Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 11 сарын 02 өдөр

Дугаар 184/ШШ2017/02425

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Батсүх даргалж тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар: 

Нэхэмжлэгч: “Н Х”  ХХК

Хариуцагч: “Н С”  ХХК

Худалдах, худалдан авах тухай гэрээний үүрэгт 2 300 000 /хоёр сая гурван зуун мянга/  төгрөг гаргуулах тухай   хэргийг хянан хэлэцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Д,  хариуцагч “Н С”  ХХК-ийн захирал Б.Э, нарийн бичгийн дарга Э.Ганцэцэг  нар оролцов.

                                                                                                           ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч  шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: А П Э Э ХХК нь “Н С”  ХХК-тай хамтран ажиллаж байх хугацаанд буюу 2015 оны 5 дугаар сарын 28-ны өдөр харилцан тохиролцсоны дагуу цахилгааны 55СОСХ531Х маркын релейг  нийлүүлсэн боловч үнийг нь одоог хүртэл төлөөгүй байна. А П Э Э ХХК нь уг барааг нийлүүлсэнтэй холбоотойгоор барааны үнийг хариуцагчаас шаардах эрхийг 2016 оны 4 дүгээр сарын 10-ны өдөр NH16/48 тоот “Шаардах эрх шилжүүлэх тухай” гэрээгээр манай компанид шилжүүлсэн. Иймд нийлүүлсэн барааны үнэ болох 2 300 000 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү.

Хариуцагчийн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан   тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Уг төлбөрийг судалж үзэхэд  А П Э Э ХХК нь өөрийн харилцагч болох Ч-т нэг ширхэг SEL маркын хамгаалалтын реле борлуулж тухайн иргэн нь барааны үнийг бүрэн төлж зарлагын баримтыг манай компанийн нэр дээр бичүүлж авсан байна. Барааг хүлээж авсан болон хүлээн авсан баримт дээр гарын үсэг зурж тамга дарсан тухайд хүлээн зөвшөөрч байгаа боловч Ч- Дарханаас надруу ярьж хүлээгээд ав гэсний дагуу авч үлдсэн, барааны үнийг бүрэн төлөгдсөн гэж ойлгосон. Энэхүү төлбөрийн тухай надруу нэг ч удаа ярьж байгаагүй мөртлөө шууд шүүхэд хандсан явдалд гайхаж байна.

 

Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

                                                                                                                   ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч “Н Х”  ХХК нь хариуцагч “Н С”  ХХК-д холбогдуулан худалдах, худалдан авах тухай гэрээний үүрэгт 2 300 000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг гаргажээ.

А П Э Э ХХК нь 2015 оны 5 дугаар сарын 28-ны өдөр хариуцагч “Н С”  ХХК-д 2 300 000 төгрөгийн үнэтэй цахилгааны 55СОСХ531Х маркын релейг  шилжүүлэн өгсөн нь хариуцагч компанийн захирал Б.Эын гарын үсэг, компанийн тамга бүхий борлуулалтын зарлагын баримт, зохигчдийн тайлбараар тогтоогдож байна.

Нэхэмжлэгч нь А П Э Э ХХК-тай 2016 оны 4 дүгээр сарын 10-ны өдөр байгуулсан NH16/48 тоот “Шаардах эрх шилжүүлэх тухай” гэрээгээр тус компанийн иргэн, хуулийн этгээдээс шаардах үүрэг гүйцэтгүүлэгчийн бүх эрхийг шилжүүлэн авч гэрээний хавсралтад заасан бүх өр авлагыг хариуцан барагдуулахаар тохиролцжээ.

Иргэний хуулийн 123 дугаар зүйлийн 23.1, 123.2, 123.4  дэх хэсгүүдэд шаардах эрх шилжих тухай үүрэг гүйцэтгэгчид мэдэгдэх хүртэл үүрэг гүйцэтгэгч анхны үүрэг гүйцэтгүүлэгчийн өмнө гэрээгээр хүлээсэн үүргээ гүйцэтгэх, хууль, гэрээ буюу үүргийн мөн чанарт харшлахгүй бол шаардах эрх эзэмшигч нь гуравдагч этгээдтэй байгуулсан гэрээний үндсэн дээр үүрэг гүйцэтгэгчийн зөвшөөрөлгүйгээр шаардах эрхээ шилжүүлж болох, үүрэг гүйцэтгэгч нь шаардах эрх шилжих тухай мэдэгдэл хүлээн авах үеийн бүх татгалзал, хариу шаардлагыг шинэ үүрэг гүйцэтгүүлэгчид гаргах эрхтэй байхаар тус тус зохицуулснаас үзэхэд  “Н Х”  ХХК нь хариуцагчаас А П Э Э ХХК-ийн өмнө хүлээсэн үүргийг гүйцэтгүүлэхээр нэхэмжилсэн нь үндэслэлтэй байна.  Мөн шаардах эрх шилжүүлэх гэрээний хавсралтад заасан авлагын жагсаалтад “Н С”  ХХК-иас авах 2 300 000 төгрөгийн авлага бүртгэгджээ.

Хариуцагч нэхэмжлэлийн шардлагыг татгалзах үндэслэлээ манай компани цахилгааны шугам, дэд станцын засвар үйлчилгээ эрхэлдэг, уг релейг худалдан авах шаардлага  байгаагүй, барааны үнийг Ч- төлсөн гэж ойлгосон гэж тайлбарлаж байгаа боловч барааг Ч-т дамжуулах зорилгоор хүлээн авсан гэдгээ нотлоогүй болно. 

Зохигчдын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүсч, худалдагч “Н Х”  ХХК барааг худалдан авагч “Н С”  ХХК-д хүлээлгэн  өгсөн, хариуцагч барааг хүлээн авсан ч үнийг нь төлөх үүргээ  биелүүлээгүй гэж дүгнэлээ.

Иймд хариуцагч “Н С”  ХХК-иас 2 300 000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч “Н Х”  ХХК-д олгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.

Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

                                                                                                                     ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх  хэсэгт заасныг баримтлан  хариуцагч “Н С”  ХХК-иас 2 300 000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч “Н Х”  ХХК-д олгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 51 750 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 51 750 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч өмгөөлөгч нар шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

                               ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                     Т.БАТСҮХ