Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 01 сарын 21 өдөр

Дугаар 181/ШШ2020/00551

 

       2020         02          21  

 181/ШШ2020/00551

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

                     

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Ичинхорлоо даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: ХХБХХК -ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: МХХК  -д холбогдох

зээлийн гэрээний үүрэгт 29.912.919,39 төгрөг гаргуулж, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Г, нарийн бичгийн дарга Ч.Билгүүн нар оролцов.

                                    ТОДОРХОЙЛОХ НЬ: 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

            МХХК нь тус банктай 2018 оны 3 дугаар сарын 26-ны өдөр №ЗГ/ВСС180323032-1 тоот Зээлийн гэрээ, №ЗБ/ВСС 180323032-1-1 тоот Үл хөдлөх эд хөрөнгө, түүнтэй холбоотой барьцааны гэрээ, №ЗБ/92-01 тоот Үл хөдлөх эд хөрөнгө, түүнтэй холбоотой барьцааны гэрээ, №БГ/ВСС180323032-1 болон №БГ/ВСС180323032-2 тоот Баталгааны гэрээнүүдийг тус тус байгуулан 30,000,000.00 төгрөгийн зээлийг сарын 1.90 хувийн хүүтэйгээр 48 сарын хугацаатай хөрөнгө оруулалтын зориулалтаар зээлж авсан.

Зээлдэгч МХХК нь 2018 оны 3 дугаар сарын 26-ны өдрийн №ЗГ/ВСС 180323032-1 тоот Зээлийн гэрээгээр хүлээсэн үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар иргэн Э.Түвшинтулгын өмчлөлийн улсын бүртгэлийн Ү-2203014289 дугаарт бүртгэгдсэн, Сүхбаатар дүүрэг, 15 дугаар хороо, Дамбадаржаа 23 дугаар гудамж, 266 тоот хаягт байрлах 351.20 м.кв талбайтай хувийн сууц, мөн дээрх хаягт байрлалтай нэгж талбарын 18644317016709 дугаартай, улсын бүртгэлийн Г-2203001033 дугаарт бүртгэгдсэн 357.48 м.кв талбайтай гэр бүлийн хэрэгцээний өмчлөх эрхийн газрын хамт барьцаалсан.

Зээлдэгч нь зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй, зээлээ төлөлгүй, зээлийн эргэн төлөлтийн хуваариа удаа дараа ноцтойгоор зөрчиж ирсний улмаас 2019 оны 8 дугаар сарын 23-ны өдрийн байдлаар зээл, зээлийн хүүгийн төлбөр нь:

Үндсэн зээл 25,329,778.75 төгрөг, зээлийн үндсэн хүү 4,468,311.81 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 97,328.83 төгрөг, шүүхэд нэхэмжлэхтэй холбогдон гарсан зардал 17,500.00 төгрөг, нийт 29,912,919.39 төгрөгийг хариуцагч МХХК-иас гаргуулан өгнө үү. Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байгаа ч бид итгэхгүй байгаа тул хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх боломжгүй, мөн хариуцагч шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд зээлийн барьцаа хөрөнгүүдийг албадан дуудлага худалдаагаар худалдаж зээл, зээлийн үндсэн болон нэмэгдүүлсэн хүүг албадан төлүүлэх талаар шүүхийн шийдвэрт тусгайлан зааж өгнө үү гэв.

Хариуцагч шүүхэд ирүүлсэн тайлбартаа: 

МХХК-нь нэхэмжлэгч ХХБны нэхэмжилж буй үндсэн зээл, зээлийн үндсэн болон нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрийг хүлээн зөвшөөрч байна.

Манай МХХК-ийн үйл ажиллагаа 2018 оны 3 дугаар сараас ажилгүйн улмаас 80% зогсонги байдалд байгаа болно

Иймд компаний зүгээс дээрх зээлээ 2019 оны 11 дүгээр сараас эхлэн сар бүр 357.000 төгрөгийг төлж барагдуулах хүсэлтэй байна гэжээ.

Нэхэмжлэл, зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад              

            ҮНДЭСЛЭХ НЬ:

Нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэстэй.

Нэхэмжлэгч ХХБХХК нь хариуцагч МХХК- д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 29.912.919,39 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Нэхэмжлэгч ХХБХХК, хариуцагч МХХК нарын хооронд 2018 оны 3 дугаар сарын 26-ны өдөр ЗГ/ВВС180323032-1 дугаартай Зээлийн гэрээ байгуулагдаж 30.000.000 /гучин сая/ төгрөгийг жилийн 22,8%-ийн хүүтэй, 48 сар /4жил/-ын хугацаатай, хугацаа хэтрүүлсэн тохиолдолд нэмэгдүүлсэн хүү төлөхөөр тус тус тохирон зээл авч зээлийн барьцаанд

1. Иргэн Э.Түвшинтулгын өмчлөлийн улсын бүртгэлийн Ү-2203014289 дугаарт бүртгэгдсэн, Сүхбаатар дүүрэг, 15 дугаар хороо, Дамбадаржаа 23 дугаар гудамж, 266 тоот хаягт байрлах 351.20 м.кв талбайтай хувийн сууц,

2. мөн дээрх хаягт байрлалтай нэгж талбарын 18644317016709 дугаартай, улсын бүртгэлийн Г-2203001033 дугаарт бүртгэгдсэн 357.48 м.кв талбайтай гэр бүлийн хэрэгцээний өмчлөх эрхийн газар зэргийг барьцаалсан болох нь зохигчийн тайлбар, 12/16-87 дугаартай Зээлийн гэрээ, №12/17-107 дугаартай Барьцааны гэрээ, №ЗГ/ВВС180323032-1 дугаартай Зээлийн гэрээ, БГ/ВВС180323032-1-1 дугаартай барьцааны гэрээ, зээл эргэн төлөлтийн хуваарь, баталгааны гэрээ, ХХБХХК болон МХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээ, эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн гэрчилгээ, газар өмчлөх эрхийн гэрчилгээ болон бусад нотлох баримтуудаар тогтоогдож байна. /х.х-ийн 9-24-р хуудас /

Дээрх зээлийн гэрээгээр ХХБХХК нь 30.000.000 /гучин сая/ төгрөгийг зээлдэгчид шилжүүлэх, МХХК нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, хүү, нэмэгдүүлсэн хүү төлөх, үүрэг тус тус хүлээж, гэрээг бичгээр байгуулж талууд гарын үсэг зурсан байх тул Иргэний хуулийн 42 дугаар зүйлийн 42.2, 451 дүгээр зүйлийн 451.1-т заасны дагуу хүчин төгөлдөр гэрээнүүд гэж үзнэ. /хх-ийн 9-12-р хуудас/

Талууд зээлийн дүн, эргэн төлөлтийн хуваарь, гэрээнүүдийн хүчин төгөлдөр эсэх талаар маргаагүй болно.

Дээрх зээлийн барьцаанд МХХК-ийн захирал Э.Түвшинтулгын өмчлөлийн үл хөдлөх хөрөнгө, газар зэргийг барьцаалсан 2018 оны 3 дугаар сарын 26-ны өдөр № БГ/ВВС180323032-1-1 дугаартай Барьцааны гэрээ, № БГ/ВВС180323032-1,№ БГ/ВВС180323032-2 дугаартай Баталгааны гэрээний хүчин төгөлдөр эсэх талаар маргаагүй болно.

Талуудын хооронд байгуулагдсан зээлийн гэрээ хүчин төгөлдөр учир гэрээнд заасан үүргээ зээлдэгч, зээлдүүлэгч биелүүлэх үүрэгтэй.

Зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь гэрээний зүйлийг зээлдэгчид шилжүүлэн өгөх, зээлдэгч нь хүлээн авсан үндсэн зээл, түүний хүүг гэрээнд заасан хугацаанд төлөх үүргийг тус тус хүлээнэ.

Зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь гэрээний зүйлийг зээлдэгчид шилжүүлэн өгөх үүрэгтэй бөгөөд банкнаас зээл олгох гэрээгээр зээлдэгчийн зээлийн дансанд гүйлгээ хийгдсэнээр зээлийг олгосонд тооцно.

ХХБХХК нь зээлийн гэрээний дагуу зээлдэгчийн дансанд гүйлгээ хийсэн, мөнгө зээлдэгчийн дансанд орсон байх тул ЗГ/ВВС180323032-1 дугаартай зээлийн гэрээнд заасан үүргээ биелүүлжээ. /хх-ийн 9-12, 18-р хуудас/

Зээлийн гэрээнд заасан үүргээ ХХБХХК биелүүлсэн учир зээлдэгчээс үүргийн биелэлтийг шаардах эрхтэй байна.

Зээлдэгч МХХК нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болсон гэрээнд заасан үүргээ бүрэн биелүүлсэн тухай баримтыг шүүхэд гаргаж өгөөгүй тул нэхэмжлэгч гэрээний дагуу шилжүүлсэн үндсэн зээл, хүү, нэмэгдүүлсэн хүүг шаардаж байгаа нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 451.3, Банк, эрх бүхий этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 1, 3 дахь хэсэгт нийцсэн гэж үзнэ.

Хариуцагч нь зээлийн гэрээний нөхцлийг болон зээлийн үүрэгт төлөгдсөн мөнгөний тооцоог үгүйсгээгүй ба тэрээр зээлийг хүлээн авч, захиран зарцуулсан байна.

Хариуцагч нь зээлийн эргэн төлөлтийн хуваарийн дагуу зээлээ төлж байгаад 2019 оны 5 дугаар сарын 31-ний өдрөөс хойш хуваарийн дагуу зээлээ төлөөгүй болох нь зохигчдын тайлбар, хэргийн үйл баримтаар тогтоогдож байна. /хх-ийн 5, 9-24, 29-32, 41, 50-р хуудас/

Өөрөөр хэлбэл зээлдэгч нар зээлийн төлбөрийг тогтмол төлөх үүргээ тасалдуулсан, нэхэмжлэгч үүргээ гүйцэтгэх талаар сануулж, хугацаа өгч байсан нь хэргийн баримтаар тогтоогдсон тул Иргэний хуулийн 221 дүгээр зүйлийн 221.3., 225 дугаар зүйлийн 225.1.-д зааснаар зээлийн гэрээг хугацаанаас өмнө цуцлах үндэслэл бүрдсэн гэж үзнэ. /хх-ийн 29, 30-р хуудас/

Зохигчид Зээлийн гэрээний хугацаанд үүргээ биелүүлээгүй тохиолдолд Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр, тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.3.-т зааснаар төлөгдөөгүй хүүгийн үнийн дүнгийн 20 хувьтай тэнцэх хэмжээний нэмэгдүүлсэн хүү төлөхөөр тохиролцжээ.

Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1-д зааснаар Зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй тул зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү төлөх үүргээс чөлөөлөгдөхгүй.

Хариуцагч нь ЗГ/ВВС180323032-1 дугаартай зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 25,329,778.75 төгрөг, зээлийн үндсэн хүү 4,468,311.81 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 97,328.83 төгрөг, нийт 29.895.419,39 төгрөгийг төлөх үүрэгтэй.

Нэхэмжлэгч ХХБХХК нь шүүхэд мэдүүлэх эрхээ хэрэгжүүлэхдээ баримт бичгүүдийг нотариатаар батлуулсаны зардалд төлсөн 17.500 төгрөгийн төлбөрийг гэрээний талууд гэрээний үүргээ биелүүлээгүйгээс учруулсан хохиролд тооцох хууль зүйн үндэслэлгүй юм.

Иймд хариуцагч МХХК-иас 29.895.419,39 төгрөгийг төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч ХХБинд олгон, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 17.500 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох үндэстэй.

Мөн хариуцагч МХХК нь дээрх төлбөрийг сайн дураар төлж барагдуулаагүй тохиолдолд үүргийн гүйцэтгэлд барьцаалсан барьцааны хөрөнгөөс хангуулах нь зүйтэй.

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3.-т Хариуцагч, түүний төлөөлөгч буюу өмгөөлөгч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй бол нэхэмжлэгч хэргийг түүний эзгүйд хянан шийдвэрлэх талаар хүсэлт гаргаж болно. Энэ тохиолдолд шүүх нэхэмжлэгчээс гаргасан тайлбар болон бусад баримт нотолгоог үндэслэн хэргийг хянан шийдвэрлэнэ гэжээ.

            Нэхэмжлэгч ХХБХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч МХХК-д холбогдох хэргийг хянан шийдвэрлэх 2020 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн 9.00 цагт товлогдсон шүүх хуралдааны товыг хариуцагчийн төлөөлөгч Э.Түвшинтулгад түүнийг шүүхэд хүрэлцэн ирэх хангалттай хугацааны өмнө буюу 2020 оны 02 дугаар сарын 12-ны өдөр мэдэгдсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүхэд хүрэлцэн ирээгүй, нэхэмжлэгч хэргийг түүний эзгүйд хянан шийдвэрлэх талаар хүсэлт гаргасан тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3.-т заасны дагуу хариуцагч Э.Түвшинтулгын эзгүйд хэргийг хянан шийдвэрлэсэн болно. /хх-ийн 56, 59-р хуудас/

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

                                                                                                ТОГТООХ НЬ:

1. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1, 453 дугаар зүйлийн 453.1. дэх хэсэгт зааснаар хариуцагч МХХК-иас 29.895.419,39 /хорин есөн сая найман зуун ерөн таван мянга дөрвөн зуун арван есөн төгрөг гучин есөн мөнгө/ төгрөгийг гаргуулж, ХХБХХК-д олгосугай.

2. Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-д зааснаар хариуцагч үүргийн гүйцэтгэлийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд барьцаа хөрөнгө болох

а. иргэн Э.Түвшинтулгын өмчлөлийн улсын бүртгэлийн Ү-2203014289 дугаарт бүртгэгдсэн, Сүхбаатар дүүрэг, 15 дугаар хороо, Дамбадаржаа 23 дугаар гудамж, 266 тоот хаягт байрлах 351.20 м.кв талбайтай хувийн сууц,

б. мөн дээрх хаягт байрлалтай нэгж талбарын 18644317016709 дугаартай, улсын бүртгэлийн Г-2203001033 дугаарт бүртгэгдсэн 357.48 м.кв талбайтай гэр бүлийн хэрэгцээний өмчлөх эрхийн газар зэргийн үнийн дүнгээс Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан журмын дагуу хангуулахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт үүрэг болгосугай.

3.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч ХХБХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 489271 төгрөгийг улсын төсвийн дансанд хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 307.427 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч ХХБХХК-д олгосугай.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

           

 

ДАРГАЛАГЧ                                    Ч.ИЧИНХОРЛОО