Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 05 сарын 17 өдөр

Дугаар 221/МА2018/0289

 

“А с” ХХК-ийн нэхэмжлэлтэй

 захиргааны хэргийн тухай

                         

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Батбаатар даргалж, шүүгч Д.Баатархүү, шүүгч Э.Зоригтбаатар нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Отгонжаргал, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Н, С.Т, хариуцагч Баянгол дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч Л.Н, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.О нарыг оролцуулан хийж, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн 128/ШШ2018/0107 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Т, Х. нарын гаргасан давж заалдах гомдлоор, “А с” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Баянгол дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч Л.Н, Д.Д нарт холбогдох захиргааны хэргийг, шүүгч Э.Зоригтбаатарын илтгэснээр хянан хэлэлцээд, 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн 128/ШШ2018/0107 дугаар шийдвэрээр: Татварын ерөнхий хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.1, 74 дүгээр зүйлийн 74.1, 74.1.3, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай /2006/ хуулийн 14 дүгээр зүйлийн 14.3, Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.4, Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.3-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “А с” ХХК-иас Баянгол дүүргийн Татварын хэлтсийн улсын байцаагч Л.Н, Д.Д нарт холбогдуулан гаргасан “Татварын улсын байцаагч нарын 2015 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн 260016446 тоот актыг хүчингүй болгуулах” гэсэн шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, актаар ногдуулсан төлбөрөөс 1,650,100.0 төгрөгийн торгууль, 2,212,900.0 төгрөгийн алдангийг өршөөн хэлтрүүлж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Т, Х.Н нар давж заалдах гомдолдоо: “...Баянгол дүүргийн Татварын хэлтсийн хяналт шалгалтын улсын байцаагч Л.Н, Д.Д нарын 2016 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн 260016446 актыг эс зөвшөөрч гаргасан нэхэмжлэлийг Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.С хянан шийдвэрлээд гаргасан 2018 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн 128/ШШ2018/0107 дугаар шийдвэр нь хууль ёсны, үндэслэл бүхий болж чадаагүй тул давж заалдах гомдол гаргаж байна.

Шүүгч А.С-ийн гаргасан шийдвэрийг давж заалдахын учир нь:

1. Нэхэмжлэгчийн зүгээс улсын байцаагчдын актыг хууль зүйн үндэслэлгүй гарсан тухай дурдан заасан байхад шүүхийн шийдвэрт улсын байцаагчдын актыг үндэслэж баримтыг дурдаж, улмаар маргаж байгаа актаас “А с” ХХК-д 12291084 тоот падаанаар 55,004,636.40 төгрөгийн хуурамч борлуулалт хийж НӨАТ-ын падаан бичиж өгсөн гэж дурдсан нөхцөл байдал” гэх зэргээр дурдан зааж тухайн актад үндэслэл болгож баримтуудыг нотолгоо болгон үнэлсэн.

Улмаар эдгээрт үндэслэн “А с” ХХК болон “Б” ХХК-ийн хооронд бодит худалдан авалт хийгдээгүй бөгөөд 55,004,636.40 төгрөгийн шатахууны борлуулалт хийсэн мэтээр хуурамчаар бичилт хийж, 12291084 падааныг үйлдсэн гэдэг нь тогтоогдож байна” гэсэн хууль зүйн үндэслэлгүй дүгнэлт хийж нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон. Улмаар актаар ногдуулсан төлбөрөөс 1,650,100 төгрөгийн торгууль, 2,212,900 төгрөгийн алдангийг өршөөн хэлтрүүлэхээр тогтоосон нь буруу гэж үзэв.

2. Дээрх шийдвэрийг гаргахдаа улсын байцаагчийн акт гаргахад үндэслэсэн. Улмаар маргааны нөгөө тал болох захиргааны байгууллагуудын баримтад үндэслэж зөвхөн захиргааны байгууллагын хүсэл зорилгод үндэслэж байгаа нь Монгол Улсын Үндсэн хуулиар тогтоосон “хууль, шүүхийн өмнө эрх тэгш байх” үндсэн эрхийг зөрчиж байна.

3. Шүүхийн шийдвэр нь урьдчилан тогтоосон захиргааны актад бус нотлох баримтад үндэслэсэн бодитой байх ёстой. Ялангуяа татвар, санхүүгийн маргаантай холбоотой маргааныг хянан шийдвэрлэхдээ санхүүгийн болон татварын баримтад үндэслэн үнэлэлт, дүгнэлт өгөх ёстой.

Гэтэл хуурамч гэж байгаа падааны дугаар, барааг борлуулагч тал болох “Б” ХХК-ийн улсын бүртгэлийн дугаарыг улсын байцаагч падааны дугаар болгон ашиглаж акт тогтоосон. “А с” ХХК-ийн худалдан авалтыг хийгээд түүнийг хүлээн авсан “С” ХХК-ийн санхүүгийн кассын зарлагын падаан, “Б” ХХК-ийн кассын орлогын баримт зэрэг нотолгоо, худалдан авсан шатахуунаа орлогод бүртгэж авсан тайлан, материалын орлогын падаан болох санхүүгийн анхан шатны баримтаар тогтоогдож байхад түүнийг шүүх авч хэлэлцээгүй болно.

Шүүх нотлох баримтыг бодитойгоор шалган тогтоохгүйгээр “нотлох нягтлан бодох бүртгэлийн анхан шатны бодит бичиг болох падаан нь үнэн зөв бодит биш падаан дээр бичсэн. Шатахууны худалдан авалт нь хий бичилттэй, хуурамч гэдэг нь нотлох баримтаар тогтоогдож байхад шүүх улсын байцаагчийн акт хууль бус гэж дүгнэх нь хуульд нийцэхгүй” хэмээн дүгнэж шийдвэр гаргах үндэслэл болгосон нь шүүгч шууд хариуцагч талын хүсэл зоригийг илэрхийлсэн, нэг талд үйлчилсэн гэж харуулах хангалттай үндэслэл болно гэж үзэж байна.

4. Шүүгч, татварын байцаагчийн акт 2012 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 09 дүгээ сарын 21-ний өдрийн хугацааг хамарсан Татварын ерөнхий хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1-д заасан хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн, уг акт хүчингүй болох хууль зүйн үндэслэлийн талаар үнэлэлт дүгнэлт өгөөгүй. Хууль зөв хэрэглэх, маргааныг бодитой хууль зүйн дагуу шийдвэрлэх хуулиар тогтоосон зарчмыг зөрчсөн байна.

5. Шүүгч шийдвэр гаргахдаа татварын хууль тогтоомж, тухайлбал Татварын ерөнхий хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.1, 74 дүгээр зүйлийн 74.1, 74.1.3, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.3 зэрэг хуулийн зохицуулалтыг буруу тайлбарлан хэрэглэсэн гэж үзнэ.

6. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 128/ШШ2018/0107 дугаар шийдвэрийг хүлээн авах боломжгүй үндсэн шалтгаан нь:

Татварын хяналт шалгалтын улсын байцаагч нь аливаа төрийн байгууллага /хүчний болон яам, агентлаг, төрийн болон төрийн бус байгууллага/-аас ирүүлсэн албан тоотыг үндэслэн татварын улсын байцаагчийн акт үйлдэх хууль эрх зүйн үндэслэлгүй гэдгийг нягтлан үзэж үнэлэлт, дүгнэлт өгөөгүй.

 Баянгол дүүргийн татварын хяналт шалгалтын улсын байцаагч Л.Н, Д.Д нарын бичсэн актад Цагдаагийн ерөнхий газрын 2015 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн 9д/171 тоотыг үндэслэн 2016 оны 06 дүгээр сарын 26-нд 260016446 тоот актыг үйлдсэн нь Татварын ерөнхий хуулийн 32 дугаар зүйлийг зөрчиж шалгалт хийсэн тул актыг хүчингүйд тооцох бүрэн үндэслэлтэй байхад шүүгч түүнийг шалгаж тогтоогоогүй.

“А с” ХХК нь “Б” ХХК-аас авсан 12291084 тоот падаанд Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.3-д заасны дагуу худалдан авсан барааны нэр, тоо хэмжээ, барааны нийт үнэ, нийт үнээс тооцож ногдуулсан НӨАТ-ын дүн зэргийг хуулийн дагуу бичсэн хүчин төгөлдөр падааныг хүлээн авсан бөгөөд 2012 оны 09 дүгээр сарын НӨАТ-ын тайлангаар дээрх падааныг үндэслэн НӨАТ-ын хасалт хийсэн. Энэ бодит байдлыг шүүх баримтад үндэслэн, хууль зүйн үнэлэлт, дүгнэлт өгөөгүй.

“Б” ХХК нь Баянзүрх дүүргийн татварын албанд гаргаж өгсөн 9 сарын НӨАТ-ын тайландаа “А с” ХХК-аас авсан шатахууны үнэ болон 55,004.6 төгрөгийг борлуулалтын орлогоор тусгах НӨАТ болох 5500463,6 сая төгрөгийн татварыг улсад төлөхөөр тайлагнасан байхад “А с” ХХК-д 5500463,6 сая төгрөгийн дүнтэй актыг ногдуулсан нь татварыг давхардуулан ногдуулахгүй гэсэн олон улсын татварт мөрддөг нийтлэг үндсэн зарчмыг зөрчиж нэг орлогод татварыг хоёр дахин ногдуулсан.

“А с”ХХК нь шатахуун худалдан авах тухайн үед шатахууны үнийг шилжүүлэх санхүүгийн боломжгүй байсан тул “С” ХХК-аас шатахууны үнийг “Б” ХХК-д шилжүүлсэн. Энэ нь “С” ХХК-ийн санхүүгийн кассын 2012 оны 9 дүгээр сарын 21-ний өдрийн 61 тоот зарлагын баримтаар, “Б” ХХК-ийн нэхэмжлэл, шатахууны орлогыг хүлээн авсан гарын үсэг бүхий кассын орлогын баримтаар нотлогдож байгаа бөгөөд “С” ХХК нь “А с” ХХК-ны өмнөөс шилжүүлсэн шатахууны үнэ болох 55004636,4 сая төгрөгийг өөрийн компанийн 2012 оны санхүүгийн өр, авлагын тайландаа тусгаж гаргасан “С” ХХК-ийн санхүүгийн баримтаар нотлогдож байгаа болно.

Эдгээр баримтууд хэрэгт авагдсан, аж ахуйн нэгж хоорондын тооцоо, санхүүгийн баримтаар нотлогдож байхад шүүх, шүүгч А.С хууль зүйн үндэслэлгүй, буруу шийдвэр гаргасан байгааг залруулан зөвтгөж, шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, улмаар Баянгол дүүргийн Татварын хэлтсийн хяналт шалгалтын байцаагч Л.Н, Д.Д нарын 2016 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн 260016446 дугаар актыг хүчингүй болгож өгөхийг хүсч гомдлын өргөдөл гаргав” гэжээ.

ХЯНАВАЛ:

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын давж заалдах гомдлын хүрээнд хянав.

“А с” ХХК-аас Баянгол дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч нарт холбогдуулан “Татварын улсын байцаагч Л.Н, Д.Д нарын 2015 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн 260016446 дугаар актыг хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэл гаргажээ.

 Анхан шатны шүүх маргааны үйл баримтад зөв дүгнэлт хийж, хэрэглэвэл зохих Татварын ерөнхий хууль, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хууль, Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн холбогдох зүйл, заалтыг зөв тайлбарлан хэрэглэж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.

Гэвч Нийслэлийн Татварын газрын дэргэдэх Маргаан таслах зөвлөлийн 2017 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 022 дугаар тогтоолоор маргаан бүхий актаар ногдуулсан төлбөрөөс 1,650,139.1 төгрөгийн торгууль, 2,112,108.4 төгрөгийн алдангийг өршөөлд хамруулсан байхад уг хүү, алдангийг Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуульд дахин хамруулж, өршөөн хэлтрүүлсэн нь буруу байх тул шийдвэрийн Тогтоох хэсэгт зөвтгөсөн өөрчлөлт оруулж шийдвэрлэв.

Хэрэгт авагдсан нотлох баримтуудаас үзвэл Баянгол дүүргийн Татварын хэлтсийн Татварын хяналт, шалгалтын тасгийн татварын улсын байцаагч Л.Н, Д.Д нар “А с” ХХК-ийн 2012 оны нэмэгдсэн өртгийн албан татварын ногдуулалт, төлөлтийн байдалд хэсэгчилсэн шалгалт хийж, татварын улсын байцаагчийн 2015 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн 260016446 дугаар актаар нэмэгдсэн өртгийн албан татвар ногдох орлогоо бууруулсан гэх зөрчил тогтоон, 5,500,463.64 төгрөгийн нөхөн татвар, 1,650,100.0 төгрөгийн торгууль, 2,212,900.0 төгрөгийн алданги, нийт 9,262,711.1 төгрөгийн төлбөр ногдуулжээ. Талууд хяналт шалгалт явагдсан гэх үйл баримт, процессын талаар маргаагүй, гагцхүү “шатахуун худалдан авсан эсэх” талаар маргаж байна. Тодруулбал нэхэмжлэгч талаас “бодитой худалдан авалт хийсэн, холбогдох баримтуудаар нотлогдоно” гэж харин хариуцагчийн зүгээс “бодитой худалдан авалт хийгээгүй, хий бичилттэй падаан” гэж тайлбарлан маргаж байна.

Энэ тохиолдолд үнэхээр бодитойгоор шатахуун худалдан авсан эсэхийг тогтоох нь ач холбогдолтой байна.

Нэхэмжлэгч “А с” ХХК нь “С” ХХК-аар дамжуулан “Б” ХХК-аас 2012 онд нэмэгдсэн өртгийн албан татварын падаанаар шатахуун худалдан авсан гэх боловч “Б” ХХК нь “А с” ХХК-д ямар ч бараа материал тэр дундаа шатахууны борлуулалт хийж байгаагүй ажээ. Хэрэгт авагдсан “Эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгох тухай” 2015 оны 12 сарын 24-ний өдрийн 1161 дугаартай Баянгол дүүргийн Прокурорын газрын прокурорын тогтоолд Б.Б-Э нь “Б” ХХК-ийн нэрээр нийтдээ 16.008.850.900 /арван зургаан тэрбум найман сая найман зуун тавин мянга есөн зуун төгрөг/-ийн борлуулалт хийсэн мэтээр, мөн компанийн нэрээр 17.049.167.017 /арван долоон тэрбум дөчин есөн сая нэг зуун жаран долоон мянга арван долоо/ төгрөгийн  худалдан авалт хийсэн мэтээр НӨАТ падаанд тусган НӨАТ төлөхөөс санаатай зайлсхийсэн болох нь тогтоогдсон байна. Өөрөөр хэлбэл, “Б” ХХК нь зөвхөн 2012 онд л гэхэд нийлбэр дүнгээр 33.057.017.917 /Гучин гурван тэрбум  тавин долоон сая арван долоон мянга есөн зуун арван долоо/ төгрөгийн гүйлгээ хийсэн мэтээр тайлагнасан боловч бодит байдалд гүйлгээ хийгээгүй ажээ.

“Б” ХХК-ийн тухайд шатахуун импортлогч нэр бүхий аж ахуйн нэгж биш, ямар ч онцгой албан татвар төлж байгаагүй, түүнчлэн шатахууны жижиглэн худалдаа /473000/ хатуу, шингэн, хийн түлш, түүнтэй адилтгах бүтээгдэхүүний худалдаа /466100/ хийх чиглэл байхгүй болох нь тогтоогджээ.

Шатахуун худалдан борлуулах гэдэг нь энгийн нэгэн бараа материал худалдан борлуулахтай адилгүй заавал тусгай зөвшөөрөлтэй байхыг шаардахаас гадна хадгалалт, хамгаалалт, тээвэрлэлтийн онцгой нөхцөл шаардана. Гэтэл нэхэмжлэгч “Б” ХХК-ийн тухайд 42 тонн шатахууныг хаана хэрхэн хадгалж байсан болох нь тодорхойгүйгээс гадна “А с” ХХК-ийн тухайд зөвхөн “шатахуун худалдан авсан, уурхайдаа хэрэглэсэн” гэж тайлбарлах боловч хаанаас, хэзээ, хэрхэн, ямар маркийн машинаар шатахууныг авсан болох нь тогтоогдохгүй, өөрөөр хэлбэл бодит худалдан авалт хийгдсэн баримт байхгүй байна. Иймд Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай /2006 оны/ хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.1-д заасан /...худалдан авсан бараа, ажил үйлчилгээнд төлсөн/  хуулийн шаардлага хангагдахгүй байна.

Иймд нэхэмжлэгч дээрх нэмэгдсэн өртгийн албан татварын падаануудаар бодит худалдан авалт хийсэн гэх нөхцөл байдал тогтоогдохгүй, худалдан авалт бодитойгоор хийгдээгүй, хий бичилттэй баримтыг санхүүгийн тайланд тусгасан нь “үнэн зөв, бодит баримтад тулгуурлан санхүүгийн тайлан үйлдэгдэнэ” гэсэн шаардлага нөхцөлийг хангаагүй байх бөгөөд нэмэгдсэн өртгийн албан татварын падаан дангаараа нэмэгдсэн өртгийн албан татвар төлснийг нотлохгүй, бэлтгэн нийлүүлэгч талын бараа материалаа худалдсан зарлагын баримтаас гадна худалдан авагч талын “...нягтлан бодох бүртгэлийн бусад баримт” буюу төлбөрийн нэхэмжлэл, худалдах, худалдан авах гэрээ, ажил, гүйлгээ гарсныг нотлох дансны дебет, кредит бичилт, журнал, бүртгэл гэх мэт санхүүгийн анхан шатны баримт, бүртгэлд уг гүйлгээ гарсан нь тусгагдсан тохиолдолд уг худалдан авалтад төлсөн нэмэгдсэн өртгийн албан татварыг хасч тооцох ёстой.

Мөн нэмэгдсэн өртгийн албан татварын падааныг хий бичдэг гэх асуудлаар “Б” ХХК-ийн захирал Б.Б-Э-д холбогдуулан эрүүгийн хэрэг үүсгэн шалгасан, Б.Б-Э нь “А с” ХХК-д хий бичилт хийж, бичиг баримт хуурамчаар үйлдсэн гэдгээ хүлээн зөвшөөрсөн, ямарч бараа, ажил үйлчилгээ үзүүлээгүй талаар прокурорын тогтоол, яллагдагчаар байцаасан тэмдэглэл, яллах дүгнэлт байгааг дурдах нь зүйтэй.

Түүнчлэн Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай /2006 оны/ хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д “Иргэн, хуулийн этгээд нэмэгдсэн өртгийн албан татвар төлөгчөөр бүртгүүлснээсээ хойшхи хугацаанд энэ хуулийн 7, 8, 11 дүгээр зүйлд заасны дагуу төлсөн дор дурдсан нэмэгдсэн өртгийн албан татварыг түүний төсөвт төлөх нэмэгдсэн өртгийн албан татвараас хасч тооцно”, 14.1.1-д “үйлдвэрлэл, үйлчилгээний зориулалтаар худалдан авсан бараа, гүйцэтгэсэн ажил, үзүүлсэн үйлчилгээнд төлсөн”, 14.3-д “Худалдан авагч нь бэлтгэн нийлүүлэгчид нэмэгдсэн өртгийн албан татвар төлсөн нь нэхэмжлэл, падаан болон нягтлан бодох бүртгэлийн бусад баримтад тусгагдаагүй бол уг албан татварыг хасч тооцохгүй” гэж заасан тул төлөөгүй татварт холбогдох 55,004,636.4 төгрөгийн зөрчилд нөхөн татвар, торгууль, алданги төлүүлэхээр тогтоосон татварын улсын байцаагчийн 2015 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн 260016446 дугаар акт Татварын ерөнхий хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.3-т заасанд нийцсэн байна.

Иймд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлоор маргаан бүхий захиргааны актыг хүчингүй болгох боломжгүй тул анхан шатны шүүхийн шийдвэрт зохих өөрчлөлтийг оруулав.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.3 дахь хэсгийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн 128/ШШ2018/0107 дугаар шийдвэрийн “Тогтоох” хэсгийн 1 дэх заалтыг “Татварын ерөнхий хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.1, 74 дүгээр зүйлийн 74.1, 74.1.3, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай /2006/ хуулийн 14 дүгээр зүйлийн 14.3, Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.4 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “А с” ХХК-аас Баянгол дүүргийн Татварын хэлтсийн улсын байцаагч Л.Н, Д.Д нарт холбогдуулан гаргасан “Татварын улсын байцаагч нарын 2015 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн 260016446 дугаар актыг хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай” гэж өөрчлөн шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Т, Х.Н нарын давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 51 дүгээр зүйлийн 51.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан эсхүл хүргүүлсэн өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

                               ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                                 Д.БАТБААТАР

                               ШҮҮГЧ                                                                    Д.БААТАРХҮҮ

                               ШҮҮГЧ                                                                    Э.ЗОРИГТБААТАР