Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 10 сарын 09 өдөр

Дугаар 927

 

                                          МАГАДЛАЛ                                                   

2018.10.9                                                             № 927                                            ХЯНУУЛАХ

 

 

 

 

 

 

 

Б.Бд холбогдох эрүүгийн

хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Т.Өсөхбаяр даргалж, шүүгч Ж.Эрдэнэчимэг, М.Алдар нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

          прокурор А.Намдаг,

          хохирогч З.С, түүний өмгөөлөгч Д.Энхбаатар,

          шүүгдэгч Б.Б, түүний өмгөөлөгч Д.Отгонбат,

          нарийн бичгийн дарга Д.Оргил нарыг оролцуулан,

          Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Оюун даргалж хийсэн шүүх хуралдааны 2018 оны 8 дугаар сарын 10-ны өдрийн 655 дугаартай цагаатгах тогтоолыг эс зөвшөөрч хохирогч З.Сийн гаргасан давж заалдах гомдол болон прокурор А.Намдагийн бичсэн 2018 оны 9 дүгээр сарын 6-ны өдрийн 39 дугаартай эсэргүүцлээр Б.Бд холбогдох 1705 0035 10489 дугаартай эрүүгийн хэргийг 2018 оны 9 дүгээр сарын 24-ний өдөр хүлээн авч, шүүгч М.Алдарын илтгэснээр хянан хэлэлцэв.

Халх боржигон овгийн Батаагийн Б, 1975 оны 7 дугаар сарын 13-ны өдөр Төв аймгийн Дэлгэрхаан суманд төрсөн, 43 настай, эрэгтэй, дээд боловсролтой, Шашин судлаач мэргэжилтэй, Монголын бурханы шашны төв, Гандантэгчлэн хийдийн хамба ламын нарийн бичгийн дарга ажилтай, ам бүл 2, эцгийн хамт Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, 2 дугаар хэсэг, 1-ийн С, Зайсан, ял шийтгэлгүй,

Б.Б нь 2017 оны 8 дугаар сарын 24-ний өдөр Баянгол дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах, Гандантэгчлэн хийдийн тамгын газрын байрны 1 дүгээр давхарт иргэн З.Стой “хэрүүл маргаан үүсгэлээ” гэж маргалдан, улмаар зодож эрүүл мэндэд нь тархи доргилт бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Баянгол дүүргийн прокурорын газраас: Б.Бгийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Халх боржигон овгийн Батаагийн Бд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг хэрэгсэхгүй болгож, энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, Б.Б цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т зааснаар цагаатгах тогтоол хүчин төгөлдөр болмогц хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан Сиди бичлэг 5 ширхэгийг хэргийг хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсарган үлдээж, Б.Бд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгож шийдвэрлэжээ.

Хохирогч З.С давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ шүүгдэгч Б.Бтэй хамт ажилладаг, ашиг сонирхол нэгтэй гэрчүүдийн мэдүүлэгт хөтлөгдөн хэт нэг талыг барьж, хэрэгт ач холбогдол бүхий нотлох баримтуудыг бүрэн гүйцэд хангалттай дүгнэж үзээгүй, хэрэгт авагдсан нотолгооны баримтуудыг хэрхэн няцаан үгүйсгэж байгаа нь огт ойлгомжгүй, гаргасан шийдвэрээ тайлбарлаж өгөөгүй, надад учирсан гэм хорын хохирлыг ямар журмаар нэхэмжлэх эрхтэй эсэх талаар шийдвэртээ зааж өгөөгүй. Шүүгч мөрдөн байцаалтын явцад хэрэгт хураагдсан миний орхимж, шар өнгийн футболк зэрэг эд зүйлийг хэрхэн шийдвэрлэсэн талаар тогтоолдоо дурдаагүй. Б.Б намайг С.Даваапүрэвийн өрөөнд заамдан авч нүүрэн тус газар цохиж, түлхэж унагаасан, энэ үед миний ухаан балартсан, мөн коридорын цонхны дэргэд миний нүүрэн тус газар зүүн гараараа цохисон үйлдлүүдийн улмаас миний биед хөнгөн гэмтэл учирсан. Өөр хэн нэгний үйлдэл, эс үйлдлээс болж надад гэмтэл учраагүй. Нөгөөтэйгүүр цагдаа Э.Очирбатын мэдүүлэгт намайг газар унасан тухай гэрчилдэг боловч Б.Б бид хоёрын хэн нь доор нь орж унасныг сайн санахгүй байна гэдэг боловч мөрдөн байцаалтын явцад Б.Б газар унасан тухай огт мэдүүлдэггүй нь тухайн үед надаас өөр газар унасан хүн байхгүй болохыг хангалттай нотолж байна. Мөн Б.Б болон гэрчээр байцаагдсан лам нарын тухайн үед гаргаж байсан үйлдэл, шалтгаант холбоо нь хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан хяналтын камерын бичлэгт маш тодорхой харагдаж байхад шүүгч хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэнд маш их гомдолтой байна. Иймд цагаатгах тогтоолыг хүчингүй болгож, Б.Бгийн гэм буруугийн асуудлыг үнэн зөв шийдэрлэж өгнө үү. ...” гэв.

Хохирогч З.Сийн өмгөөлөгч Г.Энхбаатар давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Хохирогч З.С тухайн үед хэрхэн зодуулсан талаараа үнэн зөв мэдүүлж ирсэн. Б.Бгийн үйлдлийн улмаас хохирогч З.Сид хөнгөн гэмтэл учирсан нь хангалттай тогтоогдсон тул прокурорын бичсэн эсэргүүцэл болон хохирогчийн гаргасан давж заалдах гомдлыг дэмжиж байна. ...” гэв.

Прокурор А.Намдаг бичсэн эсэргүүцэл болон тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...хавтас хэрэгт авагдсан дараах мэдүүлэг болон баримтаар Б.Б нь гэмт хэрэг үйлдсэн болох нь хангалттай нотлогдсон гэж дүгнэж байна.

Хохирогч З.Сийн “...Би хаалгаар оронгуутаа Даваапүрэвийн ширээний хажуу хэсэгт зогсож, хөтөлбөрийг асуухад байхгүй тухай хэлэхээр нь би шууд гарсан чинь өөдөөс хорооны цагдаа Очирбат гараад ирэхээр нь би Очирбатыг дагуулан Даваапүрэвийн өрөөнд ороод надад Даншиг наадмын хөтөлбөр өгөхгүй байгаа талаар хэлэхэд, Даваапүрэв өөрийн цүнхнээсээ хөтөлбөр гарган ирээд цагдаа Очирбатад танилцуулсан. Тухайн үед би Даваапүрэвийн ширээний урд зогсож байсан. Тухайн өдөр бороотой байсан учраас би эвхэгддэг нарны хаалт баруун гартаа барин газар тулан зогсож байсан. Тэгтэл гаднаас Б лам ууртай орж ирээд намайг хараад “энэ юу хийж байгаа юм, эндээс зайл” гээд хөөхөөр нь би урьд нь намайг зодож байсан болохоор тулж байсан нарны хаалтаа өөртөө Б ламыг ойртуулахгүйн тулд хагас өргөн, цээж хэсгийн харалдаа барьсан. Тэгтэл Б лам миний өргөсөн нарны хаалтын урд хэсгээс барин өөр рүүгээ надаас булаан авахын тулд татсан чинь нарны хаалт бариул хэсгээрээ сугаран миний гарт бариул, харин Б ламын гарт нарны хаалт үлдсэн. Б лам шууд нарны хаалтыг хаяад надруу шууд ямар нэгэн үгийн зөрүүгүй, нүдний зүүн хэсэг рүү нэг удаа цохисон. Миний ухаан хэсэг зуур балартан арагш унасан. Тэгтэл хэн нь мэдэгдэхгүй нэг хүн миний баруун гарын буглага хэсгээс татан босгосон бөгөөд би хагас суусан. Тэгтэл миний зүүн хацар хэсэг рүү шингэн зүйл урсахаар нь би нулимс байна гэж бодон зүүн гараараа хацраа арчсан чинь цус гараад ирсэн. Би цусаа хараад “яаж байна аа” гэж хэлсэн чинь Очирбат цагдаа хоёр гараа тэлэн миний урд орж намайг хамгаалсан. Би цагдаад хөтлөгдөн коридор руу гарахад Б лам дахин намайг заамдан намайг цээж хэсэг рүү түлхэн хэд хэдэн удаа сэгсэрсэн. Миний өмсөж явсан малгай толгой дээрээс унах гэхээр нь би малгайгаа авч коридорын цонхны тавцан дээр тавих хооронд миний толгой хэсэг рүү нэг удаа цохисон. Энэ үед би арагш тэнцвэрээ алдан унах шахсан. ...” гэх мэдүүлэг,

гэрч Э.Очирбатын “...би хөтөлбөртэй танилцан ширээний урд хэсэгт зогсож байсан чинь гаднаас С лам орж ирээд миний хажууд зогсоод “Очирбатаа энэ Гандангийнхан намайг Даншиг наадамд оролцуулахгүй гэнээ, чи шийдэж өг” гэж хэлсэн. Надад Даншигийн хөтөлбөр танилцуулж байсан ламд хандан С “хорооны цагдаа энд байна, миний асуудлыг шийдэж өг” гэж хэлэхээр нь би Сид “та хүлээж бай, би хөтөлбөр авч дуусчихаад тантай уулзъя” гэж хэлсэн. С Гандангийн талаар яриад үглээд байсан. Тэгтэл Б лам гаднаас орж ирээд “чи юу хийж байгаа юм бэ, эндээс гар” гэж Сид хандан хэлээд Б, Сийг заамдан авч арагш түлхсэн. Тэгтэл С өөдөөс нь заамдан авч, барьж явсан нарны хаалтаараа нэг удаа цохисон. Тэгэхээр нь би салгах гэсэн чинь нөгөө С, Б лам зууралдсан чигээрээ газар унасан. Хэн нь доор орж унасныг сайн санахгүй байна. Би С, Б нарыг газраас босгон хоёр тийш салгасан. Тэгтэл Сийн гартаа барьсан байсан цүнхтэй эд зүйл газар унасан. Би Сийг “эд зүйлээ ав” гэсэн боловч “би авахгүй, хэвлэл мэдээллийнхнийг болон эрүүгийн цагдааг дууд” гэж хэлсэн. Энэ үед би өөрийн 99849091 дугаартай утсаараа хэлтсийн 94945406 дугаартай утас руу залган, зодоон болоод байгаа талаар хэлж дуудсан. Энэ үед Б лам С нар өрөөнөөс бие биенийхээ хувцаснаас зууралдан түлхэлцэн гарсан. Тэр үед би коридорт С болон Б нарыг салгасан. ...” гэх мэдүүлэг,  

Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 8 дугаар сарын 7-ны өдрийн 9979 тоот шинжээчийн дүгнэлт: З.Сийн биед тархи доргилт, зүүн шанаанд зулгаралт, зүүн нүдний дээд зовхинд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Мөн 2018 оны 1 дүгээр сарын 31-ний өдрийн 180 тоот нэмэлт шинжээчийн дүгнэлт: Хэвлийн хананы эмгэг /хэвлийн ханын согог/ хэвлийн хананы гэмтэл илүүдэл жин, биеийн хүчний ачаалал, хүнд юм өргөх, архаг ханиалгалт, байн байн илэрдэг найтаалгалт, өтгөнөөр бие засах болон шээх /байнгын дүлэлт/ гэх мэт шалтгаануудаар цавины ивэрхий үүсэх ба дахиж болдог. З.Сийн биед учирсан гэмтлийн улмаас цавины ивэрхий өвчин үүсэх боломжгүй ба төмсөг рүү өшиглүүлэх үед үүсэхгүй. З.Сийн биед учирсан зүүн нүдний дээд шанааг хамарсан 9.0x0.4 см хүрэн улаан өнгийн зулгаралт, зүүн нүдний дээд зовхинд 4.2x2.0 см хөхөлбөр өнгийн цус хуралттай, зүүн хөмсөгний хэсэгт 2.0х2.0см хүрэн улаан өнгийн зулгаралт гэмтлүүд нь мохоо зүйлийн хоёр ба түүнээс олон удаагийн шүргэгдэх нидрэгдэх, цохигдох хүчний үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. ...” гэх дүгнэлт,

Шинжээч эмч М.Золжаргалын “...Сийн биед тархи доргилт, зүүн шанаанд зулгаралт, зүүн нүдний дээд зовхинд гэмтэл тогтоогдсон. Дээрх гэмтлээс тархи доргилт нь дангаараа гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Харин зүүн шанааны зулгаралт, зүүн нүдний дээд зовхинд учирсан цус хуралт гэмтэл нь тархи доргилттой бүрдэл болж гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Харин зүүн шанааны зулгаралт, зүүн нүдний дээд зовхинд цус хуралт нь дангаараа гэмтлийн зэрэгт хамаарахгүй. Тархи доргилт гэмтэл нь унах болон түлхэлт, цохилтын аль алинд нь үүсгэгдэх гэмтэл. ...”  гэх мэдүүлэг,

Гэрч Д.Амгаасэдийн “...намайг дотогшоогоо ороход коридорт буюу манай захиргааны боловсон хүчний өрөөний үүдэнд С лам Б ламтай маргаад харилцан түлхэлцээд С нь мөн Даваапүрэв, Дашдэмбэрэл нар руу үсчиж дайраад байсан. ...” гэх мэдүүлэг зэрэг нотлох баримтууд авагдсан. Шүүх, прокурор, мөрдөгч нь хууль болон эрх зүйн ухамсрыг удирдлага болгож, нотлох баримтыг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар хянаж үзсэний үндсэн дээр нотлох баримтыг өөрийн дотоод итгэлээр үнэлнэ” гэжээ.

Гэтэл анхан шатны шүүх 2018 оны 5 дугаар сарын 16-ны өдрийн хэрэгт, эд мөрийн баримтаар хураагдсан хяналтын камерын бичлэг бүхий СиДи-нд үзлэг хийсэн тэмдэглэлд тусгагдсан “...Б.Б нь хохирогч З.Сийн зүүн гарыг гараараа барьсан байдалтай дээш өргөн хохирогч З.Сийн нүүрэн тус газар нь нэг удаа цохиж байв...” гэх тэмдэглэл, мөн хохирогч З.С болон хэргийн талаар ач холбогдол бүхий нөхцөл байдлыг мэдэж буй гэрч Э.Очирбат нар нь тухайн өдөр хохирогч З.С, яллагдагч Б.Б нар нь маргалдан, харилцан бие биедээ хүч хэрэглэсэн үйлдэл хийсэн талаар нотолсон мэдүүлэг зэрэг хуульд заасан үндэслэл журмаар хэрэгт цугларсан нотлох баримтуудад дүгнэлт хийгээгүй нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.15 дугаар зүйлийн 1, 2 дахь заалтуудыг ноцтой зөрчсөн байна. Анхан шатны шүүхийн дүгнэлт хийсэн “Мөрдөн байцаалтад Б.Б нь З.Сийг ямар байдлаар яаж зодсон үйлдлээс түүний эрүүл мэндэд тархи доргилт бүхий хөнгөн хохирол учруулсан үйл баримт тогтоогдохгүй байна. Б.Бгийн үйлдлээс З.Сид тархи доргилт бүхий хөнгөн гэмтэл учирсан болох нь мөрдөн байцаалтаар нотлогдоогүй тул Б.Бг цагаатгах нь зүйтэй” гэж дүгнэх нь хууль зүйн үндэслэлгүй юм.

Дээрх хэрэгт авагдсан нотлох баримтуудаар Б.Б нь З.Сийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг шүүхээр хянан шийдвэрлэхэд хангалттай нотлох баримтууд цугларсан байна гэж дүгнэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Иймд Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 8 дугаар сарын 10-ны өдрийн 655 дугаар цагаатгах тогтоолыг хүчингүй болгож, дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү. ...” гэв.

Шүүгдэгч Б.Б тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...тухайн өдөр З.С намайг өөрөө эхэлж хоёр удаа цохисон, би түүнийг цохиогүй. Анхан шатны шүүхийн шийдвэр зөв гарсан. 2010 онд З.С намайг зодож байсан бөгөөд З.С нь байнга хэрүүл зодоон хийж явдаг хүн юм. Анхан шатны шүүхийн цагаатгах тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү. ...” гэв.

Шүүгдэгч Б.Бгийн өмгөөлөгч Д.Отгонбат тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...мөрдөн байцаалтын шатанд хохирогч З.С нь нийт 4 удаа мэдүүлэг өгсөн байдаг бөгөөд энэ 4 мэдүүлэг хоорондоо зөрүүтэй, ямар ч тогтворгүй 4 өөр мэдүүлэг байдаг. Анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлтэй зөв гарсан гэж үзэж байна. Камерын бичлэгт Б.Бгийн цохиж байгаа үйлдэл байдаггүй. Тухайн үед, 12 цагт болсон үйл явдалд хохирогч З.С нь цагдаагийн байгууллагад хандчихаад шинжээч эмчид үзүүлэхгүйгээр хэвлэлийн бага хурал зарлаад явсан байдаг. Харин маргааш өдрийн орой 7 цагт шинжээч эмчид үзүүлсэн байдаг ба энэ гэмтлийг Б.Б учруулсан гэдэг нь тогтоогддоггүй юм. Тиймээс анхан шатын шүүхийн цагаатгах тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү. ...” гэв.

                                                  ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянав.

Хэргийн бүх ажиллагааг хянахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж, тодруулсан, мөрдөн байцаалт болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй болно.

Анхан шатны шүүхийн цагаатгах тогтоол нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “Шүүхийн шийдвэр нь тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэг эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн” байх хуулийн шаардлагыг хангажээ.

Прокуророос Б.Бг 2017 оны 8 дугаар сарын 24-ний өдөр Баянгол дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах, Гандантэгчлэн хийдийн тамгын газрын байрны 1 дүгээр давхарт иргэн З.Стой “хэрүүл маргаан үүсгэлээ” гэж маргалдан, улмаар зодож эрүүл мэндэд нь тархи доргилт бүхий хөнгөн хохирол учруулсан гэж үзээд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Шүүх хуралдаанд прокуророос хэлэлцүүлсэн нотлох баримтуудаас үзэхэд, гэрч Э.Очирбатын “...Б, Сийг заамдан авч арагш түлхсэн. Тэгтэл С өөдөөс нь заамдан авч, барьж явсан нарны хаалтаараа нэг удаа цохисон. Тэгэхээр нь би салгах гэсэн чинь нөгөө С, Б лам хоёр зууралдсан чигээрээ газар унасан. Хэн нь доор орж унасныг сайн санахгүй байна. ...”, гэрч С.Даваапүрэв “...Б лам орж ирэхэд С гуай үгийн солиогүй дайраад, ...гартаа байсан нарны хаалтаар цохих үед Б баруун гараараа хаахад ...бид цааш зодоон болж магадгүй гээд С гуайг тал талаас нь тэврээстэй чигээр нь манай өрөөнөөс гаргасан. ...түүний зүүн нүд рүү цохьсон гэдэг нь худлаа. Учир нь тэр үед С гуайн баруун болон зүүн нүдэнд ямар ч цохилтын мөр байгаагүй. ...”, гэрч Д.Энхтүвшин “...С гуай Б ламыг харангуутаа чм муу гээд уурласан. ...Б лам тэр үед уурласан боловч С гуайд гар хүрээгүй. ...”, гэрч Б.Дашдэмбэрэл “...Б лам С гуайн нүүр, нүд рүү цохиогүй, түүнд гар хүрээгүй. ...”, гэрч Д.Амгаасэд “...С нь мөн Даваапүрэв, Дамшдэмбэрэл нар руу үсчээд байсан. ...” гэх зэргээр мэдүүлсэн нь шүүгдэгч Б.Бг хохирогч З.Сийн эрүүл мэндэд тархи доргилт бүхий хөнгөн хохирол учруулсныг шууд нотолж чадахгүйн гадна уг мэдүүлгүүд нь гагцхүү хохирогч, шүүгдэгч нарын хооронд хэрүүл маргаан үүссэн үйл баримтыг гэрчилсэн гэж үзэхээр байна.

Анхан шатны шүүх, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасан “шүүгдэгчийг цагаатгах үндэслэл болсон нотлох баримтын агуулга, шүүх тухайн нотлох баримтыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны гэж үзсэн, эсхүл улсын яллагчийн дүгнэлт, өмгөөлөгч, иргэдийн төлөөлөгчийн саналыг няцаан үгүйсгэсэн үндэслэл”-ийг тодорхой заажээ.

Өөрөөр хэлбэл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 9.6 дугаар зүйлд заасан эрх, үүргийг тайлбарлан гэрч Э.Очирбат, С.Даваапүрэв, Д.Энхтүвшин, Б.Дашдэмбэрэл, Д.Амгаасэд нараас авсан мэдүүлгүүдийг прокуророос ямар үндэслэлээр няцаан үгүйсгэж байгаа нь тодорхойгүй атлаа дээрх гэрч нарын мэдүүлгүүдийг яллах талын нотолгооны эх сурвалж болгон шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн бөгөөд шүүгдэгч Б.Бгийн үйлдлийн улмаас хохирогч З.Сийн эрүүл мэндэд хөнгөн хохирол хэрхэн, яаж учирсан болохыг хөдөлбөргүй тогтоож чадаагүй байна.

2018 оны 5 дугаар сарын 16-ны өдрийн камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэлд “...яллагдагч Б.Б хохирогч З.Сийн зүүн гарыг зүүн гараараа барьсан байдалтай дээш өргөн хохирогч З.Сийн нүүрэн тус газар нэг удаа цохиж байв. Энэ үед З.Сийн толгой арагш савагдах бөгөөд хэсэг бие биенийгээ тулан зогсож байна. ...” гэж бичигдсэн байх боловч энэ нь шүүх хуралдаанд шинжлэн судласан хяналтын камерын бичлэгээр тогтоогдохгүй байх тул давж заалдах гомдол болон прокурорын эсэргүүцлийг үндэслэн хэргийг дахин нотлох ажиллагааг гүйцэтгэх шаардлагагүй юм.

Хохирогч З.С нь “...шүүх гаргасан шийдвэрээ тайлбарлаж өгөөгүй, надад учирсан гэм хорын асуудлыг хэрхэх талаар шийдвэртээ тусгаагүй, эд мөрийн баримтын талаар тогтоолдоо заагаагүй, ...” гэж гомдолдоо дурджээ.

Хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд, прокурорын яллах дүгнэлт /2-р хх-ийн 15/-д камерын бичлэг бүхий 1 ширхэг Сиди-ээс өөр эд мөрийн баримтыг шүүхэд шилжүүлж ирүүлээгүй байна. Мөн шийтгэх тогтоолын тодорхойлох хэсэгт “...Сийн гэм хорын хохиролд нэхэмжилж байгаа 1.612.200 төгрөгийг Бгээс гаргуулах үндэслэлгүй болно” гэж шийдвэрлэснийг дурдвал зохино.

 Иймд З.Сийн “...цагаатгах тогтоолыг хүчингүй болгож, дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү. ...” гэсэн давж заалдах гомдол, прокурор А.Намдагийн бичсэн эсэргүүцлийг тус тус хүлээн авах хууль зүйн үндэслэлгүй тул хэрэгсэхгүй болгож, цагаатгах тогтоолыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 8 дугаар сарын 10-ны өдрийн 655 дугаар цагаатгах тогтоолыг хэвээр үлдээж, хохирогч З.Сийн гаргасан давж заалдах гомдол болон прокурор А.Намдагийн бичсэн 2018 оны 9 дүгээр сарын 6-ны өдрийн 39 дугаартай эсэргүүцлийг тус тус хэрэгсэхгүй болгосугай.

2. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

                    

                                                                        

 

 

ДАРГАЛАГЧ,

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                             Т.ӨСӨХБАЯР

 

ШҮҮГЧИД                                           Ж.ЭРДЭНЭЧИМЭГ

 

                                                    М.АЛДАР