Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 05 сарын 28 өдөр

Дугаар 102/ШШ2020/01714

 

 

 

 

 

 

 

 

 

2020 оны 05 сарын 28 өдөр

Дугаар 102/ШШ2020/01714

 Улаанбаатар хот

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч З.Доржнамжин даргалж шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч:БХЯ-ны нэхэмжлэлтэй

 

Хариуцагч:Х ХХК-д холбогдох

 

1 151 692 456 төгрөг гаргуулах тухай шаардлагатай хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:Нэхэмжлэгч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Э, хариуцагч байгууллагын төлөөлөгч Б.Б, өмгөөлөгч Б.А, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Батбилэг нар оролцов.

 

                                      ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч БХЯшүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Э шүүх хуралдаанд тайлбарлахдаа:Батлан хамгаалах асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас 2011 онд БХЯ, харьяа байгууллагын цэргийн алба хаагч, албан хаагчдын нийгмийн хамгааллыг сайжруулах арга хэмжээний хүрээнд 300 айлын орон сууцны барилга барьж, ажилтан, албан хаагчдыг оруулахаар төлөвлөсөн бөгөөд барилгын санхүүжилтийг тухайн жилийн улсын төсөвт суулгаж батлуулсан. Барилгын ажлыг гүйцэтгэх аж ахуйн нэгжийг холбогдох хууль тогтоомжийн дагуу шалгаруулж, захиалагч БХЯ, гүйцэтгэгч Х ХХК-ийн хооронд 2011 оны 9 дүгээр сар болон 11 дүгээр сарын 3-ны өдөр Цэргийн алба хаагчдын албан тушаалын 230 айл, 70 айлын орон сууцны барилга угсралтын ажлын захиалгын гэрээг байгуулсан. Барилгын ерөнхий гүйцэтгэгч Х ХХК нь 2015 оны 15/29 тоот албан бичгээр “...барилгын ажлыг цаашид үргэлжлүүлэн дуусгахад санхүүгийн хувьд хүндрэлтэй нөхцөл байдал үүссэнтэй холбогдуулан зарим асуудлыг хоёр талаас харилцан тохиролцож шийдвэрлэх шаардлагатай байна. Гүйцэтгэгч талаас ажлуудад шаардлагатай барилгын материалууд бэлэн байгаа. Дээрх ажлыг хийж гүйцэтгэхэд хамтран зохион байгуулж шийдвэрлэснээр уг барилгыг хурдан хугацаанд хүлээлгэн өгөх боломжтой гэж үзэж байна...” гэж БХЯанд хандсан. Барилгын ажилд үүссэн нөхцөл байдлыг хоёр талаас богино хугацаанд шийдвэрлэж, барилгыг ашиглалтад оруулах шаардлагын үүднээс БХЯ, гүйцэтгэгч  Х ХХК-ийн хооронд 2011 оны 9 дүгээр сарын 19-ний өдөр болон 2011 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр батлагдсан гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай гэрээг 2015 онд байгуулж, гэрээний 2.6-д “Барилга барихтай холбогдон гарсан нэмэлт зардлыг захиалагч байгууллагатай бүрэн тооцоо нийлж, төлбөл зохих төлбөр, зардлыг барагдуулна” гэж тусгайлан заасан. Гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулсантай холбогдуулан Батлан хамгаалахын сайдын 2015 оны А/262 дугаар тушаалаар Зэвсэгт хүчний барилгын цэргийн 014, 017, 338, 339 дүгээр ангиудаар цэргийн албан хаагчдын 300 айлын албан тушаалын орон сууцыг барьж дуусгах ажлыг гүйцэтгүүлэх шийдвэр гарсан. Зэвсэгт хүчний барилгын цэргийн  014, 017, 338, 339 дүгээр ангиуд барилгын ажлыг үргэлжлүүлэн гүйцэтгэж, 2015 оны 11 дүгээр сард  ашиглалтад оруулсан бөгөөд зэвсэгт хүчний ангиудын хийсэн барилгын ажилд нийт 1 151 692 456 төгрөгийн зардлыг зэвсэгт хүчний хөгжлийн сангийн санхүүжилтээс гаргасан. Цэргийн албан хаагчдын 300 айлын албан тушаалын орон сууцыг ашиглалтанд оруулсантай холбогдуулан БХЯнаас нэмэлт санхүүжилт болох   1 151 692 456 төгрөгийн зардлыг гүйцэтгэгч  Х ХХК-тай тооцоо нийлэн баталгаажуулах асуудлыг өнөөдрийг хүртэл тавьсан боловч гүйцэтгэгч тал зардлыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Иймд захиалагч БХЯны  барилгын ажлыг гүйцэтгэхэд гаргасан  1 151 692 456 төгрөгийг гэрээний үүргээ биелүүлээгүй гүйцэтгэгч Х ХХК-иас гаргуулж өгнө үү. БХЯнаас ажилчдынхаа нийгмийн байдлыг сайжруулах зорилгоор 300 айлын орон сууц бүхий 4 блок барилга бариулахаар болж тендер зарлаж Х ХХК шалгарч барилгын ажил хийж эхэлсэн. Энэ барилга 5 жил гаруй үргэлжилсэн. Тухайн барилгыг барих явцад гүйцэтгэгч компани хөрөнгийн боломжгүй болж танайх барилгын үлдсэн ажлыг хийж өгөөч гэсний дагуу нэмэлт гэрээ байгуулж БХЯнаас манай барилгын 4 анги ажиллаж барилгыг барьж дууссан. Анх барилгыг барихад тухайн компанийн материал дээр түшиглэж орсон боловч барилгыг бүрэн барьж дутуу ажлыг хийж дуусгахад БХЯны Зэвсэгт хүчний хөгжлийн сангаас 1 тэрбум гаруй төгрөг гаргаж тухайн барилгыг барьж дуусгасан. Энэ мөнгийг улсын төсвөөс гаргасан учраас нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, гэрээний 2.6-т заасны дагуу 1 151 692 456 төгрөг гаргуулж өгнө үү, нэмэлт өөрчлөлт оруулсан гэрээний гол нөхцөл хэсэгт “...захиалагч байгууллага барилгын зарим ажлыг өөрийн харьяа байгууллагаар хүн хүч, хөрөнгө мөнгө гарган гүйцэтгүүлэх...”  гэж заасны дагуу нэхэмжилж байна гэв.

 

Хариуцагч Х ХХК шүүхэд гаргасан тайлбартаа:Цэргийн албан хаагчдын албан тушаалын 230 болон 70 айлын орон сууцны барилга угсралтын ажлын нэмэлт өөрчлөлт оруулах тухай гэрээний 2.1-т заасны дагуу бид 2015 оны 8 дугаар сарын 25-ны өдрийн 15/201 тоотоор албан бичигт заасны дагуу бэлэн байгаа материалаа бүгдийг нь нэхэмжлэгчид хүлээлгэн өгсөн. Харин барилгын ажлыг дуусгахад шаардагдах цалингийн зардал 170 179 930  төгрөгийн хувьд Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 40.4.1-т заасны дагуу Засгийн газрын 2010 оны 336 дугаар тогтоолоор батлагдсан “Барилгын нэгж талбайн төсөвт өртөг, жишиг үнэлгээ”, Зам, тээвэр, барилга хот байгуулалтын сайдын 2011 оны 29 дүгээр тушаалаар батлагдсан “Барилгын нэгж талбайн төсөвт өртөг, жишиг үнэлгээ хэрэглэх дүрэм” /БД81-106-11/-ийн дагуу 2011 оны 109 дүгээр, 2012 оны 18, 181 дүгээр, 2013 оны 100 дугаар, 2014 ба 2015 оны 36 дугаар тушаалын дагуу хэрэглэх дүрмийн дагуу  барилгын зураг төсөл зохиогдсоноос хойшхи буюу барилга угсралтын ажил хийгдсэн 2011-2015 оны барилгын нийт өртгийг тооцоход 17 705 181 404 төгрөг болж байсан учир харилцан тохиролцсоны дагуу гэрээний хавсралтад заагдсан цахилгаан, сантехникийн цалингийн зардалд багтах ажлыг манай компани гүйцэтгэж, үлдэгдэл дотор, гадна заслын ажлын цалингийн зардалд багтах ажлыг тус яамны барилгын инженерийн цэргийн анги оруулж хийлгэхээр манай компаниар эргэн төлүүлэхгүй /цалингийн зардал тооцохгүй/ нөхцөлөөр барилгын ажлыг гүйцэтгэж 2015 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр улсын комисст хүлээлгэн өгч 300 айлын оршин суугчдыг орон сууцанд нь оруулж гэрээ дуусгавар болсон. Нэмэлт өөрчлөлт оруулах тухай гэрээний 1 дүгээр зүйлийн 1.4, 1.5, 1.6-д заасны дагуу  гэрээний үүргээ биелүүлээгүй, тухай бүр тооцоо нийлж баталгаажуулаагүй нь ашиглалтад өгсний 5 гаруй жилийн дараа бэлэн материал байсаар байтал ийм их хэмжээний 1 151 692 456 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй. Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-т заасны дагуу гэрээний үүрэгтэй холбоотой хөөн хэлэлцэх хугацаа гурван жил, нэмэлт өөрчлөлт оруулах тухай гэрээний 4 дүгээр зүйлд заасны дагуу 2015 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр барилгыг ашиглалтад оруулж дууссан гэж үзэж байна гэжээ.

 

Хариуцагч байгууллагын төлөөлөгч Б.Б шүүх хуралдаанд тайлбарлахдаа:Цэргийн албан хаагчдын албан тушаалын 230 болон 70 айлын орон сууцны барилга угсралтын ажлын нэмэлт өөрчлөлт оруулах тухай гэрээний 2 дугаар зүйлийн 2.1-т заасны дагуу бид 2015 оны 8 дугаар сарын 25-ны өдрийн 15/201 тоотоор албан бичигт заасны дагуу бэлэн байгаа материалаа бүгдийг нь нэхэмжлэгчид хүлээлгэн өгсөн. Харин барилгын ажлыг дуусгахад шаардагдах цалингийн зардал 170 179 930 төгрөгийн хувьд Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 40.4.1-т заасны дагуу Монгол улсын засгийн газрын 2010 оны 336 дугаар тогтоолоор батлагдсан “Барилгын нэгж талбайн төсөвт өртөг, жишиг үнэлгээ”, Зам, тээвэр, барилга хот байгуулалтын сайдын 2011 оны 29 дүгээр тушаалаар батлагдсан “Барилгын нэгж талбайн төсөвт өртөг, жишиг үнэлгээ хэрэглэх дүрэм” /БД 81 - 106-11/-ийн дагуу 2011 оны 109 дүгээр, 2312 оны 18, 181 дүгээр, 2013 оны 100 дүгээр, 2014, 2015 оны 36 дугаар тушаалын дагуу хэрэглэх дүрмийн дагуу барилгын зураг төсөл зохиосноос хойших буюу барилга угсралтын ажил хийгдсэн 2011-2015 оны барилгын нийт өртгийг тооцоход 17 705 181 404 төгрөг болж байсан учир харилцан тохиролцсоны дагуу гэрээний хавсралтад заагдсан цахилгаан, сантехникийн цалингийн зардалд багтах ажлыг манай компани гүйцэтгэж, үлдэгдэл дотор гадна заслын ажлын цалингийн зардалд багтах ажлыг тус яамны барилгын инженерийн цэргийн анги оруулж хийлгэхээр манай компаниар эргэн төлүүлэхгүй /цалингийн зардал тооцохгүй/ нөхцөлөөр барилгын ажлыг гүйцэтгэж 2015 онд улсын комисст хүлээлгэн өгч 300 айлын оршин суугчдыг орон сууцанд оруулж гэрээ дуусгавар болсон. Нэмэлт өөрчлөлт оруулах тухай гэрээний 1 дүгээр зүйлийн 1.4, 1.5, 1.6-д заасны дагуу гэрээний үүргээ биелүүлээгүй, тухай бүр тооцоо нийлж баталгаажуулаагүй нь ашиглалтад өгсний 5 жил гарангийн дараа бэлэн материал байсаар байтал ийм их хэмжээний буюу 1 151 692 456 төгрөгийг манай талыг оролцуулалгүй зөвхөн өөрсдийн тооцсон зардлыг гаргаж ирж байгааг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-т заасны дагуу гэрээний үүрэгтэй холбоотой хөөн хэлэлцэх хугацааны гурван жил, нэмэлт өөрчлөлт оруулах тухай гэрээний 4 дүгээр зүйлд заасны дагуу 2015 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр барилгыг ашиглалтанд оруулж, дууссан гэж үзэж байна гэв.

 

Хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч БХЯнь хариуцагч Х ХХК-иас 1 151 692 456 төгрөг гаргуулах тухай шаардлагыг шүүхэд гаргажээ.

 

Батлан хамгаалан яам нь Х ХХК-тай 2011 оны 11 дүгээр сард Цэргийн албан хаагчдын албан тушаалын 70 айлын орон сууцны барилга угсралтын ажлын захиалгын гэрээг байгуулсан байна./хх 13-18/

 

Энэхүү гэрээгээр гүйцэтгэгч Х ХХК нь Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороонд байрлах, Монгол цэргийн музейн хашаанд цэргийн албан хаагчдын албан тушаалын 70 айлын орон сууцны барилга угсралтын ажлын С блок бүхий 10 давхар нийт 3920,4 квадрат метр талбай бүхий төмөр бетон цутгамал хийцтэй барилгын угсралт, гадна тохижилт, дотор гадна засал, цахилгаан сантехник, холбоо, галын дохиоллын угсралт зэрэг ажлыг хийж гүйцэтгэх, нийт төсөвт өртөг 2 400 000 000 төгрөг бөгөөд санхүүжилтийг тохиролцооны дагуу олгоно” гэжээ.

 

Улмаар гүйцэтгэгч Х ХХК-иас захиалагч БХЯанд 2015 оны 8 дугаар сарын 25-ны өдөр гаргасан хүсэлтийн дагуу талууд дээрх гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулсан байх бөгөөд гэрээний гол нөхцөлд “Иргэний хуулийн 195, 238 дугаар зүйлийн 238.1-т заасныг баримтлан Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороонд байрлах, Монгол цэргийн музейн хашаанд “Цэргийн албан хаагчдын албан тушаалын 300 айлын орон сууц /230 болон 70 айлын гэрээг нэгтгэн цаашид 300 айлын гэх/-ны барилга угсралтын ажлыг гүйцэтгэгч Х ХХК нь валютын ханш, барилгын материалын үнэ, ажилчдын цалин зэрэг өсөлтүүд болон захиалагч талаас хүн хүч, хөрөнгө мөнгөний дэмжлэг авч барилгын ажлыг дуусгах талаар хамтран ажиллах санал гаргасны дагуу захиалагч байгууллага барилгын зарим ажлыг өөрийн харьяа байгууллагаар хүн хүч, хөрөнгө мөнгө гарган гүйцэтгүүлэх, гарсан зардлыг гүйцэтгэгч байгууллагатай дүгнэн, гүйцэтгэлийн тооцоог нийлж, хоёр талаас барилгын ажлыг дуусган шийдвэрлэх” гэжээ./хх 21-23/

 

БХЯнь Зэвсэгт хүчний 338 дугаар ангитай 2015 оны 9 дүгээр сард Цэргийн албан хаагчдын 300 айлын орон сууцны Б /90 айл/ блокийн барилгыг дуусгах материалын зардлыг санхүүжүүлэх гэрээ байгуулж, гэрээний 2 дугаар зүйлд “захиалагч БХЯнь цэргийн алба хаагчдын 300 айлын орон сууцны Б блокийн барилгыг дуусгах материалын зардлыг санхүүжүүлэх гэрээг 352 000 000 төгрөгт багтаан гүйцэтгэхээр ирүүлсэн гүйцэтгэгчийн саналыг хүлээн зөвшөөрөв, гэрээний 4 дүгээр зүйлд “гүйцэтгэгч нь Монгол цэргийн музейн хашаанд  баригдаж буй Цэргийн албан хаагчдын 4 блок 300 айлын орон сууцны барилгын Б блокийн дотор заслын ажлын дутуу материалыг худалдан авч, батлагдсан зураг төсөв, зургийн даалгавар, техникийн өгөгдлийн дагуу 2015 оны 9 дүгээр сарын 10-ны өдөр эхэлж, 2015 оны 12 дугаар сарын 25-ны өдөр багтаан дуусгана” гэж тохиролцсон байна.24-28/

 

БХЯнь Зэвсэгт хүчний 339 дүгээр ангитай 2015 оны 9 дүгээр сард Цэргийн албан хаагчдын 300 айлын орон сууцны А2 /70 айл/ блокийн барилгыг дуусгах материалын зардлыг санхүүжүүлэх гэрээ байгуулж, гэрээний 2 дугаар зүйлд “захиалагч БХЯнь цэргийн алба хаагчдын 300 айлын орон сууцны А2 блокийн барилгыг дуусгах материалын зардлыг санхүүжүүлэх гэрээг 282 300 000 төгрөгт багтаан гүйцэтгэхээр ирүүлсэн гүйцэтгэгчийн саналыг хүлээн зөвшөөрөв, гэрээний 4 дүгээр зүйлд “гүйцэтгэгч нь Монгол цэргийн музейн хашаанд  баригдаж буй Цэргийн албан хаагчдын 4 блок 300 айлын орон сууцны барилгын А2 блокийн дотор заслын ажлын дутуу материалыг худалдан авч, батлагдсан зураг төсөв, зургийн даалгавар, техникийн өгөгдлийн дагуу 2015 оны 9 дүгээр сарын 10-ны өдөр эхэлж, 2015 оны 12 дугаар сарын 25-ны өдөр багтаан дуусгана” гэж тохиролцсон байна./хх29-32/

 

БХЯнь Зэвсэгт хүчний 017 дугаар ангитай 2015 оны 9 дүгээр сард Цэргийн албан хаагчдын 300 айлын орон сууцны А, А1 /140 айл/ блокийн барилгыг дуусгах материалын зардлыг санхүүжүүлэх гэрээ байгуулж, гэрээний 2 дугаар зүйлд “захиалагч БХЯнь цэргийн алба хаагчдын 300 айлын орон сууцны А, А1 блокийн барилгыг дуусгах материалын зардлыг санхүүжүүлэх гэрээг 766 800 000 төгрөгт багтаан гүйцэтгэхээр ирүүлсэн гүйцэтгэгчийн саналыг хүлээн зөвшөөрөв, гэрээний 4 дүгээр зүйлд “гүйцэтгэгч нь Монгол цэргийн музейн хашаанд  баригдаж буй Цэргийн албан хаагчдын 4 блок 300 айлын орон сууцны барилгын А, А1 блокийн дотор заслын ажлын дутуу материалыг худалдан авч, батлагдсан зураг төсөв, зургийн даалгавар, техникийн өгөгдлийн дагуу 2015 оны 9 дүгээр сарын 10-ны өдөр эхэлж, 2015 оны 12 дугаар сарын 25-ны өдөр багтаан дуусгана” гэж тохиролцсон байна./хх 33-35/

 

БХЯнь дээрх зэвсэгт хүчний 338, 339, 017 дугаар ангиудтай хийсэн гэрээний дагуу ажлын гүйцэтгэлийг санхүүжүүлж байсан болох нь Цэргийн албан хаагчдын 300 айлын орон сууцны барилгын ажлын гүйцэтгэлийн баримтууд, нэхэмжлэхүүд, материалын жагсаалтууд зэрэг баримтуудаар нотлогдож байна.

 

Харин БХЯнь энэхүү цэргийн албан хаагчдын 300 айлын орон сууцны барилгын ажлын санхүүжилтийн мөнгийг БХЯны Зэвсэгт хүчний хөгжлийн сангаас 1 тэрбум гаруй төгрөг гаргаж тухайн барилгыг барьж дуусгасан гэж нэхэмжлэгч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч тайлбарлаж байна.

 

Улмаар Баянзүрх дүүргийн 5 дугаар хороонд байрлах, БХЯны захиалгатай 34 авто машины зогсоолтой, 300 айлын орон сууцны барилгыг 2016 оны 02 дугаар сарын 23-ны өдөр барилга байгууламжийг ашиглалтад оруулах комиссын 88/2016 дугаартай актаар ашиглалтад оруулсан байна./хх 152-154/

 

Дээрх баримтуудаас үзэхэд БХЯнь цэргийн албан хаагчдын албан тушаалын орон сууцны барилгыг дуусгах материалын зардлыг санхүүжүүлэх гэрээг зэвсэгт хүчний 338, 339, 017 дугаар ангиудтай байгуулж, санхүүжилтийг БХЯны Зэвсэгт хүчний хөгжлийн сангаас 1 тэр бум гаруй төгрөг гаргаж тухайн барилгыг барьж дуусгасан атлаа ямар үндэслэлээр Х ХХК-иас 1 151 692 456 төгрөгийг шаардаж байгаа нь тодорхой бус байна.

 

Нөгөө талаар Х ХХК нь зэвсэгт хүчний хөгжлийн сангаас цэргийн албан хаагчдын албан тушаалын орон сууцны барилгын ажилд зориулан санхүүжилт авсан болох нь, БХЯны зэвсэгт хүчний хөгжлийн сангийн  санхүүжилтээр БХЯны захиалгаар барьсан 300 айлын орон сууцны барилгыг барьсан мөнгийг БХЯнь Х ХХК-иас шаардах эрхтэй болох нь баримтаар нотлогдоогүй байна.

 

Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-т “Ажил гүйцэтгэх гэрээгээр ажил гүйцэтгэгч нь захиалагчийн буюу өөрийн материалаар гэрээнд заасан ажил гүйцэтгэх, захиалагч нь уг ажлын үр дүнг хүлээн авч, хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ” гэж заасан байх бөгөөд хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд БХЯтай гэрээ байгуулсан зэвсэгт хүчний 338, 339, 017 дугаар ангиуд нь дээрх санхүүжилтийг хүлээн авч, цэргийн албан хаагчдын 300 айлын орон сууцны барилгын ажилд зарцуулсан байна гэж үзэхээр байх тул БХЯны нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-т заасныг баримтлан хариуцагч Х ХХК-иас 1 151 692 456 /нэг тэрбум нэг зуун тавин нэгэн сая зургаан зуун ерэн хоёр мянга дөрвөн зуун тавин зургаан/ төгрөг гаргуулах тухай БХЯны нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар нэхэмжлэгч байгууллага нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй  болохыг дурдсугай.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар шийдвэрийг зохигчид, тэдний төлөөлөгч нар гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

                           ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                               З.ДОРЖНАМЖИН