Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 05 сарын 16 өдөр

Дугаар 221/МА2018/0284

 

2018 оны 05 сарын 16 өдөр

       Дугаар 221/МА2018/0284

                        Улаанбаатар хот

Ш.Н-ийн нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

     Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Цогт даргалж, шүүгч Э.Лхагвасүрэн, Ерөнхий шүүгч Д.Батбаатар нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга Т.Даваажаргал, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Б нарыг оролцуулан, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн 128/ШШ2018/0165 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлын дагуу Ш.Н-ийн нэхэмжлэлтэй, Баянзүрх дүүргийн Засаг даргад холбогдох захиргааны хэргийг Ерөнхий шүүгч Д.Батбаатарын илтгэснээр хянан хэлэлцээд

ТОДОРХОЙЛОХ нь:

     Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн 128/ШШ2018/0165 дугаар шийдвэрээр: ”Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д заасныг баримтлан Баянзүрх дүүргийн Засаг даргын 2015 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн А/350 дугаар “Захирамжийн холбогдох заалт болон газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох тухай” захирамжийн С.А-д холбогдох хэсгийг хүчингүй болгох Ш.Н-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.1, 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсэгт тус тус зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж” шийдвэрлэжээ.

     Нэхэмжлэгч Ш.Н давж заалдах гомдолдоо: “ ... Баянзүрх дүүргийн Засаг даргын 2015 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн А/350 дугаар захирамж Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6, 40.2 дахь хэсгийг зөрчсөн байхад анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг буруу үнэлж, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн.

... Баянзүрх дүүргийн Засаг даргын 2008 оны 276 дугаар захирамжаар 400 м.кв газар эзэмших эрх үүссэн С.А  нь 2010 онд өвчний улмаас нас барсан, хуулийн дагуу гэрлэлтээ бүртгүүлээгүй байсан тул Баянзүрх дүүргийн шүүхийн 2011 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 397 дугаар шийдвэрээр нэхэмжлэгч Ш.Н нь С.А-тай хамтын амьдралтай байсан болохоо тогтоолгож, улмаар түүний эд хөрөнгийг өвлөх эрх 2015 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн 198 дугаар өвлөх эрхийн гэрчилгээгээр үүссэн. ... Газар эзэмших эрхийн гэрчилгээг шилжүүлэн авах хүсэлт 2015 оны 09 сард гаргасан боловч газар эзэмших эрхийн гэрчилгээг 2015 оны 07 дугаар сарын 28-ны өдөр хүчингүй болгосон байсан.

     Өөрөөр хэлбэл, Ш.Н нь 2015 онд өвлөх эрхийн гэрчилгээ авах хүртэлх хугацаанд газар эзэмшигч нь хуулийн дагуу газраа зориулалтын дагуу эзэмшиж, ашиглах боломжгүй, хүндэтгэн үзэх шалтгаантай байсан.

     ... Нэхэмжлэгч хашаа барьсан байсан боловч хашааг нийтээр адил болгох арга хэмжээний хүрээнд бидний барьсан хашааг буулгасан, 2010 онд гуравдагч этгээд Л.Т нь бидний эзэмших эрх бүхий газарт хууль бусаар бууснаар газар эзэмших эрхээ хэрэгжүүлэх боломжгүй нөхцөл байдал үүссэн.

           Гэтэл анхан шатны шүүх “... 2010 оноос тодорхой хугацаанд хүндэтгэн үзэх шалтгаантай байсан ч 2008-2015 оны хүртэл 7 жилийн хугацаанд бүхэлдээ хүндэтгэн үзэх шалтгаантай байсан гэж үзэхгүй, ... газраа хамгаалаагүй, ... амьдарч байгаагүй ...” гэж хэрэгт авагдсан нотлох баримт, тухайн нөхцөл байдалд үндэслэл бүхий дүгнэлт хийлгүй, хуульд заасан хүндэтгэн үзэх шалтгааныг буруу тайлбарлан хэрэглэж, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон нь үндэслэлгүй.

     ... Гуравдагч этгээд Л.Т-т хүргүүлсэн 2015 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 2016 дугаар албан бичигт С.А  нас барсан хүндэтгэн үзэх шалтгаантай байсан гэдгийг хариуцагч захиргааны байгууллага хүлээн зөвшөөрсөн.

         ... Газар эзэмшигч С.А нь нас барсан, түүний газар эзэмших эрхийг өвлөх хууль ёсны өв залгамжлагч байгаа эсэх талаар мэдэх боломжтой байсан, ... хариуцагч газар эзэмших нэхэмжлэгчийн эрх дуусгавар болсон гэж байгаа нь маргаан бүхий захиргааны актын хууль зүйн үндэслэлд хамааралгүй, ... Газрын тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1.2-т зааснаар газар эзэмшигч иргэн нас барсан бол түүний хууль ёсны өв залгамжлагч байхгүй нь тогтоогдсон тохиолдолд газар эзэмших эрх дуусгавар болох байсан. Газар эзэмшигч нь нас барсан байхад түүнийг мэдэлгүйгээр буюу газраа зориулалтын дагуу ашиглаагүй нь хүндэтгэн үзэх шалтгаантай байсан гэдгийг шалгаагүй болох нь тодорхой байна.

       Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-д эрхийн гэрчилгээг хүчингүй болгосон захирамж гаргаж, энэ тухайгаа эрхийн гэрчилгээ эзэмшиж байсан этгээдэд мэдэгдэнэ гэж заасныг зөрчсөн талаар анхан шатны шүүхээс зөв дүгнэлт хийсэн. Гэвч энэ нь нэхэмжлэлийг хангах үндэслэл болохгүй гэж дүгнэсэн нь үндэслэлгүй байна.

       Иймд Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн 165 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

       Нэхэмжлэгч Ш.Н-ээс “Баянзүрх дүүргийн Засаг даргын 2015 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн А/350 дугаар захирамжийг хүчингүй болгуулах” тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

      Баянзүрх дүүргийн Засаг дарга 2008 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн 276 дугаар захирамжаар тус дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт Хангамжийн АОС-13 тоот хаягт байрлалтай 400 м.кв газрыг ахуйн зориулалтаар, 13 жилийн хугацаагаар иргэн С.А-д эзэмшүүлэхээр шийдвэрлэсэн боловч дээрх маргаан бүхий актаараа “С.А тухайн газраа гэрээнд заасан зориулалтын дагуу 2 жил дараалан ашиглаагүй” гэж үзэн газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгожээ.

    Газар эзэмшигч иргэн С.А 2010 оны 12 дугаар сарын 21-ний өдөр нас барсан бөгөөд Баянзүрх дүүргийн шүүхийн 2011 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 397 дугаар шийдвэр-[1]ээр Ш.Н-ийг С.А тэй 2001 оноос 2010 оны 12 дугаар сарын 20-ны өдрийг хүртэл хамтын амьдралтай байсныг тогтоосон, улмаар нотариатчаас өмчлөх эрхийн гэрчилгээ[2] олгосон 2015 оны 07 дугаар сарын 07-ны өдрөөс С.А ийн газар эзэмших эрх өвийн журмаар Ш.Н-т шилжих боломжтой болсон нь хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогджээ.  

     Газрын тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1.2-т зааснаар газар эзэмшигч иргэн нас барсан бөгөөд түүний хууль ёсны өв залгамжлагч байхгүй нь тогтоогдсон тохиолдолд газар эзэмших эрх дуусгавар болох ёстой.

    Тиймээс хариуцагч албан тушаалтан маргаан бүхий актыг 2015 оны 07 дугаар сарын 28-ны өдөр гаргахдаа 2010 оны 12 дугаар сарын 11-ний өдөр нас барсан иргэний газар эзэмших эрх дуусгавар болсон эсэхийг тодруулах, үүний тулд уг иргэний өв залгамжлагч байгаа эсэхийг тогтоож, тийнхүү өв залгамжлагч байгаа бол энэ талаараа мэдэгдэх байжээ.  

     Өөрөөр хэлбэл, “гэрээнд заасан зориулалтын дагуу 2 жил дараалан ашиглаагүй” гэх үндэслэлээр нас барсан иргэний газар эзэмших эрхийг хүчингүй болгохоор гаргасан маргаан бүхий захиргааны акт хуульд нийцээгүй байна.

      Энэ нь С.А агсны өв залгамжлагч Ш.Н-ийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн гэх үндэслэл болно. Энэ талаар анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтад тулгуурлан үндэслэлтэй зөв дүгнэлт өгч чадаагүй байна.

     Нөгөөтэйгүүр, Баянзүрх дүүргийн Өмч, газрын харилцааны алба “С.А-ийн газар эзэмших эрхийг дүүргийн Засаг даргын 2015 оны А/350 дугаар захирамжаар хүчингүй болгосон боловч С.А нь нас барсан байх тул хүндэтгэн үзэх шалтгаантай” гэж үзэж байгаа талаар иргэн Б.Т-т 2015 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 2016 дугаар албан бичиг[3]-ээр мэдэгдсэн, шүүхийн үзлэгийн тэмдэглэл[4]-д хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч “С.А-д газар эзэмшүүлсэн захирамжтай маргахгүй, хүндэтгэн үзэх шалтгаантай гэж үзэж байгаа” талаар илэрхийлсэн байтал анхан шатны шүүх эдгээр нөхцөл байдлыг анхаараагүй, “нэхэмжлэгч газар эзэмших талаар хуульд заасан нөхцөл, шаардлагыг хэрэгжүүлээгүй буруутай” гэх дүгнэлт хийж, нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосон нь үндэслэлгүй болжээ.

      Иймд нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангаж, шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хангахаар шийдвэрлэв.

     Харин гуравдагч этгээд Л.Т-ын тухайд 2010 оноос хойш удаа дараа Баянзүрх дүүргийн 10 дугаар хороонд газар хүссэн өргөдөл гаргаж байсан боловч эрх бүхий этгээд түүнд газар эзэмшүүлсэн шийдвэр гаргаж байгаагүй нь хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдсон бөгөөд “гуравдагч этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдөх үндэслэлгүй” талаар анхан шатны шүүх зөв дүгнэснийг дурдах нь зүйтэй.

        Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 121 дүгээр зүйлийн 121.1.2 дахь заалтыг удирдлага болгон

ТОГТООХ нь:

  1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн 128/ШШ2018/0165 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д заасныг баримтлан Баянзүрх дүүргийн Засаг даргын 2015 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн “Захирамжийн холбогдох заалт болон газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох тухай” А/350 дугаар захирамжийн С.А-д холбогдох хэсгийг хүчингүй болгосугай.
  2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.1, 47 дугаар зүйлийн 47.3 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагчаас 70.200 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгон, мөн хуулийн 50 дугаар зүйлийн 50.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын төсвөөс гаргуулж түүнд буцаан олгосугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.

                                 ШҮҮГЧ                                                                                   Ц.ЦОГТ

                                 ШҮҮГЧ                                                                                   Э.ЛХАГВАСҮРЭН

                                 ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                                              Д.БАТБААТАР

 

 


[1] Хэргийн 117 дахь тал

[2] Хэргийн 70 дахь тал

[3] Хэргийн 32 дахь тал

[4] Хэргийн 180 дахь тал