Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2017 оны 06 сарын 16 өдөр

Дугаар 001/ШТ2017/00164

 

 

Хөвсгөл аймгийн Их-Уул сумын

“Их-Уул Дулаан” ОНӨҮГ-ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч П.Золзаяа, Б.Ундрах, Г.Цагаанцоож, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 70 дугаар шийдвэртэй,

Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2017 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн 09 дүгээр магадлалтай,

Нэхэмжлэгч Хөвсгөл аймгийн Их-Уул сумын “Их-Уул Дулаан” ОНӨҮГ-ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч Б.Ууганжаргалд холбогдох,

Байгууллагад учруулсан гэм хорын хохирол 1 490 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг,

Нэхэмжлэгчийн төлөөлөгч Т.Бурмаагийн гаргасан гомдлоор

Шүүгч П.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд хариуцагчийн өмгөөлөгч Б.Мягмарсүрэн, нарийн бичгийн дарга Э.Боролдой нар оролцов.

Нэхэмжлэгчийн төлөөлөгч Т.Бурмаа шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Иргэн Батсүх овогтой Ууганжаргал нь 2010 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 2015 оны 10 дугаар сарын 21-ний өдрийг хүртэл нягтлан бодогчоор ажиллах хугацаандаа 2015 оны 02 дугаар сараас 2015 оны 10 дугаар сар хүртэлх хугацаанд Их-Уул Дулаан орон нутгийн өмчит үйлдвэрийн газрын эд хөрөнгөнөөс хувьдаа завшсан нь Хөвсгөл аймгийн цагдаа, прокурорын дүгнэлтээр буюу бусад нотлох баримт, гэрчийн мэдүүлгээр нотлогдсон тул Их-Уул Дулаан ОНӨААТҮГ-т /байгууллагад/ учруулсан хохирлыг төлүүлж өгнө үү.

2015 оны 03 сарын няравын тайланд нэмэлт засвар хийж, механик, нярав, бохирын жолоочийн гарын үсгийг дуурайлган зурж 4 шаардах хуудас үйлдэн бохир ус зөөвөрлөх 32 рейсийн 192 литр А-80 бензиний хуурамч баримт бүрдүүлж 303 360 төгрөг хувьдаа завшсан, 2015 оны 04 дүгээр сарын няравын тайлан, шаардах хуудсуудыг засварлан 04 дүгээр сарын 12, 17-ны өдөр үнс ачсан 10 литр дизель түлшийг 20 литр болгон 2 удаа засварласан, 04 дүгээр сарын 28-нд мод тарихад хэрэглэсэн хар шороонд явахад авсан 10 литр дизель түлшийг 35 литр болгон баримт өөрөө бүрдүүлсэн, 04 дүгээр сарын 18, 23-ны өдөр няравын гарын үсгийг дуурайлган зурж, механик, бохирын жолоочийн гарын үсэггүй 48 литр А-80 бензины шаардах хуудсыг 2 удаа бичиж дизель түлш 87 750 төгрөг, А-80 бензин 151 680 төгрөгийг, 2015 оны 06 дугаар сарын 24, 30-ны өдөр бүгд 96 литр А-80 бензин авсан боловч нэг шаардах хуудас механик, няравын гарын үсгийг дуурайлган зурж хуурамч баримт бүрдүүлэн, нэг ч баримтгүй 151 680 төгрөгийг, 2015 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн Б/2 тоот тушаалаар өөрийн ажил мэргэжлийн зэрэглэлийг ямар ч үндэслэл баримтгүйгээр нэмэгдүүлж ашиг сонирхлын зөрчил гаргаж 168 856 төгрөгийг, сумын Засаг даргын 2015 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн Б/07 тоот тушаалаар Э.Цогтбаярыг ажлаас чөлөөлсөн байтал Э.Цогтбаярын гарын үсгийг хуурамчаар үйлдэж каноны хорны үнэнд 100 000 төгрөгийн баримтыг өөрөө бүрдүүлж, бэлэн мөнгийг банкнаас өөрөө авч ашигласан, 2015 оны 02 дугаар сарын 06-ны өдөр байгууллагын захирлын албан хэрэгцээнд зориулан Д.Ганзамаас гэж баримт бүрдүүлэн 1 100 000 төгрөгийн өртөг бүхий хуучин нөүтбүүкийг нярав Баттулгыг дарамтлан бэлэн мөнгө хүссэн өргөдөл бичүүлж гүйлгээ хийж банкнаас бэлэн мөнгийг өөрөө авсан, 2015 оны 09 дүгээр сарын 21-нд “Уран өвөр баян” ХХК-иас авах цэвэр усны төлбөрийг уг компанийн захирал Л.Гантөмөртэй утсаар ярьж миний дансыг ашиглан залилан мэхэлж 415 000 төгрөгийг хувьдаа завшсан, дахин 2015 оны 10 дугаар сарын 21-нд өөрийнхөө хүүхдийн данс руу “Уран өвөр баян” ХХК-иас манай байгууллагад төлөх ёстой цэвэр усны төлбөр болох 215 000 төгрөгийг хийлгэн авч ашигласан, 2015 оны 02 дугаар сарын 09-нд “Байна” ХК-иас 114 075 000 төгрөгийн өртөгтэй HOWO маркын автомашиныг 2015 оны төсөвт тусгагдаагүй, зөвшөөрөлгүй үндсэн хөрөнгө хууль зөрчиж бэлдсэнээс байгууллагыг 15 578 684.84 мянган төгрөгийн алдагдалд оруулж, санхүүгийн хүнд байдалд оруулсан нь хөндлөнгийн аудитын дүгнэлтээр баталгаажиж байна. Иймд Батсүх овогтой Ууганжаргалаас 1 490 000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч Б.Ууганжаргал шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Би нэхэмжлэлийн шаардлагаас 215 000 төгрөгийг төлөхийг зөвшөөрч байна гэжээ.

Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх 2017 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 70 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар хариуцагч Б.Ууганжаргалаас гэм хорын хохиролд 1 424 144 /нэг сая дөрвөн зуун хорин дөрвөн мянга нэг зуун дөчин дөрөв/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Хөвсгөл аймгийн Их-Уул сумын Их-Уул дулаан орон нутгийн өмчит үйлдвэрийн газарт олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.7-д зааснаар энэхүү нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар хариуцагч Б.Ууганжаргалаас улсын тэмдэгтийн хураамж 37 736 төгрөгийг гаргуулж улсын орлогод оруулахаар шийдвэрлэжээ.

Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн 09 дүгээр магадлалаар Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 70 дугаар шийдвэрт дараах өөрчлөлт оруулж, шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын 1 424 144 /нэг сая дөрвөн зуун хорин дөрвөн төгрөг нэг зуун дөчин дөрвөн/ төгрөгийг гаргуулан гэснийг 215 000 /хоёр зуун арван таван мянган/ төгрөг гаргуулж гэж, олгосугай гэснийг олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 1 209 144 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай. гэж, 2 дахь заалтын 37,736 төгрөгийг гэснийг 7 100 төгрөг гэж, шийдвэрийн удиртгал хэсгийн С.Дэмбэрэлсамбуу гэснийг О.Өлзийбуян гэж тус тус өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар хариуцагч Б.Ууганжаргалын давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгийн хураамжинд төлсөн 37 736 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгохыг дурдаж шийдвэрлэсэн байна.

Нэхэмжлэгчийн төлөөлөгч Т.Бурмаа хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Давж заалдах шатны шүүх хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн. Хөвсгөл аймгийн Их-Уул сумын “Их-Уул Дулаан” ОНӨҮГ-ын захирал Т.Бурмаа надад шүүх хурлын товыг хурал болдог өдөр буюу 2017 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр 10:12 цагт шүүгчийн туслах н.Дагидандорж 88618071 дугаартай утсаар залгаж яг одоо хурал орлоо гэж мэдэгдсэн нь надад мэтгэлцэх боломж олгоогүй. Мөн шүүх хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн. Анхан шатны шүүх хэргийг үндэслэлтэй, хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байхад давж заалдах шатны шүүх хэт нэг талыг баримтлан хэргийг шийдвэрлэсэн. Манай байгууллага Б.Ууганжаргалд холбогдох эрүүгийн хэрэгт иргэний нэхэмжлэгчээр тогтоогдсон эрүүгийн байцаан шийтгэх ажиллагаанд оролцсон. Эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгосон прокурорын тогтоол нь Б.Ууганжаргал Хөвсгөл аймгийн Их-Уул сумын “Их-Уул Дулаан” ОНӨҮГ-ын эд хөрөнгийг завшин үрэгдүүлж, хохирол учруулсан болохыг тогтоосон. Иймд давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4-т заасан үндэслэлээр хэргийг бүхэлд нь хянаж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулсан нь хуулийн үндэслэлтэй болжээ. 

Нэхэмжлэгч “Их-Уул дулаан” орон нутгийн өмчит үйлдвэрийн газар нь Б.Ууганжаргалаас 1 424 144 төгрөгийг гаргуулах нэхэмжлэл гаргажээ. Нэхэмжлэгч нь Б.Ууганжаргалыг нягтлан бодогчоор ажиллах хугацаандаа байгууллагын эд хөрөнгийг завшсан нь Хөвсгөл аймгийн Прокурорын газрын 2016 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн 125 дугаар прокурорын тогтоолоор тогтоогдсон тул учруулсан хохирлыг арилгуулах агуулгаар нэхэмжлэлийн үндэслэлээ тодорхойлсон байх ба шүүх нэхэмжлэлийн хүрээнд Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д заасан зохицуулалтаар хэргийг шийдвэрлэсэн байна.

Прокурорын тогтоолоор Б.Ууганжаргалыг 2010 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 2015 оны 10 дугаар сарын 21-ний өдрийг хүртэл “Их-Уул дулаан” орон нутгийн өмчит үйлдвэрийн газарт  нягтлан бодогчоор ажиллах хугацаандаа байгууллагын эд хөрөнгөөс 1 490 000 төгрөгийн эд хөрөнгийг завшсан гэмт хэрэг үйлдсэн боловч хөнгөн гэмт хэрэгт эрүүгийн хариуцлагад татах хугацаа өнгөрсөн тул түүнд холбогдох эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээдээс хохирлыг шаардахын тулд гэм буруу, гэм буруутай этгээдийн үйлдлээр учирсан хохирлын хэмжээг шаардах эрх бүхий этгээд буюу нэхэмжлэгч нотлох үүрэгтэй байна.

Нэхэмжлэгчийн зүгээс хохирлыг нэхэмжлэхдээ баримтаар нотлоогүй, давж заалдах шатны шүүх талуудын зарчмын хүрээнд хариуцагчийн зөвшөөрсөн хэмжээнд  буюу 215 000 төгрөгийн нэхэмжлэлийг хангаж, үлдэх нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1, 115 дугаар зүйлийн 115.2.2-т нийцжээ.

Анхан шатны шүүх “...1 490 000 төгрөгийн хохирол учруулсан болох нь эрүүгийн хэрэг үүсгэх тухай тогтоол, эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгох тухай тогтоол, нэхэмжлэгчийн тайлбараар нотлогдсон” гэсэн дүгнэлт хийж, нэхэмжлэлийн шаардлагыг хангасан нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй байна.

Эрүүгийн хэргийг шалгах явцад бүрдсэн баримт иргэний хэрэгт бичмэл нотлох баримт болох боловч уг баримт нь эрүүгийн хэргийг мөрдөн шалгах ажиллагааны явцад бий болдог тул нотлох баримтаа өөрөө бүрдүүлдэг, хэргийн үйл баримтыг өөрсдөө тогтоодог, мэтгэлцэх зарчим хэрэгждэг иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд үнэн зөв эргэлзээгүй гэж шууд үзэх нотлох баримт болохгүй. Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлага, түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүрэгтэй бөгөөд гэм хорын хэмжээг баримтаар нотлоогүй байна.

Давж заалдах шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл буюу хэргийн бодит байдлын талаар дүгнэлт хийхдээ хэрэгт авагдсан баримтуудад тулгуурласан, холбогдох хуулийн зохицуулалтыг зөв тайлбарлан хэрэглэж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хуульд заасан журмыг зөрчөөгүй тул нэхэмжлэгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж үзэв.  

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1.Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн 09 дүгээр магадлалыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхисугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4.-т зааснаар нэхэмжлэгчээс хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн  37 736  төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй  

 

          ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                     Х.СОНИНБАЯР

          ШҮҮГЧ                                                               П.ЗОЛЗАЯА