Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 03 сарын 20 өдөр

Дугаар 210/МА2017/00778

 

2017 оны 03 сарын 20 өдөр

Дугаар 210/МА2017/00778

 

 

Р.Нансалмаагийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Ичинхорлоо даргалж, шүүгч Т.Туяа, Н.Батзориг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 182/ШШ2017/00247 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч Р.Нансалмаагийн нэхэмжлэлтэй

Хариуцагч Монголын цахилгаан холбоо ХК-д холбогдох

 

Ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговрыг гаргуулах, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, дэвтэрт бичилт хийлгүүлэх тухай нэхэмжлэлтэй

Илүү олгосон цалин 1 630 000 төгрөг, түүний 12 хувиар илүү төлөгдсөн нийгмийн даатгалын нөхөн төлбөр 195 600 төгрөг, илүү авсан цалинд холбогдох амралтын мөнгөний зөрүү 201 910 төгрөг, ахлах нягтлан бодогч Ш.Нурдуалетэд илүү олгосон цалин 583 059 төгрөг, урьдчилан авсан цалингийн үлдэгдэл 500 000 төгрөг, 2016 оны 10 дугаар сарын утасны төлбөр 122 513 төгрөг, 11 дүгээр сарын утасны төлбөр 59 975 төгрөг, нийт 3 293 057 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч Н.Батзоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгч Р.Нансалмаа

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Түвшинтамир

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Азбаяр

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Цолмон нар оролцов. 

Нэхэмжлэгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие Р.Нансалмаа нийт 24 жил Монголын Цахилгаан Холбоо ХК-д ажиллахдаа ажил үүрэгтээ чин сэтгэлээсээ хариуцлагатай хандаж, хөдөлмөрийн сахилгын аливаа зөрчил гаргаж байгаагүй. Гэтэл 2016 оны 10 дугаар сарын 05-ны өдөр Монголын Цахилгаан Холбоо ХК-ийн гүйцэтгэх захирал Т.Батмагнай Ажлаас чөлөөлөх тухай" Х/224 дүгээр тушаалыг Компанийн тухай хуулийн 83 дугаар зүйлийн 83.1, Хөдөлмөрийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.2, 40 дүгээр зүйлийн 40.1.5, 131 дүгээр зүйлийн 131.1.3 дахь заалтуудыг үндэслэн гаргаж, намайг Санхүү бүртгэлийн газрын даргын үүргийг түр хавсран гүйцэтгэх хугацаандаа эрх мэдлээ хэтрүүлэн ашиглаж, 2016 оны 7-9 дүгээр саруудад дур мэдэн цалингаа 1.8 дахин нэмэгдүүлэн авсан гэж үүрэгт ажлаас чөлөөлсөнд гомдолтой байна.

Учир нь 2016 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр Монголын Цахилгаан Холбоо ХК-ийн гүйцэтгэх захирал Ажлаас чөлөөлөх тухай Х/94 дүгээр тушаалаараа Санхүү бүртгэлийн газрын дарга Ө.Сэр-Одыг ажлаас чөлөөлж, 2016 оны 05 дугаар сарын 02-ны өдрөөс эхлэн Санхүү бүртгэлийн газрын даргын ажил, албан тушаалыг хавсран гүйцэтгүүлэхээр даалгаж шийдвэрлэсний дагуу миний бие ажиллаж эхэлсэн. Ийнхүү Санхүү бүртгэлийн газрын даргын ажил албан тушаалыг өөрийн ажил үүргийн зэрэгцээ 2016 оны 05 дугаар сарын 02-ны өдрөөс 08 дугаар сарын 22-ны өдөр хүртэлх хугацаанд нийт 110 хоног хавсран ажилласан тул Хөдөлмөрийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.2, Хөдөлмөрийн дотоод журмын 8 дугаар зүйлийн 8.2.5-д заасны дагуу 3 115 000 төгрөгийн нэмэгдэл хөлсийг 2016 оны 07 дугаар сард авсан болно.

Намайг 2016 оны 08 дугаар сарын 04-ний өдрөөс ээлжийн амралтаа авсны дараа гүйцэтгэх захирал М.Батмагнай нь СБГ-ын даргын албан тушаалд Б.Галбадрахыг томилсон тушаал гаргасан болохоо мэдэгдэхэд нь би ээлжийн амралттай байгаа учраас ажилдаа орсны дараа ажлаа хүлээлцэх саналаа хэлсэн боловч миний өрөөний үүд хаалгыг эвдсэн байсан. Уг асуудлын талаар би Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газарт гомдол гаргасан нь манай удирдлагуудад таалагдаагүй. Ингээд ажилдаа ортол дур мэдэн цалинг нэмэгдүүлж авсан гэсэн үндэслэл зааж, ажлаас чөлөөлөх тухай тушаалыг танилцуулсан. Иймд ажлаас үндэслэлгүй чөлөөлсөн Х/224 дүгээр тушаалыг хүчингүй болгож, тус компанийн Ерөнхий нягтлан бодогчийн ажил, албан албан тушаалд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг нөхөн гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, холбогдох дэвтэрт бичилт хийлгэх нэхэмжлэл гаргасан. Уг нэхэмжлэлийн дагуу хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаж байгаа тул ажилгүй байсан хугацаа 2016 оны 11 дүгээр сарын 05-ны өдрөөс 2017 оны 1 дүгээр сарын 05-ны өдөр хүртэлх цалин хөлс болох 2 200 000 төгрөгөөр нэхэмжлэлийн шаардлага ихэсгэсэн. Мөн ажилгүй байсан хугацаа буюу 2017 оны 1 сарын 05-ны өдрөөс 2017 оны 02 сарын 05-ны өдөр хүртэл цалин хөлс болох 1 100 000 төгрөгөөр дахин ихэсгэж байна. Иймд ажилд эгүүлэн тогтоож, цалинд нийт 4 400 000 төгрөг гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлж, холбогдох дэвтэрт бичилт хийхийг Монголын Цахилгаан Холбоо ХК-д даалгах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбар, сөрөг нэхэмжлэлдээ: ...Хөдөлмөрийн гэрээний гол нөхцөлд зааснаар Р.Нансалмаагийн эрхлэх ажил албан тушаал нь компанийн ерөнхий нягтлан бодогч бөгөөд сарын үндсэн цалин хөлс нь 1 100 000 төгрөг байхаар тохиролцсон. Тус компанийн Гүйцэтгэх захирлын 2016 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн Х/94 дүгээр тушаалаар Санхүү бүртгэлийн газрын дарга Ө.Сэр-Од өөрийн хүсэлтээр ажлаас чөлөөлөгдсөн бөгөөд Р.Нансалмаатай тохиролцсоны дагуу 2016 оны 05 дугаар сарын 02-ны өдрөөс Санхүү бүртгэлийн газрын даргын ажлыг түр хавсран гүйцэтгүүлэхээр шийдвэрлэж, мөн тушаалын 3 дугаар заалтад дурдан шийдвэр гаргасан. Ийнхүү ерөнхий нягтлан бодогч Р.Нансалмаа нь Санхүү бүртгэлийн газрын даргын ажил, албан тушаалыг хавсран гүйцэтгэж байгууллагын 2 дугаар гарын үсгийг хуулийн дагуу зурж байсан ба 2016 оны 08 дугаар сарын 22-ны өдрийг хүртэл хугацаанд Санхүү бүртгэлийн газрын даргын ажил албан тушаалыг хавсран ажиллаж байсан.

Р.Нансалмаагийн сарын үндсэн цалин, хөдөлмөрийн хөлс нь хөдөлмөрийн гэрээгээр тохиролцож заасны дагуу 1 100 000 төгрөг бөгөөд хөдөлмөрийн хууль, дотоод журамд заасны дагуу мэргэшсэн нягтлан бодогчийн мэргэшлийн зэргийн нэмэгдлийг үндсэн цалингийн 15 хувь, балансийн ахлах нягтлан бодогчийн ажлыг хавсран гүйцэтгэж ажилласны нэмэгдэл хөлсийг үндсэн цалингийн 20 хувиар тооцон нийтдээ сар бүр 1 485 000 төгрөгийн цалин хөлс авдаг байсан. МЦХ ХК-ийн дотоод хяналт шалгалтын нэгж болох Хяналт шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын албанаас Санхүү бүртгэлийн газрын үйл ажиллагаанд хэсэгчлэн хийсэн хяналт шалгалтаар зөрчлүүд тогтоогдсон байдаг.

Компанийн хэмжээнд нэмэгдэл, нэмэгдэл хөлсийг тухайн үед нийт 23 ажилтанд олгож байсан бөгөөд 21 ажилтны хувьд нийт нэмэгдэл, нэмэгдэл хөлсний хэмжээ нь үндсэн цалингийн 40 хүртэл хувиар олгогдож байсан ба 2 ажилтны хувьд ажил олгогч буюу Гүйцэтгэх захирлын тушаал, шийдвэргүйгээр их хэмжээний цалин хөлс шилжүүлсэн зөрчил тогтоогдсон. Үүнд: Р.Нансалмаа нь 2016 оны 07 дугаар сараас нэмэгдэл, нэмэгдэл хөлс олгох, үндсэн цалинг газрын даргын цалингаар цалинжуулах гэрээ болон тушаал шийдвэргүйгээр өөртөө 1 630 000 төгрөгийг нэмж авсан нь үндсэн цалинг 1,8 дахин нэмэгдүүлэн авсан. Нягтлан бодох бүртгэлийн орлогын ахлах нябо Ш.Нурдаулетад 2016 оны 07 дугаар сараас нэмэгдэл олгох тушаал шийдвэргүйгээр 481 500 төгрөгийг тус тус нэмж олгосон зөрчлүүд тогтоогдсон. Компанийн ерөнхий нягтлан бодогч, санхүү бүртгэлийн газрын даргын албан тушаалыг хавсран гүйцэтгэж буй эрх бүхий нийтийн албан тушаалтан, Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулиар үүрэг хүлээдэг нягтлан бодогчийн хувьд дээр тогтоогдсон зөрчил дутагдал нь ажлаас халах үндэслэл болсон.

Нэхэмжлэгч Р.Нансалмаа нь Хөдөлмөрийн дотоод журам"-ын 8 дугаар зүйлийн 8.2.5-д заасны дагуу 3 115 000 төгрөгийн нэмэгдэл хөлсийг 2016 оны 07 дугаар сард авсан гэж нэхэмжлэл гаргажээ. Гэтэл Р.Нансалмаа нь дээр дурдсанчлан үндсэн цалингийн 35 хувьтай тэнцэх нэмэгдэл хөлс болох 385 000 төгрөгийг сар бүр авдаг байсан бөгөөд 2016 оны 07 дугаар сард өөрийн албан тушаалын эрх мэдлээ хэтрүүлэн үндсэн цалингаа газрын даргын цалин болох 1 300 000 төгрөг болгож гүйцэтгэх захирлын тушаал шийдвэрээр авч байсан 35 хувийн нэмэгдэл дээр 20 хувийн нэмэгдлийг хууль бусаар нэмж авч, санхүү бүртгэлийн газрын даргын үндсэн цалин болох 1 300 000 төгрөгөөс 55 хувиар бодож 715 000 төгрөг, албаны даргын 1 сарын үндсэн цалингийн хэмжээгээр 1 100 000 нийт 3 115 000 төгрөгийг өөртөө олгосон болох нь нэхэмжлэл болон санхүүгийн бусад баримт, тус компанийн Хяналт шинжилгээ, үнэлгээ дотоод аудитын албаны хяналт шинжилгээ, үнэлгээний тайлангаар тус тус тогтоогдож байна. Иймд иргэн Р.Нансалмаагаас албан тушаалын эрх мэдлээ хэтрүүлэн ашиглаж, олгогчийн итгэлийг эвдэн өөртөө илүү олгосон 1 630 000 төгрөг, илүү олгосон цалин болох 1 630 000 төгрөгийн 12 хувиар тооцон байгууллагаас нийгмийн даатгалын төлсөн 195 600 төгрөг, нийт 1 825 000 төгрөг нэхэмжилсэн. Сөрөг нэхэмжлэлийн шаардлагаа илүү авсан цалинд холбогдох амралтын мөнгөний зөрүү 201 910 төгрөг, ахлах нягтлан бодогч Ш.Нурдуалетэд илүү олгосон цалин 583 059 төгрөг, урьдчилан авсан цалингийн үлдэгдэл 500 000 төгрөг, 2016 оны 10 дугаар сарын утасны төлбөр 122 513 төгрөг, 11 дүгээр сарын утасны төлбөр 59 975 төгрөг буюу нийт 1 462 457 төгрөгөөр нэмэгдүүлж байна. Нийт 3 293 057 төгрөгийг нэхэмжлэгчээс гаргуулж өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэгч сөрөг нэхэмжлэлийн талаар шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: 2016 оны 05 дугаар сарын 02-ны өдрөөс эхлэн надад Санхүү бүртгэлийн газрын даргын ажил, албан тушаалыг хавсран гүйцэтгүүлэхээр даалгасны дагуу 2016 оны 05 дугаар сарын 02-ны өдрөөс мөн оны 08 дугаар сарын 22-ны өдрийг хүртэлх хугацаанд Санхүү бүртгэлийн газрын даргын ажил албан тушаалыг нийт 110 хоног хавсран гүйцэтгэсэн. Хөдөлмөрийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.2, мөн Хөдөлмөрийн дотоод журам-ын 8 дугаар зүйлийн 8.2.5-д заасны дагуу ажил албан тушаалыг хавсран гүйцэтгэсний нэмэгдэл тооцон авсан. 2016 оны 07 дугаар сард 2016 оны 05, 06 дугаар сарын тооцоогүй нэмэгдэл хөлсийг Гүйцэтгэх захирлын зөвшөөрлөөр өөрийн цалин дээр тооцон нэмж авсан тул миний зүгээс эрх мэдлээ хэтрүүлсэн, ажил олгогчийн итгэлийг алдсан үйлдэл гаргаагүй болох нь тогтоогдоно.

Түүнчлэн хариуцагч нь Монголын Цахилгаан Холбоо ХК-ийн ажиллагсдад бүх төрлийн нэмэгдэл хөлсний хэмжээг Засгийн газрын 1995 оны 06 дугаар сарын 14-ний өдөр баталсан 96 тогтоолд нийцүүлэн олгодог тул нэмэгдэл хөлсний хэмжээ нь үндсэн цалингийн 40 хувиас хэтрэх учиргүй хэмээн тайлбарлаж буйг хүлээн зөвшөөрөхгүй боломжгүй юм. Учир нь дээрх Засгийн газрын тогтоолоор Төрийн албан хаагчид нэмэгдэл олгох журам-ыг баталсан, уг журам нь гагцхүү төрийн албан хаагчдад нэмэгдэл олгох харилцааг зохицуулсан бөгөөд Хөдөлмөрийн тухай хууль болон Монголын Цахилгаан Холбоо ХК-ийн Хөдөлмөрийн дотоод журамд ажилтанд олгох нийт нэмэгдэл хөлсний хэмжээг хязгаарласан хязгаарлалт огт байхгүй. Иймээс миний бие Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5-д заасан сахилгын зөрчлийг гаргаагүй болох нь тогтоогдож байх тул хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийн шаардлага хууль зүйн үндэслэлгүй.

Хэрэв миний бие сахилгын шийтгэл ногдуулах зөрчил гаргасан, уг зөрчлүүдийг Хяналт шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын албаны шалгалтаар тогтоосон бол Хөдөлмөрийн дотоод журам-ын 10.1.4-д заасны дагуу шалгалтаар илэрсэн зөрчлийн баримт бичгийг танилцуулж, тайлбар хийх боломжоор хангах үүрэгтэй. Гэтэл 2016 оны 10 дугаар сарыг хүртэлх хугацаанд буюу намайг Монголын Цахилгаан холбоо ХК-ийн удирдлагуудын зүй бус үйлдлийн талаар Төрийн өмчийн хороонд өргөдөл гаргах хүртэл надад сахилгын зөрчил гаргасан тухай огт мэдэгдэж байгаагүйгээс гадна шүүхэд нэхэмжлэл гаргасны дараа хяналт шинжилгээ үнэлгээний тайлан гэх баримтыг гаргаж өгсөн нь намайг буруутгахын тулд нөхөж үйлдсэн баримт гэхээс аргагүй байна.

Нягтлан бодох бүртгэлийн албаны орлогын ахлах нягтлан бодогч Ш.Нурдаулет нь 2015 оны 11 дүгээр сараас эхлэн Р.Нансалмаа надтай хамтран балансын ахлах нягтлан бодогчийн ажил, албан тушаалыг хавсран гүйцэтгэж ирсэн юм. Компанийн ажилтнуудад олгох цалингийн тооцооллыг цалингийн нягтлан бодогч тооцож гаргадаг бөгөөд 2016 оны 07 дугаар сард цалингийн нягтлан бодогч Лхагвасүрэн нь Нурдаулетын цалинг үндсэн цалин дээр балансын ахлах нягтлан бодогчийн ажил, албан тушаалыг хавсран гүйцэтгэсний нэмэгдэл болон бусад нэмэгдлийг тооцож гаргасан байна. Нурдаулетэд 05, 06 дугаар саруудад олгох нэмэгдэл хөлсний зөрүүг тус тус нэмж тооцсон тухай надад тайлбарласнаар миний бие цалингийн цэс дээр би гарын үсэг зурсан. Миний зүгээс ажил олгогчийн итгэлийг алдан, эрх мэдлээ хэтрүүлж, өөртөө болон ахлах нягтлан бодогч Ш.Нурдаулетад санаатайгаар илүү цалин олгосон хэмээн буруутгаж буйг хүлээн зөвшөөрөхгүй байна.

Түүнчлэн өөртөө илүү цалин олгосонтой холбогдуулан амралтын мөнгөний зөрүү болох 201 910 төгрөгийг нэхэмжилж буй нь хууль зүйн үндэслэлгүй юм. Цалингийн урьдчилгааны үлдэгдэл 500 000 төгрөг, 2016 оны 10 дугаар сарын утасны төлбөр 122 513 төгрөг, 11 дүгээр сарын утасны төлбөр болох 59 975 төгрөгийн тухайд Хөдөлмөрийн хамтын гэрээнд заасны дагуу 2016 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр удирдлагад хүсэлт гаргаж, зөвшөөрсний дагуу 2 000 000 төгрөгийн урьдчилгаа цалин авсан бөгөөд уг мөнгийг цалингаасаа сар бүр 300 000 суутгуулах замаар нийт 05 сарын хугацаанд төлсөн бөгөөд 2016 оны 10 дугаар сарын 05-ны өдөр ажлаасаа үндэслэлгүй чөлөөлөгдсөн тул цалингаасаа цаашид төлөх боломжгүй болж, 500 000 төгрөгийн үлдэгдэлтэй байгаа. Энэ үлдэгдлийг миний зүгээс төлж барагдуулахад татгалзах зүйлгүй бөгөөд ажил, албан тушаалдаа эгүүлэн тогтоолгосон тохиолдолд цалингаасаа суутгуулах хүсэлтэй байгаа.

Монголын Цахилгаан Холбоо ХК-ийн Мобиком корпораци ХК-тай байгуулсан гэрээний дагуу гар утас лизингээр худалдаж авсан ба миний ашигладаг дугаар байгууллагын нэр дээр бүртгэлтэй байдаг боловч байгууллагын нэр дээр ирүүлдэг төлбөрийн мэдэгдлийг үндэслэн цаг тухайд нь төлбөрийг төлдөг байсан. Харин ажлаасаа үндэслэлгүй чөлөөлөгдсөний улмаас 10, 11 дүгээр сард гарсан төлбөрийн мэдэгдэлтэй танилцаагүй бөгөөд утасны дугаарыг Р.Нансалмаа миний дээр шилжүүлж өгөхийг удаа дараа шаардсан боловч шилжүүлээгүй тул цаг тухайд нь төлбөрийг төлж чадаагүй. Иймд 10 дугаар сард төлөөгүй байсан 122 700 төгрөгийг миний бие 2017 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр нөхөж төлсөн ба баримтыг хариу тайлбарт хавсаргасан. Иймд сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүх: Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-т заасны дагуу Монголын цахилгаан холбоо ХК-ийн гүйцэтгэх захирлын 2016 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн Ажлаас чөлөөлөх тухай х/224 тоот тушаал хууль бус байх тул нэхэмжлэгч нэхэмжлэгч Р.Нансалмааг Монголын цахилгаан холбоо ХК-ийн ерөнхий нягтлан бодогчийн албан тушаалд эгүүлэн тогтоож,

Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1, 46 дугаар зүйлийн 46.2-т заасны дагуу ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговорт 4,100,000 төгрөгийг Монголын цахилгаан холбоо ХК-аас гаргуулж, нэхэмжлэгч Р.Нансалмаад олгон, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэхийг хариуцагчид даалгаж, Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, Хөдөлмөрийн тухай хуулийн 132 дугаар зүйлийн 132.1-т заасны дагуу урьдчилан авсан цалин 500,000 төгрөг, байгууллагад учруулсан хохирол илүү авсан цалин 400,000 төгрөг, уг цалингаас тооцон байгууллагаас ажилтны нийгмийн даатгалд илүү төлсөн төлбөр 48,000 төгрөг, 2016 оны 11 дүгээр сарын утасны төлбөр 59,975 төгрөг, нийт 1,007,975 төгрөгийг нэхэмжлэгч Р.Нансалмаагаас гаргуулж хариуцагчид олгож, сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 2,285,082 төгрөгийг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д заасны дагуу гомдлоор үүсэх маргаанд нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдаж, нэхэмжлэгч Р.Нансалмаагийн үндсэн нэхэмжлэлийн шаардлагад илүү төлсөн 112,050 төгрөгийг улсын төсвөөс буцаан олгож, мөн хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д заасны дагуу хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 82,510 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээн, нэхэмжлэгчээс 28,741 төгрөгийг гаргуулж хариуцагчид олгож, хариуцагчаас 80,550 төгрөгийг гаргуулж улсын орлого болгож шийдвэрлэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч байна. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дах хэсэгт шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна гэж заасан байна. Гэтэл шүүхийн хэлэлцүүлгийн явцад нэхэмжлэгч Р.Нансалмаа нь ...холбогдох журмын дагуу цалин хөлсөө 40 хүртэл хувиар тооцон авахыг гүйцэтгэх захирал амаар зөвшөөрсөн. Энэ албан тушаалыг 110 хоног хавсран гүйцэтгэснээс 05, 06 дугаар саруудад цалин аваагүй ажиллаж байгаад захирал ийнхүү нэмэгдэл авахыг зөвшөөрснөөс хойш нөхөж авсан гэжээ. Дээрх асуудлаар тусгайлан шийдвэр гаргуулахаар холбогдох албан тушаалтанд хандаж байсан тухай ажилтны тайлбарыг ажил олгогчийн төлөөлөгч үгүйсгэн няцаахгүй байгаа нь нэхэмжлэгч нь гүйцэтгэх захирлын амаар зөвшөөрсөн зөвшөөрлийн дагуу хууль, дотоод журамд нийцүүлэн авсан мэт хэт нэг талыг барьж дүгнэсэн нь шүүхэд урьдаас хөдөлбөргүй үнэн гэж тогтоогдсон ямарч нотлох баримт байж болохгүй гэсэн зарчмыг алдагдуулсан. Түүнчлэн нэхэмжлэгч Р.Нансалмаа нь холбогдох албан тушаалтанд нэмэгдэл авах талаар хүссэн баримт хэргийн материалд байдаггүй бөгөөд хариуцагчийн төлөөлөгчийн хувьд нэгэнт нотлох баримтгүй тайлбарыг няцаах үгүйгээс үл шалтгаалан тухайн тайлбар нь шүүхийн шийдвэрийн үндэслэл болохгүй юм.

Нэхэмжлэгч нь Монголын цахилгаан холбоо ХК-ийн Хөдөлмөрийн дотоод журмын 8 дугаар зүйлийн 8.2.5-д заасны дагуу 3 115 000 төгрөгийн нэмэгдэл хөлсийг 2016 оны 07 дугаар сард авсан хэмээн хэмээн нэмэгдэл хөлсийг зөвхөн гүйцэтгэх захирлын тушаалын дагуу авдаг болохыг хүлээн зөвшөөрсөн байдаг. Мөн шийдвэрийн үндэслэх хэсэгт нэмэгдэл хөлсийг үндсэн цалингийн 40 хүртэл хувиар тооцон гүйцэтгэх захирлын тушаалаар тооцон олгон гэж заасан байна гэж мөн л нэмэгдэл хөлсийг зөвхөн гүйцэтгэх захирлын тушаалаар олгодог болохыг тогтоосон. Түүнээс гадна Р.Нансалмаа нь 2016 оны 05 дугаар сараас эхлэн Ш.Нурдаулеттай хувааж хавсран гүйцэтгэдэг байсан балансын ахлах нягтлан бодогчийн ажил албан тушаалыг Ш.Нурдаулетад шилжсэн хэмээн түүнд 2016 оны 05, 06 дугаар саруудад 20 хувийн нэмэгдлийг 40 хувь болгон Гүйцэтгэх захирлын тушаал шийдвэргүйгээр олгосон гэсэн тайлбарыг шүүх мөн л үнэлсэнгүй.

Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт: Хөдөлмөрийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.3-т ...гэж заасан бөгөөд дан ганц, ажил олгогч, эсхүл ажил олгогчийн хувьцаа эзэмшигчийн дангаар гаргасан шийдвэрээр хувь хэмжээг тогтоон мөрдөхөөр зохицуулаагүй байна гэжээ. Монголын цахилгаан холбоо ХК-ийн нийт хувьцааны 54.67 хувийг Монгол улсын Засгийн газар эзэмшдэг бөгөөд төрийн өмч давамгайлсан хувьцаат компани юм. Энэ утгаараа Монгол Улсын Засгийн газрын 1995 оны 90 дүгээр тогтоолыг тус компани мөрдөн ажилладаг бөгөөд тус журмын 12 дах хэсэгт "Ажилтанд сард олгох нэмэгдэл хөлсний нийт хэмжээ нь хэрэв xyуль тогтоомжид өөрөөр заагаагүй бол тухайн ажилтны сарын хөдөлмөрийн хөлсний 40 хувиас илүүгүй байвал зохино" хэмээн заасан бөгөөд зөрчил илрэх үед компанийн хэмжээнд 23 ажилтан нэмэгдэл, нэмэгдэл хөлс авч байсан бөгөөд дээрх 23 ажилтнаас 21 ажилтан нь дээрх журмын дагуу 40 хүртэл хувийн нэмэгдэл, нэмэгдэл хөлс авч байсан бол ерөнхий нягтлан бодогч Р.Нансалмаа, ахлах нягтлан Ш.Нурдаулет нар нь 75, 55 хувийн нэмэгдлүүд авч байсан зөрчлийг шүүх мөн л үгүйсгэж дүгнэлээ. Түүнчлэн Хөдөлмөрийн тухай хуульд нэмэгдэл, нэмэгдэл хөлсийг тусдаа зохицуулсан байх бөгөөд нэмэгдэл хөлсийг 40 хүртэл хувиар байгууллагын даргын тушаалаар олгоно гэж заасан.

Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт: Иймд нэхэмжлэгч Р.Нансалмаа .... албан тушаалыг хавсарсны 40 хувийн нэмэгдэл 440 000 төгрөг, нийт 1 925 000 төгрөгийн цалинг хүлээн авах эрхтэй гэж дүгнэлээ. 1 925 000 төгрөг нь Р.Нансалмаагийн үндсэн цалин биш Р.Нансалмаа нь 1 100 000 төгрөгийн үндсэн цалинтай бөгөөд үүнийгээ хүлээн зөвшөөрч нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлохдоо нэг сарын үндсэн цалинг 1 100 000 төгрөгөөр бодож нэхэмжилсэн. Монголын цахилгаан холбоо ХК-ийн Хөдөлмөрийн дотоод журмын 8 дугаар зүйлийн 8.2.5-д "Ажил албан тушаал хавсран буюу хослон ажилласан, эзгүй байгаа ажилтны үүргийг түр орлон гүйцэтгэсэн нэмэгдэл хөлсийг 40 хүртэл хувиар тооцон гүйцэтгэх захирлын тушаалаар олгоно гэж заасан бөгөөд Р.Нансалмаа нь нэгдүгээрт: Гүйцэтгэх захирлын тушаал шийдвэргүй өөртөө цалин олгосон, хоёрдугаарт 40 хүртэл хувь гэж заасан байхад шүүх 40 хувиар бодож дүгнэсэн нь ажил олгогчийн эрхэд халдсан хууль бус шйидвэр гэж ойлгогдохоор байна.

Нэхэмжлэгч нь албан тушаал, эрх мэдлээ хэтрүүлэн ажил олгогчийн тушаал шйидвэргүй өөртөө болон ахлах нягтлан бодогчдоо илүү цалин бодож олгон түүнийгээ шүүх хуралдаан дээр тайлбарлаж чадаагүй, ажил хавсран гүйцэтгэх тухай тушаалаас өөр нотлох баримтгүй байхад үүнийг ч шүүх өөгшүүлэн "илүү цалин хөлс бодсон зөрчил гаргасан гэж үзэх үндэстэй байна гэж дүгнэсэн боловч үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг ханган шийдвэрлэж зөрчлийг зөвтгөж болохгүй билээ. Талуудын маргааны гол үндэслэл нь Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5-д мөнгө болон эд хөрөнгө хариуцсан ажилтан ажил олгогчийн итгэлийг алдсан буруутай үйлдэл, эс үйлдэхүй гаргасан нь тогтоогдсон үндэслэлээр ажлаас чөлөөлөгдсөн хөдөлмөрийн маргаан юм. Монгол Улсын Дээд шүүхийн 2006 оны 33 дугаар тогтоолын 15.5-д "Хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5-д заасан "ажил олгогчийн итгэлийг алдсан ажилтны гаргасан буруутай үйлдэл, эс үйлдэхүй" нь хууль, санхүүгийн болон хяналтын зэрэг эрх бүхий байгууллагын шалгалт, мөн ажил олгогчийн дотоодын хяналт шалгалтаар тогтоогдсон байвал зохино" гэж заажээ. Дээрх зөрчлийг ...дотоод дотоод хяналт шалгалтын нэгж болох Хяналт шинжилгээ үнэлгээ, дотоод аудитын албанаас шалган тогтоож ирүүлсэн дүгнэлтийг үндэслэл болгосон байдаг.

Түүнчлэн Төрийн аудитын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1.2, Төсвийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.9.8, Төрийн аудитын байгууллага санхүүгийн тайланд хийх чиг үүргээ аудитын бусад байгууллагаар гэрээний үүргээ гүйцэтгэх журам"-ын 2.7 дах заалт, Монгол Улсын Ерөнхий аудиторын 2016 оны А/98 дугаар тушаалын дагуу төрийн аудитыг төлөөлж Монголиан бизнес рейтинг аудит ХХК нь Монголын цахилгаан холбоо ХК-ийн 2016 оны санхүүгийн тайланд аудит хийж байгаа бөгөөд явц дундын аудитын хяналт шалгалтаар дээрх зөрчлийг тогтоон акт тогтоосон.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6-д заасны дагуу хариуцагчийн төлөөлөгч миний бие дээр дурдсан явц дундын аудитын тайлан болон актыг гаргуулж, шүүх хуралдаан хойшлуулах хүсэлтийг гаргасан боловч захирамжид гомдол гаргах эрхгүй хэмээн хүсэлтийг хүлээн авалгүй нотлох баримтыг шүүхэд хүсэлт гарган бүрдүүлэх эрхийг ноцтой зөрчөөд зогсохгүй, хэргийг бүх талаас нь бодитой үнэн зөв үнэлж, дүгнэж чадсангүй. Иймд шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх талуудын хоорондох хөдөлмөрийн маргааны талаарх хэрэгт авагдсан нотлох баримтыг хуульд заасан журмын дагуу зөв үнэлээгүй, зөрүүтэй дүгнэлт хийж, улмаар Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5-д заасныг буруу тайлбарлаж хэрэглэснээс шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлага хангаагүй байна.

Нэхэмжлэгч Р.Нансалмаа нь хариуцагч Монголын цахилгаан холбоо ХК-д холбогдуулж ажлаас чөлөөлсөн тушаалыг хүчингүй болгож, ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговрыг гаргуулах, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, холбогдох дэвтэрт бичилт хийлгүүлэх тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч байгууллага эс зөвшөөрч байгууллагад учруулсан эд хөрөнгийн хохирол 3 293 057 төгрөгийг гаргуулахаар сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

Хариуцагч Монголын Цахилгаан Холбоо ХК-ийн гүйцэтгэх захирлын 2016 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн Х/224 дүгээр тушаалаар ерөнхий нягтлан бодогч Р.Нансалмааг Санхүү бүртгэлийн газрын даргын үүргийг түр хавсран гүйцэтгэх хугацаандаа эрх мэдлээ хэтрүүлэн ашиглаж, 2016 оны 7-9 дүгээр саруудад дур мэдэн цалингаа 1.8 дахин нэмэгдүүлэн авсан гэсэн үндэслэлээр ажлаас нь чөлөөлөхдөө Хөдөлмөрийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.2, 40 дүгээр зүйлийн 40.1.5, 131 дүгээр зүйлийн 131.1.3-т тус тус заасныг баримталжээ.

 

Нэхэмжлэгч 2016 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр шүүхэд дээрх шаардлага бүхий нэхэмжлэл гаргасан нь Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2 дах заалтыг зөрчөөгүй.

 

Мөнгө болон эд хөрөнгө хариуцсан ажилтан ажил олгогчийн итгэлийг алдсан буруутай үйлдэл, эс үйлдэхүй гаргасан нь тогтоогдсон тохиолдолд ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцлах үндэслэл болохыг Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5-т заажээ.

 

Нэхэмжлэгч Р.Нансалмаа нь хариуцагч байгууллагын ерөнхий нягтлан бодогчоор ажиллахын зэрэгцээ Санхүү бүртгэлийн газрын даргын үүргийг түр хавсран гүйцэтгэж, удирдах албан тушаалтантай зохих хэмжээгээр эд хөрөнгийг хамтран захиран зарцуулах эрхийг хэрэгжүүлж, эд хөрөнгийн хадгалалт хамгаалалтад бүртгэлээр хяналт тавих эрх бүхий санхүүгийн албан тушаалтан тул Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5-т заасан Мөнгө болон эд хөрөнгө хариуцсан ажилтан гэж үзнэ.

 

Хариуцагч байгууллагын гүйцэтгэх захирлын 2015 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн А/08 тоот тушаалаар ерөнхий нягтлан бодогч Р.Нансалмаа нь 1 100 000 төгрөгийн үндсэн цалинтай /хх-ийн 188/ ба мөн захирлын 2015 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн А/15 тоот тушаалаар мэргэшлийн зэргийн нэмэгдэл үндсэн цалингийн 15 хувиар /хх-ийн 189/, 2015 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн Х/384 тоот тушаалаар балансын ахлах нягтлан бодогчийн ажлыг хавсран ажилласны нэмэгдэл хөлс үндсэн цалингийн 20 хувиар /хх-ийн 189/, тус тус нийт 35 хувийн нэмэгдэл, нэмэгдэл хөлс авч байсан нь Хөдөлмөрийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.2, 51 дүгээр зүйлийн 51.1, Засгийн газрын 1995 оны 90 дүгээр тогтоолын 1 дүгээр хавсралтаар баталсан Хөдөлмөрийн хөлсний жишиг журам батлах тухай журмын 12 дахь хэсэг, Монголын цахилгаан холбоо ХК-ийн Хөдөлмөрийн дотоод журмын 8 дугаар зүйлийн 8.2.5-д ажил, албан тушаал хавсран ...гүйцэтгэсний нэмэгдэл хөлсийг үндсэн цалингийн 40 хүртэл хувиар тооцон гүйцэтгэх захирлын тушаалаар олгоно гэж тус тус заасантай нийцсэн байна.

 

Харин 2016 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн Х/94 тоот тушаалаар ерөнхий нягтлан бодогч Р.Нансалмаад Санхүүгийн бүртгэлийн газрын даргын албан тушаалыг хавсран гүйцэтгүүлэхээр шийдвэрлэсэн боловч түүнд үндсэн ажлынхаа зэрэгцээ ажил, албан тушаал хавсран ажилласны нэмэгдэл хөлс олгох эсэхийг шийдвэрлээгүй байхад 2016 оны 7 дугаар сарын цалин дээр 1 630 000 төгрөгийг үндэслэлгүйгээр өөртөө нэмж авсан болох нь өөрөө гарын үсэг зурж баталгаажуулсан Монголын Цахилгаан Холбоо ХК-ийн 2016 оны 7 дугаар сарын Цалин бодолт гэсэн санхүүгийн анхан шатны баримт, уг баримтад үндэслэж гарсан хяналт шинжилгээ үнэлгээний ажлын тайлан, зохигчдын тайлбар зэрэг нотлох баримтуудаар тогтоогдсон байна.

 

Мөн ерөнхий нягтлан бодогч Р.Нансалмаа нь дээрх үйлдлээрээ Монгол Улсын Засгийн газрын 1995 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн Хөдөлмөрийн хөлсний жишиг журам батлах тухай 90 дүгээр тогтоолын 1 дүгээр хавсралтаар Улсын үйлдвэрийн газар болон төрийн өмч давамгайлсан хувьцаат компанид ажиллагчдын хөдөлмөрийн хөлсний тогтолцоог бүрдүүлэхэд баримтлах нийтлэг журмыг тогтоож, уг журмын 12 дахь хэсэгт ажилтанд сард олгох нэмэгдэл хөлсний нийт хэмжээ нь хэрэв хууль тогтоомжид өөрөөр заагаагүй бол тухайн ажилтны сарын хөдөлмөрийн хөлсний 40 хувиас илүүгүй байвал зохино гэж заасныг зөрчсөн байна.

 

Нэхэмжлэгч Р.Нансалмаа нь хавсран эрхэлж буй ажил албан тушаалын цалинтай холбогдуулан зохих шаардлагыг хэд хэдэн удаа удирдлагад тавьж байсан ба холбогдох журмын дагуу цалин хөлсөө 40 хүртэл хувиар тооцон авахыг гүйцэтгэх захирал амаар зөвшөөрсөн гэж тайлбарлаж байгаа боловч уг тайлбар хэргийн баримтаар нотлогдоогүй, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ...гүйцэтгэх захирлын тушаал шийдвэргүйгээр 20 хувийн нэмэгдлийг хууль бусаар нэмж ... нийт 3 115 000 төгрөгийг өөртөө олгосон, Хөдөлмөрийн дотоод журмын 8 дугаар зүйлийн 8.2.5-д заасныг зөрчсөн гэж нэхэмжлэгчийн тайлбарыг эсэргүүцсэн байхад нэхэмжлэгчийн тайлбарыг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч үгүйсгэн няцаахгүй байна гэсэн шүүхийн дүгнэлт үндэслэлгүй байна.

 

Дээр дурдсан үндэслэлээр нэхэмжлэгч Р.Нансалмаа нь Санхүү бүртгэлийн газрын даргын үүргийг түр хавсран гүйцэтгэх хугацаандаа эрх мэдлээ хэтрүүлэн ашиглаж, 2016 оны 7 дугаар сард дур мэдэн цалингаа 1 630 000 төгрөгөөр нэмэгдүүлэн авсан үйлдэл гаргасан болох нь тогтоогдсон, хариуцагч Монголын Цахилгаан Холбоо ХК-ийн гүйцэтгэх захирлын 2016 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн Х/224 дүгээр тушаал Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5-д заасантай нийцсэн байна.

 

Анхан шатны шүүх Р.Нансалмаа нь цалин, нэмэгдлийг илүү тооцсон зөрчил гаргасан байх үндэстэй гэж дүгнэсэн атлаа ажилд нь эгүүлэн тогтоохоор зөрчилтэй дүгнэлт хийсэн, Төрийн албаны тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.13.Энэ зүйлийн 28.2 дахь хэсэгт заасан цалингийн нэмэгдлийн дээд хэмжээ нь төрийн албан хаагчийн цалин хөлсний 40 хувиас хэтрэхгүй байнагэж, Монголын цахилгаан холбоо ХК-ийн Хөдөлмөрийн дотоод журмын 8 дугаар зүйлийн 8.2.5-д ажил, албан тушаал хавсран ...гүйцэтгэсний нэмэгдэл хөлсийг үндсэн цалингийн 40 хүртэл хувиар тооцон гүйцэтгэх захирлын тушаалаар олгоно гэж тус тус заасан байхад нэхэмжлэгч Р.Нансалмаа нь нийт 75 хувийн нэмэгдэл авах хууль ёсны эрхтэй гэсэн хууль зүйн үндэслэлгүй дүгнэлт тус тус хийжээ.

 

Хяналт шинжилгээ үнэлгээний ажлын тайлан нь журамд заасныг баримталсан эсэх, гүйцэтгэх удирдлагын ямар шийдвэр, удирдамжийн дагуу хийгдсэн зэрэг нь тодорхойгүй, мөн хариуцагч хөдөлмөрийн дотоод журмын 10.1.4-т заасныг баримтлаагүй явдал нь дээрх байдлаар өөртөө дур мэдэн цалин нэмж олгосон санхүүгийн удирдах албан тушаалтны үйлдлийг үгүйсгэх, зөвтгөх үндэслэл болохгүй юм.

 

Иймд дээрх үндэслэлээр нэхэмжлэгч Р.Нансалмаагийн гаргасан ерөнхий нягтлан бодогчийн ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговрыг гаргуулах, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, дэвтэрт бичилт хийлгүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлгүй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн үзлээ.

 

Үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлгүй болох нь тогтоогдож байгаа тул сөрөг нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангах нь зүйтэй.

 

Нэхэмжлэгч Р.Нансалмаа нь сард 1 485 000 төгрөгийн цалин хөлс авахаас 2016 оны 7 дугаар сард 3 115 000 төгрөгийн цалин авч, 1 630 төгрөгийн цалин илүү авсан нь дээрх байдлаар тогтоогдож байгаа тул илүү олгосон цалин 1 630 000 төгрөг, түүний 12 хувиар илүү төлөгдсөн нийгмийн даатгалын нөхөн төлбөр 195 600 төгрөгийг, нэхэмжлэгч цалингийн урьдчилгаанд авсан 500 000 төгрөгийг төлөхийг зөвшөөрч, маргаагүй ба 11 дүгээр сарын утасны төлбөр 59 975 төгрөгийг компанид төлсөн тухай баримт хэрэгт авагдаагүй гэсэн үндэслэлээр тус тус нийт 2 385 575 төгрөгийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.3, 132 дугаар зүйлийн 132.1, 132.2-т заасны дагуу хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна.

 

Харин Р.Нансалмаагийн илүү авсан цалинд холбогдох амралтын мөнгөний зөрүү гэж 201 910 төгрөгийг хариуцагч нь хэрхэн тооцсон нь тодорхойгүй, түүнийг ажлаас чөлөөлсөн тушаалд ахлах нягтлан бодогч Ш.Нурдуалетэд 583 059 төгрөгийн илүү цалин олгосон гэсэн үндэслэл заагаагүй, тухайн шаардлагын хариуцагч нь нэхэмжлэгч байх үндэслэлгүй 10 дугаар сарын утасны төлбөр 122 513 төгрөгийг нэхэмжлэгч төлсөн болох нь тогтоогдож байгаа тул сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх хэсэг 907 482 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

 

Дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, үндсэн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, сөрөг нэхэмжлэлийн зарим хэсгийг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 182/ШШ2017/00247 дугаар шийдвэрийн ТОГТООХ хэсгийн 1 дүгээр заалтыг Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2, 69 дүгээр зүйлийн 69.1, 128 дугаар зүйлийн 128.1.2 дахь хэсэгт заасан үндэслэл тогтоогдоогүй тул нэхэмжлэгч Р.Нансалмааг хариуцагч Монголын цахилгаан холбоо ХК-ийн ерөнхий нягтлан бодогчийн албан тушаалд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, дэвтэрт бичилт хийлгүүлэх тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай гэж,

2 дугаар заалтыг Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.3, 132 дугаар зүйлийн 132.1, 132.2 дах хэсэгт тус тус зааснаар нэхэмжлэгч Р.Нансалмаагаас 2 385 575 төгрөг гаргуулж хариуцагч Монголын цахилгаан холбоо ХК-д олгож, нэхэмжлэлийн үлдэх хэсэг 907 482 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай гэж,

3 дугаар заалтын 28,741 гэснийг 53 119 гэж, олгож гэснийг олгосугай. гэж, хариуцагчаас 80,550 төгрөгийг гаргуулж улсын орлого болгосугай гэснийг хасч тус тус өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч Монголын цахилгаан холбоо ХК-ийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 132 070 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дэх хэсгүүдэд зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ц.ИЧИНХОРЛОО

 

ШҮҮГЧИД Т.ТУЯА

 

Н.БАТЗОРИГ