Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 09 сарын 28 өдөр

Дугаар 210/МА2020/02037

 

 

 

 

 

 

 

 

 

Э-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Д.Дэлгэрцэцэг, Э.Золзаяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2020 оны 08 дугаар сарын 12-ны өдрийн 184/ШШ2020/02511 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч: Э-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Т-, Б нарт холбогдох,

 

Зээлийн гэрээний үүрэгт 14 400 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

 

Хариуцагч Т-гийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Э.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Б.Нансалмаа

Хариуцагч: Т-,

Хариуцагчийн өмгөөлөгч: Л.Цэндоо,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Э.Цолмон нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би эхнэрийн төрсөн дүү Б болон түүний эхнэр Т- нарт 2019 оны 10 дугаар сарын 07-ны өдөр, Приус-30 маркийн 40-01 УАЕ улсын дугаартай автомашин худалдан авахад нь зориулж 14 400 000 төгрөгийг Хаан банк дахь О.Амарын эзэмшлийн 5063528088 тоот дансанд шилжүүлж зээл олгосон.

Т-, Б нар нь өмнөх 54-37 улсын дугаартай Приус-20 маркийн машинаа мөргөлдүүлэн эвдэлсэн ба унах унаагүй хэцүү байна, удахгүй мөнгийг чинь төлнө гэж хэлээд 14 400 000 төгрөгийг О.Амарын дансанд төлүүлж автомашин авсан боловч өнөөдрийг хүртэл зээлээ төлөөгүй.

Иймд Т-, Б нараас 14 400 000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч Т- шүүхэд болон өмгөөлөгчийн хамт шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би Э-тэй ямар нэгэн зээлийн гэрээ хийсэн болон мөнгө авсан зүйлгүй. Манайх 2019 оны 10 сард Приус-30 маркийн авто машиныг өөрсдийн мал, эд хөрөнгөө зарж борлуулсан орлогоор авсан. Б нь өөрсдийн бэлэн мөнгөө ах, эгч нарын дансанд байршуулдаг байсан ба тэдний данснаас машины төлбөрийг шилжүүлсэн байхыг үгүйсгэхгүй.

Б нь гэр бүлийн хүчирхийллийн улмаас Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрийн дагуу ял эдэлж байгаа тул түүний ах, дүү нар энэ байдлыг ашиглан Бтой тохирч зориудаар өр авлагатай мэт болгож байна. Уг авто машин нь миний эзэмшилд байгаа бөгөөд ТБ авто финанс ХХК-ийн нэр дээр байгаа. Миний бие хууль ёсны дагуу тус байгууллагаас 6 000 000 төгрөгийн зээлийг авч, гэрээний дагуу барьцаанд тавьсан гэжээ.

 

Хариуцагч Б болон түүний өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Т- нь 54-37 улсын дугаартай өмнөх тээврийн хэрэгслээ оёолд оруулан эвдэлсэн. Тэгээд бид хоёр унах унаагүй байсан учир ярилцаж байгаад хүргэн ах Э-ээс мөнгө зээлж авто машин авахаар болсон.

Ингээд 2019 оны 10 дугаар сарын 07-ны өдөр Приус-30 маркийн тээврийн хэрэгслийг О.Амараас худалдан авахаар болж, 14 400 000 төгрөгийн төлбөрийг хүргэн ах Э-ээр төлүүлсэн.

Иймд бид хоёр хүргэн ах Э-ээс зээлсэн 14 400 000 төгрөгийг хамтран төлөх ёстой гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д заасныг баримтлан Т-, Б нараас 14 400 000 төгрөгийг гаргуулан Э-ид олгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 229 950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Т-, Б нараас 229 950 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Э-ид олгож шийдвэрлэжээ.

 

Хариуцагч Т- давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Б нь надаас нууж гэр бүлийн орлогоо гэр бүлийн хэрэгцээнд бус зарцуулж байсан болох нь түүний дансны хуулгаас тодорхой харагдаж байна. Б нь ах, дүү төрөл садныхаа нэр дээр хадгалдаг байсан нь

Бын дансанд махны мөнгө гэх утга бүхий шилжин ирсэн 26 орчим сая төгрөгөөс 10 000 000 төгрөгийг 2 удаагын гүйлгээгээр төрсөн эгч болох Э-ийн эхнэр Ё.Болормаагийн 5019586010 тоот дансанд 2019 оны 03 сард шилжүүлсэнээс харж болно. 2018 оноос өмнө бид 2-ын нэр дээр идэвхитэй ашиглагддаг данс байдаггүй байсан бөгөөд зөвхөн эгч Ё.Болормаа болон хүргэн ах Э-ийнх нь дансаар гүйлгээ хийгддэг байсан.

Би уг зээлийн гэрээний хариуцагч биш бөгөөд тухай өдөр буюу 2019 оны 10 дугаар сарын 07-нд авто машин авах мөнгийг гэр бүлийн орлогоосоо буюу ахынхаа дансаар шилжүүлсэн байдлаа зээл авсан болгож нөхөж хийсэн.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулан шийдвэрлэв.

 

Нэхэмжлэгч Э- нь хариуцагч Т-, Б нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 14 400 000 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч Б зээлийн гэрээ байгуулагдсан, Т-тай хамтран төлнө гэж, хариуцагч Т- эс зөвшөөрч, зээлийн гэрээг байгуулаагүй, зээлийн мөнгөн хөрөнгө шилжиж ирээгүй тул аваагүй, зээл төлөх баталгаа гэх баримтад гарын үсэг зураагүй гэж тус тус тайлбар гарган маргажээ.

 

Нэхэмжлэгч Э- нь хариуцагч Т-, Б нартай 14 400 000 төгрөгийн зээлийн гэрээ байгуулагдсан гэх тайлбараа нотлохоор Зээл төлөх баталгаа гэх бичгийн баримт болон Төрийн банк ХХК-ийн депозит дансны харилцагчийн хуулгыг баримтаар шүүхэд гаргаж өгсөн байна.

 

Хариуцагч нарын тайлбар зөрүүтэй байгаа ба хэргийн оролцогч болох хариуцагч тус бүр өөрийн тайлбарыг гаргах эрхтэй. Т- нь зээлийн гэрээ байгуулагдаагүй гэх тайлбарыг гаргаж буй тохиолдолд нэхэмжлэгч нь Т-тай зээлийн гэрээ байгуулсан ба түүнийг Бын хамт зээлийн гэрээний хамтран үүрэг гүйцэтгэгч гэдгийг нэхэмжлэгч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар нотлох үүрэгтэй.

 

2019 оны 10 дугаар сарын 07-ны өдөр Зээл төлөх баталгаа гэх баримтад эхнэр Т-д Приус-30 маркийн авто машиныг худалдан авах зорилгоор зээлж, худалдагч О.Амарын Хаан банк дахь эзэмшлийн 5063528088 тоот дансанд шилжүүлсэн 14 400 000 төгрөгийг Р.Энхбиш ахад 2019 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн дотор төлж барагдуулах баталгааг гаргаж байна гэж Б бичиж гарын үсэг зурсан байх бөгөөд Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа Т- гэх бичвэрийг өөрөө үйлдсэн талаар тайлбарласан. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1 дэх эхсэгт зааснаар хариуцагчийн тайлбар нотолгооны хэрэгсэлд хамаарна.

 

Иймд дээрх баталгаа гэх баримтад Т- гарын үсэг зурсан буюу зээлийн гэрээг бичгээр байгуулсан гэдэг нь нотлогдохгүй байна.

 

Түүнчлэн Ё.Болормаа болон Э- нарын хамтран эзэмшлийн Төрийн банк ХХК дахь 101100042003 тоот данснаас 2019 оны 10 дугаар сарын 07-ны өдөр 5063528088 тоот дансанд 14 400 000 төгрөгийг машины үнэ Батболдоос гэх утгаар автомашины худалдагч О.Амарт шилжүүлжээ. Уг төлбөрийг Б зээл гэж хүлээн зөвшөөрч байх тул Э-тэй Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасан зээлийн гэрээний харилцаанд орсон гэж дүгнэв.

 

Т- болон О.Амар нарын хооронд 2019 оны 10 дугаар сарын 07-ны өдөр Автомашин худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан байх боловч энэ гэрээг үндэслэн Э- болон Т- нарын хооронд зээлийн гэрээ байгуулсан гэж шууд дүгнэх боломжгүй юм.

 

Иймд Э- нь Боос Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт зааснаар зээлийн гэрээний үүрэгт 14 400 000 төгрөгийг шаардах эрхтэй. Харин Т-тай зээлийн гэрээ байгуулсан гэж үзэхгүй тул түүнээс зээлийн гэрээний үүргийг шаардах эрхгүй.

 

Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1 дэх хэсэгт зааснаар гэрээг талууд хүсэл зоригоо илэрхийлснээр байгуулагдсанд тооцох боломжтой. Иймд хариуцагч Боос 14 400 000 төгрөгийг гаргуулж Э-д олгож, Т-д холбогдох нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох өөрчлөлтийг анхан шатны шүүхийн шийдвэрт оруулах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 08 дугаар сарын 12-ны өдрийн 184/ШШ2020/02511 дугаар шийдвэрийн

1 дэх заалтыг Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт зааснаар Боос зээлийн гэрээний үүрэгт 14 400 000 төгрөгийг гаргуулж Э-д олгож, Т-д холбогдох нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай. гэж өөрчлөн, найруулж,

2 дахь заалтын Т-, Б нараас гэснийг Боос гэж өөрчлөн шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1 дэх хэсэгт зааснаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 138 150 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч мөн зүйлийн 172.2 дахь хэсэгт заасан үндэслэлээр энэ хуулийн 167 дугаар зүйлд заасан магадлалд гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацаа тоолохыг дурдсугай

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ж.ОЮУНТУНГАЛАГ

 

ШҮҮГЧИД Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ

 

Э.ЗОЛЗАЯА