Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 07 сарын 27 өдөр

Дугаар 210/МА2020/01655

 

 

 

 

 

 

 

 

 

 

Н -ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч А.Мөнхзул даргалж, шүүгч Ч.Цэнд, шүүгч Д.Нямбазар нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Буянхишигийг оролцуулан тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 05 сарын 15-ны өдрийн 102/ШШ2020/01533 дугаар шийдвэртэй нэхэмжлэгч Н -ын хариуцагч Х -нд холбогдуулан гаргасан гэрээний үүрэгт 388 219 425 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, шүүгч Д.Нямбазарын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Д , хариуцагчийн төлөөлөгч С.Д , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Буянхишиг нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч тал нэхэмжлэлийн шаардлага, тайлбартаа: Нийслэлийн иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, амьжиргааг дээшлүүлэх зорилгоор Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2014 оны 05 сарын 26-ны өдрийн 17/16 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралтаар Бичил бизнесийг дэмжих, ядуурлыг бууруулах нийслэлийн хөтөлбөр-ийг, 2 дугаар хавсралтаар уг хөтөлбөрийг хэрэгжүүлэх Бичил бизнесийг дэмжих Нийслэлийн санг байгуулж тус сангийн журам-ыг, Бичил бизнесийг дэмжих зээл, зээлийн хүүгийн дээд хэмжээ-г 3 дугаар хавсралтаар тус тус баталсан. Харин Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдийн 2019 оны 06 сарын 11-ний өдрийн 94 дугаар тогтоолоор сангийн зөвлөлийн бүрэлдэхүүнийг шинэчлэн баталж даргаар нь Нийслэлийн засаг даргын Хөгжлийн бодлогын асуудал хариуцсан нэгдүгээр орлогч Ж.Батбаясгаланг томилсон.

Бичил бизнесийг дэмжих Нийслэлийн сан нь хариуцагч Х -той 2015 оны 07 сарын 03-ны өдөр 42 000 000 төгрөгийг жилийн 1 хувийн хүүтэй, 2 жилийн хугацаатай олгохоор харилцан тохиролцсоны дагуу 112 дугаартай Бичил бизнесийг дэмжих Нийслэлийн сангаас зээл олгоход хамтран ажиллах гэрээ буюу Иргэний хуулийн 281 дүгээр зүйлд заасан зээлийн гэрээ бичгээр байгуулж, гэрээний дагуу 42 000 000 төгрөгийг 2015 оны 07 сарын 22-ны өдөр Төрийн банк ХХК дахь хариуцагчийн 102900269988 тоот дансанд, 2015 оны 08 сарын 18-ний өдөр мөн ижил нөхцөлтэй146 дугаартай гэрээ байгуулж, гэрээний дагуу 164 000 000 төгрөгийг 2015 оны 08 сарын 27-ны өдөр мөн дээрх дансанд, 2015 оны 09 сарын 18-ны өдөр мөн ижил нөхцөлтэй185 дугаартай гэрээ байгуулж, гэрээний дагуу 108 000 000 төгрөгийг 2015 оны 10 сарын 22-ны өдөр дансанд нь 2015 оны 11 сарын 13-ны өдөр мөн ижил нөхцөлтэй 203 дугаартай гэрээ байгуулж, гэрээний дагуу 86 000 000 төгрөгийг 2016 оны 02 сарын 22-ны өдөр Төрийн банк ХХК дахь хариуцагчийн 102900269988 тоот дансаар тус тус олгосон ба эдгээр 4 гэрээний үнийн дүн нийт 400 000 000 төгрөг болсон.

Хариуцагч нь гэрээний 4.5-д заасан хүү төлөх болон гэрээний 4.6-д заасан сангийн хөрөнгөөр олгогдсон зээлийн ашиглалт, эргэн төлөлтийн тайланг дараа сарын 10-ны дотор, гэрээний хэрэгжилтийн мэдээг улирал бүр дараа улирлын эхний сарын 10-ны дотор тогтсон маягтын дагуу гаргаж хүргүүлнэ гэж заасан үүргээ хангалттай биелүүлээгүй тул 2018 оны 03 сарын 21-ний өдөр 87 дугаартай Бичил бизнесийг дэмжих Нийслэлийн сангаас зээл олгоход хамтран ажиллах гэрээний нэмэлт гэрээ байгуулж, гэрээний зарим зүйл, заалтад өөрчлөлт оруулж, зээлийн үлдэгдэл төлбөрийг буцаан төлөх хуваарийг харилцан тохиролцсон. Гэвч хариуцагч нь нэмэлт гэрээнд заасны дагуу сангийн хөрөнгө буюу зээлийг буцаан төлөх үүргээ биелүүлээгүй тул нэхэмжлэгч нь гэрээ цуцлах тухай хариуцагчид мэдэгдэж, зээлийн үлдэгдэл төлбөрийг буцаан төлөхийг шаардсан боловч хариуцагч нь гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлж, зээлийн төлбөрийг бүрэн буцаан төлөөгүй.

Хариуцагч нь гэрээгээр хүлээн авсан зээл болох 400 000 000 төгрөгөөс ердөө 13 411 660 төгрөгийг төлж, 386 588 340 төгрөгийг буцаан төлөөгүй тул зээл буцаан төлүүлэх ажлыг зохион байгуулах үүднээс Бичил бизнесийг дэмжих Нийслэлийн сангийн зөвлөлийн 2019 оны 06 сарын 19-ний өдрийн 02 дугаар тогтоолоор тус сангийн зөвлөлөөс Нийслэлийн хөдөлмөр эрхлэлтийн газартай Шаардах эрх шилжүүлэх гэрээ байгуулах асуудлыг Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдийн хуралд танилцуулахаар тогтоосон ба уг тогтоолын дагуу Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдийн тэргүүлэгчдийн 2019 оны 08 сарын 29-ний өдрийн 135 дугаар тогтоолоор Бичил бизнесийг дэмжих Нийслэлийн сангаас хадгаламж зээлийн хоршоодод олгосон зээлийн авлагатай холбоотой Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын буюу сангийн шаардах эрхийг Нийслэлийн хөдөлмөр эрхлэлтийн газарт шилжүүлэхээр шийдвэрлэсэн. Үүний дагуу Бичил бизнесийг дэмжих Нийслэлийн сан нь 2019 оны 09 сарын 11-ний өдрийн 01 дугаартай Шаардах эрх шилжүүлэх гэрээ-г Нийслэлийн хөдөлмөр эрхлэлтийн газартай байгуулсан ба энэхүү гэрээний 1 дүгээр хавсралтад дурдсан шилжүүлсэн авлагын жагсаалтын 61 дүгээрт Х багтсан ба ингэснээр нэхэмжлэгч Нийслэлийн хөдөлмөр эрхлэлтийн газрын шаардах эрх үүссэн.

Иймд нэхэмжлэгч Нийслэлийн хөдөлмөр эрхлэлтийн газар нь хариуцагч Х -ноос гэрээний үүрэгт зээлийн үндсэн төлбөр 388 588 340 төгрөг, зээлийн хүүд 1 631 085 төгрөг буюу нийт 388 219 425 гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч тал хариу тайлбартаа: Нэхэмжлэлд дурдсан 2018 оны 03 сарын 21-ний өдрийн 87 дугаартай Бичил бизнесийг дэмжих Нийслэлийн сангаас зээл олгоход хамтран ажиллах гэрээний нэмэлт гэрээг хүчингүй болгох хүсэлтэй байна. Тус гэрээ нь манай хоршоонд байдаггүй бөгөөд нэхэмжлэлд хавсаргасан гэрээтэй танилцаад холбогдох баримт бичгийг нягтлахад тухайн нэмэлт гэрээг байгуулах тухай хоршооны тэргүүлэгчдийн зөвлөлийн шийдвэр гараагүй байна. Хадгаламж, зээлийн хоршоо нь их хэмжээний дүнтэй гэрээ, хэлцлийг байгуулахдаа хуулийн дагуу тэргүүлэгчдийн зөвлөл нь гэрээ байгуулах тухай эрх олгох шийдвэр гаргах шаардлагатай байдаг. Иймд Хадгаламж зээлийн хоршооны тухай хуулийн тэргүүлэгчдийн зөвлөлийн бүрэн 35 дугаар зүйлийн 35.1.9, 34 дүгээр зүйлийн 34.9 дэх хэсэгт заасны дагуу дээрх гэрээг хийх эрх зүйн үндэс бүрдээгүй гэж үзэж байгаа тул тус гэрээг хүчингүй болгуулах хүсэлтэй байна.

Манай хоршоо нь Баянгол дүүргийн Засаг даргатай 2015 оны 05 сарын 15-ны өдөр Харилцан ойлголцлын санамж бичиг байгуулж, 2015 оны 06 сарын 10-ны өдөр бүх гишүүдийн хурлаар Бичил бизнесийг дэмжих нийслэлийн сангийн хөтөлбөрийг хэрэгжүүлэх тухай шийдвэр гарсны дагуу Санхүүгийн зохицуулах хорооноос төсөл, хөтөлбөр дамжуулан хэрэгжүүлэх зөвшөөрөл авч Бичил бизнесийг дэмжих нийслэлийн сантай Бичил бизнесийг дэмжих нийслэлийн сангаас зээл олгоход хамтран ажиллах гэрээг 4 удаа байгуулж гэрээний хэрэгжилтийг биелүүлсэн байна.

Үүнд, 2015 оны 07 сарын 03-ны өдөр 112 дугаартай гэрээ байгуулж 2015 оны 07 сарын 23-ны өдөр 42 000 000 төгрөгийг хүлээн авч хөтөлбөрийн дагуу дамжуулан зээл авсан гишүүдийн барьцаа хөрөнгө, зээлийн гэрээ, барьцааны гэрээ, зээл шилжүүлсэн банкны хуулгыг 2015 оны 08 сарын 26-ны өдрийн АБ-15-56 дугаартай албан бичгээр хавсарган хүргүүлсэн. 2015 оны 08 сарын 18-ны өдөр 146 дугаартай гэрээ байгуулж, 2015 оны 08 сарын 28-ны өдөр 164 000 000 төгрөг хүлээн авч, хөтөлбөрийн дагуу дамжуулан зээл авсан гишүүдийн барьцаа хөрөнгө, зээлийн гэрээ, барьцааны гэрээ, зээл шилжүүлсэн банкны хуулгыг 2015 оны 09 сарын 21-ний өдрийн АБ-15-69 дугаартай албан бичгээр хавсарган хүргүүлсэн. 2015 оны 09 сарын 18-ны өдөр 185 дугаартай гэрээ байгуулж 2015 оны 10 сарын 22-ны өдөр 108 000 000 төгрөг хүлээн авч хөтөлбөрийн дагуу дамжуулан зээл авсан гишүүдийн барьцаа хөрөнгө, зээлийн гэрээ, барьцааны гэрээ, зээл шилжүүлсэн банкны хуулгыг 2015 оны 09 сарын 04-ний өдрийн 67 дугаартай албан бичгээр хавсарган хүргүүлсэн. 2015 оны 11 сарын 13-ны өдөр гэрээ байгуулж, 2016 оны 02 сарын 23-ны өдөр 86 000 000 төгрөг хүлээн авч хөтөлбөрийн дагуу дамжуулан зээл авсан гишүүдийн барьцаа хөрөнгө, зээлийн гэрээ, барьцааны гэрээ, зээл шилжүүлсэн банкны хуулгыг 2016 оны 04 сарын 11-ний өдрийн АБ/16/20 дугаартай албан бичгээр хавсарган хүргүүлсэн. Мөн 2015 оны 7 сараас хойш Бичил бизнесийг дэмжих нийслэлийн сангийн хөтөлбөрийг тасралтгүй хэрэгжүүлж шинээр зээл авсан гишүүдийн барьцаа хөрөнгийг тухай бүр Нийслэлийн Хөдөлмөрийн газарт хүргүүлж байсан.

Хариуцагч нь Нийслэлийн хөдөлмөрийн газарт 2015 онд нийт 1 002 000 төгрөг, 2016 онд нийт 2 982 000 төгрөг, 2017 онд нийт 3 750 000 төгрөг, 2018 онд нийт 16 360 000 төгрөг, 2019 онд 4 000 000 төгрөг, нийтдээ 28 094 000 төгрөг төлсөн. Бичил бизнесийг дэмжих нийслэлийн сангийн төслийг хэрэгжүүлэхтэй холбоотой эрсдэл болон алдагдлыг манайд 100 хувь хариуцуулж нийслэл энэ хугацаанд гэрээний дагуу хүүгийн орлогыг 100 хувь бүрэн суутгаж авч байгаа нь шударга бус байх тул манай хоршоо нь 2015-2019 онуудад төлсөн нийт 28 094 000 төгрөгийг 400 000 000 төгрөгөөс суутгуулан 371 906 000 төгрөгийг харилцан тохиролцож график гарган төлөх саналтай байна.

Бичил бизнесийг дэмжих нийслэлийн сантай байгуулсан 4 удаагийн Бичил бизнесийг дэмжих нийслэлийн сангаас зээл олгоход хамтран ажиллах гэрээ нь Баянгол дүүргийн иргэдэд бага хүүтэй зээл олгоход хамтран ажиллах гэрээ бөгөөд хамтран ажиллах гэрээний дагуу өнгөрсөн хугацаанд манай хоршоо нь 200 гаруй иргэнд бага хүүтэй зээлийг олгож зээлийн гэрээний биелэлтийг хангуулахаар тасралтгүй ажиллаж байна.

Шүүхийн шийдвэр гаргуулсны дараа /хүү зогссон/ 2 жил хүртэлх хугацаанд зээлээ төлсөн 19 зээлдэгчид хамаарах 66 742 405 төгрөгийн зээлийн дэлгэрэнгүй жагсаалт, одоо зээлийн үлдэгдэлтэй байгаа бөгөөд шүүхийн холбогдох шийдвэр гарсан боловч төлөөгүй 1-2 жил болж байгаа 23 зээлдэгчид хамаарах 123 404 324 төгрөгийн зээлийн дэлгэрэнгүй жагсаалтыг холбогдох шүүхийн шийдвэртэй хавсаргав. Мөн 2020 оны 04 сарын 30-ны өдрийн байдлаар 2 зээлдэгчийн 44 547 775 төгрөгийг төлүүлэхээр шүүхэд нэхэмжлэл гаргасан. Манай хоршоо нь 2020 оны 04 сарын 30-ны өдрийн байдлаар бусдаас татан төвлөрүүлсэн хадгаламж 35 719 102 төгрөг, нийт зээл болон хүүгийн үлдэгдэл 375 780 836 төгрөг, өмчлөх бусад хөрөнгө буюу зээлд хураагдсан хөрөнгө /газар-Зш, хөөрөг-2ш/ нийт 23 217 071 төгрөг буюу зээлтэй холбоотой нийт үлдэгдэл 398 997 907 төгрөг байна.

Бичил бизнесийг дэмжих нийслэлийн сангаас зээл олгоход хамтран ажиллах гэрээний Нийслэлийн хөтөлбөрийг хэрэгжүүлж зээл олгосон зээлдэгч гишүүдээс зээлийг төлүүлж хөрөнгийг санд буцаан өгөхийн тулд багахан эргэлтийн хөрөнгөөр орлого олж зээлээ төлөхгүй хүндрэл учруулж байгаа зээлдэгчдийн хойноос зээл төлүүлэх ажиллагааны зардал гаргаж байна. Манай хоршоо нь Нийслэлийн хөдөлмөр эрхлэлтийн газарт 2020 оны 02 сарын 14-ний өдрийн АБ/20/027 дугаартай албан бичгээр манай хоршооны зээлийн талаарх бодит байдлыг нэхэмжилсэн дүнг 5 жилийн хугацаанд график гарган төлөх талаар хүсэлт гаргасан ч 6 сараас дээш хугацаагаар график гаргах боломжгүй гэсэн хариу ирсэн. Энэ нь коронавирус өвчний улмаас дэлхий болон манай улсын иргэд санхүүгийн хувьд удаан хүнд хямралд өртсөн шүүхээр шийдвэрлүүлэхээр хөөцөлдөж байгаа зээлүүд нь ихээхэн цаг хугацаа шаардаж байгаа зэрэг бодит нөхцөл байдалтай уялдахгүй байна. Өнөөгийн энэ хэцүү үед төр засгийн зүгээс хэвийн үйл ажиллагаа явуулах боломжтой санхүүгийн байгууллагыг зориудаар хүндрэлд оруулж үйл ажиллагааг нь зогсоох, улмаар зээлийг бүрэн барагдуулах талаар ажиллаж байгаа ажилчдыг цалинжуулж чадахгүйд хүрвэл Нийслэлийн хөдөлмөр эрхлэлтийн газрын мөнгийг бүрэн төлж чадахгүйд хүрэх зэрэг аль ч талд нь хохиролтой нөхцөл байдал байгаа тул харилцан хугацаа тохиролцож график байгуулах нь Нийслэлийн сангийн мөнгийг бүрэн төлж дуусгахад хамгийн зөв сонголт гэж үзэж байна.

Манай хоршоо нь ашгийн төлөө Нийслэлийн хөдөлмөр эрхлэлтийн газартай зээлийн гэрээ байгуулж өөрсдийн баталсан хүүгийн хэмжээгээр бусдад зээл олгоогүй. Харин Нийслэлийн хөдөлмөр эрхлэлтийн газраар дамжуулж зээл олгоход хамтран ажиллах гэрээ байгуулж Нийслэлийн баталсан хүүгийн хэмжээгээр бага хүүтэй зээл олгосон байдаг бөгөөд хамтран ажиллах гэрээнд зээл авсан зээлдэгч нь барьцаа хөрөнгөөрөө эрсдэлийг хариуцна гэж заасан. Мөн Нийслэлийн хөдөлмөр эрхлэлтийн газарт манай олон зээлдэгчдийн барьцаа хөрөнгө барьцаалагдаж байгаа болно.

Иймд хамтран ажиллах гэрээний дагуу бидний зүгээс тухайн зээлүүдийг төлүүлэхэд шаардлагатай бүх арга хэмжээг авч ажиллахад хугацаа хэрэгтэй байгаа тул нэхэмжлэлийн шаардлагыг 5 жилийн хугацаанд хэсэгчлэн төлж дуусгах хүсэлтэй байгаа ба ингэхдээ эхний жил сар бүр 3 000 000 төгрөг буюу нийт 36 000 000 төгрөг, дараагийн жил сар бүр 5 000 000 төгрөг буюу нийт 60 000 000 төгрөг, 3 дахь жилд сар бүр 5 000 000 төгрөг, нийт 60 000 000 төгрөг, 4 дэх жил сар бүр 7 000 000 төгрөг, нийт 84 000 000 төгрөг, 5 дахь жил сар бүр тэнцүү төлөлттэйгээр үлдэгдэл мөнгийг төлж дуусгах хүсэлттэй байна. Мөн нэхэмжлэлийн шаардлагад дурдсан 388 сая төгрөгийг хоёр хэсэг хуваарилж төлүүлэхээр шийдвэрлэж өгнө үү. 216 сая төгрөгийн зээл авсан харилцагч нар тодорхой шүүхийн шатанд байгаа тул шийдвэр гүйцэтгэгдэж мөнгө орж ирэхээр төлье. Цар тахлын дараагаас 158 сая төгрөгийг төлөхөд бэлэн байна. 2021 онд гэрээний хугацаа дуусгавар болно гэдгийг харгалзаж үзнэ үү гэжээ.

 

Анхан шатны шүүх: Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Х -ноос 384 040 886.96 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Н -т олгож, нэхэмжлэлээс 4 178 538.04 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хариуцагч Х -ноос улсын тэмдэгтийн хураамжид 2 078 154 төгрөг гаргуулж улсын орлогод оруулахаар шийдвэрлэжээ.

 

Хариуцагч тал давж заалдах гомдолдоо: 2018 оны 03 сарын 21-ний өдрийн 87 дугаартай нэмэлт гэрээг анх нэхэмжлэл гардан авсны дараа танилцсан. Уг нэмэлт гэрээ нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8-д зааснаар хуулиар тогтоосон хэлбэрийг зөрчсөн, хуульд заасан тохиолдолд зохих этгээдийн зөвшөөрөлгүй хийсэн хэлцэл байна. Дээрх 87 дугаартай нэмэлт гэрээгээр Нийслэлийн хөдөлмөрийн газар нь урд нь байгуулсан хүчин төгөлдөр 4 гэрээний төлбөр төлөгдөх хугацааг өөрчлөн нэн даруй төлөхөөр заалт оруулж тус гэрээг Х -ны тухайн үеийн гүйцэтгэх захирал С.Чинбаатараар гарын үсэг зуруулж, манайд хоршоонд өгөлгүй зөвхөн өөртөө авч үлдсэн байгаа. Гүйцэтгэх захирал С.Чинбаатар нь санхүүгийн байгууллагын үйл ажиллагаанд бүхэлд нь нөлөөлөх их хэмжээний хэлцлийг эргэн төлөхтэй холбоотой хэлцлийг бие даан хийж, ХЗХ-г төлөөлөн гарын үсэг тус гэрээнд зурах эрх зүйн үндэслэлгүй бөгөөд Хадгаламж зээлийн хоршооны тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.9-д сүүлчийн санхүүгийн тайлангийн нийт активын 10 хувиас дээш хэмжээтэй нэг буюу хоорондоо шууд хамаарал бүхий хэд хэдэн хэлцэл хийх шийдвэр гаргах, ашиг сонирхлын зөрчил бүхий үйлдэлтэй холбоотой асуудлыг шийдвэрлэх гэж заасны дагуу 380 000 000 төгрөгийн хэлцлийг Хоршооны Хяналтын зөвлөлийн шийдвэргүйгээр дур мэдэн төлөх хугацааг зөвшөөрч Нийслэлийн хөдөлмөрийн газраас хийсэн гэрээнд гарын үсэг зурсан байгаа тул тус гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулах хүсэлтэй байна.

Талуудын 4 удаа байгуулсан хүчин төгөлдөр гэрээний 7.3-т зааснаар тус гэрээ бүрийг 2 жилийн хугацаатай байгуулсан бөгөөд дээрх хугацаа дуусгавар болоход талуудын аль нэг нь цуцлах санал гаргаагүй бол дээрх хугацаагаар дахин сунгагдана гэж заасан байгаа билээ. Иргэний хуулийн 72 дугаар зүйлийн 72.7 дахь хэсэгт зааснаар дээрх 4 гэрээний хугацаа нь 2021 онд дуусгавар болох гэрээ гэж үзэж байна. Иргэний хуулийн 222 дугаар зүйлийн 222.2 дахь хэсэгт хугацаа хэтрэхэд хүргэсэн нөхцөл байдал нь үүрэг гүйцэтгэгчийн гэм буруугаас болоогүй бол үүрэг гүйцэтгэгчийг хугацаа хэтрүүлсэн гэж үзэхгүй гэж заасан байдаг бөгөөд 80 орчим зээлдэгчийн 216 888 540 төгрөгийн зээл эргэн төлөгдөлгүй эрэн сурвалжлагдаж, шүүхийн шатанд, шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт байгаа энэ байдал нь талуудын байгуулсан 4 гэрээний төлбөрийг бүрэн төлөхөд бодитой хүндрэл учруулсан гэж үзэх нөхцөл байдал мөн билээ. Тиймээс гэрээг зөрчин гэрээний хугацааг хэтрүүлсэн гэж үзэх үндэслэл болохгүй гэж үзэж байна.

Мөн ХЗХ нь байгуулсан гэрээний хүрээнд Төсөл дамжуулан хэрэгжүүлэгч байгууллага байсныг дурдах нь зүйтэй. Бид өөрийн ХЗХ-ны шаардлагын дагуу биш зөвхөн Бичил бизнесийг дэмжих нийслэлийн сан-аас гэрээгээр тогтоосон шалгуурын дагуу иргэдэд зээл олгодог байсан бөгөөд тус гэрээний заалтаар баримтлан зээл олгосны үр дүнд өнөөдрийн байдлаар нийт 216 888 540 төгрөгийн зээлийн хүү нь зогсож, зээл эргэн төлөлтгүй байгаа юм. 216 888 540 төгрөгийн зээлийг эргэн төлүүлэхээр тус ХЗХ нь тасралтгүй ажиллаж улсын тэмдэгтийн хураамжийн төлбөр, гэрээг зөрчсөн бүх зээлдэгч нарыг шүүхэд өгч иргэний нэхэмжлэл гаргаж, тус зогссон байдалтай зээлээс 50 831 514 төгрөг нь 1-2 жил эрэн сурвалжлагдаж байгаа зээлдэгчид хамаарах үлдэгдэл, 14 140 365 төгрөг нь шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт шилжүүлээд 1-2 жил болж байгаа зээлдэгчид хамаарах үлдэгдэл, 58 432 445 төгрөг нь 1-5 жилийн хугацаатай эвлэрлийн гэрээ байгуулж шүүхийн шийдвэр гарсан зээлдэгчид хамаарах үлдэгдэл, 48 936 441 төгрөг нь шүүхэд нэхэмжлэл гарган хянагдаж байгаа зээлдэгчид хамаарах үлдэгдэл, зээлд хураагдсан газар, хөөрөг үлдэгдэл 23 217 071 төгрөг, үндсэн хөрөнгө буюу автомашин тавилга эд хогшил 25 719 370 төгрөг буюу нийт 216 888 540 төгрөгийн зээлийн үлдэгдэл нь хуулийн дагуу хүү зогсож орлого олохгүй харин эдгээр зээлийг төлүүлэхэд байнга зардал гарган ажиллаж байна. Гэтэл өнөөдөр Н нь байгуулсан гэрээний дагуу зээл олгож хөтөлбөрийг үр дүнтэй хэрэгжүүлж байсан ХЗХ-нд бүх гэрээний эрсдэлээ үүрүүлж, зээлээ эргэн төлөх үүргээ биелүүлээгүй иргэний зээлийн төлбөрийг манай ХЗХ-ноос бэлэн мөнгөөр нэхэмжилж байгаа нь шударга бус юм. Энэ зээлийг олгохдоо Бичил бизнесийг дэмжих нийслэлийн сан-ын хөтөлбөрт заасан шалгуурыг баримтлан олгосон нь 216 888 540 төгрөгийн энэхүү чанаргүй зээл үүсэхэд хүргэсэн гэдгийг онцлон тэмдэглэж байна. Хэрэв манай ХЗХ өөрийн шалгуураа баримталсан бол зөвхөн найдвартай цөөхөн зээлдэгчид зээл олгох байсан бөгөөд төслийг үр дүнтэй хэрэгжүүлсний үр дүнд гарсан чанаргүй зээлийг манай ХЗХ-г бэлэн мөнгөөр нэн яаралтай төл гэж данс битүүмжилж байгаа нь шударга бус үйлдэл юм.

Бид зээл олгосон зээлдэгч гишүүдээс зээлийг төлүүлж мөнгийг санд буцаан өгөхийн тулд багахан эргэлтийн хөрөнгөөр орлого олж зээлээ төлөхгүй хүндрэл учруулж байгаа зээлдэгчдийн хойноос зээл төлүүлэх ажиллагааны зардлыг гаргаж байна. Тиймээс тус гэрээний дагуу олгосон зээлийг зээлдэгчдээр нөхөн төлүүлэхийн тулд ажилтан ажиллуулж, цалин олгох, мөн ажилтнаараа зээлээ хөөцөлдүүлж эргүүлэн төлүүлэх үйл ажиллагаа тус ХЗХ-ны дансыг битүүмжилснээр дуусгавар болж, бид олгосон зээлээ буцаан төлүүлэх бололцоогүй болж нийт 216 888 540 төгрөгийн зээлийг нөхөн төлүүлэх эзэнгүй хаягдаж, тус ХЗХ нь дампуурах үндэс суурь нь тавигдлаа.

Коронавирус өвчний улмаас дэлхий болон манай улсын иргэд санхүүгийн хувьд удаан хугацаанд хямралд өртсөн мөн манай шүүхээр шийдвэрлүүлэхээр хөөцөлдөж байгаа зээлүүд нь ихээхэн цаг хугацаа шаардаж байгаа зэрэг бодит нөхцөл байдлыг харгалзан дараах хүсэлтийг гаргаж байна.

Их хэмжээний зээлийг эргүүлэн төлүүлэхтэй холбоотой тэмдэгтийн хураамж, шүүх цагдаа, шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар зэрэгт төлөөлөн ажиллах ажилтны цалинг олгох бодит шаардлага байгаа бөгөөд Нийслэлийн хөдөлмөрийн газар-т график байгуулан зээлээ эргүүлэн төлөх хүсэлт гаргаж байгаатай холбогдуулан тус хоршооны дансны битүүмжийн нээж өгнө үү.

Нийслэлийн хөдөлмөр эрхлэлтийн газар нь 384 040 886 төгрөгийг 6 сарын дотор төлөх график санал болгосон бөгөөд бүх банкны зээлүүд 2020 оны 10 сарын 31-ний өдөр хүртэл царцсан байгаа онцгой нөхцөл байдлыг харгалзан үзэж 2020 оны 10 сарын 31-ний өдрөөс хойш 6 сарын хугацаанд төлж барагдуулах хүсэлтэй байгааг харгалзан үзэж, төлбөр төлөх хугацааг сунгаж өгнө үү. Х нь төсөл хэрэгжүүлэгч байгууллага байсан бөгөөд зээлдэгчид тавигдах шаардлагыг Бичил бизнесийг дэмжих нийслэлийн сан гаргаж байсантай холбогдуулан нийт их хэмжээний зээлийг зээлдэгч нар эргүүлэн төлөөгүй бөгөөд зээлдэгч нарын төлөөгүй зээлийн үлдэгдэл 216 888 540 төгрөгийг шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас төлүүлсэн даруй нөхөн төлөх, үлдэгдэл төлбөр болох 167 152 346 төгрөгийг цар тахлын давагдашгүй хүчин зүйл дуусгавар болж, бүх банк санхүүгийн байгууллага зээлдэгчээр зээл эргэн төлүүлэх хугацаа болох 2020 оны 10 сарын 31-ний өдрөөс хойш 6 сарын хугацаанд төлж барагдуулах хүсэлтэй байгааг харгалзан үзэж, төлбөр төлөх хугацааг сунгаж өгнө үү гэж тус тус хүсэлт гаргаж байна гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан шаардлагад нийцсэн байна.

 

Нэхэмжлэгч Нийслэлийн хөдөлмөр эрхлэлтийн газар нь хариуцагч Х -нд холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт нийт 388 219 425 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагчийн зүгээс үнийн дүнг зөвшөөрөх боловч талуудын хооронд үүссэн гэрээний төрөл болон 2018 оны 03 сарын 21-ний өдрийн нэмэлт гэрээний хүчин төгөлдөр байдалд маргаж, төлбөрийн үүрэг гүйцэтгэх боломжит хугацаа олгох санал гаргажээ. /1хх 1-2, 75-78, 129, 157-166/

 

Хэргийн баримтаас үзвэл, Х нь Бичил бизнесийг дэмжих Нийслэлийн сантай 2015 оны 07 сарын 03, 2015 оны 08 сарын 18, 2015 оны 09 сарын 18, 2016 оны 02 сарын 22-ны өдрүүдэд Бичил бизнесийг дэмжих нийслэлийн сангаас зээл олгоход хамтран ажиллах гэрээ нэртэй 4 ширхэг гэрээ байгуулж нийт 400 000 000 төгрөгийг, бичил зээлийн хэрэгцээ бүхий иргэдэд зээл олгох үйл ажиллагааг хэрэгжүүлэх зориулалтаар, жилийн 1 хувийн хүүтэй, сар бүр тооцох хүүг дараа сарын 05-ны өдрийн дотор төлөх, гэрээний хугацаа дуусахад үндсэн төлбөрийг төлөх нөхцөл харилцан тохиролцсон байна. /1хх 39-54/ Улмаар 2018 оны 03 сарын 21-ний өдөр уг 4 гэрээний үндсэн төлбөрийн үлдэгдэл 395 000 000 төгрөг, хүүгийн үлдэгдэл 3 630 886.96 төгрөг, нийт 398 630 886 төгрөг байгааг баталгаажуулж, 2018 оны 04 сарын 05-ны өдрөөс 2019 оны 12 сарын 05-ны өдрийн дотор хэсэгчлэн төлөхөөр тохиролцож нэмэлт гэрээг байгуулсан байна. /хх 55-57/

 

Талууд дээрх 4 гэрээний дагуу хариуцагч 400 000 000 төгрөг хүлээн авч, 28 094 000 төгрөг буцаан төлсөн, нэхэмжлэгч байгууллагад уг гэрээний үүргийг хариуцагчаас шаардах эрхийг Бичил бизнесийг дэмжих Нийслэлийн сангаас олгосон үйл баримтын талаар маргаагүй. Харин талуудын хооронд ямар гэрээний үүргийн харилцаа үүссэн болон 2018 оны 03 сарын 21-ний өдрийн нэмэлт гэрээний хүчин төгөлдөр байдалд маргасан гэж үзэхээр байна.

 

Хэрэгт авагдсан Бичил бизнесийг дэмжих нийслэлийн сангаас зээл олгоход хамтран ажиллах гэрээ-ний нөхцөл, түүний агуулгаас үзвэл, анхан шатны шүүх талуудын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасан зээлийн гэрээний харилцаа үүссэн гэж дүгнэсэн нь хууль зүйн үндэслэлтэй байна. Түүнчлэн, уг гэрээний үүргийг Иргэний хуулийн 216 дугаар зүйлийн 216.1 дэх хэсэгт зааснаар тооцож, нэхэмжлэлийн шаардлагаас 384 040 886.96 төгрөг гаргуулж шийдвэрлэсэн нь үндэслэл бүхий болжээ.

 

Хариуцагч нь давж заалдах гомдлоо 2018 оны 03 сарын 21-ний өдрийн 87 дугаар нэмэлт гэрээ нь Хадгаламж зээлийн хоршооны тухай хуулийг зөрчсөн тул Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8-д заасан хүчин төгөлдөр бус хэлцэл, мөн гэрээний хугацаа дуусгавар болоогүй тул үүрэг зөрчсөн гэж үзэхгүй, Бичил бизнесийг дэмжих нийслэлийн сан-аас тогтоосон шалгуурын дагуу иргэдэд олгосон зээлийг буцаан төлүүлэхэд зардал гарч байгаа тул данс битүүмжилсэн нь үндэслэлгүй, төлбөрийг 2020 оны 10 сарын 31-ний өдрөөс хойш 6 сарын хугацаанд төлж барагдуулах боломж олгох агуулгаар тайлбарлажээ.

 

Хариуцагчийн маргаж буй 2018 оны 03 сарын 21-ний өдрийн 87 дугаартай нэмэлт гэрээг хууль зөрчсөн хүчин төгөлдөр бус хэлцэл гэж үзэх хууль зүйн үндэслэлгүй байна. Анхан шатны шүүх уг хэлцлийг шинээр байгуулагдсан гэрээ биш бөгөөд 4 гэрээг нэгтгэн дүгнэж, төлбөр төлөх хугацааг тодорхойлж буй хэлцэл ба хадгаламж зээлийн хоршооны гүйцэтгэх захирал нь их хэмжээний хэлцэл хийх эрхгүй байх нь бусад этгээдтэй байгуулсан хэлцлийг хүчин төгөлдөр бус гэж үзэх үндэслэл болохгүй гэж дүгнэснийг буруутгах боломжгүй. Учир нь дээрх нэмэлт гэрээ, зээлийн эргэн төлөлтийн хуваарийг /хх 55-57/, Х -ны гаргасан хүсэлтэд үндэслэсэн байх бөгөөд хоршоог төлөөлж тухайн хоршооны дарга, гүйцэтгэх захирал зээлийн хорооны дарга нар оролцсоноор гарын үсэг зурж, хоршооны тэмдгээр баталгаажуулсан байна. Үүнийг тухайн хоршооны гүйцэтгэх захирал дур мэдэн дангаар их хэмжээний хэлцэл хийсэн буюу хууль зөрчсөн хэлцэл гэж үзэх үндэслэлгүй юм.

Түүнчлэн, хариуцагч нь гэрээгээр тогтоосон эргэн төлөлтийн хуваарийг зөрчсөн болох нь тогтоогдсон, талууд 2018 оны 03 сарын 21-ний өдөр хариуцагчийн үүрэг гүйцэтгэх эцсийн хугацааг 2019 оны 12 сарын 05-ны өдөр гэж шинээр тодорхойлсон байх тул 4 гэрээний хугацаа дуусаагүй, төлбөрийн үүрэг зөрчөөгүй гэх гомдол үндэслэлгүй байна.

 

Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчийн хүсэлтээр хариуцагчийн дансны зарлагын хөдөлгөөнийг нэхэмжлэлийн үнийн дүнгээр зогсоох арга хэмжээ авсныг буруутгах хууль зүйн үндэслэлгүй байна. /1хх 65/ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.4 дэх хэсэгт зааснаар хариуцагч шүүхийн авсан арга хэмжээг солиулах талаар хүсэлт гаргасан нөхцөл байдал тогтоогдоогүй тул энэ талаар гаргасан давж заалдах гомдлыг хүлээн авах боломжгүй байна.

 

Хариуцагчийн зүгээс гаргасан 2020 оны 10 сарын 31-ний өдрөөс хойш 6 сарын хугацаанд төлбөрийг төлж барагдуулах талаарх тайлбарыг нэхэмжлэгч хүлээн авч талууд эвлэрэн хэлэлцээгүй тул шүүх уг асуудалд хөндлөнгөөс оролцож төлбөр төлөх хугацааг дур мэдэн тогтоох эрх хуулиар олгогдоогүйг дурдах нь зүйтэй.

 

Иймд дээр дурдсан үндэслэлээр хариуцагч талын давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 05 сарын 15-ны өдрийн 102/ШШ2020/01533 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг бүхэлд нь хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагч талаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 2 078 154 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ А.МӨНХЗУЛ

ШҮҮГЧИД Ч.ЦЭНД

 

Д.НЯМБАЗАР