Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 04 сарын 24 өдөр

Дугаар 210/МА2020/00919

 

 

 

 

 

2020 оны 04 сарын 24 өдөр

Дугаар 210/МА2020/00919

 

 

Х ХХК-ийн

нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч С.Энхтөр даргалж, шүүгч Г.Даваадорж, Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн 181/ШШ2020/00551 дугаар шийдвэртэй Х ХХК-ийн хариуцагч М. ХХК-д холбогдуулан гаргасан зээлийн гэрээний үүрэгт 29 912 919 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн, Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Г, хариуцагчийн төлөөлөгч Э.Т, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Болдсайхан нар оролцов.

Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: М. ХХК нь 2018 оны 03 сарын 26-ны өдрийн зээлийн болон үл хөдлөх эд хөрөнгө, түүнтэй холбоотой барьцааны гэрээний дагуу 30 000 000 төгрөгийг сарын 1.9 хувийн хүүтэйгээр 48 сарын хугацаатай хөрөнгө оруулалтын зориулалтаар авсан. Зээлдэгч М. ХХК нь зээлийн гэрээгээр хүлээсэн үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар иргэн Э.Түвшинтулгын өмчлөлийн улсын бүртгэлийн Ү-2203014289 дугаарт бүртгэгдсэн, Сүхбаатар дүүрэг, 15 дугаар хороо, Дамбадаржаа 23 дугаар гудамж, 266 тоот хаягт байрлах 351.20 м.кв талбайтай хувийн сууц, мөн дээрх хаягт байрлалтай нэгж талбарын 18644317016709 дугаартай, улсын бүртгэлийн Г-2203001033 дугаарт бүртгэгдсэн 357.48 м.кв талбайтай гэр бүлийн хэрэгцээний өмчлөх эрхийн газрын хамт барьцаалсан. Зээлдэгч нь зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй, зээлийн эргэн төлөлтийн хуваарийг удаа дараа ноцтойгоор зөрчсөн тул 2019 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн байдлаар үндсэн зээл 25 329 778.75 төгрөг, үндсэн хүү 4 468 311.81 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 97 328.83 төгрөг, шүүхэд нэхэмжлэхтэй холбогдон гарсан зардал 17 500.00 төгрөг, нийт 29 912 919.39 төгрөгийг гаргуулж өгнө үү. Мөн хариуцагч шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд зээлийн барьцаа хөрөнгүүдийг албадан дуудлага худалдаагаар худалдаж зээл, зээлийн үндсэн болон нэмэгдүүлсэн хүүг албадан төлүүлэх талаар шүүхийн шийдвэрт тусгайлан зааж өгнө үү гэжээ.

Хариуцагчийн шүүхэд гаргасан тайлбарт: Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна. Манай М. ХХК-ийн үйл ажиллагаа 2018 оны 3 дугаар сараас ажилгүйн улмаас 80% зогсонги байдалд байгаа. Иймд компаний зүгээс дээрх зээлээ 2019 оны 11 дүгээр сараас эхлэн сар бүр 357 000 төгрөгийг төлж барагдуулах хүсэлтэй байна гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1, 453 дугаар зүйлийн 453.1. дэх хэсэгт зааснаар хариуцагч М. ХХК-аас 29 895 419,39 /хорин есөн сая найман зуун ерөн таван мянга дөрвөн зуун арван есөн төгрөг гучин есөн мөнгө/ төгрөг гаргуулж, Худалдаа хөгжлийн банк ХХК-д олгож, Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч үүргийн гүйцэтгэлийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд барьцаа хөрөнгө болох иргэн Э.Түвшинтулгын өмчлөлийн улсын бүртгэлийн Ү-2203014289 дугаарт бүртгэгдсэн, Сүхбаатар дүүрэг, 15 дугаар хороо, Дамбадаржаа 23 дугаар гудамж, 266 тоот хаягт байрлах 351.20 м.кв талбайтай хувийн сууц, мөн дээрх хаягт байрлалтай нэгж талбарын 18644317016709 дугаартай, улсын бүртгэлийн Г-2203001033 дугаарт бүртгэгдсэн 357.48 м.кв талбайтай гэр бүлийн хэрэгцээний өмчлөх эрхийн газар зэргийн үнийн дүнгээс Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан журмын дагуу хангуулахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт үүрэг болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Х ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 489271 төгрөгийг улсын төсвийн дансанд хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 307 427 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Худалдаа хөгжлийн банк ХХК-д олгож шийдвэрлэжээ.

Хариуцагчийн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдолд: Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч, төлөхөө илэрхийлэн хариу тайлбар гаргасан. Харин 2020 оны 01 сарын 16-ны өдөр гаргасан нэмэгдүүлсэн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь Худалдаа хөгжлийн банк" ХХК болон манай Мянган галын тулга" ХХК-ийн хооронд байгуулагдсан зээлийн гэрээ 2019 оны 08 сарын 23-ны өдөр цуцлагдсан, Х ХХК зээлийн гэрээг цаашид үргэлжлүүлэх боломжгүй болж, гэрээнээс татгалзаж байгааг мэдэгдсэн саналыг хүлээн зөвшөөрч, зээлийн үлдэгдэл төлбөрөө төлөхөө илэрхийлсэн. Нэхэмжлэгч тал зээлийн гэрээнээс татгалзаж, гэрээний харилцааг дуусгавар болгон гэрээнээс үлдсэн үүргийг шүүхийн журмаар гаргуулахаар нэхэмжилсэн. Гэтэл шүүх гэрээний харилцаа үргэлжилж байсан буюу шүүхийн журмаар зээлийн гэрээг цуцалж байгаа мэтээр ойлгож хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн. Зээлийн гэрээний харилцаа 2019 оны 08 сарын 23-ны өдөр дуусгавар болсон байхад үүнийг анхаарч үзэлгүйгээр 2019 оны 08 сарын 23-ны өдрөөс 2020 оны 01 сарын 17-ны өдрийг хүртэл хугацааны зээлийн үндсэн хүү, нэмэгдүүлсэн хүүд нийт 2 400 529.53 төгрөг гаргуулах шаардлагыг хангаж шийдвэрлэснийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Мөн шүүхийн шийдвэрийн тодорхойлох хэсэгт: ...компаний зүгээс дээрх зээлээ 2019 оны 11 сараас эхлэн сар бүр 357 000 төгрөгийг төлж барагдуулах хүсэлтэй байгаа ... гэсэн тайлбарыг оруулж, нэмэгдүүлсэн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа талаарх хариуцагчийн хариу тайлбарыг огт дурдаагүй орхигдуулсан байна. Иймд Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрийн 1 дэх хэсэгт өөрчлөлт оруулж 29 895 419.39 төгрөг гэснийг 27 494 889.86 төгрөг гэж өөрчилж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулсан боловч маргааны үйл баримтад хамааралтай хуулийн зохицуулалтыг зөв тайлбарлан хэрэглээгүйн улмаас шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй байна.

 

Нэхэмжлэгч Х ХХК нь хариуцагч М. ХХК- д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 29 912 919 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч нэмэгдүүлсэн шаардлага болох 2019 оны 08 дугаар сарын 23-ны өдрөөс 2020 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийг хүртэл хугацааны зээлийн үндсэн хүү 2 325 898 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 74 631 төгрөг, нийт 2 400 529 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргажээ.

 

Хариуцагч М. ХХК нь нэхэмжлэгч Х ХХК-тай 2018 оны 03 дугаар сарын 26-ны өдөр зээлийн болон барьцааны гэрээ байгуулж, 30 000 000 төгрөгийг 4 жилийн хугацаатай, сарын 1.9 хувийн хүүтэй зээлдэн авч, үүргийн гүйцэтгэлд Э.Түвшинтулгын өмчлөлийн Сүхбаатар дүүрэг, 15 дугаар хороо, Дамбадаржаа 23 дугаар гудамж, 266 тоот хаягт байрлах 351.20 м.кв талбайтай хувийн сууц, 357.48 м.кв талбайтай газар зэргийг барьцаалсан байна. /хх 9-17/

 

Шүүх талуудын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 156 дугаар зүйлийн 156.1 дэх хэсэгт заасан зээл, барьцааны гэрээний харилцаа үүссэн гэж эрх зүйн харилцааг зөв тодорхойлжээ.

 

Хариуцагч нь зээлийн гэрээний хуваарьт заасны дагуу төлбөр төлөх үүргээ 2019 оны 05 дугаар сарын 31-ний өдрөөс нэхэмжлэгчийг шүүхэд нэхэмжлэл гаргах өдөр хүртэл хугацаанд биелүүлээгүй үйл баримт зохигчдын тайлбар, зээл эргэн төлөлтийн хуваарь, зээл, зээлийн хүүгийн тооцоолол зэрэг баримтаар тогтоогдсон, талууд энэ талаар маргаагүй. /хх 18, 32/ Хариуцагчийн зүгээс зээлийн гэрээний дагуу авсан зээлийн үлдэгдэл, төлөгдөөгүй байгаа хүү, нэмэгдүүлсэн хүүд нийт 27 512 389 төгрөг төлөхийг зөвшөөрсөн агуулгатай тайлбарыг шүүхэд гаргаж байсан байна. /хх 41/

Нэхэмжлэгч хариуцагчийн үүргийн зөрчилтэй холбогдуулан гэрээг цуцалж, түүнээс үүсэх үр дагавартай холбогдуулан нэхэмжлэлийн шаардлагаа 2019 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн байдлаар төлөгдөөгүй үндсэн зээл 25 329 778 төгрөг, зээлийн хүү 2 142 413 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 22 697 төгрөг, нийт 27 494 888 төгрөг гаргуулахаар тодорхойлж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад үндсэн зээлийн хүүд 2 325 898 төгрөг, нэмэгдүүлсэн хүүд 74 631 төгрөг, нийт 2 400 529 төгрөгөөр нэмэгдүүлсэн байна.

Талуудын хооронд 4 жилийн хугацаатай зээлийн гэрээ байгуулагдсан байх ба нэхэмжлэгч нь 2019 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр буюу шүүхэд нэхэмжлэл гаргах замаар хариуцагчийг гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн гэх үндэслэлээр гэргээнээс татгалзсан нь Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1 дэх хэсэгт заасантай нийцсэн.

Нэхэмжлэгч 2019 оны 09 дүгээр сарын 20-ны өдрөөс гэрээг цуцалж, үндсэн зээлийг хугацаанаас өмнө буцаан шаардсан атлаа нэхэмжлэлийн шаардлагаа нэмж хариуцагчаас 2020 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийг хүртэл хугацааны зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү гаргуулахаар нэхэмжилсэн нь хууль зүйн үндэслэлгүй. Учир нь Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1 дэх хэсэгт зааснаар гэрээнээс татгалзсан тохиолдолд мөн хуулийн 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт зааснаар гэрээний дагуу шилжүүлсэн зүйлээ буцаан шаардах үр дагавар үүснэ. Тодруулбал, нэхэмжлэгч тал зээлийн гэрээнээс татгалзаж байгаа бол хариуцагчаас зээлийн мөнгөн хөрөнгийг хугацаанаас өмнө буцаан гаргуулах, уг хугацаа хүртэл үүссэн хүү төлөх үүргийг шаардах эрх үүсэх бөгөөд гэрээ цуцалснаас хойш үргэлжлүүлэн зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү төлөхийг шаардах эрхгүй юм. Хариуцагч үндсэн үүрэг үүсгэсэн гэрээнээс татгалзаж, цуцлах хүртэл үүссэн үүргийг биелүүлэх ёстой.

Иймд анхан шатны шүүх энэ талаар үндэслэл муутай дүгнэлт хийж, хариуцагчаас гэрээ цуцлагдсанаас хойшхи хугацааны зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүд нийт 2 400 529 төгрөг гаргуулахаар шийдвэрлэснийг залруулж өөрчлөв.

Дээр дурдсан үндэслэлээр хариуцагчийн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангаж, шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулав.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1.   Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн 181/ШШ2020/00551 дугаар шийдвэрийн 1 дэх заалтад ... 29 895 419 төгрөг... гэснийг ... 27 494 890 төгрөг... гэж,

3 дахь заалтад ... 307 427 төгрөг ... гэснийг ... 295 424 төгрөг... гэж өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

2.   Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагчийн төлөөлөгчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 53 360 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө ирж гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ С.ЭНХТӨР

 

ШҮҮГЧ Г.ДАВААДОРЖ

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ж.ОЮУНТУНГАЛАГ