Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 07 сарын 20 өдөр

Дугаар 600

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

                             

  

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Оюун даргалж,

 

нарийн бичгийн дарга: С.Буянхишиг, 

улсын яллагч: Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Н.Энхболд,

шүүгдэгч: Э.Болд нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

 

Баянгол дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдүүлэхээр ирүүлсэн  Болдод холбогдох эрүүгийн 1805 0349 20664 дугаартай хэргийг 2018 оны 7 дугаар сарын 19-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Монгол Улсын иргэн, 1986 оны 4 дүгээр сарын 22-ны өдөр Дархан Уул аймагт төрсөн, 32 настай, эрэгтэй, бүрэн бус боловсролтой, хүнд механизмийн оператор мэргэжилтэй

урьд 2001 оны 10 дугаар сарын 24-нд Дархан-Уул аймгийн Сум дундын шүүхээр 1986 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 123.3-д зааснаар 1 жилийн хорих ял оногдуулж, уг ялыг тэнсэж, хянан харгалзсан,

2004 оны 6 дугаар сарын 02-нд Дархан-Уул аймгийн Сум дундын шүүхээр 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.1, 146 дугаар зүйлийн 146.2-т зааснаар баривчлах ялаар шийтгүүлж, 2004 оны 8 дугаар сарын 23-ны өдрийн шүүгчийн захирамжаар хугацааны өмнө тэнсэн суллагдсан,

2005 оны 5 дугаар сарын 31-нд Дархан-Уул аймгийн Сум дундын шүүхээр 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 10 жил 10 хоног хорих ялаар шийтгүүлж, 2006 оны 6 дугаар сарын 23-ны өдөр өршөөл үзүүлэх тухай хуулийн 5.1.2-т зааснаар 2 жилийн ялыг хасаж, 2012 оны 05 дугаар сарын 19-нд шүүгчийн захирамжаар хугацааны өмнө тэнсэн суллагдсан, Болд.  

 

  Шүүгдэгч Э.Болд нь 2018 оны 6 дугаар сарын 22-ны шөнийн 02 цагийн орчим Баянгол дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Батос” зайрмагийн үйлдвэрийн ээлжийн харуул Б.Цэнгэлийг “ээлжин дээрээ архи уусан байна” гэх шалтгаанаар зодож, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. (яллах дүгнэлтэд дурдсанаар)

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч-Э.Болд мэдүүлэхдээ:

Хохирогч Цэнгэл хөдөөний объектод ажиллаж байгаад саяхан Улаанбаатар хотод шилжиж ирсэн тул ээлжийн ахлагч намайг танихгүй байсан. Би түүний ажлыг шалгаж явахад тэр ээлжин дээрээ архи уусан, согтуу байсан тул түүнийг ажлаа орхиод яв гэхэд маргасан. Би хохирогчийг ажил дээрээ архи уусан гэх шалтгаанаар зодсон нь миний буруу. Дахиж ийм алдаа гаргахгүй. Хойшид ийм асуудал гарвал хууль ёсны дагуу асуудлыг шийдвэрлүүлнэ. Хохирогчид гэмт хэргийн улмаас учирсан хохиролд нийт 1 000 000 төгрөг өгсөн. Прокуророос санал болгосон 500 000 төгрөгөөр торгох ялыг сайн дураар хүлээн зөвшөөрч байна гэв.

Мөрдөн байцаалтанд хохирогч- Б.Цэнгэл мэдүүлэхдээ:

Би Баянгол дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Батос” зайрмагны үйлдвэрт гэрээт харуул хамгаалагчаар ажилладаг бөгөөд 2018 оны 6 дугаар сарын 21-нээс 22-нд шилжих шөнө тус үйлдвэрт харуулын үүргээ гүйцэтгэж байхад шөнийн 02-03 цагийн орчимд манай ээлжийн дарга гэх Э.Болд нь шууд хаалгаар ороод ирэхээр нь “хэн бэ, ямар учиртай хүн бэ” гэхэд “ээлжийн ахлагч чинь байна, танихгүй байна уу” гэж хэлээд ороод ирэхээр нь би “танихгүй юм байна. Бичиг баримтаа үзүүл” гэсэн чинь “танихгүй байна уу, ээлжийн ахлагч чинь л байна шүү дээ, цагийн байдлыг илтгэдэггүй юм уу” гэж хэлсэн. Тэгэхээр нь би “танихгүй юм байна, бичиг баримтгүй болохоор итгэхгүй байна” гэсэнд “чамаас архи үнэртээд байна, чи архи уучихсан юм уу” гэсэн. Би уугаагүй гэж хариулахад архи уусан байна уу, үгүй юу, шалгуулж үнэртүүл гэсэн. Надаас архи үнэртэж байсан болохоор уусан нь үнэн, гэхдээ үлээхгүй, бичиг баримтаа шалгуулчих, ээлжийн ахлагч мөн байвал би шалгуулна” гэсэн чинь “архи уусан хүн гаргахгүй ээ, чи одоо ээлжнээс буу, харьж амар” гэсэн. Тэгэхээр нь “би буухгүй, өглөө болтол ээлжиндээ хоноё” гэж хэлэхэд “чи муу архи уучихаад ямар олон юм ярьдаг юм бэ, гараад ир” гээд хашаанаас дагуулж гараад “чи муу ямар овоо гар вэ, хоёулаа зодолдъё гээд хувцасаа тайлаад шууд эргэж хараад, гараа атгаж байгаад миний нүүрэн тус газарт 1 удаа цохисон. Тэгээд би амаа дараад тонгойтол хиймэл шүд уначихсан байсан. Тэгээд “яв, гэртээ харь, чи энд ажиллахгүй” гэхээр нь чи миний уруулыг сэт цохиод, шүд унагаачихлаа гэж хэлсэн чинь “хуц, зайл гээд хөөгөөд байсан. Тэгээд би дүү Батчимэгийг /88023260/ утсаар дуудаад гэмтлийн эмнэлэг орж үзүүлж, эмчилгээ хийлгэхэд үүдэн шүдэнд хиймэл шүднээс гадна хоёр шүд уначихсан байсан. Тэгээд уруулдаа оёдол тавиулаад гэртээ харьсан. Эмчилгээний зардлаа авсан болохоор ямар нэг гомдол санал байхгүй гэжээ. (хэргийн 11-12 дугаар хуудас)

 

 Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2018 оны 6 дүгээр сарын 26-ны өдрийн 7930 дугаартай дүгнэлтэд:

1. Б.Цэнгэлийн биед нэг шүдний булгарал, дээд уруулд шарх, зулгаралт, зөөлөн эдийн няцрал  гэмтэл тогтоогдлоо

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн 1 ба хэд, хэдэн удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх ба хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.

3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр  хугацаагаар сарниулах тул  гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Нэг шүдний булгарал гэмтэл нь цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги 5 хувь алдагдуулна гэжээ. (хэргийн 14 дүгээр хуудас)

 

Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудсанд:

Э.Болд нь 2001 оны 10 дугаар сарын 24-нд Дархан-Уул аймгийн Сум дундын шүүхээр 1986 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 123.3-д зааснаар 1 жилийн хорих ял оногдуулж, уг ялыг тэнсэж, хянан харгалзсан,

2004 оны 6 дугаар сарын 02-нд Дархан-Уул аймгийн Сум дундын шүүхээр 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.1, 146 дугаар зүйлийн 146.2-т зааснаар баривчлах ялаар шийтгүүлж, 2004 оны 08 дугаар сарын 23-ны өдөр шүүгчийн захирамжаар хугацааны өмнө тэнсэн суллагдсан,

2005 оны 5 дугаар сарын 31-нд Дархан-Уул аймгийн Сум дундын шүүхээр 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-д зааснаар 10 жил 10 хоног хорих ялаар шийтгүүлж, 2006 оны 6 дугаар сарын 23-ны өдөр өршөөл үзүүлэх тухай хуулийн 5.1.2-т зааснаар 2 жилийн ялыг хасаж, 2012 оны 5 дугаар сарын 19-нд шүүгчийн захирамжаар хугацааны өмнө тэнсэн суллагдсан гэжээ. (хэргийн 32 дугаар хуудас)

 

ШҮҮХИЙН ДҮГНЭЛТИЙН ТАЛААР:

Шүүгдэгч Э.Болд нь 2018 оны 6 дугаар сарын 22-ны өдөр Баянгол дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Батос” зайрмагийн үйлдвэрийн ээлжийн харуул Б.Цэнгэлийг “ээлжин дээр архи уусан байна” гэх шалтгаанаар зодож, эрүүл мэндэд нь нэг шүдний булгарал, дээд уруулын шарх, зулгаралт, зөөлөн эдийн няцрал, бүхий хөнгөн хохирол учруулсан нь шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хохирогч Б.Цэнгэлийн мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2018 оны 6 дугаар сарын 26-ны өдрийн 7930 дугаар дүгнэлт зэрэг хэрэгт авагдсан бусад нотлох баримтаар тогтоогдож байна.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, шалгаж, бэхжүүлсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үзлээ.

Хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг нотлосон, мөрдөн байцаалтад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй байна.

Баянгол дүүргийн прокурорын газраас Э.Болдод холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдүүлэхээр ирүүлсэн нь үндэслэлтэй.

Иймд шүүгдэгчийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар ял оногдуулах нь зүйтэй.

Хохирогч нь өөрт учирсан хөнгөн хохирлыг эмчлүүлэхтэй холбоотой нотлох баримт хэрэгт гаргаж өгөөгүй боловч Э.Болд эмчилгээний зардалд  1 000 000 төгрөг өгч, хохирогч нь цаашид нэхэмжлэх зүйлгүй гэсэн тул шүүгдэгчийг бусдад  төлөх төлбөргүй гэж үзэв. 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага оногдуулахдаа үйлдсэн хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж байгаа, бусдад төлөх төлбөргүй, хохирогч гомдолгүй байгаа зэргийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцлоо.

Шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч, прокурорын сонсгосон ял болон прокуророос түүнийг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний 500 000 төгрөгөөр торгох эрүүгийн хариуцлагын саналыг сайн дураар зөвшөөрсөн болно.

Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, Э.Болд цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, өөрийгөө өмгөөлж шүүх хуралдаанд оролцсон болохыг тус тус дурдав.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

1. Шүүгдэгч Болдыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Э.Болдыг 500  нэгжтэй тэнцэх хэмжээний 500 000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-т зааснаар Э.Болд нь торгох ялыг 1 сар /нэг сар/ хүртэл хугацаанд хэсэгчлэн төлөхийг тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар Э.Болд нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар сольж эдлүүлэхийг мэдэгдсүгэй.

5. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, хохирогчид 1 000 000 төгрөг төлсөн болохыг тус тус  дурдсугай.

6. Шүүхийн шийтгэх тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болтол Э.Болдод урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4-т  зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл шуудангийн хаягаар нь хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2-т зааснаар давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол Э.Болдод авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                    Л.ОЮУН