Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 11 сарын 02 өдөр

Дугаар 861

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Адъяасүрэн даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Бат-Эрдэнийг оролцуулан “Ч*******” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэст холбогдох захиргааны хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүх хуралдааны “1” дүгээр танхимд нэээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: “Ч*******” ХХК

Хариуцагч: Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэс 

Нэхэмжлэлийн шаардлага: “...Ашигт малтмалын газрын кадастрын хэлтсийн даргын 2016 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 231 дүгээр шийдвэрээр “Ч*******” ХХК-ийн Өвөрхангай аймгийн З*******, У******* сумын нутаг, А*******  нэртэй газарт орших ашигт малтмалын хайгуулын *******Х тоот тусгай зөвшөөрлийг 2015 оны тусгай зөвшөөрлийн төлбөр төлөөгүй үндэслэлээр цуцалсан шийдвэрийг хүчингүй болгож, “Ч*******” ХХК-ийн ашигт малтмалын хайгуулын *******Х дугаартай тусгай зөвшөөрлийг сэргээхийг Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэст даалгуулах”

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн төлөөлөгч Б.Б*******, түүний өмгөөлөгч Н.М*******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Б******* нар оролцов. 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Нэхэмжлэгчийн төлөөлөгч Б.Б******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Манай компанийг тухайн сум, орон нутгийн байгууллага ажиллуулдаггүй. 2013 онд иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгч Н.О*******, гишүүн Л.Б нар нь цагдаатай ирж хөөн, машин тэрэг журамласан. Миний зүгээс хууль зөрчөөгүй. 2014 онд хайгуул хийгээд явж байтал У******* сумын 3 дугаар багийн дарга нар нь ирээд биднийг ажиллуулахгүй, тусгай хэрэгцээнд авсан газар гэсэн. Тусгай хэрэгцээнд авсан газар ямар байдаг талаар надад үзүүлдэггүй. Энэ хүмүүс намайг ажиллуулахгүй байна гэж Ашигт малтмалын газарт хандахад та ажиллах бүрэн эрхтэй гэсэн. Үүний дагуу тэдгээр хүмүүстэй очиж уулзахад бид нар нутгаа мэдэж байна, тийм зүйл байхгүй гэсэн хариу өгдөг. Сумын Засаг даргын А/25 тоот захирамжийн талаар Өвөрхангай аймгийн Захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргасан. Үүнийг шүүхээс хэлэлцээд бичгээр гаргасан актыг буцааж хэрэгсэхгүй болгосон. Энэ хооронд Ашигт малтмалын газраас цуцлах шийдвэр гарсан. Одоо миний зүгээс иргэний хэрэгт гомдол гаргаад явж байна. Өөрт байгаа бүх эд хөрөнгөө барж,  нэг ч төгрөгийн орлого олохгүй дандаа зарлага гаргаж явсан. Үүний учрыг олж өгнө үү. Ашигт малтмалын газраас сум, орон нутаг руу мэдэгдэл хүргүүлж, иргэнээ хамгаалаач ээ гэж хэлдэг. Би хийх ажил олдохгүй байгаа учраас газар ухаад яваагүй. Миний зүгээс Ашигт малтмалын газрын дарга нарт бүгдэд нь хүсэлтээ өгсөн” гэжээ.

Хоёр. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Н.М******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Ашигт малтмалын тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1-д зааснаар “Тусгай зөвшөөрөл эзэмшигчдийн хооронд үүссэн талбайн хилийн маргааныг төрийн захиргааны байгууллага шийдвэрлэнэ”, 62.5-д “Тусгай зөвшөөрөл эзэмшигчийн талбайн маргаантай хилийг төрийн захиргааны байгууллагаас зөвшөөрөл авсан этгээдээр хэмжүүлж тогтоолгох бөгөөд үүнтэй холбогдон гарсан зардлыг буруутай этгээдээр төлүүлнэ”, 62.6-д “Төрийн захиргааны байгууллага нь маргаантай хил, цэгийн солбицлуудыг шалгаж, холбогдох засвар, өөрчлөлтийг хийсэн шийдвэр гаргаж, энэ тухай маргаанд оролцогч талуудад мэдэгдэнэ” гэж заасан. Мөн тус хуулийн 33 дугаар зүйлд хайгуулын тусгай зөвшөөрлийн талбайн гектар тутамд төлбөр төлнө гэсэн байдаг. Төлбөр төлнө гэдэг нь ямар нэгэн үйл ажиллагаа явуулан, ашиг олох үндэс сууриа олж байх ёстой. Гэтэл 4 жилийн турш ямар нэгэн үйл ажиллагаа явуулах боломжоор хангаагүй байна. Зүгээр албан бичиг өгөөд танайх эрхтэй юм байна гээд орхисон. Бүхэл бүтэн хуулийн хэлтэс байж ямар нэгэн үйл ажиллагаа явуулаагүй. Захиргааны хэргийн шүүхээс тухайн орон нутгийн байгууллагын буруу гэдгийг тогтоосон. Орон нутгийн тусгай хэрэгцээнд газар авах тухай хурлын тогтоолыг бариад одоо хүртэл маргадаг. Уг ажиллагаатай холбоотой маргаан шийдэгдээгүй гэдгийг мэдсээр байж захиргааны шийдвэр гарсан байна. Бусад нь хамаагүй гэж үзэж болохгүй байсан. Төрийн байгууллага нь үүрэг хүлээлгэж байгаа бол тодорхой хэмжээний эрх эдлүүлэх ёстой гэж үзэж байна. 

Ашигт малтмалын тухай хуулийн 64 дүгээр зүйлд зааснаар “тусгай зөвшөөрөл эзэмшигч энэ хуулиар олгогдсон эрхээ хэрэгжүүлэхэд саад учруулсан төрийн захиргааны байгууллага, албан тушаалтны үйлдэл, эс үйлдэхүйн талаар холбогдох дээд шатны байгууллага, албан тушаалтан, эсхүл захиргааны хэргийн шүүхэд гаргаж болно” гэж заасан. 2014 оноос хойш гомдлоо гаргаж, шийдвэрлүүлж чадаагүй учраас захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргасан. Тухайн үед хэргийн харъяаллаа буруу тогтоогоод цаг хугацаа алдсан зүйл харагддаг. Гэхдээ энэ хүний хүсэл зориг, илэрхийлэл нь ашигт малтмал дээр байнга төвлөрч байсан” гэжээ.

Гурав. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Б******* шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: “...”Ч*******” ХХК нь Өвөрхангай аймгийн З*******, У******* сумын нутагт орших А******* нэртэй 4843.62 га талбайг 2005 оны 08 дугаар сарын 24-ний өдөр иргэн Мгийн нэр дээр анх тусгай зөвшөөрөл олгосон байдаг. Улмаар 2007 оны 08 дугаар сарын 21-ний өдөр Геологи, уул уурхайн Кадастрын албаны даргын шийдвэрээр “Ч*******” ХХК-д шилжүүлсэн. Уг тусгай зөвшөөрөл нь хугацаа сунгасан болон тусгай зөвшөөрлийн төлбөр төлсөн байдлыг авч үзвэл 2008, 2011, 2014 онуудад тус тус 3 жилээр сунгуулсан байдаг. Сүүлийн төлбөр төлөлтийг 2015 оны 08 дугаар сарын 24-ний өдрөөс өмнө төлөх ёстой байсан боловч төлөөгүй. Ашигт малтмалын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.6-д “Энэ хуулийн 34.2-т заасан хугацаанд төлбөрийг төлөөгүй бол хугацаа хэтэрсэн хоног тутамд тухайн жилд төлөх төлбөрийн үнийн дүнгийн 0.3 хувиар тооцон алданги ногдуулан гэж заасан. Өөрөөр хэлбэл хугацаа хэтэрснээс хойш 30 хоногийн хугацаанд алдангийн хамтаар төлбөрөө төлөх боломжтой байсан. 

Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсээс 2015 оны 08 дугаар сарын 31-ний өдөр 6/6725 дугаар мэдэгдлийг хүргүүлсэн байдаг. Компани нь 2015 оны 09 дүгээр сарын 27-ны албан бичгээр цуцлуулах мэдэгдлийг түр түдгэлзүүлж өгнө үү гэсэн хариу өгсөн. 

  Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.3-т “Энэ хуулийн 56.2-т заасан мэдэгдэлд заасан үндэслэлийг зөвшөөрөхгүй бол тусгай зөвшөөрөл эзэмшигч түүнийгээ нотлох баримт бичгийг төрийн захиргааны байгууллагад ирүүлнэ” гэж заасан. Үүнтэй холбоотойгоор “Ч*******” ХХК-ийн ирүүлсэн албан бичигт тусгай зөвшөөрлийн төлбөр төлөхтэй холбоотой ямар нэгэн тайлбар, нотлох баримтыг ирүүлээгүй. 

Өвөрхангай аймгийн иргэний болон захиргааны хэргийн шүүхэд хэрэг үүсгэсэн гэсэн нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж, нотлох баримтуудыг хавсаргасан байдаг. Тухайн тусгай зөвшөөрөлтэй талбайд хайгуулын ажил хийлгэхгүй байгаа талаар нөхөн төлбөр шаардсан тухай маргаанууд байдаг. Төлбөр төлөх үүргийг түр түдгэлзүүлэхтэй холбоотой ямар нэгэн шийдвэр гараагүй. Энэ талаар Ашигт малтмалын газраас 2015 оны 10 дугаар сарын 18-нд 6/7802 тоот албан бичгээр шийдвэрлэж хариу өгсөн. 

Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д заасны дагуу Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн даргын 2016 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 231 тоот шийдвэрээр *******Х дугаартай ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг цуцалсан тухай мэдэгдсэн. Цуцлах хүртэл 7 сар болсон. Өөрөөр хэлбэл 2016 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 234 тоот шийдвэр гарах хүртэл хугацаанд төлбөр төлөхтэй холбоотой хүчин чармайлт гаргаагүй нь нэхэмжлэлийн шаардлагыг дэмжих үндэслэл болохгүй. Дээрх үндэслэлээр “Ч*******” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлага нь үндэслэлгүй байх тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгчээс “...Ашигт малтмалын газрын кадастрын хэлтсийн даргын 2016 оны 3 дугаар сарын 25-ны өдрийн 231 дүгээр шийдвэрээр “Ч*******” ХХК-ийн Өвөрхангай аймгийн З*******, У******* сумын нутаг, А*******  нэртэй газарт орших ашигт малтмалын хайгуулын *******Х тоот тусгай зөвшөөрлийг 2015 оны тусгай зөвшөөрлийн төлбөр төлөөгүй үндэслэлээр цуцалсан шийдвэрийг хүчингүй болгож, “Ч*******” ХХК-ийн ашигт малтмалын хайгуулын *******Х дугаартай тусгай зөвшөөрлийг сэргээхийг Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэст даалгуулах” гэж  нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлжээ.

Шүүх энэ хэрэгт хуульд заасан журмын дагуу авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудад тулгуурлан дор дурдсан үндэслэлээр нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Нэхэмжлэгч “Ч*******” ХХК нь 2007 оны 8 дугаар сарын 21-ний өдөр Ашигт малтмалын газрын Геологи, уул уурхай, кадастрын хэлтсийн даргын 2027 дугаар шийдвэрээр ашигт малтмалын хайгуулын *******Х тоот тусгай зөвшөөрлийг “Т” ХХК-иас шилжүүлэн авчээ. Нэхэмжлэгч нь дээрх тусгай зөвшөөрлийн хугацааг 2014 оны 8 дугаар сарын 15-ны өдөр 3 жилээр сунгуулж, тусгай зөвшөөрлийн 10 дахь жилийн төлбөр буюу 2014 оны 8 дугаар сарын 24-ний өдрөөс 2015 оны 8 дугаар сарын 24-ний өдрийг хүртэл хамрах хугацааны төлбөрийг хуульд заасан хугацаанд төлсөн болох нь хэрэгт авагдсан баримтаар тус тус тогтоогдож байна. 

Маргааны үйл баримтаас үзвэл нэхэмжлэгч нь Өвөрхангай аймгийн У******* сумын Засаг даргаас Ашигт малтмалын газарт хүргүүлсэн 2015 оны 2 дугаар сарын 09-ний өдрийн а/25 дугаар “...”Ч*******” ХХК-ийн тусгай зөвшөөрлийн талбайг сумын тусгай хэрэгцээнд авсан тул үйл ажиллагаа явуулахыг түдгэлзүүлсэн” гэх агуулга бүхий албан бичиг, мөн багийн Засаг даргаас нэхэмжлэгчийг хайгуулын ажил хийлгэхийг хориглосон шийдвэрийг тус тус эс хүлээн зөвшөөрч шүүхэд гаргасан нэхэмжлэлийг Өвөрхангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх хянан шийдвэрлэж, 2015 оны 7 дугаар сарын 06-ны өдрийн 23 дугаар шийдвэрээр сумын Засаг даргын дээрх албан бичигт холбогдох нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж, багийн Засаг даргад холбогдох нэхэмжлэлийг нь хангаж, түүний захирамжилсан үйл ажиллагааг хууль бус болохыг хүлээн зөвшөөрч, шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болжээ. Нэхэмжлэгчээс дээрх шүүхийн шийдвэрт үндэслэн тус сумын 3 дугаар багийн Засаг даргад холбогдуулан 2015 оны 9 дүгээр сарын 09-ний өдөр Өвөрхангай аймгийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд “...48.888.250 төгрөг гаргуулах” шаардлага бүхий нэхэмжлэл гаргаж , тухайн иргэний хэрэг маргаан бүхий Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн даргын 2016 оны 3 дугаар сарын 25-ны өдрийн 231 дүгээр шийдвэр гарахаас өмнө эцэслэн шийдвэрлэгдээгүй, мөн уг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч талаас гаргасан “...Ашигт малтмалын газрын 2015 оны 9 дүгээр сарын 21-ний өдөр  болон 2015 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 6/7802 тоот албан мэдэгдлүүдийг  хэргийг эцэслэн шийдвэрлэх хүртэл түдгэлзүүлэх” хүсэлт гаргасныг тухайн шүүхийн шүүгчийн 2015 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 2118 дугаар захирамжаар хангахаас татгалзаж шийдвэрлэжээ.

Хэдийгээр нэхэмжлэгч Өвөрхангай аймгийн У******* сумын эрх бүхий албан тушаалтнуудын хайгуулын үйл ажиллагаа явуулахад саад учруулж буй үйл ажиллагаанд холбогдуулж 2015 оны 3 дугаар сарын 01-ний өдөр Өвөрхангай аймгийн Засаг дарга, Ашигт малтмалын газарт тус тус хандан холбогдох хүмүүст хариуцлага тооцуулах тухай хүсэлт гаргасан, мөн Ашигт малтмалын газраас 2015 оны 3 дугаар сарын 11-ний өдөр “...”Ч*******” ХХК-ийн тусгай зөвшөөрлийн талбайг сумын тусгай хэрэгцээнд авсан тухай сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тогтоол, албан бичгийг ирүүлээгүй, ... “Ч*******” ХХК нь тусгай зөвшөөрлийн хүчин төгөлдөр хуагцаандаа хуульд заасан журмын дагуу үйл ажиллагаагаа явуулах бүрэн эрхтэй” гэсэн хариу албан бичгийг хүргүүлсэн, мөн Өвөрхангай аймгийн Захиргааны хэргийн анхан шатны 13 дугаар шүүхийн 2015 оны 5 дугаар сарын 11-ний өдөр Ашигт малтмалын газарт “...Өвөрхангай аймгийн У******* сумын Засаг дарга болон мөн сумын 7 дугаар багийн Засаг дарга нарт холбогдуулан захиргааны хэрэг үүсгэн шалгаж байгаа болно” гэх агуулга бүхий албан бичгийг хүргүүлсэн, “Ч*******” ХХК-иас 2015 оны 9 дүгээр сарын 07, 24-ний өдрүүдэд Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтэс, Ашигт малтмалын газрын дэд даргад тус тус хандан тусгай зөвшөөрөл цуцлах тухай шийдвэрийг түр түдгэлзүүлэх, цуцлахыг мэдэгдсэн мэдэгдлийг түдгэлзүүлэх хүсэлтүүдий тус тус гаргаж байсан зэрэг нөхцөл байдлуудаас болж тусгай зөвшөөрлийн төлбөрийг төлөх боломжгүй байсан гэж тайлбарлаж байгаа боловч эдгээр нөхцөл байдлууд нь Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн даргын 2016 оны 231 дүгээр шийдвэрийг хүчингүй болгох үндэслэл болохгүй юм. 

Учир нь нэхэмжлэгчийн хайгуулын тусгай зөвшөөрлийн талбай бүхий газрыг эрх бүхий байгууллагын шийдвэрээр тусгай хэрэгцээнд аваагүй болох нь Ашигт малтмалын газраас “Ч*******” ХХК-д хүргүүлсэн 2015 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн 3/1428 дугаар албан бичгээр тогтоогдож, Ашигт малтмалын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.2-т “Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь дараа жилийн төлбөрийг тухайн тусгай зөвшөөрлийг олгосон өдрөөс эхлэн тооцож жил бүр урьдчилсан төлнө”, 34.6-д “Энэ хуулийн 34.2-т заасан хугацаанд төлбөрийг төлөөгүй бол хугацаа хэтэрсэн хоног тутамд тухайн жилд төлөх төлбөрийг үнийн дүнгийн 0.3 хувиар тооцон алданги ногдуулна”, 34.7-д “Энэ хуулийн 34.6-д заасан хугацаа хэтэрсэн хоног 30 хүртэл байх бөгөөд энэ хугацаанаас хэтэрвэл мөн хуулийн 56 дугаар зүйлд заасны дагуу тусгай зөвшөөрлийг цуцална” гэж тус тус заасны дагуу нэхэмжлэгч “Ч*******” ХХК-ийн хайгуулын тусгай зөвшөөрлийг цуцалж шийдвэрлэсэн Кадастрын хэлтсийн даргын маргаан бүхий 231 дүгээр шийдвэр нь хуульд нийцсэн байна. Мөн нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ “...эрх бүхий албан тушаалтнуудын гаргасан шийдвэрүүд нь хоорондоо үл авцалдаж, тус талбай нь манай компанийн эзэмшилд байгаа эсэх, нөгөө утгаар сумын тусгай хэрэгцээнд авсан талбай мөн эсэх нь тодорхойгүй байгаа учраас манай компани 2015 онд тусгай зөвшөөрлийнхөө төлбөрийг төлөх асуудлаар тогтсон нэг шийдэлд хүрч чадаагүй юм” гэх боловч орон нутгийн захиргааны байгууллага, албан тушаалтны шийдвэртэй холбогдуулан харьяалах захиргааны хэргийн шүүхэд маргаан эцэслэн шийдвэрлэгдсэн бөгөөд иргэний хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаж байсанг хүндэтгэн үзэх шалтгаантай гэж үзэн нэхэмжлэгчийг тусгай зөвшөөрлийн ээлжит жилийн төлбөрийг төлөх үүргээс чөлөөлөх үндэслэл болохгүй. Түүнчлэн Өвөрхангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 7 дугаар сарын 06-ны өдрийн 23 дугаар шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсноос хойшхи хугацаанд буюу тусгай зөвшөөрөл цуцлагдах хүртэл тусгай зөвшөөрлийн төлбөрийг барагдуулах эрх, үүргийг нь аливаа байдлаар хязгаарлаагүй байх тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг зөвтгөх үндэслэлгүй байна. 

Өөрөөр хэлбэл нэхэмжлэгчийг 2015-2016 онуудад хайгуулын ажил хийлгээгүй гэх, мөн үүнд холбогдох шалтгаан нөхцлийг нь зохих шатны шүүх харьяалан шийдвэрлэснээр үйл ажиллагаа нь хэвийн үргэлжлэх нөхцөл бололцоо бий болсон бөгөөд тусгай зөвшөөрлийн ээлжит жилийн төлбөрийг түдгэлзүүлсэн холбогдох шийдвэр гараагүй, эсхүл өөр бусад хүндэтгэн үзэх зайлшгүй нөхцөл байдлын улмаас төлбөрийг төлөх боломжгүй байсан нь баримтаар нотлогдоогүй тул хуульд заасан холбогдох мэдэгдлийг хүргүүлж, улмаар Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2-т заасныг үндэслэн тусгай зөвшөөрлийг цуцалж, түүнийгээ мэдэгдсэн хариуцагч байгууллагыг хуулиар хүлээсэн үүргээ биелүүлээгүй гэж үзэхээргүй байна.

Иймд Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн даргын 2016 оны 3 дугаар сарын 25-ны өдрийн 231 дүгээр шийдвэрийг хүчингүй болгуулахаар нэхэмжлэгч “Ч*******” ХХК-ийн гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж дүгнэв. 

 

           Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.14 дэх  хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.  Ашигт малтмалын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.2, 34.6, 34.7, 56 дугаар зүйлийн 56.1.2-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “Ч*******” ХХК-ийн Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэст холбогдуулан гаргасан “...Ашигт малтмалын газрын кадастрын хэлтсийн даргын 2016 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 231 дүгээр шийдвэрээр “Ч*******” ХХК-ийн Өвөрхангай аймгийн З*******, У******* сумын нутаг, А*******  нэртэй газарт орших ашигт малтмалын хайгуулын *******Х тоот тусгай зөвшөөрлийг 2015 оны тусгай зөвшөөрлийн төлбөр төлөөгүй үндэслэлээр цуцалсан шийдвэрийг хүчингүй болгож, “Ч*******” ХХК-ийн ашигт малтмалын хайгуулын *******Х дугаартай тусгай зөвшөөрлийг сэргээхийг Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэст даалгуулах” шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 51 дүгээр  зүйлийн 51.1, мөн хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д тус тус заасны дагуу нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээсүгэй.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д заасны дагуу хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                     Б.АДЪЯАСҮРЭН