| Шүүх | Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Довчинсэнгээгийн Алтанжигүүр |
| Хэргийн индекс | 187/2018/0305/Э |
| Дугаар | 337 |
| Огноо | 2018-07-24 |
| Зүйл хэсэг | 27.10.3., |
| Улсын яллагч | С.Оюунжаргал |
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2018 оны 07 сарын 24 өдөр
Дугаар 337
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдааныг шүүгч Д.Алтанжигүүр даргалж, нарийн бичгийн дарга Э.Гансугар, улсын яллагч С.Оюунжаргал, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч У.Г, хохирогч Ш.М, Л.У, шинжээч И.Базаррагчаа, шүүгдэгч /хохирогч/ Ш.У түүний өмгөөлөгч З.Бат-Эрдэнэ, шүүгдэгч /хохирогч/ М.Б, түүний өмгөөлөгч Ж.Хандсүрэн нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар:
Тээврийн прокурорын газраас шүүгдэгч Ш.У, М.Б нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1803000010114 дугаартай хэргийг 2018 оны 06 дугаар сарын 29-ний өдөр хүлээн авч хэлэлцэв.
Шүүгдэгч нарын биеийн байцаалт:
Монгол улсын иргэн, 1967 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр Завхан аймагт төрсөн, 51 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, Ш.У,
Монгол улсын иргэн, 1971 оны 02 дугаар сарын 28-ны өдөр Өвөрхангай аймагт төрсөн, 47 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, жолооч, гагнуурчин мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 5, эхнэр, хүүхдүүдийн хамт улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй М.Б
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Ш.У нь 2017 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн 10 цагийн үед Дундговь аймгийн Дэрэн сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэр 175 дугаар км дэх тэмдэгтэй замд Тоёота Приус маркийн 51-84 УБС улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 8.2, 2.3б-д заасныг тус тус зөрчин М.Б жолоочтой Киа Бонго Фронтер маркийн 91-44 УНН улсын дугаартай тээврийн хэрэгслийг мөргөснөөс зорчигч Л.У, Ш.М, жолооч М.Б нарын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан, зорчигч Л.Нансалмаагийн амь нас хохирсон,
Шүүгдэгч М.Б нь 2017 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн 10 цагийн үед Дундговь аймгийн Дэрэн сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэр 175 дугаар км дэх тэмдэгтэй замд Б.Золбоогийн эзэмшлийн Киа Бонго Фронтер маркийн 91-44 УНН улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Замын хөдөлгөөний дүрмийн 8.2 дахь заалтыг зөрчиж Ш.Угийн жолоодож явсан Тоёота Приус маркийн 57-84 УБС улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй мөргөлдсөнөөс зорчигч Л.У, Ш.М, жолооч Ш.У нарын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан, зорчигч Л.Нансалмаагийн амь нас хохирсон гэмт хэрэгт холбогджээ /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг: Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, хохирогч, шинжээч, шүүгдэгч нарын мэдүүлсэн мэдүүлэг:
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч У.Г: “...2017 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр намайг хичээл дээрээ байхад хамаатны ах надад хэргийн талаар хэлсэн. Би хэргийн газар биеэрээ очсон. Бд гомдолтой байна. Амь хохирогчийн оршуулгын зардалд 10.447.750 төгрөгийн зардал гарсныг Баас нэхэмжилж байна. Уд гомдолгүй, Бд гомдолтой байна...” гэв.
Хохирогч Ш.М: “...2017 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр Дундговь аймгаас Улаанбаатар чиглэлд явж байгаад осолд орсон. Би Приус маркийн автомашины жолоочийн ард талын суудалд зам хараад явж байсан. Явж байхад Бы автомашины гэнэт эсрэг урсгалаас орж ирээд осол болсон. Миний дунд чөмөг, төвөнх, гар, сарвуу хугарсан. Нийт 2.053.973 төгрөгийн хохирол учирсан. Эмчилгээний зардалд У надад 1.000.000 төгрөг төлсөн. Б хохирол төлөөгүй. Бд гомдолтой байна...” гэв.
Хохирогч Л.У: “...Зам тээврийн осол гарах үед би хэвтээ байдалтай явж байсан. Осол хэрэг яаж болсон талаар мэдэхгүй байна. Би эмчилгээ хийлгэсэн талаархи баримтаа хавтаст хэрэгт хавсаргуулахаар өгсөн. Энэ хэрэг гарснаас хойш Б холбогдоогүй. Бд гомдолтой байна...” гэв.
Хохирогч М.Б: “...Энэ ослоос болж хүний амь нас эрсдсэнд харамсаж байна. Би эмчилгээний зардал нэхэмжлэхгүй. Тээврийн хэрэгслийн үнэлгээгээр гарсан хохирлыг нэхэмжилнэ...” гэв.
Хохирогч Ш.У: “...Уг ослын улмаас миний зүүн талын дунд чөмөг хугарсан, зүүн шагай няцарсан. Тухайн үед Бы машин миний машины дугуйн дээгүүр гарсан. Ором нь байгаа. Машины хохирлыг нэхэмжилнэ. Эмчилгээний баримт хавтаст хэрэгт байгаа. Баримтын хүрээнд нэхэмжилнэ..” гэв.
Шинжээч И.Базаррагчаа: “...Шинжээч миний бие 2018 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн 12/16 дугаартай техникийн шинжээчийн дүгнэлтийг Ж.Хашбат, Г.Цогтжаргал, Ш.Ариун-Эрдэнэ, Д.Батзориг нарын хамт гаргасан. Мөн нэмэлт дүгнэлт гаргаж, дүгнэлтдээ талуудын асуултанд хариулсан. Тухайн осол болоход Приус болон Фронтер маркийн автомашинууд аль аль нь урсгал сөрсөн. Яагаад Фронтер маркийн автомашин эсрэг урсгалд хэвтэж байна вэ гэхээр үүнд маргаан байхгүй. Зарим хэсэг нь эсрэг урсгалын шороон хэсэгт байгаа. Приус маркийн машины булан нь эсрэг урсгалд орсонш, хавтаст хэрэгт авагдсан зурагт тодорхой байгаа. 15,5 сантиметр шугам давсан байгаа. Энэ нь байж болох хамгийн бага хэмжээ, түүнээс илүү хэмжээтэй илүү гарсан байх ч боломжтой. Том, жижиг машин мөргөлдөхөд яагаад том машин нь онхолдоод жижиг машин нь үлдэж байна вэ гэхээр тухайн овор ихтэй автомашин нь хурдтай явж байгаад хазайх юм уу, ямар нэг хөдөлгөөн хийсний үндсэн дээр хүндийн төв нь алдагдсан нь тухайн тээврийн хэрэгслийн унах шалтгаан болсон. Хоёр автомашин өөд өөдөөсөө мөргөлдөхөд том, жижиг гэхээсээ илүү хурд чухал ач холбогдолтой. Фронтер машин Приус автомашины дээр цоройж гарсан нь Фронтер маркийн автомашины жолооны хүрдийг зүүн тийшээ дарсан байна гэдгийг илтгэж байна. Фронтер маркийн автомашины хүндийн төв хэлбэлзэж байхад жижиг машин мөргөсөн учир Фронтер машин онхолдсон гэж үзэж болно. Шүүхийн хэлэлцүүлэгт би хохирогч Мөөс асуулт асуусан. Хохирогч Мийн жолоочийн ард талын суудалд жолоочийн суудлыг гараараа түшиж суугаад зам хараад явж байсан гэдэг мэдүүлэг нь үнэн. Түүний гэмтлийг нь харахад ч тодорхой байгаа. Шүүгдэгч нараас эсрэг урсгалаас ирж байгаа автомашиныг ямар зайнаас харсан бэ гээд асуугаад байна. Үүнийг тогтоох боломжгүй. Приус маркийн автомашин өглөө 9 цагт гараад 10 цаг гэхэд 100 км зайд явсан бол 100 км/цаг-ийн хурдтай явсан байна гэсэн үг. Гэхдээ замын нөхцөл байдал өөр өөр учир шууд тогтоох боломжгүй. Фронтер маркийн машин өөрийн урсгалд явж байгаад эсрэг урсгалд орсон байж болно. Өөдөөс нь машин гарч ирэхэд сандрах, мөн тухайн тээврийн хэрэгслийн бүрэн бус байдлаас шалтгаалан эсрэг урсгал руу орсон байж болзошгүй. Осол болоход Фронтер маркийн машин нэг тал руугаа ханараад эвдэрсэн байгаа. Энэ нь тухайн хоёр тээврийн хэрэгсэл аль аль нь их хурдтай явж байсныг илтгэж байна. Приус машины эвдрэл арай гайгүй байна. Приус автомашин яагаад арагш түрэгдээгүй вэ гэхээр Фронтер машин жолооны хүрдийг хажуу тийш дарсан гэдгийг тодорхойлж байна. Дээрх байдлаас үзэхэд тухайн хоёр тээврийн хэрэгсэл хоёулаа урсгал сөрсөн байна. Тухайн тээврийн хэрэгслүүдийг хурдаа хасаж, тээврийн хэрэгслийг зогсоох арга хэмжээ авсан эсэх талаар ярилаа. Приус машин нь орчин үеийн машин учир тоормосны мөр гардаггүй. 80 км/цаг-аас дээш хурдтай явж байгаад тоормос гишгэхэд дугуйны мөр тасалдаж гардаг. Фронтер машин нь хүнд даацын машин учир тоормосны мөр гардаг. Тухайн үед У тоормослож амжаагүй байхыг үгүйсгэхгүй. Учир нь хүн саадыг харснаас хойш 0,8 секундын дараа хариу үйлдэл хийдэг. Машины эд анги комманд өгснөөс хойш 0,2 секундын дараа үйлдэл хийдэг. Тэгэхээр нийлээд 1 секунд болж байна. Тухайн тээврийн хэрэгсэл 36 км/цаг-ийн хурдтай явж байсан бол 1 секундэд 10 метр замыг туулна. Тийм учраас жолооч нарыг замын хөдөлгөөнд оролцохдоо урд байгаа тээврийн хэрэгслээсээ зай барьж яв гэдэг. Тухайн тээврийн хэрэгслүүд хурдаа хасаж амжилгүй мөргөлдсөн байж болзошгүй. Тухайн үед Б зүүн тийшээ дарсан байгаа. Хэрвээ тоормосоо гишгэсэн чигээрээ байсан бол тээврийн хэрэгслүүд мөргөлдөхгүй байх боломжтой байсан. Энэ осол тухайн тээврийн хэрэгслүүд аль аль нь урсгал сөрснөөс үүдсэн...” гэв.
Шүүгдэгч Ш.У: “...2017 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр Дундговь аймгийн наана 100 орчим километрийн зайд явж байхад урдаас Фронтер маркийн машин ирж байснаа гэнэт орж ирээд осол болсон. Уг ослоос шалтгаалаад маш хүнд хохирол учирсан...” гэв.
Шүүгдэгч М.Б: “...2017 оны 09 дүгээр сарын 25-ны өглөө Улаанбаатар хотоос Дундговь аймгийн чиглэлд явж байсан. Замын тойргоор Приус машин ирж байснаа манай эгнээнд орж ирсэн. Би гэрлээ дохиод сигнал өгсөн. Тоормозоо өгөөд зөв талаар нь тойрч гарах үйлдэл хийсэн. Тэгэхэд машины баруун урд талаас Фронтер маркийн машин мөргөөд унасан...” гэв.
Хоёр: Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтууд:
Хохирогч М.Б мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...2017 оны 09 дүгээр сарын 25-ны өглөө 06 цагийн үед Улаанбаатар хотоос өөрийн Бонго Пронтер маркийн машинтайгаа ганцааараа Өмнөговь аймаг руу ажлаар явсан. Тэгээд Улаанбаатар хотоос 170 км орчим явж байхад миний явж байсан замын урсгалаар саарал өнгийн Тоёота приус 20 маркийн тээврийн хэрэгсэл урсгал сөрөөд тэр чигтээ яваад байсан тэгэхээр нь би тоормос гишгэж хурдаа хасаад гэрлээрэээ өөдөөс нь дохисон боловч нөгөө машин өөдөөс чигээрээ л яваад байсан. Тэгэхээр нь би дахин тоормос гишгээд нөгөө машиныг хажуугаар эгнээндээ орчих болов уу гэж бодсон чинь нөгөө машин чигээрээ явсаар миний өөдөөс тулаад ирсэн. Тэгэхээр нь би аль боломжит тал руу буюу зүүн гар тийшээ дарж тойроод гарчихья гэж бодоод явж байхад нөгөө машин намайг дагаад жолооч нь баруун гар тийшээгээ дарж миний машины буруу тал руу нь унагаагаад зогссон юм. ...Би 75-80 км цагийн хурдтай л явсан. Миний машин илүү хурдан явдаггүй, хүч муутай машин байсан юм. ...Тоёота приус маркийн машин их хурдтай л явж байсан. Миний өөдөөс 40-50 метр газарт явсан...” /1-р хх-ийн 25-26/ гэсэн,
Хохирогч Ш.М мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...2017 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр Өмнөговь аймгийн Ноён сумаас гараад Улаанбаатар хот руу 51-84 УБС улсын дугаартай тээврийн хэрэгслээр явж байсан. Ш.У жолоо бариад түүний хажуугийн суудалд эхнэр Нансалмаа, жолоочийн арын суудалд би, миний хажууд Л.У нар сууж явсан. Тэгээд Дэлгэрцогт сумаас хойш явж байхад гэнэт урдаас цагаан өнгийн Фронтер маркийн ачааны машин гарч ирээд машины урд талаас мөргөсөн. Миний сууж явсан машин замын зүүн талын Улаанбаатар хот руу чиглэсэн урсгалаар явж байсан. Хойш чиглэсэн урсгал дээр мөргөлдсөн. ...Миний сууж явсан машин Улаанбаатар хотын чиглэлийн зам дээр өөрийн эгнээнд явж байсан. Зам шулуун эвдрэл гэмтэлгүй байсан, миний сууж явсан машин эсрэг урсгалд ороогүй...” /1-р хх-ийн 28-29, 152-153/ гэсэн,
Хохирогч Л.У мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...2017 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр Өмнөговь аймгаас Улаанбаатар хот руу Ш.Угийн эзэмшлийн Тоёота Приус маркийн 51-84 УБС улсын дугаартай тээврийн хэрэгслийн хойд суудлын зүүн талд сууж явсан. Өмнөговь аймгаас Улаанбаатар хот руу явж байгаад Дундговь аймгийн төвөөс хойд зүг рүү 100 орчим км газарт 10 цагийн үед осол болсон. Осол болоход миний сууж явсан машины урдаас жижиг ачааны машин ирж мөргөсөн. Манай машин засмал замаар хойд зүг рүү явж байсан. Дундговиос Улаанбаатар чиглэлийн замын зүүн урсгалаар явж байхад цагаан өнгийн ачааны машин гэнэт урсгал сөрж орж ирээд урдаас мөргөсөн. ...Осол болсны дараа би машинаас нөгөө автомашины жолоочтой Ш.Уг татаж гаргаад эхнэрийг харсан чинь ухаангүй байсан, тэгтэл Улаанбаатар хотоос Өмнөговь аймгийн түргэний машин хотод хүн буулгаад явж байна гээд тааралдсан. Түргэний эмч гэх хүн М бид хоёрт нэг тариа хийгээд Л.Нансалмааг үзээд нас барсан байна гээд суудлыг нь хойш налуулаад цагдаа иртэл хөдөлгөж болохгүй шүү гэж хэлээд М, У хоёрыг машиндаа суулгаад аваад явсан. Тэгээд би суугаад босч чадахгүй нуруу өвдөөд байсан бөгөөд Дундговь аймгийн түргэний машин ирээд намайг аваад явсан. Нөгөө машины жолооч ослын газар үлдсэн...” /1-р хх-ийн 31-32, 136-137/ гэсэн,
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч У.Г мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...2017 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн 10 цаг 00 минутын орчим Дундговь аймгийн Дэрэн сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэрт болсон, ослын талаар надад бол мэдэх зүйлгүй. Осол болдог өдрийн 12 цагийн үед би осол болсон гэдгийг сонсоод Улаанбаатар хотоос Дундговь аймаг руу гарсан. Дундговь аймгийн цагдаа дээр очиход манай аав өөрийн Тоёота Приус 20 маркийн автомашинтайгаа явж байгаад автомашинтай мөргөлдөж манай ээж нас барсан байсан...” /1-р хх-ийн 102-103/ гэсэн,
Гэрч Б.Мягмарсүрэн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...Хэргийн газрын үзлэгийн гэрэл зургийн №1 зурагт харагдаж байгаа хоёр тоормосны мөр нь Киа Бонго Фронтер маркийн 91-44 УНН улсын дугаартай автомашины мөр байсан. ...№5 дугаартай зураг дээр дээр 2 тасархай мөр харагдаж байгаа боловч хэргийн газар нүдээр харахад үргэлжилсэн нэг мөр болох нь харагдаж байсан. Мөн Киа Фронтер маркийн машины баруун талын хойд дугуй нь харалж тоормослож бага зэргийн элэгдсэн байсан. Анх мөргөлдсөн цэг рүү чиглэсэн байсан учраас Киа Бонго Фронтер маркийн машины мөр гэж үзсэн. ...Анх хоёр машин мөргөлдсөн А цэгийг тодорхойлохдоо гэрэл зураг №7 дээр харагдаж байгаа хоёр автомашин мөргөлдсөний улмаас Тоёота Приус автомашины дугуйны чирэгдсэн мөрийг үндэслэж анх мөргөлдсөн цэгийг тодорхойлсон байгаа. ...№5 дугаартай зурагт харагдаж байгаа тоормосны мөрийг хэмжиж үзээгүй, нүдээр харахад уг мөр нь Киа фронтер маркийн машины дугуйны өргөнтэй хэмжээ нь адилхан байсан. Харьцуулж хэмжээгүй, үзлэг хийсний дараа татаж босгоход уг мөртэй адил байсан. Хэргийн газарт Тоёота Приус маркийн машины мөр байгаагүй. ...№5 дугаартай зураг дээрх мөр анх мөргөлдсөн цэг рүү чиглэсэн, машиныг босгоход дугуй нь уг мөрний харалдаа байсан мөрний өргөн дугуйтай адил харагдсан учраас уг машины мөр байж магадгүй гэж үзлэгт оруулсан. ...Тухайн хэргийн газар дээр очиход бид нарт драгер багаж байгаагүй тул автомашины жолооч М.Быг шалгаагүй, тэр хүн эрүүл байсан...” /1-р хх-ийн 186-187, 2-р хх-ийн 116-117/ гэсэн,
Гэрч А.Мөнх-Эрдэнэ мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...Гэрэл зургийн №1 зурагт харагдаж байгаа хоёр тоормосны мөрний баруун талын тоормосны мөр нь хоёр автомашин анх мөргөлдсөн цэг рүү чиглэсэн байсан учраас Фронтер маркийн машины мөр гэж үзсэн. Уг хоёр мөрний ертөнцийн зүгээр зүүн талын мөр нь хоёр машин мөргөлдсөн газрын хажуугаар өнгөрөөд явсан үргэлжсэн мөр байсан. Хэргийн газар очоод нүдээр харахад уг мөр нь Киа Бонго Фронтер маркийн 91-44 УНН улсын дугаартай автомашины мөр гэдэг нь илт тодорхой мэдэгдэж байсан. Уг мөр нь анх хоёр машин мөргөлдсөн цэг рүү чиглэсэн байсан учраас Киа Бонго Фронтер маркийн 91-44 УНН улсын дугаартай автомашины мөр гэж үзсэн. Схем зураг дээр тэмдэглэсэн хоёр мөрний 25 метрийн урттай мөрийг тоормосны мөр гэж үзсэн ба 9 метрийн урттай А цэг рүү чиглэсэн мөрийг даралтын мөр гэж үзсэн. Хоёр автомашин мөргөлдсөний улмаас Тоёота Приус автомашины дугуйны чирэгдсэн мөрийг үндэслэж анх мөргөлдсөн цэгийг тодорхойлсон байгаа. Энэ хоёр мөрний нэг нь анх мөргөлдсөн цэгийн хажуугаар гараад явсан урт мөр байсан нөгөө мөр нь анх мөргөлдсөн цэг рүү чиглэсэн байсан учраас Киа Бонго Фронтер маркийн 91-44 УНН автомашины мөр гэж үзсэн. ...Тухайн мөрний өргөнийг хэмжээгүй. ...Тоормосны мөрийг нүдээр харж үзээд Бонго Фронтер машины мөр гэж үзсэн. Автомашины дугуйтай харьцуулж үзээгүй. Нүдээр харахад Бонго Фронтер автомашины дугуйны хээ нь тодорсон байсан. ...Тухайн мөр А цэг рүү чиглэсэн байсан учраас Бонго Фронтерын мөр гэж үзсэн. Энэ хоёр мөр нь нэг чигт харагдаж байсан учраас нэг машины мөр гэж үзсэн. ...Тоёота приус автомашины тоормосны мөр хэргийн газар байгаагүй. Бонго Фронтер автомашины тоормосны мөр болон хоёр автомашин мөргөлдсөн байрлал зэргийг үндэслэн Тоёота Приус автомашиныг урсгал сөрсөн гэж үзсэн. Киа Фронтер маркийн машины мөрийг үндэслэн уг машиныг саадыг тойрон гарах үйлдэл хийсэн гэж үзсэн. ...Хэргийг газар очиход жолооч М.Б байсан өөр хүн байгаагүй. Тоёота Приус маркийн автомашины жолооч болон машин дотор нь сууж явсан зорчигч нар хэргийн газар байхгүй, эмнэлэг рүү явсан байсан. Жижүүрийн бүрэлдэхүүн ослын газар очихдоо согтуурал шалгах драгер багажгүй байсан, жолооч М.Быг согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн эсэхийг үнэртүүлж шалгахад ямар нэгэн согтууруулах ундааны зүйл үнэртээгүй, жолооч эрүүл байсан...” /1-р хх-ийн 189-190, 2-р хх-ийн 118/ гэсэн,
Гэрч Э.Баярсүрэн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...Улаанбаатар хотоос Дундговь явах чиглэлийн урсгал дээр хоёр тоормосны мөр байсан. Уг хоёр мөрний баруун талын тоормосны мөр нь Киа Бонго Фронтер маркийн 91-44 УНН улсын дугаартай автомашины мөр байсан. Нөгөө зүүн талын мөр нь хамаагүй өргөн том машины тоормосны мөр байсан ба уг мөр нь хоёр машин мөргөлдсөн “А” цэгийн хажуугаар гараад үргэлжлээд явсан мөр байсан. Уг мөр нь анх хоёр автомашин мөргөлдсөн “А” цэг рүү чиглэсэн байсан. Мөн дан дугуйтай автомашины мөр байсан. Мөр нь өргөнөөрөө Киа Бонго Фронтер маркийн 91-44 УНН автомашины дугуйтай адил байсан. ...Хоёр автомашин мөргөлдсөн А цэг рүү чиглэсэн мөр нь Киа Бонго Фронтер маркийн 91-44 УНН улсын дугаартай автомашины мөр байсан. Нэг мөр нь анх мөргөлдсөн цэг рүү нөгөө мөр нь анх мөргөлдсөн цэгийн хажуугаар гарсан байсан. Анх мөргөлдөн цэг рүү чиглэсэн мөр нь сүүлд үүссэн мөр байсан. Би тухайн үедээ хэрэг болсон өдөр хэмжиж байсан. Хэмжсэн гэрэл зургийг нь аваагүй. Хоёр мөрийг хооронд нь харьцуулж үзэхэд нэг мөр нь давхар дугуйтай автомашины мөр байсан. Хоёр мөрний хоорондын зайг хэмжиж үзээгүй. Хоёр мөрний өргөнийг хэмжиж байсан. Гэрэл зураг № 8 дээр нэг мөр нь давхар дугуйтай автомашины мөр гэдэг нь харагдаж байна, харин хажууд нь байгаа бүдэг мөрний хоорондын зай нь зургийн нэг талаас ойрхон авсан учраас харилцан адилгүй харагдаж байна. ...Яг хэргийн газарт очоод үзэхэд хоёр мөрний хооронд бүдэг мөр нүдээр харахад мэдэгдэж байсан харин гэрэл зурагт мэдэгдэхгүй байна. Тухайн хоёр мөр дугуйрсан байсан учраас нэг автомашины мөр гэж үзсэн. ...М.Быг согтууруулах ундааны зүйл хэрэглэснийг шалгаагүй, манай албаны согтуурал шалгах багаж тоног төхөөрөмж нь байхгүй, цагдаагийн байгууллага л шалгах ёстой. Тухайн жолооч М.Б нь хэрэг учралын газарт өөрөө байсан, тэр хүнээс архи үнэртэхгүй, эрүүл байсан...” /1-р хх-ийн 193-195, 2-р хх-ийн 114-115/ гэсэн,
Шинжээч И.Базаррагчаа мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...М.Бы жолоодон явж байсан Киа Фронтер маркийн автомашин өөрийн эгнээндээ явж байсан нь хавтас хэрэгт авагдсан тоормосны мөрөөр тогтоогдож байна. Харин хоёр автомашин мөргөлдсөн гэх А цэгийн байрлал мөрнөөс харахад жишүү мөр яг мөргөлдөх үед эсрэг урсгалд орсон нь харагдаж байна. ...Жолооч тээврийн хэрэгслийн жолооны хүрдийг хаашаа дарах нь тухайн үеийн нөхцөл байдлаас шалтгаалдаг. Иймд жолооч Б нь автомашины жолооны хүрдийг зүүн гар тийш нь эргүүлсэн байх боломжтой. ...Мөргөлдөх үед илүү жинтэй тээврийн хэрэгсэл нь бага жинтэй тээврийн хэрэгслийг мөргөж хойш шилжүүлэх боломжтой...” /2-р хх-ийн 79-80, 132-133/ гэсэн,
Иргэний нэхэмжлэгч Б.Золбоо мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...91-44 УНН улсын дугаартай Фронтер маркийн автомашин нь манай аав М.Бы эзэмшлийн машин, аав өөрөө жолооддог. 2016 онд манай аав уг автомашиныг худалдаж аваад хөдөө орон нутгийн хаягтай байсан учраас улсын дугаар авах гэж миний нэр дээр авч байсан...” /2-р хх-ийн 145-146/ гэсэн,
Шүүгдэгч Ш.У мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...2017 оны 09 дүгээр сарын 24-ний өдөр Өмнөговь аймгийн Ноён сумаас Улаанбаатар хот руу 16 цагийн үед би өөрийн эзэмшлийн 51-84 УБС улсын дугаартай Тоёота Приус-20 маркийн автомашин жолоодоод урд суудалд жолоочийн хажууд манай эхнэр Нансалмаа, хойд суудалд Л.У, Ш.М нар суугаад явж байсан. Ноён сумаас гараад Өмнөговь аймгийн төв өнгөрөөд нилээн явж байгаад замын хажууд зогсоод бид нар шөнийн 00 цаг өнгөрч байхад машин дотроо унтаж амарсан. Маргааш өглөө нь буюу 2017 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн өглөө гэгээ орохоор нь Улаанбаатар хот руу явж байгаад Дундговь аймаг өнгөрөөд Дэлгэрцогт сумын нутаг би өөрийн урсгалаар 70 км цагийн хурдтай явж байхад гэнэт урдаас ачааны автомашин орж ирээд мөргөсөн. Тэр машин эсрэг урсгалд явж байсан ба надтай зөрчих байх гэж бодоод явж байхад гэнэт дарж орж ирээд мөргөсөн. Тэгээд манай эхнэр жолоочийн хажууд суудал дээрээ нас барж, түргэн тусламж ирээд М бид хоёрыг аваад явсан...” /2-р хх-ийн 14-15/ гэсэн,
Шүүгдэгч М.Б мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагчаар өгсөн мэдүүлэгтээ: “...2017 оны 09 дүгээр сарын 25-ны өглөө 06 цаг өнгөрч байхад 91-44 УНН улсын дугаартай бонго фронтер маркийн автомашин жолоодоод Улаанбаатар хотоос гараад Өмнөговь аймаг руу ганцаараа явсан. Тэгээд Улаанбаатар хотоос гараад 10 цагийн үед Дундговь аймгийн замд 174 км орчим хойноос урагшаа чиглэлтэй явж байхад өөдөөс Тоёота Приус маркийн автомашин ирж явсанаа миний урсгал руу өөдөөс ороод ирсэн, би гэрлээрээ дохиод, сигналдаад тоормосоо гишгэсэн, тэгээд тэр машин чигээрээ өөдөөс ирэхээр тоормосоо болиод тойрч гарах гээд зүүн гар тийш жолоогоо дарсан чинь нөгөө машин өөрийнхөө урсгал руу орох гээд өөдөөс дарсан тэр үед би тоормосоо дахин гишгээд мөргөлдсөн. Мөргөлдөөд миний машин зүүн талаараа унасан байсан...” /2-р хх-ийн 152-153/ гэсэн мэдүүлгүүд,
Дундговь аймаг дахь шүүхийн шинжилгээний албаны 2017 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн №170100294 тоот шинжээчийн дүгнэлтэд: “...Дүгнэлт 1.2 М.Бы биед баруун шуу ясны чигчий хуруу талын нарийн яс бугуй хэсгийн төгсгөлийн шонтон сэлтэрч далд хугарсан, тархи доргилт, цээж, хэвлий, бугалга, гуя, шилбэ хэсэгт цус хурсан зөөлөн эдийн гэмтэл, чамархай хэсэгт зулгарсан гэмтэл тогтоогдлоо.
3. Шуу ясны далд хугарал нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.
Тархи доргилт, зулгарсан, цус хурсан зөөлөн эдийн гэмтэл нь хөнгөн зэргийн гэмтэлд хамаарна.
4. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлчийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
5. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй...” /1-р хх-ийн 47/ гэсэн,
Дундговь аймаг дахь шүүхийн шинжилгээний албаны 2017 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн №170100060 тоот шинжээчийн дүгнэлтэд: “...Дүгнэлт 1.2 Л.Нансалмаагийн цогцост онош хэсэгт бичигдсэн гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд амьд байх үед үүссэн шинэ гэмтэл байна. Тухайн гэмтэл нь мохоо зүйлчийн үйлчлэлээр үүснэ.
3. Талийгаачийн цусанд 1.0 промилли спиртийн агууламж илэрсэн нь хөнгөн зэргийн согтолтод хамаарна.
4. Амь хохирогч Л.Нансалмаа нь А (II) бүлгийн цустай байна.
5. Шинжилгээгээр шууд үхэлд хүргэх архаг хууч өвчин тогтоогдсонгүй.
6. Талийгаач нь зам тээврийн ослын улмаас гол судас цээжний хэсэгт тасарч хурцаар цус алдаж нас баржээ...” /1-р хх-ийн 54-56, 58-61/ гэсэн,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн №9319 тоот шинжээчийн дүгнэлтэд: “...Дүгнэлт 1. Шинжилгээнд ирүүлсэн “Нансалмаа” гэсэн хаягтай цусанд 1,0 промилли спиртийн агууламж илэрч байна...” /1-р хх-ийн 67/ гэсэн,
Мөн хүрээлэнгийн шинжээчийн 2017 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн №12250 тоот шинжээчийн дүгнэлтэд: “...Дүгнэлт 1. Угийн биед бүсэлхийн 1-р нугаламын дарагдаж шахагдсан хугарал гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
3. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.
4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөх эсэх нь эмчилгээ эдгэрэлтээс хамаарна.
5. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой...” /1-р хх-ийн 63/ гэсэн,
Мөн хүрээлэнгийн шинжээчийн 2017 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн №12249 тоот шинжээчийн дүгнэлтэд: “...1. Ш.Угийн биед зүүн дунд чөмөгний далд, баруун шаант ясны далд хугарал, дух цээжинд гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгднэ.
3. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.
4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөх эсэх нь эмчилгээ эдгэрэлтээс хамаарна.
5. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой...” /1-р хх-ийн 65/ гэсэн,
Мөн хүрээлэнгийн шинжээчийн 2018 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн №439 тоот шинжээчийн дүгнэлтэд: “...1. Ш.Угийн биед зүүн дунд чөмөгний далд хугарал, баруун шаант ясны далд хугарал, дух цээжинд зулгаралт гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр тухайлбал авто ослын үед үүсгэгдэх боломжтой.
3. Дээрх гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.
4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй.
5. Шинжээч эмч С.Төгсбуянгийн гаргасан №12249 дугаартай дүгнэлт үндэслэлтэй байна...” /2-р хх-ийн 48-49/ гэсэн,
Мөн хүрээлэнгийн шинжээчийн 2017 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн №12248 тоот шинжээчийн дүгнэлтэд: “...1. Ш.Мийн биед баруун дунд чөмөгний зөрүүтэй далд хугарал, хярзанд шарх, зүүн сарвуу, баруун зүүн гуя, хярзанд цус хуралт, хоёр талын төмсөгний хуйхнагт зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
3. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.
4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөх эсэх нь эмчилгээний эдгэрэлтээс хамаарна.
5. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой...” /1-р хх-ийн 67/ гэсэн,
Мөн хүрээлэнгийн шинжээчийн 2018 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн №440 тоот шинжээчийн дүгнэлтэд: “...Ш.Мийн биед баруун дунд чөмөгний далд хугарал, баруун шуу ясны хугарал, баруун богтос ясны шөвгөн сэртэнгийн хугарал, баруун алганы 3-р шивнүүрийн ясны хугарал, хярзанд шарх, зүүн сарвуу, баруун зүүн гуя, хярзанд цус хуралт, хоёр талын төмсөгний хуйхнагт зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр тухайлбал авто ослын үед үүсгэгдэх боломжтой.
3. Дээрх гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.
4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтад нөлөөлөхгүй.
5. Шинжээч эмч С.Төгсбуянгийн гаргасан №12248 дугаартай дүгнэлт үндэслэлтэй байна...” /2-р хх-ийн 61-62/ гэсэн,
Дундговь аймгийн авто тээврийн төвийн 2017 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн техникийн дүгнэлтэд: “...1. 51-84 УБС улсын дугаартай Тоёота-Приус 20 маркийн тээврийн хэрэгсэл нь 2017 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр Улаанбаатар хот Баянгол дүүргийн оношлогооны төвд үзлэг оношлогоонд хамрагдсан байна.
2. Тухайн тээврийн хэрэгслийн баруун гар талын толь хугарсан, крило цөмөрсөн копут хэмхэрсэн, урд салхины шил хагарсан, урд гупер хагарсан, урд их гэрлүүд дохионы гэрлийн хамт хагарсан, нүүр хагарсан, зүүн гар талын крило хагарсан, толь хугарсан, хаалга цөмөрсөн, урд радиоторууд хагарсан, агаар шүүгч хагарсан, хөндлөн травис, дугуй хагарсан зэрэг эвдрэл гэмтлүүд илэрлээ. Дээрх эвдрэл гэмтэл нь осол болсны дараа үүссэн байх талтай.
3. Дээрх эвдрэл гэмтэл нь осол гарахад нөлөөлөөгүй бөгөөд осол болсноос үүсэн гэмтэл.
4. Тухайн тээврийн хэрэгсэл нь асах боломжгүй бөгөөд тоормос болон бусад эд анги хэвийн ажиллагаатай байсан эсэхийг тогтоох боломжгүй...” /1-р хх-ийн 39/ гэсэн,
Дундговь аймгийн авто тээврийн төвийн 2017 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн техникийн дүгнэлтэд: “...1. 91-44 УНН улсын дугаартай Бонго Пронтер маркийн тээврийн хэрэгсэл нь 2017 оны 05 дугаар сарын 24-ний Өмнөговь аймгийн оношлогооний төвд оношлогоонд хамрагдсан байна.
2. Тухайн тээврийн хэрэгслийн баруун урд гупр хойш чихэгдсэн, баруун урд их гэрэл, дохионы гэрлийн хамт хагарсан, баруун хаалга урд талаасаа чихэгдэж хэмхэрсэн, шил нь хагарсан, урд салхины шил хагарсан, кабины багана мурийсан, нүүр цөмөрсөн, зүүн гар талын хаалга цөмөрсөн, толь хугарсан, рүлийн чак мултарсан, моторын лап тасарсан, кабины салон хэмхэрсэн, рам хугарсан, мурийсан, рүлийн брак мурийсан, кроп хагарсан, крадан гол тасарсан, урд гарнууд мурийсан зэрэг эвдрэл гэмтлүүд илэрлээ. Дээрх эвдрэл гэмтлүүд нь ослоос болж үүссэн байх талтай.
3. Дээрх эвдрэл гэмтэл нь осол гарахад нөлөөлөөгүй бөгөөд осол болсноос үүсэн гэмтэл.
4. Тухайн тээврийн хэрэгсэл нь асах болон хөдөлгөөнд оролцох боломжгүй бөгөөд тоормос болон бусад эд анги хэвийн ажиллагаатай байсан эсэхийг тогтоох боломжгүй...” /1-р хх-ийн 41/ гэсэн,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн №134 тоот шинжээчийн дүгнэлтэд: “...Дүгнэлт 1. Шинжилгээнд ирүүлсэн Тоёота Приус 20 маркийн автомашины урд бамбай байхгүй, капот бүхэлдээ дотогш шахагдаж хонхойж зурагдаж хэлбэрээ алдсан, баруун, зүүн талын гэрлийн суурь шахагдаж гэрэл хагарсан. Баруун урд, зүүн урд талын далбаа шахагдаж хэлбэр дүрсээ алдсан. Урд бамбайн зүүн талын хөндөл төмөр, зүүн талын лонжероны урд үзүүр дотогш шахагдсан. Баруун талын лонжероны үзүүр шахагдаж гулзайсан, зүүн талын толь суурь хэсгээрээ хугарч толь хагарсан. Радиаторын зүүн хэсэг шахагдаж хэлбэр дүрсээ болон битүүмж алдагдсан. Урд салхины шил бүхэлдээ цуурч, салхины шилний баруун хэсэг дотогш цөмөрч хагарсан, хөдөлгүүрийн хэсэг бүхэлдээ дотогш шахагдсан, гал хамгаалагчийн сав хагарсан, Конвертер дотогш шахагдсан, хөргөлтийн шингэн хадгалах сав шахагдаж хагарсан, шил арчигчийн шингэн хадгалах сав хонхойж нугарсан, агаар шүүгчийн гэр хагарсан, тоормосны шингэн хадгалах сав шахагдаж суурь хэсгээрээ хагарсан, жолоочийн болон урд зорчигчийн аюулгүйн хийн дэр ажиллаж задарсан, жолооны хүрд гулзайсан, урд болон хойд талын суудал гажиж гулзайсан, зүүн урд талын хаалганы дотор хавтас ангайж салсан, урд самбарын эд ангиуд салж хөндийрсөн, баруун урд талын дугуй хагарсан, зүүн урд талын дугуй обуд гулзайсан зэрэг гэмтлүүдтэй байна.
2. Шинжилгээнд ирүүлсэн Киа Фронтер маркийн автомашины урд бамбай байхгүй, урд бамбайн дотор төмөр дотогш шахагдсан, урд нүүрийн баруун тал дотогш шахагдаж, урд салхины шил хагарч, баруун урд талын багана дотогш шахагдсан, баруун талын толь хагарсан, баруун талын гэрлийн суурь дотогш шахагдсан гэрэл байхгүй, гэрлийн цахилгааны утас унжсан, зүүн талын гэрлийн цацруулагч хагарсан, зүүн талын хаалганы гадна хавтас төмөр бүхэлдээ дотогш хонхойж нугарсан, зүүн талын хаалганы цонхны шил хагарсан, баруун талын хаалганы гадна хавтас төмөр шахагдаж хэлбэр дүрсээ алдсан, хаалганы цонхны жааз гажиж хаалганы цонхны шил хагарсан, жолооны хүрдийн гол хэсэг /дуут дохионы даравч/ байхгүй, хянах самбар хагарч салсан, хөгжим болон паарны удирдлагын хэсэг хагарч салсан, бүхээгийн баруун тал зүүн талаас 60 см хэмжээтэй дотогш шахагдсан, урд бамбайн зүүн талын хөндөл төмрөөс баруун талын хөндөл төмөр 70 см хэмжээтэй дотогш шахагдсан, хөдөлгүүрийн лап резин тасарч салсан, радиаторын доод таг хагарсан, сэнс шахагдаж хагарсан, жолооны механизм доод нугасан холбоос салсан зэрэг гэмтлүүдтэй байна.
3. Тоёота Приус 20 маркийн тээврийн хэрэгслийн зүүн урд, Киа Фронтер маркийн тээврийн хэрэгсэл баруун урд хэсгээрээ таллан мөргөлдсөн байх үндэслэлтэй. Мөргөлдөх үеийн байрлалыг зураг №180-аас үзнэ үү.
4. Тоёота Приус 20, Киа Фронтер маркийн машины хурдыг тодорхойлох боломжгүй.
5. Тоёота Приус 20 маркийн тээврийн хэрэгслийн жолооны механизм, явах эд анги, бүрэн. Явах эд анги, тоормосны эд анги гэмтэлтэй байна.
6. Тоёота Приус 20 маркийн тээврийн хэрэгслийн эвдрэл нь ослын үед үүссэн байх үндэслэлтэй тул осолд нөлөөлөхгүй.
7. Киа Фронтер маркийн автомашины тоормосны механизм, явах эд анги, жолооны механизм бүрэн. Жолооны механизм, явах эд анги гэмтэлтэй байна.
8.9 Киа Фронтер маркийн автомашинд үүссэн гэмтэл нь ослын үед үүссэн байх үндэслэлтэй тул осолд нөлөөлөхгүй...” /1-р хх-ийн 210-231/ гэсэн,
Техникийн шинжээчийн 2018 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн №214 тоот дүгнэлтэд: “...1. Хэрэг осол гарсан газар хийсэн хэмжилтийн бүдүүвч, гэрэл зургийн үзүүлэлт, тээврийн хэрэгслийн гэмтэл зэргээс харахад Тоёота Приус маркийн 51-84 УБС улсын дугаартай тээврийн хэрэгсэл нь мөргөлдөх эгшинд эсрэг урсгалыг тусгаарласан тэмдэглэлийг давж явсан нь тогтоогдож байна. Энэ нь мөргөлт болсон А цэгээс эсрэг урсгалыг тусгаарласан тэмдэглэл хүртэл 40 см, тухайн тээврийн хэрэгслийн өргөн мөргөлтийн цэг нь автомашины өргөний талаас баруун тал руу давсан, уг автомашины өргөн 172 см, өргөний тал 86 см, гэрэл зургийн үзүүлэлтийн 1-р зураг, 3-р зураг зэрэгт тээврийн хэрэгслийн зүүн хойд булан урсгалыг тусгаарласан тэмдэглэлийг давсан зэргээр харагдаж байна. Иймд Тоёота Приус маркийн 51-84 УБС улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч Ш.У Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 8.2 “Эсрэг хөдөлгөөнтэй хоёр эгнээгээр зорчдог замд гүйцэж түрүүлэх буюу тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно” гэсэн заалтыг зөрчсөн гэх үндэслэлтэй байна.
2. Хавтаст хэрэгт авагдсан материалаас харахад Киа Фронтер маркийн 91-44 УНН улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч М.Б нь осол болохоос өмнө өөрийн эгнээндээ явж байсан, мөргөлдөх эгшинд эсрэг урсгалд орсон нь хэрэг осол гарсан газар хийсэн хэмжилтийн бүдүүвч, гэрэл зургийн үзүүлэлтээр тогтоогдож байна. Иймд Киа Фронтер маркийн 91-44 УНН улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч М.Б нь Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 8.2 “Эсрэг хөдөлгөөнтэй хоёр эгнээгээр зорчдог замд гүйцэж түрүүлэх буюу тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно” гэсэн заалтын зөрчсөн гэх үндэслэлтэй байна.
...4. Зам тээврийн ослын шалтгаан нь хоёр тээврийн хэрэгсэл Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 8.2 “Эсрэг хөдөлгөөнтэй хоёр эгнээгээр зорчдог замд гүйцэж түрүүлэх буюу тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно” гэсэн заалтыг зөрчсөнөөс болсон байна. Харин хоёр жолоочийн хэн нь эхэлж урсгал сөрснийг тогтоох боломжгүй байна...” /2-р хх-ийн 77-78/ гэсэн,
- Техникийн шинжээчийн 2018 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн нэмэлт дүгнэлтэд: “...1.2 Хэрэг осол гарсан газар хийсэн хэмжилтийн бүдүүвч, гэрэл зургийн үзүүлэлт, тээврийн хэрэгслийн гэмтэл зэргээс харахад Тоёота приус маркийн 51-84 УБС улсын дугаартай тээврийн хэрэгсэл нь мөргөлдөх эгшинд эсрэг урсгалыг тусгаарласан тэмдэглэлийг давж явсан нь тогтоогдож байна. Энэ нь мөргөлт болсон А цэгээс эсрэг урсгалыг тусгаарласан тэмдэглэл хүртэл 40 см, уг автомашины өргөн 172 см /тал нь 86 см/, гэрэл зургийн үзүүлэлтийн 1-р зураг, 3-р зураг зэрэгт тээврийн хэрэгслийн зүүн хойд булан урсгалыг тусгаарласан тэмдэглэлийг давсан зэргээр харагдаж байна. Иймд Тоёота приус 51-85 улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч Ш.У Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 8.2 “Эсрэг хөдөлгөөнтэй хоёр эгнээгээр зорчдог замд гүйцэж түрүүлэх буюу тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно” гэсэн заалтыг зөрчсөн гэх үндэслэлтэй байна.
3. Уг осол хэрэг болоход 51-84 УБС улсын дугаартай Тоёота приус маркийн автомашин урд хэсгээрээ, 91-44 УНН улсын дугаартай Фронтер маркийн автомашин баруун урд хэсгээрээ тус тус мөргөлдсөн байна.
4. Фронтер автомашины хурдыг тодорхойлох боломжгүй. Фронтер маркийн автомашины жолооч жолооны хүрдийг зүүн гар тийш дарж автомашины хүндийн төв шилжсэн, баруун урд талаасаа автомашинтай мөргөлдсөн нь уг автомашины унах шалтгаан болжээ.
...6. Жолооч реакцийн хугацаа, тоормосны эд анги ажиллах хугацаанд автомашины хурд өөрчлөгдөггүй өөрөөр хэлбэл жолооч саадыг харснаас хойш дунджаар 1 секунд орчим хугацааны дараа автомашин тоормослож эхэлдэг ба жолооч энэ хугацаанд амжиж тоормос гишгээгүй байж болно. Мөн уг жолооч нь эсрэг урсгалаас өөрийн эгнээ рүү орохын тулд жолооны хүрдийг баруун гар тийш эргүүлэх үйлдлийг хийсэн байж болно. Тухайн нөхцөл байдал, жолоочийн туршлага зэргээс хамаараад “хүн” ямар ч үйлдэл хийж болдог.
1. Зөвхөн нэг талын тоормосны мөр, эсвэл дугуйн мөр гарах маш олон тохиолдол байдаг, тухайлбал тоормосны механизмын ажиллагааны доголдол, хүндийн төвийн шилжилт, жолооны хүрдийг дарах үед үүсэх ачаалал, дугуйн хөндлөн гулсалт гэх мэт.
2. Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, бүдүүвч гэрэл зургийн үзүүлэлтээс харахад Киа Фронтер автомашин бүрэн эсрэг урсгалд, приус автомашины зүүн хойд булан тэнхлэгийн шугамыг давсан байдалтай байна. Мөн автомашины өргөн, “А” цэгийн байрлалаас харахад мөргөлдөх үед приус автомашин замын тэнхлэгийн шугамыг давсан байх үндэслэлтэй.
...4. Тээврийн хэрэгслүүд ямар зайнаас ирснийг тодорхойлох боломжгүй. 91-44 УНН улсын дугаартай тээврийн хэрэгсэл өөрийн урсгалаас эсрэг урсгалд орж ирэн А цэгт мөргөлдөж онхолдсон байгаа нь хавтаст хэрэгт авагдсан материалаар тогтоогдож байна. Харин 51-84 УБС улсын дугаартай Тоёота Приус маркийн тээврийн хэрэгслийн осол, хэрэг болсны дараах байрлалыг тодорхойлж зүүн хойд булан ямар хэмжээгээр эсрэг урсгалд орсон байгааг байгуулагч шугамуудын тусламжтайгаар тогтоож 1-р зурагт үзүүллээ. Тоёота Приус автомашины урт 4,48 м, тэнхлэг хоорондын зай 2,7 м, өргөн 1,7 м, дугуйн радиус 150 см, дугуйнаас автомашины хамгийн хойд цэг хүртэл 50 см болно. Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, бүдүүвчинд замын зорчих хэсгийн өргөн 7,1 м, зорчих хэсгийн баруун захаас приус автомашины зүүн талын хойд дугуй хүртэл 3,8 м, зүүн захаас баруун талын хойд дугуй хүртэл хүртэл 2,1 м, зайн дээр дугуйн радиус 15 см-ийг нэмэхэд 2,25 м гарах ба энэ нь баруун талын хойд дугуйн төвөөс зорчих хэсгийн зүүн зах хүртэлх хэмжээ болно. Зүүн талын хойд дугуйнаас зорчих хэсгийн баруун зах хүртэл 3,8 м дээр дугуйн радиус 15 см-ийг нэмэхэд 3,95 м гарах ба зүүн талын хойд дугуйн төвөөс баруун зах хүртэлх зай болно. Зорчих хэсгийн захаас перпендиккуляр чиглэлд 2,25 см зайг тэмдэглэхэд 1,72 м радиустай тойрог зурсан. Уг тойрог болон 3,95 м урт шугамын огтлолцол цэг дээр зүүн талын хойд дугуйн төв байрлана. Зүүн, баруун хойд дугуйн төвөөс автомашины ар хүртэл 65 см радиустай тойрог зураад тэдгээрийг шүргэгч шулуунаар холбоход уг шулуун нь автомашины ар тал болно. Зүүн хойд булангаас тэнхлэгийн шугам хүртэл 15,5 см болсон байна /2-р зураг/. Энд нэг хялбарчилгаа хийсэн нь 2,1 м болон 3,8 м дээр автомашиныг уг шугамууд дээр шулуун байрласан гэж тооцоод дугуйн радиусыг нэмсэн болно. Хэрэв автомашиныг дээрх шугамаас зурагт үзүүлсэнтэй адил жишүү байрласан гэвэл автомашины зүүн хойд булан 15,5 см-аас их хэмжээтэй давна.
5. Хоёр тээврийн хэрэгсэл мөргөлдсөний дараа ямар хэмжээтэй шилжих нь автомашины хурдыг квадрат хэмжээнээс шууд хамааралтай байдаг. Тухайн үеийн хурдыг тодорхойлох боломжгүй учир шилжилтийн хэмжээг тодорхойлох боломжгүй. Мөн тээврийн хэрэгслүүдийн мөргөх үеийн хөдөлгөөний чиглэлээс хамаарна.
...7. “А” цэг байрласан эгнээ 91-44 УНН улсын дугаартай Фронтер маркийн автомашины зорчих эгнээ биш, Монгол улсын замын хөдөлгөөний дүрэмд зааснаар гүйцэж түрүүлэх, саадыг тойрон гарахаас бусад тохиолдолд уг эгнээнд орохыг хориглоно...” /2-р хх-ийн 125-131/ гэсэн,
- Хэргийн газрын үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1-р хх-ийн 6-10/,
- Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1-р хх-ийн 11-17/,
- Цогцосонд гадна үзлэг хийсэн тухай тэмдэглэл /1-р хх-ийн 18-20/,
- Жолоочийн согтуурал шалгасан магадлагаа /1-р хх-ийн 35/,
- Эд зүйлийн үнэлгээ /1-р хх-ийн 51-52/,
- Камерийн бичлэгт үзлэг хийсэн тухай тэмдэглэл /1-р хх-ийн 91-97/,
- Л.Нансалмаагийн нар барсан гэрчилгээний хуулбар /1-р хх-ийн 108/,
- Хохирлын баримтууд /1-р хх-ийн 121-134, 145-146, 149, 160-171, 175-178, 181-185, 2-р хх-ийн 43-45/,
- Л.Угийн өвчний түүхийн хуулбар /1-р хх-ийн 138-144/,
- Автомашины техникийн үнэлгээний тайлан /1-р хх-ийн 197-202, 204-207/,
- Шүүгдэгч Ш.У-гийн урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, хувийн байдалтай холбоотой бусад баримтууд /2-р хх-ийн 16-26/,
- Ш.Угийн өвчний түүхийн хуулбар /2-р хх-ийн 50-58/,
- Ш.Мийн өвчний түүхийн хуулбар /2-р хх-ийн 63-70/,
- Шүүгдэгч Ш.Б хувийн байдалтай холбоотой баримтууд /2-р хх-ийн 154-165/ зэрэг болно.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүгдэгч, хохирогч, гэрч, шинжээч нарыг байцааж мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тогтоосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан журмын дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэгдсэн хэрэгт цугларсан нотлох баримтын хэмжээнд дүгнэлт хийж, Ш.У, М.Б нарт холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна.
Гурав. Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт:
Шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүгдэгч Ш.У, М.Б нарт холбогдох хэргийг хянан хэлэлцээд Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудаас үзэхэд:
Гэм буруугийн талаар:
Шүүгдэгч Ш.У нь 2017 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн 10 цагийн үед Дундговь аймгийн Дэрэн сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэр 175 дугаар км дэх тэмдэгтэй замд Тоёота Приус маркийн 51-84 УБС улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 8.2-т “Эсрэг хөдөлгөөнтэй хоёр эгнээгээр зорчдог замд гүйцэж түрүүлэх буюу тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно.”, 2.3б-т “хамгаалах бүсээр тоноглогдсон автомашин жолоодохдоо хамгаалах бүс хэрэглэх, хамгаалах бүс хэрэглээгүй зорчигч тээвэрлэхгүй байх” гэж заасныг тус тус зөрчин М.Б жолоочтой Киа Бонго Фронтер маркийн 91-44 УНН улсын дугаартай тээврийн хэрэгслийг мөргөснөөс зорчигч Л.У, Ш.М, жолооч М.Б нарын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан, зорчигч Л.Нансалмаагийн амь нас хохирсон,
Шүүгдэгч М.Б нь 2017 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн 10 цагийн үед Дундговь аймгийн Дэрэн сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэр 175 дугаар км дэх тэмдэгтэй замд Киа Бонго Фронтер маркийн 91-44 УНН улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Замын хөдөлгөөний дүрмийн 8.2-т “Эсрэг хөдөлгөөнтэй хоёр эгнээгээр зорчдог замд гүйцэж түрүүлэх буюу тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно.” гэж заасныг зөрчиж Ш.Угийн жолоодож явсан Тоёота Приус маркийн 57-84 УБС улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй мөргөлдсөнөөс зорчигч Л.У, Ш.М, жолооч Ш.У нарын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан, зорчигч Л.Нансалмаагийн амь нас хохирсон гэмт хэргийг тус тус үйлдсэн болох нь хохирогч Ш.Мийн “...2017 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр Өмнөговь аймгийн Ноён сумаас гараад Улаанбаатар хот руу 51-84 УБС улсын дугаартай тээврийн хэрэгслээр явж байсан. ...Дэлгэрцогт сумаас хойш явж байхад урдаас гэнэт цагаан өнгийн фронтер маркийн ачааны машин гарч ирээд манай машины урд талаас мөргөсөн...” /1-р хх-ийн 28-29, 152-153/ гэсэн,
Хохирогч Л.Угийн “...2017 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр Өмнөговь аймгаас Улаанбаатар хот руу Ш.Угийн эзэмшлийн Тоёота Приус маркийн 51-84 УБС улсын дугаартай тээврийн хэрэгслийн хойд суудлын зүүн талд сууж явсан. ...Осол болоход миний сууж явсан машины урдаас цагаан өнгийн жижиг ачааны машин мөргөсөн...” /1-р хх-ийн 31-32, 136-137/ гэсэн,
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч У.Гын “...2017 оны 09 дүгээр сарын 25-ны ...өдрийн 12 цагийн үед би осол болсон гэдгийг сонсоод Улаанбаатар хотоос Дундговь аймаг руу гарсан. Дундговь аймгийн цагдаа дээр очиход манай аав өөрийн Тоёота Приус 20 маркийн автомашинтайгаа явж байгаад автомашинтай мөргөлдөж ээж нас барсан байсан...” /1-р хх-ийн 102-103/ гэсэн,
Гэрч Б.Мягмарсүрэнгийн “...Анх хоёр машин мөргөлдсөн А цэгийг тодорхойлохдоо гэрэл зураг №7 дээр харагдаж байгаа хоёр автомашин мөргөлдсөний улмаас Тоёота Приус автомашины дугуйны чирэгдсэн мөрийг үндэслэж анх мөргөлдсөн цэгийг тодорхойлсон. ...№5 дугаартай зурагт харагдаж байгаа тоормосны мөрийг хэмжиж үзээгүй, нүдээр харахад уг мөр нь Киа фронтер маркийн машины дугуйны өргөнтэй хэмжээ нь адилхан байсан. ...Хэргийн газарт Тоёота Приус маркийн машины мөр байгаагүй. ...№5 дугаартай зураг дээрх мөр анх мөргөлдсөн цэг рүү чиглэсэн, машиныг босгоход дугуй нь уг мөрний харалдаа байсан мөрний өргөн дугуйтай адил харагдсан учраас уг машины мөр байж магадгүй гэж үзлэгт оруулсан...” /1-р хх-ийн 186-187, 2-р хх-ийн 116-117/ гэсэн,
Гэрч А.Мөнх-Эрдэнийн “...Гэрэл зургийн №1 зурагт харагдаж байгаа хоёр тоормосны мөрний баруун талын тоормосны мөр нь хоёр автомашин анх мөргөлдсөн цэг рүү чиглэсэн байсан учраас Фронтер машины мөр гэж үзсэн. Уг хоёр мөрний ертөнцийн зүгээр зүүн талын мөр нь хоёр машин мөргөлдсөн газрын хажуугаар өнгөрөөд явсан үргэлжсэн мөр байсан. Хэргийн газар очоод нүдээр харахад уг мөр нь Киа Бонго Фронтер маркийн 91-44 УНН улсын дугаартай автомашины мөр гэдэг нь илт тодорхой байсан. Уг мөр нь анх хоёр машин мөргөлдсөн цэг рүү чиглэсэн байсан учраас Киа Бонго Фронтер маркийн 91-44 УНН улсын дугаартай автомашины мөр гэж үзсэн. Схем зураг дээр тэмдэглэсэн хоёр мөрний 25 метрийн урттай мөрийг тоормосны мөр гэж үзсэн ба 9 метрийн урттай А цэг рүү чиглэсэн мөрийг даралтын мөр гэж үзсэн. Хоёр автомашин мөргөлдсөний улмаас Тоёота Приус автомашины дугуйны чирэгдсэн мөрийг үндэслэж анх мөргөлдсөн цэгийг тодорхойлсон байгаа...” /1-р хх-ийн 189-190, 2-р хх-ийн 118/ гэсэн,
Шинжээч И.Базаррагчаагийн “...М.Бы жолоодон явж байсан Киа Фронтер маркийн автомашин өөрийн эгнээндээ явж байсан нь хавтас хэрэгт авагдсан тоормосны мөрөөр тогтоогдож байна. Харин хоёр автомашин мөргөлдсөн гэх А цэгийн байрлал мөрнөөс харахад жишүү мөр яг мөргөлдөх үед эсрэг урсгалд орсон нь харагдаж байна. ...Жолооч тээврийн хэрэгслийн жолооны хүрдийг хаашаа дарах нь тухайн үеийн нөхцөл байдлаас шалтгаалдаг. Иймд жолооч Б нь автомашины жолооны хүрдийг зүүн гар тийш нь эргүүлсэн байх боломжтой. ...Мөргөлдөх үед илүү жинтэй тээврйин хэрэгсэл нь бага жинтэй тээврийн хэрэгслийг мөргөж хойш шилжүүлэх боломжтой...” /2-р хх-ийн 79-80, 132-133/ гэсэн,
Шүүгдэгч М.Бы“...2017 оны 09 дүгээр сарын 25-ны өглөө 06 цаг өнгөрч байхад 91-44 УНН улсын дугаартай бонго Фронтер маркийн автомашин жолоодоод Улаанбаатар хотоос гараад Өмнөговь аймаг руу ганцаараа явсан. Тэгээд Улаанбаатар хотоос гараад 10 цагийн үед Дундговь аймгийн замд 174 км орчим хойноос урагшаа чиглэлтэй явж байхад өөдөөс Тоёота Приус маркийн автомашин ирж явсанаа миний урсгал руу өөдөөс ороод ирсэн, би гэрлээрээ дохиод, сигналдаад тоормосоо гишгэсэн, тэгээд тэр машин чигээрээ өөдөөс ирэхээр нь тоормосоо болиод тойрч гарах гээд зүүн гар тийш жолоогоо дарсан,чинь нөгөө машин өөрийнхөө урсгал руу орох гээд өөдөөс дарсан, тэр үед би тоормосоо дахин гишгээд мөргөлдсөн. Мөргөлдөөд миний машин зүүн талаараа унасан...” /2-р хх-ийн 152-153/ гэсэн мэдүүлгүүд,
Дундговь аймаг дахь шүүхийн шинжилгээний албаны 2017 оны №170100294 тоот шинжээчийн дүгнэлтэд: “...Дүгнэлт 1.2 М.Бы биед баруун шуу ясны чигчий хуруу талын нарийн яс бугуй хэсгийн төгсгөлийн шонтон сэлтэрч далд хугарсан, тархи доргилт, цээж, хэвлий, бугалга, гуя, шилбэ хэсэгт цус хурсан зөөлөн эдийн гэмтэл, чамархай хэсэгт зулгарсан гэмтэл тогтоогдлоо.
3. Шуу ясны далд хугарал нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулар тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.
Тархи доргилт, зулгарсан, цус хурсан зөөлөн эдийн гэмтэл нь хөнгөн зэргийн гэмтэлд хамаарна...” /1-р хх-ийн 47/ гэсэн,
Дундговь аймаг дахь шүүхийн шинжилгээний албаны 2017 оны №170100060 тоот шинжээчийн дүгнэлтэд: “...Дүгнэлт 1.2 Л.Нансалмаагийн цогцост онош хэсэгт бичигдсэн гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд амьд байх үед үүссэн шинэ гэмтэл байна. Тухайн гэмтэл нь мохоо зүйлчийн үйлчлэлээр үүснэ.
3. Талийгаачийн цусанд 1.0 промилли спиртийн агууламж илэрсэн нь хөнгөн зэргийн согтолтод хамаарна.
4. Амь хохирогч Л.Нансалмаа нь А (II) бүлгийн цустай байна.
5. Шинжилгээгээр шууд үхэлд хүргэх архаг хууч өвчин тогтоогдсонгүй.
6. Талийгаач нь зам тээврийн ослын улмаас гол судас цээний хэсэгт тасарч хурцаар цус алдаж нас баржээ...” /1-р хх-ийн 54-56, 58-61/ гэсэн,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2017 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн №12250 тоот шинжээчийн дүгнэлтэд: “...Дүгнэлт 1. Л.Угийн биед бүсэлхийн 1-р нугаламын дарагдаж шахагдсан хугарал гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
3. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна...” /1-р хх-ийн 63/ гэсэн,
Мөн хүрээлэнгийн шинжээчийн 2018 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн №439 тоот шинжээчийн дүгнэлтэд: “...1. Ш.Угийн биед зүүн дунд чөмөгний далд хугарал, баруун шаант ясны далд хугарал, дух цээжинд зулгаралт гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр тухайлбал авто ослын үед үүсгэгдэх боломжтой.
3. Дээрх гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна...” /2-р хх-ийн 48-49/ гэсэн,
Мөн хүрээлэнгийн шинжээчийн 2018 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн №440 тоот шинжээчийн дүгнэлтэд: “...Ш.Мийн биед баруун дунд чөмөгний далд хугарал, баруун шуу ясны хугарал, баруун богтос ясны шөвгөн сэртэнгийн хугарал, баруун алганы 3-р шивнүүрийн ясны хугарал, хярзанд шарх, зүүн сарвуу, баруун зүүн гуя, хярзанд цус хуралт, хоёр талын төмсөгний хуйхнагт зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр тухайлбал авто ослын үед үүсгэгдэх боломжтой.
3. Дээрх гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна...” /2-р хх-ийн 61-62/ гэсэн,
Дундговь аймгийн авто тээврийн төвийн 2017 оны техникийн дүгнэлтэд: “...1. 51-84 УБС улсын дугаартай Тоёота-Приус 20 маркийн тээврийн хэрэгсэл нь 2017 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр Улаанбаатар хот Баянгол дүүргийн оношлогооны төвд үзлэг оношлогоонд хамрагдсан байна.
2. Тухайн тээврийн хэрэгслийн баруун гар талын толь хугарсан, крило цөмөрсөн копут хэмхэрсэн, урд салхины шил хагарсан, урд гупер хагарсан, урд их гэрлүүд дохионы гэрлийн хамт хагарсан, нүүр хагарсан, зүүн гар талын крило хагарсан, толь хугарсан, хаалга цөмөрсөн, урд радиоторууд хагарсан, агаар шүүгч хагарсан, хөндлөн травис, дугуй хагарсан зэрэг эвдрэл гэмтлүүд илэрлээ. Дээрх эвдрэл гэмтэл нь осол болсны дараа үүссэн байх талтай.
3. Дээрх эвдрэл гэмтэл нь осол гарахад нөлөөлөөгүй бөгөөд осол болсноос үүсэн гэмтэл.
4. Тухайн тээврийн хэрэгсэл нь асах боломжгүй бөгөөд тоормос болон бусад эд анги хэвийн ажиллагаатай байсан эсэхийг тогтоох боломжгүй...” /1-р хх-ийн 39/ гэсэн,
Дундговь аймгийн авто тээврийн төвийн 2017 оны өдрийн техникийн дүгнэлтэд: “...1. 91-44 УНН улсын дугаартай Бонго Пронтер маркийн тээврийн хэрэгсэл нь 2017 оны 05 дугаар сарын 24-ний Өмнөговь аймгийн оношлогооний төвд оношлогоонд хамрагдсан байна.
2. Тухайн тээврийн хэрэгслийн баруун урд гупр хойш чихэгдсэн, баруун урд их гэрэл, дохионы гэрлийн хамт хагарсан, баруун хаалга урд талаасаа чихэгдэж хэмхэрсэн, шил нь хагарсан, урд салхины шил хагарсан, кабины багана мурийсан, нүүр цөмөрсөн, зүүн гар талын хаалга цөмөрсөн, толь хугарсан, рүлийн чак мултарсан, моторын лап тасарсан, кабины салон хэмхэрсэн, рам хугарсан, мурийсан, рүлийн брак мурийсан, кроп хагарсан, крадан гол тасарсан, урд гарнууд мурийсан зэрэг эвдрэл гэмтлүүд илэрлээ. Дээрх эвдрэл гэмтлүүд нь ослоос болж үүссэн байх талтай.
3. Дээрх эвдрэл гэмтэл нь осол гарахад нөлөөлөөгүй бөгөөд осол болсноос үүсэн гэмтэл.
4. Тухайн тээврийн хэрэгсэл нь асах болон хөдөлгөөнд оролцох боломжгүй бөгөөд тоормос болон бусад эд анги хэвийн ажиллагаатай байсан эсэхийг тогтоох боломжгүй...” /1-р хх-ийн 41/ гэсэн,
Техникийн шинжээчийн 2018 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн №214 тоот шинжээчийн дүгнэлтэд: “...1. Хэрэг осол гарсан газар хийсэн хэмжилтийн бүдүүвч, гэрэл зургийн үзүүлэлт, тээврийн хэрэгслийн гэмтэл зэргээс харахад Тоёота Приус маркийн 51-84 УБС улсын дугаартай тээврийн хэрэгсэл нь мөргөлдөх эгшинд эсрэг урсгалыг тусгаарласан тэмдэглэлийг давж явсан нь тогтоогдож байна. Энэ нь мөргөлт болсон А цэгээс эсрэг урсгалыг тусгаарласан тэмдэглэл хүртэл 40 см, тухайн тээврийн хэрэгслийн өргөн мөргөлтийн цэг нь автомашины өргөний талаас баруун тал руу давсан, уг автомашины өргөн 172 см, өргөний тал 86 см, гэрэл зургийн үзүүлэлтийн 1-р зураг, 3-р зураг зэрэгт тээврийн хэрэгслийн зүүн хойд булан урсгалыг тусгаарласан тэмдэглэлийг давсан зэргээр харагдаж байна. Иймд Тоёота Приус маркийн 51-84 УБС улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч Ш.У Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 8.2 “Эсрэг хөдөлгөөнтэй хоёр эгнээгээр зорчдог замд гүйцэж түрүүлэх буюу тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно” гэсэн заалтыг зөрчсөн гэх үндэслэлтэй байна.
2. Хавтаст хэрэгт авагдсан материалаас харахад Киа Фронтер маркийн 91-44 УНН улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч М.Б нь осол болохоос өмнө өөрийн эгнээндээ явж байсан, мөргөлдөх эгшинд эсрэг урсгал орсон нь хэрэг осол гарсан газар хийсэн хэмжилтийн бүдүүвч, гэрэл зургийн үзүүлэлтээр тогтоогдож байна. Иймд Киа Фронтер маркийн 91-44 УНН улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч М.Б нь Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 8.2 “Эсрэг хөдөлгөөнтэй хоёр эгнээгээр зорчдог замд гүйцэж түрүүлэх буюу тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно” гэсэн заалтын зөрчсөн гэх үндэслэлтэй байна.
...4. Зам тээврийн ослын шалтгаан нь хоёр тээврийн хэрэгсэл Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 8.2 “Эсрэг хөдөлгөөнтэй хоёр эгнээгээр зорчдог замд гүйцэж түрүүлэх буюу тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно” гэсэн заалтыг зөрчсөнөөс болсон байна. Харин хоёр жолоочийн хэн нь эхэлж урсгал сөрснийг тогтоох боломжгүй байна...” /2-р хх-ийн 77-78/ гэсэн,
- Техникийн шинжээчийн 2018 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн нэмэлт дүгнэлтэд: “...1.2 Хэрэг осол гарсан газар хийсэн хэмжилтийн бүдүүвч, гэрэл зургийн үзүүлэлт, тээврийн хэрэгслийн гэмтэл зэргээс харахад Тоёота приус маркийн 51-84 УБС улсын дугаартай тээврийн хэрэгсэл нь мөргөлдөх эгшинд эсрэг урсгалыг тусгаарласан тэмдэглэлийг давж явсан нь тогтоогдож байна. Энэ нь мөргөлт болсон А цэгээс эсрэг урсгалыг тусгаарласан тэмдэглэл хүртэл 40 см, уг автомашины өргөн 172 см /тал нь 86 см/, гэрэл зургийн үзүүлэлтийн 1-р зураг, 3-р зураг зэрэгт тээврийн хэрэгслийн үүн хойд булан урсгалыг тусгаарласан тэмдэглэлийг давсан зэргээр харагдаж байна. Иймд Тоёота приус 51-85 улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч Ш.У Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 8.2 “Эсрэг хөдөлгөөнтэй хоёр эгнээгээр зорчдог замд гүйцэж түрүүлэх буюу тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно” гэсэн заалтыг зөрчсөн гэх үндэслэлтэй байна.
3. Уг осол хэрэг болоход 51-84 УБС улсын дугаартай Тоёота приус маркийн автомашин урд хэсгээрээ, 91-44 УНН улсын дугаартай Фронтер маркийн автомашин баруун урд хэсгээрээ тус тус мөргөлдсөн байна.
4. Фронтер автомашины хурдыг тодорхойлох боломжгүй. Фронтер маркийн автомашины жолооч жолооны хүрдийг зүүн гар тийш дарж автомашины хүндийн төв шилжсэн, баруун урд талаасаа автомашинтай мөргөлдсөн нь уг автомашины унах шалтгаан болжээ.
...6. Жолооч реакцийн хугацаа, тоормосны эд анги ажиллах хугацаанд автомашины хурд өөрчлөгдөггүй өөрөөр хэлбэл жолооч саадыг харснаас хойш дунджаар 1 секунд орчим хугацааны дараа автомашин тоормослож эхэлдэг ба жолооч энэ хугацаанд амжиж тоормос гишгээгүй байж болно. Мөн уг жолооч нь эсрэг урсгалаас өөрийн эгнээ рүү орохын тулд жолооны хүрдийг баруун гар тийш эргүүлэх үйлдлийг хийсэн байж болно. Тухайн нөхцөл байдал, жолоочийн туршлага зэргээс хамаараад “хүн” ямар ч үйлдэл хийж болдог.
...2. Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, бүдүүвч гэрэл зургийн үзүүлэлтээс харахад Киа Фронтер автомашин бүрэн эсрэг урсгалд, приус автомашины зүүн хойд булан тэнхлэгийн шугамыг давсан байдалтай байна. Мөн автомашины өргөн, “А” цэгийн байрлалаас харахад мөргөлдөх үед приус автомашин замын тэнхлэгийн шугамыг давсан байх үндэслэлтэй.
...4. Тээврийн хэрэгслүүд ямар зайнаас ирснийг тодорхойлох боломжгүй. 91-44 УНН улсын дугаартай тээврийн хэрэгсэл өөрийн урсгалаас эсрэг урсгалд орж ирэн А цэгт мөргөлдөж онхолдсон байгаа нь хавтаст хэрэгт авагдсан материалаар тогтоогдож байна. Харин 51-84 УБС улсын дугаартай Тоёота Приус маркийн тээврийн хэрэгслийн осол, хэрэг болсны дараах байрлалыг тодорхойлж зүүн хойд булан ямар хэмжээгээр эсрэг урсгалд орсон байгааг байгуулагч шугамуудын тусламжтайгаар тогтоож 1-р зурагт үзүүллээ.
...7. “А” цэг байрласан эгнээ 91-44 УНН улсын дугаартай Фронтер маркийн автомашины зорчих эгнээ биш, Монгол улсын замын хөдөлгөөний дүрэмд зааснаар гүйцэж түрүүлэх, саадыг тойрон гарахаас бусад тохиолдолд уг эгнээнд орохыг хориглоно...” /2-р хх-ийн 125-131/ гэсэн дүгнэлтүүд, хэргийн газрын үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1-р хх-ийн 6-10/, тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1-р хх-ийн 11-17/ зэрэг хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Тээврийн прокурорын газраас шүүгдэгч Ш.У, М.Б нарын үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг, заалт шүүгдэгчийн гэм буруутай үйлдэлд тохирсон, хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хуульд заасан үндэслэл журмын дагуу шалгаж тодруулсан байх тул дээрх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, энэ зүйл, хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршигийн талаар:
Шүүгдэгч Ш.У, М.Б нарын үйлдсэн гэмт хэргийн улмаас хохирогч Ш.У, Ш.М, Л.У нарын биед хүндэвтэр хохирол учирч, Ш.Мт 2,053,974 төгрөгийн /1-р хх-ийн 159-171, шүүх хуралдаанд шинээр гаргаж өгсөн баримтууд/, Л.Уд 216,000 төгрөгийн /1-р хх-ийн 149-150/ хохирогч, иргэний нэхэмжлэгч Ш.Угийн эрүүл мэндэд 522,394 төгрөгийн /1-р хх-ийн 176-178, 180-185/, тээврийн хэрэгсэлд 7,628,400 төгрөгийн /1-р хх-ийн 197-202/, хохирогч, иргэний нэхэмжлэгч М.Бы тээврийн хэрэгсэлд 8,846,000 төгрөгийн /1-р хх-ийн 204-207, 2-р хх-ийн 43-45/ хохирол, зорчигч Л.Нансалмаагийн амь нас хохирч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч У.Гад 10,447,750 төгрөгийн /1-р хх-ийн 120-134/ хохирол тус тус учирсан бөгөөд нийт хохирлыг тооцож үзэхэд 29,714,518 төгрөгийн шууд болон шууд бус хохирол учирсныг гэм буруутай этгээдүүдээс хувь тэнцүүлэн гаргуулах нь зүйтэй гэж шүүх дүгнэв.
Иймд шүүгдэгч М.Баас 14,857,259 төгрөг /29,714,518:2=14,857,259/ гаргуулж, хохирогч Ш.Мд 1,026,987 төгрөгийг, хохирогч Л.Уд 108,000 төгрөгийг, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч У.Гад 5,223,875 төгрөгийг, хохирогч Ш.Уд 4,075,397 төгрөгийг, хохирогч М.Бд 4,423,000 төгрөгийг,
шүүгдэгч Ш.Угаас 13,857,259 төгрөг /29,714,518:2=14,857,259-1,000,000=13,857,259/ гаргуулж хохирогч Ш.Мд 26,987 төгрөгийг, хохирогч Л.Уд 108,000 төгрөгийг, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч У.Гад 5,223,875 төгрөгийг, хохирогч Ш.Уд 4,075,397 төгрөгийг, хохирогч М.Бд 4,423,000 төгрөгийг тус тус олгож, хохирогч Ш.М, Л.М нар өөрт учирсан эрүүл мэндийн хохиролтой холбоотой зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэй.
Хохирогч, иргэний нэхэмжлэгч Ш.У машин тээвэрлэхэд 400,000 төгрөгийн /1-р хх-ийн 175/ зардал гарсан гэх боловч энэ талаар нотлох баримт хэрэгт авагдаагүй тул хангаж шийдвэрлэх боломжгүй, хохирогч, иргэний нэхэмжлэгч М.Б өөрийн эрүүл мэндэд учирсан гэмтэлтэй холбоотой зардал нэхэмжлээгүй болохыг тэмдэглэж байна.
Шүүгдэгч Ш.У, М.Б нар тус тусын тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцож байхдаа хэн аль нь Замын хөдөлгөөний дүрмийн 8.2-т заасныг зөрчиж, урсгал сөрж мөргөлдөн, зам тээврийн осол гаргасан тэдний гэм буруутай үйлдлийн улмаас учирсан нийт 29,714,518 төгрөгийн нийт хохирлыг шүүгдэгч нараас хувь тэнцүүлэн гаргуулж, гэмт хэргийн улмаас хохирогч, иргэний нэхэмжлэгчээр тогтоогдсон Ш.У, М.Б нар буюу шүүгдэгч нарт олгож шийдвэрлэв.
Хохирогч Ш.М өөрт учирсан хохиролтой холбоотой эмчилгээний зардалд 3,053,974 төгрөг нэхэмжилсэн боловч хэрэгт авагдсан баримтаар 2,053,974 төгрөгийн /1-р хх-ийн 159-171, шүүх хуралдаанд шинээр гаргаж өгсөн баримтууд/ хохирол тогтоогдсон бөгөөд энэ мөнгийг шүүгдэгч нараас хувь тэнцүүлэн хуваахад /2,053,974:2=1,026,987 төгрөг/ 1,026,987 төгрөг гаргуулахаар тооцоо гарч байна. Шүүгдэгч Ш.У мөрдөн шалгах ажиллагааны явцад 1,000,000 төгрөгийг хохирогч Ш.Мд төлсөн талаар шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Ш.М мэдүүлж байх тул шүүгдэгч Ш.Угаас 26,987 төгрөг, шүүгдэгч М.Баас 1,026,987 төгрөг тус тус гаргуулж хохирогч Ш.Мд олгож шийдвэрлэлээ.
Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Шүүх, шүүгдэгч Ш.У, М.Б нарын үйлдэлд эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.
Зам тээврийн осол хэдийгээр болгоомжгүйгээр үйлдэгддэг хэдий боловч гэмт хэрэг гарсан шалтгаан нөхцөл, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршиг, шүүгдэгч нарын хэн аль нь гэм буруугаа хүлээн зөвшөөрдөггүй тэдний хувийн байдлуудыг харгалзан шүүгдэгч Ш.У, М.Б нарт тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 03 жилийн хугацаагаар хасч, тус бүр 02 жил 06 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, уг ялыг нээлттэй хорих байгууллагаад эдлүүлэхээр шийдвэрлэв.
Шүүгдэгч нар гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг төлөхөө илэрхийлж байх боловч гэмт хэргийн улмаас хүний амь нас хохирсон буюу хүнд хор уршиг учирсан болон шүүгдэгч нар өөрсдийн гэм бурууг хүлээн зөвшөөрөхгүй байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7, 7.1 дүгээр зүйлүүдэд заасан ял хөнгөрүүлэх, тэнсэх зохицуулалтыг хэрэглэх хууль зүйн үндэслэлгүй байна.
Шүүх шүүгдэгч нарын хувийн байдлыг харгалзан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хуульд заасны дагуу тодорхой хугацаагаар хасаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрх хассан ялын хугацааг шүүгдэгч нар шүүхээс оногдуулсан хорих ялыг эдэлж дууссаны дараа тоолох хууль зүйн үндэслэлтэй.
Тээврийн хэрэгсэл жолоодох эрх хассан ял оногдуулсантай холбогдуулан хэрэгт хураагдаж ирүүлсэн шүүгдэгч Ш.Угийн №058812, шүүгдэгч М.Бы №316380 дугаартай жолоочийн үнэмлэхийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраар дамжуулан Цагдаагийн ерөнхийн газарт хүргүүлэх нь зүйтэй.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, шүүгдэгч нар цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдав.
Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Ш.У, М.Б нарыг хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан, хүний амь нас хохирсон гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ш.У, М.Б нарыг тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 03 /гурав/ жилийн хугацаагаар хасч, 02 /хоёр/ жил 06 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ш.У, М.Б нарт оногдуулсан 02 /хоёр/ жил 06 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад тус тус эдлүүлсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч М.Б, Ш.У нарт оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 03 /гурав/ жилийн хугацаагаар хасах ялыг оногдуулсан хорих ялыг эдэлж дууссан өдрөөс эхлэн тоолсугай.
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар эрүүгийн 1803000010114 тоот хэрэгт хураагдаж ирсэн Ш.У-н №058812, М.Б-н №316380 дугаартай жолоочийн үнэмлэхийг Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх газраар дамжуулан Цагдаагийн ерөнхий газарт хүргүүлсүгэй.
6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1, 508 дугаар зүйлийн 508.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Б -аас 14,857,259 /арван дөрвөн сая, найман зуун тавин долоон мянга, хоёр зуун тавин ес/ төгрөг гаргуулж,
хохирогч Ш.М-д 1,026,987 /нэг сая хорих зургаан мянга, есөн зуун наян долоон/ төгрөг,
хохирогч Л.У -д 108,000 /нэг зуун найман мянга/ төгрөг,
хохирогчийн хууль ёсны төлөөлөгч У.Г-д 5,223,875 /таван сая, хоёр зуун хорин гурван мянга, найман зуун далан тав/ төгрөг,
хохирогч Ш.У-д 4,075,397 /дөрвөн сая далан таван мянга гурван зуун ерэн долоо/ төгрөг,
хохирогч М.Б-д 4,423,000 /дөрвөн сая дөрвөн зуун хорин гурван мянга/ төгрөг,
шүүгдэгч Ш.У -гаас 13,857,259 /арван гурван сая найман зуун тавин долоон мянга, хоёр зуун тавин ес/ төгрөг гаргуулж,
хохирогч Ш.М -д 26,987 /хорин зургаан мянга, есөн зуун наян долоо/ төгрөг,
хохирогч Л.У-д 108,000 /нэг зуун найман мянга/ төгрөг,
хохирогчийн хууль ёсны төлөөлөгч У.Г-д 5,223,875 /таван сая, хоёр зуун хорин гурван мянга, найман зуун далан тав/ төгрөг,
хохирогч Ш.У -д 4,075,397 /дөрвөн сая, далан таван мянга, гурван зуун ерэн долоо/ төгрөг,
хохирогч М.Б-д 4,423,000 /дөрвөн сая дөрвөн зуун хорингурван мянга/ төгрөгийг тус тус олгож, хохирогч Ш.М, Л.У, нар эрүүл мэндэд учирсан хохиролтой холбоотой цаашид гарах зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэйг тайлбарласугай.
7. Эрүүгийн 1803000010114 тоот хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч М.Б, Ш.У нар энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүй, шийдвэрлэвэл зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Ш.У, М.Б нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, тэднийг цагдан хорьж, эдлэх ялыг 2018 оны 07 дугаар сарын 24-ний өдрөөс эхлэн тоолсугай.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар улсын яллагч, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоолыг гардан авсанаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.
10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ш.У, М.Б нарт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.АЛТАНЖИГҮҮР