Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 02 сарын 02 өдөр

Дугаар 210/МА2024/00261

 

 

 

 

 

 

 

 

     2024         02            02                                    210/МА2024/00261

 

 

Б.Ц-, Г.Ц- нарын

нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Дэлгэрцэцэг даргалж, шүүгч Э.Золзаяа, Ц.Алтанцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 183/ШШ2023/03468 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч Б.Ц-, Г.Ц- нарын нэхэмжлэлтэй

Хариуцагч Х ХХКК-д холбогдох,

Хан-Уул дүүрэг, 15 дугаар хороо, Хүннү 2222 хотхоны 104 дүгээр байрны 00 тоот 55.04 м.кв хоёр өрөө орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох тухай Б.Ц-ын нэхэмжлэлтэй,

Хан-Уул дүүрэг, 15 дугаар хороо, Хүннү 2222 хотхоны 104 дүгээр байрны 00 тоот 55.04 м.кв хоёр өрөө орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох Г.Ц-ийн нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгч Б.Ц-, түүний өмгөөлөгч нарын давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Ц.Алтанцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Б.Ц-ын өмгөөлөгч Б.А, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Ж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Номин-Эрдэнэ нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч Б.Ц-ын нэхэмжлэлийн шаардлага, тайлбарын агуулга:

Миний бие Хан-Уул дүүрэг, 15 дугаар хороо, Хүннү 2222 хотхоны 104 дүгээр байрны 00 тоотод ам бүл 4, эхнэр хүүхдийн хамт амьдардаг. Х ХХКК-ийн борлуулалтын албатай анх 2015 оны 10 дугаар сарын 14-ний өдөр байр хүлээлцэх акт үйлдэж байраа хүлээн авсан бөгөөд одоо хүртэл амьдарч байна. Хүлээн авсан орон сууцны төлбөрийг 1 м.кв талбайг 3,200,000 төгрөгөөр тооцон 55.04 м.кв талбай бүхий орон сууцны нийт үнийг 176,128,000 төгрөгөөр үнэлж тухайн байрны анхны захиалагч Т.Р-т 2015 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр байгуулсан үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээний дагуу 2015, 2016, 2017, 2018 онуудад орон сууцны төлбөрийг төлж барагдуулсан. Х ХХКК-д хандаж эд хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээг гаргуулахад шаардлагатай тодорхойлолт, бусад баримт бичгийг гаргаж өгөхийг 2021 оны 05 дугаар сарын 10-ны өдөр албан бичгээр хандахад хариу өгөөгүй. Захиалагч Г.Ц-, Т.Р- нар тус компанид авлага, төлбөрийн асуудалтай тул эд хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээ гаргаж өгөх боломжгүй гэсэн хариуг амаар өгсөн. Иргэний хуулийн 90 дүгээр зүйлийн 90.1, 112 дугаар зүйлийн 112.1 дэх хэсэгт зааснаар орон сууцыг анх Х ХХКК-ийн борлуулалтын албатай 2015 оны 10 дугаар сарын 14-ний өдөр байр хүлээлцэх акт үйлдэж хүлээн авсан, үүнээс хойш амьдарч эзэмшилдээ байлгаж байгаа бөгөөд орон сууцны төлбөрийг би байрны захиалагч Т.Р-т төлж барагдуулсан байсныг хариуцагч компани мэдэж байсан тул миний бие шударга эзэмшигч гэж үзэж байна. Иймд Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.1, 92 дугаар зүйлийн 92.1, 106 дугаар зүйлийн 106.3 дахь хэсэгт заасны дагуу Х ХХКК-д холбогдуулж Хан-Уул дүүрэг, 15 дугаар хороо, Хүннү-2222, 104 байрны 00 тоот орон сууцны өмчлөгчөөр тогтоолгож өгнө үү гэжээ.

 

2. Нэхэмжлэгч Г.Ц-ийн нэхэмжлэлийн шаардлага, тайлбарын агуулга:

Миний бие 2014 оны 06 дугаар сарын 17-ны өдөр орон сууц захиалан бариулах 104-12ф дугаартай гэрээ байгуулсан. Гэрээний дагуу Хан-Уул дүүрэг, 15 дугаар хороо, Хүннү-2222 хотхоны 104 дүгээр байрны 00 тоот, 55.04 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцыг 176,128,000 төгрөгөөр захиалан бариулсан. 2015 оны 10 дугаар сард Х ХХКК-ийн борлуулалтын албанаас орон сууцаа хүлээн авч, одоо эзэмшиж, ашиглаж байгаа бөгөөд өмчлөх эрхээ улсын бүртгэлд бүртгүүлэхэд шаардлагатай албан бичгийг авах гээд Х ХХКК дээр очиж уулзахад тооцоогүй гэсэн албан бичгийг А ХХК-аас авчир гэсэн шаардлага тавьсан. Х ХХКК болон А ХХК-ийн хоорондын тооцооны асуудал иргэн Г.Ц- надад хамааралгүй бөгөөд А ХХК нь 2014 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн 012 дугаартай албан бичгээр иргэн Г.Ц- миний нэр дээр тухайн орон сууцыг шилжүүлэн өгөх зөвшөөрлийг Х ХХКК-д өгч байсан. Миний бие Х ХХКК-д ямар нэгэн төлбөрийн үлдэгдэлгүй, тооцоогүй, төлөх төлбөргүй тул орон сууц захиалан бариулах гэрээний дагуу Хүннү-2222 хотхоны 104 дүгээр байрны 00 тоот, 55,04 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцны өмчлөгчөөр тогтоож өгнө үү гэжээ.

 

3. Хариуцагч талын тайлбарын агуулга:

Нэхэмжлэгч Б.Ц-тай, Х ХХКК нь эрх зүйн харилцаанд орж гэрээ хэлцэл байгуулаагүй. Б.Ц- орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох нэхэмжлэл  гаргаж байгаа  асуудалд Х ХХКК-ийн зүгээс хариуцагчаар оролцох эрх зүйн үндэслэл байхгүй. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд нэхэмжлэгчийг тодорхойлох, өөрчлөх асуудал нэхэмжлэгчид гагцхүү хуулиар олгогдсон эрх байдаг. Т.Р- нь нэхэмжлэгчид худалдан борлуулах эрхтэй субъект биш нэхэмжлээд байгаа нэхэмжлэлийн шаардлага бол хууль зүйн үндэслэлгүй. Шударга эзэмшигч гэдэг нь алдсан зүйлээ л буцааж авах тухай ойлголт байдаг. Гэтэл одоогийн байдлаар юу алдчихаад өмчлөх эрхэд нь ямар саад учруулаад байгаа нь тодорхойгүй. Хоёр нэхэмжлэгчийн хооронд үүссэн маргаанд хариуцагч Х ХХКК ямар ч хамааралгүй.

Иймд нэхэмжлэгч Г.Ц-ийн тус байрны өмчлөгчөөр тогтоолгох тухай шаардлагыг хүлээн зөвшөөрч байна. А ХХК нь манай компанид ажил  хийж гүйцэтгэсэн тул Хүннү-2222 хотхоны 104 дүгээр байрны 00 тоот, 55.04 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцыг бартераар өгсөн. Тус компани Г.Ц-т энэ байраа шилжүүлж өгсөн гэсэн тул Г.Ц-ийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна гэжээ.

 

4. Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга: Иргэний хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1 дэх хэсэгт зааснаар Х ХХКК-д холбогдох Хан-Уул дүүрэг, 15 дугаар хороо, Хүннү 2222 хотхоны 104 дүгээр байрны 00 тоот 55.04 м.кв хоёр өрөө орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох тухай Б.Ц-ын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт зааснаар Хан-Уул дүүрэг, 15 дугаар хороо, Хүннү 2222 хотхоны 104 дүгээр байрны 00 тоот 55.04 м.кв хоёр өрөө орон сууцны өмчлөгчөөр Г.Ц-ийг тогтоож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, 106 дугаар зүйлийн 106.6 дахь хэсэгт зааснаар Б.Ц-ын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 520,000 төгрөг, Г.Ц-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1,038,590 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Х ХХКК-аас 1,038,950 төгрөг гаргуулж, Г.Ц-т олгож шийдвэрлэсэн байна.

 

5. Нэхэмжлэгч Б.Ц-, түүний өмгөөлөгч нарын давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга:

5.а. Анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргаж байна.

Анхан шатны шүүх Иргэний хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1, 90 дүгээр зүйлийн 90.1 дэх хэсэгт заасныг буруу тайлбарлаж хэрэглэсэн учир нь маргааны зүйл болох Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Хүннү 2222 хотхоны 104 дүгээр байрны 00 тоот орон сууцны үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээ гарч улсын бүртгэлд бүртгэгдээгүй, хэрэгт авагдсан баримтаар уг байр Х ХХКК-аас бартерийн гэрээгээр А ХХК-д шилжсэн болох нь тодорхой байхад өмчлөгчөөр нэхэмжлэгч Г.Ц-ийг тогтоосон нь үндэслэлгүй байна.

Гэрч Т.Р- шүүхэд дээрх орон сууцыг А ХХК бартераар шилжүүлж авсан, Б.Ц-ын найз Б.Нямгэрэл 360,000,000 төгрөг зээлээд өгөхгүй байгаа учраас байрны ордерийг гаргаж өгөхгүй байгаа талаар мэдүүлэг өгснийг анхан шатны шүүх үнэлээгүй. Түүнчлэн, 2015 оны 10 дугаар сарын 04-ний өдөр Х ХХКК тусдаа акт үйлдэн байрыг Б.Ц-ад хүлээлгэн өгсөн үйл баримтад огт дүгнэлт хийгээгүй. Тухайн байр Х ХХКК-ийн эзэмшилд байгаад А ХХК-тай байгуулсан гэрээний дагуу бартераар шилжсэн тухай барилгын компанийн гүйцэтгэх захирлын тодорхойлолт, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас албадан гаргуулсан бартерийн гэрээ зэрэг нотлох баримтууд хэрэгт авагдсан байхад шүүх эдгээр баримтуудыг огт үнэлээгүйд гомдолтой байна. Хэрэгт гуравдагч этгээдээр зайлшгүй А ХХК-ийг оролцуулж, уг байрыг яагаад Т.Р- бусдад худалдаад байгааг асуух, тайлбар авах шаардлагатай.

Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.2-т үл хөдлөх эд хөрөнгөтэй холбоотой шаардлага гаргах хугацаа 6 жил байдаг. Энэ хугацаанд Х ХХКК болон Г.А, Т.Р- нар шүүхэд Б.Ц болон тухайн байртай холбоотой огт нэхэмжлэл гаргаагүй байдлыг анхан шатны шүүх харгалзаж үзээгүй. Иймд миний бие Иргэний хуулийн 90.1, 91 дүгээр зүйл, 92.1 дэх хэсэгт заасны дагуу Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Хүннү 2222 хотхоны 104 дүгээр байрны 00 тоот орон сууцыг хууль ёсны дагуу эзэмшиж байсан шударга эзэмшигч тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.

 

6. Давж заалдах гомдолд нэхэмжлэгч Г.Ц- тайлбар гаргаагүй болно:

 

7. Давж заалдах гомдолд хариуцагч талын гаргасан тайлбарын агуулга:

А ХХК-аас нотлох баримт гаргуулах тухай захирамж бүрэн биелэгдэж, анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэсэн. Тухайн А ХХК-аас Б.Ц-тай гэрээ байгуулсан эсэх, төлбөр тооцооны үлдэгдэлтэй эсэхийг тодруулахад Б.Ц-тай гэрээ байгуулаагүй, ямар нэгэн төлбөр тооцооны үлдэгдэл байхгүй гэх баримтыг гаргаж өгсөн. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад А ХХК-ийг гуравдагч этгээдээр татан оролцуулах, гэрч оролцуулах тухай хүсэлт гаргасныг анхан шатны шүүхээс шийдвэрлээгүй гэж гомдол гаргасан. Гэрч оролцуулах хүсэлтийг Иргэний хуулийн 29 дүгээр зүйлийн 29.3 дахь хэсэгт заасны дагуу хянан шийдвэрлэх ёстой. Уг хүсэлтийг шийдвэрлэсний дагуу тухайн байгууллагын эрх, хууль ёсны ашиг сонирхол хөндөгдөх зүйл байхгүй. А ХХК-аас нэхэмжлэгч Б.Ц- уг байрыг худалдаж аваагүй тул гэрчээс юу асуух гэж байгаа нь тодорхойгүй. Тухайн орон сууцны өмчлөгч А ХХК-аас нотлох баримтаа ирүүлсэн тул уг компанийг гэрчээр оролцуулаагүй, нотлох баримтыг дутуу бүрдүүлсэн гэх гомдол үндэслэлгүй. Харин нэхэмжлэгч Г.Ц- нь Х ХХКК-ийг хариуцагчаар татаж нэхэмжлэл гаргаж, анхан шатны шүүхээр хянан шийдвэрлүүлсэн нь үндэслэлтэй. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч Б.Ц-ын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаад анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, дахин хянан шийдвэрлүүлэхээр буцаав.

 

1. Нэхэмжлэгч Б.Ц- нь хариуцагч Х ХХКК-д холбогдуулан Хан-Уул дүүрэг, 15 дугаар хороо, Хүннү 2222 хотхоны 104 дүгээр байрны 00 тоот 55.04 м.кв хоёр өрөө орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргасан.

 

1.а. Харин нэхэмжлэгч Г.Ц- нь хариуцагч Х ХХКК-д холбогдуулан Хан-Уул дүүрэг, 15 дугаар хороо, Хүннү 2222 хотхоны 104 дүгээр байрны 00 тоот 55.04 м.кв хоёр өрөө орон сууцны өмчлөгчөөр тогтоолгохоор гаргасан нэхэмжлэлийг хариуцагч хүлээн зөвшөөрсөн байна.

 

2. Дээрх нэхэмжлэгч нарын гаргасан, хариуцагч Х ХХКК-д холбогдох хэргүүдийг анхан шатны шүүх нэгтгэн шийдвэрлэжээ./хх 211/

 

3. Анхан шатны шүүх маргаан бүхий хэргийг хянан шийдвэрлэхдээ хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулаагүйгээс шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх тухай Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан шаардлагад нийцээгүй байна.

 

3.а. Учир нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч талаас Т.Р-ийг гэрчээр асуулгах хүсэлт гаргасныг шүүх хангаж, 2022 оны 06 дугаар сарын 15-ны өдөр Т.Р-ийг гэрчээр асуусан тэмдэглэл хэрэгт авагдсан байх боловч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.3, 109 дүгээр зүйлийн 109.1 дэх хэсэгт заасан журмын дагуу гэрчид түүний үүрэг, хүлээлгэх хариуцлагыг урьдчилан сануулж, энэ тухай гарын үсэг зуруулаагүй байна./хх91-92/

 

3.б. Гэтэл нэхэмжлэгч Б.Ц-ын өмгөөлөгч нь 2023 оны 05 дугаар сарын 01-ний өдөр Т.Р-ийг дахин гэрчээр асууж, хэрэгт ач холбогдолтой нөхцөл байдлыг тодруулах тухай хүсэлт гаргасан байх боловч шүүгчийн 2023 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн 183/ШЗ2023/08647 дугаартай захирамжаар хүсэлтийг хангаагүй орхисон байна.

           /хх 156/

 

3.в. Хэрэгт Х ХХКК-ийн Г.Ц-тэй 2016 оны 06 дугаар сарын 17-ны өдөр байгуулсан орон сууц захиалан бариулах гэрээ, мөн талуудын маргаж буй орон сууц нь А ХХК-тай байгуулсан ажил гүйцэтгэх гэрээний бартерт шилжсэн, төлбөр тооцоо дуусаагүй талаарх Х ХХКК-ийн 2022 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн 22/06/13/02 дугаартай албан бичиг хэрэгт авагджээ.

 

4. Хэрэгт ач холбогдол бүхий нөхцөл байдлыг нотлох зорилгоор  нэхэмжлэгч Б.Ц-ын өмгөөлөгч А ХХК-ийн захирал н.Ганбаатар болон Х ХХКК-ийн нягтлан бодогч С.Золжаргал нарыг гэрчээр асуулгах хүсэлт гаргасныг 2022 оны 08 дугаар сарын 19-ний өдрийн 183/ШЗ2022/13916 дугаартай шүүгчийн захирамжаар хангахгүй орхиж шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6 дахь хэсэгт нийцээгүй байх бөгөөд уг нотлох баримтыг шүүх дутуу бүрдүүлж хэргийг хянан шийдвэрлэснээр хэргийн үйл баримт бүрэн тогтоогдоогүйгээс шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй байна.

 

5. Дээрх ажиллагааг давж заалдах шатны шүүхээс нөхөн гүйцэтгэх, хэрэгт байгаа баримтын хүрээнд эрх зүйн дүгнэлт өгч хэргийг хянан шийдвэрлэх боломжгүй байх тул шийдвэрийг хүчингүй болгож, дахин хянан шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.7-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 183/ШШ2023/03468 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр тухайн шүүхэд буцаасугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахдаа нэхэмжлэгч Б.Ц-аас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1,038,590 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

                          ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ

 

                                           ШҮҮГЧИД                                      Э.ЗОЛЗАЯА

 

  Ц.АЛТАНЦЭЦЭГ