Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 08 сарын 12 өдөр

Дугаар 184/ШШ2020/02511

 


 

2020 08   12

184/ШШ2020/02511

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Хишигбаатар даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Сонгинохайрхан дүүргийн ..дугаар хороо, .. хороолол, .. дугаар байр, .. тоот хаягт оршин суух, эрэгтэй, .. овогт Р.Э /регистрийн дугаар: .../-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Сонгинохайрхан дүүргийн . дугаар хороо, Өнөр хороолол, .. дугаар байр, ..тоот хаягт оршин суух, эмэгтэй, Б овогт М.Т /регистрийн дугаар: .../,

Хариуцагч: Архангай аймгийн ... сум, .. дугаар баг, .. хаягт бүртгэлтэй, эрэгтэй, Ж овогт Ё.Б /регистрийн дугаар: ../ нарт холбогдох,

Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 14.400.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан шийдвэрлэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Р.Эийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Н, хариуцагч М.Т, түүний өмгөөлөгч Л.Ц, хариуцагч Ё.Б, түүний өмгөөлөгч Г.О, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар М.Төгөлдөрмөнх нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Р.Эийн шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие өөрийн эхнэрийн төрсөн дүү Ё.Б болон түүний эхнэр М.Т нарт 2019 оны 10 дугаар сарын 07-ны өдөр, Приус-30 маркийн 4.-0. УА.. улсын дугаартай автомашин худалдан авахад нь зориулж зээл өгөөч гэсний дагуу 14.400.000 төгрөгийг О.А-ын Хаан банк дахь 506352... тоот дансанд шилжүүлж зээл олгосон. Учир нь М.Т, Ё.Б нар нь өмнөх 5..-3..улсын дугаартай Приус-20 маркийн машинаа мөргөлдүүлэн эвдэж, төмрийн хогонд ачуулсан юм. Ингээд унах унаагүй хэцүү байна, удахгүй мөнгийг чинь төлнө гэж хэлээд 14.400.000 төгрөгийг О.А-ындансанд төлүүлж машин авсан боловч өнөөдрийг хүртэл зээлээ төлөөгүй. Зээлээ төл гэж шаардахаар хоорондоо муудалцсан, зодоон нүдээний асуудлаар цагдаад шалгагдаж байгаа гэх зэргээр шалтаглан төлөхгүй байгаа. Иймд М.Т, Ё.Б нараас 14.400.000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.

Хариуцагч М.Т шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: М.Т миний бие Р.Этэй ямар нэгэн зээлийн гэрээ хийсэн болон мөнгө төгрөгийн авлага өглөгийн асуудал байхгүй болно. Манайх 2019 оны 10 сард Приус-30 маркийн автомашиныг өөрсдийн мал, эд хөрөнгөө зарж борлуулсан орлогоор авсан. Манай нөхөр Ё.Б нь өөрсдийн бэлэн мөнгөө ах эгч нарынхаа дансанд байршуулдаг байсан ба тэдний данснаас машины төлбөрийг шилжүүлсэн байхыг үгүйсгэхгүй. Нөхөр Ё.Б нь гэр бүлийн хүчирхийллийн улмаас Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрийн дагуу ял эдэлж байгаа тул түүний ах дүү нар болох нэхэмжлэгч Р.Э энэ байдлыг ашиглан Ё.Бтой тохирч зориудаар зээлийн батлан даалт болон гэрээ байгуулж, өр авлагатай мэт болгож байгаа. Уг машин нь миний нэр дээр байдаг, одоогоор Тв авто финанс ХХК-ийн нэр дээр байгаа. Миний бие хууль ёсны дагуу тус байгууллагаас 6.000.000 төгрөгийн зээлийг авч, гэрээний дагуу барьцаанд тавьсан гэв.

Хариуцагч Ё.Б шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Манай эхнэр М.Т нь 5..-3..улсын дугаартай өмнөх тээврийн хэрэгслээ онхолдуулж эвдэлсэн. Тэгээд бид хоёр унах унаагүй байсан учир ярилцаж байгаад хүргэн ах Р.Эээс мөнгө зээлж машин авахаар болсон. Ингээд 2019 оны 10 сарын 07-ны өдөр Приус-30 маркийн тээврийн хэрэгслийг О.А-аас худалдан авахаар болж, 14.400.000 төгрөгийн төлбөрийг хүргэн ах Р.Эээр төлүүлсэн. Иймд бид хоёр хүргэн ах Р.Эээс зээлсэн 14.400.000 төгрөгийг хамтран төлөх ёстой гэв.

Зохигчдын тайлбар болон хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад,

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Р.Э нь хариуцагч М.Т, Ё.Б нарт автомашин худалдан авахад нь зориулж 14.400.000 төгрөг зээлдүүлсэн гэх үндэслэлээр уг мөнгийг буцаан шаарджээ. Хариуцагч Ё.Б зээлийн төлбөрийг зөвшөөрсөн бол хариуцагч М.Т зээл авах талаар Р.Этэй харилцан тохиролцоогүй гэх үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч маргажээ.

Тодруулбал, хариуцагч нар нь 14.400.000 төгрөгийг Р.Эээс авсныг үгүйсгээгүй боловч уг мөнгийг хамтран зээлсэн эсэх, эсхүл хариуцагч Ё.Б дангаар зээлсэн эсэх дээр маргасан.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч Р.Э: ...миний бие өөрийн эхнэрийн төрсөн дүү Ё.Б, түүний эхнэр М.Т нарт, 2019 оны 10 дугаар сарын 07-ны өдөр, Приус-30 маркийн тээврийн хэрэгсэл авахад нь зориулж 14.400.000 төгрөгийг зээлдүүлсэн ба зээлийн мөнгийг автомашин худалдагч О.А-ын хаан банкны 506352... дугаартай данс руу шилжүүлсэн... гэж, хариуцагч Ё.Б: ... эхнэр М.Т бид хоёр ярилцаад хүргэн ах Р.Эээс 14.400.000 төгрөг зээлж машин авахаар болсон... гэж тус тус тайлбарласан бол хариуцагч М.Т: ... би зээлийн гэрээг Р.Этэй хийгээгүй, бидний хооронд өглөг авлага байхгүй, өөрсдийн хөрөнгөөр машиныг худалдан авсан... хэмээн зөрүүтэй тайлбар гаргасан.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар талууд зөрүүтэй тайлбар, татгалзлаа хуульд заасан нотолгооны хэрэгслээр нотлох үүрэгтэй байдаг.

Зохигчдын тайлбар, хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтуудыг харьцуулан дүгнэсний үндсэн дээр нэхэмжлэгч Р.Эийг нэхэмжлэлийн шаардлагаа нотолсон гэж үзлээ.

Тухайлбал, нэхэмжлэгч Р.Э нь 2019 оны 10 дугаар сарын 07-ны өдөр,

14.400.000 төгрөгийг өөрийн данснаас худалдагч О.А-ынданс руу шилжүүлж өгсөн, мөн өдөртөө худалдагч О.Амар нь худалдан авагч М.Ттай Автомашин худалдах-худалдан авах гэрээ-г байгуулсан болох нь хэргийн баримтаар тогтоогдсон. Энэ үйл баримт нь машин худалдаж авах зорилгоор М.Т болон Ё.Б нар хамтран зээл авсан гэх Р.Эийн нэхэмжлэлийн шаардлагыг нотолж байна.

Харин хариуцагч М.Тгийн хувьд, Приус-30 маркийн тээврийн хэрэгслийг өөрийн мөнгөөр худалдаж авсан, зээлийн гэрээг Р.Этэй байгуулаагүй гэх зөрүүтэй тайлбар гаргасан боловч энэ тайлбараа нотолж чадаагүй.

Нөгөө талаас, Р.Эээс 14.400.000 төгрөгийг шууд худалдагчийн данс руу шилжүүлж, мөн өдөртөө тээврийн хэрэгслийн өмчлөх эрхийг М.Тгийн нэр дээр бүртгүүлж, түүнд хөрөнгийг эзэмшүүлснээс үзвэл 14.400.000 төгрөгийн зээлийг хариуцагч Ё.Б дангаар зээлж, өөрөө хариуцан төлөх хүсэл зоригтой байсан гэх М.Тгийн тайлбар эргэлзээтэй байна. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т зааснаар эргэлзээтэй тайлбар /нотлох баримт/-ыг шүүхийн шийдвэрийн үндэслэл болгох боломжгүй байдаг.

Мөн хариуцагч Ё.Б нь Зээл төлөх баталгаа 2019.10.07-ны өдөр гэх баримтыг үйлдэж нэхэмжлэгчид өгөхдөө эхнэр М.Тгийн нэрийг хамт бичиж нэхэмжлэгчид өгсөн байх боловч уг баримтад М.Т гарын үсэг зураагүй байна. /хх 7 дугаар тал/

Хэдийгээр дээрх бичмэл баримтад хариуцагч М.Т гарын үсэг зураагүй байх боловч энэ нь түүнийг Ё.Бтой хамтарч зээл аваагүй гэж шууд дүгнэхэд эргэлзээтэй юм. Учир нь, зээлийн мөнгө шууд худалдагч О.А-ынданс руу орсон, О.Амар нь М.Ттай гэрээ байгуулж, түүнд автомашины өмчлөх эрхийг шилжүүлж өгсөн үйл баримтыг бүхэлд нь үгүйсгэж чадахгүй байна.

Түүнчлэн хариуцагч М.Тгийн тайлбарыг шалгаж үзвэл, хариуцагч Ё.Б хүргэн ах Р.Эээс 14.400.000 төгрөгийг дангаар зээлж авсан, улмаар автомашин худалдан авч өөрийн эхнэр М.Тд бэлэглэсэн байж болох юм. Гэтэл хариуцагч Ё.Б энэ тайлбарыг үгүйсгэж, хамтран зээл авсан хэмээн зөрүүтэй тайлбар гарган маргасан. Энэ тохиолдолд хариуцагч М.Т нь тээврийн хэрэгслийг бэлэглэсэн гэх өөрт ашигтай тайлбараа нотлох үүрэгтэй ба энэ үүргээ биелүүлээгүй болно.

Хариуцагч М.Т нь: ... бид Р.Эээс зээл авах шаардлагагүй, манай нөхөр Ё.Б өөрийн хөрөнгө /мал, мах худалдан борлуулсны орлого/-ийг хүргэн ах Р.Эид хадгалуулдаг байсан, улмаар тээврийн хэрэгслийг өөрийн гэр бүлийн хөрөнгөөр авсан... хэмээн тайлбарлажээ. Хэрэгт авагдсан баримтын хэмжээнд Ё.Боос, эсхүл М.Тгаас Р.Эид мөнгө шилжүүлсэн, хадгалуулсан, улмаар уг мөнгөө буцааж авсан гэх үйл баримт тогтоогдоогүй болно.

Дээр дурдсан үндэслэлүүдээр хариуцагч нар нь 14.400.000 төгрөгийг Р.Эээс хамтран зээлсэн байх тул зээлийн төлбөрийг М.Т болон Ё.Б нар хамтран хариуцна.

Нэхэмжлэгч Р.Э болон хариуцагч М.Т, хариуцагч Ё.Б нарын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д заасан зээлийн гэрээ амаар болон бодит үйлдэл /тээврийн хэрэгслийн өмчлөх эрхийг шилжүүлж авснаар хүсэл зоригоо илэрхийлсэн/-ээр байгуулагдсан, гэрээг хүчин төгөлдөр бус гэж үзэх мөн хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д заасан үндэслэл тогтоогдоогүй, гэрээний дагуу шаардлага гаргах хуулиар тогтоосон хөөн хэлэлцэх хугацаа өнгөрөөгүй тул

нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.

Тус шүүхийн шүүгчийн 2020 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн 184/ШЗ2020/07244 дүгээр захирамжаар О.Амарыг гэрчээр дуудаж мэдүүлэг авахаар шийдвэрлэсэн боловч нэхэмжлэгч Р.Э, хариуцагч М.Т, хариуцагч Ё.Б нар нь гэрч О.А-ынмэдүүлгээс татгалзаж, шүүх хуралдааныг үргэлжлүүлэх хүсэлт гаргасан болохыг дурдах нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон,

ТОГТООХ нь:

 

1.Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д заасныг баримтлан М.Т, Ё.Б нараас 14.400.000 төгрөгийг гаргуулан Р.Эид олгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 229.950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч М.Т, Ё.Б нараас 229.950 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Р.Эид олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд хандаж гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ХИШИГБААТАР