Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 05 сарын 29 өдөр

Дугаар 128/МА2018/0299

 

“Э-Ө” ХХК-ийн нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг  шүүгч Д.Баатархүү даргалж, шүүгч Э.Зоригтбаатар, О.Номуулин нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга М.Отгондэлгэр, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Б нарыг оролцуулан, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн 128/ШШ2018/0211 дүгээр шийдвэрийг эс зөвшөөрч хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлоор, “Э-Ө” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Сангийн яамны Төрийн нарийн бичгийн даргад холбогдох захиргааны хэргийг шүүгч О.Номуулин илтгэснээр хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн 128/ШШ2018/0211 дүгээр шийдвэрээр: Захиргааны ерөнхий хуулийн 33 дугаар зүйлийн 33.3, 33.15, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.5, 29 дүгээр зүйлийн 29.4 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан “Э-Ө” ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж, Сангийн яамны Төрийн нарийн бичгийн даргын 2017 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 6-1/6358 тоот албан бичгийг хүчингүй болгож шийдвэрлэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан давж заалдах гомдолдоо: “Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт Захиргааны ерөнхий хуулийн 33 дугаар зүйлийн 33.3-т “Хугацааг тоолохдоо тогтоосон он, сар, өдрөөс, эсхүл уул хугацаа улиран өнгөрсөн буюу үйл явдал болж өнгөрсний дараах өдөр, цагаас эхлэн тоолно”, 33.8-д “Хугацааг сунгах тохиолдолд хугацаа дууссан үеэс шинэ хугацааг тоолно”, 33.15-т “Иргэн, хуулийн этгээд тогтоосон журмаар гомдол гаргасан, захиргааны байгууллага, албан тушаалтан иргэн, хуулийн этгээдийн гомдлыг хүлээн зөвшөөрсөн бол хөөн хэлэлцэх хугацаа тасалдана” гэж тус тус заасныг үндэслэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн нь хэргийн бодит нөхцөл байдалд буруу үнэлэлт, дүгнэлт хийж хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэж байна. Учир нь: “Э Ү” ХХК-ийн ил уурхайг тойрсон цахилгаан дамжуулах агаарын 35 кв-ын шугам барих тендер 2017 оны 07 дугаар сарын 20-ны өдөр нээсэн бөгөөд хуулийн 24.5-д заасны дагуу тендерийг нийт 45 байх хугацаанд зохион байгуулж дуусгах ёстой, энэ хугацаанд захиалагчийн буруугүй шалтгаанаар хугацаа дууссан бол нэг удаа 30 хоногоор сунгуулах эрхтэй байна. “Э Ү” ХХК нь дээрх хугацааг 1 хоногоор хэтрүүлэн шийдвэр гаргасан нь хуулиар тогтоосон хугацаанд явагдаагүй гэж үзэх үндэслэлтэй байсан тул тухайн тендер шалгаруулалтыг бүхэлд нь хүчингүй болгож шийдвэрлэсэн. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1-т “Энэ хуулийн зорилт нь төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах ажиллагааг төлөвлөх, зохион байгуулах, уг ажиллагаанд хяналт тавих, гомдол гаргаж шийдвэрлүүлэх, энэхүү хуулийг зөрчигчдөд хариуцлага хүлээлгэхтэй холбогдон үүсэх харилцааг зохицуулахад оршино” гэж заасны дагуу тендерийн гомдол маргаан шийдвэрлэхтэй холбогдсон харилцааг зохицуулсан тусгайлсан хууль буюу энэ хуулийн дагуу шийдвэрлэх зохицуулалттай байна. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.4-т “Төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага, Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар гомдлыг хянан хэлэлцэж шийдвэрлэх хүртэлх хугацаанд захиалагчийн гаргасан шийдвэр буюу үйлдлийн хэрэгжилтийг дараахь тохиолдолд түр түдгэлзүүлэх шийдвэр гаргаж болно” гэж заасны дагуу тендер шалгаруулалтын хугацааны хувьд тендерийг түдгэлзүүлж байгаа хэрэг биш бөгөөд зөвхөн захиалагчийн гаргасан шийдвэр буюу үйлдлийн хэрэгжилтийн биелэлтийг түдгэлзүүлж байгаа асуудал юм. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.   

ХЯНАВАЛ:

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдлын хүрээнд хэргийг хянан үзэхэд анхан шатны шүүх хууль буруу тайлбарлан хэрэглэсэн байх тул гомдлыг хангах үндэстэй гэж үзлээ.

Нэхэмжлэгч “Э-Ө” ХХК нь Сангийн яамны Төрийн нарийн бичгийн даргад холбогдуулан “Сангийн яамны Төрийн нарийн бичгийн даргын 2017 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн  6-1/6358 дугаар албан бичгийг хүчингүй болгуулах”-ыг хүссэн нэхэмжлэл гаргажээ.

         Хэрэгт авагдсан нотлох баримтаас үзвэл тендер сонгон шалгаруулалтыг 2017 оны 07 дугаар сарын 20-ны өдөр нээсэн байх ба Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.5-д “Тендер нээснээс хойш тухайн тендер шалгаруулалтыг 45 хоногт багтаан зохион байгуулж дуусгах бөгөөд уг хугацаанд тендер хүчинтэй байна” гэж заасны дагуу тендерийн хүчинтэй байх хугацаа 2017 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр дууссан.

Харин “Э-Ө” ХХК-иас 2017 оны 09 дүгээр сарын 01-ны өдөр Сангийн яаманд гомдол гаргаснаар 2017 оны 09 дүгээр сарын 04-ний өдөр гүйцэтгэгч сонгох ажиллагааг түр хугацаагаар түдгэлзүүлж байгаа мэдэгдлийг Сангийн яамнаас “Э Ү” ХХК-д хүргүүлсэн байх ба “Э Ү” ХХК-с 2017 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр “Тендерт оролцогч компаниас тендер сонгон шалгаруулалттай холбоотой гомдол ирүүлсэн” гэх үндэслэлээр тендер хүчинтэй байх хугацааг сунгуулах хүсэлт гаргасны дагуу Сангийн яамны 2017 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн 6-1/5636 тоот албан бичгээр Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.4. 29.5-д зааснаар тендерийн хүчинтэй байх хугацааг 30 хоногоор сунгажээ.

Иймд тендерийн хүчинтэй байх хугацаа 2017 оны 10 дугаар сарын 03-ны өдөр дууссан гэж үзэх бөгөөд 2017 оны 10 дугаар сарын 04-ний өдөр дахин тендер шалгаруулалт явуулсаныг хүчин төгөлдөр гэж үзэх боломжгүй, уг тендер шалгаруулалтыг хүчингүй болгосон маргаан бүхий акт хууль зөрчөөгүй байна.

Гэтэл анхан шатны шүүх Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.4-т “Төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага, Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар гомдлыг хянан хэлэлцэж шийдвэрлэх хүртэлх хугацаанд захиалагчийн гаргасан шийдвэр буюу үйлдлийн хэрэгжилтийг дараахь тохиолдолд түр түдгэлзүүлэх шийдвэр гаргаж болно” гэж заасныг Захиргааны ерөнхий хуулийн 33 дугаар зүйлээр зохицуулсан захиргааны шийдвэр гаргах ажиллагааны хугацаа болон гомдол гаргах хөөн хэлэлцэх хугацаатай адилтган үзэж буруу тайлбарлан хэрэглэснээс шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болж чадаагүй гэж үзнэ.

Өөрөөр хэлбэл, “тендер хүчинтэй байх хугацаа” гэдэг нь тухайн тендерийг нээснээс хойш тендер шалгаруулалт зохион байгуулж дуусгах хугацааг ойлгох бөгөөд уг хугацаа нь захиргааны шийдвэр гаргах ажиллагааны хугацаа болон эрх бүхий этгээдэд гомдол гаргах хөөн хэлэлцэх хугацаатай хамааралгүй.

Түүнчлэн Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.4-т гагцхүү “захиалагчийн гаргасан шийдвэр буюу үйлдлийн хэрэгжилтийг” түдгэлзүүлэхээр зохицуулсан байхад анхан шатны шүүх “...түдгэлзүүлсэн хугацаанд тендерийн хүчинтэй байх хугацаа зогсох бөгөөд түдгэлзүүлсэн шалтгаан арилмагц тендерийн хүчинтэй байх хугацааг дууссан өдрөөс эхлэн үргэлжлүүлэн тооцох ёстой” гэж дүгнэсэн нь хуулиар тусгайлан заасан хугацааг буруу тооцоолсон зөрчил бөгөөд  “тендер хүчинтэй байх хугацаа”-г түдгэлзүүлэх талаар хуулийн зохицуулалт байхгүйг анхаараагүй нь буруу байна.

Хэдийгээр хариуцагч нь нэхэмжлэгчийн гаргасан гомдлыг хянаад дахин тендер шалгаруулалт хийхийг мэдэгдсэн 2017 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн 6-1/5418 тоот албан бичгийг “Э Ү” ХХК нь 2017 оны 10 дугаар сарын 03-ны өдөр хүлээн авсан нь хэрэгт авагдсан баримтаар нотлогдсон, өөрөөр хэлбэл хариуцагч байгууллагаас дахин үнэлгээ хийхийг мэдэгдсэн шийдвэрээ тендер хүчинтэй байх хугацааны эцсийн өдөр хүргүүлсэн хариуцлагагүй үйл ажиллагаатай холбоотой байх боловч энэ нь хуулиар нарийвчлан тогтоож өгсөн хугацааг өөрөөр тооцох үндэслэл болж чадахгүй.  

          Дээрхийг нэгтгэн дүгнээд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгон нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангаж шийдвэрлэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.1, 121 дүгээр зүйлийн 121.1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн 128/ШШ2018/0211 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.5, 29 дүгээр зүйлийн 29.4 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч “Э-Ө” ХХК-ийн “Сангийн яамны Төрийн нарийн бичгийн даргын 2017 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 6-1/6358 дугаар албан бичгийг хүчингүй болгуулах”-ыг хүссэн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар хариуцагч нь давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдсугай.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.2, 113.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн нь шүүхийн шийдвэр гарахад нөлөөлсөн гэж нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш таван хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.                          

                             

 

                                ШҮҮГЧ                                                    Д.БААТАРХҮҮ 

                                ШҮҮГЧ                                                    Э.ЗОРИГТБААТАР   

                                ШҮҮГЧ                                                    О.НОМУУЛИН