Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 07 сарын 10 өдөр

Дугаар 643

 

 

 

 

 

 

                                                                                                

                                                                                                                                                                                                                                                                                                                                                      

                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                             

Б.П-т холбогдох эрүүгийн

хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ш.Бат-Эрдэнэ даргалж, шүүгч Н.Батсайхан, шүүгч Д.Очмандах нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

 

шүүгдэгч Б.П-, түүний өмгөөлөгч У.Сайнбилэг,

нарийн бичгийн дарга Э.Ариунзаяа нарыг оролцуулж,

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Мөнхтуяа даргалж хийсэн шүүх хуралдааны 2018 оны 5 дугаар сарын 17-ны өдрийн 725 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Б.П-ын гаргасан давж заалдах гомдлоор Б.П-т холбогдох 1806005870337 дугаартай эрүүгийн хэргийг 2018 оны 7 дугаар сарын 2-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Очмандахын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Б.П, 19хх оны хх дугаар сарын хх-нд төрсөн, хх настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ххх тоотод оршин суух бүртгэлтэй,

1. Баянзүрх дүүргийн шүүхийн 1997 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 656 дугаар таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 1 жилийн хорих ялаар шийтгүүлсэн,

2. Баянзүрх дүүргийн шүүхийн 2000 оны 3 дугаар сарын 30-ны өдрийн 208 дугаар таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар 1 жилийн хорих ялаар шийтгүүлсэн,

3. Баянзүрх дүүргийн шүүхийн 2002 оны 1 дүгээр сарын 23-ны өдрийн 82 дугаар таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 3, 131 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 3 жилийн хорих ялаар шийтгүүлсэн,

4. Баянзүрх дүүргийн шүүхийн 2004 оны 5 дугаар сарын 26-ны өдрийн 290 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2, 262 дугаар зүйлийн 262.1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 1 жилийн хорих ял дээр өмнөх тогтоолоор оногдуулсан 3 жилийн хорих ялаас эдлээгүй үлдсэн 7 сар 14 хоногийн хорих ялыг нэмж нэгтгэн 1 жил 7 сарын 14 хоногийн хорих ялаар шийтгүүлж, 2005 оны 1 дүгээр сарын 25-ны өдөр эдлээгүй үлдсэн 6 сар 2 хоногийн хорих ялыг тэнсэж, мөн хугацаагаар хянан харгалзсан,

5. Баянзүрх дүүргийн шүүхийн 2005 оны 12 дугаар сарын 2-ны өдрийн 572 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.4 дэх хэсэгт зааснаар 10 жил 1 хоногийн хорих ялаар шийтгүүлж, 2008 оны 2 дугаар сарын 1-ний өдрийн Эрүүгийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жил 8 сарын хорих ял болгон өөрчилсөн,

 

Б.П- нь 2018 оны 1 дүгээр сарын 13-ны өдрөөс 14-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах дүүргийн 6-275 тоотод оршин суух иргэн Б.О-гийн хүн байнга амьдрах зориулалттай гэрийн хаалганы цоожийг эвдэн нэвтэрч оёдлын машин 1 ширхэг, хонины мах 6 кг, 3.8 литрийн ус буцалгагч, 2 литрийн бидон зэрэг эд зүйлийг хулгайлж, 199,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Баянзүрх дүүргийн Прокурорын газраас: Б.П-т холбогдох үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Б.П-ыг хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч, хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар Б.П-ыг 2 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Б.П-т оногдуулсан 2 жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, Б.П- нь бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Б.П-ын цагдан хоригдсон 10 хоногийг эдлэх ялд нь оруулан тооцохоор шийдвэрлэжээ.

 

Шүүгдэгч Б.П- давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүх ял оногдуулахдаа миний эрх зүйн байдлыг дордуулсан хуулийн заалтуудыг хэрэглэн ял оногдуулсныг эс зөвшөөрч дараах үндэслэлээр гомдол гаргаж байна. 2015 оны Эрүүгийн хуулиар өмнө нь ял шийтгүүлсэн байдлыг хүндрүүлэх нөхцөл байдалд тооцохгүй болсон байхад эрх зүйн байдлыг дордуулан 6 удаагийн ял шийтгэлтэй гэж дүгнэсэн мөртлөө хэдийд шийтгэгдэж, хэзээ суллагдсан талаар огт дурдаагүй. 2008 онд ял шийтгүүлж суллагдсанаас хойш 10 жилийн хугацаа өнгөрсөн. Түүнээс хойш ялтай байдал арилж, хөөн хэлэлцэх хугацаа дууссан. Би үйлдсэн хэргээ анхнаасаа үнэн зөвөөр хүлээн мэдүүлсэн, бусдад төлөх төлбөргүй, анх удаа гэмт хэрэг үйлдсэн зэргийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцоогүй. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан “санаатай гэмт хэргийг хоёр, түүнээс дээш удаа үйлдсэн” гэсэн заалтыг хүндрүүлэх нөхцөл байдал болгон ял шийтгэл оногдуулсанд гомдолтой байна. Би 10 жилийн дараа анх удаа нэг удаагийн үйлдлээр, нэг гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн хэргээ үнэн зөвөөр хүлээн зөвшөөрсөн, бусдад төлөх төлбөргүй зэрэг байдлыг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасны дагуу хөнгөн ял шийтгэл оногдуулж өгөхийг хүсэж байна...” гэв.

 

Шүүгдэгч Б.П-ын өмгөөлөгч У.Сайнбилэг тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Шүүгдэгч Б.П-ын гаргасан давж заалдах гомдлыг дэмжиж байна. Үйлдсэн гэмт хэргийн нийгмийн хор аюул бага гэж үзэж байна. Б.П- нь ходоодны архаг үрэвсэлтэй. Анхан шатны шүүх Б.П-ыг санаатай гэмт хэрэг 2 ба түүнээс дээш удаа үйлдсэн гэж хүндрүүлэх нөхцөл байдал болгосон нь үндэслэлгүй. Хувийн байдлыг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд зааснаар хорих ялыг хөнгөрүүлж өгнө үү...” гэв.

 

ХЯНАВАЛ:

 

Давж заалдах шатны шүүх Б.П-т холбогдох эрүүгийн хэргийг шийдвэрлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдсан гомдолд заасан асуудалд хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

 

Анхан шатны шүүх хэргийг эцэслэн хянан шийдвэрлэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэж заасанд нийцжээ.

 

Хэргийн бүх ажиллагааг хянахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалт болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй болно.

 

Б.П- нь 2018 оны 1 дүгээр сарын 13-ны өдрөөс 14-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах дүүргийн 6-275 тоотод оршин суух иргэн Б.О-гийн хүн байнга амьдрах зориулалттай гэрийн хаалганы цоожийг эвдэн нэвтэрч оёдлын машин 1 ширхэг, хонины мах 6 кг, ус буцалгагч 3.8 литр, 2 литрийн бидон зэрэг эд зүйлийг хулгайлж байгаад баригдсан болох нь хохирогч Б.О- /хх-ийн 16-19, 47 тал/, гэрч Н.Э /хх-ийн 48 тал/, гэрч Д.О /хх-ийн 49 тал/, шүүгдэгч Д.Б /хх-ийн 18 тал/ нарын мэдүүлэг, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 9-13 тал/, хулгайлсан эд зүйлүүдийг Б.П-аас хураан авсан тэмдэглэл /хх-ийн 20 тал/, хулгайлсан эд зүйлүүдийг үнэлсэн хөрөнгийн үнэлгээний “Дамно” ХХК-ийн 2018 оны 2 дугаар сарын 13-ны өдрийн БЗ-18-125 дугаар шинжээчийн дүгнэлт /хх-ийн 40-41 тал/ зэрэг анхан шатны шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судалсан хэрэгт ач холбогдол бүхий нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

 

Б.П-ын бусдын эд хөрөнгийг нууцаар, хууль бусаар авах үйлдэл нь Б.П-ын хүсэл зоригоос үл хамаарах нөхцөл байдлын улмаас төгсөөгүй болох нь:

хохирогч Б.О-гийн “...нэг хүн манай хашаа давж орж ирээд хоосон гэр рүү орчихсон. Тэгэхээр нь би цагдаад дуудлага өгсөн. Нөгөө хүн гэрээс нэг юм гаргаж ирээд хашаа давуулаад шидсэн. Тэгээд гэр рүү буцаад орсон, цагдаа нар ирсэн. Гэр дотор шар өнгийн шуудай дотор бидон, ус буцалгагч, хонины мах зэргийг хийгээд тавьсан байсан...” /хх-ийн 19 тал/,

“...бор хайрцагтай оёдлын машин хашаа давуулан тавьсан байсанг хураан авсан...” гэх эд зүйл түр хураан авсан тэмдэглэл /хх-ийн 20 тал/,

Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 9-13 тал/ зэргээр нотлогдож байна.

 

Шүүгдэгч Б.П-ын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлд заасан “Гэмт хэрэг үйлдэхээр завдах...” заалтын 1 дэх хэсэгт заасан “...Гэмт хэрэг үйлдэхэд шууд чиглэсэн үйлдлийг санаатай хийсэн боловч тухайн хүний хүсэл зоригоос үл хамаарах нөхцөл байдлын улмаас гэмт хэрэг төгсөөгүй бол гэмт хэрэг үйлдэхээр завдах гэнэ...” гэж зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлд заасан “Хулгайлах” гэмт хэргийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан “...Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэргийг ...хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдсэн...” гэсэн гэмт хэргийг үйлдэхээр завдсан гэж үзэх хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Иймд төгссөн гэмт хэргээр шийдэж Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт зохих өөрчлөлтийг оруулахаар давж заалдах шатны шүүх шийдвэрлэлээ.

 

Давж заалдах шатны шүүх Б.П-ын хувийн байдлыг харгалзан түүнд оногдуулах ялын хэмжээг тогтоов.

 

Шүүгдэгч Б.П-ын  “...10 жилийн дараа анх удаа нэг удаагийн үйлдлээр, нэг гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн хэргээ үнэн зөвөөр хүлээн зөвшөөрсөн, бусдад төлөх төлбөргүй зэрэг байдлыг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасны дагуу хөнгөн ял шийтгэл оногдуулж өгөхийг хүсэж байна...” гэх давж заалдах гомдлыг хангах хууль зүйн үндэслэлгүй тул хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

            1. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 5 дугаар сарын 17-ны өдрийн 725 дугаар шийтгэх тогтоолын:

 

            тогтоох хэсгийн 1 дэх заалтын “...Б.П-ыг хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч, хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай…” гэснийг “...Б.П-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч хулгайлах гэмт хэргийг үйлдэхээр завдсан гэм буруутайд тооцсугай...” гэж,

 

            тогтоох хэсгийн 2 дахь заалтын “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар Б.П-ыг 2 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй...” гэснийг “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар Б.П-ыг 1 жил 6 сар /нэг жил зургаан сар/-ын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй...” гэж,

 

            тогтоох хэсгийн 3 дахь заалтын “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Б.П-т оногдуулсан 2 жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй...” гэснийг “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Б.П-т оногдуулсан 1 жил 6 сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй...” гэж тус тус өөрчилж,

 

            тогтоох хэсгийн бусад заалт, хэсгийг хэвээр үлдээсүгэй.

           

            2. Шүүгдэгч Б.П-ын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

 

3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

                               

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Ш.БАТ-ЭРДЭНЭ

 

ШҮҮГЧИД                                                       Н.БАТСАЙХАН

 

                                                                                    Д.ОЧМАНДАХ