Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 09 сарын 18 өдөр

Дугаар 862

 

Ш.У, М.Б нарт холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Т.Өсөхбаяр даргалж, шүүгч Н.Батсайхан, Д.Мягмаржав нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор С.Оюунжаргал,

шүүгдэгч /хохирогч/ Ш.У-гийн өмгөөлөгч З.Бат-Эрдэнэ,

шүүгдэгч /хохирогч/ М.Б-ы өмгөөлөгч С.Давааравдан, Ж.Хандсүрэн,

хохирогч Ш.Мөнхтөр, Л.Уртнасан,

хохирогчийн хууль ёсны төлөөлөгч У.Ганбат,

нарийн бичгийн дарга Б.Нямдаваа нарыг оролцуулан,

            Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Алтанжигүүр даргалж хийсэн шүүх хуралдааны 2018 оны 7 дугаар сарын 24-ний өдрийн 337 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Ш.У-гийн өмгөөлөгч З.Бат-Эрдэнэ, шүүгдэгч М.Б-ы өмгөөлөгч С.Давааравдан, хохирогч Ш.Мөнхтөр, Л.Уртнасан, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч У.Ганбат нарын давж заалдах гомдлоор Ш.У, М.Б нарт холбогдох эрүүгийн 1803000010114 дугаартай хэргийг 2018 оны 9 дүгээр сарын 03-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Мягмаржавын илтгэснээр хянан хэлэлцэв.

1. Осор Бантгай овогт Ш.У, 1967 оны 4 дүгээр сарын 03-ны өдөр Завхан аймагт төрсөн, 51 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо, Арцатын 3-155 тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй, /РД:ИК67040316/,

2. Ямаат овогт М.Б, 1971 оны 2 дугаар сарын 28-ны өдөр Өвөрхангай аймагт төрсөн, 47 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, жолооч, гагнуурчин мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 5, эхнэр, хүүхдүүдийн хамт Баянгол дүүргийн 2 дугаар хороо, 67 дугаар байрны 4-12 тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй, /РД:КЮ71022837/,

Ш.У нь 2017 оны 9 дүгээр сарын 25-ны өдрийн 10 цагийн үед Дундговь аймгийн Дэрэн сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэр, 175 дугаар км дэх тэмдэгтэй замд Тоёота Приус маркийн 51-84 УБС улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 8.2, 2.3б-д заасныг тус тус зөрчин М.Б жолоочтой Киа Бонго Фронтер маркийн 91-44 УНН улсын дугаартай тээврийн хэрэгслийг мөргөснөөс зорчигч Л.Уртнасан, Ш.Мөнхтөр, жолооч М.Б нарын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан, зорчигч Л.Нансалмаагийн амь нас хохирсон,

М.Б нь 2017 оны 9 дүгээр сарын 25-ны өдрийн 10 цагийн үед Дундговь аймгийн Дэрэн сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэр, 175 дугаар км дэх тэмдэгтэй замд Б.Золбоогийн эзэмшлийн Киа Бонго Фронтер маркийн 91-44 УНН улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Замын хөдөлгөөний дүрмийн 8.2 дахь заалтыг зөрчиж, Ш.Угийн жолоодож явсан Тоёота Приус маркийн 57-84 УБС улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй мөргөлдсөнөөс зорчигч Л.Уртнасан, Ш.Мөнхтөр, жолооч Ш.У нарын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан, зорчигч Л.Нансалмаагийн амь нас хохирсон гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Тээврийн прокурорын газраас: Ш.У, М.Б нарт холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: “Шүүгдэгч Осор Бантгай овогт Ш.У, Ямаат овогт М.Б нарыг Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан, хүний амь нас хохирсон гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ш.У, М.Б нарыг тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хасч, 2 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ш.У, М.Б нарт оногдуулсан 2 жил 6 сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад тус тус эдлүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ш.У, М.Б нарт оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хасах ялыг оногдуулсан хорих ялыг эдэлж дууссан өдрөөс эхлэн тоолж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар эрүүгийн 1803000010114 тоот хэрэгт хураагдаж ирсэн Ш.Угийн №058812, М.Бы №316380 дугаартай жолоочийн үнэмлэхийг Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх газраар дамжуулан Цагдаагийн ерөнхий газарт хүргүүлж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1, 508 дугаар зүйлийн 508.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Баас 14.857.259 төгрөгийг гаргуулж, хохирогч Ш.Мөнхтөрд 1.026.987 төгрөг, хохирогч Л.Уртнасанд 108.000 төгрөг, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч У.Ганбатад 5.223.875 төгрөг, хохирогч Ш.Уд 4.075.397 төгрөг, хохирогч М.Бд 4.423.000 төгрөг, шүүгдэгч Ш.Угаас 13.857.259 төгрөг гаргуулж, хохирогч Ш.Мөнхтөрд 26.987 төгрөг, хохирогч Л.Уртнасанд 108.000 төгрөг, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч У.Ганбатад 5.223.875 төгрөг, хохирогч Ш.Уд 4.075.397 төгрөг, хохирогч М.Бд 4.423.000 төгрөгрийг тус тус олгож, хохирогч Ш.Мөнхтөр, Л.Уртнасан нар эрүүл мэндэд учирсан хохиролтой холбоотой цаашид гарах зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэйг тайлбарлаж, Эрүүгийн 1803000010114 тоот хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч М.Б, Ш.У нар энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүй, шийдвэрлэвэл зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Ш.У, М.Б нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, тэднийг цагдан хорьж, эдлэх ялыг 2018 оны 7 дугаар сарын 24-ний өдрөөс эхлэн тоолж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар улсын яллагч, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ш.У, М.Б нарт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Ш.У-гийн өмөөлөгч З.Бат-Эрдэнэ давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “2017 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр Дундговь аймгийн Дэлгэрцогт сумын нутагт зам тээврийн ослын улмаас 51-94 УБС улсын дугаартай Приус маркийн машинд зорчигч Л.Нансалмаа нас барж, зорчигч Ш.Мөнхтөр, Л.Уртнасан нар хүндэвтэр гэмтсэн хэрэгт Ш.Уг гэм буруутайд тооцон, 2 жил 6 cap хорих ялыг нээлттэй хорих ангид эдлүүлэхээр заасан нь хэргийн бодит байдалтай нийцээгүй гэж үзэн доорхи гомдлыг гаргаж байна. Хэргийн газрын фото зургаас 2 автомашин анх мөргөлдсөн газар нь ослын улмаас хэргийн газарт үлдсэн ул мөр машины эд анги нь 51-94 УБС улсын дугаартай приус маркийн машины зорчиж явсан эгнээнд зорчих хэсгийн ертөнцийн зүгээр зүүн зах орчим байхаар байхад хэргийн газрын үзлэгийн тэмдэглэлд 2 автомашин анх мөргөлдсөн А цэгийг приус маркийн машины дугуйн мөрөөр авсан гэж дурдсан байна. Гэтэл приус машин дугуйн хэсгээрээ мөргөлдөөгүй юм. Хэргийн газрын үзлэгийг анх хийсэн бүрэлдэхүүн хэргийн газрын үзлэг хийхдээ маш хайхрамжгүй хандаж хэргийн газарт үлдсэн ул мөрийг бэхжүүлж авахдаа хуульд заасан үндэслэл журмын дагуу бэхжүүлж аваагүйгээс 91-44 УНН улсын дугаартай фронтер маркийн машины жолооч М.Б нь урсгал сөрөөгүй гэж маргах гол нөхцлийг бүрдүүлснээс өөрийн эгнээгээрээ зорчиж явсан машины жолооч Ш.У урсгал сөрсөн гэж буруутан болоод байна.

Хэргийн газрын үзлэгийн фото зурагт А цэгийн байрлуулсан газарт ямар нэгэн автомашины дугуйн мөр байдаггүй, А цэг байрласан гэх газарт 2 автомашин мөргөлдсөнөөс үүссэн гэх ямар нэгэн ул мөр байхгүй, хоосон газар байдаг. Харин үзлэг хийсэн бүрэлдэхүүн A цэгийг зорчих хэсгийн голоос 40 см зайд байрлуулсан байгаа юм. Гэтэл 2 автомашин мөргөлдсөнөөс үүссэн ул, мөр өөр газарт байрлаж байгаа юм. Шинжээчийн дүгнэлтээр приус автомашины өргөн 172 см, тал нь 86 см гэсэн байх бөгөөд хэргийн газрын фото зурагт авагдсан А цэгт 2 автомашин мөргөлдсөн гэдгээр автомашины өргөнөөр хэмжиж 51-84 УБС улсын дугаартай приус маркийн автомашины жолоочийг эсрэг урсгалд орсон гэж дүгнэсэн байхаар байна. Фото зурагт авагдсан А цэг нь автомашины дугуйн мөрөн дээр байрлаагүй, 51-84 УБС улсын дугаартай приус маркийн автомашины дугуйн хэсгээс автомашины урд буфер хүртэл зай үүн дээр автомашины өргөний 86 см зайг нэмэх юм бол 2 автомашин мөргөлдсөн А цэг илүү дотогш буюу 1 метр гаруй зайд байрлахаар байна. Шинжээч нарын дүгнэлтээр приус маркийн машины зүүн хойд булан 15 см эсрэг урсгалд байгааг нь урсгал сөрснийг харуулж байна гэж дүгнээд байгаа бөгөөд харилцан адилгүй жинтэй тээврийн хэрэгсэл мөргөлдөх үед бага жинтэй тээврийн хэрэгсэл нь хойш түрэгдэж байрлал нь өөрчлөгдөх боломжтой талаар мэдүүлсэн байгаа нь приус маркийн машин фронтер маркийн машинтай мөргөлдсөнөөс байрлалаа өөрчлөн хойд булан нь эсрэг урсгалд орсныг харуулж байна.

Хэргийн газрын үзлэгийг хийсэн бүрэлдэхүүн болох Б.Мягмарсүрэн, Э.Баярсүрэн, А.Мөнх-Эрдэнэ нар нь хэргийн газарт байсан мөрнүүдээс 25 метр, 9 метр урттай мөрүүдийг фронтер маркийн машины мөр гэж үзэж бэхжүүлж авсан боловч, бүрэн хуульд заасан үндэслэл журмын дагуу бэхжүүлж аваагүй фронтер маркийн машины мөр гэдгийг тогтоож чадаагүй байж фронтер маркийн машины мөр гэж үзлэгийг хийсэн. Хэргийн газрын үзлэгт оролцсон шинжээч Э.Баярсүрэн нь уг мөрийг фронтер маркийн машины мөр гэхдээ шинжилгээгээр тогтооно би шинжилгээ хийх субъект биш гэсэн эргэж буцсан мэдүүлэг өгсөн. Үзлэгт оролцсон хүмүүсийн мэдүүлгээс харахад зам дээр гарсан машины дугуйн мөр фронтер машины дугуйн мөртэй адилхан байсан машиныг босгоход уг мөрөн дээр таарч байсан талаар хэлдэг. Гэтэл асфальтан зам дээр гарсан машины мөр хэзээ ч хээгээрээ тодорч гардаггүй гэдгийг ямар ч хүн мэднэ. Ослын улмаас мөргөлдөөд байрлалаа өөрчилөөд онхолдсон машиныг босгоход хэзээ ч дугуйн мөрөн дээрээ таарч босохгүй гэдэг нь ойлгомжтой байхад дээрхи хүмүүс зам дээр байсан мөр фронтер маркийн машины хээтэй адилхан таарч байсан гэдэг. Харин эдгээр хүмүүс дугуйн мөрний өргөнийг зам дээрхи дугуйн мөрний өргөн зэргийг аль алины өргөнийг хэмжсэн бол мөрийг фронтер маркийн машины мөртэй ойролцоо гэдгийг багцаалж болохоос тогтоох боломжгүй юм. Мөн онхолдсон машиныг босгоход цагдаагийн ажилтнууд хэргийн газарт байгаагүй байсан юм. Хуура асфальтан хучилттай замд 20 орчим метр тоормозны мөр нь 60 км цагийн хурдыг тодорхойлдог. Гэтэл 25 метр, 9 метр урттай хэмжсэн боловч энэ 2 мөрний хоорондох зайг бэхжүүлж аваагүйгээс хурдыг багцаалах боломжгүй болгосон байдаг. Фронтер маркийн машин нь мөрний төгсгөлд бүрэн зогсолт хийгээгүй цааш мөргөлдсөн нь хурдыг нарийн тогтоох боломжгүй ч ямар хурдтай байгаа нь хурд хэтрүүлсэн нь харагдахаар байгаа юм.

51-94 УБС улсын дугаартай приус маркийн машины жолооч Ш.У нь өөрийн эгнээндээ зорчиж явсан нь осол хэргийн улмаас хэргийн газарт үүссэн бүх ул мөр приус маркийн машины зорчиж явсан эгнээнд байгаа. Приус маркийн машин өөрийн зорчиж явсан эгнээндээ байгаагаар тогтоогдож байна гэж үзэж байна. Харин 91-44 УНН улсын дугаартай фронтер маркийн машин эсрэг урсгалд орсон нь уг машин приус маркийн машины зорчиж явсан эгнээнд машин тэр чигээрээ орсон байгаагаар тогтоодож байна. Иймд дээрхи нөхцөл байдлуудаас 51-94 УБС улсын дугаартай приус маркийн машины жолооч Ш.Уг цагаатгах боломжтой гэж үзэж байна. Хэрэв давж заалдах шатны шүүх осол хэргийн нөхцөл байдлыг дахин сэргээх тогтоох боломжгүй гэж үзвэл ослын улмаас хүүхдүүдийн хамт өрх толгойлж үлдсэн гэр бүлийн нөхцөл байдал, ослын улмаас хөл дээрээ одоог болтол зогсож чадахгүй байгаа биеийн эрүүл мэндийн байдал, бусдад учирсан хохирлыг бүрэн барагдуулсан зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн 7.1 дүгээр зүйлд зааснаар тэнсэж өгнө үү” гэв.

 

Хохирогч Ш.Мөнхтөр давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Хохирогч Ш.Мөнхтөр миний бие нь Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 07 дугаар сарын 24-ний өдрийн 337 дугаартай шийтгэх тогтоолыг үл хүлээн зөвшөөрч дараахи гомдлыг гаргаж байна. Миний бие энэ осол болох үед 2017 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр унтаагүй сэрүүн урагшаа замаа хараад явж байсан болохоор өөрийн сууж явсан 51-94 УБС улсын дугаартай приус маркийн машины эсрэг урсгалд ороогүй, өөрийн эгнээндээ явж байсан гэдгийг итгэлтэй хэлж байгаа юм. Осол хэргийн газар анх үзлэг хийсэн Б.Мягмарсүрэн, А.Мөнх-Эрдэнэ, Э.Баярсүрэн нар нь өөрсдийн хайхрамжгүй үйлдлийн улмаас 91-44 УНН улсын дугаартай фронтер маркийн машины мөрийг хэмжиж, тодорхойлж, тогтоож, нотолж, бэхжүүлж аваагүй зүйлүүдээ мэдүүлэг авах үед бүгд өөрсдийнхөө буруутай гэдгийг нуун дарагдуулахын тулд хийгээгүй дутуу орхигдуулсан зүйлүүдээ хариуцлагаас мултрахын тулд хийсэн мэтээр мэдүүлэг өгсөн нь шинжээч нарыг дүгнэлт гаргахад эргэлзэхэд хүргэсэн байхаар байна гэж миний зүгээс үзэж байна. Прокурорт энэ талаар гомдол гаргахад тухайн үеийн нөхцөл байдлыг одоо дахин сэргээн тогтоох ямарч боломж байхгүй талаар хэлдэг.

Шинжээч нар нь миний зорчиж явсан машины зүүн хойд буланг эсрэг урсгалд 15 см орсон нь эсрэг урсгалд байгааг харуулж байна гэжээ. Тэгсэн атал хүнд жинтэй тээврийн хэрэгсэл, хөнгөн жинтэй тээврийн хэрэгсэлтэй мөргөлдөх үед хөнгөн жинтэй тээврийн хэрэгслийг хойш нь түрж байрлалыг нь өөрчлөх боломжтой талаар тусгасан. Үүнээс харахад хүнд жинтэй фронтер хөнгөн жинтэй приус машиныг мөргөж хойш нь түрж байрлалыг өөрчилж эсрэг урсгалд зүүн хойд буланг нь оруулсан байгааг нотолж байна гэж харж байна. Мөн аль тээврийн хэрэгсэл эхэлж урсгал сөрснийг тогтоох боломжгүй, миний сууж явсан 51-94 УБС улсын дугаартай приус маркийн тээврийн хэрэгсэлийн ямар зайд эсрэг урсгалд орсон, ямар зайд эсрэг урсгалд явсан, ямар зайнаас эсрэг урсгалаас өөрийн урсгалдаа орсныг тогтоох боломжгүй талаар мөн мэдүүлэг өгсөн байж урсгал сөрсөн гэж дүгнээд байгаа нь ойлгомжгүй байна. Бүх болсон явдлыг нүдээр харсан би өнөөдөр амьд байгаад хамаг гол нь байгаа юм. Баярсайхан нь урсгал сөрсөн машин эгнээндээ орохгүй байхаар нь гэрлээрээ дохисон тойрог зам байсан талаар худал хэлсэн байдаг тухайн зам нь ямар нэгэн тойрог байхгүй шулуун зам байсан. Баярсайхан нь их ойрхон зайнаас гэнэт эсрэг урсгал руу орж ирсэн юм. Осол хэрэг болсноос хойш бид нарын зүгээс жолооч М.Баас ямар нэгэн зүйл нэхэж зовоогоогүй хуулийн байгууллага үнэн зөвийг тогтоох байх гэсэн байр сууринаас хүлээцтэй хандаж ирсэн. Гэтэл М.Б нь хүн чанар гаргаж нэг удаа миний биеийг асууж байгаагүй харин ч анхан шатны шүүх хурлын дараа ар гэрийнхэн нь чамаас болоод Баярсайхан ял авлаа чи үхчихгүи яасан юм бэ гэж хөл дээрээ бүрэн зогсож чадахгүй над руу дайрч давшилж байсанд гомдохоос өөр арга алга байна. Хэрэв шударга шүүх 2 жолоочийг гэм бүруутай гэж үзсэн юм бол 2 жолоочийн хохирлоо барагдуулсан байдал, гомдол санал, ар гэр, эрүүл мэндийн байдал зэргийг харгалзан ялыг арай ялгамжтай оноохоор байсан байх гэж миний зүгээс бодож байна. Гэтэл шүүх шударга шийдвэр гаргаж чадсангүй гэж үзэж байна. М.Б нь нэг ч төгрөгийн хохирол барагдуулаагүй болно. Ш.У нь надад учирсан хохирлыг бүрэн төлж барагдуулсан. Давж заалдах шатны шүүх хэргийн бүх талаас нь бүрэн хянадаг гэх тул та бүгд хэргийг бүх талаас нь нягтлан үзэж гомдлыг хүлээн авч анхан шатны шүүхийн шийдвэрийг нягталж өгнө үү.” гэв.

 

Хохирогч Л.Уртнасан давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Миний бие хохирогч Л.Уртнасан нь 2017 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр Дундговь аймгийн Дэлгэрцогт сумын нутагт зам тээврийн ослын улмаас 51-94 УБС улсын дугаартай приус маркийн машинд зорчиж яваад зам тээврийн осол орж нуруу хугарсан гэмтэл авсан. Тухайн осол хэрэг болох үед миний бие унтаж яваад осол хэргийг нүдээр хараагүй боловч тодорхой хэсэг хугацаанд ослын газрыг харж байхдаа сайн харж авсан зүйл маань миний сууж явсан машин өөрийн явж байсан эгнээндээ бүтэн зогсож байсан. Харин фронтер машин бүхэлдээ урсгал сөрөөд эсрэг урсгалд ороод унасан байсан. Би өөрийн сууж явсан машиныг өөрийн эгнээгээрээ явж байсан гэж бодож байна. Жолооч М.Бы зүгээс осол болсноос хойш гэмтсэн хүмүүсийн биеийг нэг удаа асууж сэтгэл гаргаж байгаагүй харин энэ хооронд өөрийгөө буруугүй мэт харагдуулах бүх л арга замаа хайгаад явж байсан гэж бодохоор байгаа юм. Миний бие Ш.Уд ямар нэгэн гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй. Анхан шатны шүүх хурлын дараа М.Бы ар гэрээс гэмтэж бэртсэн сэтгэл санаагаар хохирсон хүмүүсийг байж боломгүй үгээр дайрч давшилж доромжилж байсныг бодохоор үнэхээр хүн муутай хүмүүс гэж бодохоос өөр аргаггүй байлаа. Иймд давж заалдах шатны шүүх хэргийг бүхэлд нь хянадаг гэх тул хэргийн бодит байдалд нийцсэн шийдвэр гаргаж өгнө үү.” гэжээ.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч У.Ганбат давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Миний ээж Л.Нансалмаа нь 2017 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр Дундговь аймгийн Дэлгэрцогт сумын нутагт зам тээврийн ослын улмаас 51-94 УБС улсын дугаартай приус маркийн машинд зорчиж яваад зам тээврийн осолд орж нас барсан хэргийг шийдвэрлэсэн шүүхийн шийдвэрийг үл зөвшөөрч хэргийн бодит байдалтай нийцээгүй гэж үзэн доорхи гомдлыг гаргаж байна. Миний бие 2017 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр зам тээврийн осол болсон тухай сонсоод осол болсон газарт очсон. Осол болсон газарт 91-44 УНН улсын дугаартай фронтер маркийн машин урсгал сөрөөд эсрэг урсгал ороод уначихсан 51 -84 УБС улсын дугаартай приус маркийн машин өөрийн урсгалдаа байсан. Ямар ч хүн энэ осол хэргийг хараад фронтер машин урсгал сөрж орж ирсэн гэдгийг хараад үзээд мэдэхээр байсан. Осол хэргийн газарт приус маркийн машинд сууж явсан хүмүүс бүгд гэмтээд эмнэлэг явсан. Осол хэргийн газарт ганцаараа үлдсэн жолооч М.Б нь үзлэг хийхээр ирсэн цагдаагийн ажилтнуудад бодит байдлыг өөрт ашигтайгаар тайлбарлан буруу ойлголт төрүүлсэн гэж бодож байна. Осол хэргийг шалгахдаа хэт нэг талыг барьсан гэхээр өөрийн эрхгүй бодохоор зүйлүүд энгийн бидэнд илт мэдрэгдэж байсан. Үүнд: Цагдаагийн ажилтнууд зам дээр дугуйны хээ байсан тэр хээ нь фронтер машины хээтэй адилхан байсан талаар мэдүүлэг өгчээ. Гэтэл тухайн осол болсон зам дээр ямар ч дугуй хээ гарсан зүйл байгаагүй харин нилээд хэдэн машины мөрнүүд байсан. Сул шороон дээр машин тоормоз гишгэхгүй явахад нь дуйгуйны хээ шороон дээр үлддэг шүү дээ. Ослын улмаас гэмтээд өвчиндөө шалаж байсан жолооч Ш.Уг согтууруулах ундаа уусан эсэхийг багаж үлээлгэж шалгасан байдаг. Гэтэл М.Б гэдэг хүний согтууруулах ундаа уусан эсэхийг шалгаагүй байсан. Хэргийн материалтай танилцаад жолооч М.Быг согтуу эсэхийг шалгаагүй энэ хүн согтуу байсныг нуун дарагдуулсан байна гээд гомдол гарахаар хэргийн газарт очсон цагдаагийн ажилтнуудаас авсан байсан уг мэдүүлгээс харахад зүгээр үнэртүүлж үзээд эрүүл гэдгийг тогтоосон гэх юм. Хуулийн байгууллагыг согтуу эсэхийг шалгахдаа багажаар, эсвэл цусыг нь авч шалгадаг гэж ойлгодог. Гэтэл хүний амь нас хохирсон ноцтой хэрэгт өвчтэй хүний ам руу багаж үлээлгээд нөгөө хүнийг нь амаар нь үлээлгэж үзсэн гэхэд үнэхээр гайхаж эргэлзэхэд хүргэж байгаа юм. Эдгээр байдлуудаас харахад цагдаагийн ажилтнууд ашиг сонирхолын зөрчилтэй байна уу, эсвэл өөрийн хийх ёстой зүйлийг хийгээгүйгээс хариуцлагаас айгаад хийгээгүй зүйлүүдээ хийсэн мэтээр яриад байна. Эдгээр хүмүүсийн хайхрамжгүй үйлдлээс хүний хувь заяа өөрчлөгдөж шийдэгдэж байна гэдгийг ойлгохгүй байгаа бололтой. Жолооч М.Б нь 51-94 УБС улсын дугаартай приус маркийн машины жолооч Ш.Уг буруутан болгох гэж гэрлээрээ дохиод байхад эгнээндээ орохгүй байсан зам нь тойрог зам байсан гэж мэдүүлсэн байдаг. Гэтэл тухайн зам нь ямарч тойрог байхгүй шулуун тал газар байсан. Үнэхээр М.Бы хэлдэгээр Ш.У урсгал сөрсөн эгнээндээ ороогүй юм бол яагаад аюул саад бий болж байхад зогсоох арга хэмжээ аваагүй юм бэ? гэдэг асуулт гарна. Машин 1 секундэд 10 орчим метр газар зайг туулж явдаг гэдэг гэтэл жолооч гэрлээрээ хамгийн багадаа 4-5 удаа дохьсон гэж үзвэл нэг удаа 1,5 секунд гэвэл ямар зай гарах нь харагдах бөгөөд энэ хооронд ямар зайг туулах нь харагдахаар байна. Гэмтсэн бүх хүмүүсийг эмнэлэг явсан хойгуур М.Б өөрийгөө буруугүй болгох гэж бүхий л аргыг хайсан гэж үзэж байна. Үзлэг хийхээр ирсэн хүмүүст буруу ойлголт төрүүлж чадсан эсвэл ямар нэгэн ашиг сонирхолын зөрчил гарсан гэж бодохоос өөр аргагүй байгаа юм. Ослын улмаас миний ээжийн амь нас хохироч бид бүхнийг өнчирүүлж асар их гарз учруулсан. Миний хувьд оюутан, хэдэн дүү нарын хамт үлдээд юу хийхээ мэдэхгүй маш хүнд байдалд ороод цаашдын хувь заяа бүрхэг болоод байна. Осол болсноос хойш бараг бүтэн жил болж байна. Миний зүгээс болон манай ах дүү нарын зүгээс энэ хугацаанд жолооч М.Баас нэг ч төгрөг нэхээгүй ямар нэгэн зүйлээр дарамтлаагүй бүх зүйлийг хуулийн байгууллагад даатгаж ээжийхээ хойноос бурхандаа залбираад байж байна. Гэтэл М.Б нэг удаа бидэнд эмгэнэл илэрхийлээгүй сэтгэлийн дэм хайрлаж нэг ч удаа уулзаагүй нь үнэхээр хүн чанар муутай хүн гэдэг нь харагдаж байна. Үүгээр барахгүй анхан шатны шүүх хурлын дараа М.Бы ар гэрийхэн нь манай гэр бүлийг хараалган удам угсаагаар чинь байхгүй болгоно гэж бид бүгдийг байж боломгүй үгээр хараан доромжилж хохирогч Ш.Мөнхтөрийг үхчихгүй яасан юм гэж айлган сүрдүүлж байгаа нь эдгээр хүмүүс юу ч хийж болзошгүйг харуулж байна. Миний бие Ш.Уд ямар нэгэн гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй болно. Иймд шударга шүүх гэж байдаг бол хэргийн үнэн зөвийг бодитойгоор тунгаан тогтоож бидэнд үлдсэн ганц аавыг минь цагаатгаж өгнө гэж найдаж энэхүү гомдлыг гаргаж байна.” гэв.

Шүүгдэгч М.Б-ы өмөөлөгч С.Давааравдан давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “М.Б нь 2017 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн 10 цагийн үед Дундговь аймгийн Дэрзн сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэр 175 дугаар км дэх тэмдэгтэй замд Б.Золбоогийн эзэмшлийн Киа Бонго Фронтер маркийн 91-44 УНН улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Замын хөдөлгөөний дүрмийн 8.2 дахь заалтыг зөрчиж Ш.Угийн жолоодож явсан Тоёота приус маркийн 57-84 УБС улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй мөргөлдсөнөөс зорчигч Л.Уртнасан, Ш.Мөнхтөр, жолооч Ш.У нарын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол уруулсан, зорчигч Л.Нансалмаагийн амь нас хохирсон гэмт хэрэгт Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 07 дугаар сарын 24-ний өдрийн 337 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилээр хасч, 2 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсэнийг эс зөвшөөрч Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 2 дахь хэсгүүдэд зааснаар дараах давж заалдах гомдол гаргаж байна. Үүнд: 1. Техникийн шинжээчийн №214 дүгнэлтийн онд засвар хийсэн ...2017 гэсэн байсаныг 2018 болгож зассан. 2 дугаар хавтас хэргийн 77 хуудас. Техникийн шинжээчийн дүгнэлтийн нэмэлт дүгнэлт нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн. Техникийн шинжээчид 2017 оны 05 дугаар сарын 16-ны өдөр дүгнэлт гаргаж гарын үсэг зурсан байдаг. Гэтэл зам тээврийн осол нь 2017 оны 09 дүгээр сарын 25-нд болсон. 2 дугаар хавтас хэргийн 125 дугаар хуудас. Техникийн шинжээчийн дүгнэлтийн нэмэлт дүгнэлт нь 2017 оны 05 дугаар сарын 16-ны өдөр гарсан байхад Шүүхийн 337 дугаар шийтгэх тогтоолын гэм буруугийн талаарх хэсэгт ...Техникийн шинжээчийн 2018 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн нэмэлт дүгнэлтэнд ...гэж Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дэх хэсэгт зааснаар Эрүүгийн 1803000010114 дугаартай хэрэгт олж авсан баримтат мэдээллээс өөр, хавтас хэрэгт байхгүй баримт мэдээллийг дурдаж гэм буруугийн талаар дүгнэлт хийсэн. 337 дугаар Шийтгэх тогтоолын 18 хуудас. Дээрх дүгнэлтүүд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн байх тул дахин бүрэлдэхүүнтэй дүгнэлт гаргуулах шаардлагатай.

2. Зам тээврийн ослын шалтгаан нөхцөлийг үнэн зөв, тал бүрээс нь шалгаж тогтоогоогүй. Тухайлбал М.Б-ы жолоодож явсан Бонго фронтер маркийн 91-44 УНН авто машин 25 метр тоормозны мөр гаргасан байхад жолооч Ш.Угийн жолоодож явсан Тоёота приус маркийн 57-84 УБС тээврийн хэрэгсэлд ямар ч тоормозны мөр байхгүй байгаа нь "аюул саад тулгарсан үед зогсоох арга хэмжээ авна" гэсэн Замын хөдөлгөөний дүрмийн 9.2, 9.1-д заасан ззалтыг Ш.У зөрчсөн нь тодорхой харагддаг. Ш.Угийн машины тоормозны мөр байхгүй байгаа талаар анхаарч мөрдөн шалгах ажиллагааг явуулаагүй. Ш.У нь үзэгдэх орчин чөлөөтэй байхад зогсоох арга хэмжээ огт аваагүй болох нь хэргийн газрын үзлэгийн тэмдэглэлд тоормозны мөр гараагүй байгаагаар харагддаг. Ш.Угийн жолоодож явсан тээврийн хзрэгслийн хурдыг тогтоох ажиллагаа хийгээгүй, түүнчлэн Ш.Угийн Тоёота приус маркийн 57-84 УБС суудлын тэрэг жижиг оворын Бонго фронтер маркийн 91-44 УНН ачааны машиныг мөргөж ачааны машиныг хойш нь 3.5 метр газар ухараасан байгаагаас дүгнэж Ш.Угийн машины хурдыг тогтоох боломжтой байсан.

3. Жолооч Ш.У нь Замын хөдөлгөөний дүрмийн 2.7 "Жолоочид дор
дурдсан зүйлийг хориглоно, а/...согтууруулах ундаа, мансууруулах бодис, сэтгэцэд
нөлөөлөх эм, бэлдмэл хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж
чадхааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодохыг хориглоно..." гэсэн заалтыг зөрчсөн байх үндэслэлтэй. Ш.У нь Өмнөговь аймгийн Ноён сумаас өдрийн 16 цагт гарч улмаар Өмнөговь аймгийн төвд шөнийн 00 цагт ирээд айлд хоол идэж, 03 цагт Өмнөговь аймгаас Улаанбаатар хот руу гарсан байдаг. Мөрдөн байцаалтаар жолооч Ш.У-гийн явсан маршрутыг тогтоох нь тухайн зам тээврийн ослын гарахад нөлөөлсөн шалтгааныг тогтооход чухал ач холбогдолтой байх бөгөөд жолоочийн бие сэтгэл зүйн байдлын талаарх дүгнэлтийг мөрдөн шалгах ажиллагаа болон прокурорын шатанд гаргаагүй. Энэ талаар өмгөөлөгч Ж.Хандсүрэн удаа дараа хүсэлт тавьсан байдаг.

4. Жолооч Ш.У-гийн жолоодож явсан Тоёота приус маркийн 57-84 УБС
суудлын тэрэг нь хэргийн газрын үзлэгээр ямар ч тоормозны мөр байхгүй байгаа нь
"аюул саад тулгарсан үед зогсоох арга хэмжээ авна" гэсэн Замын хөдөлгөөний
дүрмийн 9.2, 9.1-д заасан заалтыг Ш.У зөрчсөн нь тодорхой байна. Гэтэл Шинжээч И.Базаррагчаа нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэг өгөхдөө “...Приус маркийн автомашин өглөө 9 цагт гараад 10 цаг гэхэд 100 км зайд явсан бол 100 км цагийн хурдтай явсан байна гэсэн үг. Гэхдээ замын нөхцөл байдал өөр өөр учир шууд тоггоохгүй ... Приус машин орчин үеийн машин тул тоормосны мөр гардаггүй. 80 км цагаас дээш хурдтай явж байгаад тоормос гишгэхэд дугуйны мөр тасалдаж гардаг... Б нь хэрвээ тоормосоо гишгэсэн чигээрээ байсан бол тээврийн хэрэгслүүд мөргөлдөхгүй байх боломжтой байсан. Энэ осол тухайн тээврийн хэрэгслүүд аль аль нь урсгал сөрснөөс үүдсэн...” гэжээ. Мөрдөн шалгах ажиллагаагаар дээрх нөхцөл байдлыг тогтоох ямар ч ажиллагаа хийгээгүй, 2 тээврийн хэрэгсэл хоёулаа Замын хөдөлгөөний дүрмийн 8.2 дахь заалтыг зөрчсөн бол чухам яаж зэрэг эсрэг урсгалд орж болох талаар зам тээврийн осол болсон газарт туршилт хийх ажиллагааг хийх шаардлагатай. Зам тээврийн осолд орсон хоёр автомашины хэн нь түрүүлж урсгал сөрсөн болохыг мөрдөн байцаалтаар тогтоож чадаагүй нь гэм буруугийн асуудлыг эцэслэн шийдвэрлэхэд эргэлзээ үүсгэж байх тул уг эргэлзээг тайлах ажиллагааг бүрэн хийх шаардлагатай. Энэ нь гэм буруугийн асуудлыг шийдвэрлэхэд чухал ач холбогдолтой баримт мэдээлэл болох юм. Өөрөөр хэлбэл гэмт хэрэг гарахад Эрүүгийн хуулиар хамгаалагдсан үнэт зүйлд хохирол учирсан нөхцөл байдал нь хуулиар хориглосон ямар хэм хэмжээг хэн зөрчсөн, нөлөөлсөн шалтгаан нөхцлийг тогтоож чадаагүй байх тул хэрэгт цугларсан нотлох баримтуудыг харьцуулах, түүний үндсэн дээр материалын буюу тээврийн хэрэгслүүдийн масс, эвдрэл, унасан болон зогссон чиглэл, хурд зэргийн эсэргүүцлийг бүхэлд нь дүгнэж, физик болон техникийн шинжлэх ухаанд тулгуурласан мэргэжлийн багаар дахин дүгнэлт гаргуулах, уг дүгнэлтийг гаргахад шаардлагатай ажиллагаа, нотлох баримтуудыг цуглуулж бэхжүүлэх нь гэм буруугийн асуудлыг шийдвэрлэхэд ач холбогдолтой. Хэрэгт цугларсан нотлох баримтуудаар хэргийн үйл баримт болон шүүгдэгчийн гэм бурууг тогтооход эргэлзээтэй гэж үзэж байна. Иймд Хан-уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 07 дугаар сарын 24-ний өдрийн 337 дугаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, эрүүгийн 1803000010114 тоот хэргийг урьдчилан дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү.” гэв.

 

Шүүгдэгч М.Б-ы өмөөлөгч Ж.Хандсүрэн тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Миний үйлчлүүлэгч өөрийн гэм буруугаа хүлээн зөвшөөрдөггүй. М.Б нь гэм буруугүй байх үндэслэлтэй. Анх осол гарсан газар Замын цагдаагийн алба очиж ослын акт тавиад техникийн шинжээчийн дүгнэлт гаргаад М.Быг гэм буруугүй гэж дүгнэсэн. Дараа нь Замын цагдаагийн газар бүрэлдэхүүнтэй шинжээч томилж дүгнэлт гаргахад буюу нийт 2-3 удаа М.Быг буруугүй гэдэг дүгнэлт гарсан. Гэтэл Ш.Угийн өмгөөлөгч Механик, инженерийн сургуулийн шинжээчийн дүгнэлт гаргуулах хүсэлт гаргасан бөгөөд тухайн дүгнэлт үндэслэлгүй дүгнэлт болсон. Тус дүгнэлтэд “Замын хөдөлгөөний дүрмийн 8.2 дугаар зүйлийг зөрчсөн” гэж үзсэн атлаа аль нь эсрэг урсгалд түрүүлж орсон юм бэ гэхэд тэр талаар мэдэх боломжгүй гэсэн хариултыг өгсөн. Мөн ахлах шинжээч Базаррагчаа гэх хүнээс анхан шатны шүүх хуралдаанд “таныг явж байхад эсрэг урсгалаас машин орж ирэхэд та яах ёстой юм бэ” гэж асуухад “аль боломжтой тал руугаа дарна” гэж хариулсан. Тэгэхээр энэ нөхцөл байдлаас харахад М.Б нь эсрэг урсгал руу дарж орохоос өөр арга байгаагүй. Нөгөө талд нь замын ховил байсан учир эсрэг урсгалд дарж орсон. Тийм учраас техникийн шинжээчийн дүгнэлт буюу хоёулаа эсрэг урсгалд орсон гэх дүгнэлтийг би үндэслэлгүй гэж үзэж байгаа тул дахин дүгнэлт гаргуулж өгнө үү гэж хүсэж байна. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэгт буцааж өгнө үү.” гэв.

 

ХЯНАВАЛ:

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт тус тус зааснаар давж заалдах шатны шүүх гомдол, эсэргүүцлийг хянан шийдвэрлэхдээ анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны ба үндэслэлтэй болсон эсэхийг давж заалдсан гомдол, эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэж, хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзэв.

Хэргийн бүх ажиллагааг хянахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж, тодруулсан, мөрдөн байцаалт болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн зөрчил тогтоогдоогүй болно.

Хавтас хэрэгт цугларсан, анхан шатны шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг харьцуулан шинжлэн судлахад;

Ш.У нь 2017 оны 9 дүгээр сарын 25-ны өдрийн 10 цагийн үед Дундговь аймгийн Дэрэн сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэр, 175 дугаар км дэх тэмдэгтэй замд Тоёота Приус маркийн 51-84 УБС улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 8.2-т заасан “Эсрэг хөдөлгөөнтэй хоёр эгнээгээр зорчдог замд гүйцэж түрүүлэх буюу тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно”, мөн дүрмийн 2.3б-д заасан “Хамгаалах бүсээр тоноглогдсон автомашин жолоодохдоо хамгаалах бүс хэрэглэх, хамгаалах бүс хэрэглээгүй зорчигч тээвэрлэхгүй байх” гэсэн заалтуудыг зөрчсөний улмаас М.Б жолоочтой Киа Бонго Фронтер маркийн 91-44 УНН улсын дугаартай тээврийн хэрэгслийг мөргөснөөс зорчигч Л.Уртнасан, Ш.Мөнхтөр, жолооч М.Б нарын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан, зорчигч Л.Нансалмаагийн амь насыг хохироосон гэмт хэрэг,

М.Б нь 2017 оны 9 дүгээр сарын 25-ны өдрийн 10 цагийн үед Дундговь аймгийн Дэрэн сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэр, 175 дугаар км дэх тэмдэгтэй замд Б.Золбоогийн эзэмшлийн Киа Бонго Фронтер маркийн 91-44 УНН улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 8.2-т заасан “Эсрэг хөдөлгөөнтэй хоёр эгнээгээр зорчдог замд гүйцэж түрүүлэх буюу тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно” гэсэн заалтыг зөрчсөний улмаас Ш.Угийн жолоодож явсан Тоёота Приус маркийн 57-84 УБС улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй мөргөлдсөнөөс зорчигч Л.Уртнасан, Ш.Мөнхтөр, жолооч Ш.У нарын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан, зорчигч Л.Нансалмаагийн амь насыг хохироосон гэмт хэргийн үйл баримт тус тус тогтоогдлоо.

Шүүгдэгч Ш.У, М.Б нар нь зам тээврийн осол гарсан нөхцөл байдлын талаар тодорхой мэдүүлдэг бөгөөд тэдний мэдүүлэг нь хохирогч Ш.Мөнхтөр /1хх-28-29/, хохирогч Л.Уртнасан /1хх-31-32/, гэрч Б.Мягмарсүрэн /1хх-186-187/, гэрч А.Мөнх-Эрдэнэ /1хх-189-190/, гэрч Э.Баярсүрэн /1хх-193-194/ нарын мэдүүлэг болон хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл /1хх-6-7/, тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл /1хх-11, 16/, 2017 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн техникийн дүгнэлт /1хх-39, 41/, Замын цагдаагийн албаны шинжээчийн 73 дугаартай дүгнэлт /1хх-43/, Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 170100060 дугаар дүгнэлт /1хх-54-56/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 12250 дугаар дүгнэлт /1хх-63/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 12249 дугаар дүгнэлт /1хх-65/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 12248 дугаар дүгнэлт /1хх-67/, Замын цагдаагийн албаны шинжээчийн 112 дугаартай дүгнэлт /1хх-238-240/, Замын цагдаагийн албаны шинжээчийн 154 дугаартай дүгнэлт /1хх-246-250/, Техникийн шинжээчийн 214 дугаартай дүгнэлт /2хх-77-78/, цогцост үзлэг хийсэн тэмдэглэл /1хх-18-19/ зэргээр нотлогдсон байна.

Анхан шатны шүүх хэргийг эцэслэн шийдвэрлэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана.” гэж заасантай нийцжээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно.” гэсний дагуу анхан шатны шүүх хуралдааны мэтгэлцээнд тэгш эрхтэй оролцох эрх бүхий яллах болон өмгөөлөх чиг үүргийг хэрэгжүүлэгчдийг оролцуулан, тэдний тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан нотлох баримтад тулгуурлаж, хууль зүйн үндэслэлтэй дүгнэлт хийжээ.

Хэрэгт нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх ба эдгээрийг үндэслэн шүүгдэгч Ш.У, М.Б нарыг Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас бусдын биед хүндэвтэр хохирол учруулсан, хүний амь нас хохироосон гэж үзэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон анхан шатны шүүхийн дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцсэн, хэргийн зүйлчлэл зөв, шүүхээс түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, хувийн байдал зэргийг харгалзан үзэж, тэдэнд тухайн зүйлд заасан ялын төрөл, хэмжээний дотор ял шийтгэл оногдуулсан байна.

Шүүгдэгч Ш.У-гийн өмгөөлөгч З.Бат-Эрдэний гаргасан “...ослын улмаас хүүхдүүдийн хамт өрх толгойлж үлдсэн гэр бүлийн нөхцөл байдал, ослын улмаас хөл дээрээ одоог болтол зогсож чадахгүй байгаа биеийн эрүүл мэндийн байдал, бусдад учирсан хохирлыг бүрэн барагдуулсан зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн 7.1 дүгээр зүйлд зааснаар тэнсэж өгнө үү” гэсэн,

Шүүгдэгч М.Б-ы өмгөөлөгч С.Давааравдангийн гаргасан “...Хэрэгт цугларсан нотлох баримтуудаар хэргийн үйл баримт болон шүүгдэгчийн гэм бурууг тогтооход эргэлзээтэй гэж үзэж байна. Иймд эрүүгийн 1803000010114 тоот хэргийг урьдчилсан хэлэлцүүлгээр дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдлуудыг тус тус хүлээн авах боломжгүй байна.

Учир нь хэргийн газрын үзлэг, техникийн шинжээчдийн дүгнэлтүүд, тээврийн хэрэгслийн ул мөр зэргээс үзэхэд гэмт хэрэг гарахад жолооч Ш.Угийн гэм буруутай үйлдэл эхэлж нөлөөлсөн нь нотлогдож байх ба түүний хууль, дүрэм зөрчсөн үйлдлийн тулгарсан аюулаас жолооч М.Б зайлах оролдлого хийхдээ дүрмийн заалт зөрчиж замын эсрэг урсгалд орсон байх бөгөөд хоёр жолооч машинаа зогсоох арга хэмжээ аваагүй болох нь мөн дээр дурдсан нотлох баримтуудаар тогтоогдсон байна.

Гэмт хэргийн улмаас бусдад учирсан материаллаг хохирлын асуудлыг шүүх үндэслэлтэй зөв шийдвэрлэсэн байх ба харин шүүгдэгч нараас өөрөөс нь хохирлын мөнгө гаргуулж өөрт нь олгохоор шийдвэр гаргасан нь зохимжгүй, бодит үр дагавар гаргах шинжтэй бус хэлбэр төдий зүйл болсон байх тул шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах журмаар энэ зөрчлийг арилгах боломжтой гэж үзэв.

Шүүхийн шийдвэр гарсны дараа шүүгдэгч Ш.У нь хохирогч Ш.Мөнхтөрд 28.000 төгрөг, хохирогч Л.Уртнасанд 110.000 төгрөг, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч У.Ганбатад 5.225.000 төгрөг төлсөн нь баримтаар нотлогдож байна. Харин хохирогч М.Бд төлөх 4.423.000 төгрөгийн төлбөрийг төлөөгүй бөгөөд шүүгдэгч М.Б нь шүүхийн шийдвэрт заасан төлбөрөө огт төлөөгүй байна.

Анхан шатны шүүх шүүгдэгч нарт хуульд заасан ял оногдуулсан нь үндэслэлтэй боловч дээрх нөхцөл байдлуудыг харгалзан шүүгдэгч нарт оногдуулсан хорих ялын хэмжээг ялгамжтай байдлаар хөнгөрүүлэх боломжтой гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Харин гэмт хэргийн улмаас бусдад учирсан хор уршиг, аюулын хэр хэмжээ, гэмт хэрэг гарахад хүргэсэн гэм буруутай үйлдэл, бусдад учирсан хохирлыг огт төлөөгүй байгаа зэрэг нөхцөл байдлыг харгалзан тэдэнд хорих ялаас өөр эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэл байхгүй гэж шүүх үзлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4 дэх заалтуудыг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 7 дугаар сарын 24-ний өдрийн 337 дугаар шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн:

2 дахь заалтын “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ш.У, М.Б нарыг тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хасч, 2 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэсүгэй” гэснийг “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ш.У-г тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хасч, 1 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар, шүүгдэгч М.Б-г тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хасч, 1 жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэсүгэй” гэж,

3 дахь заалтын “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ш.У, М.Б нарт оногдуулсан 2 жил 6 сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад тус тус эдлүүлсүгэй” гэснийг “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ш.Уд оногдуулсан 1 жил 6 сарын хугацаагаар хорих ялыг, шүүгдэгч М.Бд оногдуулсан 1 жилийн хугацаагаар хорих ялыг тус тус нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй” гэж,

6 дахь заалтын “Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1, 508 дугаар зүйлийн 508.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Баас 14.857.259 төгрөгийг гаргуулж, хохирогч Ш.Мөнхтөрд 1.026.987 төгрөг, хохирогч Л.Уртнасанд 108.000 төгрөг, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч У.Ганбатад 5.223.875 төгрөг, хохирогч Ш.Уд 4.075.397 төгрөг, хохирогч М.Бд 4.423.000 төгрөг, шүүгдэгч Ш.Угаас 13.857.259 төгрөг гаргуулж, хохирогч Ш.Мөнхтөрд 26.987 төгрөг, хохирогч Л.Уртнасанд 108.000 төгрөг, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч У.Ганбатад 5.223.875 төгрөг, хохирогч Ш.Уд 4.075.397 төгрөг, хохирогч М.Бд 4.423.000 төгрөгрийг тус тус олгож, хохирогч Ш.Мөнхтөр, Л.Уртнасан нар эрүүл мэндэд учирсан хохиролтой холбоотой цаашид гарах зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэйг тайлбарласугай” гэснийг “Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1, 508 дугаар зүйлийн 508.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Баас 10.434.259 төгрөгийг гаргуулж, хохирогч Ш.Мөнхтөрд 1.026.987 төгрөг, хохирогч Л.Уртнасанд 108.000 төгрөг, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч У.Ганбатад 5.223.875 төгрөг, хохирогч Ш.Уд 4.075.397 төгрөг, шүүгдэгч Ш.Угаас 9.781.862 төгрөг гаргуулж, хохирогч Ш.Мөнхтөрд 26.987 төгрөг, хохирогч Л.Уртнасанд 108.000 төгрөг, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч У.Ганбатад 5.223.875 төгрөг, хохирогч М.Бд 4.423.000 төгрөгрийг тус тус олгож, хохирогч Ш.Мөнхтөр, Л.Уртнасан нар эрүүл мэндэд учирсан хохиролтой холбоотой цаашид гарах зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэйг тайлбарласугай” гэж тус тус өөрчилсүгэй.

2. Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээж, шүүгдэгч Ш.Угийн өмгөөлөгч З.Бат-Эрдэнэ, шүүгдэгч М.Бы өмгөөлөгч С.Давааравдан, хохирогч Ш.Мөнхтөр, Л.Уртнасан, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч У.Ганбат нарын гаргасан давж заалдах гомдлуудыг тус тус хэрэгсэхгүй болгосугай.

3. Шүүгдэгч Ш.У нь хохирогч Ш.Мөнхтөрд 28.000 төгрөг, хохирогч Л.Уртнасанд 110.000 төгрөг, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч У.Ганбатад 5.225.000 төгрөг тус тус төлсөн болохыг, шүүгдэгч М.Б нь хохирогч Ш.Мөнхтөр, Л.Уртнасан, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч У.Ганбат нарт, шүүгдэгч Ш.У нь хохирогч М.Бд төлбөр төлөөгүй болохыг тус тус дурдсугай.

4. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

 

ДАРГАЛАГЧ,

                        ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                     Т.ӨСӨХБАЯР

ШҮҮГЧИД                                                    Н.БАТСАЙХАН

                                 Д.МЯГМАРЖАВ