Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 08 сарын 30 өдөр

Дугаар 809

 

 

 

 

 

 

 

 

 

 

Д.Ад холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч М.Пүрэвсүрэн даргалж, шүүгч Л.Дарьсүрэн, О.Чулуунцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд;

шүүгдэгч Д.Аийн өмгөөлөгч К.Бауиржан, В.Батжаргал, Ц.Тодгэрэл, Д.Буянзаяа,

хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Д,

нарийн бичгийн дарга Ч.Хатанбаатар нарыг оролцуулан,

            Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Есөн-Эрдэнэ даргалж, шүүгч Ц.Дайрийжав, Ц.Мөнх-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй хийсэн шүүх хуралдааны 2018 оны 7 дугаар сарын 25-ны өдрийн 614 дүгээр шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Д.А, шүүгдэгчийн өмгөөлөгч С.Энхбат нарын гаргасан давж заалдах гомдлуудаар Д.Ад холбогдох эрүүгийн 1805024000453 дугаартай хэргийг 2018 оны 8 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч, шүүгч О.Чулуунцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

З овогт Д.А, 1979 оны 12 дугаар сарын 12-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 39 настай, эрэгтэй, дээд боловсролтой, эдийн засагч мэргэжилтэй, ам бүл 4, эх, эгч, дүүгийн хамт Баянгол дүүргийн 3 дугаар хороо, 2 дугаар хороолол, 51 дүгээр байрны .... тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, /РД:...../,

Шүүгдэгч Д.А нь согтуурсан үедээ 2018 оны 4 дүгээр сарын 29-нөөс 30-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 51 дүгээр байрны .... тоот гэртээ төрсөн ах Д.Аг биеэ хамгаалж чадахгүй байдлыг мэдсээр байж архи уусан байна гэж гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн зодож эрүүл мэндэд нь хүнд хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Баянгол дүүргийн прокурорын газраас: Д.Ад холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар зүйлчилж яллах дүгнэлт үйлдэн хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Зээр овгийн Даншдондогийн Аийг хүнийг биеэ хамгаалж чадахгүй байдлыг мэдсээр байж гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн зодож эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар шүүгдэгч Д.Аийг 8 /найман/ жил хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Ад оногдуулсан 8 жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Аийн цагдан хоригдсон 30 хоногийг эдлэх ялаас нь хасаж шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Д.Аийн өмгөөлөгч С.Энхбат давж заалдах гомдолдоо: “...Тухайн хэрэг болсон өдөр шүүгдэгч, хохирогч нараас өөр хүн гэрт байгаагүй бөгөөд гэрч, хохирогч нарын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт, тайлбар, хэрэгт хавсарган ирүүлсэн CD бичлэг зэргээр Д.Ад учруулсан гэмтлийг шүүгдэгч Д.А учруулсан нь нотлогдож байгаагаас гадна шүүгдэгч болон түүний өмгөөлөгч нар шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан тайлбар, хүсэлтдээ хохирогчийн эрүүл мэндэд халдсан үйлдлээ үгүйсгээгүй ба Д.А нь шинжээчийн дүгнэлтэд дурдсан тархи баруун чамархай дэлбэнд цусархаг няцрал, дух, баруун чамархайн хуйхны цус хуралт, зүүн нүдний доод зовхи, духны цус хуралт, зулгаралт, духны хуйхны шарх гэмтлүүдийг өөртөө учруулах боломжгүй юм.

Шүүгдэгч Д.Ад холбогдох хэргийн бүрдэл хангагдсан, хэргийн зүйлчлэл тохирсон тул түүнийг хохирогчийг биеэ хамгаалж чадахгүйг мэдсээр байж гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцон эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж үзсэн тул хүлээн зөвшөөрөхгүй болно. Үүнд:

1. Шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлд заасны дагуу...прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явуулаагүй хэрэгт цугларсан цагаатгах болон зүйлчлэлийг хөнгөрүүлэх нотлох баримтуудыг огт авч хэлэлцсэнгүй. Шүүгдэгч, өмгөөлөгчийн хувьд анхнаасаа хохирогч Д.Аг цохисноо хүлээн зөвшөөрдөг бөгөөд прокурорын шатанд зүйлчлэлийг хөнгөрүүлэх хүсэлтийг гаргасан. Үүнийг ч шүүхийн дээр дурьдсан ...хохирогчийн эрүүл мэндэд халдсан үйлдлээ үгүйсгээгүй гэдгээр нотлогдож байна.

2. 2018 оны 5 дугаар сарын 18-ны өдрийн 999 дугаартай шинжээчийн дүгнэлтэд:

 Тархины баруун чамархайн цусархаг няцрал нь гэмтлийн хүнд зэрэгт, зүүн нүдний доод зовхи, духны цус хуралт, зулгаралт, духны хуйхны шарх нь гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна гэж заасан бөгөөд шинжээч эмч Г.Энхбаатар дээрх дүгнэлтээ тайлбарлахдаа...тархины баруун чамархайн дэлбэнд цусархаг няцрал гэмтэл нь цохих буюу унахад үүсэх боломжтой...хөнгөн зэргийн гэмтлүүд нь өшиглөх, цохих, нидрэх зэрэг мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүснэ гэжээ. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан...эргэлзээтэй, шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэх боломжтой зүйл байна.

3. 2018 оны 5 дугаар сарын 18-ны өдрийн 999 дугаартай шинжээчийн дүгнэлтэд:  Талийгаач Д.А нь спиртийн цочмог хордлогын улмаас...4...цусанд 1.2, ходоодны шингэнд 6.9, шээсэнд 2.3 промилли спиртийн агууламж илэрсэн байна гэсэн байгаа нь хохирогч тухайн үед хэр зэрэг согтолттой байсан нь харагддаг. Энэ нь хохирогч гадаа толгойгоороо белтан шалан дээр унаж нэг удаагийн гэмтэл авсан байх боломжтой бөгөөд үүнийг хажуу айлын гэрч Б.О гэрчилдэг...гэрийн хаалга түг түг гэхэд  нь ...хэн бэ гэхэд дуугараагүй. Тэгээд хаалга онгойлгоход манай гэрийн хаалганд юм тулсан байхаар нь доош харахад нэг саравчтай малгайтай том биетэй залуу цааш хараад нуруугаараа манай хаалгыг тулсан байсан. СD-ний бичлэгт ч хохирогч байнга гэрээс орж гарч шатаар явсан байдал харагддаг юм.

Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд заасан зүйлчлэлийг өөрчилж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хэргийг шийдвэрлэж өгнө үү...” гэжээ.

Шүүгдэгч Д.А давж заалдах гомдолдоо: “...Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь хууль ёсны ба үндэслэл бүхий байх хуулийн шаардлага хангаагүй байна. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 5 дугаар сарын 18-ны өдрийн 999 тоот шинжээчийн дүгнэлтэд хохирогчид учирсан хүнд гэмтэл нь яг хэдий үед үүссэн цаг хугацааг нарийн тогтоогоогүй. Энэ нь хэргийг бүрэн бодитой тогтооход хуулийн үндэслэл болж чадаагүй.

Прокурорын яллах дүгнэлтэд хохирогчийн 2018 оны 4 дүгээр сарын 29-нөөс 30-нд шилжих шөнө хүнд гэмтэл авсан гэж бичсэн нь үндэслэлгүй байна. Хохирогч 2018 оны 4 дүгээр сарын 29-ний 19 цаг 50 минутын үед нас барахад уг гэмтлийг авчихсан байсан болох нь гэрч нарын мэдүүлгээр бүрэн нотлогдсоор байтал прокурорын яллах дүгнэлтэнд худлаа бичигдсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.10 дугаар зүйлийн 3.2-т заасан “гэмт хэрэг үйлдсэн цаг хугацааг яллах дүгнэлтийн тэмдэглэх хэсэгт тусгана” гэснийг ноцтой зөрчсөнийг давж заалдах шатны шүүх анхаарч үзнэ үү.

Хохирогч нь архи уучихаад гараад үүдэнд сандал дээр сууж байсан. 2018 оны 4 дүгээр сарын 29-ний орой 19 цагийн үед хажуу айлын хаалга мөрлөн сууж байсан болох нь гэрч Б.ОХ мэдүүлгүүдээр нотлогддог. Энэ нь хохирогчийг гаднаас орж ирэхдээ биедээ гэмтэл авсан байсныг нотолсоор байхад дүгнэлтэнд нөлөөлж болох ноцтой нөхцөл байдлыг шүүх анхаарч үзэлгүй орхигдуулсан гэж үзэж байна. Мөн биеэ хамгаалж чадахгүй байдлыг мэдсээр байж биш хохирогч биеэ хамгаалах чадвартай өдөржин гарч орж архи ууж надтай харилцан зодоон хийж надад хөнгөн гэмтэл учруулсныг шүүх эмнэлэг тогтоосон.

Хавтас хэрэгт миний биеийг хохирогчид дээрхи хүнд зэргийн гэмтлийг учруулсан болох нь тогтоогдоогүй байхад шүүх нь таамаглалаар ялласан нь үндэслэлгүй юм. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2-т зааснаар шүүх хэргийг хянан шийдвэрлэхэд эргэлзээ үүсвэл шүүгдэгчид ашигтай байдлаар шийдвэрлэх хуулийн зохицуулалт байсаар байхад шүүх нь прокурорын худлаа бичсэн яллах дүгнэлтэнд тулгуурлан таамаглалд үндэслэн шийтгэх тогтоол гаргасан нь үндсэн хуулиар олгосон шударга шүүхээр шүүлгэх эрх, эрүүгийн хуулинд заасан хууль ёсны ба шударга ёсны зарчимд илт харшилсан гэж үзэж байна.

80 нас гарсан ээж минь нэг хүүгээ алдаад, нэг хүүгээ ял шийтгэлд орсонд сэтгэл санаагаар унаж биеийн байдал муу учраас ар гэрийн минь байдлыг харгалзан үзнэ үү. Мөн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын дүгнэлтэнд дурьдсан цагдан хоригдсон 30 хоногийг эдлэх ялаас хасч тооцох тухай болон шийтгэх тогтоолын 4 дэх заалт нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1-д заасныг ноцтой зөрчсөн байна. Иймд хэргийг бүхэлд нь хянуулахаар гомдол гаргав...” гэжээ.

Шүүгдэгчийн өмгөөлөгч К.Бауиржан тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Өмгөөлөгчдийн хувьд шүүгдэгч Д.Аийн гаргасан давж заалдах гомдол үндэслэлтэй гэж үзэж байна. Анхан шатны шүүхийн дүгнэлт нь хэргийн байдалтай нийцээгүй. Тухайлбал шүүгдэгч Д.Аийг буруутгаж ял шийтгэл оногдуулахдаа “хохирогчийг биеэ хамгаалж чадахгүй байдлыг мэдсээр байж, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, биед нь хүнд хохирол санаатай учруулж, гэмт хэрэг үйлдсэн” гэж дүгнэж ял шийтгэл оногдуулсан. Талийгаач биеэ хамгаалж чадахгүй ямар байдалтай байсан, энэ нь ямар нотлох баримтаар тогтоогдож байгаа талаар шүүхийн шийтгэх тогтоолд дурдаагүй. Талийгаач болон шүүгдэгч Д.А нарын биед хийсэн үзлэгээр аль алинд нь хөнгөн зэргийн гэмтэл тогтоогдсон. Эдгээр гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэсэн талаар Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн дүгнэлтэд тодорхой дурдсан байгаагаас үзэхэд хоёр биендээ гэмтэл учруулсан байх боломжтойгоос гадна хохирогч болон гэрчийн мэдүүлэг, камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэлд талийгаач нь удаа дараа гэрээсээ чөлөөтэй орж, гарч байсан байдал харагддаг. Шүүх талийгаачийг хүнд зэргийн согтолттой байсан учраас биеэ хамгаалж чадахгүй байсан гэж анхан шатны шүүхийн таамаглан дүгнэж шийтгэх тогтоолд тусгасан байна. Шүүгдэгч Д.Аийн цуснаас тухайн хэрэг болсон  өдөр шинжилгээ авсан байдаг.

Мөн анхан шатны шүүх гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн гэж дүгнэсэн. Хэрэгт авагдсан хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл буюу 1 дүгээр хавтас хэргийн 4-6 дугаар хуудсанд “талийгаачийн хэвтэж байсан өрөөнд 2 орны бүтээлэг нь эмх цэгцгүй байсан. Харин бусад эд зүйлс болон өрөөний эд зүйл эмх цэгцтэй байсан” гэж дурдсан байдаг. Фото зургаас тодорхой харагдаж байгаа. Мөн “талийгаачийн өмсөж байсан хувцас шинээр ямар нэгэн урагдал, ханзрал, сунгалт байхгүй” гэсэн шинжээчийн дүгнэлт гарсан. Талийгаачийн эх С, эгч Д.Д, дүү У, талийгаачийн төрсөн хүүхэд З нарын мэдүүлэг хэрэгт авагдсан байдаг ба мэдүүлгээр талийгаачийг шүүгдэгч Д.А хүчирхийлдэггүй, ямар нэгэн ааш зан авир гаргадаггүй, ялангуяа талийгаач руу довтолсон үйлдэл гаргадаггүй гэсэн мэдүүлгүүд өгсөн. Талийгаач болон шүүгдэгч Д.А нарын хооронд үүссэн маргаан нь “архи уулаа, архи ууснаа надад хэлсэнгүй” гэдэг маргаан үүссэн гэж шүүгдэгч Д.А мэдүүлдэг. Нөгөө талаар хорооны болон хэсгийн цагдаад тодорхой бүртгэлтэй, хүчирхийлэл үйлдэж байсан талаар бүртгэлгүй нь Эрүүгийн хэрэгт шүүгдэгч Д.Аийн хувийн зан байдлыг албан ёсоор цагдаагийн байгууллага тодорхойлсон тодорхойлолт хавтас хэрэгт авагдаагүй. Өөрөөр хэлбэл шүүгдэгч Д.Аийг хүчирхийлэл үйлдсэн, архи уусан үедээ догшин авир гаргадаг гэсэн хөндлөнгийн хэд хэдэн гэрчүүдээс өөр бусад байдлаар шүүгдэгч Д.Аийг хүчирхийлэл үйлдсэн гэх баримт огт байхгүй. Хувийн байдалтай нь холбогдуулж хийсэн тодорхойлолт байхгүй. Хөндлөнгийн гэрч гэх орцны жижүүр, дэлгүүрийн худалдагч нарын мэдүүлгээр ер нь архи уудаг юм байна, архи уухаараа агсам тавьдаг юм байна, догшин авирладаг юм байна гэж гэр бүлийн хүчирхийлэл үйлддэг гэж дүгнэснийг үндэслэлгүй гэж үзэж байна.

Мөн шүүх “зодож, хүнд гэмтэл учруулсан” гэж дүгнэсэн. Ингэж дүгнэхдээ хэзээ, хаана, хэдэн удаа цохисон, зодсон үйлдэл нь ямар нотлох баримтаар тогтоогдож байгаа талаар үндэслэл бүхий дүгнэлт хийж чадаагүй гэж өмгөөлөгч нар үзэж байна. Хэрэг болсон гэх 51 дүгээр байрны 4 давхрын камерын бичлэгт шүүгдэгч Д.А нь талийгаач Аг зүүн, баруун шанаанд мөн хөл, нуруу орчим гар, хөлөөрөө цохисон үйлдэл харагддаг. Гэхдээ энэхүү үйлдэл нь 14 секунтэд үйлдэгдсэн байдаг. Энэ нь камерын бичлэгээс харахад талийгаач хана мөргөж унасан байдал харагддаггүй. Тэгэхээр энэ хүнд зэргийн гэмтлийг хаанаас, яаж авсан нь ойлгомжгүй байгаа. Талийгаачийн биед учирсан хэд хэдэн гэмтлийн зэргүүд байгаа. Тархиндаа авсан тархи чамархайн дэлбэнд цусархаг гэмтлийг хүнд зэргийн гэмтэл байна. Бусад гэмтэл нь хөнгөн зэргийн гэмтэл гэсэн. Тэгэхээр хөнгөн зэргийн гэмтэл нь нүүрэн тус газарт нь учирсан. Нүүрэн тус газарт нь учруулсан гэмтлийг шүүгдэгч Д.А орцонд цохиж байгаа үйлдлээс учирсан гэж үзэхэд, хүнд зэргийн гэмтлийг хаана, ямар байдлаар хэн учруулсан гэдгийг эргэлзээгүй тогтоосон баримт байхгүй. Шүүх орцны камерын бичлэгийг үзэж, үүнээс болж хүнд зэргийн гэмтэл учирсан гэж дүгнэсэн нь өөрөө эргэлзээгүй байдлаар тогтооно гэсэн хуулийн заалтад нийцэхгүй байна. Хэрэгт хэд хэдэн нөхцөл байдлууд байдаг. Тухайлбал гэрч Оын мэдүүлэг, шүүгдэгч Д.Аийн мэдүүлэгтэй нэг ижил, утга зүйлийг ярьдаг. Гэрч О “түг хийх чимээ гарахад, онгойлгох гэхэд хүнд зүйл дарсан байхаар нь түлхээд үзсэн чинь том биетэй, цагаан саравчтай малгайтай хүн цаашаа харсан зогсож байсан” гэж мэдүүлэг өгсөн. Мөн үүнтэй адил шүүгдэгч Д.А “ахыг орж ирэхгүй болохоор нь харсан чинь хөршийн хаалгыг налсан сууж байсан” гэж мэдүүлдэг. Тэгэхээр түг хийх чимээ гарах үед талийгаач их хэмжээний согтолттой байсан учраас хаалгаа онгойлгож чадахгүй хөршийн хаалгыг налж унасан байдал харагддаг. Мөн орон дээр доошоо харуулаад хэвтүүлсэн байхад унасан байгаа гэсэн нөхцөл байдал харагддаг. Энэ талаар гэрч У, Д.Д нар “очиход доошоо харсан, орноос унасан байдалтай байсан” гэж мэдүүлдэг. Шинжээч эмч Энхбаатар гаргасан дүгнэлтээ “энэ хүнд зэргийн гэмтэл нь тархи, чамархай, дэлбэн цусархаг няцрал гэмтэл нь хуучин хагалгаанд байсан гавлын ясанд учирсан байсан. Энэхүү гэмтэл нь “хуйхны цус хуралт гэмтэл авах үед үүссэн” гэж тайлбарласан. Өөрөөр хэлбэл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “хэргийн бодит байдлыг нотлохын тулд мөрдөгч, прокурор хуульд заасан бүх арга хэмжээг авч яллагдагч, шүүгдэгчийг яллах, цагаатгах, ял хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдлыг эргэлзээгүй тогтооно” гэж заасныг зөрчиж, хэргийн нөхцөл байдлыг бүрэн гүйцэд тогтоолгүйгээр ял шийтгэл оногдуулсан гэж үзэж байна.

Өмгөөлөгч нарын зүгээс хэргийн газрын үзлэгийг дутуу явуулсан гэж үзэж байна. Хэргийн газрын үзлэг дутуу хийж, талийгаачийн өмсөж явсан “цагаан өнгийн саравчтай малгай” хэргийн газарт үзлэг хийх үед олдоогүй. Өөрөөр хэлбэл нотлох баримтаар хурааж аваагүй. Гэртээ орохоос өмнө малгайтай байсан. Тэгэхээр энэ малгайд ямар нэг цусны толбо илэрсэн байх юм бол энэ гэмтлийг гэрийн гадна авсан юм уу, гэр дотор авсан гэдгийг олох сэжүүр гарна гэж ойлгож байна. Гэтэл хэргийн газрын үзлэг хийхэд энэ малгайг олж, шинжилгээ хийгээгүй. Мөн талийгаачийг олох үед ямар байдалтай байсныг шалгаж тогтоогоогүй. Зөвхөн хохирогч Д.Дгээс ямар байдалтай байсан талаар асуухад Д.Д “доошоо хараад хэвтэж байсан” гэдэг. Мөн гэрч У “доошоо хараад хэвтэж байсан” гэж мэдүүлдэг. Талийгаач анх олдохдоо доошоо хараад ямар байдалтай байсан гэдгийг мөрдөн шалгаж тогтоогоогүй. Энэ нь хэрэг гарсан байдлыг тогтооход орхигдуулсан гэж үзэж байна. Мөн энэ хэргийг шалгаж байхад шүүгдэгч Д.А гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн юм уу бусад сэдлээр энэ хэрэгт холбоотой юм уу эсхүл өөр шалтгаант холбоо байсан гэдгийг тогтооход шаардлагатай гэрчүүд болох 51 дүгээр байрны гадаа хамт архи ууж байсан Рагчаа болон нэр нь үл мэдэгдэх 51 дүгээр байрны ... тоотод амьдардаг өвгөн байсан. Энэ хүмүүсийг гэрчээр асуугаагүй. Энэ талаар орцны жижүүр Мөнхцэцэг “16 цагийн үед намайг гэрээсээ гараад явж байхад эдгээр 4 хүн нийлээд архи уугаад сууж байсан” гэж мэдүүлэг өгсөн. Энэ асуудлыг өмгөөлөгчийн зүгээс шалгах шаардлагатай гэж үзэж байна.

Талийгаач болон шүүгдэгч Д.А нарын хумснаас дээж авч шинжээч томилж, шинжээчийн дүгнэлт гаргасан. Шүүгдэгч Д.Аийн хумснаас ямар нэгэн зүйл илрээгүй. Харин талийгаачийн хумснаас хөх, цэнхэр, хар болон тунгалаг утасны сэмэрхий илэрсэн. Эдгээр сэмэрхийний талаар ямар нэгэн мөрдөн шалгах ажиллагаа явуулаагүй. Мөн Д.Аийг яллагдагчаар татаж, ял сонсгож байцаалт авсан он, сар, өдөр нь тодорхойгүй. 2018 оны 6 дугаар сар гэж орхисон, хэдний өдөр авсан нь тодорхойгүй. Энэ зөрчлүүд нь шүүгдэгч Д.Аийг хохирогчоор, иргэний нэхэмжлэгчээр тогтоосон тэмдэглэлүүд давтагдсан байгаа. Хэрэг гарсан нөхцөл байдлыг тогтоохдоо олон тооны шинжээч томилж дүгнэлт гаргуулсан байгаа боловч шинжээчийн гаргасан тогтоол, дүгнэлтийг хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Дд танилцуулаагүй зөрчлүүд байдаг. Энэ бүгдийг дүгнэж үзэхэд алдаатай нөхцөл байдлыг тогтоолгүй, хийсвэр байдлаар ял шийтгэл оногдуулсан гэж үзэж байгаа учраас анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, анхан шатны шүүхэд урьдчилсан хэлэлцүүлэг хийлгэхээр буцааж өгнө үү...” гэв.

Шүүгдэгчийн өмгөөлөгч В.Батжаргал тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Өмгөөлөгч К.Бауиржинтай санал нэг байна. Хэрэг болдог тухайн өдрийн 16 цагийн үед 4 хүн хамт архи ууж байсан талаарх нөхцөлийг тодруулж өгнө үү...” гэв.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Тодгэрэл тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Өмгөөлөгч нарын гаргасан тайлбартай санал нэг байна. Хавтас хэргийн 28-29 дүгээр талд хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Дг мөрдөн байцаагч тогтоолоор томилсон байсан.  Энэ нь Эрүүгийн болон Иргэний хуульд хууль ёсны төлөөлөгч сонгоход 3 дахь шатны хүн гэж үзэж байна. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн хүүхэд нь гэрчийн мэдүүлэг өгч байгаа. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч өөрөө мөн мэдүүлэг өгсөн. Талийгаачийн төрсөн хүүхэд, эх нь байгаа. Иргэний хууль, Олон улсын хуульд заасан дарааллын дагуу буюу төрсөн хүүхдийг нь хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөр сонгох байсан гэж үзэж байна. Иймд хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Д бүрэн төлөөлөгч болох боломжгүй гэж үзэж байна...” гэв.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Буянзаяа тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Өмгөөлөгч нарын гаргасан тайлбартай санал нэг байна. Хавтас хэргийн 61 дүгээр талд гэрч Оын мэдүүлэгт “хаалга хаагаад орсон дуу чимээ гараагүй” гэж мэдүүлсэн. Тэгэхээр ямар нэгэн зодоон болсон гэдгийг тогтоох боломжгүй гэж үзэж байна...” гэв.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Д тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Миний хувьд хохирогчийн талаас оролцож байгаа боловч нас барсан дүү, энэ хэрэгт холбогдсон дүү нар бүгд нэг эхийн хүүхдүүд. Манай гэрийнхэн ярилцаад намайг хууль ёсны төлөөлөгчөөр сонгосон, ямар нэгэн гомдол санал байхгүй. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд зааснаар талийгаач дүүгийн үхлийн шалтгаан нь өөр байна. Хэрэгт холбогдсон дүүд минь шууд тулгаж байна. Талийгаач дүү минь Солонгос улсаас ирээд удаагүй байсан учраас эмчилгээ хийлгэж байсан. Дотор эрхтэн их муу, хэвлий хэсэг нь их муу байсан. Солонгос улсад байхад нь мэс засалд орж ус авсан гэж ярьж байсан. Нэг тал нь томроод байна гээд өөрөө эмнэлэгт үзүүлж байсан. Нэг өдөр “дотор муухай болоод байна” гэхээр нь бид нар эмнэлэг рүү дагуулж яваад ЭХО-д харуулахад 3 дугаар эмнэлэг “ямар нэгэн шингэн байхгүй” гэхээр нь бид нар “чи худлаа яриад байна” гэж байсан. Биеэ хамгаалах чадваргүй гэж байна. Бид нар хамт амьдарч байхад бүх зүйлд явдаг байсан. Дэлгүүр ороод ир гээд гаргадаг байсан. Солонгос улсад байхдаа тархины чамархайд харвалт өгч хүнд хагалгаанд орж байсан учраас группэд оруулах санаатай байсан. Талийгаач дүү минь төрсөн дүү Д.Аээс том биетэй. Ахдаа их сайн, өрөвдөж ханддаг байсан. Одоо 80 гарсан хөгшин эх нь сэтгэл санааны хувьд хүнд, нэг хүү нь өнгөрсөн, бага хүү нь шоронд. Даралт ихсэж биеийн байдал хүнд байна. Энэ байдлыг харгалзаж үзнэ үү. Хөндлөнгийн гэрчүүд бидний амьдралыг мэдэхгүй. Гэр бүлийн хүчирхийлэл байдаг гэж дүгнэсэнд хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн зүгээс гайхаж байна. Манай гэрт тийм гэр бүлийн хүчирхийлэл үйлддэг хүн байхгүй. Д.Аийн хувьд бид нарт тийм хүчирхийлэл үйлддэггүй, их сайн хүүхэд. Ар гэрийн зүгээс ямар нэгэн гомдол, санал, нэхэмжлэх зүйл байхгүй...” гэв.

ХЯНАВАЛ:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан хэлэлцэхдээ хэргийн бүх үйл ажиллагаа, шийдвэрийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэн давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр  хэргийг бүхэлд нь хянаж үзэв.

Шүүгдэгч Д.А нь согтуурсан үедээ 2018 оны 4 дүгээр сарын 29-нөөс 30-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 51 дүгээр байрны 24 тоот гэртээ төрсөн ах Д.Аг биеэ хамгаалж чадахгүй байдлыг мэдсээр байж архи уусан байна гэж  зодож эрүүл мэндэд нь хүнд хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Дгийн мэдүүлэг /хх-22-24/, гэрч Д.Уын мэдүүлэг /хх-47-48/, гэрч Б.Оын мэдүүлэг /хх-33/, гэрч Д.Хишигбаярын мэдүүлэг /хх-37/, гэрч А.Зын мэдүүлэг /хх-56/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2018 оны 5 дугаар сарын 18-ны өдрийн 999 тоот дүгнэлт /хх-87-89/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2018 оны 5 дугаар сарын 10-ны өдрийн 4943 тоот дүгнэлт /хх-129/, Шинжээч Г.Энхбаатарын мэдүүлэг /хх-72-74/, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан камерын бичлэгт бүхий СД-нд үзлэг хийсэн тэмдэглэл /хх-239/ зэрэг хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон, тогтоогджээ.

Хэргийн бүх ажиллагааг хянахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж, тодруулсан, мөрдөн байцаалт болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн зөрчил тогтоогдоогүй болно.

Д.А нь 2018 оны 4 дүгээр сарын 29-нөөс 30-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 51 дүгээр байрны 24 тоот гэртээ төрсөн ах Д.Аг архидан согтуурсны улмаас биеэ хамгаалж чадахгүй байдлыг мэдсээр байж зодож хүнд гэмтэл учруулсан нь нотлогддог боловч энэ хэргийг гэр бүлийн хүчирхийлэлийн улмаас үйлдсэн  гэдэг нь тогтоогдохгүй байна.

Д.Аийг хохирогчийн эсрэг гэр бүлийн хүчирхийлэл үйлддэг байсан гомдол мэдээлэл ирж байсан, цагдаагийн байгууллагаар шалгагдаж байсан  талаар баримт хавтаст хэрэгт байхгүй байх тул хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Дгийн шүүх хуралдаанд  “Манай гэрт  гэр бүлийн хүчирхийлэл үйлддэг хүн байхгүй. Д.Аийн хувьд бид нарт гэр бүлийн  хүчирхийлэл үйлдэж байгаагүй. Гэр бүлийн хүчирхийлэл үйлддэг байсан гэж юугаар нотолж байгаа нь ойлгомжгүй” гэсэн тайлбар үндэслэлтэй  байна.  

 Анхан шатны шүүх Д.Аийн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т “энэ хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн” буюу “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан” гэж дүгнэсэн нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдохгүй байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасны дагуу шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэх журмыг баримтлан  прокурорын яллах дүгнэлтээс “гэр бүлийн хүчирхийлэл” үйлдсэн гэснийг  хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

Шүүгдэгч Д.Аийн анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хувийн байдал, мөн хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн шүүх хуралдаанд “ял шийтгэлийг хөнгөрүүлж өгөх”-ийг хүссэн тайлбар зэргийг харгалзан анхан шатны шүүхээс оногдуулсан хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлж өөрчилснөөс гадна шийтгэх тогтоолд зохих өөрчлөлтүүдийг оруулж, шүүгдэгчийн өмгөөлөгч С.Энхбатын гаргасан “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хэргийг зүйлчлэх”, мөн шүүгдэгч Д.Аийн гаргасан “хэргийг шалгаж өгөх”-ийг хүссэн давж заалдах гомдлуудыг тус тус хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх үзлээ.  

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн  1.4 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 7 дугаар сарын 25-ны өдрийн 614 дүгээр шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт:

Баянгол дүүргийн прокурорын газрын 2018 оны 6 дугаар сарын 25-ны өдрийн 541 дугаартай “яллагдагч Д.А нь согтуурсан үедээ 2018 оны 4 дүгээр сарын 29-нөөс 30-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 51 дүгээр байрны 24 тоотод оршин суух гэртээ төрсөн ах Д.Аг биеэ хамгаалж чадахгүй байдлыг мэдсээр байж архи уусан байна гэж гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн зодож эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсэгт зааснаар тус тус зүйлчлэхээр тогтоосон”  яллах дүгнэлтээс “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж” гэснийг хэрэгсэхгүй болгосугай гэсэн нэмэлт заалт оруулж,

Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн “1” дэх заалтад “Шүүгдэгч З овгийн Д.Аийг хүнийг биеэ хамгаалж чадахгүй байдлыг мэдсээр байж гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн зодож эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай,” гэснийг “Шүүгдэгч З овгийн Д.Аийг хүнийг биеэ хамгаалж чадахгүй байдлыг мэдсээр байж зодож эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай” гэж,

2 дахь заалтад “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар шүүгдэгч Д.Аийг 8 /найман/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй” гэснийг “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар шүүгдэгч Д.Аийг 5 жил 1 сарын /таван жил нэг сар/ хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй” гэж,

3 дахь заалтад “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Ад оногдуулсан 8 жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй” гэснийг “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Ад оногдуулсан 5 жил 1 сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй” гэж тус тус өөрчилж, тогтоолын бусад заалтуудыг хэвээр үлдээж, шүүгдэгч Д.А, шүүгдэгчийн өмгөөлөгч С.Энхбат нарын гаргасан давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ,ШҮҮГЧ                                    М.ПҮРЭВСҮРЭН

ШҮҮГЧИД                                                    Л.ДАРЬСҮРЭН

                                                                     О.ЧУЛУУНЦЭЦЭГ