Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 09 сарын 16 өдөр

Дугаар 210/МА2020/01968

 

Х ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Д.Нямбазар, Э.Золзаяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2020 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн 181/ШШ2020/01983 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч: Х ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: М ХХК-д холбогдох,

 

Хөлсөөр ажиллах гэрээний үүрэгт 50 565 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Э.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Б.Бадамханд,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Э.Цолмон нар оролцов.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Х ХХК нь гэрээт харуул хамгаалалтын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг. М ХХК-тай 2019 оны 03 дугаар сарын 01-ний өдөр гэрээ байгуулсан Гэрээгээр 1 ажилтны 1 сарын төлбөр 700 000 төгрөг байхаар М ХХК-тай тохиролцсон боловч хөлс төлөх үүргээ 2019 оны 07 дугаар сараас эхлэн гэрээний үүргээ тасалдуулж, 2019 оны 11, 12, 2020 оны 01, 02, 03 сарын хөлс төлөөгүй, 2020 оны

03 дугаар сарын 16-ны өдрөөс тэдний хүсэлтээр гэрээг цуцалж, харуул хамгаалалтыг буулгасан.

Талууд гэрээг цуцласны дараа тооцоо нийлж манай байгууллагад төлөх ёстой төлбөр 50 565 000 төгрөг болохыг баталгаажуулсан. Гэрээний хугацаанд ажилтан хулгай хийхийг завдсан асуудал гэрээ цуцлах үед болсон тул өмнөх төлбөрийг төлөхгүй гэх үндэслэл болохгүй.

Мөн худал мэдээ тараасан, үүргээ хангалтгүй биелүүлсэн тухай хариуцагчийн тайлбар үндэслэлгүй. Манайх тус байгууллагын 2 обьектод 24 цагаар нэг ээлжинд 3 ажилтан нийт 11 ажилтан харуул хамгаалалтын үүрэг гүйцэтгэдэг байсан. Сүүлд 2019 ны 11 сараас 2 обьект нэмж үүрэг гүйцэтгэдэг байсан.

Иймд М ХХК-аас 50 565 000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Манай байгууллага 2019 оны 03 дугаар сарын 01-ний өдөр Х ХХК-тай харуул хамгаалалтын үйлчилгээ үзүүлэх гэрээ байгуулсан. 2017 оноос эхлэн хамтарч ажилласан нь үнэн.

Гэрээний хугацаанд гэрээт харуул хамгаалалтын үйлчилгээ хангалтгүй байсан. Тухайлбал, хамгаалагч нар хамгаалж байсан обьект болох манай барилгын талбайгаас хулгай хийх явцдаа баригдсан. Уг асуудлаар Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол гарсан.

Мөн хамгаалагч нар манай хэрэгжүүлж буй төслийн захиалагч нарт М ХХК-ийн барилга чанарын шаардлага хангахгүй, хугацаандаа ашиглалтанд орж амжихгүй гэх мэтээр худал мэдээлэл тараадаг байсан. Хэрэв үүргээ хангалттай биелүүлсэн бол төлөх төлбөр 50 565 000 төгрөг байсан гэдэгт маргахгүй.

Талуудын хооронд байгуулсан гэрээний 7.3-т хамгаалалтын үйл ажиллагааг гурваас дээш удаа хангалтгүй биелүүлсэн тохиолдолд гэрээг цуцалж, хөлсийг олгохгүй байхаар заасан. Иймд гэрээний үүргээ хангалтгүй биелүүлдэг байсан тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1-д заасныг баримтлан М ХХК-аас 50 565 000 /тавин сая таван зуун жаран таван мянган/ төгрөгийг гаргуулж, Х ХХК-д олгож,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 410 775 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас тэмдэгтийн хураамжид 410 775 төгрөг гаргуулж, нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Нэхэмжлэгч гэрээний үүргээ удаа дараа зохих ёсоор биелүүлээгүй, худал мэдээлэл тараасан тухай тайлбараа хариуцагч баримтаар нотлоогүй гэснийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь худал мэдээлэл авч байсан н.Гантулга манай компаниас орон сууц захиалсан болох нь орон сууц захиалгын гэрээ, түүний худал мэдээлэл авсан талаар тодорхойлолт зэргээр нотлогдож байгаа.

Х ХХК нь харуул хамгаалалтын үйлчилгээ үзүүлэх эрхгүй ба хууль бусаар хөрөнгөжиж байгаа этгээд юм. Анхан шатны шүүхээс хууль бусаар буюу Цагдаагийн ерөнхий газраас олгодог харуул хамгаалалтын үйл ажиллагаа эрхлэх тусган зөвшөөрлийг аваагүй этгээдэд харуул хамгаалалтын үйлчилгээний төлбөр олгуулахаар шийдвэрлэж байгаа нь хууль бус юм.

Хариуцагчийн зүгээс талуудын хооронд байгуулсан гэрээний 7.3-т Хамгаалалтын үйл ажиллагааг гурваас дээш удаа хангалтгүй биелүүлсэн тохиолдолд гэрээг цуцалж, хөлс олгохгүй тухай зохицуулалтын улмаас гэрээний төлбөрийг төлөхгүй гэж нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвгөөрөхгүй байгаа үндэслэлээ тайлбарласан. Үүргээ урваас дээш удаа хангалтгүй биелүүлсэн тохиолдолд дараах тохиолдлыг дурдсан.

Харуул хамгаалалтын ажилтнууд хулгай хийсэн. Энэ үйлдлийг нотлох шүүхийн шийдвэр хэрэгт авагдсан. Үйлчлүүлэгчийн талаар худал мэдээлэл тараасан. Энэ үйлдлийг нотлох Орон сууц захиалгын гэрээ, иргэний тодорхойлолтыг өгсөн боловч шүүх шийдвэр гаргахдаа нотлох баримтыг үнэлээгүй.

Харуул хамаалалтын талаар рапортын дэвтэр хөтөлж, үйлчлүүлэгч талд танилцуулах үүрэгтэй боловч энэ үүргээ огт биелүүлж байгаагүй. Нэгэнт хөтлөөгүй, үйлчлүүлэгч талдаа огт танилцуулж байгаагүй рапортын дэвтэрийг үйлчлүүлэгч талын зүгээс нотлох боломжгүй юм. Эдгээр зөрчил нь гэрээний үүргээ гурваас дээш удаа хангалтгүй биелүүлснийг нотолж байхад анхан шатны шүүхээс нотлоогүй гэж байна.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан байна.

 

Нэхэмжлэгч Х ХХК нь хариуцагч М ХХК-д холбогдуулан хөлсөөр ажиллах гэрээний үүрэгт 50 565 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

Х ХХК М ХХК-тай 2019 оны 03 дугаар сарын 01-ний өдөр харуул хамгаалалтын үйлчилгээ үзүүлэх гэрээг байгуулж, уг гэрээгээр Х ХХК нь М ХХК-ийн заасан объектын аюулгүй байдлыг хангах, өмч хөрөнгийг хамгаалах, болзошгүй нөхцөл байдлаас урьдчилан сэргийлж 2020 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэлх хугацаанд хамгаалах, М ХХК нь хөлс төлөх үүргийг тус тус хүлээсэн байна.

 

Анхан шатны шүүх талуудын хооронд Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1 дэх хэсэгт заасан хөлсөөр ажиллах гэрээний харилцаа үүссэн, гэрээ хүчин төгөлдөр гэж зөв дүгнэжээ.

 

Талууд 2020 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр тооцооны үлдэгдлийн баталгаа гэх баримтыг үйлдэж, уг баримтаар М ХХК нь Х ХХК-д 2019 оны 07 дугаар сарын 30-ны өдрөөс 2020 оны 03 дугаар сарын 31-ний өдрийг хүртэлх хугацаанд гэрээний хөлсөнд 50 565 000 төгрөгийг төлөх талаар тохиролцож, байгууллагын албан тушаалтны хувьд нягтлан бодогч нар гарын үсэг зурж, баталгаажуулсан байна. /хх13/

 

Иймд Х ХХК нь М ХХК-аас гэрээний хөлс төлөх үүрэгт 50 565 000 төгрөгийг Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1 дэх хэсэгт зааснаар шаардах эрхтэй юм.

 

Талууд гэрээний 7.3-т Хамгаалалтын үйл ажиллагааг гурваас дээш удаа хангалтгүй биелүүлсэн тохиолдолд гэрээг цуцалж, хөлс, төлбөрийг олгохгүй гэж тохиролцсон байна.

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн 2020/ШЦТ/946 тоот шийтгэл тогтоолоор Баянзүрх дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах М ХХК барьж гүйцэтгэж буй Поларис Апартмент-1, 2 хотхоны гадна талбайн агуулахад Ю.Мөнхбат, Х.Мижидгомбо нар нь түлхүүр тааруулан хууль бусаар нэвтэрч 4 548 000 төгрөгийн эд зүйлийг хүч хэрэглэхгүйгээр нууцаар, хууль бусаар хулгайлах гэмт хэргийг бүлэглэн үйлдсэн гэм буруутай болохыг тогтоосон, Ю.Мөнхбат, Х.Мижидгомбо нар нь Х ХХК-д хамгаалалтын үүрэг гүйцэтгэж ажиллаж байсан талаар маргаагүй байна. Хариуцагч байгууллагын ажилтнууд нь эрүүгийн хариуцлага хүлээсэн байх бөгөөд эдгээр хүмүүсийн үйлдлийг компанид хамааруулах, өмнө үүссэн гэрээний дагуу хөлс шаардах эрхийг бүхэлд нь үгүйсгэх боломжгүй. Энэ нь хариуцагч байгууллагыг гэрээний хөлс төлөхөөс татгалзах үндэслэл болохгүй, энэ талаар хийсэн анхан шатны шүүхийн дүгнэлт зөв болжээ.

 

Түүнчлэн иргэн Г.Гантулга М ХХК-аас орон сууц худалдан авсан, 2019 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр барилгын талбай дээр очиход хариуцсан хүн байхгүй, хамгаалалтын ажилтнаас нь асуухад уг барилгыг энэ онд ашиглалтад орохгүй гэж хариулт өгсөн гэх агуулга бүхий тодорхойлолтыг бичгээр гаргасан байна. Энэхүү баримт бичиг нь нэхэмжлэгч байгууллага буюу хөлсөөр ажиллагчийн гэрээнд харш үйл ажиллагаа явуулсан гэж үзэх, улмаар Иргэний хуулийн 267 дугаар зүйлийн 267.2 дахь хэсэгт зааснаар хөлс шаардах эрхээ алдсан гэж үзэхэд хамааралтай баримт биш байна. Уг тодорхойлолт нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт зааснаар эргэлзээтэй, нэг талын баримтыг үндэслэж үйл баримтыг нотлогдсон гэж үзэж болохгүй.

 

Иймд анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нь зөв байх тул шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхив.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн 181/ШШ2020/01983 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхэд хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 410 775 төгрөгийг улсын төсвийн орлогод үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч мөн зүйлийн 172.2 дахь хэсэгт заасан үндэслэлээр энэ хуулийн 167 дугаар зүйлд заасан магадлалд гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацаа тоолохыг дурдсугай

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ж.ОЮУНТУНГАЛАГ

 

ШҮҮГЧИД Д.НЯМБАЗАР

 

Э.ЗОЛЗАЯА