Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 07 сарын 31 өдөр

Дугаар 210/МА2020/01690

 

 

 

 

 

 

 

 

 

 

Б нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Б.Нармандах, шүүгч Д.Нямбазар нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийж,

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 05 сарын 28-ны өдрийн 102/ШШ2020/01714 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч Б хариуцагч Х ХХК -д холбогдуулан 1 151 692 456 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Д.Нямбазарын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Э  хариуцагчийн төлөөлөгч Б.Б, хариуцагчийн өмгөөлөгч Б.А , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Болдсайхан нар оролцов.

 

Нэхэмжлэгч тал нэхэмжлэлийн шаардлага, тайлбартаа: Батлан хамгаалах асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас 2011 онд Батлан хамгаалах яам, харьяа байгууллагын цэргийн алба хаагч, албан хаагчдын нийгмийн хамгааллыг сайжруулах арга хэмжээний хүрээнд 300 айлын орон сууцны барилга барьж, ажилтан, албан хаагчдыг оруулахаар төлөвлөсөн бөгөөд барилгын санхүүжилтийг тухайн жилийн улсын төсөвт суулгаж батлуулсан. Барилгын ажлыг гүйцэтгэх аж ахуйн нэгжийг холбогдох хууль тогтоомжийн дагуу шалгаруулж, захиалагч Батлан хамгаалах яам, гүйцэтгэгч Х ХХК -ийн хооронд 2011 оны 09 сар болон 11 сарын 03-ны өдөр цэргийн алба хаагчдын албан тушаалын 230 айл, 70 айлын орон сууцны барилга угсралтын ажлын захиалгын гэрээг байгуулсан.

Барилгын ерөнхий гүйцэтгэгч Х ХХК нь 2015 оны 15/29 тоот албан бичгээр ...барилгын ажлыг цаашид үргэлжлүүлэн дуусгахад санхүүгийн хувьд хүндрэлтэй нөхцөл байдал үүссэнтэй холбогдуулан зарим асуудлыг хоёр талаас харилцан тохиролцож шийдвэрлэх шаардлагатай байна. Гүйцэтгэгч талаас ажлуудад шаардлагатай барилгын материалууд бэлэн байгаа. Дээрх ажлыг хийж гүйцэтгэхэд хамтран зохион байгуулж шийдвэрлэснээр уг барилгыг хурдан хугацаанд хүлээлгэн өгөх боломжтой гэж үзэж байна... гэж Батлан хамгаалах яаманд хандсан. Барилгын ажилд үүссэн нөхцөл байдлыг хоёр талаас богино хугацаанд шийдвэрлэж, барилгыг ашиглалтад оруулах шаардлагын үүднээс Батлан хамгаалах яам, гүйцэтгэгч Х ХХК -ийн хооронд 2011 оны 09 сарын 19-ний өдөр болон 2011 оны 11 сарын 03-ны өдөр батлагдсан гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай гэрээг 2015 онд байгуулж, гэрээний 2.6-д барилга барихтай холбогдон гарсан нэмэлт зардлыг захиалагч байгууллагатай бүрэн тооцоо нийлж, төлбөл зохих төлбөр, зардлыг барагдуулна гэж тусгайлан заасан. Гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулсантай холбогдуулан Батлан хамгаалахын сайдын 2015 оны А/262 дугаар тушаалаар Зэвсэгт хүчний барилгын цэргийн 014, 017, 338, 339 дүгээр ангиудаар цэргийн албан хаагчдын 300 айлын албан тушаалын орон сууцыг барьж дуусгах ажлыг гүйцэтгүүлэх шийдвэр гарсан. Зэвсэгт хүчний барилгын цэргийн 014, 017, 338, 339 дүгээр ангиуд барилгын ажлыг үргэлжлүүлэн гүйцэтгэж, 2015 оны 11 дүгээр сард ашиглалтад оруулсан бөгөөд зэвсэгт хүчний ангиудын хийсэн барилгын ажилд нийт 1 151 692 456 төгрөгийн зардлыг зэвсэгт хүчний хөгжлийн сангийн санхүүжилтээс гаргасан.

Цэргийн албан хаагчдын 300 айлын албан тушаалын орон сууцыг ашиглалтад оруулсантай холбогдуулан батлан хамгаалах яамнаас нэмэлт санхүүжилт 1 151 692 456 төгрөгийн зардлыг гүйцэтгэгч Х ХХК -тай тооцоо нийлэн баталгаажуулах асуудлыг өнөөдрийг хүртэл тавьсан боловч гүйцэтгэгч тал зардлыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Иймд захиалагч Б барилгын ажлыг гүйцэтгэхэд гаргасан 1 151 692 456 төгрөгийг гэрээний үүргээ биелүүлээгүй гүйцэтгэгч Х ХХК -аас гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч тал хариу тайлбартаа: Цэргийн албан хаагчдын албан тушаалын 230 болон 70 айлын орон сууцны барилга угсралтын ажлын нэмэлт өөрчлөлт оруулах тухай гэрээний 2.1-т заасны дагуу бид 2015 оны 8 дугаар сарын 25-ны өдрийн 15/201 тоотоор албан бичигт заасны дагуу бэлэн байгаа материалаа бүгдийг нь нэхэмжлэгчид хүлээлгэн өгсөн. Харин барилгын ажлыг дуусгахад шаардагдах цалингийн зардал 170 179 930 төгрөгийн хувьд Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4.1-д заасны дагуу Засгийн газрын 2010 оны 336 дугаар тогтоолоор батлагдсан Барилгын нэгж талбайн төсөвт өртөг, жишиг үнэлгээ, Зам, тээвэр, барилга хот байгуулалтын сайдын 2011 оны 29 дүгээр тушаалаар батлагдсан Барилгын нэгж талбайн төсөвт өртөг, жишиг үнэлгээ хэрэглэх дүрэм /БД81-106-11/-ийн дагуу 2011 оны 109 дүгээр, 2012 оны 18, 181 дүгээр, 2013 оны 100 дугаар, 2014 ба 2015 оны 36 дугаар тушаалын дагуу хэрэглэх дүрмийн дагуу барилгын зураг төсөл зохиогдсоноос хойш буюу барилга угсралтын ажил хийгдсэн 2011-2015 оны барилгын нийт өртгийг тооцоход 17 705 181 404 төгрөг болж байсан учир харилцан тохиролцсоны дагуу гэрээний хавсралтад заагдсан цахилгаан, сантехникийн цалингийн зардалд багтах ажлыг манай компани гүйцэтгэж, үлдэгдэл дотор, гадна заслын ажлын цалингийн зардалд багтах ажлыг тус яамны барилгын инженерийн цэргийн анги оруулж хийлгэхээр манай компаниар эргэн төлүүлэхгүй /цалингийн зардал тооцохгүй/ нөхцөлөөр барилгын ажлыг гүйцэтгэж 2015 оны 11 сарын 01-ний өдөр улсын комисст хүлээлгэн өгч 300 айлын оршин суугчдыг орон сууцанд нь оруулж гэрээ дуусгавар болсон. Нэмэлт өөрчлөлт оруулах тухай гэрээний 1.4, 1.5, 1.6-д заасны дагуу гэрээний үүргээ биелүүлээгүй, тухай бүр тооцоо нийлж баталгаажуулаагүй нь ашиглалтад өгсний 5 гаруй жилийн дараа бэлэн материал байсаар байтал ийм их хэмжээний 1 151 692 456 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй. Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-т заасны дагуу гэрээний үүрэгтэй холбоотой хөөн хэлэлцэх хугацаа гурван жил, нэмэлт өөрчлөлт оруулах тухай гэрээний 4 дүгээр зүйлд заасны дагуу 2015 оны 11 сарын 01-ний өдөр барилгыг ашиглалтад оруулж дууссан гэж үзэж байна гэжээ.

 

Анхан шатны шүүх: Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Х ХХК -аас 1 151 692 456 төгрөг гаргуулах тухай Б нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар нэхэмжлэгч байгууллага нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах гомдолдоо: Барилгын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.12, 4.1.13-т заасны дагуу Батлан хамгаалах яам нь Х ХХК -тай барилгын ажил гүйцэтгүүлэх гэрээг 2011 онд захиалагчийн хувьд байгуулсан. Захиалагч нь барилгын ажлыг ерөнхий гүйцэтгэгч Х ХХК -тай Иргэний хууль болон Барилгын тухай хуульд заасны дагуу барилга барихад шаардагдах хөрөнгө мөнгийг түлхүүр гардуулах гэрээний зарчмаар бүрэн шилжүүлж, үүргээ биелүүлсэн.

Гэвч ерөнхий гүйцэтгэгч Х ХХК нь гэрээгээр хүлээсэн үүргээ хангаж барилгын ажлыг хугацаанд гүйцэтгээгүй, ашиглалтад оруулж чадаагүй, хөрөнгө санхүүгийн хүндрэлтэй байдалд орсон гэх тайлбарыг манай яаманд удаа дараа өгч, албан бичгээр хандаж байсан тул нийт салбарын ажилтан албан хаагчдынхаа эрх ашгийг харгалзан тус компанийн гүйцэтгэж чадаагүй барилгын бусад ажлыг нэмэлт гэрээг байгуулах замаар Зэвсэгт хүчний барилгын цэргийн ангийн хүчээр барьж, ашиглалтад оруулсан юм. Бидний байгуулсан нэмэлт гэрээ болон харилцан тохиролцоогоор барилгын ажилд гарсан бүх зардлыг ерөнхий гүйцэтгэгч Х ХХК -иар төлүүлэхээр болсон боловч тус компани өнөөг болтол хүлээсэн үүргээ биелүүлээгүй, төрийн байгууллагыг хохироож байна.

Барилгын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.18-д барилгын ажил гүйцэтгэгч туслан гүйцэтгэгчийг ажиллуулж, ерөнхий гүйцэтгэгчийн чиг үүргийг хэрэгжүүлэх тохиолдолд туслан гүйцэтгэгчийн ажлын үр дүн, эрсдэлийг захиалагчийн өмнө хариуцахаар заасан байдгийг дурдах нь зүйтэй.

Нэхэмжлэгч талаас шүүх хуралдааны явцад цэргийн албан хаагчдын 300 айлын албан тушаалын орон сууцыг ашиглалтад оруулсантай холбогдуулан батлан хамгаалах яамнаас нэмэлт санхүүжилт болох 1 151 692 456 төгрөгийн зардлыг гүйцэтгэгч Х ХХК -тай тооцоо нийлэн баталгаажуулах асуудлыг өнөөдрийг хүртэл тавьсан боловч гүйцэтгэгч тал зардлыг хүлээн зөвшөөрөхгүй байна гэсэн тайлбарыг мэдүүлсэн боловч шүүх уг асуудлыг анхааралгүй нэмэлт гэрээний 2.6.Барилга барихтай холбогдон гарсан нэмэлт зардлыг захиалагч байгууллагатай бүрэн тооцоо нийлж, төлбөл зохих төлбөр, зардлыг барагдуулна гэсэн нь нэг талыг барьсан, гэрээний гүйцэтгэлийн хугацаа дууссан гэсэн шалтгаанаар хууль бус шийдвэр гаргасан гэж үзэж байна.

Нөгөөтээгүүр Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.3, 39 дүгээр зүйлийн 39.1 дэх хэсэгт заасны дагуу байгуулсан талуудын тохиролцоог шүүх анхаараагүй. Хариуцагчийн гэрээгээр хүлээсэн үүргийг шүүх буруу тайлбарласан, нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн гүйцэт үнэлээгүй. 3ахиалагчийн зүгээс ерөнхий гүйцэтгэгч Х ХХК -ийн төлөх ёстой зардлыг эргэн төлүүлэхгүй гэсэн ямар ч үг, утга санааг үндсэн болон нэмэлт гэрээгээр илэрхийлээгүй.

Цэргийн алба хаагчдын албан тушаалын 230, 70 айлын орон сууцны барилга угсралтын ажлын захиалгын гэрээ-ний 3.1-д барилгыг баталгаажсан зураг төсөв, барилгын норм ба дүрэм, стандартын дагуу чанартай барьж энэхүү гэрээнд заасан хугацаа, хөрөнгийн хэмжээнд багтаан ашиглалтад оруулна, 3.8-д гүйцэтгэгч тал нь гэрээт үүргээ биелүүлээгүй, чанарын шаардлага хангаагүй тохиолдолд үүнээс үүдсэн хохирлыг гүйцэтгэгч тал бүрэн хариуцна, 6.3-д нэмэлт гэрээ нь үндсэн гэрээтэй адил үйлчилнэ гэж тус тус заасан. Шүүх гэрээний дээрх заалтыг үнэлэлгүйгээр шийдвэрийн үндэслэл хэсэгтээ ... Х ХХК -аас 1 151 692 456 төгрөгийг шаардаж байгаа нь тодорхой бус байна, яамны захиалгаар барьсан 300 айлын орон сууцны барилгыг барьсан мөнгийг Батлан хамгаалах яам нь Х ХХК -аас шаардах эрхтэй болох нь баримтаар нотлогдоогүй гэж үзсэн нь Иргэний хуулийн 347 дугаар зүйлийн 347.2, 350 дугаар зүйлийн 350.1.7-д заасан зохицуулалтууд болон гэрээний холбогдох заалтыг баримтлахгүйгээр шударга бус шийдвэрлэлээ.

Мөн Батлан хамгаалах яам нь нэмэлт өөрчлөлт оруулах гэрээний заалтыг бүрэн биелүүлсэн бөгөөд батлан хамгаалах яамнаас нэмэлт санхүүжилтэд 1 151 692 456 төгрөгийн зардлыг гаргасан нь санхүүгийн баримтуудаар нотлогдож байгаа болно. Гүйцэтгэгч Х ХХК -нд захиалагч Батлан хамгаалах яам нь тооцоо нийлэн баталгаажуулах асуудлыг өнөөдрийг хүртэл тавьж байгаа боловч гүйцэтгэгч талаас зардлыг хүлээн зөвшөөрөхгүй, цаг хугацаа хожиж, бидэнтэй уулзахгүй байсаар өдийг хүргэсэн бөгөөд өнөөдөр хөөн хэлэлцэх хугацааны асуудлыг хөндөж шүүхэд тайлбар хийж байгаа нь хариуцагч Х ХХК -ийн зүгээс хариуцлагаас бултах, мултрах гэсэн санааг агуулсан, шударга ёсны зарчимд нийцэхгүй үйлдэл гаргаж байна.

Нэхэмжлэгчийн зүгээс 2015 оны 12 сарын 20-ны өдрийн 2015/12 дугаар болон 2016 оны 06 сарын 03-ны өдрийн 2016/1 дугаар нэхэмжлэхээр хариуцагчаас 1 151 692 456 төгрөгийг Төрийн сангийн 900014040 дугаартай дансанд шилжүүлэхийг шаардаж байсан.

Хариуцагчийн удаа дараа тавьсан хүсэлтийн дагуу холбогдох зардал, хүн хүч, техник, тоног төхөөрөмжийг нэхэмжлэгчийн зүгээс гаргаж гүйцэтгэгч /хариуцагч/-ийн барьж дуусгаагүй барилгыг нэмэлт гэрээний зохицуулалтын дагуу ашиглалтад оруулсны төлөө улсын төсвийн мөнгөнд хохирол учрах ёсгүй.

Иймд Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.1, 75.2.2, 75.3-д заасныг, дээр дурдсан гомдлыг анхаарч үзэж, анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, захиалагч Б барилгын ажлыг гүйцэтгэхэд гаргасан 1 151 692 456 төгрөгийг гэрээний үүргээ биелүүлээгүй гүйцэтгэгч компани болох Х ХХК -аас гаргуулж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагад нийцээгүй байна.

 

Нэхэмжлэгч Батлан хамгаалах яам нь хариуцагч Х ХХК -д холбогдуулан нийт 1 151 692 456 төгрөг гаргуулахаар шаардсаныг хариуцагч бүхэлд нь эс зөвшөөрч маргажээ. /хх 1-2, 144/

 

Талуудын маргааны зүйл болох нэмэлт ажил, түүний санхүүжилтийн талаарх талуудын тохиролцоонд хамаарах нотлох баримтууд хуулиар тогтоосон шаардлага хангаагүйн улмаас үнэлэх боломжгүй байна.

 

Хариуцагч Х ХХК нь орон сууцны барилгын ажлыг цаашид үргэлжлүүлэхэд санхүүгийн хувьд хүндрэлтэй нөхцөл байдал үүссэнтэй холбогдуулан нэмэлт санхүүжилт шаардсан талаар албан бичгийг нэхэмжлэгч Батлан хамгаалах яаманд хүргүүлж байсан тухай баримт хэргийн 19-20 дугаар талд авагдсан боловч өнгөтөөр хуулбарласан, мөн хэргийн 21-23 дугаар талд авагдсан цэргийн албан хаагчдын орон сууцны барилга угсралтын ажлын захиалгын гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулах гэрээ нь хэргийн оролцогч болох нэхэмжлэгч Б хуулбар үнэн тэмдэг дарсан байхад шүүх үүнийг шийдвэрийн үндэслэл болгосон нь буруу болжээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2 дахь хэсэгт бичмэл нотлох баримтыг шүүхэд эхээр нь, хэрэв эхийг өгөх боломжгүй бол нотариатаар гэрчлүүлсэн хуулбарыг өгнө гэж заасан. Мөн хуулийн 44 дүгээр зүйлийн 44.4 дэх хэсэгт зааснаар төрийн болон төрийн бус байгууллага, хуулийн этгээд нь бичмэл нотлох баримтыг өөрийн байгууллагын архивын хуулбар үнэн гэсэн тэмдэг дарж баталгаажуулан шүүхэд хүргүүлэх журамтай бөгөөд үүнд хэргийн оролцогч этгээд хамаарахгүй юм.

Нэхэмжлэгч байгууллагын архивын хуулбар үнэн дардастай баримт нь хуульд заасан шаардлага хангаагүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.5 дахь хэсэгт зааснаар нотлох чадвараа алдсаны улмаас шүүхийн шийдвэрийн үндэслэл болохгүй. Иймд давж заалдах шатны шүүхээс дээрх баримтыг үнэлж, хэргийн талаар дүгнэлт хийх боломжгүй байна.

Мөн хариуцагч байгууллага орон сууцны ажлыг дутуу гүйцэтгэснийг баталгаажуулсан гэх фото зургийг хэрэгт нотлох баримтаар өгсөн боловч эх хувиар бус хуулбар байхаас гадна уг баримт дахь бичвэр уншигдах боломжгүй байна. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 38 дугаар зүйлийн 38.9 дэх хэсэгт зааснаар шүүх уг баримтыг нотлох баримтаас хасах эрхтэй бөгөөд улмаар хэргийн оролцогч уг баримтыг хуульд заасан шаардлага хангасан хэлбэрээр дахин гаргаж өгөх боломжтой юм.

Түүнчлэн, нэхэмжлэгч ажил гүйцэтгэх гэрээний доголдолтой холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацааны талаар гомдол гаргасан бөгөөд Иргэний хуулийн 349 дүгээр зүйлийн 349.1 дэх хэсэгт зааснаар ажлыг хүлээн авснаас хойш тооцох бөгөөд энэ талаарх нөхцөл байдлыг тодруулах шаардлагатай байжээ.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.7-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.      Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 05 сарын 28-ны өдрийн 102/ШШ2020/01714 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр тухайн шүүхэд буцаасугай.

 

2.      Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар нэхэмжлэгч байгууллага давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдсугай.

 

3.      Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1-д зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4.      Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ж.ОЮУНТУНГАЛАГ

ШҮҮГЧИД Б.НАРМАНДАХ

 

Д.НЯМБАЗАР