Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 05 сарын 17 өдөр

Дугаар 637

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Мөнхтуяа даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Гэрэлтуяа,

улсын яллагч Ц.Гантулгабат,

шүүгдэгч Б.П, өмгөөлөгч У.Сайнбилэг нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Нийслэлийн Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овогт Б.Пт холбогдох эрүүгийн 1806 0058 70337 дугаартай хэргийг 2018 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр хүлээн авч, энэ өдөр шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1000 оны 00 дугаар сарын 00-ний өдөр төрсөн,  настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл  тоотод оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, урьд 6 удаагийн ял шийтгэлтэй, Б овогт Б.П,

Холбогдсон гэмт­ хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичсэнээр/

Шүүгдэгч Б.П нь 2018 оны 01 дүгээр сарын 13-14-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах дүүргийн 6-275 тоотод оршин суух иргэн Б.Огийн хүн байнга амьдрах зориулалттай гэрийн хаалганы цоожийг эвдэн нэвтэрч оёдлын машин 1 ширхэг, хонины мах 6 кг, ус буцалгагч 3.8 литр, бетон 2 литр зэрэг эд зүйлийг хулгайлж 199.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Шүүх талуудын гаргасан хүсэлтээр хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шүүхийн хэлэлцүүлэгт тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Б.П нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Би үйлдсэн хэргийнхээ талаар мөрдөн шалгах ажиллагаанд үнэн зөв, тодорхой ярьсан. Яллах дүгнэлтэнд үнэн зөв бичигдсэн байна. Өөр нэмж ярих зүйл байхгүй” гэв.

Хохирогч Б.Огийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би 2018 оны 01 сарын 13-аас 14-нд шилжих шөнө ...гэртээ байж байтал шөнө 05 цагийн орчимд нохой хуцаад байхаар нь сэрээд чимээ чагнасан. Тэгээд юм дуугарахаар нь босоод байшингийнхаа цонхоор харсан чинь эзгүй урд хашаагаар хүн гараад явж байсан. Гэтээд гэрлээ асаагаад 5 минутын дараагаар унтраагаад цонхоороо харж байтал нөгөө хүн буцаад манай хашаа давж орж ирээд хажуу талын гэр рүү орчихсон. Тэгэхээр нь би цагдаад дуудлага өгсөн бөгөөд харж байхад нөгөө хүн гэрээс нэг юм гаргаж ирээд урд хашаа давуулж шидсэн. Тэгээд тэр хүн буцаад гэр рүү орчихсон. Тэгээд цагдаа нар ирсэн...” гэх мэдүүлэг. /хэргийн 16-19, 47 дугаар хуудас/,

Гэрч Н.Эын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би Баянзүрх дүүргийн Цагдаагийн нэгдүгээр хэлтэст эргүүлийн цагдаа, жолооч ажилтай бөгөөд 2018.01.13-14-нд шилжих шөнө дүүргийн 6-275 тоотод хулгай орсон байна гэх дуудлагын дагуу ахмад Отгонбаатарын хамтаар очсон. Тэр хашааны урд талд оёдлын машин давуулаад шидсэн, хажуу байшингийн 2 давхараас дуудлага өгсөн хүн наад гэрт чинь хулгайч байгаа гэж хэлсэн. Тэгэхээр нь эсгий гэрт ороход гэрийн баруун талд байх орон доор нэг хүн нуугдчихсан байсан бөгөөд гараад ир гэхэд гарч ирсэн...” гэх мэдүүлэг. /хэргийн 48 дугаар хуудас/,

Гэрч Д.Оын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Тухайн үед очиход тэр хашааны урд талд оёдлын машиныг хашаа давуулаад шидчихсэн байсан бөгөөд эсгий гэрт ороход шар шуудайнд эд зүйлс хийчихсэн, гэрийн баруун талд байх орны доор нэг хүн нуугдчихсан байсан...” гэх мэдүүлэг. /хэргийн 49 дүгээр хуудас/,

Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хэргийн 9-13 дугаар хуудас/,

Эд зүйл түр хураан авсан тухай тэмдэглэл /хэргийн 20 дугаар хуудас/,

Хөрөнгийн үнэлгээний тайлан /хэргийн 40-41 дүгээр хуудас/,

Эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл /хэргийн 54-55 дугаар хуудас/,

Мөрдөгчийн тэмдэглэл /хэргийн 56 дугаар хуудас/,

Иргэний үнэмлэхний лавлагаа /хэргийн 23 дугаар хуудас/, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хэргийн 42 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх үнэлэв.

Шүүгдэгч Б.П нь 2018 оны 01 дүгээр сарын 13-14-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах дүүргийн 6-275 тоотод оршин суух иргэн Б.Огийн хүн байнга амьдрах зориулалттай гэрийн хаалганы цоожийг эвдэн нэвтэрч оёдлын машин 1 ширхэг, хонины мах 6 кг, ус буцалгагч 3.8 литр, бетон 2 литр зэрэг эд зүйлийг хулгайлж 199.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь шүүхийн хэлэлцүүлэг болон мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн шүүгдэгч, хохирогч, гэрч нарын мэдүүлэг болон шинжээчийн дүгнэлт, хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.

Шүүгдэгч Б.Пт прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна.

Шүүх шүүгдэгч Б.Пт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй,эрүүгийн хуулийн тусгай ангийн нэг бүлэгт заасан санаатай гэмт хэргийг 2 түүнээс дээш удаа үйлдсэнийг эрүүгийн  хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдалд тооцсон болно.

Хохирогч нь хулгайд алдсан эд зүйлээ хүлээн авсан болохоо мэдүүлсэн байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

Шүүгдэгч Б.П нь 2018 оны 05 дугаар сарын 07-ны өдрөөс цагдан хоригдсон бөгөөд түүний цагдан хоригдсон хугацааг эдлэх ялд нь оруулан тооцох нь зүйтэй байна. Шүүгдэгчийн өмгөөлөгчөөс “ шүүгдэгч нь хулгайлах гэмт хэргийг үйлдэхэд чиглэсэн үйлдлийг хийсэн боловч тухайн хүний хүсэл зоригоос үл хамаарах нөхцөл байдлын улмаас гэмт хэрэг төгсөөгүй тул завдалт гэж үзэж байна.Иймд завдалтаар хэргийг шийдвэрлэж өгнө үү гэснийг хүлээн авах үндэслэл байхгүй гэж дүгнэв.Б.Пүрэвбаяр нь хохирогчийн орон байранд нэвтэрч оёдлын машиныг нь хулгайлан хашааг нь давуулан шидэж,дахин эд зүйл хулгайлахаар гэрт нэвтрэн орж ирээд бусад эд зүйлийг хулгайлж байхад нь Цагдаагийн ажилтанууд үйлдэл дээр нь барьжээ.Хулгайлсан эд зүйлээ хашааг давуулан гаргаснаар үйлдэл нь төгссөн байх бөгөөд заавал захиран зарцуулсан нөхцөл гэмт хэрэг төгссөн гэж үзэхгүй юм.

Энэ хэрэгт битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдах нь зүйтэй байна.