Улсын дээд шүүхийн Тогтоол

2016 оны 11 сарын 23 өдөр

Дугаар 295

 

Н.Алтантуяа, Д.Түвшинжаргал, Б.Чимгээ

нарт холбогдох эрүүгийн хэргийн тухай

 

Монгол Улсын дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг

шүүгч Б.Батцэрэн даргалж,

шүүгч Д.Ганзориг, Ч.Хосбаяр, Б.Цогт, Д.Эрдэнэбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй,

прокурор М.Буяннэмэх,

хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.Биндэръяа, түүний өмгөөлөгч Ж.Болдбаатар,

шүүгдэгч Б.Чимгээгийн өмгөөлөгч Л.Ганцэцэг,

шүүгдэгч Н.Алтантуяа, Д.Түвшинжаргал нарын өмгөөлөгч Ю.Сэвлэгмаа,

нарийн бичгийн дарга Т.Өлзийтүвшин нарыг оролцуулан,

Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 8 дугаар сарын 17-ны өдрийн 84 дүгээр шийтгэх тогтоол,

Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 6-ны өдрийн 639 дүгээр магадлалтай, 201526022051 дугаартай эрүүгийн хэргийг хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч Ж.Болдбаатарын гомдлоор хянан хэлэлцэв. 

1. Монгол Улсын иргэн, 1972 онд төрсөн, эмэгтэй, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, Хорчин овогт Намсрайн Алтантуяа нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 150 дугаар зүйлийн 150.3 дахь хэсэгт заасан “Бусдын эд хөрөнгийг завшиж онц их хэмжээний хохирол учруулах” гэмт хэрэгт,

2. Монгол Улсын иргэн, 1974 онд төрсөн, эрэгтэй, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, Амбажав овогт Дашбалын Түвшинжаргал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 150 дугаар зүйлийн 150.3 дахь хэсэгт заасан “Бусдын эд хөрөнгийг завшиж онц их хэмжээний хохирол учруулах” гэмт хэрэгт,

3. Монгол Улсын иргэн, 1978 онд төрсөн, эмэгтэй, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, Том тайж овогт Бат-Очирын Чимгээ нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 254 дүгээр зүйлийн 254.1 дэх хэсэгт заасан “Худал мэдүүлэг өгөх” гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүх Н.Алтантуяаг аж ахуйн нэгж, байгууллагын өмчийг итгэмжлэгдэн хариуцсан этгээд завшсаны улмаас онц их хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн,  Д.Түвшинжаргалыг аж ахуйн нэгж, байгууллагын өмчийг итгэмжлэгдэн хариуцсан этгээд завшсаны улмаас онц их хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийг хамжигчаар бүлэглэж үйлдсэн, Б.Чимгээг мөрдөн байцаалтад зориуд худал мэдүүлэг өгсөн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 150 дугаар зүйлийн 150.3 дахь хэсэгт зааснаар Н.Алтантуяаг 100,000 төгрөгийн эд хөрөнгө хурааж, 6 жил 5 сарын хорих ялаар, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 35 дугаар зүйлийн 35.6 дахь хэсгийг журамлан тусгай ангийн 150 дугаар зүйлийн 150.3 дахь хэсэгт зааснаар Д.Түвшинжаргалыг 100,000 төгрөгийн эд хөрөнгө хурааж, 6 жилийн хорих ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 254 дүгээр зүйлийн 254.1 дэх хэсэгт зааснаар Б.Чимгээг 1 жилийн хорих ялаар тус тус шийтгэж, Н.Алтантуяа, Б.Чимгээ нарт оногдуулсан хорих ялыг жирийн дэглэмтэй эмэгтэйчүүдийн хорих ангид, Д.Түвшинжаргалд оногдуулсан хорих ялыг чанга дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид тус тус эдлүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4 дэх хэсэгт зааснаар Б.Чимгээд оногдуулсан 1 жилийн хорих ялыг тэнсэж, мөн хугацаагаар хянан харгалзаж шийдвэрлэжээ.

Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх шийтгэх тогтоолд: “Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 246 дугаар зүйлийн 246.2 дахь хэсэгт заасныг баримтлан Д.Түвшинжаргалд прокуророос Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 35 дугаар зүйлийн 35.6 дахь хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 150 дугаар зүйлийн 150.3 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 155 дугаар зүйлийн 155.1 дэх хэсэгт зааснаар өөрчлөн зүйлчилж, Д.Түвшинжаргалд холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 155 дугаар зүйлийн 155.1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.2 дахь хэсэгт зааснаар хэрэгсэхгүй болгож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 72 дугаар зүйлийн 72.1.1 дэх хэсэгт зааснаар түүнийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлсүгэй” гэсэн заалтыг нэмж, шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “...Д.Түвшинжаргалыг гэмт хэрэг үйлдэж олсон эд хөрөнгө гэдгийг мэдсээр байж урьдчилан амлалгүйгээр авсан гэм буруутайд...” гэж өөрчилж, шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 1 дэх заалтын Н.Алтантуяад холбогдох хэсгээс “...бүлэглэж” гэснийг, 2 дахь заалтын “... Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 35 дугаар зүйлийн 35.6 дахь хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 150 дугаар зүйлийн 150.3 дахь хэсэгт зааснаар Д.Түвшинжаргалыг 100,000 төгргийн эд хөрөнгө хурааж, 6 жилийн хорих ялаар” гэсэн хэсгийг болон тогтоох хэсгийн хорих ял эдлэх дэглэм заасан 3 дахь заалт, гомдол гаргах эрхтэй болохыг дурдсан 9 дэх заалтын Д.Түвшинжаргалд холбогдох хэсгийг тус тус хүчингүй болгож, шийтгэх тогтоолын бусад заалтыг хэвээр үлдээж шийдвэрлэжээ.   

Илтгэгч шүүгч Ч.Хосбаярын хэргийн талаарх танилцуулга, шүүх хуралдаанд оролцсон прокурор М.Буяннэмэх, өмгөөлөгч Ж.Болдбаатар, Л.Ганцэцэг, Ю.Сэвлэгмаа нарын саналыг сонсоод

ТОДОРХОЙЛОХ нь:

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч Ж.Болдбаатар хяналтын шатны шүүхэд гаргасан гомдол болон шүүх хуралдаанд хэлсэн саналдаа: “...Н.Алтантуяад холбогдох хэргийн хохирлын нийт хэмжээ 126,355,020 төгрөг бөгөөд “Баянгол мэд” ХХК-д нягтлан бодогчоор ажиллаж байхдаа буюу 2014 оны 12 дугаар сараас 2015 оны 12 дугаар сар хүртэлх хугацаанд дээрх мөнгөний 47,000,000 төгрөгийг нь өөрийн нөхөр Д.Түвшинжаргалын нэр дээрх Хаан банкны 5024386808 тоот данс руу,  “Хан-Эрдэнэ Шүүдэр” ХХК-ийн Хаан банкин дахь 5009722680 тоот данс руу 79,354,880 төгрөгийг шилжүүлсэн нь “Баянгол мэд” ХХК-ийн Голомт банкин дахь 1815100072 тоот дансны хуулгаас болон А.Түвшинжаргалын данс, компанийн дансны хуулгуудаас тус тус тодорхой харагдаж байгаа болно. Хамгийн гол нь Н.Алтантуяа шүүх хуралдаан дээр өгсөн мэдүүлэгтээ нөхөр Д.Түвшинжаргал руу шилжүүлсэн талаараа маш тодорхой хэлсэн байдаг. Өөрөөр хэлбэл дээрх гэмт хэргийг анхнаасаа Н.Алтантуяа нь бөөрний дутагдал гэх оноштой хүнд өвчтэй гэдгээ мэдсэн цагаасаа эхлэн өөрийн нөхөр Д.Түвшинжаргалтайгаа үгсэн тохиролцож дээрх гэмт хэргийг үйлдэхээр төлөвлөж, “Баянгол мед” ХХК-ийг судалж байгаад Д.Түвшинжаргал нь гэмт хэрэг үйлдэх төлөвлөгөөг зохион байгуулж тус гэмт хэргийг маш зоригтой урьдаас төлөвлөж зохион байгуулалттайгаар үйлдсэн байна.

Д.Түвшинжаргал нь өөрийн нэр дээрх хувийн компанийн дансанд орсон тэр их хэмжээний мөнгийг ямар зорилготой орж ирсэн мөнгө болохыг мэдэхгүй байх боломжгүй. “Хан-Эрдэнэ шүүдэр” ХХК-ийг Д.Түвшинжаргал нь өөрийн нэр дээр байгуулсан, энэ компани нэг ч удаа үйл ажиллагаа явуулж байгаагүй бөгөөд компанийн дансаар зөвхөн “Баянгол мед” ХХК-ийн данснаас Н.Алтантуяагийн шилжүүлсэн 126,355,020 төгрөгнөөс өөр ямар ч гүйлгээ байхгүй.

Н.Алтантуяа нь дээрх гэмт хэргийг “Ялаас чөлөөлөх өвчний жагсаалт, хүнд өвчтэй ялтанд эмнэлгийн бусад байгууллагын туслалцаа үзүүлэх журам”-ын 2.2.5-д “Бөөрний архаг дутмагшлийн 2-3 үе” гэх оноштой бол гэмт хэрэг үйлдсэн ч гэсэн ялаас чөлөөлөгдөнө гэдгээ мэдэж судалсан учраас өөрийн нөхөр Д.Түвшинжаргалтай бүлэглэн, урьдаас төлөвлөн зохион байгуулалттайгаар үйлдсэн байна. Тус гэмт хэргийн улмаас завшиж авсан дээрх их хэмжээний мөнгийг Д.Түвшинжаргал нь өөрийн дансаар авч өөрөө захиран зарцуулсан, БНСУ руу энэ үйлдлээ халхавчлах зорилгоор оргон зугтаасан, н.Алтанцэцэг хавтаст хэрэгт өгсөн мэдүүлэгтээ уг мөнгийг хэрхэн зарцуулсан талаар огтхон ч тайлбар өгөхгүй байгаа нь шууд бус утгаараа нөхөр нь энэ мөнгийг өөрийн дансаар авч хамтран хэрэглэсэн нь тодорхой болж байна.

Иймд Д.Түвшинжаргал нь хөнгөн гэмт хэрэгт ял шийтгэгдэж ял завших нөхцөл байдал байгаа тул анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож өгнө үү...” гэв.

Шүүгдэгч Б.Чимгээгийн өмгөөлөгч Л.Ганцэцэг хяналтын шатны шүүх хуралдаанд: Шүүгдэгч Н.Алтантуяа, Д.Түвшинжаргал нарын өмгөөлөгч Ю.Сэвлэгмаа болон хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч Ж.Болдбаатар нарын гаргасан гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар нь миний үйлчлүүлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг ямар нэгэн байдлаар зөрчөөгүй тул тусгайлан гаргах саналгүй гэв.

Шүүгдэгч Н.Алтантуяа, Д.Түвшинжаргал нарын өмгөөлөгч Ю.Сэвлэгмаа хяналтын шатны шүүх хуралдаанд: Давж заалдах шатны шүүхийн магадлал нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх гэсэн хуулийн шаардлагад нийцэж байгаа тул хэвээр үлдээх саналтай байна гэв.

Прокурор М.Буяннэмэх хяналтын шатны шүүх хуралдаанд: Анхан болон давж заалдах шатны шүүхийн  шийтгэх тогтоол, магадлал нь хууль ёсны бөгөөд үндэслэлтэй байх хуулийн шаардлагыг хангасан байна. Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд зохих өөрчлөлтийг оруулахдаа Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчөөгүй байх тул шийтгэх тогтоол, магадлалыг хэвээр үлдээх саналтай байна гэв.

Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь хууль ёсны ба үндэслэлтэй байх Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 284 дүгээр зүйлд заасан шаардлагад нийцсэн байна.

Шүүгдэгч Н.Алтантуяа нь Д.Түвшинжаргалтай бүлэглэн Баянгол дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлан үйл ажиллагаа явуулдаг “Баянгол мед” ХХК-ийн ахлах нягтлан бодогчоор 2015 оны 3 дугаар сарын 16-ны өдрөөс 9 дүгээр сарын 30-ны өдрийг хүртэл ажиллах хугацаандаа компанийн 126,355,020 төгрөгийг завшиж онц их хэмжээний хохирол учруулсан,

шүүгдэгч Д.Түвшинжаргал нь өөрийн эхнэр Н.Алтантуяаг Баянгол дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлан үйл ажиллагаа явуулдаг “Баянгол мед” ХХК-ийн ахлах нягтлан бодогчоор 2015 оны 3 дугаар сарын 16-ны өдрөөс 9 дүгээр сарын 30-ны өдрийг хүртэл ажиллах хугацаанд нь уг компанийн 126,355,020 төгрөгийг өөрийн хувийн данс болон өөрийн нэр дээрх “Хан-Эрдэнэ шүүдэр” ХХК-ийн дансаар шилжүүлэн авч бусдын эд хөрөнгийг завшиж, онц их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт дэмжлэг үзүүлэх аргаар бүлэглэн үйлдсэн,

шүүгдэгч Б.Чимгээ нь 2016 оны 1 дүгээр сарын 24-ний өдөр мөрдөн байцаалтын шатанд гэрчээр мэдүүлэг өгөхдөө “Алтантуяа нь 2013 оны 12 дугаар сараас 2014 оны 5 дугаар сарыг хүртэлх хугацаанд надаас нийт 71, 72 сая төгрөг бага багаа цувуулж зээлж авдаг байсан” гэж, 2016 оны 6 дугаар сарын 30-ны өдөр “Алтантуяа нь надаас 7 сая төгрөг авч байсан” гэж дахин худал мэдүүлэг өгсөн” гэмт хэргийг тус тус үйлдсэн болох нь  хохирогч, гэрч нарын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт, банкны дансны хуулга зэрэг шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдож, тогтоогдсон талаар анхан шатны шүүхийн дүгнэлтийг хууль зүйн үндэслэлтэй гэж үзлээ.

Н.Алтантуяа, Д.Түвшинжаргал, Б.Чимгээ нарт холбогдох хэргийн мөрдөн байцаалтын ажиллагаа бүрэн хийгдсэн, шүүхийн шийтгэх тогтоол гаргахад чухал ач холбогдолтой бүхий л байдлыг шалгаж тогтоосон байна.

Анхан шатны шүүх Н.Алтантуяаг аж ахуйн нэгж, байгууллагын өмчийг итгэмжлэгдэн хариуцсан этгээд завшсаны улмаас онц их хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн, Д.Түвшинжаргалыг аж ахуйн нэгж, байгууллагын өмчийг итгэмжлэгдэн хариуцсан этгээд завшсаны улмаас онц их хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийг хамжигчаар бүлэглэж үйлдсэн, Б.Чимгээг мөрдөн байцаалтад зориуд худал мэдүүлэг өгсөн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэж тус тус дүгнэн, Н.Алтантуяа, Д.Түвшинжаргал нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 150 дугаар зүйлийн 150.3 дахь хэсэгт заасан хорих ял, Б.Чимгээд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 254 дүгээр зүйлийн 254.1 дэх хэсэгт заасан хорих ялыг тус тус оногдуулсан нь тэдний гэм буруу, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанарт тохирсон байх бөгөөд шүүгдэгч Б.Чимгээд оногдуулсан хорих ялыг тэнсэж хянан харгалзаж шийдвэрлэхдээ Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчөөгүй, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн байна гэж дүгнэв.

Харин давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 35 дугаар зүйлийн 35.6 дахь хэсэгт заасан хамжигчийн тухай ойлголт, мөн хуулийн тусгай ангийн 150 дугаар зүйлд заасан бусдын эд хөрөнгийг завших гэмт хэрэг, 155 дугаар зүйлд заасан гэмт хэрэг үйлдэж олсон эд хөрөнгийг авах, борлуулах гэмт хэргийн бүрэлдэхүүний талаар төөрөлдөж Д.Түвшинжаргалын гэм буруугийн асуудлаар хууль зүйн үндэслэлгүй, буруу дүгнэлт хийжээ.

Д.Түвшинжаргалын хувьд Н.Алтантуяагийн “Баянгол мед” ХХК-иас өөрт завших зорилгоор 126,355,020 төгрөгийг өөрийн захиран зарцуулах эрхэд шилжүүлэн авах үйлдэлд хувийн болон өөрийн эзэмшлийн аж ахуйн нэгжийн дансыг ашиглуулах, өөрийн биеэр мөнгийг данснаас авч өгөх зэргээр идэвхтэй дэмжлэг үзүүлснээс гадна олон удаагийн үйлдэлд оролцож мөнгийг өөрийн дансаар авч өгөх, олсон мөнгөн хөрөнгийг хамтдаа зарж хэрэглэх үйлдлийг байнга хийж байсан, мөн Н.Алтантуяа бусдын хөрөнгийг завших бүрдээ энэ аргыг урьдчилан мэдэж хэрэглэж байсан нь Д.Түвшинжаргал эдгээр үйл ажиллагааг Н.Алтантуяад үйлдлээрээ үзүүлж буюу урьдчилан амалсан гэж дүгнэх хууль зүйн үндэслэлтэй. Д.Түвшинжаргалын үйлдлийн шинж чанар Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 35 дугаар зүйлийн 35.6 дахь хэсэгт заасан хамжигчийн тухай ойлголттой бүрэн нийцэж байна.

Бусдын эд хөрөнгийг хууль бус аргаар завших, гэмт хэрэг үйлдэж олсон эд хөрөнгө гэдгийг мэдсээр байж авах гэмт хэргүүдийг ялган зүйлчлэхийн тулд эхний гэмт хэрэг төгссөн, дараачийн гэмт хэрэг эхэлж буй заагийг нарийвчлан тогтоох нь чухал. Н.Алтантуяагийн “Баянгол мед” ХХК-иас мөнгө завшиж буй үйлдэл нь Д.Түвшинжаргалын банкин дахь хувийн болон компанийн дансанд шилжүүлснээр төгссөн бус харин Д.Түвшинжаргал өөрийн данснаас авч Н.Алтантуяагийн гарт өгөн захиран зарцуулах боломж олгосноор гэмт хэрэг төгс үйлдэгдэж буй юм. Иймээс Д.Түвшинжаргалын үйлдэл нь Н.Алтантуяагийн гэмт үйл ажиллагааны нэг салшгүй хэсэг, түүний үйлдэлгүйгээр гэмт хэрэг төгс үйлдэгдэх боломжгүй байсан, мөн гэмт хэргийн улмаас бий болсон хор уршигтай шууд шалтгаант холбоотой байх тул Д.Түвшинжаргал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 150 дугаар зүйлийн 150.3 дахь хэсэгт заасан гэмт хэргийг энэ хэргийн тусгай субъекттэй бүлэглэн үйлдсэн гэж дүгнэх үндэслэлтэй байна.

Иймд давж  заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний алдааны талаар гаргасан хохирогчийн өмгөөлөгч Ж.Болдбаатарын гомдол үндэслэлтэй байх тул магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээхээр шийдвэрлэв.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 350 дугаар зүйлийн 350.1.1, 350.1.3 дахь хэсэгт заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:

1. Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 8 дугаар сарын 17-ны өдрийн 84 дүгээр шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 6-ны өдрийн 639 дүгээр магадлалыг хүчингүй болгож, шүүгдэгч Д.Түвшинжаргалд урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

                        ДАРГАЛАГЧ

                        ШҮҮГЧ                                                         Б.БАТЦЭРЭН

                        ШҮҮГЧ                                                         Ч.ХОСБАЯР