Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 08 сарын 06 өдөр

Дугаар 641

 

 

 

 

 

 

 

 

     2018         8           06                                     641                                     

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

                                

  

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Оюун даргалж,

 

нарийн бичгийн дарга: Б.Лхагвадорж, 

улсын яллагч: Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор С.Эрдэнэбаяр,

шүүгдэгч: Д.Уянга нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

 

Баянгол дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдүүлэхээр ирүүлсэн Уянгад холбогдох эрүүгийн 1805036680721 дугаартай хэргийг 2018 оны 8 дугаар сарын 03-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Монгол Улсын иргэн, 1979 оны 5 дугаар сарын 12-ны өдөр Дархан-Уул аймагт төрсөн, 39 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, ял шийтгэлгүй, Уянга.

 

  Шүүгдэгч Д.Уянга нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2018 оны 7 дугаар сарын 08-ны орой 18 цагийн орчим Баянгол дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах гутал засварын газар иргэн Б.Сайхан ыг миний дүү А.Халиуныг хоргоолоо гэх шалтгаанаар зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. (яллах дүгнэлтэд дурдсанаар)

            

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч-Д.Уянга мэдүүлэхдээ:

2018 оны 7 дугаар сарын 08-ны өдөр манай дүү Халиун над руу залгаад “манай хажуу талын ах намайг оролдоод, чирч гарах гээд байна, та ирээд намайг аваач” гэж хэлсэн. Тэгээд намайг очих үед хохирогч “чамд хамаагүй” гээд намайг цохих гээд байсан. Тэгэхээр нь би түлхсэн. Манай дүүг оролдож байгааг би хараагүй. Гэхдээ гар хөлөөс нь татаад байсан гэсэн. Тухайн үед би пиво уусан байсан бөгөөд ажлынхаа 2 хүнтэй хамт явж байсан. Би нэг залуутай нь үерхдэг юм гэв.

Мөрдөн байцаалтад хохирогч-Б.Сайхан  мэдүүлэхдээ:

2018 оны 7 дугаар сарын 08-ны оройн 18-19 цагийн орчим би ажлын байран дээрээ найз Отгонбадамын хамт сууж байсан чинь гаднаас эрэгтэй, эмэгтэй хоёр согтуу хүн орж ирээд эмэгтэй нь “чи яагаад манай дүүг зүгээр байлгахгүй, өдөөд байгаа юм бэ” гэж хэлээд дайраад байхаар нь би тийм зүйл болоогүй тухай хэлсэн чинь нөгөө эмэгтэй лангуун дээр байсан хар өнгийн 30х40 харьцаатай хөгжмийн дипүүзэр аваад миний толгой хэсэг рүү шидсэн чинь миний дух хэсгийг оносон бөгөөд цус гарсан. Мөн хаалганы ар талын хана хэсэгт өлгөсөн байсан өлгүүрээр толгойн ар хэсэг рүү дахин цохисон. Энэ үед манай найз Отгонбадам түүнийг хөөж, ТҮЦ-нээс гаргасан. Удалгүй нөгөө согтуу эмэгтэй дахин орж ирээд лангуун доор байсан гутлын төмөр аваад шидсэн боловч оооогүй. Галзуу юм шиг над руу дайраад байсан болохоор цагдаа дуудаж өгсөн. Би Уянга гэх эмэгтэйг танихгүй. Ямар нэгэн харьцаа байхгүй. Манай гутлын ТҮЦ-ний зэргэлдээ хүнсний ТҮЦ-д нэг эмэгтэй байдаг юм. Тэр эмэгтэйтэй би хааяа орж хэдэн үг сольдог. Түүнээс болж л Уянга гэх эмэгтэй манай дүүг дээрлэхсэн гэх шалтгаанаар миний эрх чөлөөнд халдсан. Намайг зөвхөн Уянга гэх эмэгтэй нь зодсон. Харин хамт явсан залуу нь үг хэлээр ална гэж заналхийлсэн, намайг зодож цохисон асуудал байхгүй.

Би хохирлын 250 000 төгрөг хүлээж авсан тул гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй. Бид сайн дурын үндсэн дээр эвлэрсэн тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ. (хэргийн 16-17, 40 дүгээр хуудас)

 

Мөрдөн байцаалтад гэрч-А.Халиунаа мэдүүлэхдээ:

  2018 оны 7 дугаар сарын 07-ны өдөр эгч Нацагнямын ТҮЦ-нд сууж байсан чинь өөдөөс харсан гутал засварт ажилладаг зүс таних Сайхан  нь согтуу орж ирээд “манай гэрт очъё, гадуур шоудъя” гэхээр нь би зөвшөөрөөгүй. Үүнээс болж намайг үг хэлээд доромжилсон. Тэгтэл намайг цохих гээд гар далайгаад байсан чинь гаднаас нэг эрэгтэй үйлчлүүлэгч орж ирээд хөөж гаргасан. Манай хуурай эгч болох Уянга нь 2018 оны 7 дугаар сарын 08-ны өдөр ирэхээр нь би гутлын ТҮЦ-ний ахыг ямар зан гаргасан талаар хэлсэн чинь Уянга нь найз залуу болох танихгүй ахыг дагуулчихсан явж байсан. Тухайн үед цаг 18-19 цаг болж байсан. Би хойноос нь дагаж орсон чинь гуталчин Сайхан  нэг ахтай хамт согтуу байсан. Уянга эгч “чи манай дүүг ямар шалтгаанаар доромжлоод, дээрэлхээд байгаа юм бэ” гэж хэлсэн чинь Сайхан ы хажууд байсан согтуу ах Уянга эгч рүү дайрахаар нь би гараад явсан. Харин Уянга эгч найз залуугийнхаа хамт гутал засвар дотор үлдсэн. Би ТҮЦ-ндээ ороод 10 минутын дараа эргэн гутал засварын газар орсон чинь Сайхан ы толгой хэсгээс цус гарсан байхаар нь би юу болсон тухай асуухад Уянга лангуун дээр байсан зүйлийг түлхсэн чинь Сайхан ы толгойг онож гэмтээсэн тухай хэлэхээр нь би Уянга эгчийг найз залуугийнх нь хамт аваад гарсан гэжээ. (хэргийн 19 дүгээр хуудас)

 

Шүүх шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2018 оны 7 дугаар сарын 16-ны өдрийн 8514 дугаар дүгнэлтэд:

1. Б.Сайхан ы биед духанд шарх, зөөлөн эдийн няцрал, дагзанд зулгаралт, баруун шуунд зулгаралт, зөөлөн эдийн няцрал бүхий гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг бус удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Дээрх гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.

5. Уг гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой гэжээ.  (хэргийн 24 дүгээр хуудас)

 

Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудсанд:

Д.Уянга нь ял шийтгэгдэж байгаагүй гэжээ. (хэргийн 43 дугаар хуудас)

 

ШҮҮХИЙН ДҮГНЭЛТИЙН ТАЛААР:

Шүүгдэгч Д.Уянга нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2018 оны 7 дугаар сарын 08-ны орой 18 цагийн орчим Баянгол дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах гутал засварын газар хохирогч Б.Сайхан ыг “миний дүү А.Халиуныг хоргоолоо” гэж түүнтэй маргалдаж, зодож, улмаар хөгжмийн дипузерийг толгой руу нь шидэж эрүүл мэндэд нь духанд шарх, зөөлөн эдийн няцрал, дагзанд зулгаралт, баруун шуунд зулгаралт, зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол учруулсан нь шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хохирогч Б.Сайхан , гэрч А.Халиунаа нарын мэдүүлэг, Шүүх шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2018 оны 7 дугаар сарын 16-ны өдрийн 8514 дугаар дүгнэлт зэрэг хэрэгт авагдсан бусад нотлох баримтаар тогтоогдож байна.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, шалгаж, бэхжүүлсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үзлээ.

Хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг нотолсон, мөрдөн байцаалтад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй байна.

Баянгол дүүргийн прокурорын газраас Д.Уянгад холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдүүлэхээр ирүүлсэн нь үндэслэлтэй.

Иймд шүүгдэгчийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага оногдуулах нь зүйтэй.

Шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч, прокурорын сонсгосон ял болон прокуророос түүнийг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний 450 000 төгрөгөөр торгох эрүүгийн хариуцлагын саналыг сайн дураар зөвшөөрсөн болно.

Хохирогч нь өөрт учирсан хөнгөн хохирлыг эмчлүүлэхтэй холбоотой нотлох баримт хэрэгт гаргаж өгөөгүй боловч Д.Уянгаас эмчилгээний зардалд  250 000 төгрөг өгч, хохирогч нь цаашид нэхэмжлэх зүйлгүй гэсэн тул шүүгдэгчийг бусдад  төлөх төлбөргүй гэж үзэв. 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага оногдуулахдаа үйлдсэн хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж байгаа, бусдад төлөх төлбөргүй, хохирогч гомдолгүй байгаа зэргийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцлоо.

Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, Д.Уянга цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, өөрийгөө өмгөөлж шүүх хуралдаанд оролцсон болохыг тус тус дурдав.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

1. Шүүгдэгч Уянгыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Д.Уянгыг 450  нэгжтэй тэнцэх хэмжээний  450 000  төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-т зааснаар Д.Уянга нь торгох ялыг 01 сар /нэг сар/ хүртэл хугацаанд хэсэгчлэн төлөхийг тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар Д.Уянга нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар сольж эдлүүлэхийг мэдэгдсүгэй.

5. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, хохирогчид 250 000 төгрөг төлсөн болохыг тус тус  дурдсугай.

6. Шүүхийн шийтгэх тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болтол Д.Уянгад урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4-т  зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл шуудангийн хаягаар нь хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2-т зааснаар давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол Д.Уянгад авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                    Л.ОЮУН