Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 09 сарын 07 өдөр

Дугаар 210/МА2018/01975

 

2018 оны 09 сарын 07 өдөр

Дугаар 210/МА2018/01975

 

 

Анта финанс ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ш.Оюунханд даргалж, шүүгч Г.Даваадорж, Э.Золзаяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2018 оны 07 дугаар сарын 17-ны өдрийн 181/ШШ2018/01574 дүгээр шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч: Анта финанс ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Н.Алтанцэцэгт холбогдох,

 

Зээлийн гэрээний үүрэгт 18 480 000 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай иргэний хэргийг

 

Хариуцагчийн давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Э.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч: А.Отгонжаргал

Хариуцагч: Н.Алтанцэцэг

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Ж.Энэрэл нар оролцов.

 

Нэхэмжлэгчийн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Анта Финанс ББСБ ХХК нь 2017 оны 12 дугаар сарын 06-ны өдөр Н.Алтанцэцэгийн хүсэлтийг үндэслэн, түүнтэй ЗГ/17/07 дугаартай зээлийн гэрээ байгуулж, 14 000 000 төгрөгийг 1 жилийн хугацаатай, 30 хоногийн 4 хувийн хүүтэй зээлдүүлсэн. Зээлдүүлэгчээс үүргийн гүйцэтгэлийг хангах зорилгоор А.Сугармаа, А.Доржцэнгэл нарын өмчлөлийн 40 м.кв талбайтай, 3 өрөө орон сууцыг барьцаалж БГ/17/07 тоот барьцааны гэрээ байгуулсан.

Н.Алтанцэцэг нь зээлийн эргэн төлөлтийн графикт хуваарийг зөрчиж, зээл авсан өдрөөс хойш өнөөдрийг хүртэл үндсэн зээлийн төлбөрийг төлөөгүй тул зээлийн гэрээг цуцалж, зээлийн буцаан төлүүлэхээр шаардаж байна. Иймд үндсэн зээл 14 000 000 төгрөг, зээлийн хүү болон нэмэгдүүлсэн хүүд 4 480 000 төгрөг, нийт 18 480 000 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү.

Түүнчлэн зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг барьцааны зүйл болох А.Сугармаа, А.Доржцэнгэл нарын өмчлөлийн Сүхбаатар дүүргийн 8 дугаар хороо, 2 дугаар байрны 69 тоотод байрлах 40 м.кв талбайтай, 3 өрөө орон сууцаар хангуулж өгнө үү гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1, Банк, эрх бүхий хуулийнэтгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 22 дугаар зүйлийн1, 24 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч Н.Алтанцэцэгээс бүгд 18 480 000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Анта Финанс ББСБ ХХК-д олгож,

Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Н.Алтанцэцэг энэхүү шүүхийн шийдвэрийг сайн дураар эс биелүүлвэл барьцааны зүйл болох Улсын бүртгэлийн Ү-2203005940 дугаар бүртгэгдсэн, Сүхбаатар дүүрэг, 8-р хороо, 11-р хороолол, 2-р байр, 69 тоот, 40 м.кв, гурван өрөө орон сууцыг албадан дуудлага худалдаагаар худалдан борлуулж үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг дурдаж,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2, 44 дүгээр зүйлийн 44.1.1-т зааснаар нэхэмжлэгч Анта Финанс ББСБ ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 354 962 төгрөгөөс 320 550 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, улсын орлогоос буюу Сүхбаатар дүүргийн татварын хэлтсийн 2611192214 тоот данснаас илүү төлсөн 34 412 төгрөгийг буцаан гаргуулан, хариуцагч Н.Алтанцэцэгээс улсын тэмдэгтийн хураамжид 320 550 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч Анта Финанс ББСБ ХХК-д олгож шийдвэрлэжээ.

 

Хариуцагч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч байна.

Би 2015 оны 08 дугаар сарын 04-ний өдөр Анта финанс ББСБ ХХК-аас ЗГ/15/15 тоот зээлийн гэрээгээр 8 000 000 төгрөг зээлсэн. Түүний хүү болох 4 500 000 төгрөгийг 2015 оны 09 сараас 2017 оны 01 дүгээр сар хүртэлх хугацаанд тус байгууллагын Голомт банкин дахь 2715006022 тоот төгрөгийн дансанд тушаасан байна. Дээрх хугацаанд зээлийн гэрээний хүүг хугацаанд нь төлж чадахгүй байсан тул хуримтлагдсанаас болж үүссэн зээлийн гэрээг өөрчилж байна гэж гарын үсэг зуруулсан. Хамгийн сүүлд 2017 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн ЗГ/17/07 тоот гэрээг зөвшөөрөхгүй байна.

Нэхэмжлэлээр ирүүлсэн ЗГ17/07 тоотгэрээгээр 14 000 000 төгрөгийг би хүлээн аваагүй бөгөөд 2015 оны 08 дугаар сарын 04-ний өдрийн ЗГ15/15 тоот зээлийн гэрээний хүүг төлөөгүйгээс үүссэн хуримтлагдсан хүүг зээл гаргасан хэмээн хуурамчаар бичиг баримт бүрдүүлэн хүүгийн хүүг давхар тооцож нэхэмжлэл гаргаж байгааг хүлээн зөвшөөрөхгүй.

Би тус байгууллагаас нэхэмжилсэн 18 480 000 төгрөгөөс 4 300 000 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Мөн шийдвэрт тусгагдсан тэмдэгтийн хураамж төлөхөөс татгалзаж байна гэжээ.

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан байна.

 

Нэхэмжлэгч Анта Финанс ББСБ ХХК нь хариуцагч Н.Алтанцэцэгт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 18 480 000 төгрөг гаргуулахаар нэхэмжилжээ.

 

Талуудын хооронд 2017 оны 12 дугаар сарын 06-ны өдөр зээлийн гэрээ байгуулагдаж, зээлдүүлэгч нь 14 000 000 төгрөгийг, 30 хоногийн 4 хувийн хүүтэй, 12 сарын хугацаатайгаар зээлдэгчид зээлдүүлэхээр харилцан тохиролцсон. Уг зээлийн гэрээ нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт заасан банк, эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох, зээлдэгч нь зээлийг тохиролцсон хүүгийн хамт буцаан төлөх үүргийг үүсгэсэн, мөн хуулийн 451.2 дахь хэсэгт зааснаар зээлийн гэрээг бичгээр байгуулсан, гэрээ хүчин төгөлдөр гэж анхан шатны шүүх зөв дүгнэжээ.

 

Дээрх зээлийн гэрээгээр талууд нэмэгдүүлсэн хүүгийн талаар тохиролцсон нь Иргэний хуулийн 452 дугаар зүйлийн 452.2 дахь хэсэгт нийцсэн.

 

Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах зорилгоор мөн өдөр зээлийн барьцаанд А.Сугармаа, А.Доржцэнгэл нарын өмчлөлийн Ү-2203005940 дугаарын улсын бүртгэлтэй, Сүхбаатар дүүргийн 8 дугаар хороо, 11 дүгээр хороолол, 2-р байрны 69 тоотод байрлах, 40 м.кв талбай бүхий 3 өрөө орон сууцыг барьцаалж, барьцааны гэрээ байгуулсан. Уг барьцааны гэрээ нь Иргэний хуулийн 156 дугаар зүйлийн 156.1, 156.2 дахь хэсэгт зааснаар бичгээр байгуулж, улсын бүртгэлд бүртгүүлэх шаардлагыг хангасан, хүчин төгөлдөр гэрээ байна.

 

Хариуцагч нь 2017 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн зээлийн гэрээний эргэн төлөлтийн хуваарийг зөрчсөн, зээлийн гэрээний үүргээ биелүүлээгүй болох нь тогтоогдож байх тул нэхэмжлэгч Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1 дэх хэсэгт зааснаар гэрээг хугацаанаас нь өмнө цуцалж, мөн хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт зааснаар зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүг шаардах эрхтэй байна.

 

Иймд анхан шатны шүүх үндсэн зээл 14 000 000 төгрөг, зээлийн хүү 3 733 333 төгрөг, нэмэгдүүлсэн хүүд 746 667 төгрөг, нийт 18 480 000 төгрөгийг хариуцагч төлөх үүрэгтэй гэж тодорхойлж, хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэсэн нь зөв болжээ.

 

Хариуцагч нь зээлийн гэрээний үүргийг сайн дураар гүйцэтгээгүй тохиолдолд нэхэмжлэгч нь барьцааны гэрээний зүйлээр үүргийн гүйцэтгэлийг хангуулах эрхтэй гэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт Иргэний хуулийн 174 дүгээр зүйлийн 174.1, 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт заасантай нийцсэн.

 

Анхан шатны шүүх хариуцагчид нэхэмжлэлийг 2018 оны 06 дугаар сарын 06-ны өдөр гардуулан өгч, тайлбар гаргах хугацааг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.2 дахь хэсэгт зааснаар 14 хоногоор тогтоож, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд эдлэх эрх, хүлээх үүргийг нь тайлбарлажээ. Хариуцагч нь нэхэмжлэлийг эс зөвшөөрч тайлбар, татгалзал гаргаагүй тул шүүх хэрэгт авагдсан баримтын хүрээнд нэхэмжлэлийг шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3 дахь хэсэгт заасантай нийцсэн.

 

Дээрх үндэслэлээр хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 07 дугаар сарын 17-ны өдрийн 181/ШШ2018/01574 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагч давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 83 750 төгрөг төлснийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацаа тоолохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ш.ОЮУНХАНД

 

ШҮҮГЧИД Г.ДАВААДОРЖ

 

Э.ЗОЛЗАЯА