Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 01 сарын 03 өдөр

Дугаар 210/МА2018/00083

 

2018 оны 01 сарын 03 өдөр

Дугаар 210/МА2018/00083

 

Номин холдинг ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Д.Цогтсайхан, Н.Батзориг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 184/ШШ2017/02425 дугаар шийдвэртэй нэхэмжлэгч Номин холдинг ХХК-ийн нэхэмжлэлтэй хариуцагч Ноён сайхан ХХК-д холбогдох худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 2 300 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн төлөөлөгчийн гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч Н.Батзоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд хариуцагчийн төлөөлөгч Б.Энхбаатар, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга З.Цэрэнханд нар оролцов.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ар Пи энд Эй ХХК нь Ноён сайхан ХХК-тай хамтран ажиллаж байх хугацаанд буюу 2015 оны 5 дугаар сарын 28-ны өдөр харилцан тохиролцсоны дагуу цахилгааны 55СОСХ531Х маркийн релейг нийлүүлсэн боловч үнийг нь одоог хүртэл төлөөгүй. Ар Пи энд Эй ХХК нь уг барааг нийлүүлсэнтэй холбоотойгоор барааны үнийг хариуцагчаас шаардах эрхийг 2016 оны 4 дүгээр сарын 10-ны өдөр NH16/48 тоот Шаардах эрх шилжүүлэх тухай гэрээгээр манай компанид шилжүүлсэн. Иймд нийлүүлсэн барааны үнэ болох 2 300 000 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагчийн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Уг төлбөрийг судалж үзэхэд Ар Пи энд Эй ХХК нь өөрийн харилцагч болох Чулуунбаатарт нэг ширхэг SEL маркийн хамгаалалтын реле борлуулж тухайн иргэн нь барааны үнийг бүрэн төлж зарлагын баримтыг манай компанийн нэр дээр бичүүлж авсан байна. Барааг хүлээж авсан болон хүлээн авсан баримт дээр гарын үсэг зурж тамга дарсан тухайд хүлээн зөвшөөрч байгаа боловч Чулуунбаатар Дарханаас надруу ярьж хүлээгээд ав гэсний дагуу авч үлдсэн, барааны үнийг бүрэн төлөгдсөн гэж ойлгосон. Нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Ноён сайхан ХХК-иас 2 300 000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Номин холдинг ХХК-д олгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 51 750 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 51 750 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

Хариуцагчийн төлөөлөгч давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: ... шийдвэрийг үндэслэлгүй гэж үзээд гомдол гаргаж, тухайн барааг худалдан борлуулсан Ар Пи энд Эй ХХК-ийн ерөнхий захирал Ц.Бямбадорж, худалдан авсан иргэн Чулуунбаатар нарыг оролцуулах хүсэлттэй байна гэжээ.

ХЯНАВАЛ

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий шаардлага хангаагүй байна.

 

Нэхэмжлэгч Номин холдинг ХХК нь хариуцагч Ноён сайхан ХХК-д холбогдуулан худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 2 300 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг шүүх хүлээн авч, 2017 оны 10 дугаар сарын 13-ны өдөр иргэний хэрэг үүсгэж, 2017 оны 10 дугаар сарын 17-ны өдөр хариуцагч Ноён сайхан ХХК-ийн захирал Б.Энхбаатарт нэхэмжлэлийн хувийг гардуулан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд эдлэх эрх, хүлээх үүргийг тайлбарлан өгч, хэргийн материалтай танилцуулжээ.

 

Анхан шатны шүүх шүүх хуралдааныг 2011 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр хийхээр товлосон захирамжийг 2017 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр гаргасан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 76 дугаар зүйлийн 76.1.1-д заасан шаардлагад нийцсэн гэж үзэх боломжгүй байна.

Иргэний хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцүүлэх тухай 2017 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 184/ШЗ2017/11333 дугаар захирамжаас үзэхэд шүүгч уг хэргийг шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамааралтай нотлох баримт хангалттай бүрдсэн гэж үзсэн нь үндэслэлгүй байна. Өөрөөр хэлбэл зохигчид хангалттай баримт бүрдүүлсэн, өөр гаргах баримтгүй бөгөөд шүүхийн журмаар нотлох баримт бүрдүүлэх хүсэлтгүй болохоо илэрхийлсэн, нотлох баримт гаргаж өгөх, цуглуулах үүргээ биелүүлсэн эсэхээс үл хамааран хэрэг хянан шийдвэрлэх хугацаа өнгөрсөн, эсхүл хэрэг үүсгэснээс хойш хэргийг хэлэлцэн шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримт хангалттай цугларсан гэж үзэх үндэслэл хэргийн баримтаар тогтоогдохгүй байна.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хуульд заасан хугацаа дуусаагүй байгаа тухайн нөхцөлд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 76 дугаар зүйлийн 76.1.1-д заасан хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримт хангалттай бүрдсэн гэх үндэслэлгүй байгааг шүүх анхаараагүй нь учир дутагдалтай байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт зааснаар шүүх хэргийн оролцогчийн гаргасан нотлох баримтыг тал бүрээс нь бодитоор харьцуулан үзсэний үндсэн дээр үнэлэх ёстой.

Мөн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.2-т зааснаар хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцүүлэх тухай шүүгчийн захирамж гарсны дараа хэргийн материалтай танилцах нь хэргийн оролцогчийн эрх бөгөөд хуульд заасан эрхээ бүрэн хэрэгжүүлэх боломжоор хангах нь шүүхийн үүрэг болно. Шүүх энэхүү үүргээ биелүүлээгүй буюу хэргийн материалыг шүүх хуралдаан болох өдөр хэргийн оролцогчид танилцуулсныг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг мөн хуулийн 6 дугаар зүйлийн 6.1 дэх хэсэгт зааснаар мэтгэлцэх үндсэн дээр явуулсан гэж үзэх боломжгүй байна. Өөрөөр хэлбэл, хэргийн оролцогч хэргийн материалтай танилцсанаар нотлох баримт гаргах, нотлох баримтаа шүүхээр бүрдүүлэх болон өөр этгээдийг гуравдагч этгээдээр оролцуулах хүсэлт гаргах зэрэг эрхээ эдлэх боломж бүрдэнэ.

Дээр дурдсан үндэслэлээр хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хангаж, хэргийн оролцогчийн хуулиар олгогдсон эрхийг ноцтой зөрчсөн үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцаах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн үзэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.3-т тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 184/ШШ2017/02425 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч Ноён сайхан ХХК-ийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 51 750 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дэх хэсгүүдэд зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ж.ОЮУНТУНГАЛАГ

 

ШҮҮГЧИД Д.ЦОГТСАЙХАН

 

Н.БАТЗОРИГ