Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 06 сарын 20 өдөр

Дугаар 210/МА2018/01426

 

 

 

 

 

2018 оны 06 сарын 20 өдөр

Дугаар 210/МА2018/01426

 

 

 

 

Ч.Шижиртуяагийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч А.Отгонцэцэг, Б.Нармандах нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 4 дүгээр сарын 19-ний өдрийн 101/ШШ2018/01346 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч: Ч.Шижиртуяагийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Д.Минжүүрдоржид холбогдох

Зээлийн гэрээний үүрэгт 5 520 200 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч Б.Нармандах илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Алтанцэцэг шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Туул нар оролцов.

Нэхэмжлэгч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Алтанцэцэг нар шүүхэд гаргасан тайлбартаа: Ч.Шижиртуяа нь Д.Минжүүрдоржоос анх 3 320 200 төгрөгийг нэхэмжилсэн бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа 1 800 000 төгрөгөөр болон 400 000 төгрөгөөр тус тус нэмэгдүүлж, нийт 5 520 200 төгрөгийг нэхэмжилж байна. Хэрэгт авагдсан баримтаар нэхэмжлэгч нь нийт 5 320 000 төгрөгийг хариуцагчийн данс руу шилжүүлж, хариуцагчийн хүсэлтээр н.Ганчулууны данс руу 200 000 төгрөг, н.Баярсайханы дансанд 350 000 төгрөгийг шилжүүлсэн.

Мөн н.Баярсайханд 500 000 төгрөгийг хариуцагчийн хүсэлтээр бэлнээр өгч, 550 000 төгрөгийн үнэ бүхий гутлыг Д.Минжүүрдоржид худалдсан хэдий ч тэрээр эдгээр төлбөрийг одоо болтол буцаан төлөөгүй. Мөн нэхэмжлэгч Ч.Шижиртуяагийн гуйлтаар Ч.Бадамхандаас хариуцагч Д.Минжүүрдоржийн дансанд 400 000 00 төгрөгийг шилжүүлсэн бөгөөд сүүлд нэхэмжлэгч тус төлбөрийг шилжүүлсэн этгээдэд буцаан төлсөн.

Эдгээр шилжүүлгээс 550 000 00 төгрөг л гутлын үнэ бөгөөд бусад нь бүгд зээл, дээр нь хариуцагч бэлнээр 130 000 төгрөг, 20 000 төгрөг, 300 000 төгрөг болон 600 000 төгрөг, 50 000 төгрөгийг тус тус зээлж авсан ба Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрээр н.Наранцэцэгт төлөх болсон 823 000 төгрөг, 2 алтан бөгжний үнэ 777 000 төгрөг, эрэн сурвалжлуулахад гарсан зардал 70 200 төгрөг тус тус нэмэгдэнэ.

Хариуцагч нь энэхүү авсан зээлээс үндсэн зээлд 3 000 000 төгрөг, зээлийн хүүнд 1 500 000 төгрөгийг тус тус төлсөн ба үлдэх төлбөрийг төлөөгүй. Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болж, тус шийдвэрийн дагуу нэхэмжлэгч нь өөрийн 777 000 төгрөгийн үнэтэй алтан бөгж болон 823 000 төгрөгийг н.Наранцэцэгт төлсөн. Хэрэгт авагдсан баримтаар хариуцагчаас н.Наранцэцэгт үлдэгдэл 2 000 000 төгрөгийг төлнө гэж баталгаа бичиж өгсөн байдаг, үүнийг тайлбарлавал тэрээр 777 000 төгрөг болон 823 000 төгрөгийг нэхэмжлэгчид төлөх үүрэгтэй. Иймд дээр дурдсаныг үндэслэн хариуцагч Д.Минжүүрдоржоос 5 520 200 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчийг хохиролгүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагч Д.Минжүүрдорж шүүхэд гаргасан тайлбартаа: Хэрэгт авагдсан баримтаар нэхэмжлэгч тал өнгөрсөн хугацаанд миний дансанд 5 320 000 төгрөг шилжүүлсэн ба би Хэнтий аймагт ажиллаж байхдаа бусдад төлөх түрээсийн төлбөрийг н.Ганчулууны дансаар дамжуулж 200 000 төгрөгийг нэхэмжлэгчээс авсан. Гутлын үнэ гэх 550 000 төгрөгийн хувьд маргаан байхгүй бөгөөд н.Баярсайханы гуйлтаар шилжүүлсэн гэх 350 000 төгрөг нь тус 5 320 000 төгрөгт багтсан, харин 500 000 төгрөгийг би аваагүй, н.Баярсайханд 1 500 000 төгрөгийн өртэй байсан бөгөөд түүнд төлөх өрөөс энэ хэмжээний төлбөр чөлөөлөгдсөн. Ч.Шижиртуяагийн гуйлтаар н.Бадамхандаар дамжуулан шилжүүлсэн 400 000 төгрөгийг би хүлээн авсан бөгөөд нэхэмжлэгчид өнгөрсөн хугацаанд түүний дансаар нийт 5 760 000 төгрөгийг буцаан төлсөн.

Бид хоёрын хооронд 10 000 000 төгрөгийн авлага, өглөгийн асуудал байсан бөгөөд үүнээс нэхэмжлэгч нь надад 5 000 000 төгрөгийг н.Рэрээхүү, 5 000 000 төгрөгийг н.Наранцэцэг нараас тус тус авч зээлдүүлсэн, нэхэмжлэгч өөрөөсөө ямар ч мөнгө өгч байгаагүй, зөвхөн 550 000 төгрөгийн үнэтэй гутал түүнийх байсан.

н.Рэрээхүүгээс авсан 5 000 000 төгрөгийг буцаан төлсөн бөгөөд одоо гаргаж буй энэ нэхэмжлэлтэй ямар ч холбоогүй, н.Наранцэцэгт өнгөрсөн хугацаанд зээлийн хүүг төлөөрэй гээд Ч.Шижиртуяад 2-3 удаа мөнгө өгч байсныг нэхэмжлэгч өөрөө цаашаа төлөөгүйн улмаас ийм асуудал гарахад хүргэсэн. Хэрэгт авагдсан миний дансны хуулгаар нэхэмжлэгчид 5 760 000 төгрөгийг төлсөн, үүнээс гутлын үнэ 550 000 төгрөгийг бүрэн төлсөн, одоо төлөх ёстой гэвэл 1 270 000 орчим төгрөгийг төлөх магадлалтай боловч бэлнээр олон удаа мөнгө төлж байсныг дурдаж байна. Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэртэй төлбөрийг би төлөхгүй, намайг бэлнээр 130 000 төгрөг, 20 000 төгрөг, 300 000 төгрөг болон 600 000 төгрөг, 50 000 00 төгрөгийг тус тус бэлнээр зээлж авсан гэсэн тайлбарыг хүлээн зөвшөөрөхгүй, би зугтаж алга болоогүй гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 219 дүгээр зүйлийн 219.1 дэх хэсэгт заасныг үндэслэн хариуцагч Д.Минжүүрдоржоос 1 210 000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Ч.Шижиртуяад олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 4 310 200 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 122 873 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагчаас 33 590 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Алтанцэцэг давж заалдах гомдолдоо: Анхан шатны шүүх хуралдаан дээр хариуцагч нэхэмжлэлийн шаардлагаас зарим хэсгийг хүлээн зөвшөөрдөг бөгөөд хавтас хэргийн 3-9 дүгээр тал хүртэлх мөнгөний шилжүүлгийг бүгдийг нь хүлээн зөвшөөрсөн. Гэтэл анхан шатны шүүх хавтаст хэргийн 9 дүгээр талд байгаа 2015 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр хийсэн 20 000 төгрөгийн гүйлгээг зөвшөөрөөгүй мэтээр нэхэмжлэлийн шаардлагаас хассан нь үндэслэлгүй.

Хариуцагч Д.Минжүүрдорж нь хамтран амьдарч байсан Ч.Шижиртуяагаар хоёр хүнээс тус тус 5 000 000 төгрөг зээлдүүлэн авч хувьдаа өөрөө ашигласнаа хүлээн зөвшөөрдөг бөгөөд иргэн н.Наранцэцэгээс 5 000 000 төгрөгийг зээлж авсан уг зээл нь хүүтэй бөгөөд хүүнд нь 1 200 000 төгрөг өгсөн гэж хэлсэн. Ц.Наранцэцэгийн зээлийн төлбөрийг нэхэмжлэгч Ч.Шижиртуяа төлж дуусгасныг хавтаст хэрэгт авагдсан Багануур дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэр болон Багануур дүүргийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны 2018 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 867 302 төгрөгийн орлогын мэдүүлгээр нотлогдоно. Мөн хавтаст хэргийн 65 дугаар талд байгаа Зарлагын баримт буюу 2 алтан бөгж 777 000 төгрөгийн үнэтэй бөгжийг авсан гарын үсэгтэй баримт байгаа болно.

Гэтэл шүүх Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1 дэх хэсэгт зааснаар Ч.Шижиртуяа болон Ц.Наранцэцэг нарын хооронд байгуулсан зээлийн гэрээний дагуу бий болсон эрх, үүрэг буюу үүргийн харилцаа гагцхүү тэдгээр этгээдийн хооронд үүсэж, зөвхөн бие биедээ шаардлага тавих байдлаар хэрэгжиж, хязгаарлагдах бөгөөд тухайн гэрээгээр эрх, үүрэг хүлээгээгүй хариуцагч Д.Минжүүрдоржид хамааралгүй юм гэжээ. Нэхэмжлэгч нэхэмжлэлээ гаргахдаа би Наранцэцэгтэй зээлийн гэрээ байгуулсан гэхдээ зээлийг Минжүүрдорж авч хувьдаа ашигласан би Минжүүрдоржийн өмнөөс Наранцэцэгтэй байгуулсан зээлийн үүргээ дуусгавар болгосон тийм учраас одоо Наранцэцэгт өөрөөсөө төлсөн Багануур дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхээс гарсан шийдвэрийн дагуу 867 302 төгрөгийг төлсөн учраас 867 302 төгрөгийг нэхэмжилсэн. Мөн Наранцэцэг байнга мөнгөө нэхээд байсан учраас өөрийн хэрэглэж байсан хоер ширхэг алтан бөгжөө Ц. Наранцэцэгт өгсөн талаар баримт нь хавтаст хэрэгт байгаа бөгөөд уг бөгжийн үнийг нэхэмжилсэн болно. Анхан шатны шүүх Иргэний хуулийн 189 зүйлийн 189 дэх хэсэгт заасныг баримталж байгаа нь үндэслэлгүй бөгөөд хэрвээ хариуцагч Д.Минжүүрдорж Ц.Наранцэцэгээс зээл аваагүй гэж маргаж байвал хэрэглэх үндэслэлтэй.

Зээлийн гэрээ байгуулахдаа хүүтэйгээр тохирсон бөгөөд үүнийг ч Минжүүрдорж өөрөө хүлээн зөвшөөрч Ц.Наранцэцэгт нэхэмжлэгч Ч.Шижиртуяа хүүг төлж байсныг баримтаар нотлогдоно. Минжүүрдорж өөрөө хэнээс ч мөнгө зээлэх боломжгүй байсан учраас хамтран амьдрагч Ч.Шижиртуяагаар зээл авахуулсан. Нэхэмжлэлээ нотлохын тулд Минжүүрдоржийн хамт мод бэлтгэдэг байсан Л.Хурцбаатарыг шүүхэд гэрчээр асуулгах хүсэлт гаргасны дагуу шүүхээс гэрчээр асуусан. Хавтаст хэргийн 96 дугаар талд гэрч Л.Хурцбаатар мэдүүлэхдээ Д.Минжүүрдоржтой цуг явж байсан бэлэн мөнгө төгрөг авсныг мэдүүлээд байхад шүүх гэрчийн мэдүүлэг зөрүүтэй гэж үзсэн үндэслэлгүй юм.

Мөн гэрч П.Баярсайхан мэдүүлэхдээ 850 000 төгрөгийг авсныг мэдүүлдэг үүнийг шүүх хурал дээр хариуцагч Д.Минжүүрдорж хүлээн зөвшөөрдөг. Гэтэл мөн л анхан шатны шүүхийн шийдвэрт ,500 000 төгрөгийг орхигдуулан шийдсэн байна. Шүүх хуралдааны тэмдэглэлд нийт П.Баярсайханд төлөх ёстой 1 800 000 төгрөгөөс 850 000 төгрөгийг Ч.Шижиртуяагаар төлүүлснээ хүлээн зөвшөөрдөг. Мөн Ганчулуунд хөрөө раам, хашааг түрээсэлж байсныг хүлээн зөвшөөрч 200 000 төгрөгийг нэхэмжлэгчээр төлүүлснээ зөвшөөрдөг. Нэхэмжлэгчийн эгч Бадамхандаас шилжүүлсэн 400 000 төгрөг болон гутлын 550 000 төгрөг дээр маргаагүй төлнө гэдэг.

Хариуцагч Д.Минжүүрдорж нэхэмжлэгчийг өрөнд оруулаад алга болсон хаана байгаа нь тодорхой бус байсан учраас түүнийг эрэн сурвалжилсан болно. Хэрвээ хариуцагч оршин суугаа хаягтай байсан хүнээс авсан мөнгө төгрөгөө өгсөн бол шүүхэд тэмдэгтийн хураамж төлж эрэн сурвалжлахгүй. Хариуцагч үүргээ биелүүлээгүй буруутай үйлдлээс болж эрэн сурвалжилсан байхад тэмдэгтийн хураамж төлсөн 70 200 төгрөгийг гаргуулахгүй шийдвэрлэсэн нь үндэслэлгүй юм.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийн шаардлагаас хангаагүй үлдсэн 4 310 200 төгрөгийг хангаж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасны дагуу хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болж чадаагүй байх тул өөрчлөлт оруулах шаардлагатай байна.

Нэхэмжлэгч Ч.Шижиртуяа нь хариуцагч Д.Минжүүрдоржид холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 5 520 200 төгрөг гаргуулахаар шаардсаныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

Ч.Шижиртуяа нь Д.Минжүүрдоржид болон түүний хүсэлтээр бусад этгээдэд 6 420 000 төгрөгийг шилжүүлэн өгсөн, Ц.Наранцэцэгээс авч түүнд өгсөн 5 000 000 төгрөгийн үлдэгдэл болох 1 644 302 /867 302+777.000/ төгрөгийг шүүхийн шийдвэрийн дагуу төлсөн үйл баримт Хаан банкны орлогын баримт, зохигчдын тайлбар зэргээр тогтоогдсон байна./хх-ийн 3-9, 65, 79 дүгээр тал/

Иймд талуудын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасан зээдүүлэгч хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүрэг үүсчээ.

Хэрэгт авагдсан нотлох баримт болон талуудын тайлбар /хх-ийн 3-9, 21-41, 152-154 дүгээр тал/ үндэслэн зээлдэгч, зээлдүүлэгч нарын өглөг, авлагыг 6 970 000 төгрөг ба үүнээс худалдах худалдан авах гэрээний төлбөр 550 000 төгрөгийн буюу гутлын үнийг хасч 6 420 000 төгрөгийг нэхэмжлэгч хариуцагчид зээлийн гэрээгээр шилжүүлсэн, үүнээс хариуцагч 5 760 000 төгрөгийг буцаан төлснөөс гутлын үнэ 550 000 төгрөгийг хасвал зээлдэгч 5 210 000 төгрөгийг зээлийн гэрээний үүргийн дагуу төлсөн талаар шүүх зөв дүгнэжээ.

Харин хариуцагчийн зээлийн гэрээгээр хүлээх зарим үүргийг тодорхойлохдоо Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт заасны дагуу нотлох баримтыг хэргийн үйл баримттай харьцуулан үнэлээгүй, үндэслэл бүхий дүгнэлт хийж чадаагүй байх ба хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд давж заалдах шатны шүүхээс залруулах боломжтой гэж үзнэ.

Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 103/ШШ2017/00486 дугаар шийдвэрийн дагуу Ч.Шижиртуяа нь Ц.Наранцэцэгт 777 000 төгрөг болон 867 302 төгрөгийг шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн байгууллагаар дамжуулан төлсөн байх бөгөөд эдгээр мөнгөнүүдийг нэхэмжлэгч Ц.Наранцэцэгээс аваад Д.Минжүүрдоржид өгсөн, хариуцагч өөрөө төлөөгүйгээс үлдэгдэл 2 000 000 төгрөгийн 1 644 302 /777 000+867 302/ төгрөгийг нэхэмжлэгч төлсөн гэх үйл баримт хэрэгт авагдсан нотлох баримт болон хариуцагчийн ... Ц.Наранцэцэгээс Ч.Шижиртуяагаар дамжуулж 5 000 000 төгрөг зээлсэн, 3 000 000 төлсөн, 2 000 000 төгрөгийн үлдэгдэлтэй гэх тайрбар зэргээр тогтоогдож байна. /хх-65,66,67-69,79,153/ Ийм учраас уг мөнгийг нэхэмжлэгч нь хариуцагчаас шаардах эрхтэй.

Түүнчлэн, Д.Минжүүрдорж Ч.Шижиртуяагаас 900 000 төгрөг зээлсэн болох нь хэргийн 96-97 дугаар талд авагдсан гэрч Л.Хурцбаатарын ...3 удаа мөнгө авч байхыг мэднэ. Эхлээд 300 000 төгрөг, дараа нь 600 000 төгрөг авсан гэх мэдүүлгээр нотлогдож байгаа учир хариуцагчаас 900 000 төгрөгийг нэмж гаргуулах үндэслэлтэй. Учир нь гэрч Л.Хурцбаатар нь хариуцагч Д.Минжүүрдоржтой хамаарал бүхий, хамт ажиллаж байсан, түүний танил, нэхэмжлэгчийн хувьд хөндлөнгийн уг хэрэгт ямар нэгэн сонирхолгүй этгээд бөгөөд гэрчийн дээрх мэдүүлгийг худал, буруу мэдүүлэг гэж үзэх боломжгүй юм.

Хариуцагч зээлийн гэрээний үүргээ биелүүлээгүй, тухайн этгээд бүртгэлтэй хаягтаа оршин суудаггүй, шүүхэд нэхэмжлэл гаргах боломжгүй байснаас нэхэмжлэгч шүүхэд хандаж эрэн сурвалжлуулж, үүний улмаас улсын тэмдэгтийн хураамж төлж, зардал гаргасан учраас 70 200 төгрөгийг үүрэг гүйцэтгэгч үүргээ биелүүлээгүйгээс учирсан хохиролд тооцож үүрэг гүйцэтгүүлэгчид буюу нэхэмжлэгчид гаргуулан олгох нь Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1 дэх хэсэгт заасан Үүрэг гүйцэтгэгч хүлээсэн үүргээ зөрчсөн тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгч учирсан хохирлоо арилгуулахаар шаардах эрхтэй гэх зохицуулалтад нийцнэ.

Иймээс, хариуцагчийн хүлээх зээлийн гэрээний үүрэг болон гэрээний үүргээ биелүүлээгүйгээс үүрэг гүйцэтгүүлэгчид учруулсан хохирлыг буюу түүний хариуцан төлөх үүргийг 3 824 500 /1 210 000+777 000+ 867 302+900 000+70 200/ төгрөгөөр тодорхойлон түүнээс гаргуулж, нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг ханган үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болговол зохино.

Дээр дурдсан үндэслэлээр шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлын зарим хэсгийг хангах үндэслэлтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 4 дүгээр сарын 19-ний өдрийн 101/ШШ2018/01346 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын 1 210 000 гэснийг 3 824 500 гэж, 4 310 200 гэснийг 1 695 700 гэж, 2 дах заалтын 33 590 00 гэснийг 76 142 гэж тус тус өөрчилж шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дугаар зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 83 920 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5 дах хэсэгт зааснаар магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргаж болох бөгөөд мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж, магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ж.ОЮУНТУНГАЛАГ

 

ШҮҮГЧИД А.ОТГОНЦЭЦЭГ

 

Б.НАРМАНДАХ