Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 07 сарын 30 өдөр

Дугаар 346

 

 

 

 

 

 

 

 

 

 

                  

 

                                      МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдааныг шүүгч Д.Алтанжигүүр даргалж, нарийн бичгийн дарга Э.Гансугар, улсын яллагч Б.Батхишиг /томилолтоор/, хохирогч Г.Э, У.А, тэдний өмгөөлөгч Б.Дашдорж, иргэний хариуцагч Д.Г, шүүгдэгч Г.Н, түүний өмгөөлөгч С.Ариунцацрал нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар:

Тээврийн прокурорын газраас шүүгдэгч Боржигин овогт Г.Н-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1803002870212 дугаартай хэргийг 2018 оны 06 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Монгол улсын иргэн, 1997 оны 06 дугаар сарын 26-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 21 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эцэг, эх, эгчийн хамт, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, бие эрүүл, ухаан бүрэн, Г.Н

 

Холбогдсон хэргийн талаар:

 

Шүүгдэгч Г.Н нь 2018 оны 03 дугаар сарын 29-нөөс 30-нд шилжих шөнө 00 цаг 32 минутын үед Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэр, Маршалл таун хотхоны зүүн талын замд Тоёота Рав-4, маркийн 18-83 УНЭ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 9.1-д заасныг зөрчсөнөөс замын хажуу талын бетонон хашаа мөргөн зорчигч Г.Э-ын эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол, зорчигч У.А-ийн эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

                  

Нэг:  Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч, иргэний хариуцагч, шүүгдэгч нарын  мэдүүлсэн мэдүүлэг:

 

Хохирогч Г.Э: “...Хэрэг 2018 оны 03 дугаар сарын 29-нөөс 30-нд шилжих шөнө болсон. Би тухайн үед унтаж байсан болохоор хэргийн талаар тодорхой мэдэхгүй байна. Хохиролд 4.438.700 төгрөг авсан. Биеийн байдал хэвийн болсон, одоо гомдол, санал, нэхэмжлэх зүйлгүй...” гэв.

 

Хохирогч У.А: “...2018 оны 03 дугаар сарын 29-нөөс 30-нд шилжих шөнө Ны машинд найзуудаараа зургуулаа явж байсан. Нэг сэрэхэд түргэний машин ирсэн байсан. Эмчилгээний зардалд 4.780.000 төгрөг авсан, цаашид БНСУ-д шинжилгээнд орох төлбөрөө нэхэмжилнэ, гомдолтой байна...” гэв.

 

Иргэний хариуцагч Д.Г: “...Хохирогч У.А БНСУ-д шинжилгээ хийлгэх шаардлагатай гэсэн тул БНСУ руу явах замын зардлын мөнгийг шилжүүлсэн. БНСУ-д очоод эмчилгээ хийлгэж зардал гарсан тохиолдолд зардлыг төлнө..” гэв.

 

Шүүгдэгч Г.Н: “...2018 оны 03 дугаар сарын 29-нөөс 30-нд шилжих шөнө найзуудтайгаа хамт Маршалын гүүрний замд явж байгаад бетонон хашаа мөргөсөн, машиныг би жолоодож явсан...” гэв.

 

Хоёр: Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтууд:

 

Хохирогч Г.Э мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...2018 оны 03 дугаар сарын 29-ний орой Сэдбазар, Н, Тэмүүлэн, А, Давхарбаяр нартай уулзаад салхинд гарах гээд Ны машинтай явж байсан. Маршал таун хотхоны хашааг жолооч Н мөргөсөн юм шиг байна лээ. Би тухайн машинд унтаж байснаа л санаж байна. Нэг сэрэхэд би эмнэлэгт сэрсэн. 2018 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр Наас 940,000 төгрөг шилжүүлсэн, цаашид гарах эмчилгээний зардлаа нэхэмжилнэ...” /хх-ийн 26-27/ гэсэн,

 

Хохирогч У.А мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...2018 оны 03 дугаар сарын 29-ний орой 23 цагийн орчимд Ны машинд суугаад Н жолооны ард, хажууд нь Сэдбазар, жолоочийн чанх хойд суудалд Э, тэгээд би миний хажууд Давхарбаяр, түүний хажууд Тэмүүлэн нар суусан. Аль аль замаар явж байсан талаар мэдэхгүй, би машинд явж байгаад унтчихсан байсан. Нэг сэрсэн чинь машин хана мөргөөд зогсчихсон, түргэн тусламжийн машин ирээд дотор нь Э, Н бид гурав суучихсан явж байсан. ...Гэмтлийн эмнэлэгт хэвтэж байхад 2,000,000 төгрөг авсан, одоогийн байдлаар нэхэмлжилсэн баримтаар 1,600,000 төгрөг дутуу байна...” /хх-ийн 30-31/ гэсэн,

 

Иргэний хариуцагч Д.Г мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...Тоёота Рав-4 маркийн 18-83 УНЭ улсын дугаартай автомашин миний нэр дээр байдаг. Би Солонгос улс руу явах гээд машинаа түлхүүрийн хамт үлдээгээд явсан. Ер нь бол охин Н миний машиныг барьдаг, би зөвшөөрөл өгсөн. ...Автомашинаа хамгийн сүүлд 03 дугаар сарын дундууд оношлогоонд оруулсан...” /хх-ийн 80/ гэсэн,

 

Гэрч Ө.Сэдбазар мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...2018 оны 03 дугаар сарын 29-ний орой 23 цагийн орчимд Н, Э, А, Давхарбаяр, Тэмүүлэн бид нар солонгос хоолны газраас гараад салхилахаар Маршалын гүүр рүү явсан. Н автомашиныг жолоодоод замаараа шатахуун авчихаад зорчих хэсгийн хоёрдугаар эгнээгээр явсан. Би жолоочийн эсрэг талын суудалд суугаад цонхоор харж явахад машин гэнэт далбилзаад Н жолооны хүрдээ тэгшлэх гээд тэгшилж чадахгүй байсан. Тэгээд машин багана мөргөөд би ухаан алдсан. ...Замын хагархай таараад жолооч буцааж жолооны хүрдээ тэгшилж чадахгүй явсаар автомашин блокон хашаа мөргөсөн...” /хх-ийн 71/ гэсэн,

 

Гэрч Б.Тэмүүлэн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...2018 оны 03 дугаар сарын 29-ний орой 23 цагийн орчимд Н, Э, А, Давхарбаяр, Сэдбазар бид нар  солонгос хоолны газар хоол идчихээд 00 цагийн үед гараад Их дэлгүүр орсон. Тэндээс автомашиндаа суугаад салхилахаар явсан. Би жолоочийн эсрэг талын арын суудал дээр сууж явсан. Бид нар Маршалын гүүр орохоор би найзтайгаа юм яриад явж байхад автомашин хоёр тийшээ гэнэт дайвалзсан. Тэгээд юу болсон юм бол гээд харах гэтэл түс тас хийх дуу чимээ гараад автомашин юм мөргөсөн. Би ухаан балартаад хоёр минутын дараа харахад автомашин онхолдсон, би амьсгалж чадахгүй байсан...” /хх-ийн 72/ гэсэн,

Гэрч Э.Давхарбаяр мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...2018 оны 03 дугаар сарын 29-ний орой 23 цагийн орчим Н, Э, А, Сэдбазар, Тэмүүлэн бид нар солонгос хоолны газар хоол идээд тэндээсээ гараад автомашинтайгаа салхилахаар явсан. Би Ны автомашины арын суудлын голд сууж явсан. Бид нар хууч хөөрөөд явж байхад гэнэт автомашин жолоогоо алдсан. Би тухайн үед ухаан алдаад сэрэхэд хүмүүс бид нарыг автомашинаас гаргаж байсан...” /хх-ийн 73/ гэсэн,

 

Гэрч Б.Батзаяа мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...Би 2018 оны 03 дугаар сарын 29-ний шөнө 01 цагийн орчим Зайсан орохоор хойноос урагш чиглэлд зорчих хэсгийн хоёрдугаар эгнээгээр нилээн удаан цонхоо нээсэн байдалтай явж байхад гэнэт чахрах дуу чимээ сонсогдсон. Тэгээд толиндоо хараад, урагшаа хартал зорчих хэсгийн баруун гар талд автомашин эргээд орж байгаа юм шиг харагдсан. Дөхөөд очиход дунд гарын саарал өнгийн жийп автомашин Маршал тауны блокон хашаа мөргөсөн байсан...” /хх-ийн 74/ гэсэн,

 

Шүүгдэгч Г.Н мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...2018 оны 03 дугаар сарын 29-ний орой 21 цаг өнгөрч байхад Тэмүүлэн, Сэдбазар, Э, Давхарбаяр, А нарын хамт солонгос хоолны газар хоол идчихээд гарсан. Тухайн үед би аавын эзэмшлийн Тоёота Рав-4 маркийн 18-83 УНӨ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явж байсан. Тэгээд циркийн урд талын МТ шатахуун түгээх станцаас бензин авчихаад Маршал тауны урд гүүрэн дээр урагшаа чиглэлтэй явж байхад зүүн гар талаас нэг юм гүйх шиг болохоор нь тоормоз, хааз хоёрынхоо голд сандраад гишгэчихсэн юм шиг байна лээ. Нэг мэдсэн чинь Маршал тауны бетонон хашааг мөргөөд зогсчихсон байсан...” /хх-ийн 101-102/ гэсэн мэдүүлгүүд,

 

- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2018 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн №4782 тоот дүгнэлтэд: “...Дүгнэлт: 1. У.Анударийн биед гавлын суурийн баруун хэсэг, духны ясны баруун хэсгийг хамарсан хугарал, духны баруун хэсэг дэх тархины хатуу хальсан дээрх цусан хураа, баруун зулай, дагз, духны хэсгийн хуйхны зөөлөн эдийн няцрал, цус хуралт, духанд зулгаралт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.

3. Дээрх гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2 болон 3.1.3-д зааснаар амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна.

4. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр нэг удаагийн үйлдлээр үүсгэгдэх боломжтой

5. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөх эсэх нь гэмтлийн эдгэрэлээс хамаарна...”  /хх-ийн 56/ гэсэн,

 

Мөн хүрээлэнгийн шинжээчийн 2018 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн №4793 тоот дүгнэлтэд: “...Дүгнэлт 1. Г.Эын биед тархины аксоны тархмал гэмтэл, богино хугацааны ой санамжийн алдагдал, баруун хоншоорын хөндийн урд хана, ар хана, хацар ясны нумны цөмөрсөн, нүдний ухархайн доод салстад улаан өнгийн цус хуралт, баруун дээд 1-4-р шүдний сулрал, баруун мөрний зөөлөн эдийн няцрал, баруун өвдөгт зулгаралт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр нэг удаагийн үйлдлээр үүсгэгдэх боломжтой.

3. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөх эсэх нь гэмтлийн эдгэрэл, эмчилгээний үр дүнгээс хамаарна.

5. Дээрх гэмтэл нь хэрэг болсон цаг хугацаанд үүсэх боломжтой...” /хх-ийн 62/ гэсэн,

 

- Замын цагдаагийн албаны 2018 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн №282 дугаартай шинжээчийн дүгнэлтэд: “...1. Тоёота Рав-4 маркийн 18-83 УНЭ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явсан жолооч Г.Н нь Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 9.1 Жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгслийн онцлог байдал, тээж яваа ачаа, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр сонгож явна гэсэн заалтыг зөрчсөн байх үндэслэлтэй байна.

2. Зорчигч Г.Э, У.А нар нь Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн ямар нэгэн заалт зөрчсөн гэх үндэслэл байхгүй байна.

3. Зам тээврийн осол гарахад замын тэмдэг тэмдэглэгээ болон бусад байгууламжийн эвдрэл гэмтэл нөлөөгүй байна...” /хх-ийн 66-67/ гэсэн дүгнэлтүүд,  

 

- Зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 6-12/,

- Баримт бичиг түр хураан авсан тэмдэглэл /хх-ийн 13/,

- Тээврийн хэрэгсэл түр саатуулсан тэмдэглэл /хх-ийн 14/,

- Тээврийн хэрэгслийн техникийн байдлыг шалгасан тэмдэглэл /хх-ийн 15/,

- Жолоочийн согтуурал шалгасан тэмдэглэл /хх-ийн 16-21/,

- Шүүгдэгч Г.Н-ы иргэний үнэмлэхний лавлагаа, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас  /хх-ийн 77, 95-96, 103/,

- Хохирлын баримтууд /хх-ийн 35-51/,

- У.А өвчний түүхийн хуулбар /хх-ийн 81-93/,

- “Экоинтернэйшнл групп” ХХК-ийн хүсэлт /хх-ийн 97/ зэрэг болно.

 

Мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүгдэгч, хохирогч, иргэний хариуцагч, гэрч нарыг байцааж мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тогтоосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан журмын дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэгдсэн хэрэгт цугларсан нотлох баримтын хэмжээнд дүгнэлт хийж, Г.Н-д холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна.

 

Гурав. Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт:

 

Шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүгдэгч Г.Н-д холбогдох хэргийг хянан хэлэлцээд Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудаас үзэхэд:

 

Гэм буруугийн талаар:

Шүүгдэгч Г.Н нь 2018 оны 03 дугаар сарын 29-нөөс 30-нд шилжих шөнө 00 цаг 32 минутын үед Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэр, Маршал таун хотхоны зүүн талын замд 18-83 УНЭ улсын дугаартай Тоёота Рав-4 маркийн тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 9.1-д “Жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгслийн онцлог байдал, тээж яваа ачаа, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр сонгож явна” гэж заасныг зөрчсөнөөс замын хажуу талын бетонон хашаа мөргөн зорчигч Г.Эын эрүүл мэндэд нь тархины аксоны тархмал гэмтэл, богино хугацааны ой санамжийн алдагдал, баруун хоншоорын хөндийн урд хана, ар хана, хацар ясны нумны цөмөрсөн, нүдний ухархайн доод салтсад улаан өнгийн цус хуралт, баруун дээд 1-4-р шүдний сулрал, баруун мөрний зөөлөн эдийн няцрал, баруун өвдөгт зулгаралт бүхий хүндэвтэр хохирол, зорчигч У.Анударийн эрүүл мэндэд гавлын суурийн баруун хэсэг, духны ясны баруун хэсгийг хамарсан хугарал, духны баруун хэсэг дэх тархины хатуу хальсан дээрх цусан хураа, баруун зулай, дагз, духны хэсгийн хуйхны зөөлөн эдийн няцрал, цус хуралт, духанд зулгаралт гэмтэл бүхий хүнд хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хохирогч Г.Эын “...2018 оны 03 дугаар сарын 29-ний орой Сэдбазар, Н, Тэмүүлэн, А, Давхарбаяр нартай уулзаад салхинд гарах гээд Ны машинтай явж байсан. Маршал таун хотхоны хашааг жолооч Н мөргөсөн юм шиг байна лээ. Би тухайн машинд унтаж байснаа л санаж байна...” /хх-ийн 26-27/ гэсэн,

хохирогч У.Анударийн “...2018 оны 03 дугаар сарын 29-ний орой Ны машинд суугаад Н жолооны ард, хажууд нь Сэдбазар, жолоочийн чанх хойд суудалд Э, тэгээд би миний хажууд Давхарбаяр, түүний цаана Тэмүүлэн нар суусан. Аль аль замаар явж байсан талаар мэдэхгүй, би машинд явж байгаад унтчихсан байсан. Нэг сэрсэн чинь машин хана мөргөөд зогсчихсон, түргэн тусламжийн машин ирээд дотор нь Э, Н бид гурав суучихсан явж байсан...” /хх-ийн 30-31/ гэсэн,

Гэрч Ө.Сэдбазарын “...2018 оны 03 дугаар сарын 29-ний орой Н, Э, А, Давхарбаяр, Тэмүүлэн бид нар солонгос хоолны газраас гараад салхилахаар Маршалын гүүр рүү явсан. Автомашиныг Н жолоодоод замаараа шатахуун авчихаад зорчих хэсгийн хоёрдугаар эгнээгээр явсан. Би жолоочийн эсрэг талын суудалд суугаад цонхоор харж явахад машин гэнэт далбилзаад Н жолооны хүрдээ тэгшлэх гээд тэгшилж чадахгүй байсан. Тэгээд машин багана мөргөөд би ухаан алдсан. ...Замын хагархай таараад жолооч буцааж жолооны хүрдээ тэгшилж чадахгүй явсаар автомашин блокон хашаа мөргөсөн...” /хх-ийн 71/ гэсэн,

Гэрч Б.Батзаяагийн “...Би 2018 оны 03 дугаар сарын 29-ний шөнө Зайсан орохоор хойноос урагш чиглэлд зорчих хэсгийн хоёрдугаар эгнээгээр нилээн удаан цонхоо нээсэн байдалтай явж байхад гэнэт чахрах дуу чимээ сонсогдсон. Тэгээд толиндоо хараад, урагшаа хартал зорчих хэсгийн баруун гар талд автомашин эргээд орж байгаа юм шиг харагдсан. Дөхөөд очиход дунд гарын саарал өнгийн жийп автомашин Маршал тауны блокон хашаа мөргөсөн байсан...” /хх-ийн 74/ гэсэн,

Шүүгдэгч Г.Н-ы “...2018 оны 03 дугаар сарын 29-ний шөнө Тэмүүлэн, Сэдбазар, Э, Давхарбаяр, А нарын хамт хоол идчихээд гарсан. Тухайн үед би аавын Тоёота Рав-4 маркийн 18-83 УНӨ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явж байсан. Тэгээд циркийн урд талын МТ шатахуун түгээх станцаас бензин авчихаад Маршал тауны урд гүүрэн дээр урагшаа чиглэлтэй явж байхад зүүн гар талаас нэг юм гүйх шиг болохоор нь тоормоз, хааз хоёрынхоо голд сандраад гишгэчихсэн юм шиг байна лээ. Нэг мэдсэн чинь Маршал тауны бетонон хашааг мөргөөд зогсчихсон байсан...” /хх-ийн 101-102/ гэсэн мэдүүлгүүд,

 

- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2018 оны №4782 тоот дүгнэлтэд: “...Дүгнэлт: 1. У.А-н биед гавлын суурийн баруун хэсэг, духны ясны баруун хэсгийг хамарсан хугарал, духны баруун хэсэг дэх тархины хатуу хальсан дээрх цусан хураа, баруун зулай, дагз, духны хэсгийн хуйхны зөөлөн эдийн няцрал, цус хуралт, духанд зулгаралт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.

3. Дээрх гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2 болон 3.1.3-д зааснаар амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна.

4. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр нэг удаагийн үйлдлээр үүсгэгдэх боломжтой...”  /хх-ийн 56/ гэсэн,

Мөн хүрээлэнгийн шинжээчийн 2018 оны №4793 тоот дүгнэлтэд: “...Дүгнэлт 1. Г.Э-ын биед тархины аксоны тархмал гэмтэл, богино хугацааны ой санамжийн алдагдал, баруун хоншоорын хөндийн урд хана, ар хана, хацар ясны нумны цөмөрсөн, нүдний ухархайн доод салтсад улаан өнгийн цус хуралт, баруун дээд 1-4-р шүдний сулрал, баруун мөрний зөөлөн эдийн няцрал, баруун өвдөгт зулгаралт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр нэг удаагийн үйлдлээр үүсгэгдэх боломжтой.

3. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна....” /хх-ийн 62/ гэсэн,

- Замын цагдаагийн албаны 2018 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн №282 дугаартай шинжээчийн дүгнэлтэд: “...1. Тоёота Рав-4 маркийн 18-83 УНЭ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явсан жолооч Г.Н нь Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 9.1 Жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгслийн онцлог байдал, тээж яваа ачаа, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр сонгож явна гэсэн заалтыг зөрчсөн байх үндэслэлтэй байна.

2. Зорчигч Г.Э, У.А нар нь Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн ямар нэгэн заалт зөрчсөн гэх үндэслэл байхгүй байна.

3. Зам тээврийн осол гарахад замын тэмдэг тэмдэглэгээ болон бусад байгууламжийн эвдрэл гэмтэл нөлөөгүй байна...” /хх-ийн 66-67/ гэсэн дүгнэлтүүд, зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 6-12/, баримт бичиг түр хураан авсан тэмдэглэл /хх-ийн 13/, тээврийн хэрэгсэл түр саатуулсан тэмдэглэл /хх-ийн 14/, тээврийн хэрэгслийн техникийн байдлыг шалгасан тэмдэглэл /хх-ийн 15/ зэрэг хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан бол Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн бүрэлдэхүүн болох бөгөөд хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан нь энэ гэмт хэргийн хүндрүүлэх бүрэлдэхүүн болох бөгөөд тухайн тээврийн хэрэгсэлд зорчиж явсан Г.Э-ын биед хүндэвтэр, У.А-ийн биед хүнд хохирол учирсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байна гэж шүүх үзнэ.

 

Тээврийн прокурорын газраас шүүгдэгч Г.Н-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг, заалт шүүгдэгчийн гэм буруутай үйлдэлд тохирсон, хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хуульд заасан үндэслэл журмын дагуу шалгаж тодруулсан байх тул дээрх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, энэ зүйл, хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгч Г.Н нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хэргийн үйл баримт болоод гэм буруугийн талаар маргаагүй болохыг тэмдэглэх нь зүйтэй.

 

Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршигийн талаар:

 

Шүүгдэгч Г.Н-ы үйлдсэн гэмт хэргийн улмаас хохирогч Г.Э-ын эрүүл мэндэд тархины аксоны тархмал гэмтэл, богино хугацааны ой санамжийн алдагдал, баруун хоншоорын хөндийн урд хана, ар хана, хацар ясны нумны цөмөрсөн, нүдний ухархайн доод салтсад улаан өнгийн цус хуралт, баруун дээд 1-4-р шүдний сулрал, баруун мөрний зөөлөн эдийн няцрал, баруун өвдөгт зулгаралт бүхий хүндэвтэр хохирол учирсан, хохирогч нь эмчилгээний зардалд 4,438,700 төгрөг /хх-ийн 33-42/, хохирогч У.Анударийн эрүүл мэндэд гавлын суурийн баруун хэсэг, духны ясны баруун хэсгийг хамарсан хугарал, духны баруун хэсэг дэх тархины хатуу хальсан дээрх цусан хураа, баруун зулай, дагз, духны хэсгийн хуйхны зөөлөн эдийн няцрал, цус хуралт, духанд зулгаралт бүхийн хүнд хохирол учирсан, хохирогч нь эмчилгээний зардалд 4,780,000 төгрөг тус тус нэхэмжилсэн /хх-ийн 44-51/-ийг иргэний хариуцагч Д.Г мөрдөн шалгах ажиллагааны явцад төлж барагдуулсан байна.

       Иргэний хуулийн 499 дүгээр зүйлийн 1-д “Зорчигч ...тээвэрлэх зориулалт бүхий тээврийн хэрэгслийг ашиглах явцад бусдын ...эрүүл мэндэд хохирол учирсан бол ...тухайн тээврийн эзэмшигч учирсан гэм хорыг нөхөн төлөх үүрэгтэй.”, гэж, 4-т “Тээврийн хэрэгсэл ашиглагчийг өмчлөгч буюу эзэмшигч өөрөө томилсон буюу өөрөө түүнд уг тээврийн хэрэгслийг шилжүүлэн өгсөн бол бусдад учирсан гэм хорыг ...хариуцан арилгах үүрэгтэй.” гэж тус тус заасан бөгөөд шүүгдэгчийн унаж явсан Тоёото Рав-4 маркийн 18-83 УНЭ улсын дугаартай тээврийн хэрэгслийн өмчлөгч нь Д.Г /хх-ийн 145/ байх бөгөөд шүүгдэгч Г.Нд өөрийн тээврийн хэрэгслийг ашиглах боломжийг олгож, шилжүүлсэн болох нь хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанд оролцсон иргэний хариуцагч, шүүгдэгч нарын мэдүүлгээр нотлогдож байх тул гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг Д.Г хариуцах үндэстэй.

 

Хохирогч У.А нь гэмт хэргийн улмаас өөрт учирсан хохиролтой холбоотой цаашид гарах зардлаа нэхэмжилнэ гэсэн тул нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хариуцагч Д.Г-аас нэхэмжлэх эрхтэй.

 

Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Шүүх, шүүгдэгч Г.Н нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг төлсөн, цаашид гарах эмчилгээний зардлыг төлөхөө илэрхийлж байгаа нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2-т заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал болно.

 

Дээрх хөнгөрүүлэн үзэх нөхцөл болон шүүгдэгчийн ар гэрийн нөхцөл, үйлдсэн хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж буй түүний хувийн байдлуудыг харгалзан шүүх шүүгдэгчийн гэм буруутай үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т зааснаар хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж, шүүгдэгчид Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтанд хамрагдах үүрэг хүлээлгэх, 3 дахь хэсгийн 3.3-т зааснаар согтууруулах ундаа хэрэглэхийг хориглосон хязгаарлалт тогтоож шийдвэрлэв.

 

Шүүх шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хуульд заасны дагуу тодорхой хугацаагаар хасаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрх хассан ялыг 2018 оны 7 дугаар сарын 30-ны өдрөөс буюу албадлагын арга хэмжээ авсан үеэс эхлэн тоолох хууль зүйн үндэслэлтэй байна.

Тээврийн хэрэгсэл жолоодох эрх хассан ял оногдуулсантай холбогдуулан хэрэгт хураагдаж ирүүлсэн шүүгдэгч Г.Ны №1059081 дугаартай жолоочийн үнэмлэхийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраар дамжуулан Цагдаагийн ерөнхийн газарт хүргүүлэх нь зүйтэй.

 

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.

 

Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

      

1. Шүүгдэгч Боржигин овогт Г.Н-г Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т зааснаар Г.Н тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 02 /хоёр/ жил 06 /зургаа/ сарын хугацаагаар хасч, хорих ял оногдуулахгүйгээр 02 /хоёр/ жилийн хугацаагаар тэнсэж, хянан харгалзсугай.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, мөн 7.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.3-т зааснаар тэнсэгдсэн хугацаанд Г.Н-д зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олох сургалтанд хамрагдах үүрэг хүлээлгэж, согтууруулах ундаа хэрэглэхийг хориглосон хязгаарлалт тогтоох албадлагын арга хэмжээ авсугай.  

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэгт  зааснаар шүүгдэгч Г.Н нь зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтанд хамрагдах үүргийг биелүүлээгүй, согтууруулах ундаа хэрэглэхийг хориглосон хязгаарлалтыг зөрчсөн болон санаатай гэмт хэрэг дахин үйлдсэн тохиолдолд шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг мэдэгдсүгэй.

 

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Н-д оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 02 жил 06 /зургаа/ сарын хугацаагаар хасах ялыг энэ өдрөөс эхлэн тоолсугай.

 

6. Эрүүгийн 1803002870212 тоот хэрэгт хураагдаж ирсэн Г.Н №1059081 дугаартай жолоочийн үнэмлэхийг Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх газраар дамжуулан Цагдаагийн ерөнхий газарт хүргүүлсүгэй.  

 

7. Эрүүгийн 1803002870212  тоот хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүй, шийдвэрлэвэл зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч У.А өөрт учирсан эрүүл мэндийн хохиролтой холбоотой эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг тус тус дурдсугай.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Г.Н-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар улсын яллагч, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоолыг гардан авсанаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.

 

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.Н-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.  

 

 

 

       ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                                  Д.АЛТАНЖИГҮҮР