| Шүүх | 2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Д.Хулан |
| Хэргийн индекс | 183/2021/03504/И |
| Дугаар | 192/ШШ2025/08775 |
| Огноо | 2025-10-30 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр
2025 оны 10 сарын 30 өдөр
Дугаар 192/ШШ2025/08775
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Д.Хулан даргалж, тус шүүхийн 6 дугаар танхимд хийсэн иргэний шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Э.Ц,
Хариуцагч: Х******* ХХК,
Хариуцагч: Х******* ХХК,
Гуравдагч этгээд: Г.А нарт холбогдох
Нэхэмжлэлийн шаардлага: 55.04 м.кв хоёр өрөө орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2021 оны 10 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч, 2021 оны 10 дугаар сарын 29-ний өдөр иргэний хэрэг үүсгэснээр,
Нэхэмжлэгч: Г.А- ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Х******* ХХК-д холбогдох
Нэхэмжлэлийн шаардлага: 55.04 м.кв хоёр өрөө орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2022 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр хүлээн авч, 2022 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр иргэний хэрэг үүсгэж, 2023 оны 5 дугаар сарын 31-ний өдөр хэргийг нэгтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгч Б.Ц*******ын өмгөөлөгч Д.А*******,
Нэхэмжлэгч Г.А*******ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Ц*******,
Хариуцагч Х******* ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Ж*******,
Хариуцагч Х******* ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М*******,
Гэрч А.Ганбаатар,
Шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Х.Н нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгч Б.Ц******* нь хариуцагч Х******* ХХК, Х******* ХХК нарт холбогдуулан 55.04 м.кв хоёр өрөө орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох нэхэмжлэлийг шүүхэд гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:
1.1.Баянмөнх овогтой Ц******* би Улаанбаатар хот, ф тоотод ам бүл 4, эхнэр хүүхдийн хамт амьдардаг. Х******* ХХК-ний борлуулалтын албатай анх 2015 оны 10 дугаар сарын 14-ний өдөр байр хүлээлцэх акт үйлдэж байраа хүлээн авсан бөгөөд одоо хүртэл амьдарч байна. Хүлээн авсан орон сууцны төлбөрийг 1 м/кв талбайг 3.200.000 төгрөгөөр тооцон 55,04 м/кв талбай бүхий орон сууцны нийт үнийг 176.128.000 төгрөгөөр үнэлж тухайн байрны анхны захиалагч Т.Рт 2015 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр байгуулсан Үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээний дагуу дараах байдлаар төлж барагдуулсан. 2015 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр 10.000.000 төгрөг, 2015 оны 10 дугаар сарын 08-ны өдөр 530.000 төгрөг, 2015 оны 10 дугаар сарын 16-ны өдөр 40.000.000 төгрөг, 2015 оны 10 дугаар сарын 21-ний өдөр 1.030.000 төгрөг, 2015 оны 10 дугаар сарын 25-ны өдөр 500.000 төгрөг, 2015 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр 1.500.000 төгрөг, 2015 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр 6.440.000 төгрөг бэлэн төлөв, 2015 оны 12 дугаар сарын 08-ны өдөр 3.898.000 төгрөг, 2016 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр 3.870.000 төгрөг TDB, 2016 оны 02 дугаар сарын 08-ны өдөр 3.870.000 төгрөг, бэлэн төлөв, 2016 оны 03 дугаар сарын 09-ний өдөр 3.800.000 төгрөг TDB Бэлэн төлөв 70.000, 2016 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр 3.870.000 төгрөг TDB, 2016 оны 05 дугаар сарын 08-ны өдөр 3.870.000 төгрөг, 2016 оны 06 дугаар сарын 08-ны өдөр 3.870.000 төгрөг,2016 оны 07 дугаар сарын 08-ны өдөр 3.870.000 төгрөг Хаан банк, 2016 оны 08 дугаар сарын 03-ны өдөр 600.000 төгрөг Хаан банк, Бэлэн төлөв 3.270.000 төгрөг, 2016 оны 09 дүгээр сарын 08-ны өдөр 3.870.000 төгрөг, 2016 оны 10 дугаар сарын 08-ны өдөр 3.870.000 төгрөг, 2016 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр 3.000.000 төгрөг, 11.15 870.000 төгрөг Хаан банк, 2016 оны 12 дугаар сарын 08-ны өдөр 1.570.000 төгрөг, 12.16 1.990.000 төгрөг Хаан банк, Бэлэн төлөв 310.000 төгрөг, 2017 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр 3.870.000 төгрөг Хаан банк, 2017 оны 02 дугаар сарын 07-ны өдөр 2.000.000 төгрөг, 02.08 1.870.000 төгрөг Хаан банк, 2017 оны 03 дугаар сарын 08-ны өдөр 3.870.000 төгрөг Хаан банк, 2017 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр 1.870.000 төгрөг, 04.11 1.000.000 Хаан банк, Бэлэн төлөв 1.000.000, 2017 оны 05 дугаар сарын 08-ны өдөр 3.870.000 төгрөг Хаан банк, 2017 оны 06 дугаар сарын 08-ны өдөр 3.870.000 төгрөг Хаан банк, 2017 оны 07 дугаар сарын 18-ны өдөр 1.000.000 төгрөг, 7.18 870.000, 7.31 2.000.000 Хаан банк, 2017 оны 08 дугаар сарын 08-ны өдөр 3.870.000 төгрөг Хаан банк, 2017 оны 08 дугаар сарын 10-ны өдөр 3.870.000 төгрөг Бэлэн төлөв, 2017 оны 10 дугаар сарын 01-ний өдөр 2.370.000 төгрөг Хаан банк, 2017 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр 4.320.000 төгрөг Хаан банк, 2017 оны 12 дугаар сарын 04-ний өдөр 3.870.000 төгрөг Хаан банк, 2018 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр 3.870.000 төгрөг Хаан банк, 2018 оны 02 дугаар сарын 08-ны өдөр 3.870.000 төгрөг Хаан банк, 2018 оны 03 дугаар сарын 07-ны өдөр 3.000.000 төгрөг Хаан банк Бэлэн төлөв 870.000, 2018 оны 12 дугаар сарын 31-ний өдөр 7.740.000 төгрөг Орон сууцны үнийг бүрэн төлж барагдуулсан тул Х ХХК-д хандаж эд хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээг гаргуулахад шаардлагатай тодорхойлолт, бусад баримт бичгийг гаргаж өгөхийг 2021 оны 05 сарын 10-ны өдөр албан бичгээр хандаж хүссэн боловч өргөдлийн хариуг өгөөгүй бөгөөд захиалагч Г.А*******, Т.Р нар тус компанид авлага төлбөрийн асуудалтай тул эд хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээ гаргаж өгөх боломжгүй гэсэн хариуг амаар өгсөн. Иргэний хуулийн 90.1-т Хөрөнгийг хууль ёсоор эзэмшиж байгаа буюу түүнийг эзэмших эрхтэй болох нь тодорхой байгаа этгээдийг шударга эзэмшигч гэнэ, 112.1-т Талууд шилжүүлж байгаа эд хөрөнгийн үнийг бүрэн төлснөөр тухайн эд хөрөнгийг өмчлөх эрх шилжинэ гэж тохиролцсон бол ийнхүү үнийг бүрэн төлснөөр өмчлөх эрх шинэ өмчлөгчид шилжинэ гэж тус тус заасан байх бөгөөд орон сууцыг анх Х******* ХХК-ний Борлуулалтын албатай 2015 оны 10 дугаар сарын 14-ний өдөр байр хүлээлцэх акт үйлдэж хүлээн авсан, үүнээс хойш амьдарч эзэмшилдээ байлгаж байгаа бөгөөд орон сууцны төлбөрийг би байрны захиалагч Т.Рт төлж барагдуулсан байсныг хариуцагч компани мэдэж байсан тул би өөрийгөө шударга эзэмшигч гэж үзэж байна. Иймд би Иргэний хуулийн 9.4.1, 90.1, 92.1, 106.3, 106.4-т заасны дагуу Х******* ХХК-д холбогдуулж 12ф тоот орон сууцны өмчлөгчөөр тогтоолгож өгнө үү гэжээ.
1.2.Нэхэмжлэгч Б.Ц*******ын өмгөөлөгч Д.А******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна. Манайх энэ байранд эхнэр хүүхдүүдтэй хамт 2015 оноос хойш л амьдарч байгаа, Б.Ц******* анх Хурдтай байр хүлээлцэх акт үйлдсэн, байр хүлээлцэх актад Хурдын нягтлан, Г.А******* нар оролцсон, 1 м.кв талбайг 3 200 000 төгрөгөөр тооцож, нийт 176 128 000 төгрөгөөр үнэлээд тухайн үед эзэмшиж байсан Т.Рт төлж барагдуулсан. Гэтэл байрны үнийг төлсний дараа гэрчилгээг гаргуулж өгнө үү гэдэг хүсэлтийг удаа дараа хүргүүлсэн. Гэтэл Г.А*******, Т.Р нар асуудалтай тул гаргуулах боломжгүй гэсэн хариуг өгсөн. Уг байрыг эзэмшиж байгаа, ашиглалтын зардлыг төлж байгаа Иргэний хуулийн 90 дүгээр зүйлийн 90.1-д зааснаар хууль ёсны дагуу шударгаар эзэмшигч гэж үзээд Х******* ХХК-д холбогдуулан нэхэмжлэл гаргасан. Гэтэл тухайн үед Х******* ХХК нь бартераар авсан байсан учраас Х******* ХХК-ийг хамтран хариуцагчаар татсан байгаа. Тиймээс нэхэмжлэгч Б.Ц*******ыг Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.1, 90 дүгээр зүйлийн 90.1, 92 дугаар зүйлийн 92.1, 106 дугаар зүйлийн 106.3, 106.4-д зааснаар орон сууцны өмчлөгчөөр тогтоолгохоор шаардаж байгаа, орон сууцыг шударгаар эзэмшиж авсан, хууль ёсоор эзэмшиж байгаа юм гэв.
2.Нэхэмжлэгч Г.А******* хариуцагч Х******* ХХК-д холбогдуулан 12ф тоот 55.04 м.кв хоёр өрөө орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох нэхэмжлэлийг шүүхэд гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:
2.1.Иргэн Г.А******* би 2014 оны 06 дугаар сарын 17-ны өдөр Орон сууц захиалан бариулах 104-12F дугаартай гэрээ байгуулсан. Гэрээний дагуу 12F тоот, 55,04 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцыг 176.128.000 төгрөгөөр захиалан бариулсан. 2015 оны 10 дугаар сард Х******* ХХК-ийн Борлуулалтын албанаас орон сууцаа хүлээн авч, одоо эзэмшиж, ашиглаж байгаа бөгөөд өмчлөх эрхээ улсын бүртгэлд бүртгүүлэхэд шаардлагатай албан бичгийг авах гээд Х******* ХХК дээр очиж уулзахад тооцоогүй гэсэн албан бичгийг Х ХХК-иас авчир гэсэн шаардлага тавьсан. Х******* ХХК болон Х ХХК-ны хоорондын тооцооны асуудал иргэн Г.А******* надад хамааралгүй бөгөөд Х******* ХХК нь 2014 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн 012 дугаартай албан бичгээр иргэн Г.А******* миний нэр дээр тухайн орон сууцыг шилжүүлэн өгөх зөвшөөрлийг Х******* ХХК-нд өгч байсан. Миний бие Х******* ХХК-нд ямар нэгэн төлбөрийн үлдэгдэлгүй, тооцоогүй, төлөх төлбөргүй тул орон сууц захиалан бариулах гэрээний дагуу 12F тоот, 55,04 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцны өмчлөгчөөр тогтоолгож өгнө үү гэжээ.
2.2.Нэхэмжлэгч Г.А*******ийн төлөөлөгч М.Ц******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч нь Х******* ХХК-тай хамтран ажиллаж тоосго нийлүүлж, төлбөрт нь орон сууц тооцохоор явж байсан. Ингээд 2016 онд орон сууц захиалгын гэрээ байгуулж, 12ф тоот 55,04 м.кв байрыг төлбөрт тооцон авсан, өмчлөх эрхийн гэрчилгээг гаргуулахаар хандсан. Гэтэл Б.Ц******* нь орж ирсэн. Иймд Г.А*******ийг орон сууц захиалгын гэрээний дагуу өмчлөгчөөр тогтоож өгнө үү гэв.
3.Хариуцагч Х******* ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Ж******* шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Б.Ц******* нь байр хүлээлцэх актыг дурдаад шударга эзэмшигч гэж байна. Хамгийн гол нь Х******* ХХК болон Б.Ц******* нарын хооронд иргэний эрх зүйн харилцаа үүссэн үү гэдгийг харах ёстой, шаардах эрх хаана үүссэн гэдэг нь тодорхойгүй. Манайхаас уг байрыг өгөхгүй байна гэж байгаа бол яагаад би авах ёстой гэдэг нь тодорхой байх ёстой, эргээд тайлбарлахдаа Г.А******* болон Т.Раас авсан гээд байдаг. Манайд төлбөр төлөөгүй гэдэг нь тодорхойгүй. Х******* ХХК-ийн зүгээс нэхэмжлэгч Г.Ц*******ын эрх ашгийг зөрчсөн зүйл байхгүй. Бас нэг зүйл хэлэхэд үнийг төлсөн зүйл байхгүй тул Б.Ц*******ын нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. Харин нэхэмжлэгч Г.А*******ийн хувьд нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрч байгаа. Г.А*******тэй гэрээ байгуулсан, захиалан бариулах гэрээ байгуулсан, тус гэрээний 2 дугаар зүйлд гэрээний төлбөрийн нөхцөл тусгагдсан байгаа, уг гэрээний дагуу төлбөр төлөгдөөгүй, бид элс хайрга худалдан авсан төлбөрт өгсөн асуудал биш. Харин Х******* ХХК-ийн баримт байгаа, энэхүү баримт шаардлага хангаагүй. Уг байрыг Г.А******* нэр дээр шилжүүлж өгнө үү гэсэн учраас бид байрыг Г.А*******т хүлээлгэн өгсөн юм. Хавтаст хэргийн 117 дахь талд байгаа Х******* ХХК болон Х******* ХХК хооронд хийсэн тооцоо нийлсэн баримтаар 55,04 м.кв байрыг Х******* ХХК-д дохиолол хийлгэсэн учраас хүлээлгэн өгсөн. Уг компани Г.А*******т өг гэсний дагуу өгсөн. Иймд нэхэмжлэгч Г.А*******ийн нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрч байгаа гэв.
3.1.Хариуцагч Х******* ХХК-ийн төлөөлөгч Б.М******* шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Манайх холбоо, дохиоллын үйл ажиллагаа явуулдаг. Манайх 2014 онд Х******* ХХК-тай тооцоо нийлээд хийсэн ажлын хөлсөнд 10 гаруй орон сууц авсан. Тухайн орон сууцыг 2014.06.14-ний өдөр бартерт тооцоод авсан. Г.А*******т 2014 оны 6 сард шилжүүлэн өгсөн үйл баримт байгаа. Хавтаст хэргийн 91 дэх талд Т.Рийн мэдүүлэг байгаа. Манай найз Б.Ц******* нь байр хэрэгтэй гэсний дагуу худалдан авах тохироо хийсэн гэдэг боловч дангаараа нотлох баримт болохгүй. Манайх ажлаа хийгээд энэ байрыг авсан, манайх энэ байрыг Г.А*******т өгсөн, Б.Ц*******ыг танихгүй гэв.
4.Нэхэмжлэгч Б.Ц*******аас шүүхэд төлөөлөх итгэмжлэл, 2015.10.14-ний өдрийн Байр хүлээлцэх акт, иргэний үнэмлэхний хуулбар, Х СӨХ-ны тодорхойлолт, шилжүүлгийн баримт, 2021.05.10-ны өдрийн Х СӨХ-ны тодорхойлолт, 2015.09.18-ны өдрийн шилжүүлгийн баримт, дансны хуулга, 2025.11.08-ны өдрийн Үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ, хавсралт, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021.07.09-ний өдрийн 183/ШЗ2021/08107 дугаар шүүгчийн захирамж, 2014.06.17-ны өдрийн Орон сууцны барилгыг захиалан бариулах гэрээ, Б.Ц*******ын хэрэглэгчийн тайлан, Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2025.09.16-ны өдрийн 2025/ШЦТ/2161 тоот шийтгэх тогтоол гэсэн баримтуудыг,
нэхэмжлэгч Г.А*******ээс хариу тайлбар, Улсын ерөнхий прокурорын газрын 2022.01.19-ний өдрийн 1/257 тоот Хариу мэдэгдэх хуудас, 2021.12.15-ны өдрийн 1/3147 тоот Хариу мэдэгдэх хуудас, 2021.11.01-ний өдрийн 5/1235 тоот Хариу мэдэгдэх хуудас, Сүхбаатар дүүргийн Прокурорын газрын 2021.10.07-ны өдрийн 1506 дугаар Хэрэг бүртгэлтийн хэргийг хаах тухай прокурорын тогтоол, Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023.03.14-ний өдрийн 2023/ДШМ/289 дүгээр магадлал, шүүхэд гаргасан нэхэмжлэл, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, иргэний үнэмлэхний хуулбар, 2014.06.17-ны өдрийн Орон сууцны барилгыг захиалан бариулах гэрээ, Х******* ХХК-иас 2014.06.15-ны өдрийн 012 тоот албан бичиг, шүүхэд төлөөлөх итгэмжлэл, Төлбөрийн нэхэмжлэх, гүйлгээний баримт, 2022.03.23-ны өдрийн Гэрч Г.А*******ээс дахин мэдүүлэг авсан тэмдэглэл гэсэн баримтуудыг,
хариуцагч Х******* ХХК-иас хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, шүүхэд төлөөлөх итгэмжлэл, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, шүүхэд төлөөлөх итгэмжлэл гэсэн баримтуудыг,
хариуцагч Х******* ХХК-иас хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, шүүхэд төлөөлөх итгэмжлэл, хариу тайлбар гэсэн баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн.
Шүүхээс хэргийн оролцогчийн хүсэлтээр Хан-Уул дүүргийн Улсын бүртгэлийн хэлтсээс Х******* ХХК-иас 12F тоот орон сууцтай холбоотой албан бичиг, гэрчээр Т.Рийг асуусан тэмдэглэл, Х******* ХХК-иас 2023.05.31-ний өдрийн 23/А-19 тоот Хариу хүргүүлэх тухай албан бичиг, Хан-Уул дүүргийн Улсын бүртгэлийн хэлтсээс 12F хаягт байрлах, 55.04 м.кв талбайтай орон сууцны өмчлөх эрхийн гэрчилгээ олгогдсон эсэх талаарх лавлагаа, Х******* ХХК-иас 12F тоот орон сууцны төлбөр тооцооны үлдэгдэл байгаа эсэх талаарх лавлагаа, Х******* ХХК-иас 2025.03.07-ны өдрийн 25/02 тоот албан бичиг, гэрч С.Золжаргалд мэдэгдэх хуудас хүргүүлсний хариу албан бичгийг баримтаар бүрдүүлсэн байна.
ҮНДЭСЛЭХ нь:
1.Нэхэмжлэгч Б.Ц*******ын өмчлөгчөөр тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэгч Г.А*******ийн өмчлөгчөөр тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлтэй гэж үзэв.
2.Нэхэмжлэгч Б.Ц******* нь хариуцагч Х******* ХХК, Х******* ХХК нарт холбогдуулан 12ф тоот 55.04 м.кв хоёр өрөө орон сууцны өмчлөгчөөр тогтоолгохоор шаардаж үндэслэлээ “...уг орон сууцыг анхны захиалагч Т.Ртай 2025 оны 11 сарын 08-ны өдөр үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ байгуулж, орон сууцны үнийг бүрэн төлж, 2015 оноос эхлэн шударгаар эзэмшиж, ашиглаж амьдарч байгаа гэж тодорхойлсон.
3.Нэхэмжлэгч Г.А******* нь хариуцагч Х******* ХХК-нд холбогдуулан 12ф тоот 55.04 м.кв хоёр өрөө орон сууцны өмчлөгчөөр тогтоолгохоор шаардаж, орон сууцыг Х******* ХХК-иас бартерт тооцон шилжүүлэн авсан, уг компаниас 2014 оны 6 сарын 15-ны өдөр орон сууцыг шилжүүлэн өгөх зөвшөөрлийг Х******* ХХК-нд өгч, орон сууцыг орон сууц захиалан бариулах гэрээг Х******* ХХК-тай байгуулсан тул өмчлөгчөөр тогтоолгоно гэж тайлбарласан.
3.Хариуцагч Х******* ХХК нь нэхэмжлэгч Б.Ц*******тай гэрээ хэлцэл байгуулаагүй, орон сууцыг шилжүүлэн өгөөгүй, орон сууцыг Х******* ХХК-нд бартерт тооцон шилжүүлсэн, Х******* ХХК-иас нэхэмжлэгч Г.А*******т орон сууцыг шилжүүлэхэд татгалзахгүй гэсэн тул орон сууцыг нэхэмжлэгч Г.А*******т хүлээлгэн өгсөн, түүний нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрнө гэсэн.
4.Хариуцагч Х******* ХХК нь маргаан бүхий орон сууцыг Х ХХК-иас бартерт тооцон авсан бөгөөд тооцоо нийлсэн акт үйлдсэн, уг орон сууцыг нэхэмжлэгч Г.А*******т шилжүүлэх хүсэлтийг 2014.06.15-нд Х******* ХХК-нд гаргасан, 2014 оны 6 сарын 17-нд Г.А******* нь орон сууцны барилгыг захиалан бариулах гэрээг Х******* ХХК-тай байгуулсан тул төлбөр тооцоогүй, харин нэхэмжлэгч Г.Ц*******ыг танихгүй, түүнтэй ямар нэгэн гэрээ хэлцэл байгуулаагүй гэж үгүйсгэсэн.
5.Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Г.А******* нь хэргийг нэгтгэсэн учир нэхэмжлэгчээр оролцож байгаа бөгөөд өөрийн гаргасан нэхэмжлэлийг дэмжин оролцоно гэсэн болно.
6.Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.
6.1.Нэхэмжлэгч Б.Ц******* нь Т.Ртай 2015 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр Үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ байгуулж, уг гэрээгээр 12F тоот хаягт байрлах, 55.04 м.кв талбайтай, хоёр өрөө орон сууцыг 1 м.кв үнийг 3 200 000 төгрөгөөр тооцож, нийт 176 128 000 төгрөгөөр үнэлэх, гэрээ хийснээс хойш 2,5 жилийн дотор буюу 30 сарын хугацаанд төлбөрийг дуусгавар болгохоор, Хаан банкин дахь 5037513979 тоот дансанд төлбөрийг төгрөгөөр шилжүүлэхээр харилцан тохиролцжээ.
6.2.Нэхэмжлэгч Г.А******* нь хариуцагч Х******* ХХК-тай 2014 оны 6 дугаар сарын 17-ны өдөр №104-12F дугаартай Орон сууцны барилгыг захиалан бариулах гэрээг байгуулж, гэрээгээр захиалагч Г.А******* нь Нийслэлийн Хан-Уул дүүргийн хорооны нутаг дэвсгэрт баригдах Х орон сууцны барилгын 104 байр, 12F тоот 55,04 м.кв талбайтай 2 өрөө бүхий орон сууцыг захиалж төлбөрийг төлөх, байрны 1 м.кв талбайн үнэ 3 200 000 төгрөг бөгөөд нийт 176 128 000 төгрөг байхаар, гүйцэтгэгч Х******* ХХК нь уг барилгыг 2015 оны 1 улиралд ашиглалтад оруулахаар тохиролцсон байна.
7.Талууд хэн аль нь орон сууцыг өмчлөх эрхтэй болох эсэх талаар маргаж байна, гэрээ байгуулсан үйл баримтын талаар хэн аль нь маргаагүй.
8.1.Нэхэмжлэгч Б.Ц******* нь орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох шаардах эрхийн үндэслэлээ Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.1, 90 дүгээр зүйлийн 90.1, 90.2, 106 дугаар зүйлийн 106.3, 106.4, 112 дугаар зүйлийн 112.1, 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар тодорхойлж, орон сууцны өмчлөх эрх Т.Ртай байгуулсан гэрээний дагуу үүссэн, орон сууцыг хариуцагчаас байр хүлээлцэх актаар хүлээн авч, 2015 оноос эхлэн өөрийн мэдэлд хууль ёсоор байлгаж, бүхий л ашиглалтын зардлыг төлж, эзэмшиж, ашиглан амьдарч байгаа шударга эзэмшигч тул өмчлөгчөөр тогтоолгоно гэсэн.
8.2.Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.1-д “эрхийг хүлээн зөвшөөрөх”, 90 дүгээр зүйлийн 90.1-д “хөрөнгийг хууль ёсоор эзэмшиж байгаа буюу түүнийг эзэмших эрхтэй болох нь тодорхой байгаа этгээдийг шударга эзэмшигч гэнэ”, 90.2-д “шударга эзэмшигч өөрийн эзэмшлээс алдсан эд хөрөнгөө гурван жилийн дотор шинэ эзэмшигчээс буцаан шаардах эрхтэй”, 106 дугаар зүйлийн 106.3-д “энэ хуулийн 106.1, 106.2-т заасан шаардлага гаргаснаас хойш эрх нь зөрчигдсөн хэвээр байвал, өмчлөгч арбитрын хэлэлцээртэй бол арбитрын журмаар, бусад тохиолдолд шүүхэд нэхэмжлэл гаргаж зөрчигдсөн эрхээ хамгаалуулна”, 106.4-д “энэ хуулийн 106.2, 106.3 нь хууль ёсны эзэмшигчид нэгэн адил хамаарна” гэж заасан.
8.3.Нэхэмжлэгч Б.Ц******* нь Т.Ртай байгуулсан 2015 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн Үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээний үндсэн дээр өмчлөх эрх үүссэн, үл хөдлөх эд хөрөнгийн үнийг Т.Р, Г.А******* нарт бүрэн төлж барагдуулсан гэж тайлбарлаад орон сууцны үнийг төлсөн гэх Худалдаа хөгжлийн банкны дотоод шилжүүлгийн маягт, зарлагын баримт, дансны хуулга, Хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулгыг шүүхэд ирүүлсэн боловч гэрээний нэг тал болох Т.Р нь уг үл хөдлөх хөрөнгийг захиран зарцуулах эрхтэй эсэх болон уг эрхийг түүнд олгосон талаарх баримт хэрэгт авагдаагүй, мөн хэрэгт баримтаар авагдсан шилжүүлгийн баримт, дансны хуулгаар төлбөрийг Г.А*******т орон сууцны төлбөрт шилжүүлсэн болох нь тодорхойгүй байна гэж үзэв.
8.4.Иргэний хуулийн 112 дугаар зүйлийн 112.1-д “талууд шилжүүлж байгаа эд хөрөнгийн үнийг бүрэн төлснөөр тухайн эд хөрөнгийг өмчлөх эрх шилжинэ гэж тохиролцсон бол ийнхүү үнийг бүрэн төлснөөр өмчлөх эрх шинэ өмчлөгчид шилжинэ” гэж заасан боловч талуудын маргаж байгаа хөрөнгө нь үл хөдлөх эд хөрөнгө бөгөөд нэхэмжлэгч нь үл хөдлөх эд хөрөнгийн үнийг өмчлөгчид нь төлсөн болох нь баримтаар тогтоогдохгүй байгаа тул нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн үнийн төлснөөр өмчлөх эрх шилжинэ гэх тайлбар үндэслэлгүй.
8.5.Нэхэмжлэгч нь уг орон сууцыг 2015 оноос эхлэн эзэмшиж, ашиглаж амьдарч байгаа гэж тайлбарлаад Х СӨХ-ийн “2015 оны 11 дүгээр сараас эхлэн одоог хүртэл амьдарч байгаа нь үнэн болно” гэх тодорхойлолт, 206 хэрэглэгчийн дансны дэлгэрэнгүй тайлан, төлбөрийн нэхэмжлэх, харилцагчийн гүйлгээний баримтыг шүүхэд ирүүлсэн боловч хөрөнгийг эзэмшиж, ашиглаж байгаа нь өмчлөх эрхтэй гэдгийг нотлохгүй болно.
8.6.Мөн нэхэмжлэгчийн өмгөөлөгчөөс орон сууцыг хууль ёсоор эзэмшилдээ авсан буюу байр хүлээлцэх актаар шилжүүлэн авсан гэх боловч хэрэгт авагдсан 2015 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн Х******* ХХК-ийн 12F, А*******” гэсэн байх бөгөөд уг актаар орон сууцыг нэхэмжлэгч Б.Ц*******ад хүлээлгэн гэж үзэх үндэслэлгүй, гэрч Т.Р “...манайх Х******* ХХК-тай хамтарч тоосгоны үйл ажиллагаа явуулдаг. Үүний үндсэн дээр энэ байранд захиалгын гэрээ хийсэн. Манай найз Б.Ц******* ам бүл тусдаа гарлаа байр авах хэрэгтэй байна гэж хэлсний дагуу энэ байрыг худалдах худалдан авах тохиролцоо хийсэн. Байрны мөнгө дутуу байгаа, би байрыг захиран зарцуулах эрхгүй” гэх мэдүүлгээр орон сууцыг захиран зарцуулах эрхгүй байсан болох нь тогтоогдож байна.
8.7.Гэрч Т.Рийг дахин гэрчээр мэдүүлэг авхуулна гэсэн хүсэлтийг нэхэмжлэгчийн өмгөөлөгч гаргасан боловч Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 14-д “...өөрийн болон гэр бүлийн гишүүд, эцэг эх, үр хүүхдийнхээ эсрэг мэдүүлэг өгөхгүй байх эрхтэй” гэж зааснаар мэдүүлэг өгөхөөс татгалзаж, хүсэлтээ төрсний гэрчилгээний хамт шүүхэд ирүүлсэн бөгөөд гэрч нь нэхэмжлэгч Г.А*******ийн хүү болох нь төрсний бүртгэлийн лавлагаагаар тогтоогдож байх тул дахин мэдүүлэг авах хүсэлтийг хангаагүй болно.
8.8.Иргэний хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-т “эд хөрөнгө шилжүүлж байгаа этгээд нь өмчлөгч биш болохыг өмчлөх эрх олж авч байгаа этгээд мэдээгүй бөгөөд мэдэх боломжгүй байсан бол түүнийг өмчлөх эрхийг шударгаар олж авсан гэж тооцно. Харин эрхээ шилжүүлж байгаа этгээд өмчлөгч биш болохыг тухайн үед мэдэж байсан буюу мэдэх ёстой буюу мэдэх боломжтой байсан бол өмчлөх эрхийг шударгаар олж авсан гэж үзэхгүй” гэж зааснаар нэхэмжлэгч Б.Ц*******ыг маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг шударгаар олж авсан гэж үзэх үндэслэлгүй, өөрөөр хэлбэл түүний Т.Ртай байгуулсан үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ нь үүргийн хэлцлийн хувьд хуульд нийцээгүй байх тул өмчийн хэлцэл байгуулагдсан гэж үзэх үндэслэлгүй гэж үзэв.
8.9.Иймд нэхэмжлэгч Б.Ц*******ын хариуцагч Х******* ХХК, Х******* ХХК нарт холбогдуулан гаргасан 12ф тоот хаягт байрлах, 55.04 м.кв талбайтай, хоёр өрөө орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгохоор шийдвэрлэв.
8.10.Нэхэмжлэгчийн өмгөөлөгч нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 9 дүгээр сарын 16-ны өдрийн 2025/ШЦТ/2161 дугаартай шийтгэх тогтоолд уг байрны төлбөртэй холбоотой асуудлыг шийдвэрлэсэн гэсэн боловч шийтгэх тогтоолд “...шүүгчдэгч Б.Н, Б.Ц******* нар бүлэглэн хохирогч Г.А*******т Б ХХК нь Нийслэлийн худалдан авах ажиллагааны газраас *** хорооны хангамж угсралтын тендерт оролцож байгаа, 3,4 тэрбум төгрөгийн тендерийн 10 хувийг байршуулах шаардлагатай байна гэж зохиомол байдлыг зориудаар бий болгон бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулан хуурч, 2017 оны 8 дугаар сарын 09-ний өдөр 01/03 тоот зээлийн гэрээ байгуулан 340 000 000 төгрөгийг залилан авч их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогдож” гэсэн байх тул дээрх орон сууцтай холбоотой эрүүгийн журмаар шалгагдаж байгаа гэх үндэслэл тогтоогдохгүй буюу энэ үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэл тогтоогдохгүй байна гэж үзсэн болно.
8.11.Нэхэмжлэгч Б.Ц******* нь өөрт хохирол учирсан гэж үзвэл Т.Рт холбогдуулан нэхэмжлэл гаргахад энэ шийдвэр саад болохгүй болохыг дурдах нь зүйтэй гэж үзэв.
9.Нэхэмжлэгч Г.А******* нь хариуцагч Х******* ХХК-тай 2014 оны 6 дугаар сарын 17-ны өдөр №104-12F тоот Орон сууцны барилгыг захиалан бариулах гэрээ байгуулж, 12ф тоот хаягт байрлах, 55.04 м.кв талбайтай, хоёр өрөө орон сууцыг 176 128 000 төгрөгөөр захиалан бариулахаар харилцан тохиролцсон, маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгийг хариуцагч Х******* ХХК нь хариуцагч Х******* ХХК-д бартерт тооцож шилжүүлэн авсан талаар хариуцагч нар хэн аль нь хүлээн зөвшөөрч маргаагүй болох нь хариуцагч нарын шүүхэд гаргасан тайлбар, шилжүүлгийн баримтаар тус тус тогтоогдож байх тул нэхэмжлэгч Г.А*******, хариуцагч Х******* ХХК нарын хооронд Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1, 243 дугаар зүйлийн 243.1-д зааснаар орон сууцны барилгыг захиалан бариулах гэрээ байгуулагдсан, нэхэмжлэгч Г.А*******ийн өмчлөх эрх гэрээний дагуу үүссэн гэх түүний төлөөлөгчийн тайлбар үндэслэлтэй байна.
9.1.Нэхэмжлэгч Б.Ц*******ын өмгөөлөгчөөс нэхэмжлэгч Г.А*******ийн шаардах эрхийн хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн, маргаан бүхий орон сууцыг хариуцагч Х******* ХХК-иас хариуцагч Х******* ХХК-нд шилжүүлэн өгсөн байгаа боловч Х******* ХХК-иас нэхэмжлэгч Г.А*******т шилжүүлсэн гэх баримтгүй, хэрэгт авагдсан баримт нь нотлох баримтын шаардлага хангаагүй тул нэхэмжлэгч Г.А*******ийн хариуцагч Х******* ХХК-тай байгуулсан гэрээг хүчин төгөлдөр гэж үзэх боломжгүй гэж тайлбарласан боловч хариуцагч нар хэн аль нь Г.А*******т орон сууцыг шилжүүлсэн, байрны төлбөрт бартерт тооцогдсон үйл баримтын талаар маргаагүй болно.
9.2.Хэрэгт авагдсан Х******* ХХК-ийн 2014 оны 6 сарын 15-ны өдрийн 012 дугаартай Х ХХК-ийн санхүүд “Хүсэлт гаргах тухай” гэх албан бичигт “...Х******* ХХК нь 12F тоот 55,04 м.кв талбайтай 2 өрөө байрыг Холбоо дохиоллын ажлын бартерт суутгасан болно. Энэхүү байрны гэрээг Г.А*******ийн нэр лүү шилжүүлж өгнө үү” гэсэн байх бөгөөд шүүх хуралдаанд гэрч А.Ганбаатар “...Х******* ХХК”-ийн гүйцэтгэх захирлаар 1997-2021 оны хүртэл ажиллаж байсан, энэ маргаан бүхий байрыг Р хорооллын гүйцэтгэлийн ажлын төлбөрт авсан, өөрөөр хэлбэл 2014 онд Нарны хорооллын холбоо дохиоллын ажлын хөлсөнд авсан, тооцоо нийлсэн акт байгаа, бартерийн байрыг авахдаа өөрийн нэр дээр захиалагчийн гэрээ байгуулж авдаг юм, тэгээд уг байрыг зарлаа гэвэл энэ байрыг иргэн, байгууллагад шилжүүлж өгнө үү гээд тухайн этгээдэд шилждэг учраас манайхаас Г.А*******т шилжүүлсэн” гэж мэдүүлсэн болно.
9.3.Мөн хариуцагч Х******* ХХК-ийн шүүхэд ирүүлсэн Х ХХК болон Х******* ХХК хоорондох 2014 оны хийгдсэн Гэрээ дүгнэсэн актад “...Х******* ХХК-нд өгсөн бартерын байр болон мөнгө бартер Х 104-12F тоот байр, 154 112 000, 55,04 м.кв, нэгж үнэ 2 800 000” гэж тэмдэглэгдсэн талаар хариуцагч нар хүлээн зөвшөөрсөн, хоорондын төлбөр тооцооны үлдэгдэл байхгүй гэж тайлбарласан.
9.4.Нэхэмжлэгч Г.А******* нь гэрээний зүйл болох үл хөдлөх эд хөрөнгийг ашиглалтад орсноос хойш хүлээн аваагүй, өмчлөх эрхийг шилжүүлэн өгөх талаар шаардаж байсан талаар хариуцагч нар хүлээн зөвшөөрч маргаагүй тул үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг шилжүүлээгүйн улмаас Иргэний хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1-д заасан “өмчлөгч нь бусад этгээдэд хууль буюу гэрээгээр олгогдсон эрхийг зөрчихгүйгээр, хуулиар тогтоосон хэмжээ, хязгаарын дотор өмчлөлийн зүйлээ өөрийн үзэмжээр чөлөөтэй эзэмшиж, ашиглаж, захиран зарцуулах бөгөөд аливаа халдлагаас хамгаалах эрхтэй” гэж заасан эрх нь зөрчигдсөн гэх нэхэмжлэгч Г.А*******ийн төлөөлөгчийн тайлбар үндэслэлтэй байна.
9.5. Иймд нэхэмжлэгч Г.А*******ийн хариуцагч Х******* ХХК, Х******* ХХК-нд холбогдуулан гаргасан нэхэмжлэлийг хангаж, түүнийг 12ф тоот хаягт байрлах, 55.04 м.кв талбайтай, хоёр өрөө орон сууцны өмчлөгчөөр тогтоохоор шийдвэрлэв.
10.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч Б.Ц*******ын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1 032 529 /520 000+512 529/ төгрөг, Г.А*******ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1 038 590 төгрөгийг тус тус улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч Х******* ХХК-иас 1 038 590 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Г.А*******т олгох нь хуульд нийцнэ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1 зүйлийн 115.2.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 90 дүгээр зүйлийн 90.1, 90.2, 106 дугаар зүйлийн 106.3, 106.4, 112 дугаар зүйлийн 112.1, 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар нэхэмжлэгч Б.Ц*******ын хариуцагч Х******* ХХК, Х******* ХХК-нд холбогдуулан гаргасан 12 ф тоотод байрлах 55,04 м.кв талбайтай орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1-д зааснаар нэхэмжлэгч Г.А*******ийг 12 ф тоотод байрлах 55,04 м.кв талбайтай орон сууцны өмчлөгчөөр тогтоосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч Б.Ц*******ын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1 032 529 төгрөг, нэхэмжлэгч Г.А*******ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1 038 590 төгрөгийг тус тус улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч Х******* ХХК-иас 1 038 590 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Г.А*******т олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг болон зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тус тус дурдсугай
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.ХУЛАН