Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 03 сарын 10 өдөр

Дугаар 210/МА2017/00696

 

2017 оны 03 сарын 10 өдөр

Дугаар 210/МА2017/00696

 

 

 

Сунхан констракшн ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Ичинхорлоо даргалж, шүүгч Т.Туяа, Н.Батзориг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 101/ШШ2017/00258 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч Сунхан констракшн ХХК-д нэхэмжлэлтэй

Хариуцагч Паркнайн ХХК-дхолбогдох

 

Хамтран ажиллах гэрээнээс татгалзаж, 100 000 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Хариуцагчийн төлөөлөгчийн гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч Н.Батзоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Мөнгөнтуяа

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Шинэцэцэг нар оролцов. 

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Сунхан констракшн ХХК нь Хан-Уул дүүргийн 8 дугаар хороо, Нүхтийн ам гэх газарт барихаар төлөвлөсөн 5 айлын таунхаус барилгаа Паркнайн ХХК-ийн эзэмшлийн Нүхт Гарден Вилла хотхоны уурын зуух болон цахилгааны эх үүсгүүрт холбохоор тус компанитай тохиролцож, 2014 оны 5 дугаар сарын 12-ны өдөр Хамтран ажиллах гэрээ байгуулсан. Уг гэрээгээр Паркнайн ХХК нь уурын зуух болон цахилгааны эх үүсгүүрт манай барилгыг холбохоор огтлол хийх, цахилгаан, дулаанд холбох, цэвэр, бохир усны шугам хоолойг өөрийн барилгаас манай барилгын гадна хүртэл тавих үүргийг хүлээж, уг үүргийг гүйцэтгэсний төлбөрт 200 000 000 төгрөгийг авах, Сунхан констракшн ХХК нь Паркнайн ХХК-ийн огтлол хийж, бэлтгэсэн шугам сүлжээнд болон цахилгаан, дулаан дамжуулагчид өөрийн барилгаа өөрийн зардлаар холбох үүргийг хүлээж, гэрээ байгуулсан даруйд урьдчилгаанд 100 000 000 төгрөгийг нь төлөхөөр заасан. Үүний дагуу манай компани 2014 оны 5 дугаар сарын 12-ны өдөр 100 000 000 төгрөгийг бэлнээр Паркнайн ХХК-д хүлээлгэн өгч, баримт үйлдсэн. Урьдчилгаа төлбөрийг хүлээн авснаас хойш ажлын 5 хоногт багтаан цахилгаан, дулаанд холбох болон цэвэр, бохир усны шугамыг холбох нөхцөлийг Паркнайн ХХК бүрдүүлсэн байх үүргийг хүлээсэн боловч өдийг хүртэл тохиролцсон ёсоор хариу үүрэг гүйцэтгээгүй. Иймд Иргэний хуулийн 355 дугаар зүйлийн 355.1, 205.1 дэх хэсгийг үндэслэн 2014 оны 5 дугаар сарын 12-ны өдрийн хамтран ажиллах нэртэй гэрээнээс татгалзаж, гэрээний дагуу шилжүүлсэн 100 000 000 төгрөгийг буцаан гаргуулах шаардлагыг гаргаж байна гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 355 дугаар зүйлийн 355.1-д тус тус заасныг баримтлан хариуцагч Паркнайн ХХК-иас гэрээний урьдчилгаа төлбөрт төлсөн 100 000 000 /нэг зуун сая/ төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Сунхан констракшн ХХК-д олгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 657,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Паркнайн ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 657,950 /зургаан зуун тавин долоон мянга есөн зуун тавь/ төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Сунхан констракшн ХХК-д олгож шийдвэрлэжээ.

 

Хариуцагчийн төлөөлөгч давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.2-т "зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгчийн шүүх хуралдаанд биечлэн оролцох эрхийг хангалгүй хэргийг шийдвэрлэсэн, 168.1.7-д "энэ хуулийн 38.6-д заасан тохиолдолд нотлох барымтыг шүүх дутуу бүрдүүлж хэргийг шийдвэрлэсэн" гэж үзэж дараах гомдлыг гаргаж байна. Тус хэргийн анхан шатны шүүх хурлыг 2017 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр зарлагдсан бөгөөд шүүхээс хариуцагч "Парк найн" ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчид хурлын товыг шүүх хуралдаанаас өмнө мэдэгдсэн. Гэтэл хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн ар гэрт гачигдал гарсан тул шүүх хуралдаанд оролцох боломжгүй байгаа тухай мэдэгдээд гүйцэтгэх захирлын 2017 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 02 тоот тушаалаар ажлын 10 хоногийн цалинтай чөлөө олгосон. 2017 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 09.00 цагт компаниас шинээр Д.Эрдэнэ-Очирыг итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр шинээр томилж, нэхэмжлэлийн хариу тайлбар болон өмнөх итгэмжлэгдсэн төлөөлөгчийн ар гэрийн гачигдалтай болохыг нотолсон баримт бичгийн хамт шүүх хуралдаанд оролцох гэсэн боловч тус шүүхийн шүүгч Т.Энхжаргал нь "Хэргийн оролцогч бус" үндэслэлээр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Эрдэнэ-Очирыг шүүх хуралдаанд биечлэн оролцох эрхийг хангалгүйгээр нэхэмжлэгчийг дангаар нь оролцуулан шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168.1.2-т заалтыг зөрчсөн үйлдэл гэж үзэж байна. Д.Эрдэнэ-Очирыг "Хэргийн оролцогч бус" гэх хууль зүйн үндэслэлгүйгээр шүүх хуралдаанд оролцуулаагүй явдал ашиг сонирхлын зөрчилтэй байж болзошгүй гэж үзэж байна.

Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 168.1.7-д заасны дагуу шүүхээс нотлох баримтыг бүрэн бүрдүүлж хэргийг шийдвэрлэхээр хуульд заасан. Тухайн хэрэг дээр хариуцагч компаний "Нүхт Гарден Вилла" хотхоны уурын зуух болон цахилгааны эх үүсгүүрт холбохоор огтлол хийх, цэвэр бохир усны шугам хоолойг нэхэмжлэгчийн өмчлөлийн 5 ширхэг таун хаусыг гадна хүртэл тавих үүрэгтэй нийт 200 000 000 төгрөгийн үнийн дүн бүхий гэрээ байгуулсан бөгөөд холбож өгөхөөр тохиролцоогүй. Гэтэл нэхэмжлэгч цахилгаан эх үүсгүүрт холбож өгөөгүй, цэвэр бохир усны хоолойг холбож өгөөгүй гэж шүүхэд нэхэмжлэл гаргасан бөгөөд урьдчилгаа төлбөр 100 000 000 төгрөгийн үнэд хариуцагчаас "Нүхт Гарден Вилла" хотхоны уурын зуухны хүчин чадлыг нэмэгдүүлж, шинээр уурын зуух тавьж, цэвэр бохир усны хоолойн материалыг худалдан авахад зарцуулсан байдаг. Тус гарсан зардлын тооцоолол болон шинжээч томилуулах тухай хүсэлтийг хариуцагч талаас нотлох баримтаар гаргаж өгөхөөр 2017 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 09.00 цагийн шүүх хуралдаанд оролцож гаргаж тавих гэсэн боловч шүүгч Т.Энхжаргал "Хэргийн оролцогч бус" гэх үндэслэлээр хүлээн авч, шүүх хуралд оролцуулаагүй нь шүүх нотлох баримтыг бүрэн бүрдүүлж чадаагүй гэж үзэж байна. Иймд шийдвэрийг хүчингүй болгож, дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү.

 

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, хэрэгт цугларсан нотлох баримтыг тухайн маргаанд ач холбогдолтой, эргэлзээгүй талаас нь үнэлсэн байх боловч хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй байх тул зөвтгөж шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй байна.

 

Нэхэмжлэгч Сунхан констракшн ХХК нь хариуцагч Паркнайн ХХК-д холбогдуулан гэрээнээс татгалзаж, гэрээний дагуу шилжүүлсэн 100 000 000 төгрөгийг буцаан гаргуулах шаардлага бүхий нэхэмжлэл гаргасны дагуу анхан шатны шүүх иргэний хэрэг үүсгэж, нэхэмжлэлийн хувийг хариуцагч Паркнайн ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Цогхүүд 2016 оны 12 дугаар сарын 08-ны өдөр гардуулан өгч, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд эдлэх эрх, хүлээх үүргийг нь тайлбарлаж өгсөн байх боловч хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагатай холбогдуулан тайлбар гаргаагүй байв.

Анхан шатны шүүх нэхэмжлэгч Сунхан констракшн ХХК болон хариуцагч Паркнайн ХХК-ийн хооронд 2014 оны 05 дугаар сарын 12-ны өдөр Хамтран ажиллах гэрээ байгуулагдсан, уг гэрээгээр Паркнайн ХХК нь өөрийн Нүхт Гарден Вилла хотхоны эрчим хүчний барилга байгууламжид Сунхан констракшн ХХК-ийн 5 таун хаусын барилгыг эрчим хүчээр холбох, Сунхан констракшн ХХК нь холболтын төлбөрт төлөх 200 000 000 төгрөгийн 50 хувь буюу 100 000 000 төгрөгийг гэрээ хийсэн даруйд, үлдэгдэл 100 000 000 төгрөгийг ажил гүйцэтгэсний дараа төлөхөөр харилцан тохиролцсон гэрээний агуулгыг үндэслэн тэдгээрийн хооронд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасан ажил гүйцэтгэх гэрээний харилцаа үүссэн гэж үзсэн нь үндэслэлтэй болжээ.

 

Нэхэмжлэгч Сунхан констракшн ХХК нь гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлж, урьдчилгаа төлбөр болох 100 000 000 төгрөгийг 2014 оны 05 дугаар сарын 12-ны өдөр Паркнайн ХХК-д төлсөн үйл баримт хэрэгт авагдсан бичгийн баримтаар тогтоогдож байх /Хх-9/ боловч хариуцагч Паркнайн ХХК нь гэрээнд заасан үүргээ биелүүлээгүй байна.

 

Нэхэмжлэгч Сунхан констракшн ХХК нь Иргэний хуулийн 355 дугаар зүйлийн 355.1 дэх хэсэгт зааснаар гэрээг цуцлах, учирсан хохирлоо нөхөн төлүүлэхээр шаардах эрхтэй. Энэ талаар хийсэн анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй болжээ.

 

Нэхэмжлэгч Сунхан констракшн ХХК-иас гэрээнээс татгалзах тухай мэдэгдлийг хариуцагч Паркнайн ХХК-д хүргүүлж байсан үйл баримт тогтоогдож байх бөгөөд гэрээний аль нэг тал гэрээнээс татгалзах тохиолдолд талууд өгсөн, авсан зүйлээ харилцан буцаах ёстой тул Иргэний хуулийн Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Паркнайн ХХК нь гэрээний урьдчилгаа төлбөр болох 100 000 000 төгрөгийг нэхэмжлэгч Сунхан констракшн ХХК-д төлөх үүрэгтэй байна. Энэ талаар шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй.

 

Анхан шатны шүүх хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчид хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд эдлэх эрх, хүлээх үүргийг танилцуулсан, шүүх хуралдааны товыг зохих ёсоор мэдэгдсэн /хх-40/ байх тул шүүх хуралдаанд биечлэн оролцох эрхийг хангаагүй, нотлох баримтыг дутуу бүрдүүлж шийдвэрлэсэн гэх хариуцагчийн давж заалдах гомдол үндэслэлгүй байна.

 

Дээр дурдсанаар шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулж, хариуцагчийн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 18ы өдрийн 101/ШШ2017/00258 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтад Иргэний хуулийн гэсний ард 205 дугаар зүйлийн 205.1 гэж нэмж өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид хариуцагч Паркнайн ХХК-ийн төлсөн 658 000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ц.ИЧИНХОРЛОО

ШҮҮГЧИД Т.ТУЯА

Н.БАТЗОРИГ