Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2022 оны 10 сарын 20 өдөр

Дугаар 001/ХТ2022/00965

 

 

2022           10            20                                         001/ХТ2022/00965

“ХТ” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч Х.Эрдэнэсувд даргалж, шүүгч П.Золзаяа, Б.Мөнхтуяа, С.Соёмбо-Эрдэнэ, Д.Цолмон нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2020 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн 181/ШШ2020/01983 дугаар шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2020 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн 1968 дугаар магадлалтай,

“ХТ” ХХК-ийн нэхэмжлэлтэй

“М К” ХХК-д холбогдох

Хөлсөөр ажиллах гэрээний үүрэгт 50,565,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

 Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Бадамхандын гаргасан хяналтын гомдлоор

шүүгч П.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Ууганзаяа оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. “ХТ” ХХК нь “М К” ХХК-д холбогдуулан хөлсөөр ажиллах гэрээний үүрэгт 50,565,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг гаргажээ. Хариуцагч нэхэмжлэлийг эс зөвшөөрч маргажээ.

2. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн 181/ШШ2020/01983 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1-д заасныг баримтлан “М К” ХХК-аас 50.565.000 /тавин сая таван зуун жаран таван мянган/ төгрөгийг гаргуулж, “ХТ” ХХК-д олгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 410.775 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас тэмдэгтийн хураамжид 410.775 төгрөг гаргуулж, нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

3. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн 1968 дугаар магадлалаар Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн 181/ШШ2020/01983 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхэд хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 410 775 төгрөгийг улсын төсвийн орлогод үлдээж шийдвэрлэжээ.

4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Бадамханд хяналтын гомдолдоо: ...Шийдвэрт Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсгийг үндэслэн дараах байдлаар гомдол гаргаж байна. Үүнд: 1. Хянавал хэсгийн “Хариуцагч байгууллагын ажилтнууд нь эрүүгийн хариуцлага хүлээсэн байх бөгөөд эдгээр хүмүүсийн үйлдлийг компанид хамааруулах, өмнө үүссэн гэрээний дагуу хөлс шаардах эрхийг бүхэлд нь үгүйсгэх боломжгүй. Энэ нь хариуцагч байгууллагыг гэрээний хөлс төлөхөөс татгалзах үндэслэл болохгүй, энэ талаар хийсэн анхан шатны шүүхийн дүгнэлт зөв болжээ” гэснийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь: Нэгдүгээрт: Ажилтнууд нь хулгайлах гэмт хэрэг үйлдэж, үйлдэл дээрээ баригдсан компани нь нэхэмжлэгч компани бөгөөд давж заалдах шатны шүүх утга агуулгын алдаа магадлал гаргасан байна. Хоёрдугаарт: Давж заалдах шатны шүүхээс “эдгээр хүмүүсийн үйлдлийг компанид хамааруулах” боломжгүй гэж үзсэнийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Харуул хамгаалалтын үйлчилгээ үзүүлэх гэрээгээр харуул хамгаалалтын байгууллага нь үйлчлүүлэгч талын объектуудыг хамгаалагч нараар дамжуулан хамгаалах агуулгатай гэрээ билээ. Хамгаалагч нарын барилгын материал хулгайлах үйлдлийг хамгаалалтын байгууллагад хамааруулан хариуцлага оногдуулах нь зүй ёсны үйлдэл юм. 2. Хянавал хэсгийн “Түүнчлэн иргэн Г.Гантулга “М К” ХХК-с орон сууц худалдан авсан, 2019.09.01 өдөр барилгын талбай дээр очиход хариуцсан хүн байхгүй, хамгаалалтын ажилтнаас асуухад уг барилгыг энэ онд ашиглалтад орохгүй гэж хариулт өгсөн гэх агуулга бүхий тодорхойлолтыг бичгээр гаргасан байна. Энэхүү баримт бичиг нь нэхэмжлэгч байгууллага буюу хөлсөөр ажиллах гэрээнд харш үйл ажиллагаа явуулсан гэж үзэх, улмаар Иргэний хуулийн 267 дугаар зүйлийн 267.2 дахь хэсэгт заасан хөлс шаардах эрхээ алдсан гэж үзэхэд хамааралтай баримт биш юм” гэснийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь талуудын хооронд байгуулсан гэрээний хамгаалалтын байгууллагын үүрэг хэсэгт үйлчлүүлэгч байгууллагын нууцыг чандлан хадгалах үүрэгтэй хэмээн заасан. Хамгаалагч нар байгууллагын харилцагч болох захиалагч нарт худал мэдээлэл тарааж байсан нь хамгаалалтын үйлчилгээний төлбөрийг төлөхгүй байх үндэслэл болж байна. Иймд “М К” ХХК-с 50,565,000 төгрөг, улсын тэмдэгтийн хураамж 410,775 төгрөг гаргуулж нэхэмжлэгч “ХТ” ХХК-д олгох шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

5. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангах үндэслэлгүй гэж үзэв.

6. Нэхэмжлэгч “ХТ” ХХК нь хариуцагч “М К” ХХК-д холбогдуулан хөлсөөр ажиллах гэрээний үүрэгт 50,565,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг гаргасан ба хариуцагч нь нэхэмжлэлийг эс зөвшөөрч, харуул хамгаалалтын үйлчилгээ хангалтгүй байсан, хамгаалагч нар хамгаалж байгаа манай объектоос хулгай хийж байгаад баригдсан, уг асуудлаар шүүхийн шийтгэх тогтоол гарсан, мөн захиалагч нарт манай барилгыг чанаргүй, хугацаандаа ашиглалтад орж амжихгүй гэх зэргээр худал мэдээлэл тараадаг байсан тул хөлсийг төлөх үндэслэлгүй гэж маргажээ.

7. Анхан болон давж заалдах шатны шүүх нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэхдээ Иргэний хуулийн холбогдох зохицуулалтыг зөв тайлбарлан хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу явуулсан байна.

8. Нэхэмжлэлийн үндэслэл болж буй “ХТ” ХХК болон “М К” ХХК-ийн байгуулсан 2019.03.01-ний өдрийн харуул хамгаалалтын үйлчилгээ үзүүлэх гэрээг хөлсөөр ажиллах гэрээ гэж үзсэн шүүхийн дүгнэлт Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1 дэх хэсгийг зөрчөөгүй байна. Уг гэрээний дагуу “ХТ” ХХК нь “М К” ХХК-ийн заасан объектын аюулгүй байдлыг хангах, өмч хөрөнгийг хамгаалах, болзошгүй нөхцөл байдлаас урьдчилан сэргийлэх үүргийг, “М К” ХХК хөлс төлөх үүргийг тус тус хүлээжээ. Гэрээ 2020.04.01-ний өдөр дуусгавар болж, талууд 2020.04.22-ны өдөр тооцоо нийлж, “М К” ХХК нь 2019.07.30-2020.03.31 хүртэлх хугацааны хөлс 50,565,000 төгрөгийг төлөх үүргийг хүлээсэн байх тул шүүх уг үүргийг хангуулсан нь Иргэний хуульд нийцсэн байна.

9. Иргэний хуулийн 367 дугаар зүйлийн 367.2 дахь хэсэгт “Ажиллуулагч гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн үйл ажиллагаа явуулаагүй, ажиллагч гэрээгээр хүлээсэн үүргээ гүйцэтгээгүй буюу гэрээнд харш үйл ажиллагаа явуулсны улмаас гэрээг цуцалсан бол ажиллагч ажлын хөлс шаардах эрхээ алдана.” гэж заасан. Хариуцагчийн барьж буй барилгыг энэ онд ашиглалтад орохгүй гэж хамгаалалтын ажилтан хэлсэн гэх иргэн Г.Гантулгын тодорхойлолт нь хөлсөөр ажиллагч гэрээнд харш үйл ажиллагаа явуулсан гэж үзэх үндэслэл болоогүй, шүүх хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.

Мөн Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020.05.20-ны өдрийн 2020/ШЦТ/946 тоот шийтгэх тогтоолоор “М К” ХХК-ийн барьж гүйцэтгэж буй Поларис Апартмент-1, 2 хотхоны гадна талбайн агуулахад Ю.Мөнхбат, Х.Мижидгомбо нар хууль бусаар нэвтэрч 4,548,000 төгрөгийн эд хөрөнгийг хулгайлсан гэм буруутай болохыг тогтоосон, эдгээр хүмүүс нь “ХТ” ХХК-д хамгаалалтын үүрэг гүйцэтгэж байсан нь тогтоогдсон байх ба уг үйлдлийн улмаас хариуцагч хөлс төлөх үүргээс чөлөөлөгдөх үндэслэл байхгүй, харин төлбөрийг харилцан тооцох эсэх нь талуудын эрхийн асуудал юм. Тухайн этгээдүүд үйлдсэн гэмт хэрэгтээ ял шийтгүүлсэн бөгөөд учруулсан хохирлын хэмжээнд хариуцлага хүлээх тул хариуцагчийн хөлс төлөх үүрэгт хамааралгүй, хөлс төлөхөөс чөлөөлөх үндэслэл болохгүй болно.

Түүнчлэн харуул хамгаалалтын гэрээний 7.3-т “Хамгаалалтын үйл ажиллагааг гурваас дээш удаа хангалтгүй биелүүлсэн тохиолдолд гэрээг цуцалж, хөлс, төлбөрийг олгохгүй” гэж заасан боловч ийм нөхцөл байдал тогтоогдоогүй байна.

10. Хоёр шатны шүүх дээрх байдлаар хариуцагчийг хөлс төлөх үүргээс чөлөөлөх хууль зүйн үндэслэлгүй гэж үзсэн нь Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1, 367 дугаар зүйлийн 367.1 дэх хэсгийг зөрчөөгүй тул энэ талаарх гомдлыг хангахгүй орхив.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн 181/ШШ2020/01983 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн 1968 дугаар магадлалыг тус тус хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т зааснаар хариуцагчаас хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2020 оны 10 дугаар сарын 23-ны өдөр төлсөн 410,775 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

                              ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  Х.ЭРДЭНЭСУВД

                              ШҮҮГЧИД                                                    П.ЗОЛЗАЯА

                                                                                                   Б.МӨНХТУЯА

                                                                                                   С.СОЁМБО-ЭРДЭНЭ

                                                                                                   Д.ЦОЛМОН