмэлт гэрээ, 2010 оны 04 дугаар

сарын 29-ны өдрийн Т07/143 тоот барьцаат зээлийн гэрээнд өөрчлөлт оруулах тухай нэмэлт гэрээ, 2010 оны 8 дугаар сарын 19-ны өдрийн Т07/143 тоот барьцаат зээлийн гэрээнд өөрчлөлт оруулах тухай нэмэлт гэрээ, 2010 оны 09 дугаар сарын 02-ны өдрийн Т07/143 тоот барьцаат зээлийн гэрээнд өөрчлөлт оруулах тухай нэмэлт гэрээ тус тус бүртгэлтэй байна.

Эрхийн улсын бүртгэлийн Ү- дугаарт хөрөнгө нь иргэн Б.Б******* Хан-Уул дүүргийн шүүхийн 2011 оны 2 дугаар сарын 16-ны өдрийн 705 тоот “Шүүх хуралдааныг хойшлуулах тухай” шүүгчийн захирамж нотлох баримтанд байна.

Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Зайсангийн гудамж дүгээр байрны зоорийн давхарын 6 тоот 18 м.кв талбайтай 90%-ийн гүйцэтгэлтэй авто зогсоолын зориулалттай үл хөдлөх хөрөнгө нь эрхийн улсын бүртгэлийн Ү******* дугаарт, 2010 оны 05 дугаар сарын 13-ны өдөр “М*******” ХХК-ний өмчлөлд бүртгэгдсэн байх бөгөөд Ктай байгуулсан 2009 оны 04 дугаар сарын 27-ны өдрийн 09/15 барьцаат зээлийн гэрээ, 2010 оны 09 дүгээр сарын 2-ны өдрийн 09/15 тоот барьцаат зээлийн гэрээнд өөрчлөлт оруулах тухай нэмэлт гэрээ тус тус бүртгэлтэй байна.

Эрхийн улсын бүртгэлийн Ү-******* дугаарт хөрөнгө нь иргэн Ж.Б*******ын нэхэмжлэлтэй, Хан-уул дүүргийн шүүхийн 2011 оны 2 дугаар сарын 169-ны өдрийн 705 тоот шүүх хуралдааныг хойшлуулах тухай шүүгчийн захирамж нотлох баримтад байна. 

Улсын бүртгэлийн Ерөнхий хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.8-д “улсын бүртгэлд өмнө нь бүртгэгдсэн эрх нь хүчинтэй байхад дахин бүртгэж, гэрчилгээ олгох”, 181.10-т “улсын бүртгэлд хөдөлгөөн хийх эрхийг түдгэлзүүлсэн тухай Улсын ерөнхий бүртгэгч, хууль хяналтын байгууллагын шийдвэрийг зөрчиж улсын бүртгэлд өөрчлөлт, хөдөлгөөн хийх”-ийг хориглоно гэж заасан.

Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 19.2-т “Эрхийн улсын бүртгэлд зохих нэмэлт, өөрчлөлт хийхийн өмнө түүний улмаас эрх, хууль ёсны ашиг сонирхол нь шууд хөндөгдөж болох иргэн, хуулийн этгээд буюу төрийн эрх бүхий байгууллагын зөвшөөрлийг заавал авсан байх бөгөөд иргэд, хуулийн этгээдээс олгох зөвшөөрлийг нотариатаар гэрчлүүлсэн байна” хэмээн заасан байдаг.

“М” ХХК нь тухайн үл хөдлөх хөрөнгүүдээ барьцаалан Кнаас зээл авсан бөгөөд барьцааг зээлийн гэрээ нь өнөөдрийн байдлаар албан ёсоор дуусгавар болоогүй байна. Иймд барьцаалагчдын зөвшөөрлөгүйгээр тухайн үл хөдлөх хөрөнгүүдийг шилжүүлэн бүртгэх боломжгүй. 

Иргэн Ч.Бын нэхэмжлэлийн шаардлагыг хангахгүй орхиж, хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

Гуравдагч этгээд К шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлийн хариу тайлбартаа: “...Тус банк нь “Ч*******” ХХК-тай 2009 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр 09/15 тоот “Зээлийн гэрээ”-г байгуулж, 860,000.000 (найман зуун жаран сая) төгрөгийг, жилийн 9,9 хувийн хүүтэй, 120 сарын хугацаатай зээлсэн.

Мөн “М*******” ХХК-тай 2010 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр №09/15 тоот “Зээлийн барьцааны гэрээ” байгуулан дээрх зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийн баталгаанд “М” ХХК-ийн өмчлөлийн Хан-Уул дүүргийн 11-р хороо, Зайсангийн тойруу, байрны зоорийн давхарын 18 ширхэг авто зогсоол, 46В байрны 18 ширхэг автозогсоол, 46Г байрны 18 ширхэг автозогсоолуудыг тус тус барьцаалсан юм.

Тус банкны “М” ХХК-тай байгуулсан дээрх барьцааны гэрээнүүд нь Иргэний хуулийн 156 дугаар зүйлийн 156.1, 156.2, Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1, 11 дүгээр зүйлийн 11.1, 12 дугаар зүйлийн 12.1 дэх заалтууд болон Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн бүртгэлийн журамд заасан зохицуулалтын дагуу бүртгэгдсэн, хүчин төгөлдөр гэрээнүүд юм. Гэтэл “М” ХХК нь иргэн Ч.Бтай 2008 оны 07 дугаар сарын 27-ны өдөр 340 тоот “Орон сууц захиалагаар бариулах гэрээ”-г байгуулж, тус банкны барьцаанд бүртгэлтэй хөрөнгө болох Хан-Уул дүүрэг, 11 дүгээр хороо, “В*******” хотхоны дүгээр байрны 6 тоот автозогсоолыг худалдахаар тохиролцсон байх бөгөөд үүний дагуу нэхэмжлэгч Ч.Б нь 2016 оны 02 дугаар сарын 26-ны өдөр Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 102/ШШ2016/01708 тоот шүүгчийн захирамжаар маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч болсноос үзэхэд энэ нь тус банкны 2010 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн 09/15 тоот “Зээлийн барьцааны гэрээ”-ний дагуу үүссэн барьцааны эрхээс хойш бий болсон үр дагавар байна. Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч Ч.Бын өмчлөх эрх нь тус банкны барьцааны эрхээс хойно үүссэн учир “М*******” ХХК-ийн өмчлөх эрхийг Ч.Бт шилжүүлэн бүртгэхэд Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.2-т “эрхийн улсын бүртгэлд зохих нэмэлт, өөрчлөлт хийхийн өмнө түүний улмаас эрх, хуулъ ёсны ашиг сонирхол нь шууд хөндөгдөж болох иргэн, хуулийн этгээд буюу төрийн эрх бүхий байгууллагын зөвшөөрлийг заавал авсан байх бөгөөд иргэд, хуулийн этгээдээс олгох зөвшөөрлийг нотариатаар гэрчлүүлсэн байна” гэж заасны дагуу Кнаас зөвшөөрөл авахыг бүртгэлийн байгууллага (Бүртгэгч) мэдүүлэг гаргагчаас шаардах эрхтэй байна.

Түүнчлэн нэхэмжлэгч Ч.Б нь Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой Эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.4-т “шүүх, арбитрын шийдвэрийн үндсэн дээр өмчлөгч өөрчлөгдөж байгаа бол өмчлөх эрх олж авч байгаа этгээд мэдүүлэг гаргах ба мэдүүлэгт шүүх, арбитрын шийдвэрийг хавсаргана” гэж заасны дагуу шүүхийн шийдвэрийн дагуу өмчлөх эрхээ бүртгүүлэхдээ мэдүүлэг гаргах үүрэгтэй бөгөөд мэдүүлэг нь мөн хуулийн 14 дүгээр зүйлд заасан шаардлагыг хангасан байх шаардлагатай.

Гэтэл нэхэмжлэгч Ч.Б нь уг хуулийн шаардлагыг бүрэн биелүүлээгүй буюу мэдүүлэгт хавсаргах шаардлагатай баримт бичгийг хавсаргаагүй учир түүний бүртгэлийг бүртгэхээс татгалзсан улсын бүртгэлийн байгууллагын үйлдэл хууль ёсны байна” гэжээ.

Гуравдагч этгээд “М” ХХК шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлийн хариу тайлбартаа: “Иргэн Ч.Б нь 2008 оны 07 дугаар сарын 27-ны өдөр манай компанитай 340 тоот “Орон сууц захиалгаар бариулах гэрээ”-г байгуулж тус гэрээгээр Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Зайсангийн тойруу “В*******” хотхоны байрны тоот орон сууцыг тус байрны зоорийн давхарт байрлах 6 тоот авто зогсоолын хамт худалдан авч төлбөр тооцоог бүрэн барагдуулсан.

Мөн Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн 102/ШШ2016/01708 дугаар шүүгчийн захирамжаар Ч.Быг Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Зайсангийн тойруу “Вl*******” хотхоны байрны тоот орон сууц болон тус байрны зоорийн давхарт байрлах 6 тоот авто зогсоолын хууль ёсны өмчлөгчөөр тогтоосон тул манай компанийн зүгээс уг шийдвэрт хүндэтгэлтэй хандаж байгаа болно.

Манай компани “К” ХХК-иас нийтдээ 9 тэрбум орчим төгрөгийн зээл авч, уг зээлүүдийн төлбөрийг иргэдэд худалдан борлуулсан орон сууц, авто зогсоолуудын орлого болон үл хөдлөх эд хөрөнгүүдийг шилжүүлэх замаар 20 орчим тэрбум төгрөгийг тус банкинд төлсөн боловч, “К” ХХК-ийн тухайн үеийн удирдлагууд манай компанийн барьж буй орон сууцнуудыг 50%-иар үнэгүйдүүлж авах, доллар, юанийн ханш өсөх үед төгрөгөөр өгсөн зээлийг доллар юаньд шилжүүлэх зэргээр зээлийн өрийн дарамтанд хийсвэрээр оруулж, бидний үйл ажиллагааг дог*******уулсан.

Ингээд 2010 оны 05 дугаар сард бид “К” ХХК-ийн шахр бусдад худалдсан орон сууц болон авто зогсоолуудыг 90 хувийн гүйцэтгэлтэй хэмээн тус бүрээр нь үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлд өөрийн өмчлөлийн эд хөрөнгө мэтээр бүртгүүлэхээр хүсэлт өгч, тус банкны ажилтанд итгэмжлэл олгосноор “К” ХХКнь орон сууц болон авто зогсоолуудын гэрчилгээг гаргуулан өөртөө авсан ба манай компанитай 2010 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр “Зээлийн барьцааны гэрээ”-г шинээр байгуулж, энэхүү гэрээгээр иргэн Ч.Бын “В*******” хотхоны байрны тоот орон сууцыг тус байрны зоорийн давхарт байрлах 6 тоот авто зогсоолын хамт өмчлөгчид нь мэдэгдэлгүйгээр тус тус барьцаалуулсан нь түүний эрх ашгийг хохироосон үйлдэл  болсон гэдгийг хүлээн зөвшөөрч байна.

Иймд “М” ХХК-ийн зүгээс нэхэмжлэгчийн гаргасан шаардлагыг бүрэн хүлээн зөвшөөрч байгаа бөгөөд Ч.Бын нэр дээр Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Зайсангийн тойруу “В*******” хотхоны байрны тоот орон сууц болон тус байрны зоорийн давхарт байрлах 6 тоот автозогсоолын эд хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээ бичигдэхэд татгалзах зүйлгүй болно” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх энэ хэрэгт хуульд заасан журмын дагуу цугларсан бичгийн нотлох баримтууд нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч өмгөөлөгч нараас гаргасан тайлбар зэргийг шинжлэн судалж үнэлээд дараахь үндэслэлээр нэхэмжлэгч Ч.Бын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэв.

Нэхэмжлэгч тус шүүхэд хандаж “М******* ХХК-ийн нэр дээр бүртгэсэн Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Зайсангийн гудамж, Blue Sку хотхоны байрны тоот 129 м.кв 3 өрөө орон сууц болон зоорийн давхарын 6 тоот авто зогсоолын улсын бүртгэлийг тус тус хүчингүй болгож, уг байрны тоот орон сууц болоод авто зогсоолын улсын бүртгэлийг иргэн Ч.Б миний нэр дээр бүртгэхээс татгалзсан эс үйлдэхүй нь хууль бус болохыг тогтоож, өмчлөх эрхийн улсын бүртгэлийг иргэн Ч.Бын нэр дээр бүртгэн, гэрчилгээ олгохыг даалгах” шаардлага гаргажээ.

Нэхэмжлэгч Ч.Б нь “М” ХХК-тай байгуулсан 2008 оны 7 дугаар сарын 27-ны өдрийн 340 дугаартай Орон сууц захиалгаар бариулах гэрээгээр Хан-уул дүүрэг, 11 дүгээр хороо, байр, тоот 129 м.кв 3 өрөө байр 6 тоот автозогсоолыг захиалан бариулж гэрээнд заасан үнийг 100 хувь төлсөн байна. Гэвч орон сууцны өмчлөх эрхийн бичгийг “М*******” ХХК нь захиалагч иргэн Ч.Бт шилжүүлж өгөөгүй тул Ч.Б нь Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд “М*******” ХХК-д холбогдуулан өмчлөгчөөр тогтоолгох тухай нэхэмжлэл гаргасныг тус шүүхийн шүүгчийн 2016 оны 2 дугаар сарын 26-ны өдрийн 1708 дугаар захирамжаар хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталсан, өөрөөр хэлбэл Ч.Быг дээрх үл хөдлөх эд хөрөнгүүдийн өмчлөгч болохыг хариуцагч зөвшөөрсөн байна. 

Ч.Б нь эд хөрөнгө өмчлөх эрхээ улсын бүртгэлд бүртгүүлэхээр 2016 оны 03 дугаар сарын 07-ны өдөр бүртгэлийн байгууллагад хандахад “...2007 оны “М*******” ХХК-ийн Ктай байгуулсан барьцааны гэрээ бүртгэлтэй, Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаны 2010 оны 2/16085 тоот албан бичгээр эрхийг нь түдгэлзүүлсэн” гэсэн үндэслэлээр бүртгэхээс татгалзаж, энэ талаар гомдол гаргаснаар Улсын бүртгэлийн ерөнхий газраас 2016 оны 03 дугаар сарын 11-ний 6/3111 тоотоор “бүртгэх боломжгүй” талаар хариу мэдэгдсэн байна.

“М*******” ХХК нь нэхэмжлэгчийн захиалан бариулсан Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Зайсангийн гудамж дугаар байрны тоот 129 м.кв талбайтай 3 өрөө орон сууцыг 90 хувийн гүйцэтгэлтэйгээр аялал жуулчлалын зориулр 2010 оны 05 дугаар сарын 12-ны өдөр эрхийн улсын бүртгэлийн Ү- дугаарт өмчлөлдөө бүртгүүлж, улмаар Ктай байгуулсан 2007 оны 8 дугаар сарын 01-ний өдрийн Т07/43 тоот зээлийн гэрээ, түүнд өөрчлөлт оруулсан 2007 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн Т07/143, 2008 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн Т07/143, 2010 оны 4 дүгээр сарын 29-ний өдрийн Т07/143, 2010 оны 08 дугаар сарын 19-ний өдрийн Т07/143 тоот нэмэлт гэрээ, 2010 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн Т07/143 барьцаат зээлийн гэрээнд өөрчлөлт оруулах тухай гэрээг бүртгүүлж, мөн байрны зоорийн давхарын 18 м.кв талбай бүхий 6 тоот автозогсоолыг 90 хувийн гүйцэтгэлтэйгээр эрхийн улсын бүртгэлийн Ү-******* дугаарт 2010 оны 05 дугаар сарын 13-ны өдөр өмчлөлдөө бүртгүүлж, Ктай байгуулсан 2009 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр 09/15 тоот барьцаат зээлийн гэрээ, 2010 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн 09/15 тоот барьцаат зээлийн гэрээнд өөрчлөлт оруулах тухай нэмэлт гэрээг тус тус бүртгүүлжээ.

Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.2-т “Эрхийн улсын бүртгэлд зохих нэмэлт, өөрчлөлт хийхийн өмнө түүний улмаас эрх, хууль ёсны ашиг сонирхол нь шууд хөндөгдөж болох иргэн, хуулийн этгээд буюу төрийн эрх бүхий байгууллагын зөвшөөрлийг заавал авсан байх бөгөөд иргэд, хуулийн этгээдээс олгох зөвшөөрлийг нотариатаар гэрчлүүлсэн байна” гэж заасан ба Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргий иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийн дагуу уг үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч нь иргэн Ч.Б болж өөрчлөгдсөн, түүнийг бүртгэхээс татгалзах хууль зүйн үндэслэлгүй бөгөөд энэ талаарх хариуцагчийн тайлбарыг хүлээн авах боломжгүй.

Гуравдагч этгээд Кны итгэмжлэгдсэн төлөөлөгч нар уг үл хөдлөх эд хөрөнгүүд нь тус банкинд үүргийн гүйцэтгэлд барьцаалагдсан байгаа талаар тайлбарлаж байх боловч “М*******” ХХК, “Ч*******” ХХК-ийн тус банктай байгуулсан барьцааны гэрээнээс үзвэл тухайн үед уг орон сууц болон автозогсоол нь барьцааны зүйл болоогүй байсан, харин 2010 оны 9 дүгээр сарын 02-ны өдрийн зээлийн гэрээний нэмэлт гэрээгээр барьцаанд бүртгэгджээ. 

Ч.Бын нэхэмжлэлтэй, Улсын бүртгэл, статистикийн Ерөнхий газрын харьяа Хан-Уул дүүргийн эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн тасаг /хуучнаар/-т холбогдох захиргааны хэргийг хянан хэлэлцэх шүүх хуралдааныг 2016 оны 5 дугаар сарын 23-ны өдөр анх товлож, шүүх хуралдаан 11 удаа хойшилсон  бөгөөд үүнээс 6 удаа гуравдагч этгээд Кны итгэмжлэгдсэн төлөөлөгч нараас гаргасан хүсэлтийн дагуу хойшилсон, 2016 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 11 цаг 30 минутанд хянан хэлэлцэх шүүх хуралдааны товыг гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Ч*******ад шүүгчийн туслах 11 дүгээр сарын 02-ны өдөр тус шүүхийн 306 тоот өрөөнд биечлэн мэдэгдсэн, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс түүний эзгүйд хэргийг хянан шийдвэрлэх тухай хүсэлт гаргасан зэрэг нөхцөл байдлыг харгалзан Кны итгэмжлэгдсэн төлөөлөгч нь шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй үндэслэлээр Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 91 дүгээр зүйлийн 91.4-т заасныг баримтлан хэрэгт цугларсан нотлох баримтыг үндэслэн түүнийг оролцуулахгүйгээр хэргийг шийдвэрлэсэн болно.

Дээрх үндэслэлүүдээр Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Зайсангийн гудамж, Blue Sку хотхоны байрны тоот 129 м.кв 3 өрөө орон сууц болон зоорийн давхрын 6 тоот авто зогсоолын өмчлөгчөөр Ч.Быг бүртгэхээс татгалзсан Улсын бүртгэл, статистикийн ерөнхий газрын харъяа Хан-Уул дүүргийн Эд хөрөнгийн эрхийн бүртгэгчийн эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, “М*******” ХХК-ийн нэр дээр бүртгэсэн Ү-, Ү-******* дугаарт бүртгэгдсэн бүртгэлийг тус тус хүчингүй болгож, дээрх үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр Ч.Быг бүртгэхийг хариуцагчид даалгаж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ. 

 

             Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3, 106.3.1, 106.3.4, 106.3.12 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.2, 19 дүгээр зүйлийн 19.2, 24 дүгээр зүйлийн 24.4, 24.8 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан Ч.Бын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, “М******* ХХК-ийн нэр дээр бүртгэсэн Ү-, Ү-******* дугаар бүртгэлийг тус тус хүчингүй болгож, Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Зайсангийн гудамж, Blue Sку хотхоны байрны тоот 129 м.кв 3 өрөө орон сууц болон тус байрны зоорийн давхарын 6 тоот авто зогсоолын өмчлөгчөөр Ч.Быг бүртгэн өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ олгохыг Улсын бүртгэл, статистикийн Ерөнхий газрын харьяа Хан-Уул дүүргийн эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн тасаг /хуучнаар/-т даалгасугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.  

3. Шүүхийн энэхүү шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шийдвэрийг эс зөвшөөрвөл Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт заасны дагуу шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.   

 

 

 ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                     Н.ДУЛАМСҮРЭН