Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 10 сарын 06 өдөр

Дугаар 639

 

 

 

 

 

 

 

 

 

 

Н.Алтантуяа, Д.Түвшинжаргал, Б.Чимгээ

нарт холбогдох эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Б.Зориг даргалж, шүүгч М.Пүрэвсүрэн, Д.Гансүх нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Э.Одончимэг,

ялтан Н.Алтантуяа, Д.Түвшинжаргал нарын өмгөөлөгч Ю.Сэвлэгмаа,

нарийн бичгийн дарга Б.Хулангоо нарыг оролцуулж,

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Отгонбаяр даргалж, шүүгч О.Жанчивнямбуу, Ц.Мөнх-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй хийсэн шүүх хуралдааны 2016 оны 8 дугаар сарын 17-ны өдрийн 84 дүгээр шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч ялтан нарын өмгөөлөгч Ю.Сэвлэгмаагийн гаргасан давж заалдах гомдлоор Н.Алтантуяа, Д.Түвшинжаргал, Б.Чимгээ нарт холбогдох 2015 2602 2051 дугаартай эрүүгийн хэргийг 2016 оны 9 дүгээр сарын 26-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Гансүхийн илтгэснээр хянан хэлэлцэв.

1. Хорчич овгийн Намсрайн Алтантуяа, 1972 оны 12 дугаар сарын 26-ны өдөр Завхан аймгийн Шилүүстэй суманд төрсөн, 43 настай, эмэгтэй, дээд боловсролтой, нягтлан бодогч мэргэжилтэй, эрхэлсэн ажилгүй, ам бүл 3, нөхөр, хүүхдийн хамтаар Чингэлтэй дүүргийн 8 дугаар хороо, Дунд Тасганы 6-51А тоотод оршин суух, ял шийтгэлгүй, /РД:ИЭ72122667/,

2. Амбажав овгийн Дашбалын Түвшинжаргал, 1974 оны 2 дугаар сарын 19-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 42 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой мэргэжилгүй, эрхэлсэн ажилгүй, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамтаар Чингэлтэй дүүргийн 8 дугаар хороо, Дунд Тасганы 6-51А тоотод оршин суух, ял шийтгэлгүй, /РД:ШЖ74021915/,

 3. Том тайж овгийн Бат-Очирын Чимгээ, 1978 оны 10 дугаар сарын 3-ны өдөр Төв аймгийн Лүн суманд төрсөн, 38 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, тогооч мэргэжилтэй, эрхэлсэн ажилгүй, ам бүл 7, нөхөр, 5 хүүхдийн хамтаар Баянзүрх дүүргийн 2 дугаар хороо, Хужирбулангийн 61 дүгээр гудамжны 1845 тоотод оршин суух, ял шийтгэлгүй, /РД:НМ-78100306/,

Н.Алтантуяа нь Д.Түвшинжаргалтай бүлэглэн Баянгол дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлан үйл ажиллагаа явуулдаг “Баянгол Мед” ХХК-ийн ахлах нягтлан бодогчоор 2015 оны 3 дугаар сарын 16-ны өдрөөс 9 дүгээр сарын 30-ны өдрийг хүртэл ажиллах хугацаандаа компанийн 126.355.020 төгрөгийг завшиж, онц их хэмжээний хохирол учруулсан,

Д.Түвшинжаргал нь өөрийн эхнэр Н.Алтантуяаг Баянгол дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлан үйл ажиллагаа явуулдаг “Баянгол Мед” ХХК-ийн ахлах нягтлан бодогчоор 2015 оны 3 дугаар сарын 16-ны өдрөөс 9 дүгээр сарын 30-ны өдрийг хүртэл ажиллах хугацаанд нь уг компанийн 126.355.020 төгрөгийг өөрийн банкны хувийн данс болон өөрийн нэр дээрх “Хан-Эрдэнэ шүүдэр” ХХК-ий дансаар шилжүүлэн авч бусдын эд хөрөнгийг завшиж, онц их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт дэмжлэг үзүүлэх аргаар бүлэглэн үйлдсэн,

Б.Чимгээ нь 2016 оны 1 дүгээр сарын 24-ний өдөр мөрдөн байцаалтын шатанд гэрчээр мэдүүлэг өгөхдөө Алтантуяа нь 2013 оны 12 дугаар сараас 2014 оны 5 дугаар сарыг хүртэлх хугацаанд надаас нийт 71, 72 сая төгрөг бага багаар цувуулж зээлж авдаг байсан гэж, 2016 оны 6 дугаар сарын 30-ны өдөр Алтантуяа нь надаас 7 сая төгрөг авч байсан гэж худал мэдүүлэг өгсөн гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Баянгол дүүргийн прокурорын газраас: Н.Алтантуяад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 150 дугаар зүйлийн 150.3 дахь хэсэгт зааснаар, Д.Түвшинжаргалд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 35 дугаар зүйлийн 35.6 дахь хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 150 дугаар зүйлийн 150.3 дахь хэсэгт зааснаар, Б.Чимгээд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 254 дүгээр зүйлийн 254.1 дэх хэсэгт зааснаар тус тус яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Хорчич овогт Намсрайн Алтантуяаг аж ахуйн нэгж, байгууллагын өмчийг итгэмжлэгдэн хариуцсан этгээд завшсаны улмаас онц их хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн, Амбажав овогт Дашбалын Түвшинжаргалыг аж ахуйн нэгж, байгууллагын өмчийг итгэмжлэгдэн хариуцсан этгээд завшсаны улмаас онц их хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийг хамжигчаар бүлэглэж үйлдсэн, Том тайж овогт Бат-Очирын Чимгээг мөрдөн байцаалтад зориуд худал мэдүүлэг өгсөн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 150 дугаар зүйлийн 150.3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Алтантуяаг 100.000 төгрөгийн эд хөрөнгө хурааж, 6 жил 5 сар хорих ялаар, Эрүүгийн хуулийн хуулийн ерөнхий ангийн 35 дугаар зүйлийн 35.6 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 150 дугаар зүйлийн 150.3 дахь хэсэгт зааснаар Д.Түвшинжаргалыг 100.000 төгрөгийн эд хөрөнгө хурааж, 6 жил хорих ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 254 дүгээр зүйлийн 254.1 дэх хэсэгт зааснаар Б.Чимгээг 1 жил  хорих ялаар тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5 дахь хэсэгт зааснаар Н.Алтантуяад оногдуулсан 6 жил 5 сар хорих ял, Б.Чимгээд оногдуулсан 1 жил хорих ялыг тус тус жирийн дэглэмтэй эмэгтэйчүүдийн хорих ангид, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.6 дахь хэсэгт зааснаар Д.Түвшинжаргалд оногдуулсан 6 жил хорих ялыг чанга дэглэмтэй эрэгтэйчүүдийн  хорих ангид тус тус эдлүүлэхээр, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар шүүгдэгч Н.Алтантуяа, Д.Түвшинжаргал нараас 126.355.020 төгрөгийг хувь тэнцүүлэн гаргуулж хохирогч “Баянгол Мед” ХХК-нд олгуулахаар,  эд хөрөнгө захиран зарцуулах эрхийг хязгаарлах тухай 2016 оны 5 дугаар сарын 3-ны өдрийн мөрдөн байцаагчийн тогтоолтой Чингэлтэй дүүргийн 8 дугаар хороо, Дунд Тасган 6 дугаар гудамжны 51а тоот дахь эрхийн улсын бүртгэлийн Г-2202004846 тоот дугаартай Д.Түвшинжаргалын эзэмшилд байгаа гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газар, мөн хаягт байрлах эрхийн улсын бүртгэлийн Ү-2202011855 тоот дугаартай хувийн сууц, 11-82 УНТ улсын дугаартай 2006 онд үйлдвэрлэсэн Хьюндай соната-6 маркийн автомашиныг эд хөрөнгө хураах ял болон хохирол барагдуулах зорилгоор Нийслэлийн шүүхийн  шийдвэр гүйцэтгэх газарт шилжүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4-т заасныг журамлан шүүгдэгч Б.Чимгээд оногдуулсан 1 жил хорих ялыг тэнсэж, мөн хугацаагаар хянан харгалзаж, түүний засрал хүмүүжилд нь хяналт тавьж ажиллахыг Баянзүрх дүүргийн цагдаагийн хэлтэст даалгаж шийдвэрлэжээ.

Ялтан нарын өмгөөлөгч Ю.Сэвлэгмаа давж заалдах гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг дараах үндэслэлээр эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргаж байна.

Түвшинжаргал нь Алтантуяагийн нөхөр, харин гэмт хэргийн хамтран оролцогч биш. Цагдаа болон прокурорын байгууллага нь Түвшинжаргал болон түүний охин Ариунсайхан нарын эрхийг удаа дараа ноцтой зөрчиж байсан.

Жишээ нь Түвшинжаргалд эрүүгийн хэрэг үүсгээгүй атлаа хилийн хориг тавьж 2016 оны 1 дүгээр сарын 13-ны өдрийн 5/107 дугаартай албан бичгээр хил нэвтрэх эрхийг нь түдгэлзүүлсэн байсан. 1хх 231-р хуудсанд 2016 оны 3 дугаар сарын 14-ний өдөр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 155 дугаар зүйлийн 155.1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэсэн атлаа эрх үүргийг нь танилцуулж, гарын үсэг зуруулаагүй. Мөн 1 хх 240-244-р хуудсанд “Эд хөрөнгө битүүмжилсэн тогтоол” тэмдэглэлийг хийсэн бөгөөд тогтоолыг Түвшинжаргалд танилцуулаагүй ба Түвшинжаргалын нэр хөрөнгийг С.Мөнхцэцэгт хариуцуулан өгсөн.

Мөнхцэцэг гэж хэн болох яагаад энэ битүүмжилсэн эд хөрөнгийг хариуцуулах болсон талаар шалгаж, тогтоосон зүйлгүйгээр хариуцуулсан нь ойлгомжгүй бөгөөд шийтгэх тогтоолын 6 дахь заалтад “Д.Түвшинжаргалын эзэмшилд байгаа Чингэлтэй дүүргийн 8 дугаар хороо, Дунд тасган 6 дугаар гудамж 51а тоотод байрлах эрхийн улсын бүртгэлийн Г-2202004846 тоот дугаартай гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газар, мөн хаягт байрлах эрхийн улсын бүртгэлийн Ү-2202011855 тоот дугаартай хувийн сууц, 2006 онд үйлдвэрлэсэн 11-82 УНТ улсын дугаартай Хьюндай соната-6 маркийн автомашиныг эд хөрөнгө хураах ял болон хохирол барагдуулах зорилгоор Нийслэлийн шүүхийн  шийдвэр гүйцэтгэх газарт шилжүүлсүгэй” гэж заасан нь хүний эрхийг ноцтой зөрчсөн.

Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14-т “...гэм буруутны ял зэмлэлийг түүний гэр бүлийн гишүүд, төрөл саданд нь халдаан хэрэглэхийг хориглоно...” гэсэн заалтыг зөрчсөн бөгөөд эцэг, эх хоёрыг нь 6 жилээр хорьчоод 19 настай оюутан охиныг нь орох орон гэргүй болгон хураагаад энэ хүүхэд хаана, яаж амьдрах вэ.

Түвшинжаргалыг “Аж ахуйн нэгж, байгууллагын өмчийг итгэмжлэн хариуцсан этгээд завшсаны улмаас онц их хэмжээний хохирол учруулсан” гэмт хэргийг хамжигчаар бүлэглэж үйлдсэн гэм буруутайд тооцож Эрүүийн хуулийн ерөнхий ангийн 35 дугаар зүйлийн 35.6 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 150 дугаар зүйлийн 150.3 дахь хэсэгт зааснаар ял шийтгэсэн нь гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй ба хэргийн субьект биш. Алтантуяагийн хэлснээр “би байгууллагаасаа мөнгө зээлж байгаа юм” гээд  “данс руу чинь мөнгө орсон байгаа түүнийг аваад өг” гэхээр нь би авч өгч байсан гэж ярьдаг ба эхнэр нь тус байгууллагад ажилладаг хүнд өвчтэй гэдгийг мэддэг учраас асууж байгаагүй нь миний буруу гэж байгаагаас үзэхэд гэмт хэрэг үйлдсэний дараа данснаас мөнгийг авч өгч байна.  Гэмт хэрэг үйлдсэнээс нь хойно данснаас мөнгө авч өгсөн нь гэмт хэрэгт дэмжлэг үзүүлсэн гэх үндэслэлгүй. Харин Алтантуягийн гэмт хэрэг үйлдэж олсон эд хөрөнийг мэдсээр байж авсан бол Эрүүгийн хуулийн тусгай ангий 155 дугаар зүйлийн 155.1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн бүрэлдэхүүнтэй нь хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтаар тогтоогдож байгаа.

Иймд дээрх нөхцөл байдуудыг хянаж үзэж анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг нэмэлт мөрдөн байцаалтын шатанд буцааж хэргийн зүйлчлэлийг зөвтгүүлж өгнө үү гэв.

Прокурор Э.Одончимэг тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: Ялтан нарын өмгөөлөгч “эрүүгийн хэрэг үүсгээгүй байхдаа хилийн хориг тавьж миний үйлчлүүлэгч нарын эрхийг зөрчсөн” гэж давж заалдах гомдол гаргасан байна. Авлигатай тэмцэх газар, Тагнуулын Ерөнхий газар, Цагдаагийн Ерөнхий газар, Иргэний харъяалал, шилжилт хөдөлгөөний Ерөнхий газрын хамтран гаргасан Хилийн хориг тавих журамд “эрх бүхий байгууллагад гомдол, мэдээлэл ирснээр хэрэгт сэрдэгдсэн этгээдэд хилийн хориг тавьж болно” гэсэн байдаг. Улсын Ерөнхий Прокурорын баталсан Хилийн хориг тавих журам, Монгол Улсын иргэн гадаадад хувийн хэргээр зорчих, цагаачлах тухай хуульд “гэмт хэрэг үйлдсэн байж болзошгүй, гэмт хэрэгт сэрдэгдсэн этгээдэд хилийн хориг тавьж, Монгол Улсын хилээр нэвтрэх эрхийг нь түдгэлзүүлж болно” гэсэн байдаг. Тиймээс хэдийгээр эрүүгийн хэрэг үүсгээгүй ч Д.Түвшинжаргал, Т.Ариунсайхан нарт хилийн хориг тавьсан. Өмгөөлөгч Хүний эрхийн үндэсний комисс, Улсын Ерөнхий прокурорын газарт хүсэлт, гомдол гаргаснаар Т.Ариунсайханы хилийн хориг цуцлагдсан гэж байгаа нь үндэслэлгүй. Т.Ариунсайханыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 155 дугаар зүйлийн 155.1 дэх хэсэгт зааснаар сэжигтнээр татаж шалгаж байгаад хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэх үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, хилийн хориг нь цуцлагдсан. Хэдийгээр өмгөөлөгч энэ талаар Улсын Ерөнхий прокурорт гомдол гаргасан ч “хилийн хориг тавихад журам зөрчөөгүй” гэх хариу ирсэн. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 134 дэх хэсэгт зааснаар хөрөнгө битүүмжлэх ажиллагаа явагдсан. П.Мөнхцэцэг нь Н.Алтантуяагийн эгч буюу төрөл садангийн хүн нь байсан тул гэрчийн мэдүүлэг аваад хөрөнгийг нь хүлээлгэн өгсөн. Шүүх эрх хэмжээнийхээ хүрээнд битүүмжилсэн эд хөрөнгийг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт шилжүүлсэн. Хэдийгээр хөрөнгийг нь битүүмжлээд шийдвэр гүйцэтгэх газарт шилжүүлсэн боловч шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдаагүй байгаа. Д.Түвшинжаргал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 150 дугаар зүйлийн 150.3 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан хохирогч, сэжигтэн, яллагдагч, гэрч нарын мэдүүлгүүд, фэйсбүүк хаягт үзлэг хийсэн тэмдэглэл зэргээр хангалттай нотлогдож тогтоогдсон. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 150 дугаар зүйлд заасан гэмт хэрэг нь эд хөрөнгө захиран зарцуулах эрх нээгдсэнээр бүрдэл төгсдөг. Н.Алтантуяа байгууллагынхаа мөнгийг Д.Түвшинжаргалын дансанд хийсэн боловч өөрөө авч хэрэглэж чадахгүй, мөнгийг захиран зарцуулах эрх нь үүсээгүй байсан тул гэмт хэрэг төгсөөгүй байхад Д.Түвшинжаргал данснаасаа мөнгө авч өгч гэмт хэрэгт хамжигчаар оролцсон гэж үзэж байна. Д.Түвшинжаргал нь анх энэ хэрэгт гэрчээр байцаагдсан боловч удалгүй Солонгос улс руу явсан. Энэ талаар Н.Алтантуяагаас мэдүүлэг авахад “хаана байгааг нь мэдэхгүй” гэж байсан. Хохирогч фэйсбүүк хаягийн чатыг хавтаст хэрэгт нотлох баримтаар өгөх хүсэлт гаргаж өгсний дагуу хаана байгаа болох гэмт хэрэгт хэрхэн холбогдсон болох нь тогтоогдсон. Н.Алтантуяа нь Баянгол эмнэлгийн өөрийн хэрэглэж байсан компьютерт фэйсбүүк хаягаа нээлттэй орхисноор хохирогч нотлох баримтыг олж авсан байдаг. Д.Түвшинжаргал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 150 дугаар зүйлд заасан гэмт хэргийн талаар мэдээгүй гэж мэдүүлэг өгдөг ч сэжигтэн, яллагдагч өөрийн гэм бурууг нотлох үүрэг хүлээхгүй тул эдгээр мэдүүлгийг үнэн гэж үнэлэх боломжгүй. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна гэв.

ХЯНАВАЛ:

Давж заалдах шатны шүүх зөвхөн гомдолд дурьдсан зүйлээр хязгаарлахгүйгээр Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 308  дугаар зүйлийн 308.2 дахь хэсэгт заасны дагуу хэргийг бүхэлд нь хянаж үзлээ.

Ялтан Н.Алтантуяа Баянгол дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлан үйл ажиллагаа явуулдаг “Баянгол Мед” ХХК-ийн ахлах нягтлан бодогчоор 2015 оны 3 дугаар сарын 16-ны өдрөөс 9 дүгээр сарын 30-ны өдрийг хүртэл ажиллах хугацаандаа тус компанийн мөнгөн хөрөнгө 126.355.020 төгрөгийг  удаа дараагийн үйлдлээр өөрийн нөхөр Д.Түвшинжаргалын банкин дахь хувийн данс болон түүний нэр дээрх “Хан-Эрдэнэ шүүдэр” ХХК-ий дансаар шилжүүлэн авч ашиглан завшсаны улмаас тус компанид онц их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь мөрдөн байцаалтад болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн ялтан Н.Алтантуяа /1хх 30-31, 34-36, 3хх 15/, Д.Түвшинжаргал /2хх 134, 193, 3хх 15/, Б.Чимгээ /2хх 187, 189, 3хх 15/, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.Биндэрьяа /1хх 8-9, 3хх 18/ нарын мэдүүлэг, мөрдөн байцаалтад гэрч Б.Алтанзул /1хх 12-13/, Д.Бадамсүрэн /2хх 182-183/ нарын өгсөн мэдүүлгүүд, “Юдентакс Тин аудит” ХХК-ийн 01/124 дугаартай аудитын дүгнэлт /2хх 136-138/, Эдийн засгийн шинжилгээний шинжээчийн №-020 дугаар дүгнэлт /1хх 19-22/, Хаан банкны Д.Түвшинжаргалын нэрийн 50 2438 6808 дугаар харилцах  “Депозит дансны дэлгэрэнгүй хуулга” /1хх 58-62/, Хаан банкны “Хан-Эрдэнэ Шүүдэр ХХК-ийн 50 0972 2680 дугаар харилцах “Депозит дансны дэлгэрэнгүй хуулга” /1хх 63-64/ болон хавтаст хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бусад нотлох баримтуудаар,

Б.Чимгээ нь 2016 оны 1 дүгээр сарын 24-ний өдөр мөрдөн байцаалтын шатанд гэрчээр мэдүүлэг өгөхдөө “...Алтантуяа нь 2013 оны 12 дугаар сараас 2014 оны 5 дугаар сарыг хүртэлх хугацаанд надаас нийт 71, 72 сая төгрөг бага багаар цувуулж зээлж авдаг байсан...” гэж, “...2016 оны 6 дугаар сарын 30-ны өдөр Алтантуяа нь надаас 7 сая төгрөг авч байсан...” гэж худал мэдүүлэг өгсөн гэмт хэрэг үйлдсэн болох нь мөрдөн байцаалтын болон анхан шатны шүүхийн хэлэлцүүлэг Б.Чимгээгийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг /2хх 187, 189, 3хх 15/, ялтан Н.Алтантуяагийн мөрдөн байцаалтад /2хх 193/ өгсөн мэдүүлэг болон хавтаст хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар тус тус нотлогдож тогтоогдсон, энэ талаар анхан шатны шүүх хэргийн жинхэнэ байдалтай нийцсэн дүгнэлт хийсэн, мөрдөн байцаалтын ажиллагаагаар шүүх тогтоол гаргахад ач холбогдолтой байж болох бүхий л зүйлүүдийг бүрэн шалгасан ба анхан шатны шүүхийн энэ талаарх дүгнэлтийг үгүйсгэх болон няцаах нөхцөл байдал тогтоогдоогүй байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Хэрэгт Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 80 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг хангалттай шалгаж тодруулсан бөгөөд шүүх хуульд заасан үндэслэл, журмын дагуу цугларсан нотлох баримтад үндэслэн хэргийн үйл баримтыг тогтоож, ялтан Н.Алтантуяа, Б.Чимгээ нарын үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, тэдгээрийн гэм буруу болон хувийн байдал, учруулсан хохирлын хэр хэмжээнд тохирсон хуульд заасан төрөл, хэмжээний ял шийтгэл оногдуулсан байна.

Ялтан Н.Алтантуяа, Д.Түвшинжаргал нарын өмгөөлөгч Ю.Сэвлэгмаагийн: “…Гэмт хэрэг үйлдсэнээс нь хойно данснаас мөнгө авч өгсөн нь гэмт хэрэгт дэмжлэг үзүүлсэн гэх үндэслэлгүй. Харин Н.Алтантуяагийн  гэмт хэрэг үйлдэж олсон эд хөрөнгө гэдгийг мэдсээр байж авсан бол Эрүүгийн хуулийн тусгай ангийн 155 дугаар зүйлийн 155.1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн бүрэлдэхүүнтэй…” гэсэн гомдлын дагуу хэргийн нөхцөл байдлыг хянаж үзвэл:

Ялтан Н.Алтантуяа “Баянгол Мед” ХХК-ийн ахлах нягтлан бодогчоор ажиллах хугацаандаа тус компанийн мөнгөн хөрөнгө 126.355.020 төгрөгийг удаа дараагийн үйлдлээр өөрийн нөхөр Д.Түвшинжаргалын банкин дахь хувийн данс болон түүний нэр дээрх “Хан-Эрдэнэ шүүдэр” ХХК-ий дансаар шилжүүлэн авч ашиглан завшсаны улмаас тус компанид онц их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдэхэд хамжигчаар оролцсон гэх үндэслэлээр түүний үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 35 дугаар зүйлийн 35.6 дахь хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 150 дугаар зүйлийн 150.3 дахь хэсэгт заанаар зүйлчлэн, түүнд ял шийтгэл оногдуулсан нь хэргийн жинхэнэ байдалтай нийцээгүй байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 35 дугаар зүйлийн 35.6 дахь хэсэгт “...урьдчилан амалсан этгээдийг хамжигч гэнэ...” гэж хуульчилсан ба хэрэгт авагдсан бүхий л нотлох баримтуудыг шинжлэн судлахад Д.Түвшинжаргал нь Н.Алтантуяагийн ажилладаг Баянгол мед ХХК-ийн мөнгөн хөрөнгийг ашиглан завших, мөн  ХААН банкны нэрийн болон “Хан-Эрдэнэ Шүүдэр” ХХК-ийн дансуудыг ашиглуулах талаар түүнтэй урьдчилсан үгсэн тохиролцож дээрх гэмт хэргийг үйлдсэн гэх нөхцөл байдал тогтоогдоогүй байна. Тухайлбал, ялтан Н.Алтантуяа яллагдагчаар өгсөн мэдүүлэгтээ: “...нөхрийн компанийн данс руу шилжүүлээд эхэлсэн чинь манай нөхөр надад их ууралсан. ... захиралдаа хэлж ойлгуулаад зээлээр авсан намайг ийм мөнгө авч байгаа гэдгийг мэдээд захирал бараг өөрөө өгсөн гэж тайлбарласан. ... Тэгсэн чинь манай нөхөр гайгүй болоод намайг компанийн мөнгөнөөс нууцаар завшиж байна гэж бодоогүй, харин ажлаасаа зээлээр аваад түүнийгээ дараа нь ажиллаж байгаад төлчих юм байна гэдэг ойлголтыг төрүүлсэн...” /1хх 34-36/, Н.Алтантуяа шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: “...Би компаниас зээл авч байгаа юм. Захиралдаа амьдралаа хэлэхэд надад туслахыг зөвшөөрөөд зээлж байгаа гэж хэлдэг байсан. Нөхөр маань надаас нэг удаа яагаад ийм сонин сонин дүнтэй мөнгө ирдэг вэ гэж асууж байсан. Тэгэхэд нь би компани мөнгөгүй болохоор бага багаар өгч байгаа гэж хэлсэн...” /3хх 16/ гэж, Д.Түвшинжаргал яллагдагчаар өгсөн мэдүүлэгтээ: “...манай эхнэр Алтантуяа 2015 оны 3 дугаар сараас хойш миний нэр дээр байдаг “Хан-Эрдэнэ шүүдэр” ХХК-ийн данс руу удаа дараа мөнгө шилжүүлж байсан ба би эхнэрээсээ энэ юун мөнгө юм бэ гэхээр манай эхнэр би өрөндөө төлөх гэж байгаа юм аа, би компанийхаа захиралд мэдэгдээд авсан гэж хэлдэг байсан...” /2хх136/ гэж, Д.Түвшинжаргал шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: “...эхнэр компанийн мөнгөнөөс миний нэр дээрх данс руу мөнгө шилжүүлсэн байсан. Би тухайн үед юун их мөнгө вэ гэхэд “компанийн захиралтайгаа ярьсан, буцааж төлнө” гэж надад хэлсэн. Би энэ мөнгөнөөс хэрэглэсэн зүйл байхгүй. Миний карт зэрэг бүгд Алтантуяад байдаг...” /3хх-15/ гэж тус тус мэдүүлжээ.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 150 дугаар зүйлд заасан бусдын эд хөрөнгийг завших, үрэгдүүлэх гэмт хэргийн заавал байх шинж болох өмчлөгч, эсхүл бусад эрх бүхий этгээдээс гэмт этгээд хууль, гэрээ ба албан тушаал эрхэлж буй байдлынх нь үндсэн дээр эд зүйлс, өмч хөрөнгийг тодорхой хүрээнд итгэмжлэн олгосон байдгаараа зөвхөн бусдын өмчийг итгэмжлэн хариуцагч тухайн этгээд энэхүү гэмт хэргийн цорын ганц субъект болдог онцлогтой ба Н.Алтантуяа компанийн өмч болох мөнгөн хөрөнгийг итгэмжлэн хариуцсан ахлах ня-бо-гийн албан тушаалыг ашиглан өөрийн нөхөр Д.Түвшинжаргалын нэр дээрх ХААН банкны нэрийн болон “Хан-Эрдэнэ Шүүдэр” ХХК-ийн данснуудад компаний өмч 126.355.020 төгрөгийг удаа дараагийн үйлдлээр шилжүүлж өөрийн мэдэлд оруулснаар тухайн гэмт хэргийг төгссөн гэж үзнэ. Ийнхүү Н.Алтантуяа тухайн гэмт хэргийг үйлдэж төгссөний дараа Д.Түвшинжаргал өөрийн ХААН банкны нэрийн болон “Хан-Эрдэнэ Шүүдэр” ХХК-ийн данснуудаас мөнгийг түүнд гарган өгч байсан үйл баримтыг тухайн гэмт хэргийг үйлдэхэд хамжигчаар оролцсон гэж дүгнэх  хууль зүйн үндэслэл болохгүй.

 Д.Түвшинжаргал нь Н.Алтантуяагийн ХААН банкны нэрийн болон “Хан-Эрдэнэ Шүүдэр” ХХК-ийн данснуудад нийт 10 удаагийн үйлдлээр шилжүүлсэн 126.355.020 төгрөгийг данснаасаа тухай бүр Н.Алтантуяад гарган өгч дээрх мөнгөн хөрөнгийн зарим хэсгийг өөрийн хувийн хэрэгцээнд ашиглаж зарцуулах зэргээр ялтан Н.Алтантуяагийн гэмт хэрэг үйлдэж олсон мөнгөн хөрөнгө гэдгийг мэдсээр байж урьдчилан амлалгүйгээр авсан түүний идэвхтэй үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 155 дугаар зүйлийн 155.1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байх тул Ю.Сэвлэгмаагийн энэ талаар гаргасан давж заалдсан гомдлыг хүлээн авч түүнд холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 35 дугаар зүйлийн 35.6 дахь хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 150 дугаар зүйлийн 150.3 дахь хэсэгт зааснаар зүйлчлэн шийдвэрлэснийг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 246 дугаар зүйлийн 246.2 дахь хэсэгт заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 155 дугаар зүйлийн 155.1 дэх хэсэгт зааснаар өөрчлөн зүйлчлэх хуулийн үндэслэлтэй байна.  

Ялтан Д.Түвшинжаргал нь гэмт хэрэг үйлдэж олсон мөнгөн хөрөнгө гэдгийг мэдсээр байж урьдчилан амлалгүйгээр авсан дээрх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай боловч тухайн хэргийг 2015 оны 3 дугаар сарын 16-ны өдрөөс 2015 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр хүртэлх хугацаанд үйлдсэн, энэ нь хөнгөн гэмт хэргийн ангилалд хамаарагдсан, тухайн хөнгөн гэмт хэргийг үйлдсэнээс хойш зургаан сарын хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн байх тул Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.2 дахь хэсэгт зааснаар түүнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, Эрүүгийн хуулийн 72 дугаар зүйлийн 72.1.1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлагаас чөлөөлж, шийтгэх тогтоолд зохих өөрчлөлтүүд оруулж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

Анхан шатны шүүх шийтгэх тогтоолдоо “ялтан Д.Түвшинжаргалын эзэмшилд байгаа Чингэлтэй дүүргийн 8 дугаар хороо, Дунд тасган 6 дугаар гудамж 51а тоотод байрлах эрхийн улсын бүртгэлийн Г-2202004846 тоот дугаартай гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газар, мөн хаягт байрлах эрхийн улсын бүртгэлийн Ү-2202011855 тоот дугаартай хувийн сууц, 2006 онд үйлдвэрлэсэн 11-82 УНТ улсын дугаартай Хьюндай соната-6 маркийн автомашиныг эд хөрөнгө хураах ял болон хохирол барагдуулах зорилгоор Нийслэлийн шүүхийн  шийдвэр гүйцэтгэх газарт шилжүүлсүгэй” гэж заасан нь хууль зөрчөөгүй байна.

Д.Түвшинжаргал нь анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол гарсан 2016 оны 8 дугаар сарын 17-ны өдрөөс 2016 оны 10 дугаар сарын 6-ны өдрийг хүртэл 49 хоног цагдан хоригдсон болно.