Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 07 сарын 25 өдөр

Дугаар 618

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

  

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Оюун даргалж,

 

нарийн бичгийн дарга:  С.Буянхишиг,

улсын яллагч: Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор М.Мөнхцэцэг,

шүүгдэгч: П.Зориг,

насанд хүрээгүй хохирогч: А.Жаргал, түүний хууль ёсны төлөөлөгч О.Али,

насанд хүрээгүй хохирогч: А.Тэмүү, түүний хууль ёсны төлөөлөгч Ц.Ням нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанаар

 

Баянгол дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж, ирүүлсэн Зориг-д холбогдох эрүүгийн 1805 0049 50648 тоот дугаартай, 1 хавтас хэргийг 2018 оны 7 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Монгол Улсын иргэн, 1987 оны 8 дугаар сарын 19-ний өдөр Увс аймгийн Завхан суманд төрсөн, 31 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн ажилгүй, ам бүл 1,  

Баянгол дүүргийн шүүхийн 2008 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн 122 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 181 дүгээр зүйлийн 181.3-т зааснаар 3 жил 6 сарын хорих ялаар шийтгүүлж, 2009 оны 7 дугаар сарын 27-ны өдөр Өршөөл үзүүлэх тухай хуулиар суллагдсан, Зориг.

 

Шүүгдэгч П.Зориг нь 2018 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр Баянгол дүүргийн 22 дугаар хорооны нутаг дэвсгэрт иргэн А.Жаргал, А.Тэмүү нарыг зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. (яллах дүгнэлтэд дурдсанаар)

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч-П.Зориг мэдүүлэхдээ:

Би тухайн үед архи хэтрүүлэн хэрэглэсэн байснаас хүүхдүүдийг зодсон байна. Хохирогч нараас уучлалт гуйж байна. Хойшид ажил хийнэ, дахиж ийм алдаа гаргахгүй. Уучлаарай, миний буруу. Хохирогч нарт миний буруутай үйлдлийн улмаас учирсан хохирол төлбөрийг 1 сарын дотор төлнө. Би хохирогч нарын хохирлыг төлөх талаар дүү нартайгаа ярьсан, тэд надад тусалж, хохирлыг төлнө гэсэн. Хохирогч нарын ээжүүд зөвшөөрвөл би тэдэнд тус бүрт нь 200 000 төгрөгийг 1 сарын хугацаанд төлнө. Хойшид архи уухгүй гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч О.Али мэдүүлэхдээ:

Миний хүү урууландаа гэмтэл авснаас хойш халуун хоол, цай идэж чадахгүй болсон. Би хүүгээ эмнэлэгт үзүүлж чадаагүй ба Тэмүүгийн өвөө дээр очиж бариа хийлгэж, эм авч уусан. Тухайн үед гарсан зардлыг нэхэмжилж байна. Би энэ тухай Зориг-д хэлсэн боловч тэр хохирол төлнө гэж хэлээд л алга болсон. Миний хувьд гомдолтой байна. Эмчилгээ хийлгэсэн талаар баримт хэрэгтэй байдаг талаар би мэдээгүй. Би бие муутай ба хүү маань хөдөөнөөс хотод ирээд 1 сарын дараа бусдад зодуулж хохирсон. Нотлох баримтаа бүрдүүлэн Зоригоос хохирлоо жич нэхэмжилнэ гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт-насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч- Ц.Ням мэдүүлэхдээ:

Манай хүүхэд гэрээсээ ер нь гардаггүй. Зориг архи уусан байхыг би олон удаа харж байсан. Би хэрэг болсны дараа “чи миний хүүхдийг зодсон байна” гэж түүнд хэлэхэд “эмийг нь авч өгнө” гэж эмний бичгийг авч явсан боловч эм авч өгөөгүй. Түүнтэй дахиж тааралдаагүй. Нэг удаа манай тэр хавийн залуучууд манай хүүг машинтай хөөж, тэд хүүд маань “та нар овоо муу гарууд гэл үү” гэж айлгасан байсан. Манайх айгаад саяхан өөр тийшээ нүүхэд араас хүүхдийг маань зодох гэж чулуу барьж ирсэн байсан. Би энэ талаар Баянгол дүүргийн 22 дугаар хороо хариуцсан цагдаад хандаж, тэмдэглүүлсэн. Манай хүүхэд их айсан байсан. Манай хүү Зориг-д зодуулаад ахар сүүл нь гэмтсэн боловч учирсан гэмтэлдээ гипс тавиулж чадахгүй гэртээ 1 сар хэвтрийн дэглэм барьсан. Би өөрийнхөө хэмжээнд эмчилгээ хийсэн. Би Зориг-д хүүдээ компьютер томографийн зураг авахуулна гэж хэлж байсан. Тэр миний хүүхдийн эрүүл мэндийг асууж, хандаагүйд гомдолтой байна. Зориг хүүхдийн эмчилгээний зардалд 200 000 гаруй төгрөг төлнө гэж байгааг зөвшөөрөхгүй. 500 000 төгрөгийн зардал гарсан ч энэ талаар баримт алга. Гомдолтой гэв.  

 

Мөрдөн байцаалтад насанд хүрээгүй хохирогч-А.Жаргал мэдүүлэхдээ:

2018 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр ээж намайг Мөндөөхөө гэдэг айл руу яваад ир гэхээр нь би тэнд очоод эргээд ирж явтал манай гэрийн тэнд байдаг үл таних ах намайг дуудахаар нь би хажуугаар нь гарах гэтэл буланд шахаад “чи энүүгээр юу хийж яваа юм” гэхээр нь би “гэр рүүгээ явж байна” гэхэд “битгий худлаа яриад байгаарай, энүүгээр их хулгай гарч байна. Хэний хүүхэд вэ” гэхээр нь би “Алигийн хүүхэд” гэхэд “чи муу хулгай хийж яваа юм уу” гэснээ намайг цохих гээд гараа далайхаар нь би гараараа хаахад “за, за ах нь тоглосон юм” гэхээр нь би тайвшираад гараа буулгатал шууд миний нүүр рүү гараараа нэг удаа цохиод, мөргөх гэснээ эрчиндээ хальтраад унангуут нь би зугтаад ойрхон байсан Тогосоо эгчийнд орсон. Тогосоо эгч нөхрийнхөө хамт байсан бөгөөд нөхөр нь намайг дэлгүүр хүртэл гаргаж өгөөд, ээжийг дуудсан. Ээж хүрч ирээд цагдаа дуудахад нөгөө намайг цохисон ах ээжээс уучлалт гуйхад ээж “за” гээд зүгээр орхисон. Гэртээ ороод ээж миний уруул язарсныг хараад, уурлаад эргээд гарсан. Энэ үед цагдаа нар ирсэн байсан. Нөгөө ах цагдаа нараас зугтаад хойшоо гүйхээр нь би араас нь найз Тэмүүгийн хамтаар очиход тэр ах гэртээ орох гэхээр нь бид хоёр бариад авсан. Тэгтэл тэр “ахыгаа уучлаач” гэснээ “гэрээ цоожилчихоод явъя” гэхэд ээж “цагдаа нар явчихлаа, хүрээд ир” гэхээр нь би тэр ахад “цагдаа нар явсан гэнээ, та дахиад битгий асуудал гаргаарай” гэж хэлээд явах гэтэл араас салаавч гаргаад “хулгайчуудаа” гээд орилсноо манай найз Тэмүүий хөл рүү өшиглөнгүүт би “яагаад байгаа юм бэ” гээд салгах гэхэд миний хоолойг боож, Тэмүүгийн араас өшиглөсөн. Энэ үед би амьсгаа авч чадахгүй, нэлээд тэвдсэн бөгөөд арай хийж авраарай гэж орилоход Тэмүүгийн аав ирээд тэр ахыг дагуулаад цагдаа дуудаж, хүлээлгэж өгсөн. Тэмүү бид хоёр тэр орой Гэмтлийн эмнэлэг явж үзүүлсэн гэжээ. (хэргийн 11 дүгээр хуудас)

 

Мөрдөн байцаалтад насанд хүрээгүй хохирогч-А.Тэмүү мэдүүлэхдээ:

2018 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн оройн 22 цагийн орчим манай ээж гаднаас орж ирээд “шөнө, орой гадуур явж болохгүй, найз Жаргал чинь согтуу хүнд зодуулсан байна” гэхээр нь би Золоог харах гээд гадаа гартал Золоогийн амнаас цус гарчихсан ээж нь Золоог зодсон хүнтэй хэрэлдээд зогсож байсан. Тэгээд ээж нь цагдаад дуудлага өгчихөөд бид гурав Золоогийн гэр рүү хамт орсон. Гэрт нь ороход Золоогийн ээж рүү “цагдаад дуудлага өгсөн үү” гэж нэг хүн ярьсан. Тэгэхэд ээж нь дуудлага өгсөн гэснээ Жаргал бид хоёрыг дээшээ яваад хүрээд ир гэхээр нь бид хоёр нөгөө хүний араас хартал дээшээ гудамж өгсөөд зугтахаар нь түүний араас дагасаар гэрийнхээ үүдэнд очингуут бид хоёр “таныг цагдаа ирчихээд дуудаад байна, явъя” гэхэд гэрийнхээ хаалганы хажуу талын модноос барьчихаад “Зоригоо ахыгаа ингэж болохгүй шүү дээ” гээд тавихгүй байсан. Тэгснээ ах нь гэрийнхээ хаалгыг цоожилъё гэснээ уяагаар хаалгаа уяад ахынхаа байшингийн цонхыг тогшоод дуудах хооронд Жаргалын ээж нь “цагдаа нар явчихлаа хүрээд ир” гэхээр нь “за, за ахаа цагдаа явчихлаа гэнээ, та гэртээ амар” гэтэл шууд “май, муу хулгайчуудаа” гээд салаавч гаргаснаа Жаргалын хоолойг боож, миний хөл рүү хоёр гурван удаа өшиглөөд газар унагаасан. Тэгснээ цээжин дээр өвдөглөж суугаад өвдөгөөрөө төвөнх дараад байхаар нь арай хийж хөлөн дундуур нь сугарч гараад бостол араас миний ахар сүүл рүү өшиглөтөл урагшаа унасан. Тэгтэл нөгөө байшинд байсан Зоригоо ахын сахалтай ах нь гарч ирээд намайг бариад авсан. Тэгтэл Зоригоо ах Жаргалыг барьж аваад нүүр рүү нь дахиад мөргөх үед гудамжны доороос манай аав өгсөөд ирэхэд Зоригоо ах Жаргалыг тавиад зугтаах гэхэд нь манай аав барьж авсан гэжээ. (хэргийн 16 дугаар хуудас)

 

Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2018 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 1647 дугаартай дүгнэлтэд:

1. А.Тэмүүгийн биед ахар сүүлний зөөлөн эдийн няцрал, зүүн шилбэнд цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн 2 удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх бөгөөд тухайн хэрэг гарсан гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.

3.  Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй гэжээ. (хэргийн 27 дугаар хуудас)

 

Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2018 оны 1 дүгээр сарын 26-ны өдрийн 1648 дугаартай дүгнэлтэд:

1. А.Жаргалын биед тархи доргилт, дээд уруулд шарх гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг болон хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.

5. Уг гэмтэл нь тухайн болсон хэргийн нөхцөлд үүссэн байх боломжтой гэжээ. (хавтаст хэргийн 28 дугаар хуудас)

 

Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудсанд:

П.Зориг нь Баянгол дүүргийн шүүхийн 2008 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн 122 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 181 дүгээр зүйлийн 181.3-т зааснаар 3 жил 6 сарын хорих ялаар шийтгүүлж, 2009 оны 7 сарын 27-ны өдөр Өршөөл үзүүлэх тухай хуулиар суллагдсан гэжээ. (хэргийн 41 дүгээр хуудас)

ШҮҮХИЙН ДҮГНЭЛТИЙН ТАЛААР:

  Шүүгдэгч П.Зориг нь 2018 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр Баянгол дүүргийн 22 дугаар хорооны нутаг дэвсгэрт насанд хүрээгүй хохирогч А.Жаргал, А.Тэмүү нарыг зодож, А.Тэмүүгийн эрүүл мэндэд ахар сүүлний зөөлөн эдийн няцрал, зүүн шилбэнд цус хуралт, зөөлөн эдийн няцралт бүхий хөнгөн хохирол,

А.Жаргалын эрүүл мэндэд тархи доргилт, дээд уруулд шарх бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг тус тус үйлдсэн болох нь шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, насанд хүрээгүй хохирогчид, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч нарын мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2018 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 1647, 1648 дугаар дүгнэлт зэрэг хэрэгт авагдсан бусад нотлох баримтаар тогтоогдож байна.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, шалгаж, бэхжүүлсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үзлээ.

Хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг нотолсон, мөрдөн байцаалтад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй байна.

Баянгол дүүргийн прокурорын газраас П.Зориг-д холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь үндэслэлтэй байна.

Иймд шүүгдэгчийг хоёр хүнийг зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-т зааснаар ял оногдуулах нь зүйтэй.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч О.Али, Ц.Ням нар нь П.Зоригоос эмчилгээний зардал нэхэмжилнэ гэсэн боловч энэ талаар нотлох баримт бүрдүүлээгүй тул эрүүгийн энэ хэрэгтэй хамт  шийдвэрлэх боломжгүй байна. Харин энэ талаарх нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар жич нэхэмжлэх эрхтэй болно.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага оногдуулахдаа тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж байгааг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцлоо.

Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч нь 2018 оны 7 дугаар сарын 23-ны өдрөөс өнөөдрийг хүртэл 2 хоног цагдан хоригдсон, өөрийгөө өмгөөлж шүүх хуралдаанд оролцсон болохыг тус тус дурдах нь зүйтэй. 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

1. Шүүгдэгч Зоригийг хоёр хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-т зааснаар шүүгдэгч П.Зоригийг 650 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 2-т зааснаар П.Зоригийн 2018 оны 7 дугаар сарын 23-ны өдрөөс эхлэн 2018 оны 7 дугаар сарын 25-ны өдрийг хүртэл цагдан хоригдсон 2 хоногийг нийтэд тустай ажил хийх ялын 8 цагаар тооцон, нийт 16 цагийг түүнд оногдуулсан 650 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаас хассугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4-т зааснаар П.Зориг нь 634 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.

5. Насанд хүрээгүй хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч нар нь хөнгөн хохирлыг эмчлүүлэхэд гарсан эмчилгээний зардлаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар шүүгдэгч П.Зоригоос жич нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.

6. Энэ хэрэгт хураагдсан эд мөрийн баримт байхгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүйг тус тус дурдсугай.

7. Шүүхийн шийтгэх тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, энэ өдрөөс эхлэн хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4-т зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл шуудангийн хаягаар нь хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2-т зааснаар давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол П.Зориг-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                    Л.ОЮУН