Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 01 сарын 18 өдөр

Дугаар 101/ШШ2017/00258

 

 

 

 

 

       2017 оны 01 сарын 18 өдөр

          Дугаар 101/ШШ2017/00258

Улаанбаатар хот

 

 

 

                                 МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

           Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Т.Энхжаргал даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: С ХХК нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Д ХХКхолбогдох

 

2014 оны 5 дугаар сарын 12-ны өдрийн хамтран ажиллах нэртэй гэрээнээс татгалзаж, уг гэрээний дагуу шилжүүлсэн 100,000,000 төгрөгийг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Анхзаяа нар оролцов.                                                                                                                                               

ТОДОРХОЙЛОХ нь:

                   

Нэхэмжлэгч “*******” ХХК, итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.******* шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

“*******” ХХК нь Хан-Уул дүүргийн 8 дугаар хороо, “Нүхтийн ам” гэх газарт барихаар төлөвлөсөн 5 айлын таунхаус барилгаа “*******” ХХК-ийн эзэмшлийн ******* Вилла хотхоны уурын зуух болон цахилгааны эх үүсгүүрт холбохоор тус компанитай тохиролцож, 2014 оны 5 дугаар сарын 12-ны өдөр “Хамтран ажиллах гэрээ”-г байгуулсан юм. Уг гэрээгээр “*******” ХХК нь өөрийн барьсан ******* Вилла хотхоны уурын зуух болон цахилгааны эх үүсгүүрт манай барилгыг холбохоор огтлол хийх, цахилгаан, дулаанд холбох, цэвэр, бохир усны шугам хоолойг өөрийн барилгаас манай барилгын гадна хүртэл тавих үүргийг хүлээж, уг үүргийг гүйцэтгэсний төлбөрт 200,000,000 /хоёр зуун сая төгрөг/ төгрөгийг авах, “*******” ХХК нь “*******” ХХК-ийн огтлол хийж, бэлтгэсэн шугам сүлжээнд болон цахилгаан, дулаан дамжуулагчид өөрийн барилгаа өөрийн зардлаар холбох үүргийг хүлээсэн. Хамтран ажиллах гэрээний 2.1-д “*******” ХХК-ийн эзэмшлийн уурын зуух болон цахилгааны эх үүсгүүрт барилгаа холбуулж, цэвэр, бохир усны хоолойг өөрийн барилга хүртэл татуулсаны төлбөрт “*******” ХХК нь 200,000,000 /хоёр зуун сая төгрөг/ төгрөгийг өгөх, гэрээ байгуулсан даруйд урьдчилгаанд 100,000,000 /нэг зуун сая төгрөг/ төгрөгийг нь төлөхөөр заасан. Үүний дагуу манай компани 2014 оны 5 дугаар сарын 12-ны өдөр 100,000,000 төгрөгийг бэлнээр “*******” ХХК-д хүлээлгэн өгч, баримт үйлдсэн. Урьдчилгаа төлбөрийг хүлээн авснаас хойш ажлын 5 хоногт багтаан цахилгаан, дулаанд холбох болон цэвэр, бохир усны шугамыг холбох нөхцөлийг “*******” ХХК бүрдүүлсэн байх үүргийг хүлээсэн боловч өдийг хүртэл тохиролцсон ёсоор хариу үүрэг гүйцэтгээгүй болно. Нэхэмжлэлийн шаардлагын хууль зүйн үндэслэл: Дээрх хамтран ажиллах нэртэй гэрээний зорилго, талуудын эдлэх эрх, хүлээх үүргийн агуулгаас дүгнэхэд уг гэрээ нь Иргэний хуулийн 476 дугаар зүйлийн 476.1 дэх хэсэгт заасан буюу нэрлэгдсэн “Хамтран ажиллах гэрээ”-ний хуульд заасан шинжийг хангаагүй, харин Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасан буюу нэрлэгдсэн “Ажил гүйцэтгэх гэрээ”-ний /нэгэн төрлийн/ шинжийг агуулж байна. Иймд Иргэний хуулийн 355 дугаар зүйлийн 355.1, 205.1 дэх хэсгийг үндэслэн 2014 оны 5 дугаар сарын 12-ны өдрийн хамтран ажиллах нэртэй гэрээнээс татгалзаж, уг гэрээний дагуу шилжүүлсэн 100,000,000 төгрөгийг “*******” ХХК-иас буцаан гаргуулах шаардлагыг гаргаж байна гэв.

 

 Хариуцагч “*******” ХХК шүүхэд хариу тайлбараа ирүүлээгүй болно.

 

 Шүүх хуралдаанаар нэхэмжлэгчийн тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч “*******” ХХК нь хариуцагч “*******” ХХК-д холбогдуулан 2014 оны 5 дугаар сарын 12-ны өдрийн хамтран ажиллах нэртэй гэрээнээс татгалзаж, уг гэрээний дагуу шилжүүлсэн 100,000,000 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

Хариуцагч “*******” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.******* нь нэхэмжлэгч “*******” ХХК-ийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн хувийг 2016 оны 12 дугаар сарын 08-ны өдөр гардаж авсан боловч шүүгчийн тогтоосон хугацаанд нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн болон татгалзсан эсэх талаарх хариу тайлбарыг ирүүлээгүй байна.

 

 Нэхэмжлэгч “*******” ХХК болон хариуцагч “*******” ХХК-иудын хооронд 2014 оны 5 дугаар сарын 12-ны өдөр “Хамтран ажиллах гэрээ”-г байгуулсан бөгөөд гэрээний 1.1-д “А тал буюу ******* ХХК-ийн Нүхт гарден вилла хотхоноос Б тал буюу ******* ХХК нь өөрийн эзэмшлийн 5 байрны цахилгаан болон уурын зуухнаас дулааны эх үүсвэрийг авч, цэвэр, бохир усны хоолойг холбохоор тохиролцон, хөлсийг төлөх үүрэг хүлээхээр тохиролцов” гэжээ.

 

Иргэний хуулийн 476 дугаар зүйлийн 476.1-д “Хамтран ажиллах гэрээгээр хоёр буюу түүнээс дээш этгээд хуулийн этгээд байгуулахгүйгээр, ашиг олох болон бусад тодорхой зорилгыг хэрэгжүүлэхийн тулд хамтран ажиллах үүрэг хүлээнэ” гэж заасан бөгөөд дээрх гэрээний зорилго, агуулга болон энэхүү заалтаас үзэхэд зохигчдын хооронд хамтран ажиллах гэрээ байгуулагдсан гэж үзэх үндэслэлгүй байна.

 

Харин Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д “Ажил гүйцэтгэх гэрээгээр ажил гүйцэтгэгч нь захиалагчийн буюу өөрийн материалаар гэрээнд заасан ажил гүйцэтгэх, захиалагч нь уг ажлын үр дүнг хүлээн авч, хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ” гэж зааснаар зохигчдын хооронд ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдсан гэж үзэх үндэслэлтэй байх бөгөөд энэ талаарх нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбар үндэслэлтэй байна.

 

Зохигчдын хооронд байгуулагдсан гэрээний 2.1, 2.2, 2.2.1-д Б тал буюу нэхэмжлэгч “*******” ХХК нь энэхүү гэрээний нийт төлбөрт 200,000,000 төгрөгийг төлөхөөр, …50 хувь буюу 100,000,000 төгрөгийг гэрээ хийсэн даруйд төлөх бөгөөд үлдэгдэл төлбөрийг инженерийн шугам, сүлжээг холбоход бэлэн болгосны дараа гэрээний төлбөрийн 50 хувь буюу 100,000,000 төгрөгийг төлөхөөр тохирсон байна.

Уг гэрээгээр хүлээсэн үүргийнхээ дагуу нэхэмжлэгч “*******” ХХК нь урьдчилгаа 100,000,000 төгрөгийн төлбөрийг 2014 оны 5 дугаар сарын 12-ны өдөр хариуцагч “*******” ХХК-д шилжүүлсэн болох нь Бэлэн мөнгөний орлогын баримтаар тогтоогдож байна.

 

Хариуцагч “*******” ХХК нь дээрх гэрээгээр хүлээсэн үүргээ хэрхэн биелүүлсэн болох нь хэрэгт авагдсан бичгийн баримтаар тогтоогдохгүй байна.

 

Иргэний хуулийн 355 дугаар зүйлийн 355.1-д “Гэрээний аль нэг тал үүргээ ноцтой зөрчсөн бол энэ хуулийн 225, 226 дугаар зүйлүүдэд заасан үндэслэл, журмын дагуу нөгөө тал гэрээг цуцалж, учирсан хохирлоо нөхөн төлүүлэхээр шаардах эрхтэй”, 355.2-т “Ажил гүйцэтгэгч ажлыг бүрэн гүйцэтгэж дуусахаас өмнө захиалагч хэдийд ч гэрээг цуцлах эрхтэй” гэж тус тус заасан бөгөөд ийнхүү гэрээгээ цуцлах мэдэгдлийг нэхэмжлэгч “*******” ХХК нь 2016 оны 9 дүгээр сарын 11-ний өдөр хариуцагч “*******” ХХК-д баталгаат шуудан болон цахим хаягаар тус тус хүргүүлсэн болох нь хэрэгт авагдсан бичгийн баримтаар тогтоогдож байх тул нэхэмжлэгч нь хариуцагчийг гэрээний үүргээ зөрчсөн гэж үзэж гэрээгээ цуцалж, урьдчилгаа төлбөрт шилжүүлсэн 100,000,000 төгрөгийг нэхэмжилж буй нь үндэслэлтэй байна.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчид нэхэмжлэлийн хувийг гардуулсан боловч хуулийн хугацаанд нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн, эсхүл татгалзаж буй үндэслэлийн талаарх тайлбарыг ирүүлээгүй, түүнчлэн 2017 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн шүүх хуралдаанд түүний хэргийн материалтай танилцах, өмгөөлөгчтэй хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох хүсэлт гаргасныг хүлээн авч, шүүх хуралдааныг хойшлуулсан боловч өнөөдрийн шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч түүнийг байлцуулахгүйгээр шүүх хуралдааныг хийлгэх хүсэлт гаргасан тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т зааснаар хариуцагчийн эзгүйд шүүх хуралдааныг хийсэн болно.

 

Түүнчлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.3-т зааснаар хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөнд тооцох үндэслэлтэй юм.

 

Иймд дээрх үндэслэлүүдээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж дүгнэв.

 

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон 

 

ТОГТООХ нь:

    

1. Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 355 дугаар зүйлийн 355.1-д тус тус заасныг баримтлан хариуцагч “*******” ХХК-иас гэрээний урьдчилгаа төлбөрт төлсөн 100,000,000 /нэг зуун сая/ төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч “*******” ХХК-д олгосугай. 

 

 2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 657,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч “*******” ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 657,950 /зургаан зуун тавин долоон мянга есөн зуун тавь/ төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч “*******” ХХК-д олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурьдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                        Т.ЭНХЖАРГАЛ