Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 05 сарын 31 өдөр

Дугаар 221/МА2018/0309

 

“Э ц” ХХК-ийн нэхэмжлэлтэй

 захиргааны хэргийн тухай

                         

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч О.Номуулин даргалж, шүүгч Ц.Сайхантуяа, шүүгч Э.Зоригтбаатар нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Даваажаргал, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ө.Э-О нарыг оролцуулан хийж, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн 128/ШШ2018/0193 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ө.Э-О-ын гаргасан давж заалдах гомдлоор, “Э ц” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргад холбогдох захиргааны хэргийг, шүүгч Э.Зоригтбаатарын илтгэснээр хянан хэлэлцээд, 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн 128/ШШ2018/0193 дугаар шийдвэрээр: Ашигт малтмалын тухай хууль /2006/-ийн 19 дүгээр зүйлийн 19.1.16-д заасныг баримтлан “Ашигт малтмал газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2017 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн 444 дүгээр шийдвэрийг хүчингүй болгуулж, NE-027091 дугаартай өргөдлийн дагуу ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгохыг даалгах” нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ө.Э-Ө давж заалдах гомдолдоо: “...Шүүхийн шийдвэрийг дор дурдсан үндэслэлээр хүлээн зөвшөөрөх боломжгүй тул давж заалдах журмаар гомдол гаргаж байна.

1. Шүүх хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн.

a. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн.

Нэхэмжлэгч “Э ц” ХХК нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай  хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.1, 106.3.4-д заасны дагуу “Э ц” ХХК-д ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгохоос татгалзаж шийдвэрлэсэн шийдвэр нь хууль бус болохыг тогтоолгож, тусгай зөвшөөрөл олгох шийдвэр гаргахыг хариуцагчид даалгах”-аар нэхэмжлэл гаргасан.

Шүүхээс Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2017 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн 444 дүгээр шийдвэрийг Ашигт малтмалын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.4-ыг зөрчиж “хуулийн хугацаа өнгөрсөн байхад хүлээн зөвшөөрсөн гэж үзээгүй”, мөн хуулийн 19 дүгээр зүйлийн 19.5-д зааснаар “хуульд заасан үндэслэлээр гараагүй засаг даргын татгалзсан саналыг үндэслэж” шийдвэр гаргасан нь Ашигт малтмалын тухай хуулийн дээрх заалтуудыг зөрчсөн буруу шийдвэр гэж нэгтгэн дүгнэсэн.

Гэсэн хэдий ч шүүхээр маргаан хянан шийдвэрлэх явцад Ашигт малтмалын тухай хуульд 2017 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн хуулиар Ашигт малтмалын тухай хуулийн 19 дүгээр зүйл бүхэлдээ хүчингүй болж хайгуулын зөвшөөрлийг сонгон шалгаруулалтаар олгох болсон тул нэхэмжлэлийг хангах үндэслэлгүй гэжээ.

 Тодруулбал “маргаан бүхий захиргааны акт нь хууль бус бөгөөд түүний улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн бол түүнийг хүчингүй болгож нэхэмжлэгчийн эрхийг сэргээн эдлүүлэх шүүхийн үйл ажиллагааны зорилго болно” гэжээ. 

Дээрх шийдлээр захиргааны акт хууль бус байна гэхдээ хүчингүй болгохгүй гэсэн шийдвэр гарсан.

Захиргааны акт хууль бус болохыг тогтоосон бол хүчингүй болгож нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хангасан захиргааны акт гаргахыг даалгах байдлаар эрхийг сэргээн эдлүүлэх нь өөрөө шүүхийн үйл ажиллагааны зарчим.

Харин хууль бус шийдвэр хууль ёсны болж үлдэх боломж байхгүй. 2017 оны 07 дугаар сарын 27-ны өдөр хууль бус шийдвэр гаргасан өдрөө нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн. Өөрөөр хэлбэл нэгэнт зөрчигдсөн эрхээ нөхөн сэргээлгэхээр захиргааны хэргийн шүүхэд хандсан. Харин зөрчигдөж болзошгүй эрхээ хамгаалуулахаар нэхэмжлэл гаргаагүй. Түүнээс хойш маргааш нь ч гэсэн хууль ямар ч байдлаар өөрчлөгдсөн тухайн өдрийн нэхэмжлэгчийн эрхэд халдсан хууль бус халдлагыг зөвтгөх үндэслэл болохгүй.

Гэвч шүүхийн шийдэл Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1-д “Энэ хуулийн зорилт нь хүн, хуулийн этгээдээс захиргааны байгууллагын хууль бус үйл ажиллагааны улмаас зөрчигдсөн, эсхүл зөрчигдөж болзошгүй эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар, түүнчлэн нийтийн ашиг сонирхлыг төлөөлөх эрх бүхий этгээд, хуульд заасан бол захиргааны байгууллагаас гаргасан нэхэмжлэлийн дагуу захиргааны хэргийг шүүхэд хянан шийдвэрлэхтэй холбогдсон харилцааг зохицуулахад оршино” гэж заасан шүүхийн зорилгодоо нийцсэнгүй.

Нэхэмжлэгч Ашигт малтмалын хуулийн 19 дүгээр зүйл хүчин төгөлдөр байх үед түүнийг зөрчиж гаргасан хариуцагчийн шийдвэртэй холбогдуулан тус зүйл хүчин төгөлдөр байхад шүүхэд нэхэмжлэл гаргасан тул шүүх тухайн цаг хугацааны хууль тогтоомжид нийцүүлэн шийдвэрээ гаргах ёстой.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.1, 106.3.4-д заасныг буруу тайлбарлаж хэрэглэсэн.

b. Захиргааны ерөнхий хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн.

Шүүхийн шийдвэрт “Ашигт малтмалын тухай хуулийн нэмэлт өөрчлөлт орж “өргөдлөөр олгохоо болж шинэ өөрчлөлтөөр сонгон шалгаруулалтаар олгох болсон тул хариуцагчид хуулиар олгоогүй үүргийг даалгаж шийдвэрлэх нь Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2-т “Захиргааны үйл ажиллагаанд дараах тусгай зарчмыг баримтална”, 4.2.1-д “хуульд үндэслэх” гэж заасныг зөрчихөөр байна” гэжээ. Тус үндэслэлийг хууль хэрэглээний ноцтой алдаа гэж үзэж байна.

Харин ч Захиргааны ерөнхий хуулийн дээрх тусгай зарчмыг 2017 оны 07 дугаар сарын 27-ны өдөр хэрэгжүүлсэн эсэхэд шүүх хяналт тавих ёстой байгаад Ашигт малтмалын хуулийн холбогдох заалтыг зөрчсөн байна гэж дүгнэсэн өөрийн өмнөх дүгнэлтээрээ дээрх зарчим зөрчигдсөн гэж үзсэн. Тус зарчим зөрчигдсөн бол түүний үйл ажиллагааг хуульд нийцүүлэх нь захиргааны шүүхийн үндсэн ажил.

Захиргааны хэргийн шүүх захиргааны өнгөрсөн хугацаанд гаргасан шийдвэрийг тухайн цаг хугацаандаа хуульд нийцүүлэн гаргасан эсэхийг хянадаг хөндлөнгийн байгууллага болохоос өөрөө захиргааны байгууллага биш.

Тиймээс даалгах нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэх эсэх шүүхийн үйл ажиллагаанд Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.1-д заасныг хэрэгжүүлэх ёсгүй. Шүүх зөвхөн Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийг хэрэгжүүлж Захиргааны ерөнхий хуулийг хэрэглэнэ.

2. Шүүх хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн.

Захиргааны шүүх маргаан бүхий “захиргааны акт” нь хуульд зөрчсөн эсэх, түүний улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөгдсөн эсэхийг хянана.

Захиргааны акт хууль ёсны байх гэдэг нь акт гарах үед хүчин төгөлдөр үйлчилж байсан хууль тогтоомжид нийцэн гарсан байхыг ойлгоно. Нөгөө талаас захиргааны байгууллагаас хууль ёсны үйлчилгээ авах иргэн, хуулийн этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхол гэдэг ч үүнтэй нэгэн адил хамаатай.

Харин акт гарснаас гарч хүчин төгөлдөр үйлчилж эхэлсэн хууль нэгэнт гаргасан захиргааны актыг зөвтгөх эсвэл буруутгах үндэслэл болохгүй тул шүүх тийм хуулийн хэрэглэхгүй.

Иймд 2017 оны 07 дугаар сарын 24-ний өдөр үйлчилж байсан Ашигт малтмалын хуулийн холбогдох заалтыг шүүх хэрэглэж шийдвэрээ гаргах ёстой болохоос маргаан шийдвэрлэх хугацаанд буюу 2017 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр хүчин төгөлдөр үйлчилж эхэлсэн Ашигт малтмалын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.16-д заасныг  шүүх хэрэглэж улмаар үндэслэж шийдвэрлэх ёсгүй.

Иймд шүүхийн шийдвэр Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.2-т “Шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна”  гэж заасан үндсэн шаардлагыг хангаагүй.

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд хянан хэлэлцээд тус шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 27-ны 0193 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд хангаж өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлын хүрээнд хянав.

Анхан шатны шүүхэд “Э ц” ХХК-аас “Ашигт малтмал газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2017 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн 444 дүгээр шийдвэрийг хүчингүй болгуулж, NE-027091 дугаартай өргөдлийн дагуу ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгохыг даалгах” шаардлага бүхий  нэхэмжлэл гаргажээ. Шүүх нэхэмжлэлийн шаардлага тус бүрт дүгнэлт хийж агуулгын хувьд зөв шийдвэрлэсэн байна. Гэхдээ нэхэмжлэлийн эхний шаардлагын тухайд үндэслэл бүхий дүгнэлт хийгээгүй байгаа болохыг тэмдэглэх нь зүйтэй.

Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2017 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн 444 дүгээр шийдвэрээр “Засаг даргаас дэмжихгүй санал ирүүлсэн” гэсэн үндэслэлээр 22 хуулийн этгээдэд хайгуулын тусгай зөвшөөрөл олгохоос татгалзаж шийдвэрлэжээ.

Ийнхүү шийдвэрлэх болсон үндэслэлээ “Аймгийн Засаг даргын саналын хууль зүйн үндэслэлийг манай байгууллага хянах зохицуулалт байхгүй, маргаан бүхий акт нь аймгийн Засаг даргаас “дэмжихгүй” саналд үндэслэж гарсан тул хууль зүйн үндэслэлтэй” хэмээн тайлбарлаж байгааг буруутгах боломжгүй. Аймгийн Засаг даргын “дэмжихгүй” саналыг хүчингүй болгох эрх Ашигт малтмал, газрын тосны газар болон түүний Кадастрын хэлтэст байхгүй. Аймгийн Засаг даргын “дэмжихгүй” саналтай маргах эсэх нь нэхэмжлэгчийн өөрийн эрхийн асуудал.

Тухайн үед хүчин төгөлдөр үйлчилж байсан Ашигт малтмалын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.6-д “Аймаг, нийслэлийн Засаг дарга энэ хуулийн 19 дүгээр зүйлийн 19.2.2, 19.2.5-д заасан саналыг дэмжсэн хариу өгсөн бол төрийн захиргааны байгууллага тухайн талбайд хайгуулын тусгай зөвшөөрөл олгох шийдвэр гаргаж...” гэснээс үзвэл Засаг дарга “дэмжсэн санал” ирүүлсэн тохиолдолд хайгуулын тусгай зөвшөөрөл олгох шийдвэр гаргах, харин Засаг дарга татгалзсан тохиолдолд хайгуулын тусгай зөвшөөрөл олгох боломжгүй гэж ойлгохоор байх тул маргаан бүхий акт гаргасан хариуцагчийг буруутгах боломжгүй.

Өөрөөр хэлбэл, төрийн захиргааны байгууллагаас гаргах шийдвэр нь Засаг даргын дэмжсэн, эсхүл татгалзсан саналаас шууд хамааралтай байгаагаараа Засаг даргын санал нь бие даасан эрх зүйн үр дагавар бүхий захиргааны акт бөгөөд Засаг дарга “дэмжихгүй” санал ирүүлсэн тохиолдолд хариуцагч нь тухайн санал хуульд нийцсэн, үндэслэлтэй эсэхийг шалгах үүргийг хуулиар хүлээгээгүй байна гэж үзэв.

Гэтэл анхан шатны шүүх Засаг даргын “дэмжихгүй” санал хүчин төгөлдөр байгаа нөхцөл байдлыг анхаараагүй, энэ хэргийн хариуцагч тухайн Засаг дарга биш байхад “дэмжихгүй” саналын хууль зүйн үндэслэлд дүгнэлт өгч хайгуулын тусгай зөвшөөрөл олгох эрх бүхий төрийн захиргааны байгууллагын хуульд заагаагүй чиг үүргийг хэрэгжүүлэх боломжтой мэтээр дүгнэсэн нь буруу болжээ.

Мөн Ашигт малтмалын тухай хуулийн 19 дүгээр зүйл бүхэлдээ 2018 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс хүчингүй болсон. Өөрөөр хэлбэл, хайгуулын тусгай зөвшөөрлийг гагцхүү сонгон шалгаруулалтаар олгох эрх зүйн зохицуулалт үйлчилж эхэлснээр хүчингүй болсон хуулийн дагуу гаргасан өргөдөлд заасан талбайд ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгох асуудлыг зохих хууль, журмын дагуу шийдвэрлэхийг төрийн захиргааны байгууллагад даалгах боломжгүй юм. Энэ талаар анхан шатны шүүх үндэслэл бүхий дүгнэлт хийжээ.

Тодруулбал: Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2017 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн 444 дүгээр шийдвэрийн холбогдох хэсгийг хүчингүй болгосноор нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол сэргэхээргүй байх ба нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь шүүхийн шийдвэрээр зөрчигдсөн эрх, хууль ёсны ашиг сонирхол хангагдах зарчимд нийцэхгүй болохоор байна.

Учир нь хариуцагч байгууллага нь “Э ц” ХХК-ийн хайгуулын тусгай зөвшөөрөл хүсч гаргасан NE-027091 дугаартай өргөдлийг хүлээн авснаас хойш 2 жил гаруйн дараа шийдвэрлэсэн, улмаар нэхэмжлэгч урьдчилан шийдвэрлэх ажиллагаа хийлгэж, шүүхэд маргаан хянагдаж байх явцад Улсын Их Хурлаас Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай 2017 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн хуулиар Ашигт малтмалын тухай хуулийн 19 дүгээр зүйлийг хүчингүй болгосон нь нэхэмжлэгч байгууллагын эрхийг үгүйсгэх нөхцөл болохгүй талаар нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн тайлбар үндэслэлтэй хэдий ч шүүхээс хүчингүй болсон хуулийг үндэслэж захиргааны актыг хүчингүй болгох, улмаар хайгуулын тусгай зөвшөөрөл олгохыг даалгаж шийдвэрлэх боломжгүй.

Иймээс “Э ц” ХХК-ийн “Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2017 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн 444 дүгээр шийдвэрийн холбогдох хэсгийг хүчингүй болгуулж, NE-027091 дугаартай өргөдлийн дагуу ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгохыг даалгах” тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэлээ. Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг шийдвэрийг хэвээр үлдээв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1 дэх хэсгийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн 128/ШШ2018/0193 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ө.Э-О-ын давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 51 дүгээр зүйлийн 51.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “Эц” ХХК-аас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан эсхүл хүргүүлсэн өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

                               ШҮҮГЧ                                                           О.НОМУУЛИН

                               ШҮҮГЧ                                                          Ц.САЙХАНТУЯА

                               ШҮҮГЧ                                                          Э.ЗОРИГТБААТАР