Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 02 сарын 23 өдөр

Дугаар 107

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Сарангэрэл даргалж, “АС” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Баянгол дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч Л.Н, Д.Д нарт холбогдох захиргааны хэргийг 2018 оны 02 дугаар сарын 23-ны өдөр тус шүүхийн шүүх хуралдааны 5 дугаар танхимд хийсэн шүүх хуралдаанаар хянан хэлэлцэж энэхүү шүүхийн шийдвэрийг гаргав.  

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Т, Х.Н, хариуцагч Баянгол дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч Л.Н, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Э.Н нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ НЬ: 

Нэхэмжлэлийн агуулга /хх 1-2/: 

Баянгол дүүргийн Татварын хэлтсийн хяналт шалгалтын тасгийн улсын байцаагч Л.Н, Д.Д нарын 2016 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн 26001******* тоот актыг эс зөвшөөрч нэхэмжлэл гаргажээ.

Актын тогтоох хэсгийг 1-д 2012 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр “Б” ХХК-иас 54 88*******тоот хуурамч падаанаар 55.004.636.40 төгрөгийн бараа борлуулсан гэж үзэн татварын байцаагчийн үйлдсэн актын нэмэгдсэн өртгийн албан татварын падаан нь хуурамч биш болох нь дараахь үйлдэл болон санхүүгийн баримтаар нотлогдож байна. 

А/ Хуурамч гэж байгаа падааны дугаар барааг борлуулагч тал болох Баянзүрх дүүргийн Засаг даргын татварын хэлтэстэй харьцагч “Б” ХХК-ийн Улсын бүртгэлийн газраас олгосон регистрийн дугаарыг байцаагч падааны дугаар болгон ашиглаж актанд бичсэн байх бөгөөд “АС” ХХК-ийн худалдан авалтанд бичиж өгсөн 55.004.636.40 төгрөгийн барааны үнийн дүнтэй нэмэгдсэн өртгийн албан татварын 1229******* тоот дугаар бүхий падаан байна. Борлуулагч тал болох “Б ” ХХК нь худалдан авагч тал болох “АС” ХХК-д борлуулсан шатахууны орлогоо Баянзүрх дүүргийн  татварын албанд 2012 оны 09 дүгээр сарын нэмэгдсэн өртгийн албан татварын тайланд төсөвт төлөх орлогоор тусгаж Баянзүрх дүүргийн татварын албанд тайлагнасан болох нь Баянзүрх дүүргийн Татварын хэлтсээс ирүүлсэн албан тоотоор нотлогдож байгаа. Иймд “АС” ХХК нь худалдсан шатахууны нэмэгдсэн өртгийн албан тоотоор нотлогдож байгаа тул “АС” ХХК-д худалдсан шатахууны нэмэгдсэн өртгийн албан татварын падаан нь хуурамч биш болох мөн борлуулагч тал нь татвар төлөх орлогоо нуун дарагдуулж татвараас зугтах үйлдэл хийгээгүй болох нь Баянзүрх дүүргийн Татварын хэлтсээс ирүүлсэн албан тоот түүнтэй хавсарган ирүүлсэн тайлангаар нотлогдож байна.

Мөн татвар төлөгч аж ахуйн нэгжүүд нь нэмэгдсэн өртгийн албан татварын падааныг татварын алба нь авч үйл ажиллагаандаа ашигладаг бөгөөд орон нутгийн болон дүүргийн татварын албад нь Татварын ерөнхий газраас Нэмэгдсэн өртгийн албан татварын падааныг авч харилцагч аж ахуйн нэгжүүдээс гаргасан хүсэлтийг үндэслэн олгодог болно.

Татварын ерөнхий газар нь Баянзүрх дүүргийн Татварын хэлтсийн нь 0012290001-00123З0000 тоот дугаар бүхий Нэмэгдсэн өртгийн албан татварын падааныг Татварын ерөнхий газраас 2017 оны 07 дугаар сарын 06-ны өдөр авсан нь Татварын ерөнхий газраас баримт болгон гаргаж өгсөн 195 тоот зарлагын падаанаар нотлогдож байгаа нь “Б” ХХК-иас “АС” ХХК-д олгосон Нэмэгдсэн өртгийн албан татварын падаан Татварын улсын байцаагчийн акт үйлдсэн гол үндэслэл болох хуурамч падаан гэснийг үгүйсгэх нотлох баримт болж байна.

“Ас” ХХК нь Татварын ерөнхий газраас олгосон хүчин төгөлдөр нэмэгдсэн өртгийн албан татварын падааныг үндэслэн төсөвт төлөх нэмэгдсэн өртгийн албан татварын тайлангийн ДТ-д бичиж КТ-ын дүнгээсээ хасалт хийж Баянгол дүүргийн Татварын хэлтэст тайлагнасан нь холбогдох татварын байгууллагуудаас гаргаж өгсөн албан тоот болон баримтаар нотлогдож байна. 

Шатахууны нэмэгдсэн өртгийн албан татварын үнэ болох 60.505.100 төгрөгийг “Б” ХХК-ийн нэхэмжлэхийг үндэслэн “АС” ХХК-ийн өмнөөс “С” ХХК-иас шилжүүлж "Б” ХХК-ийн эрх бүхий этгээд гарын үсэг зурж хүлээн авсан болох нь “С” ХХК-ийн санхүүгийн кассын зарлагын падаан, “Б” ХХК-ийн кассын орлогын баримтаар нотлогдож байгаа бөгөөд худалдан авсан шатахуунаа орлогод бүртгэж авсан “С” XXК ийн тайлант үеийн материалын орлогын падаан болох санхүүгийн анхан шатны баримтаар нотлогдож байна. 

Татварын хяналт шалгалтын улсын байцаагчийн үйлдсэн акт нь “А с” ХХК-ийн 2012 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 09 дүгээр сарын 21-ний өдрийн хугацааг хамарсан нь Татварын ерөнхий хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1-д “Татвар нөхөн ногдуулах, алданги,. торгууль ногдуулах хөөн хэлэлцэх хугацаа 5 жил байна” гэж заасан тул Татварын улсын байцаагчийн тавьсан акт хүчингүйд тооцогдохоор байна. 

Татварын ерөнхий хуулиар нэг хариуцлагыг 2 аж ахуй нэгжид давхардуулан хариуцлага хүлээлгэхгүй хэмээн заасан байдаг. 

Иймд Баянгол дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч нарын 2015 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн 26001******* тоот актыг хүчингүй болгож өгнө үү гэжээ. 

Хариуцагчийн хариу тайлбарын агуулга /хх 35-36/: 

“АС”  ХХК-ийн 2012 оны Нэмэгдсэн өртгийн албан татварын ногдуулалт, төлөлтийн байдалд “Татварын хяналт шалгалт хийх 26150600530 тоот томилолт”, “Татварын хяналт шалгалт хийх ерөнхий удирдамж”, “Татварын ерөнхий газрын даргын 2015 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн 7/1539 тоот”, “ЦЕГ-ын ЗБГХТГазрын 2015 оны 5 дугаар сарын 19-ний өдрийн 9д/171 тоот”-ын дагуу санхүүгийн анхан шатны баримт болон нягтлан бодох бүртгэл, тайлан тэнцэл, албан  татварын ногдуулалт, төлөлтийн тайлан, хөндлөнгийн мэдээлэл зэрэг баримт материалд үндэслэн Баянгол дүүргийн Татварын хэлтсийн Татварын хяналт шалгалтын тасгийн татварын улсын байцаагч Л.Н, Д.Днар хэсэгчилсэн шалгалт хийсэн. 

Татварын хяналт шалгалтаар нийт 55,004,636.40 төгрөгийн зөрчил илэрсэн нь Монгол Улсын хууль тогтоомжийн заалтыг дараахь байдлаар зөрчсөн нь тогтоогдлоо. Үүнд: 

2012 оны 12 дугаар сарын 15-ны өдөр “Б ” ХХК-иас 1229******* тоот падаанаар 4004,636.40 төгрөгийн бараа материал худалдан авснаар баримт бүрдүүлэн нэмэгдсэн өртгийн ‘‘албан татвар ногдуулах орлогыг бууруулсан нь Монгол Улсын Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 4 дүгээр зүйлд: “4.1.3 нэгдсэн дугаар бүхий Нэмэгдсэн өртгийн албан татварын падаан” гэж борлуулсан бараа, гүйцэтгэсэн ажил, үзүүлсэн үйлчилгээний нэр төрөл, тоо хэмжээ, тэдгээрийн нэгжийн болон нийт үнэ, түүнчлэн нэмэгдсэн өртгийн албан татварын хэмжээг тусгасан татварын албанаас олгосон нэгдсэн дугаар бүхий нягтлан бодох бүртгэлийн анхан шатны баримт бичгийг; 14 дүгээр зүйлд: “ 14.3 Худалдан авагч нь бэлтгэн нийлүүлэгчид нэмэгдсэн өртгийн албан татвар төлсөн нь нэхэмжлэл, падаан болон нягтлан бодох бүртгэлийн бусад баримтад тусгагдаагүй бол уг албан татварыг хасч тооцохгүй”, Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 4 дүгээр зүйлд: “... 4.1.2 санхүүгийн тайлан нь үнэн, зөв баримт материал, бодит тоо, мэдээнд үндэслэх...” 7 дугаар зүйлд: “ ...7.7 Анхан шатны баримтгүй ажил гүйлгээг бүртгэл, тайланд тусгахыг хориглоно...” 17 дугаар зүйлд: “17.2 Аж ахуйн нэгжийн удирдлага нь санхүү, бүртгэлийн хууль тогтоомж, стандарт, дүрэм, журам, зааварт нийцүүлэн нягтлан бодох бүртгэлийн байгууллагын баримт бичгийг боловсруулан баталж, мөрдөж ажиллана...” 20 дугаар зүйлд: “20.1 ‘нягтлан бодогчийн үйл ажиллагаанд ... хориглоно...”, “20.1.4 хуурамч баримт бүрдүүлэн гүйлгээг дансанд бичих...”гэж заасныг тус тус зөрчснийг тэмдэглэж Монгол Улсын Татварын ерөнхий хуулийн 34 дүгээр зүйлийг үндэслэн дээрхи зөрчилд 2015 оны 06 дугаар сарын 26-ны өдөр 1******* тоот акт үйлдсэн болно.

Тус аж ахуйн нэгж татварын улсын байцаагчдын актыг эс зөвшөөрч Нийслэлийн Маргаан таслах зөвлөлд хандсан Нийслэлийн Маргаан таслах зөвлөлийн хурлаар татварын улсын байцаагчдын актыг хэвээр баталсан,  мөн 2017 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн Татварын ерөнхий газрын Маргаан таслах зөвлөлийн хуралдааны тогтоолоор торгууль, алдангийг хүчингүй болгож, 5.500.463,6 төгрөгийн нөхөн татварыг төлүүлэхээр тогтоол гарсан болно.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэлийн шаардлагын талаар:

Баянгол дүүргийн Татварын хэлтсийн хяналт шалгалтын тасгийн 2015 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн 26150600530 тоот хяналт шалгалт хийх томилолт /хх 37/, Татварын ерөнхий газраас Баянгол дүүргийн Татварын хэлтэст хүргүүлсэн 2015 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн 7/1539 тоот албан бичиг /хх 53/-ийн дагуу Баянгол дүүргийн Татварын хэлтсийн улсын байцаагч Л.Н, Д.Днараас нэхэмжлэгч “АС” ХХК-ийн 2012 оны татвар ногдуулалт, төлөлтийн байдалд хэсэгчилсэн шалгалтыг хийж маргаан бүхий акт /хх 38-39/-ыг 2015 оны 06 дугаар сарын 26-ны өдөр гаргажээ. 

Нэхэмжлэгч компаниас уг актад урьдчилан шийдвэрлүүлэх гомдол гаргасны дагуу Нийслэлийн Татварын газрын дэргэдэх Маргаан таслах зөвлөлийн 2017 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 022 дугаар тогтоол /хх 71-45/-оор актаар тогтоосон торгууль, алдангийг Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуулийн дагуу өршөөлд хамруулж, нөхөн татварыг нөхөн төлүүлэхээр актыг өөрчилжээ. 

Энэхүү тогтоолыг нэхэмжлэгчээс эс зөвшөөрч гомдол гаргасны дагуу Татварын ерөнхий газрын дэргэдэх Татварын маргаан таслах зөвлөлийн 2017 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн 54 дүгээр тогтоолоор дээрх Нийслэлийн Татварын газрын дэргэдэх Маргаан таслах зөвлөлийн тогтоолыг хэвээр баталжээ. 

Үүний дараа нэхэмжлэгч компаниас тус шүүхэд “Татварын улсын байцаагч нарын 2015 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн 26001******* тоот актыг хүчингүй болгуулах” нэхэмжлэлийг гаргаж энэхүү нэхэмжлэлийн шаардлагаар Баянгол дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч Л.Н, Д.Д нарт холбогдуулан захиргааны хэрэг үүсгэжээ /хх 26-28/. 

Маргаж буй зүйлийн талаар:

Нэхэмжлэгчээс “...санхүүгийн баримтыг бус зөвхөн цагдаагийн албан тоотыг үндэслэж акт тавьсан Татварын ерөнхий хуулийн 32 дугаар зүйлийг зөрчсөн, “С” ХХК нь “Б” ХХК-нд нэхэмжлэгч компаниас бэлэн мөнгө шилжүүлсэн анхан шатны баримт байхад хий бичилттэй падаан гэж үзэх үндэслэлгүй, нөхөн татвараа төлж, татварын тайландаа хасалт хийсэн, “Б” ХХК нь нэмэгдсэн өртгийн албан татварын тайландаа худалдан авалт хийснээ тусгасан байхад нэхэмжлэгч компанийг давхардуулан 5,5 сая төгрөг төсөвт төлүүлэхээр акт тавьж байгаа нь давхар татвар төлөхгүй байх олон улсын зарчимд нийцэхгүй” гэж маргажээ.

 Харин хариуцагчаас “... нэхэмжлэгч компани бодит худалдан авалт хийгээгүй болох нь Цагдаагийн ерөнхий газрын Зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх газраас ... /хийсэн шалгалтаар/ тогтоогдсон, ... актаар төлбөр ногдуулсан нь хууль зөрчөөгүй” гэж маргажээ. 

Маргааны үйл баримтын талаар:

Маргаан бүхий актаар “Б” ХХК-иас 55,004,636.40 төгрөгийн хуурамч падаан /хх 40/ бүхий худалдан авалтыг “Нэмэгдсэн өртгийн албан татвартай үнээр дотоодын зах зээлээс худалдан авсан бараа” хэсэгт тусган нэмэгдсэн өртгийн албан татвар ногдох орлогыг бууруулсан зөрчил гаргасан гэж үзэн 5,500,463.64 төгрөгийн нөхөн татвар, 1,650,100.0 төгрөгийн торгууль, 2,212,900.0 төгрөгийн алданги, нийт 9,262,711.1 төгрөгийн төлбөрийг нэхэмжлэгч компанид ногдуулжээ.

Актад дурдсан нэхэмжлэгч компани “Б” ХХК-иас 55,004,636.40 төгрөгийн шатахууны худалдан авалт хийсэн гэх 1229******* тоот падаан нь хий бичилттэй хуурамч бичиг баримт, бодит худалдан авалт хийгдээгүй гэсэн нөхцөл байдал дор дурдсан нотлох баримтуудаар тогтоогдож байна:

-Нийслэлийн Баянгол дүүргийн прокурорын 2015 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 1161 тогтоолд “...Яллагдагч Б.Б нь ...АС ХХК-д 1229******* тоот падаанаар 55.004,6 төгрөгийн, ...хуурамч борлуулалтыг хийсэн мэтээр НӨАТ-ын падаанд хий бичилт хийж, бичиг баримт хуурамчаар байнга үйлдсэн гэм буруутай үйлдэлдээ ...яллагдагчаар татагдсан байна. Гэвч одоо яллагдагч Б.Б нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирогч нарт төлөх хохирлоо төлөхөө илэрхийлсэн тул 2015 оны 08 дугаар сарын 11-ний Өршөөл үзүүлэх тухай хуульд хамаарч байна...” гэж дурдсан үндэслэл /хх 64, 66, 67/,

-Баянзүрх дүүргийн Татварын улсын байцаагчийн 2013 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн 240042 тоот дүгнэлтэд “...”Б” ХХК нь ...шалгалтаар ...хууль тогтоомжийг дараахь байдлаар зөрчсөн нь тогтоогдлоо.  Нэг. ...”АС” ХХК-д 1229******* тоот падаанаар 55004.6 мянган төгрөгийн, ...хуурамч борлуулалт хийж Нэмэгдсэн өртгийн албан татварын падаан бичиж өгсөн...” гэж дурдсан нөхцөл байдал /хх 82-83, 87/,

-“Б” ХХК-ийн захирал Б.Б-ийг байцаасан тэмдэглэлд “...АС ХХК...нарын 131 аж ахуйн нэгжид ...борлуулалт хийсэн мэтээр НӨАТ-ын падаанд бичилт хийж бичиг баримт хуурамчаар байнга үйлдсэн үйлдэлд...ял сонсгож байгаа хүлээн зөвшөөрч байна уу...Би ойлгож мэдлээ, сонсгож байгаа ялыг хүлээн зөвшөөрч байна...” гэсэн мэдүүлэг /хх 168/,

-“Б” ХХК-ийн захирал Б.Б-ийг дахин байцаасан тэмдэглэлд “...Би ял сонсгож байгаа үндэслэлд дурдагдсан 131 аж ахуйн нэгжүүдэд НӨАТ-ын падаанд хий бичилт хийж татвар төлөхөөс зайлсхийсэн, бичиг баримт хуурамчаар үйлдсэн үйлдэлдээ бүгдийг хүлээн зөвшөөрч байна...” гэсэн мэдүүлэг /хх 169/, “...Эдгээр 130 аж ахуйн нэгж нь татвар төлөх орлогоо бууруулахын тулд надаас миний компанийн НӨАТ-н падааныг өөрсдөө болон хэн нэгэн гуравдагч дөрөвдөгч этгээдүүдээр дамжуулан хий бичилт хийлгэн авсан. Миний хувьд өөрийн компаний НӨАТ-г бусдад хий бичсэн гэдгээ хүлээж байна...”Б” ХХК татвар төлөхөөс зайлсхийсэн үйлдлийнхээ улсад төлөх ёстой татвараа төлж барагдуулах болно...” гэсэн мэдүүлэг /хх 182/,

-Баянгол дүүргийн прокурорын 2015 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн 55 тоот Яллах дүгнэлтэд “...Яллагдагч Б.Б нь ...АС ХХК-д 1229******* тоот падаанаар 55.004,6 мянган төгрөгийн,...хуурамч борлуулалтыг хийсэн мэтээр НӨАТ-ын падаанд хий бичилт хийж, бичиг баримт хуурамчаар байнга үйлдсэн гэмт үйлдэлдээ Эрүүгийн хуулийн тусгай ангийн .... зааснаар яллагдах үндэслэлтэй байна...” гэсэн үндэслэл /хх 175, 177/,

-Эрүүгийн цагдаагийн газрын ахлах мөрдөн байцаагч Б.Э-н саналд “...2012 онд “Б” ХХК-ийн захирал Б.Б нь өөрийн компанийн...нэмэгдсэн өртгийн албан татварын падаанаар доорх 130 аж ахуйн нэгжид нийт ... төгрөгийн хуурамч хий бичилт бичиж өгөн, бичиг баримт хуурамчаар үйлдсэн нь ...4. АС ХХК-д 1229******* падаанаар 55.004,6 төгрөгийн ...хуурамч борлуулалтыг хийсэн мэтээр НӨАТ-ын падаан дээр хий бичилт хийж, бичиг баримт байнга хуурамчаар үйлдсэн, эдгээр 130 аж ахуйн нэгжид татвар төлөхөөс зайлсхийх боломж олгосон нь...тогтоогдож,...” гэсэн үндэслэл /хх 187-188/.   

Энэ нөхцөл байдлаас дүгнэхэд, нэхэмжлэгч “АС” ХХК болон “Б” ХХК-ийн хооронд бодит худалдан авалт хийгдээгүй бөгөөд 55.004,6 төгрөгийн шатахууны борлуулалт хийсэн мэтээр хуурамчаар хий бичилт хийж 1229******* падааныг үйлдсэн гэдэг нь тогтоогдож байна.  

Хууль зүйн үндэслэлийн талаар:

Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай (2006) хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.3-т “... “нэгдсэн дугаар бүхий нэмэгдсэн өртгийн албан татварын падаан” гэж борлуулсан бараа, гүйцэтгэсэн ажил, үзүүлсэн үйлчилгээний нэр төрөл, тоо хэмжээ, тэдгээрийн нэгжийн болон нийт үнэ, түүнчлэн нэмэгдсэн өртгийн албан татварын хэмжээг тусгасан, татварын албанаас олгосон нэгдсэн дугаар бүхий нягтлан бодох бүртгэлийн анхан шатны баримт бичгийг” ойлгохоор заажээ. 

Мөн Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.4-д зааснаар аливаа байгууллагын нягтлан бодох бүртгэлд санхүүгийн тайлан нь үнэн, зөв баримт материал, бодитой мэдээнд үндэслэх зарчимд нийцэхээр тусгажээ.  

Гэтэл нэхэмжлэгч компанийн нэмэгдсэн өртгийн албан татвар шингэсэн “Б” ХХК-иас авсан гэх 55.004,6 төгрөгийн шатахууны худалдан авалт хийснийг нотлох нягтлан бодох бүртгэлийн анхан шатны баримт бичиг болох падаан нь үнэн зөв баримт биш, падаан дээр бичсэн шатахууны худалдан авалт нь хий бичилттэй хуурамч гэдэг нь нотлох баримтаар тогтоогдож байхад шүүх улсын байцаагчийн актыг хууль бус гэж дүгнэх нь хуульд нийцэхгүй юм. 

Түүнчлэн, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай (2006) хуулийн 14 дүгээр зүйлийн 14.3-т “Худалдан авагч нь бэлтгэн нийлүүлэгчид нэмэгдсэн өртгийн албан татвар төлсөн нь нэхэмжлэл, падаан болон нягтлан бодох бүртгэлийн бусад баримтад тусгагдаагүй бол уг албан татварыг хасч тооцохгүй” гэж зааснаас үзэхэд нэмэгдсэн өртгийн албан татварын падаанаас гадна бэлтгэн нийлүүлэгч талын бараа материалаа худалдсан зарлагын баримт, худалдан авагч талын “...нягтлан бодох бүртгэлийн бусад баримт” буюу төлбөрийн нэхэмжлэл, худалдах, худалдан авах гэрээ, төлбөрийн гүйлгээ гарсныг нотлох дансны дебет, кредитийн бүртгэл, мөнгөн гүйлгээний тайлан гэх мэт санхүүгийн бусад баримтаар уг гүйлгээ гарсан нь нотлогдсон тохиолдолд уг худалдан авалтад төлсөн нэмэгдсэн өртгийн албан татварыг хасч тооцохоор байна.

Нэхэмжлэгч “АС” ХХК нь “шатахууныг “С” ХХК-иар дамжуулан “Б” ХХК-иас бэлэн мөнгөөр худалдан авсан” гэх боловч “АС” ХХК-иас уг гүйлгээ гарсныг нотлох санхүүгийн бусад баримт “төлбөрийн нэхэмжлэл, зээлийн гэрээ, худалдах, худалдан авах гэрээ, төлбөрийн гүйлгээ гарсныг нотлох дансны дебет, кредитийн бүртгэл” зэрэг баримт байхгүй, хэрэгт авагдсан “бэлэн мөнгөний зарлагын баримт” дугааргүй баримт, “бэлэн мөнгөний орлогын баримт” гэх мөн дугааргүй  баримт нь хуулийн дээрх шаардлагуудыг хангахгүй байна.

Цаашлаад Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.3-т "Худалдан авагч нь бэлтгэн нийлүүлэгчид нэмэгдсэн өртгийн албан татвар төлсөн нь нэхэмжлэл, падаан болон нягтлан бодох бүртгэлийн бусад баримтад тусгагдаагүй бол албан татварыг хасч тооцохгүй" гэж, Үндэсний Татварын ерөнхий газрын даргын 2006 оны 12 дугаар сарын 8-ны өдрийн 236 дугаар тушаалаар баталсан Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийг хэрэгжүүлэх аргачлалын 4.3.2-т "Худалдан авагчийн бэлтгэн нийлүүлэгчид төлсөн нэмэгдсэн өртгийн албан татвар нь бэлтгэн нийлүүлэгчийн бичсэн нэмэгдсэн өртгийн албан татварын падаан, нэхэмжлэлгүй, нягтлан бодох бүртгэлийн бусад баримтад тусгагдаагүй бол татварыг хасч тооцохгүй" гэж тус тус заажээ.

Хууль, журмын эдгээр заалтын дагуу падааны бичилт хуурамч гэдэг нь нотлогдож, мөн падаанд дурдсан худалдан авалт бодитойгоор хийгдсэн гэдгийг нотлоход ач холбогдолтой нягтлан бодох бүртгэлийн бусад баримтууд (төлбөрийн нэхэмжлэл, зээлийн гэрээ, худалдах, худалдан авах гэрээ, төлбөрийн гүйлгээ гарсныг нотлох дансны дебет, кредитийн бүртгэл) хуульд заасан шаардлагад нийцэхгүй байхад нэхэмжлэгч компанийн төсөвт төлөх нэмэгдсэн өртгийн албан татвараас хасалт хийх үндэслэлгүй юм.

Иймд маргаан бүхий актаар нэхэмжлэгч компанид нөхөн татвар, торгууль, алданги ногдуулсан нь Татварын ерөнхий хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.1, 74 дүгээр зүйлийн 74.1, 74.1.3, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.3-д заасантай нийцсэн бөгөөд хууль зөрчсөн бөгөөд нэхэмжлэгч компанийн давхар татвар төлөхгүй байх, хуульд заасан татвар төлөх эрх, хууль ёсны ашиг сонирхлыг маргаан бүхий акт зөрчсөн гэдэг нь тогтоогдохгүй байна.

Түүнчлэн “улсын байцаагчид шалгалтын явцад зөвхөн цагдаагийн бичгийг үндэслэсэн, Татварын ерөнхий хуулийн 32 дугаар зүйлд заасан журмыг зөрчсөн” гэх нэхэмжлэгчийн тайлбар нь улсын байцаагчид шалгалтын явцад ашигласан Татварын хяналт шалгалт хийх ерөнхий томилолт, Татварын ерөнхий газрын даргын 2015 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн 7/1539 тоот”, “ЦЕГ-ын ЗБГХТГазрын 2015 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн 9д/171 тоот”, падаан, НӨАТ-ын сарын тайлангийн худалдан авалтын дэвтэр, Нэмэгдсэн өртгийн албан татварын сарын тайлан, ярилцлагын тэмдэглэл зэрэг баримтуудаар үгүйсгэгдэж байгааг дурдах нь зүйтэй. 

 

              3ахиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.14, 106.7-д заасныг удирдлага ТОГТООХ нь:

 

1.Татварын ерөнхий хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.1, 74 дүгээр зүйлийн 74.1, 74.1.3, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай /2006/ хуулийн 14 дүгээр зүйлийн 14.3, Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.4, Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.3-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “АС” ХХК-иас Баянгол дүүргийн Татварын хэлтсийн улсын байцаагч Л.Н, Д.Д нарт холбогдуулан гаргасан “Татварын улсын байцаагч нарын 2015 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн 26001******* тоот актыг хүчингүй болгуулах”  гэсэн шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, актаар ногдуулсан төлбөрөөс 1,650,100.0 төгрөгийн торгууль, 2,212,900.0 төгрөгийн алдангийг өршөөн хэлтрүүлсүгэй.

2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.1, 47 дугаар зүйлийн 47.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасны дагуу улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчээс төлсөн 70.200 (далан мянга хоёр зуун)  төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй. 

3.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2-т заасны дагуу шүүхийн энэ шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д заасны дагуу хэргийн оролцогчид тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нь энэхүү шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

ШҮҮГЧ                                  А.САРАНГЭРЭЛ