Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 03 сарын 06 өдөр

Дугаар 210/МА2017/00638

 

2017 оны 03 сарын 06 өдөр

Дугаар 210/МА2017/00638

 

 

 Энхийн үйлс ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ш.Оюунханд даргалж, шүүгч Д.Дэлгэрцэцэг, Н.Батзориг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 181/ШШ2017/00129 дүгээр шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч Энхийн үйлс ХХК-ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч Сэргээн засалт, сургалт үйлдвэрлэлийн төвд холбогдох

 

Газар албадан чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч Н.Батзоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Гэрэл-Очир

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Шинэцэцэг нар оролцов. 

 

Нэхэмжлэгчийн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Энхийн үйлс ХХК нь Нийслэлийн засаг даргын 2010 оны 12 сарын 28-ны өдрийн 876 тоот захирамжаар 441 м.кв газрыг эзэмшихээр болж зохих журмын дагуу эзэмших эрхийн гэрээ байгуулж, Нийслэлийн өмчийн харилцааны газраас гэрчилгээ, кадастрын зургийг олгосон. Гэвч Сэргээн засалт, хөгжлийн үндэсний төвийн удирдлагууд дур зоргоороо авирлаж, манай компанийн эзэмшил газарт 2015 оны 5 сараас эмнэлгийн барилгын өргөтгөлийг барьж эхэлсэн. Уг асуудлаар Захиргааны хэргийн шүүхээр маргаан хянан шийдвэрлэгдэж, манай компанийн эзэмшил газар болохыг тогтоосон. Ингээд дахин 2016 оны 2 сарын 18-ны өдрийн А/131 тоот захирамжаар манай компанийн газар эзэмших эрхийг баталгаажуулсан. Сэргээн засалт, хөгжлийн үндэсний төвийн удирдлагуудад хууль бусаар барьсан зоорийн болон 5 давхар барилгыг буулгаж газар чөлөөлж өгөхийг удаа дараа шаардсан, мөн энэ талаар зохих журмын дагуу Нийслэлийн өмчийн харилцааны газарт хүсэлт гаргасан. Гэвч уг газрыг албадан чөлөөлж өгөхгүй, шүүхэд хандахыг зөвлөсөн тул хууль бусаар барьсан 5 давхар /Зоорийн хамт/ барилгыг буулгаж, газрыг албадан чөлөөлүүлэх нэхэмжлэлийг гаргаж байна гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Сэргээн засалт, хөгжлийн үндэсний төв нь Төрийн өмчийн хорооны 2012 оны 12 сарын 20-ны өдрийн 637 тоот тогтоолоор Сүхбаатар дүүргийн нийгмийн даатгалын хэлтсээс барилга байгууламж бүхий үйлчилгээний зориулалттай нийтдээ 1476 м.кв талбайтай, 4 давхар, 64 өрөөтэй барилга, 1 давхар 1 өрөөтэй 54 м.кв талбайтай чулуун зоорь, дулааны шугам сүлжээ, бохир, цэвэр усны шугам, холигч, гадна бохир, бохирын шугам, 1750 м.кв талбай бүхий газрын хамт балансын эцсийн үнэ болох 560 504 780 төгрөгөөр шилжүүлэх актын дагуу хүлээн авч, балансын үнийг төлсөн.

Үүнээс өмнө 2005 оны 8 сарын 31-ний өдөр Энхийн Үйлс ХХК нь Сүхбаатар дүүргийн Нийгмийн даатгалын хэлтэст 1476 м.кв талбай бүхий 4 давхар, 64 өрөө бүхий барилгыг 328 000 000 төгрөгөөр худалдсан, мөн энэ өдрөө Буянт ээж ХХК нь Сүхбаатар дүүргийн Нийгмийн даатгалын хэлтэст 54 м.кв талбатай, 1 давхар, 1 өрөө бүхий чулуун зоорь, 950 м.кв хашаа, зам талбайн хамт 22 000 000 төгрөгөөр тус тус үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээг хийж худалдан авсан. Энэ үед түүний доорх газрыг уг гэрээнүүдэд тусгаагүй байж байгаад маргаан үүсгэж эхэлсэн. Энэ талаар Сүхбаатар дүүргийн шүүхийн 2010 оны 2 сарын 1-ний өдрийн 168 тоот шийдвэр, 2011 оны 9 сарын 6-ны өдрийн 1376 тоот шийдвэр, 2011 оны 11 сарын 28-ны өдрийн 942 тоот Нийслэлийн давж заалдах шатны шүүхийн магадлал, 2012 оны 1 сарын 26-ны өдрийн 80 тоот Улсын дээд шүүхийн хяналтын шатны шүүх хуралдааны тогтоолоор тус тус шийдвэрлэсэн. Ингэж шүүхээр шийдвэрлэгдэж байх явцад Буянт ээж ХХК-ийн захирал Г.Жамбалдорж дээрх гэрээний дагуу 22 000 000 төгрөгөөр худалдсан гэх зоорь, зам талбай, хашааны мөнгийг Сүхбаатар дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсээс 2005 оны 9 сарын 8-ны өдөр авчихаад 2005 оны 9 сарын 15-ны өдөр буюу 7 хоногийн дараа Энхийн үйлс ХХК-д 114 м.кв талбайтай 1 давхар, 3 өрөөтэй махны зоорь, 87 кв зоорь, шаттай 2 давхар 3 өрөөтэй барилга, 52 м урт блокон хашаа 800 м.кв газрын хамт 70 000 000 төгрөгөөр худалдсан мэт хуурамч гэрээг хоорондоо хийж 2011 онд 100 м.кв талбай бүхий зооринд өмчлөх эрхийн гэрчипгээг гаргуулж авсан байсан. Мөн Буянт ээж ХХК нь 2005 оны 8 сарын 31-ний өдөр Сүхбаатар дүүргийн Нийгмийн даатгалын хэлтэст 54 м.кв талбай бүхий 1 өрөө 1 давхар зоорь, хашаа, зам талбайн хамт 22 000 000 төгрөгөөр худалдаад 2005 оны 9 сарын 8-ны өдөр төлбөрийг бүрэн авчихаад дараа нь хууль бусаар 2005 оны 9 сарын 15-ны өдөр Энхийн үйлс ХХК-д 114 м.кв талбайтай 1 давхар, 3 өрөөтэй зоорь, 87 м.кв талбайтай зоорь, шаттай 2 давхар 3 өрөөтэй барилга, блокон хашааг 70 000 000 төгрөгөөр худалдах, худалдан авах гэрээ хийсэн байгаа. Энэ гэрээг хууль бусаар хийж хуурамч нотлох баримт бүрдүүлж зөвхөн зооринд өмчлөх эрхийн гэрчилгээг гаргуулж авснаар маргаан үүсээд байгаа ба энэ хүний өмчлөх эрхийн гэрчилгээ гаргуулсан гэх зоорь одоогоор энэ байгууллагын газар дээр байхгүй. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 151 дүгээр зүйлийн 151.1.1 дахь заалтыг тус тус баримтлан нэхэмжлэгч Энхийн үйлс ХХК-ийн гаргасан хариуцагч Сэргээн засалт, сургалт, үйлдвэрлэлийн төвд холбогдох Энхийн үйлс ХХК-ийн эзэмшлийн Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороонд байрлах, нэгж талбарын 143052/0097 18644313090010 дугаартай 441 м.кв газарт Сэргээн засалт, сургалт, үйлдвэрлэлийн төвийн барьсан 5 давхар барилгыг буулгаж, газрыг чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь заалтад зааснаар нэхэмжлэгчээс 2016 оны 7 сарын 6-ний өдөр улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70 200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүхээс шүүхийн шийдвэрийн гол үндэслэлээ хариуцагч Сэргээн засалт, сургалт, үйлдвэрлэлийн үндэсний төв нь маргаан бүхий газрыг НЗД-ын 2014 оны 02 сарын 24-ний өдрийн А/113 дугаар захирамжаар эзэмших эрхтэй болсон байх ба НЗД-ын 2016 оны 02 сарын 18-ны өдрийн А/131 дугаар захирамжийн дагуу Энхийн Үйлс ХХК-д маргаан бүхий газрыг хууль ёсоор эзэмшиж байсан болох нь тогтоогдож байна. ...Өргөтгөлийн барилга 2015 оны 5 сараас баригдсан гэж нэхэмжлэгч нэхэмжлэлд дурьдсан, хариуцагч үүнийг үгүйсгээгүй бөгөөд барилга баригдаж эхлэх үе буюу 2015 оны 05 сард маргаан бүхий газрыг Сэргээн засалт, сургалт, үйлдвэрлэлийн төв эзэмших эрхтэй байсан, ... нэхэмжлэгч нь уг газрыг эзэмших эрхийг хожим буюу 2014 оны 2 дугаар сарын 24-ний өдрийн НЗД-ын А/113 дугаар захирамж болон 2016 оны 02 сарын 25-ны өдрийн 000317499 дугаартай газар эзэмших эрхийн гэрчилгээгээр олж авсан болох нь тогтоогдож байх тул хариуцагч нь өргөтгөлийн барилгыг барихдаа нэхэмжлэгчийн газар эзэмших эрхийг зөрчсөн гэж үзэх үндэслэлгүй байна... гэжээ.

Уг "... маргаан бүхий газрыг хууль ёсоор ззэмшиж байсан..." гэдэг агуулга нь өөрөө өөрийгөө үгүйсгэсэн байх бөгөөд уг газрын асуудал шийдэгдээгүй, холбогдох төрийн захиргааны байгууллагаас барилгын үйл ажиллагааг зогсоох талаар албан бичиг хүргүүлсэн, захиргааны хэргийн анхан шатны шүүхээр хэрэг маргаан шийдвэрлэгдэж, газар эзэмших эрхийг хүчингүй болгож шийдвэрлэсэн нь уг газрыг хууль ёсоор эзэмшиж байгаагүй, уг газрыг хууль ёсоор эзэмших эрхгүй байсныг харуулж байна.

Мөн ...газар эзэмших эрхийг зөрчөөгүй байх боловч хожим уг өргөтгөлийн барилгын байрлаж буй газрыг эзэмших эрх нэхэмжлэгчид шилжсэн байх тул хариуцагч нь өргөтгөлийн барилга байрлаж буй газрыг эзэмших эрхгүй байна ...гэжээ. Уг маргаан бүхий газрыг эзэмших эрхтэйг тогтоосон шийдвэр хэрэгт авагдсан байхад уг нотлох баримтуудыг ямар үндэслэлээр үнэлээгүй нь ойлгомжгүй төдийгүй, шүүхийн гаргасан шийдвэрүүд, түүнийг үндэслэн гарсан Захиргааны байгууллагын хүчин төгөлдөр шийдвэрийг бүхэлд нь үгүйсгэсэн нь хууль зүйн үндэслэлгүй.

Өргөтгөлийн барилга байрлаж буй газрыг эзэмших эрх хариуцагчид байхгүй боловч барилгын өмчлөгчийн хувьд барилгын өмчлөх эрхээ хэрэгжүүлэхийн тулд нэхэмжлэгчийн газар ззэмших эрхийг хязгаарлах эрх хариуцагчид Иргэний хуулийн 151 дүгээр зүйлийн 151.1, 151.1.1 дэх хэсэгт зааснаар үүсэх бөгөөд Иргэний хуулийн 151 дүгээр зүйлийн 151.1.1 дэх заалтад заасан хуульд заасан тохиолдол гэдэгт Газрын тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.2 дах заалтад заасан үл хөдлөх хөрөнгө өмчлөгч нь эд хөрөнгөө ашиглах зорилгоор бусдын эзэмшилд байгаа газрыг хязгаарлагдмал эрхтэйгээр ашиглах тохиолдлыг ойлгоно".. гэж заасан. Гэвч Газрын тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.2 дах хэсэгт зааснаас үзвэл ... эд хөрөнгөө ашиглах, хамгаалах зорилгоор ...гэжээ. Бусдын газар дээр зөвшөөрөлгүйгээр барилга байгууламж барих тухай бус харин нэгэнт баригдсан үл хөдлөх эд хөрөнгийн тухай ойлголт байна. ...Бусдын газраар дайран өнгөрөх ...гэж заасан болохоос бусдын эд хөрөнгийг бүхэлд нь эзэмших эрхээ хэрэгжүүлэх боломжгүй болгох тухай ойлголт биш юм. Иймд шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх тухайн маргаанд хамааралгүй Иргэний хуулийн 151 дүгээр зүйлийн 151.1.1 дэх зохицуулалтыг хэрэглэсэн нь буруу байх тул шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй.

 

Нэхэмжлэгч Энхийн үйлс ХХК нь хариуцагч Сэргээн засалт, сургалт, үйлдвэрлэлийн төвд холбогдуулж өөрийн эзэмшлийн 441 м.кв газраас хариуцагч байгууллагын 5 давхар барилгыг буулгаж, газар чөлөөлүүлэх тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

Нэхэмжлэгч Энхийн үйлс ХХК нь Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороо, 7 дугаар хорооллын нутаг дэвсгэрт Нийслэлийн Засаг даргын 2016 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн А/131 тоот захирамжаар нэгж талбарын 143052/0097 18644313090010 дугаар бүхий 441 м.кв талбай бүхий газрыг үйлчилгээний зориулалтаар эзэмших эрхтэй болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдсон байна.

 

Нэхэмжлэгч Энхийн үйлс ХХК-д газар эзэмшүүлсэн захиргааны байгууллагын шийдвэр болон гэрчилгээний хууль зүйн үндэслэлийг эрх бүхий байгууллага, албан тушаалтан, захиргааны хэргийн шүүх хянан шийдвэрлээгүй нөхцөлд нэхэмжлэгчийг газар эзэмших эрхтэй этгээд гэж үзэх нь Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1, 27.4-т заасан зохицуулалтуудад нийцнэ.

 

Хариуцагч Сэргээн засалт, сургалт, үйлдвэрлэлийн төвийн өргөтгөлийн 5 давхар барилга нь нэхэмжлэгчийн эзэмших эрхтэй 441 м.кв талбай бүхий газар дээр баригдсан болох нь тогтоогдож байгаа ба анхан шатны шүүх хариуцагч байгууллагын өргөтгөлийн барилга баригдаж байх үед буюу 2015 оны 5 сард маргаан бүхий газрыг хариуцагч байгууллага эзэмших эрхтэй байсан, нэхэмжлэгч 2016 онд газар эзэмших эрх олж авсан байх тул өргөтгөлийн барилга барихдаа нэхэмжлэгчийн газар эзэмших эрхийг зөрчсөн гэж үзэх үндэслэлгүй гэж дүгнэсэн нь буруу биш байна.

 

Нийслэлийн шүүхийн 2011 оны 942 дугаар магадлалаар Сүхбаатар дүүргийн шүүхийн 2011 оны 1376 дугаар шийдвэрт оруулж Сүхбаатар дүүргийн 11 хороонд байрлах 1750 м.кв газар эзэмших эрхийг бүртгэхийг Нийслэлийн Газрын албанд даалгаж шийдвэрлэснийг Улсын Дээд шүүхийн 2012 оны 80 дугаар тогтоолоор магадлалыг хэвээр үлдээснээр шүүхийн шийдвэр, магадлал хүчин төгөлдөр болж, улмаар шийдвэр, магадлалын заалтыг биелүүлж Нийслэлийн Засаг даргын 2013 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн А/1032 дугаар захирамжаар Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороонд байрлах 1750 м.кв газрыг Сүхбаатар дүүргийн Нийгмийн даатгалын хэлтэст конторын зориулалтаар эзэмшүүлэхээр шийдвэрлэжээ. /хх-10-22/

 

Төрийн өмчийн хорооны 2012 оны 12 сарын 20-ны өдрийн 637 тоот тогтоолоор маргаан бүхий 1750 м.кв талбай бүхий газар нь Сүхбаатар дүүргийн нийгмийн даатгалын хэлтсээс барилга байгууламжийн хамт балансын дагуу Сэргээн засалт, хөгжлийн үндэсний төвд шилжиж, Нийслэлийн Засаг даргын 2014 оны А/113 дугаар захирамжаар хариуцагч байгууллагад эзэмших эрхийг шилжүүлсэн байна.

 

Дээрх шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр тогтоогдсон үйл баримтаас үзэхэд хариуцагч байгууллага нь маргаан бүхий газар дээрх барилгын өргөтгөлийг дур мэдэн барьсан бус харин эрх бүхий байгууллагаас олгосон зөвшөөрлийн дагуу өргөтгөлийн доорх газрыг эзэмшиж байсан боловч хожим уг зөвшөөрөл хүчингүй болсноор эзэмших эрхээ алдсаны хувьд түүнийг шудрага хууль бус эзэмшигч гэж үзнэ.

 

Нэхэмжлэгч Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт заасан бусдын хууль бус эзэмшлээс хөрөнгөө шаардсан агуулгатай нэхэмжлэл гаргаж, талууд эзэмшлийн асуудлаар маргаж байхад шүүх үл хөдлөх эд хөрөнгө өмчлөгчийн эрхийг хязгаарлах тухай Иргэний хуулийн 151 дүгээр зүйлийн 151.1.1 дэх зохицуулалтыг хэрэглэсэн нь буруу байна.

 

Шударга эзэмшигч Сэргээн засалт, хөгжлийн үндэсний төв нь Иргэний хуулийн 94 дүгээр зүйлийн 94.3-т зааснаар тухайн эд хөрөнгөд гаргасан зардлаа шаардах эрхтэй ба түүний шаардлага хангагдах хүртэл мөн хуулийн 94.6 дах хэсэгт зааснаар эрх бүхий этгээдэд газрыг буцааж өгөхөөс татгалзах эрхтэй байна.

 

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний талаар өөрчлөлт оруулж, шийдлийн хувьд хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 181/ШШ2017/00129 дүгээр шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтад 151 дүгээр зүйлийн 151.1.1 гэснийг 94 дүгээр зүйлийн 94.6 гэж өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчийн төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ш.ОЮУНХАНД

ШҮҮГЧИД Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ

Н.БАТЗОРИГ