Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2017 оны 05 сарын 19 өдөр

Дугаар 001/ХТ2017/00644

 

 

“Энхийн үйлс” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Г.Алтанчимэг, Ц.Амарсайхан, П.Золзаяа, Г.Цагаанцоож нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 181/ШШ2017/00129 дүгээр шийдвэртэй,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2017 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн 638 дугаар магадлалтай,

Нэхэмжлэгч “Энхийн үйлс” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч Сэргээн засалт, сургалт үйлдвэрлэлийн төвд холбогдох,

Газар албадан чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлтэй  иргэний хэргийг,

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Гэрэл-Очирын гаргасан гомдлоор

Шүүгч П.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Гэрэл-Очир, нарийн бичгийн дарга Э.Боролдой нар оролцов.

Нэхэмжлэгчийн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Энхийн үйлс” ХХК нь Нийслэлийн Засаг даргын 2010 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 876 тоот захирамжаар 441 м.кв газрыг эзэмшихээр болж зохих журмын дагуу эзэмших эрхийн гэрээ байгуулж, Нийслэлийн өмчийн харилцааны газраас гэрчилгээ, кадастрын зургийг олгосон. Гэвч Сэргээн засалт, хөгжлийн үндэсний төвийн удирдлагууд дур зоргоороо авирлаж, манай компанийн эзэмшил газарт 2015 оны 05 дугаар сараас эмнэлгийн барилгын өргөтгөлийг барьж эхэлсэн. Уг асуудлаар Захиргааны хэргийн шүүхээр маргаан хянан шийдвэрлэгдэж, манай компанийн эзэмшил газар болохыг тогтоосон. Ингээд дахин 2016 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн А/131 тоот захирамжаар манай компанийн газар эзэмших эрхийг баталгаажуулсан. Сэргээн засалт, хөгжлийн үндэсний төвийн удирдлагуудад хууль бусаар барьсан зоорийн болон 5 давхар барилгыг буулгаж газар чөлөөлж өгөхийг удаа дараа шаардсан, мөн энэ талаар зохих журмын дагуу Нийслэлийн өмчийн харилцааны газарт хүсэлт гаргасан. Гэвч уг газрыг албадан чөлөөлж өгөхгүй, шүүхэд хандахыг зөвлөсөн тул хууль бусаар барьсан 5 давхар /зоорийн хамт/ барилгыг буулгаж, газрыг албадан чөлөөлүүлэх нэхэмжлэлийг гаргаж байна гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Сэргээн засалт, хөгжлийн үндэсний төв нь Төрийн өмчийн хорооны 2012 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 637 тоот тогтоолоор Сүхбаатар дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсээс барилга байгууламж бүхий үйлчилгээний зориулалттай нийтдээ 1476 м.кв талбайтай, 4 давхар, 64 өрөөтэй барилга, 1 давхар 1 өрөөтэй 54 м.кв талбайтай чулуун зоорь, дулааны шугам сүлжээ, бохир, цэвэр усны шугам, холигч, гадна бохир, бохирын шугам, 1750 м.кв талбай бүхий газрын хамт балансын эцсийн үнэ болох 560 504 780 төгрөгөөр шилжүүлэх актын дагуу хүлээн авч, балансын үнийг төлсөн. Үүнээс өмнө 2005 оны 08 дугаар сарын 31-ний өдөр “Энхийн Үйлс” ХХК нь Сүхбаатар дүүргийн Нийгмийн даатгалын хэлтэст 1476 м.кв талбай бүхий 4 давхар, 64 өрөө бүхий барилгыг 328 000 000 төгрөгөөр худалдсан, мөн энэ өдрөө “Буянт ээж” ХХК нь Сүхбаатар дүүргийн Нийгмийн даатгалын хэлтэст 54 м.кв талбайтай, 1 давхар, 1 өрөө бүхий чулуун зоорь, 950 м.кв хашаа, зам талбайн хамт 22 000 000 төгрөгөөр тус тус үл хөдлөх эд хөрөнгө худалдах,худалдан авах гэрээг хийж худалдан авсан. Энэ үед түүний доорх газрыг уг гэрээнүүдэд тусгаагүй байж байгаад маргаан үүсгэж эхэлсэн. Энэ талаар Сүхбаатар дүүргийн шүүхийн 2010 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 168 тоот шийдвэр, 2011 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн 1376 тоот шийдвэр, 2011 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 942 тоот Нийслэлийн давж заалдах шатны шүүхийн магадлал, 2012 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн 80 тоот Улсын Дээд шүүхийн хяналтын шатны шүүх хуралдааны тогтоолоор тус тус шийдвэрлэсэн. Ингэж шүүхээр шийдвэрлэгдэж байх явцад “Буянт ээж” ХХК-ийн захирал Г.Жамбалдорж дээрх гэрээний дагуу 22 000 000 төгрөгөөр худалдсан гэх зоорь, зам талбай, хашааны мөнгийг Сүхбаатар дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсээс 2005 оны 09 дүгээр сарын 08-ны өдөр авчихаад 2005 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр буюу 7 хоногийн дараа “Энхийн үйлс” ХХК-д 114 м.кв талбайтай 1 давхар, 3 өрөөтэй махны зоорь, 87 м.кв зоорь, шаттай 2 давхар 3 өрөөтэй барилга, 52 м урт блокон хашаа 800 м.кв газрын хамт 70 000 000 төгрөгөөр худалдсан мэт хуурамч гэрээг хоорондоо хийж 2011 онд 100 м.кв талбай бүхий зооринд өмчлөх эрхийн гэрчилгээг гаргуулж авсан байсан.

Мөн “Буянт ээж” ХХК нь 2005 оны 08 дугаар сарын 31-ний өдөр Сүхбаатар дүүргийн Нийгмийн даатгалын хэлтэст 54 м.кв талбай бүхий 1 өрөө 1 давхар зоорь, хашаа, зам талбайн хамт 22 000 000 төгрөгөөр худалдаад 2005 оны 09 дүгээр сарын 08-ны өдөр төлбөрийг бүрэн авчихаад дараа нь хууль бусаар 2005 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр “Энхийн үйлс” ХХК-д 114 м.кв талбайтай 1 давхар, 3 өрөөтэй зоорь, 87 м.кв талбайтай зоорь, шаттай 2 давхар 3 өрөөтэй барилга, блокон хашааг 70 000 000 төгрөгөөр худалдах, худалдан авах гэрээ хийсэн байгаа. Энэ гэрээг хууль бусаар хийж хуурамч нотлох баримт бүрдүүлж зөвхөн зооринд өмчлөх эрхийн гэрчилгээг гаргуулж авснаар маргаан үүсээд байгаа ба энэ хүний өмчлөх эрхийн гэрчилгээ гаргуулсан гэх зоорь одоогоор энэ байгууллагын газар дээр байхгүй. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 181/ШШ2017/00129 дүгээр шийдвэрээр Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 151 дүгээр зүйлийн 151.1.1 дахь заалтыг тус тус баримтлан нэхэмжлэгч Энхийн үйлс ХХК-ийн гаргасан хариуцагч Сэргээн засалт, сургалт, үйлдвэрлэлийн төвд холбогдох Энхийн үйлс ХХК-ийн эзэмшлийн Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороонд байрлах, нэгж талбарын 143052/0097 18644313090010 дугаартай 441 м.кв газарт Сэргээн засалт, сургалт, үйлдвэрлэлийн төвийн барьсан 5 давхар барилгыг буулгаж, газрыг чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь заалтад зааснаар нэхэмжлэгчээс 2016 оны 07 дугаар сарын 06-ны өдөр улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70 200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн 638 дугаар магадлалаар Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 181/ШШ2017/00129 дүгээр шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтад “151 дүгээр зүйлийн 151.1.1” гэснийг “94 дүгээр зүйлийн 94.6” гэж өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчийн төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Гэрэл-Очир хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүх газар албадан чөлөөлүүлэх нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон бөгөөд уг маргаан бүхий газрыг хууль ёсоор эзэмшиж байсан гэдэг агуулга нь өөрөө өөрийгөө үгүйсгэсэн байх бөгөөд уг маргаан бүхий газрын асуудал шийдэгдээгүй, холбогдох төрийн захиргааны байгууллагаас барилгын үйл ажиллагааг зогсоох талаар албан бичиг хүргүүлсэн, захиргааны хэргийн анхан шатны шүүхээр хэрэг маргаан шийдвэрлэгдэж, газар эзэмших эрхийг хүчингүй болгож шийдвэрлэсэн байсан нь уг газрыг хууль ёсоор эзэмшиж байгаагүй, уг газрыг хууль ёсоор эзэмших эрхгүй байсныг харуулж байна. Маргаан бүхий газрыг эзэмших эрхтэйг тогтоосон анхан болон давж заалдах, хяналтын шатны шүүхийн шийдвэр хэрэгт авагдсан байхад уг нотлох баримтуудыг ямар үндэслэлээр үнэлээгүй нь туйлын ойлгомжгүй төдийгүй, бусад шүүхийн гаргасан шийдвэрүүд түүнийг үндэслэн гарсан захиргааны байгууллагын хүчин төгөлдөр шийдвэрийг бүхэлд нь үгүйсгэсэн нь хууль зүйн үндэслэлгүй.

Давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэсэнд гомдолтой байна. Хууль бус эзэмшигч нь тухайн эзэмшиж буй эд хөрөнгийг эзэмших эрхгүй болохоо мэдсэн эсхүл мэдэх боломжтой байсан бол шударга бус эзэмшигч болно гэж ойлгогддог. Өөрөөр хэлбэл захиргааны хэргийн шүүхийн 257 тоот шийдвэр гарснаар тухайн газрыг хууль ёсоор эзэмших эрхгүй гэдгээ мэдсэн. Иргэний хуулийн 95 дугаар зүйлийн 95.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч нь тухайн газрын хууль ёсны эзэмшигч “Энхийн үйлс” ХХК-д буцаан өгөх үүрэгтэй. Нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-д зааснаар бусдын хууль бус эзэмшил, ашиглалтаас өөрийн эзэмшлийн эд хөрөнгийг өмчийн нэгэн адил шаардах эрхтэй гэж үзэж байна. Иймд шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулсан давж заалдах шатны шүүхийн магадлал Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4, 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасан шаардлагад нийцжээ.

Хоёр шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, хэргийн оролцогчийн гаргасан баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв эргэлзээгүй талаас нь үнэлсэн байна. 

Нэхэмжлэлийг хангаж өгөхийг хүссэн нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж үзэв.

Нэхэмжлэгч “Энхийн үйлс” ХХК нь хариуцагч Сэргээн засалт, сургалт, үйлдвэрлэлийн төвд холбогдуулж өөрийн эзэмшлийн 441 м.кв газраас хариуцагч байгууллагын 5 давхар өргөтгөлийн барилгыг буулгаж, газрыг чөлөөлүүлэх нэхэмжлэл гаргасныг хариуцагч зөвшөөрөхгүй, маргажээ.

“Энхийн үйлс” ХХКомпани нь Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороо, 7 дугаар хорооллын нутаг дэвсгэрт Нийслэлийн Засаг даргын 2016 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн А/131 тоот захирамжаар нэгж талбарын 143052/0097 18644313090010 дугаар бүхий 441 м.кв талбай бүхий газрыг эзэмших эрхтэй байна.

Нэхэмжлэгчийн эзэмшлийн дээрх газар дээр хариуцагч Сэргээн засалт, сургалт, үйлдвэрлэлийн төвийн өргөтгөлийн 5 давхар барилга баригдсан байх боловч хариуцагчийн эзэмшлийг хууль бус гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй талаар хоёр шатны шүүх дараах баримтад тулгуурлан үндэслэл бүхий дүгнэжээ.

 Хариуцагч Сэргээн засалт, сургалт, үйлдвэрлэлийн төв нь дээрх газар дээр 2015 оны 05 дугаар сард өргөтгөлийн барилгыг барьж байх үед уг газрыг Нийслэлийн Засаг даргын 2014 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн А/113 дугаар захирамжийн дагуу эзэмших эрхтэй байсан байна. “Энхийн үйлс” ХХКомпанийн нэхэмжлэлээр хариуцагчид газар эзэмших эрхийг олгосон Нийслэлийн Засаг даргын 2014 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн А/113 дугаар захирамжийн холбогдох хэсгийг хүчингүй болгосон Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 05 дугаар 05-ны өдрийн 257 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2015 оны 08 дугаар сарын 12-ны өдрийн 368 дугаар магадлал, Улсын Дээд шүүхийн 2015 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 298 дугаар тогтоолоор хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Эдгээр шүүхийн шийдвэрээр хариуцагчийн газар эзэмших эрх хүчингүй болсон боловч Сүхбаатар дүүргийн шүүхийн 2011 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн 1376 дугаар шийдвэр, уг шийдвэрт өөрчлөлт оруулсан Нийслэлийн шүүхийн 2011 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 942 дугаар магадлал, магадлалыг хэвээр үлдээсэн Улсын Дээд шүүхийн 2012 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн 80 дугаар тогтоолоор хариуцагчийг 1750 м.кв газрыг эзэмших эрхтэй болохыг тогтоосон, үүнд маргаж буй дээрх газар багтсан байна.

Иргэний хэргийн шүүхийн шийдвэрээр зохигчдын хооронд үүссэн газар эзэмших эрхийн маргааныг шийдвэрлэж, хариуцагчийг 1750 м.кв газрыг эзэмших эрхтэй болохыг тогтоосноор одоогийн маргаж буй  газрыг  хариуцагч хууль ёсоор эзэмших эрхтэй болохыг шийдвэрлэсэн агуулгатай тул хариуцагчийн эзэмшлийг хууль бус гэж үзэх үндэслэлгүй байжээ. Шүүхийн шийдвэрээс үзэхэд Төрийн өмчийн хорооны 2012 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 637 тоот тогтоолоор маргаан бүхий 1750 м.кв талбай бүхий газар нь Сүхбаатар дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсээс барилга байгууламжийн хамт балансын дагуу Сэргээн засалт, хөгжлийн үндэсний төвд шилжиж, уг газрыг 2012 оноос хойш эзэмшиж, ашиглаж байсан байна.

 Хөрөнгийг хууль ёсоор эзэмшиж байгаа буюу түүнийг эзэмших эрхтэй болох нь тодорхой этгээдийг шударга эзэмшигч гэж үзэхийг Иргэний хуулийн 90 дүгээр зүйлийн 90.1-д тусгажээ. Хариуцагчийн газар эзэмших эрхийг Захиргааны хэргийн шүүхийн шийдвэрээр хүчингүй болгосон хэдий ч иргэний хэргийн шүүхийн шийдвэрээр маргаж буй газрыг хариуцагч эзэмших эрхтэйг тогтоосон тул хариуцагчийн эзэмшлийг хууль бус гэж үзэх учиргүй болно.

Иймд Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт заасан үндэслэл тогтоогдоогүй тул нэхэмжлэгч “Энхийн үйлс” ХХКомпанид эд хөрөнгийг буюу тухайн газрыг шаардах эрх үүсээгүй, нэхэмжлэлийг хангах үндэслэлгүй байна.   

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн 638 дугаар магадлалыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4.-т зааснаар нэхэмжлэгчээс хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

        ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                      Х.СОНИНБАЯР

  ШҮҮГЧ                                                               П.ЗОЛЗАЯА