Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 11 сарын 11 өдөр

Дугаар 210/МА2019/01908

 

 

 

 

 

2019 оны 11 сарын 11 өдөр

Дугаар 210/МА2019/01908

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Г Ц Т нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Н.Батзориг даргалж, шүүгч Ш.Оюунханд, Ц.Ичинхорлоо нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2019 оны 8 дугаар сарын 23-ны өдрийн 102/ШШ2019/02218 дугаар шийдвэртэй

Г Жон Т нэхэмжлэлтэй хариуцагч У ХХК-д холбогдох ажлаас үндэслэлгүй халсан болохыг тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговорт 61 705 350 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй,

хөдөлмөрлөх үүргээ биелүүлж байхдаа байгууллагад учруулсан хохиролд 34 473 433 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг,

хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч Ц.Ичинхорлоогийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Батзориг, өмгөөлөгч С.Энхбат, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Өлзийцэрэн, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Сумъяа нар оролцов.

 

Нэхэмжлэгч Г Жон Таррант шүүхэд гаргасан нэхэмжлэл, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Тайван, өмгөөлөгч С.Энхбат нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

У ХХК нь нэхэмжлэгчтэй 2017 оны 3 дугаар сараас 2017 оны 11 дүгээр сар хүртэл 8 сарын хугацаанд ажиллуулахаар хөдөлмөрийн гэрээ байгуулж, Монгол дахь алтны уурхайдаа электроникийн техникч ажлын байранд ажиллуулахаар Монгол улсад ажиллах виз болон Монгол улс руу явах онгоцны тийз авч өгсөн. Нэхэмжлэгч нь ажилд орсон өдрөөс хойш ямар нэг ажил үүргийн доголдол, гологдол, ур чадварын талаар мэдэгдэл, буруу зөрүү хийсэн зүйл байхгүй. Энэ хугацаанд надад амаар болон бичгээр ажлын зөрчлийн талаар мэдэгдэл өгч байгаагүй, миний зүгээс ямар нэгэн зөрчил дутагдал гаргаагүй. 2017 оны 4 дүгээр сарын 21-ний өдөр компанийн захирал Дэнни Уолкер намайг дуудаад Чамд такси дуудсан, 2 цагийн дараа Улаанбаатар явна. 23-ны өдөр Монгол улсаас явна гэж хэлснээр 23-ны өдөр ниссэн. Ажлаас үндэслэлгүй халагдсаныг тогтоож өгнө үү. Хөдөлмөрийн гэрээ байгуулсан хугацааны цалинг тухайн үеийн ханшаар шилжүүлж 61 705 350 төгрөг болж байгаа. Хөөн хэлэлцэх хугацаан дээр Г Жон Таррант 2017 оны 4 дүгээр сарын 26-ны өдөр Шинэ зеланд улсын хуульчтай уулзсан. Тэр хуульч нь чиний асуудал Монголын хуулиар шийдэгдэнэ гэсэн байгаа. Энэ талаар и-мэйлд үзлэг хийлгэсэн. Тухайн үед Г Жон Таррант 1 сарын дотор гомдол гаргах гэдэг заалтыг мэдээгүй. Ингээд 8 дугаар сарын сүүлээр, 9 дүгээр сард Монголын Бизнес дата сайтад мэдээллээ байршуулж И ЭЛ Си товчоо 10 сард холбогдож энэ хэрэг дээр хуульчаар ажиллах зөвшөөрөл өгсөн. Тив алгасан, хууль мэдэхгүй хүнийг ажлын сүүлийн буюу 5 дахь өдөр ажлаас халсан талаар амаар мэдэгдэж, Шинэ зеланд руу нутаг буцах ёстой 4 дүгээр сарын 23-ны өдөр нь ням гараг байсан тул мэдээлэл авах боломжгүй, Монгол хэл мэдэхгүй асуудалтай байсан. 10 дугаар сарын 02-ны өдөр Монгол хуульчтай холбогдож уулзсан. Хөөн хэлэлцэх хугацааг сэргээж өгнө үү гэж 2018 оны 3 дугаар сарын 13-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан байдаг. Өмчийн хэлбэр харгалзахгүй ажил олгогчоос хөдөлмөрийн гэрээ цуцалж байгааг бичгээр гаргах ёстой. Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.3 дахь хэсэгт Ажил олгогч нь ажилтанд хөдөлмөрийн гэрээ цуцалсан тухай шийдвэр, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэр, хуульд заасан бол ажлаас халагдсаны тэтгэмжийг халагдсан өдөрт нь өгөх үүрэгтэй гэж заасан. 2017 оны 4 дүгээр сарын 21-ний өдрөө бичгээр ямар нэг шийдвэр гаргаагүй. Амаар л хэлсэн байгаа. Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2-т зааснаар ажлаас чөлөөлсөн гэсэн тушаал нь хожим гарсан байдаг. Хуульд зааснаар ажилтан ажлаас буруу халсан буюу өөр ажилд буруу шилжүүлсэн тухай гомдлоо ажил олгогчийн шийдвэрийг хүлээн авсан өдрөөс хойш нэг сарын дотор шүүхэд гаргана гэж заасан. Ажлаас халсан тухай тушаалыг ажилтанд өөрт нь гардуулахыг хүлээн авсан гэж үзнэ. Хариуцагч тал Г Жон Таррантыг ажил, албан тушаалдаа тэнцэхгүй, хүнд механизмыг засч чадахгүй байгааг тогтоосон мэт ярьж байна. Энэ талаарх баримтыг гаргаж өгөөгүй. Хөдөлмөрийн тухай хуулийн 42 дугаар зүйлд заасан ажил олгогчийн санаачлагаар ажлаас чөлөөлж 1 сарын тэтгэмж олгосон. Энэ тэтгэмжийг олгочихоод буцаагаад нэхэж байгаа нь хуульд нийцэхгүй. 20 000 000 төгрөг юунаас болж хохирсон бэ? гэдэг нь эргэлзээтэй. Тийзний зардал 1 343 Шинэ зеланд доллар буюу 2 315 538 төгрөг гэж байна. 2 тал эрх зүйн харилцаанд оролцсон. Гэрээний дагуу төлсөн төлбөр гэж ойлгож байгаа. Үүнийг нэхэмжлэх нь үндэслэлгүй. Иймд үндсэн нэхэмжлэлийг хангаж, сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагч У ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Баасандорж шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Манай компани Шинэ зеланд улс дахь зуучлагч компаниар дамжуулан ажиллах хүч авахаар болж тус улсын ажлын байрны зар мэдээний Трэйдми жоб вэб сайтад ажлын байрны мэдээллээ нээлттэй байршуулсан. Үүний дагуу Шинэ зеландын иргэн Г Жон Таррант нь өөрийгөө манай компаниас зарласан Техникийн засварын мэргэжилтний ажлын байранд тавигдах шаардлагыг бүрэн хангаж байгаа, гүйцэтгэх ёстой ажил үүргийг маш сайн гүйцэтгэж чадах тухайгаа илэрхийлж, өөрийн дэлгэрэнгүй мэдээллийг ирүүлсэн. Бид тухайн хүний өргөдөл, мэдээлэлтэй танилцаад туршилтын хугацаагаар ажиллуулахаар болж Монгол улсад ажиллах виз болон Монгол улсад ирэх онгоцны тийзийг захиалан авч өгч, холбогдох бүх зарлыг гаргасан. Ийнхүү түүнийг Монгол улсад 2017 оны 3 дугаар сарын 27-ны өдөр ирэхэд нь хөдөлмөрийн гэрээ байгуулж, Техникийн засварын мэргэжилтэн албан тушаалд туршилтын 3 сарын хугацаагаар томилон ажиллуулсан. Уг туршилтын хугацааны эхний сар Г Жон Таррант нь ажлын байрны тодорхойлолтод заасан ажил үүргийг хангалтгүй биелүүлж, хүнд даацын ачааны машин, хагас механикжсан трактор, эксковатор, бульдозер, грейдэр өргөх болон ажиж буулгах машин механизм болон бусад төрлийн хүнд машин механизм, тоног төхөөрөмжийн засвар үйлчилгээний ажлыг хийж гүйцэтгэж чадахгүй байсан. Энэ нь манай компанийн хэвийн үйл ажиллагаанд саад учруулж байсан тул Г Жон Таррантад энэ талаар мэдэгдэж, мэргэжил, ур чадварын түвшин тогтоолгохыг санал тавьхад татгалзаж, надад мөнгө болон буцах онгоцны зардлыг шийдээд өг, нутаг буцлаа гэсэн. Ингээд Г Жон Тарранттай байгуулсан хөдөлмөрийн гэрээг 2017 оны 4 дүгээр сарын 21-ний өдрөөр дуусгавар болгон тушаалыг нь гардуулж, тохиролцсоны дагуу ажилласан хугацааны цалин болох 2 554 шинэ зеланд доллар дээр нэмээд 1 сарын цалинтай тэнцэх хэмжээний 5 000 шинэ зеланд долларыг Г Жон Т данс руу шилжүүлсэн. Мөн компаниас Г Жон Т хүсэлтийн дагуу Шинэ зеланд явах онгоцны тийзийг нь захиалж өгсөн. Гэтэл Г Жон Таррант нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ худал, үндэслэлгүй тайлбарыг гаргаж байна. Манай компани нэхэмжлэгчид итгэж, ажилд авснаас маш их зардал гаргаж хохирсон. Иймд Г Жон Т тус шүүхэд гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөх боломжгүй тул хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагч У ХХК-ийн захирал З.Батбаатар шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ: Ажиллах хүч гадаадад гаргах, гадаадаас ажиллах хүч, мэргэжилтэн авах тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1, 9.2 дахь хэсэгт заасны дагуу Г Жон Т ажлын байрны төлбөрт 3 609 500 төгрөг, Монгол руу ирж, буцах онгоцны зардалд 1 343 шинэ зеланд доллар буюу 2 315 583 төгрөг, ажилласан хугацааны цалин 2 554 шинэ зеланд доллар буюу 4 400 542 төгрөг, илүү олгосон цалин 5 000 шинэ зеланд доллар буюу 8 615 000 төгрөг, нийт 18 940 625 төгрөгийн тодорхой зардлуудыг гаргасан байдаг. Мөн Г Жон Таррант нь мэргэжил, ур чадварынхаа талаар худал мэдээлэл өгч, чухал хариуцлагатай албан тушаалд ажиллаж чадахгүй байснаас болж манай компанийн хэвийн үйл ажиллагаа алдагдаж, зарим үйл ажиллагаа зогсож 20 000 000 төгрөгийн хохирол учирсан. Иймд Г Жон Таррантаас компанид учруулсан хохирол 20 000 000 төгрөг, илүү олгосон цалин 5 000 шинэ зеланд доллар буюу 8 548 350 төгрөг, ажлын байрны зардал 3 609 500 төгрөг, онгоцны тийзний зардал 1 343 шинэ зеланд доллар буюу 2 315 583 төгрөг, нийт 34 473 433 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Тайван, өмгөөлөгч С.Энхбат нар сөрөг нэхэмжлэлд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч Монголын уул уурхайн аль нэг компанид ажиллах хүсэлтээ 2014 оноос эхлэн гаргаж, өөрийн мэдээллээ байршуулсан талаар нотлох баримтыг шүүхэд гарган өгсөн байгаа. Хариуцагч талаас Шинэ зеланд улсын Олон улсын уул уурхайн компанид хандсан Г Жон Т мэдээллийг худал байсан талаар гомдол нэхэмжлэл гаргасан баримт нотолгоо байхгүй бөгөөд, харин ч хариуцагч компани өөрөө сонголт хийж У ХХК-аас Г Жон Таррантад анх санал тавьсан. Хөдөлмөрийн гэрээнд туршилтын хугацааны талаар огт дурдагдаагүй, харин 2017 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийг хүртэл гэрээний хугацааг заасан. Иймд сөрөг нэхэмжлэлд туршилтын хугацааны талаар бичсэн нь огт үндэслэлгүй, худал зүйл байна. Хариуцагч талын шүүхэд нөхөн гаргасан байж болзошгүй гэж үзэж байгаа ажлаас халсан тухай тушаалд дурдсанаар түүнд ажилласан хугацааны болон ажлаас халагдсан тэтгэмж 5 000 шинэ зеланд доллар олгохоор заасан байна. Захирлын тушаалаар олгосон мөнгийг ажилтан илүү авсан гэж үзэх нь үндэслэлгүй юм. Сөрөг нэхэмжлэлд ажлын байрны зардал 3 609 500 төгрөг болон онгоцны тийзийн зардалд 1 343 шинэ зеланд доллар буюу 2 315 583 төгрөг зарцуулсныг нэхэмжлэгчээс гаргуулахаар шаардсан нь Хөдөлмөрийн гэрээний 1, 2, 3, 5 дахь хэсэгт заасан хоол болон байр, гэрээний хугацаа, аялал болон даатгал, гэрээ дуусгавар болгох нөхцөлд ажил олгогчоос хариуцан гаргахаар заасан зардал байх тул нэхэмжлэгчээс нөхөн гаргуулах үндэслэлгүй байна. Хөдөлмөрийн тухай хуулийн 132, 136 дугаар зүйлүүдэд заасан нөхцөл үүсээгүй, өөрөөр хэлбэл нэхэмжлэгчийн буруугаас тухайн байгууллагад хохирол учраагүй, нэхэмжлэгч хохирол учруулаагүй тул сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна гэжээ.

Шүүх: Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 129 дүгээр зүйлийн 129.3, 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийг Техникийн засварын мэргэжилтний ажлаас үндэслэлгүйгээр буруу халсан болохыг тогтоож, хариуцагчаас 61 705 350 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож, Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.3, 129 дүгээр зүйлийн 129.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс байгууллагад учруулсан хохирол 34 473 433 төгрөг гаргуулах тухай хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид төлсөн 466 477 төгрөг, хариуцагчаас сөрөг нэхэмжлэлийн тэмдэгтийн хураамжид төлсөн 330 320 төгрөгийг тус тус улсын төсөвт үлдээж, хариуцагчаас 466 477 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэсэн байна.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Өлзийцэрэн давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: ... Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2 дахь хэсэгт зааснаар ажил олгогчийн шийдвэрийг хүлээн авах гэдэг нь шийдвэрийг мэдэх гэсэн агуулгатай бөгөөд хавтаст хэргийн 1-2 дугаар хуудсанд нэхэмжлэгч Г Жон Т шүүхэд гаргасан нэхэмжлэл нь 2018 оны 1 дүгээр сарын 15-ны өдрөөр огноологдсон ч хавтаст хэргийн 41 дүгээр хуудсанд байгаа Иргэний хэрэг үүсгэх захирамжаас харвал нэхэмжлэл гаргасан огноо нь 2018 оны 3 дугаар сарын 13-ны өдөр болох нь тогтоогдож байна. Уг нэхэмжлэлд нэхэмжлэгч нь 2017 оны 4 дүгээр сарын 21-ний өдөр ямар ч буруу зүйл хийгээгүй атлаа ажил олгогчийн аман шийдвэрээр ажлаас халагдсан намайг ажлаас буруу халсан гэжээ. Эндээс нэхэмжлэгч нь өөрийгөө 2018 оны 4 дүгээр сарын 21-ний өдөр ажлаас халагдсанаа мэдсэн гэсэн бөгөөд шүүхэд мэдсэнээсээ хойш 10 cap 22 хоногийн дараа нэхэмжлэл гаргасан байна. Нэхэмжлэгч нь 2017 оны 4 дүгээр сарын 18-ны өдрийн 28 тоот Хөдөлмөрийн гэрээ дуусгавар болох тухай тушаалыг хүлээн аваад явсан. Гэтэл шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ 2017 оны 4 дүгээр сарын 21-ний өдөр ямар ч буруу зүйл хийгээгүй атлаа ажил олгогчийн аман шийдвэрээр ажлаас халагдсан намайг ажлаас буруу халсан гэж тушаалыг гардаж аваад гарын үсэг зураагүй байдлаа далимдуулж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1 дэх хэсэгт заасантай нийцээгүй худал, үндэслэлгүй тайлбар гаргадаг. Нэхэмжлэгч хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн шалтгаанаа Монгол улсын хуулийг мэдэхгүй байсан гэж тайлбарлажээ. Гэвч Иргэний хуулийн 3 дугаар зүйлийн 3.7 дахь хэсэгт хуулийг мэдэхгүй буюу буруу ойлгосон нь хуулийг хэрэглэхгүй байх, хуульд заасан хариуцлагаас чөлөөлөх үндэслэл болохгүй гэж заасан учир Монгол улсад хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа Хөдөлмөрийн тухай хуулийг мэдэхгүй нь уг хуульд заасан хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлэх хүндэтгэн үзэх шалтгаан болохгүй юм. Нэхэмжлэгч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хөөн хэлэлцэх хугацааг 10 cap 22 хоног хэтрүүлсэн нь хэрэгт авагдсан бусад баримтуудаар ч тогтоогддог. Нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацаа хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр өнгөрсний дараа хавтаст хэргийн 11 дүгээр хуудсанд 2017 оны 12 дугаар сарын 11-ний өдөр Г Жон Т итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Асланбек Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд хөөн хэлэлцэх хугацааг онцгой ажиллагааны журмаар сэргээлгэх хүсэлт гаргасныг 2017 оны 12 дугаар сарын 14-ний өдөр тус шүүхийн шүүгч Т.Гандиймаа хэргийн харьяалал зөрчсөн үндэслэлээр хүлээн авахаас татгалзсан захирамж хавтаст хэргийн 12-13 дугаар хуудсанд нотлох баримтаар авагдсан байна. Үүний дараа дахин шүүхэд хандан нэхэмжлэл гаргасныг 2017 оны 12 дугаар сарын 25-ны өдөр тус шүүхийн шүүгч Ш.Оюунтуул нэхэмжлэлийг дээрх хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.11-д заасан үндэслэлээр хүлээн авахаас татгалзсан захирамж хавтаст хэргийн 36 дугаар хуудсанд авагдсан бөгөөд уг захирамжинд гомдол гаргах эрхгүй гэжээ. Шүүгчийн дээрх захирамж гарснаас хойш 2 cap 19 хоногийн дараа буюу 2018 оны 3 дугаар сарын 13-ны өдөр 2018 оны 01 дүгээр сарын 15-ны өдрөөр огноолсон нэхэмжлэл, 2018 оны 3 дугаар сарын 12-ны өдрөөр огноолсон нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацааг сэргээлгэх хүсэлтүүдийг өгснөөр шүүгч 2018 оны 3 дугаар сарын 20-ны өдөр иргэний хэрэг үүсгэх захирамж гаргасан нь хавтаст хэргийн 41 дүгээр хуудсанд авагдсан байна. Хавтаст хэргийн 36-38 дугаар хуудсанд авагдсан дээрх нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан, гомдол гаргах эрхгүй захирамж 2017 оны 12 дугаар сарын 25-ны өдөр гарснаас хойш 2 cap 19 хоногийн дараа буюу 2018 оны 3 дугаар сарын 13-ны өдөр дахин анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан нь мөн л хөөн хэлэлцэх хугацааг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хэтрүүлж байгаа үйлдэл юм. Хэдийгээр энэхүү үндэслэл нь гомдлын гол үндэслэл биш ч Иргэний хуулийн 79 дүгээр зүйлийн 79.1 дэх хэсэгт зааснаар тасалдсан хөөн хэлэлцэх хугацаа 79.2 дахь хэсэгт зааснаар 2017 оны 12 дугаар сарын 25-ны өдөр дууссанаас хойш 2 cap 19 хоногийн хугацаа өнгөрсөн байна. Анхан шатны шүүх уг асуудалд мөн л ямар нэгэн эрх зүйн дүгнэлт хийгээгүй. У ХХК-ийн Хөдөлмөрийн дотоод журмын 22 дугаар зүйлийн 22.8-д хэрэв ажилтан мэдлэг, ур чадвар, мэргэжлийн түвшин тогтоолгохоос татгалзвал мэргэжил, ур чадварын хувьд тухайн ажил албан тушаалд тэнцэхгүй гэдгээ өөрөө хүлээн зөвшөөрсөн гэж үзэж Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2-т заасан үндэслэлээр хөдөлмөрийн гэрээг цуцлах үндэслэл болно гэж заасан байдаг. Иймд Г Жон Таррант нь мэргэжил, ур чадварын түвшин тогтоолгохоос татгалзаж, тухайн албан тушаалд тэнцэхгүй гэдгээ өөрөө хүлээн зөвшөөрсөн учир Хөдөлмөрийн дотоод журмын 22 дугаар зүйлийн 22.8, Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2-т заасан үндэслэлээр хөдөлмөрийн гэрээг цуцалсан нь үндэслэлтэй юм. Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.3-т заасан заалт нь Иргэний хуулийн 498 дугаар зүйлд заасан нөхцөл байдал бий болсон тохиолдолд ажил олгогчийн нэхэмжлэл гаргах эрхийг нь олгосон зохицуулалт юм. Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.3 болон Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.1 дэх хэсэгт заасан заалтуудын урьдчилсан нөхцөл нь тухайн байгууллагын ажилтан, хөдөлмөрийн гэрээ буюу албан тушаалын дагуу хүлээсэн үүргээ гүйцэтгэж байхдаа бусдад гэм хор учруулсан үйлдэл түүний улмаас учирсан хохирол байна. Иймд У ХХК-ийн гаргасан сөрөг нэхэмжлэлийн шаардлага нь Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.3-т заасан шаардлагад хамаарахгүй байна. Шүүхээс Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.3-т заасныг буруу тайлбарлан хэрэглэж, хариуцагчийг Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлд заасан гомдол гаргах хугацааг хэтрүүлсэн гэж үзсэн нь үндэслэлгүй байна. Шүүхээс илүү олгосон цалин нь талуудын байгуулсан Хөдөлмөрийн гэрээний дагуу ажил олгогчийн хариуцах зардал гэж үндэслэх хэсэгтээ тодорхойлсон байна. Гэтэл Хөдөлмөрийн гэрээний заалтанд илүү олгосон цалин нь ажил олгогчийн хариуцах зардал болно гэсэн заалт байхгүй. Хариуцагч У ХХК нь нэхэмжлэгч Г Жон Таррантад үндэслэлгүйгээр илүү олгосон хөрөнгөө Иргэний хуулийн 492 дугаар зүйлд заасан үндэслэлээр буцаан шаардах эрхтэй. Талуудын хооронд байгуулагдсан Хөдөлмөрийн гэрээний Аялал ба Даатгал хэсэгт У ХХК нь ажиллах хугацаанд ажилд холбогдох аяллын зардал болон аяллын, эрүүл мэндийн даатгалыг төлөх болно, хэрэв та улирлын гэрээ дуусахаас өмнө ажлаас халагдвал нислэгийн үнэ болон нислэгийн үнийн зарим хэсэг сүүлийн цалингаас хасагдах болно. Бусад явах тээврийн хэрэгсэл болон байрны төлбөрийг та өөрөө хариуцна гэж заасан байдаг тул Г Жон Т өөрийнх нь хүсэлтийн дагуу компаниас захиалж өгсөн онгоцны тийз захиалсан төлбөр нь компаний хариуцах зардалд хамаарахгүй, компаниас захиалж өгөх үүрэггүй тул онгоцны тийз захиалганд төлсөн 1 343.2 NZ$ буюу 2 315 583 төгрөгийг Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1 дэх хэсэгт заасан үндэслэлээр буцаан шаардах эрхтэй. У ХХК нь Ажиллах хүч гадаадад гаргах, гадаадаас ажиллах хүч, мэргэжилтэн авах тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1 дэх хэсэгт заасны дагуу Г Жон Т ажлын байрны 7 cap 14 хоногийн төлбөрт 3 609 500 төгрөгийг төлсөн. Гэтэл Г Жон Тарранттай байгуулсан Хөдөлмөрийн гэрээ нь гэрээний үүрэг зөрчсөний улмаас 2017 оны 4 дүгээр сарын 21-ний өдрөөр дуусгавар болсон. Иргэний хуулийн 219 дугаар зүйлийн 219.1 дэх хэсэгт заасны дагуу Г Жон Т ажлын байрны зардалд төлсөн 3 609 500 төгрөгийг ажил олгогчид учирсан бодит хохиролд тооцож нэхэмжлэл гаргасан атал шүүхээс ажил олгогчийн хариуцах зардал гэсэн үндэслэлгүй дүгнэлт хийсэн нь үндэслэлгүй байх тул шүүхийн шийдвэрийг бүхэлд нь буюу зарим хэсгийг хүчингүй болгож хэргийг буюу нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Шүүх талуудын хоорондын маргааны үйл баримтын талаар үндэслэл бүхий дүгнэлт хийж, нотлох баримтыг хэрэгт хамааралтай, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.

 

Нэхэмжлэгч Шинэ Зеланд улсын иргэн Г Жон Таррант нь хариуцагч У ХХК-д холбогдуулан, ажлаас үндэслэлгүй халагдсан болохыг тогтоолгох, ажилгүй байсан 7 сарын хугацааны цалин хөлстэй тэнцэх олговорт 61 705 350 төгрөг гаргуулах шаардлага гаргасныг, хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч, байгууллагад учруулсан хохиролд 34 473 433 төгрөг гаргах тухай сөрөг нэхэмжлэл гаргажээ.

 

У ХХК-ийн ерөнхий захирлын 2017 оны 3 угаар сарын 27-ны өдрийн 17/08 тоот тушаалаар Г Жон Таррантыг 2017 оны 3 дугаар сарын 27-ны өдрөөс эхлэн техник засварын мэргэжилтэн албан тушаалд туршилтын 3 сарын хугацаагаар томилон ажиллуулсан байна./ хэргийн 2 хавтас, хуудас 179/

 

Хөдөлмөрийн гэрээ байгуулан ажилласнаас хойш 26 хоногийн дараа буюу 2017 оны 4 дүгээр сарын 21-ний өдөр ажил олгогч У ХХК ажилтан Г Жон Тарранттай байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалсан болохыг түүнд мэдэгдэж, нэхэмжлэгч нь Монгол улсаас Шинэ Зеланд улс руу зорчихоор 2017 оны 4 дүгээр сарын 23-ны өдөр Монгол улсын хилээр гарсан үйл баримт тогтоогдсон байна.

 

Ажил олгогч 2017 оны 4 дүгээр сарын 18-ны өдрийн 28 дугаар тушаалаар ажилтан Г Жон Таррантыг мэргэжил ур чадварын хувьд гүйцэтгэж байгаа ажил, албан тушаалдаа тэнцэхгүй болсон гэсэн үндэслэлээр ажлаас халахдаа Хөдөлмөрийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.2, 40 дүгээр зүйлийн 40.1.2, Компанийн хөдөлмөрийн дотоод журмын 22 дугаар зүйлийг тус тус баримталжээ.

 

Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2-т заасан ажилтан мэргэжил ур чадварын хувьд гүйцэтгэж байгаа ажил албан тушаалдаа тэнцэхгүй болсон нь тогтоогдсон гэдгийг ажилтны энэ байдлын талаар салбарын буюу тухайн байгууллагын мэргэжил ур чадварын түвшин тогтоох комиссын дүгнэлт, шийдвэр гарсан байхыг ойлгох бөгөөд хэрэгт нэхэмжлэгч Г Жон Таррантыг мэргэжил, ур чадварын хувьд гүйцэтгэж байгаа ажил, албан тушаалдаа тэнцэхгүй болсон талаарх баримт авагдаагүй, хариуцагч байгууллага нэхэмжлэгчийг мэргэжил ур чадварын хувьд гүйцэтгэж байгаа ажил, албан тушаалдаа тэнцэхгүй болсон гэсэн үндэслэлээ нотлоогүй, уг байдал нь хэргийн баримтаар тогтоогдоогүй. Иймд ажил олгогчийн тушаалд заасан үндэслэл тогтоогдохгүй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугар зүйлийн 25.1, 25.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч байгууллага өөрийн тайлбараа нотолсон, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг үгүйсгэсэн баримтыг шүүхэд гаргаагүй, уг байдал нь хэргийн баримтаар тогтоогдохгүй байна.

 

Зохигчид Хөдөлмөрийн хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1 дэх заасан хугацааны дотор нэхэмжлэл гаргасан эсэх асуудлаар маргаж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г Жон Таррант нь 2018 оны 1 дүгээр сарын 26-ны өдрөөр огноолсон нэхэмжлэлийг шуудангаар илгээснийг итгэмжлэгдсэн төлөөлөгчид 2018 оны 2 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч, шүүхэд 2018 оны 3 дугаар сарын 13-ны өдөр гаргасан нь хуульд заасан хугацааны дотор гаргасан гэж, хариуцагч байгууллага ажлаас халсан тушаалыг түүнд гардуулсан гэсэн тайлбар гаргаж 2017 оны 4 дүгээр сарын 18-ны өдрийн 28 тоот тушаалыг нотлох баримтаар гаргажээ.

 

Хуульд зааснаар ажил олгогч нь ажилтанд хөдөлмөрийн гэрээ цуцалсан тухай шийдвэр, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэр, хуульд заасан бол ажлаас халагдсаны тэтгэмжийг халагдсан өдөрт нь өгөх үүрэг хүлээдэг бөгөөд ажил олгогч Уулс заамаарХХК нь Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.3 дахь хэсэгт заасан үүргээ биелүүлж ажилтан Г Жон Таррантад ажлаас халагдсан тушаалыг гардуулан өгсөн болохоо нотлоогүй байна.

 

Иймд анхан шатны шүүхийн нэхэмжлэгч хүндэтгэн үзэх шалтгааны улмаас ажил олгогчийн шийдвэрт гомдол гаргах хугацааг хэтрүүлсэн гэж үзэж Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.3 дахь хэсэгт зааснаар шүүх уг хугацааг сэргээн тогтоох нь зүйтэй гэж өөрчилж, давж заалдах шатны шүүхээс нэхэмжлэгч Г Жон Таррантад хуульд заасан хугацааны дотор шүүхэд гомдлоо гаргасан байна гэсэн дүгнэлтийг хийв.

 

Хариуцагчийн давж заалдах гомдлын нэг үндэслэл болох нэхэмжлэгч шүүхэд гаргах хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн гэсэн гомдлыг хүлээн авах боломжгүй юм.

 

Нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх нөхөх олговрыг 7 сарын хугацаагаар тооцож, 35 000 шинэ зеланд доллар буюу 61 705 350 төгрөгийг хариуцагчаас гаргуулж шийдвэрлэсэн нь Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт заасанд нийцжээ.

 

Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.3-т зааснаар ажилтнаас хөдөлмөрлөх үүргээ биелүүлж байхдаа аж ахуйн нэгж, байгууллагад учруулсан хохирлыг нөхөн төлүүлэхээр ажил олгогч шүүхээр хянан шийдвэрлүүлэхээр нэхэмжлэх эрхтэй хэдий ч хариуцагч нь компанид учруулсан хохиролд шаардсан 20 000 000 төгрөгийг компанийн өдөр тутмын хэвийн үйл ажиллагаа алдагдсан гэж тайлбарлах боловч уг шаардлагын үндэслэлээ баримтаар нотлоогүй, дээрх хуулийн 132 дугаар зүйлд заасан эд хөрөнгийн хариуцлага хүлээлгэх үндэслэл тогтоогдоогүй байх тул хариуцагчийн гаргасан сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлтэй.

 

Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 8 дугаар сарын 23-ны өдрийн 102/ШШ2019/02218 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа хариуцагчаас төлсөн 638 845 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацаа тоолохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Н.БАТЗОРИГ

 

ШҮҮГЧИД Ш.ОЮУНХАНД

 

Ц.ИЧИНХОРЛОО

 

 

ы