Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 09 сарын 04 өдөр

Дугаар 814

 

                                                       

 

 

 

 

 

 

                                                        П.Ут холбогдох эрүүгийн

           хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Т.Өсөхбаяр даргалж, шүүгч Д.Оюунчулуун, С.Соёмбо-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд;

прокурор Т.Оюунжаргал,

шүүгдэгч П.У, түүний өмгөөлөгч Б.Долгорсүрэн,

нарийн бичгийн дарга Э.Ариунзаяа нарыг оролцуулан,

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Дайрийжав даргалж хийсэн шүүх хуралдааны 2018 оны 7 дугаар сарын 24-ний өдрийн 610 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч П.Уын гаргасан давж заалдах гомдлоор П.Ут холбогдох эрүүгийн 201626020009 дугаартай хэргийг 2018 оны 8 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч, шүүгч С.Соёмбо-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Ганзав овгийн Пүрэвсүрэнгийн У, 1991 оны 10 дугаар сарын 30-нд Дундговь аймгийн Дэлгэрхангай суманд төрсөн, 27 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн ажилгүй, ам бүл 3, эхнэр, охины хамт Баянзүрх дүүргийн 27 дугаар хороо, Дунд Дарь-Эхийн тоотод түр оршин суух,

Баянзүрх дүүргийн шүүхийн 2013 оны 8 дугаар сарын 7-ны өдрийн 373 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.1, 261 дүгээр зүйлийн 261.1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хорих ялаар шийтгүүлсэн, /РД:/;

 

П.У 2015 оны 12 дугаар сарын 7-ноос 8-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 12 дугаар хороо, “Эрхэс” пабын гадаа иргэн Н.Бат-Эрдэнийн эд хөрөнгийг авах зорилгоор амь биед аюултайгаар хүч хэрэглэж довтолсон гэмт хэрэгт,

мөн 2017 оны 11 дүгээр сарын 3-ны өдөр Баянзүрх дүүргийн 7 дугаар хороо, “Тэргэл” зочид буудалд байрлаж байсан иргэн О.Батдоржийн “Samsung S5” маркийн гар утас, Хаан банкны виза картыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, улмаар виза картанд байсан 960.000 төгрөгийг авч, иргэн О.Батдоржид 1.136.000 төгрөгийн хохирол учруулсан,

2018 оны 01 дүгээр сарын 25-наас 26-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 22 дугаар хороо, “Таац” зочид буудалд байрлаж байсан иргэн Ш.Даваадашийн “Samsung G5” маркийн гар утас, годон гутал, куртик, Хаан банкны виза карт зэрэг эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, улмаар виза картанд байсан 200.000 төгрөгийг авч, иргэн Ш.Даваадашид 1.096.000 төгрөгийн хорирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

Баянгол дүүргийн Прокурорын газраас: П.Уын үйлдлийг 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг журамлан 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.1, 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Ганзав овгийн Пүрэвсүрэнгийн Уыг “бусдын эд хөрөнгийг авах зорилгоор амь биед аюултайгаар хүч хэрэглэж довтолсон”, “бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, шүүгдэгч П.Ут 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг журамлан 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.1 дэх хэсэгт зааснаар 3 жил 10 хоногийн хугацаагаар хорих ял, 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт зааснаар П.Ут 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг журамлан 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 3 жил 10 хоногийн хугацаагаар хорих ял дээр 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 6 сарын хугацаагаар хорих ялыг нэмж нэгтгэн, түүний биечлэн эдлэх ялыг нийт 3 жил 6 сар 10 хоногийн хугацаагаар тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар П.Ут оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, шүүгдэгч П.Уаас Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар нийт 2.937.000 төгрөг гаргуулан хохирогч Н.Бд 705.000 төгрөг, О.Батдоржид 1.136.000 төгрөг, Ш.Даваадашид 1.096.000 төгрөг тус тус олгож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан П.Уын цагдан хоригдсон 5 хоногийг түүний ял эдэлсэн хугацаанд оруулан тооцож, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэжээ.

 

Шүүгдэгч П.У гаргасан давж заалдах гомдолдоо: “...Миний бие дараах үндэслэлээр давж заалдах гомдол гаргаж буйг хүлээн авч хянан шийдвэрлэж өгнө үү.

1. Эрүүгийн хууль буруу хэрэглэсэн гэх үндэслэлээр:

Иргэн Н.Бат-Эрдэнийн эд хөрөнгийг авах зорилгоор амь биед аюултайгаар хүч хэрэглэн довтолж дээрэмдсэн гэсэн зүйлчлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Хохирогч бид хоёр хамт архи ууж их согтсон, баарнаас гараад түүний эд хөрөнгө болох түрийвч, утас зэргийг булааж аваад л явчихсан. Болсон явдал ердөө л энэ. Хохирогч Н.Б мөрдөн шалгах ажиллагааны явцад “намайг боогоод, куртик ураад түрийвч аваад яваад өгсөн” гэж мэдүүлдэг боловч энэ мэдүүлгээ юугаар ч нотлоогүй байдаг. Камерын бичлэг, гэмт хэрэг үйлдэж байгаа процессыг хөндлөнгөөс харсан гэрчийн мэдүүлэг, боож амь биед аюултайгаар халдсанаас үүдэн хохирогч нарын биед шарх, сорви үүсгэсэн талаар баримт хэргийн материалд авагдаагүй. Өөрөөр хэлбэл хохирогч, гэрч Н.Б мэдүүлгийнхээ эх сурвалжийг баттай зааж чадаагүй байхад дээрэмдэх зүйлчлэлээр зүйлчилж ял халдаасанд гомдолтой. Ийм учраас 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан ял шийтгэлийг хэрэгсэхгүй болгон хуулийн зөв зүйл, заалтаар хөнгөн ял шийтгэл оногдуулж өгөхийг хүсч байна.

            2. Миний бие 2016 оны 7 дугаар сарын 8-ны өдөр авто ослын хэрэгт холбогдсон. Энэ хэргийг хэсэг хугацаанд мөрдөн шалгаж байснаа чимээгүй болсон. Хохирогчийн буруутай үйлдлээс шалтгаалсан гэмт хэрэг байсан учир хэрэгсэхгүй болсон юм болов уу гэж бодож байсан ба 2018 оны 7 дугаар сарын 24-ний өдрийн анхан шатны шүүх хуралдаанд энэ тухай мэдэгдэхэд утсаар лавлан, нэгдсэн санд надад холбогдуулан эрүүгийн хэрэг үүсгэсэн бүртгэл байхгүй гэсэн тул хэргийг шийдвэрлэсэн.

            Гэтэл 2018 оны 7 дугаар сарын 28-нд Баянгол дүүргийн цагдаагийн байцаагч Энхболд гэх хүн Цагдан хорих төв дээр ирж, дээр дурдсан хэргийг шинэ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгээр зүйлчилсэн болон хэргийг тээврийн прокурорын хяналтын прокурор С.Оюунжаргал хянаж буйг танилцуулаад явлаа.

            Нэгэнт ийм нөхцөл байдал үүссэн тул анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэргийг нэгтгэн нэг шийтгэх тогтоолоор ял шийтгэл оногдуулж, миний эрх зүйн байдлыг дээрдүүлж өгнө үү...” гэжээ.

 

            Шүүгдэгч П.У тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Нэмж хэлэх зүйл байхгүй, давж заалдах гомдлоо дэмжиж байна...” гэв.

 

            Шүүгдэгч П.Уын өмгөөлөгч Б.Долгорсүрэн тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Шүүгдэгч П.Уын хувьд Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд авто тээврийн гэмт хэрэгт холбогдсон тухайгаа хэлдэг. Үүний дагуу шүүхийн хэлэлцүүлгийн үед тодруулах арга хэмжээ авахад энэ талаар тогтоогдоогүй. Гэтэл Баянзүрх дүүргийн шүүхээс шүүгдэгч П.Уыг авто тээврийн хэрэгт холбогдсон гэж энэ долоо хоногийн 3 дахь өдөр урьдчилсан хэлэлцүүлэг зарлагдсан байгаа тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлд заасан хэд хэдэн гэмт хэрэг үйлдсэн хүнд ял оногдуулах зохицуулалтыг зөв хэрэглэх үүднээс Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг анхан шатын шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэгт буцааж өгнө үү...” гэв.

 

Прокурор Т.Оюунжаргал тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Хохирогчийн мэдүүлэгт хувцас, куртик тухайн үед урагдсан байсныг хавтас хэрэгт бэхжүүлсэн, таньж олуулах ажиллагаа зэрэг нотлох баримтуудаар шүүгдэгч П.Уын үйлдсэн дээрмийн гэмт хэрэг нотлогдоно. Анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлтэй гарсан гэж үзэж байна. Тээврийн прокурорын газраас эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан нь энэ хэргийг шүүхэд шилжүүлж, шийтгэх тогтоол гарсны дараа болсон зүйл. Прокурорын цахим системд шүүгдэгч Д.Уын бусад хэргүүд харагддаггүй. Мөн АСАП санд тээврийн прокурорын газраас шалгаж байгаа хэргийн дугаар байхгүй байсан. Яллах дүгнэлт үйлдэгдэж ирсэн хэргийн талаар сайн мэдэхгүй учраас хэлэх зүйл байхгүй...” гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх үйл ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

 

П.У 2015 оны 12 дугаар сарын 7-ноос 8-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 12 дугаар хороо, “Эрхэс” пабын гадаа иргэн Н.Бат-Эрдэнийн эд хөрөнгийг авах зорилгоор амь биед аюултайгаар хүч хэрэглэж довтолсон гэмт хэрэг,

мөн 2017 оны 11 дүгээр сарын 3-ны өдөр Баянзүрх дүүргийн 7 дугаар хороо, “Тэргэл” зочид буудалд байрлаж байсан иргэн О.Батдоржийн “Samsung S5” маркийн гар утас, Хаан банкны виза картыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, улмаар виза картанд байсан 960.000 төгрөгийг авч, иргэн О.Батдоржид 1.136.000 төгрөгийн хохирол учруулсан,

2018 оны 01 дүгээр сарын 25-наас 26-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 22 дугаар хороо, “Таац” зочид буудалд байрлаж байсан иргэн Ш.Даваадашийн “Samsung G5” маркийн гар утас, годон гутал, куртик, Хаан банкны виза карт зэрэг эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, улмаар виза картанд байсан 200.000 төгрөгийг авч, иргэн Ш.Даваадашид 1.096.000 төгрөгийн хорирол учруулсан гэмт хэрэг тус тус үйлдсэн болох нь хохирогч Н.Б /1-р хх-ийн 26/, Ш.Даваадаш /1-р хх-ийн 128-129/, О.Батдорж /1-р хх-ийн 105-111/ нарын мэдүүлгүүд, эд зүйлийн үнэлгээ /1-р хх-ийн 114, 159, 198/ зэрэг хэрэгт ач холбогдол бүхий нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

 

Хавтас хэрэгт Цагдаагийн Ерөнхий газрын Замын цагдаагийн албаны 2018 оны 8 дугаар сарын 01-ний өдрийн 14-7а/2335 дугаар албан бичгээр П.У нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.3 дахь заалтад заасан гэмт хэрэгт яллагдагчаар татагдан шалгагдаж байгаа болох нь дээрх албан бичиг болон түүний гаргасан давж заалдах гомдол, өмгөөлөгч Б.Долгорсүрэнгийн тус шүүх хуралдаанд гаргасан тайлбар зэргээр нотлогдож байна. /2 хх-ийн 25/

 

Дээрх үйлдэл нь Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 7 дугаар сарын 24-ний өдрийн 610 дугаар шийтгэх тогтоол гарах үед мэдэгдээгүй, шүүхээс мэдэх боломжгүй байжээ.  

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх хэд хэдэн гэмт хэрэг үйлдсэн хүнд ял оногдуулахдаа гэмт хэрэг тус бүрд ял оногдуулж нэмж нэгтгэн нийт эдлэх ялын төрөл, хэмжээг тогтооно.” гэж заажээ.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан хэд хэдэн гэмт хэргийн шинжийг нэг удаагийн үйлдэл, эс үйлдэхүйгээр хангасан байвал хэд хэдэн гэмт хэрэг үйлдсэнд тооцно” гэж тодорхойлон хуульчилсан байна. Энэ хуулийн зохицуулалтыг үндэслэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлд заасан хэд хэдэн гэмт хэрэг үйлдсэн хүнд ял оногдуулдаг.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 29.2 дугаар зүйлийн /Эрүүгийн хэргийг нэгтгэх, тусгаарлах/ 2 дахь хэсэгт “...нэг яллагдагч хэд хэдэн гэмт хэрэг үйлдсэн бол хэргийг нэгтгэж мөрдөн байцаалт явуулж болно” гэж заасны дагуу нэгтгэн мөрдөн байцаалт явуулж, нэг яллах дүгнэлт үйлдээгүйгээс түүнд хоёр шийтгэх тогтоолоор ял оногдуулсан тохиолдолд тэдгээрийг нь нэгтгэх боломжгүй байна.

 

Үүнээс гадна Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан хугацаанд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргаагүй бол уг хугацаа дуусмагц шүүхийн шийдвэрийг гүйцэтгэнэ” гэж шийтгэх тогтоолыг хэдийд гүйцэтгэх хугацааг тодорхойлсон юм. Түүнчлэн хорих ял оногдуулсан шүүхийн шийтгэх тогтоол гүйцэтгэхийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулиар нэг бүрчлэн зохицуулан хуульчилсан байх бөгөөд уг хуульд хэд, хэдэн шийтгэх тогтоолоор хорих ял шийтгүүлсэн хоригдлын ялыг хэрхэн гүйцэтгэх талаар хуульчлаагүй, уг нөхцөл байдлыг зөвхөн Эрүүгийн хуулиар шийдвэрлэж, хорих ял шийтгүүлсэн этгээдийн биечлэн эдлэх хорих ялыг шүүх тогтоодог.

 

Гэмт этгээд шүүхээр ял шийтгүүлэхийн өмнө өөр гэмт хэрэг үйлдсэн нь тогтоол гарсны дараа тогтоогдвол түүнд хоёр шийтгэх тогтоолоор оногдуулсан ялыг нэгтгэх журмыг 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 57 дугаар зүйлийн 57.3 дахь хэсэгт тодорхой заасан байсан бол 2015 оны Эрүүгийн хуулиар уг зохицуулалтыг халсан тул П.Ут оногдуулах ялуудыг нэгтгэхэд уг аргыг хэрэглэх боломжгүй юм.

 

2015 оны Эрүүгийн хуулийн ерөний ангийн 6.9 дүгээр зүйлд /Хэд хэдэн шийтгэх тогтоолоор ял оногдуулах/ хэд хэдэн шийтгэх тогтоолоор ял оногдуулах журмыг заасан боловч энэ зүйлийн 1 дэх хэсэгт уг ажиллагааг “Ялтан оногдуулсан ялыг эдэлж дуусахаас өмнө шинээр гэмт хэрэг үйлдсэн бол тухайн гэмт хэрэгт нь ял оногдуулж, өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан ялаас эдлээгүй үлдсэн ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялын хэмжээг тогтооно” гэж зохицуулсан байна.

 

Энэхүү зохицуулалтаас үзэхэд, хүчин төгөлдөр болсон шүүхийн шийтгэх тогтоолоор оногдуулсан ялыг бүрэн эдэлж дуусаагүй байхдаа ялтан гэмт хэрэг шинээр үйлдсэн тохиолдолд хоёр шийтгэх тогтоолоор оногдуулсан ялуудыг нэгтгэн жинхэнэ эдлэх ялыг тогтоох журмыг хуульчилснаас бус тогтоол гарахын өмнө үйлдсэн гэмт хэрэг нь тогтоол гарсны дараа илэрсэн тохиолдолд хэрхэх асуудлыг дээрх зүйл, хэсэгт зохицуулаагүй орхигдуулжээ. Энэ тохиолдолд шүүхээр өмнө нь ял шийтгүүлсэн хэргийн зүйлчлэл өөрчлөгдөх эсэхээс үл хамааран тухайн этгээдийн холбогдсон хэргүүдийг бүхэлд нь нэгтгэн мөрдөн байцаалт явуулж, нэг яллах дүгнэлтийн хүрээнд, нэг шүүх хуралдаанаар хэргийг хянан хэлэлцэж, нэг тогтоолоор гэм буруугийн болон ялын асуудлыг шийдвэрлэх нь зүйтэй.

 

Өөрөөр хэлбэл, тус тусдаа мөрдөн байцаалт явуулж, яллах дүгнэлт үйлдэн, шүүхээр хянан шийдвэрлэгдэн, хоёр өөр шийтгэх тогтоол гаргасан тохиолдолд ялуудыг нэгтгэх журмыг хуульчлан тодорхойлоогүй тул шүүх ялтны жинхэнэ эдлэх ялын хэмжээг тогтоох боломжгүй байна.

 

Иймд шүүгдэгч П.Уын гаргасан давж заалдах гомдлыг хүлээн авч, Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 7 дугаар сарын 24-ний өдрийн 610 дугаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэгт буцаах нь зүйтэй гэж дүгнэв.

 

Үүнээс гадна хавтас хэрэгт Баянгол дүүрэг дэх цагдаагийн 1 дүгээр хэлтсийн эрүүгийн цагдаагийн тасгийн мөрдөгч, цагдаагийн дэслэгч Ц.Бат-Эрдэнийн 2018 оны 5 дугаар сарын 13-ны өдрийн Сэжигтнийг шүүхийн зөвшөөрөлгүй баривчлах тухай мөрдөгчийн тогтоол /1-р хх-ийн 84/, Сэжигтнийг баривчлах тухай тэмдэглэл /1-р хх-ийн 85/, мөрдөгчийн тэмдэглэл /1-р хх-ийн 86/, Суллагдлын лавлагаа /1-р хх-ийн 89/ зэрэг нотлох баримтууд авагджээ.

 

Дээрх байдлуудаас үзэхэд шүүгдэгч П.У нь 2018 оны 5 дугаар сарын 13-ны өдрийн 14 цаг 40 минутын үед Цагдан хорих 461 дүгээр ангид хүргэгдэж, 2018 оны 5 дугаар сарын 15-ны өдөр суллагдсан байна.

 

Гэтэл анхан шатны шүүх шийтгэх тогтоолын 6 дахь заалтад “...П.Уын цагдан хоригдсон 5 хоногийг түүний ял эдэлсэн хугацаанд оруулан тооцсугай” гэж алдаа гаргасан тул цаашид анхаарвал зохино.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь: