Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 04 сарын 19 өдөр

Дугаар 1346

 

 

 

 

   2018 оны 04 сарын 19 өдөр

      Дугаар 101/ШШ2018/01346

          Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мандалбаяр даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Ш-ийн гаргасан,

 

Хариуцагч: М-д холбогдох,

 

Зээлийн гэрээний үүрэгт 5,520,200.00 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А, хариуцагч М, түүний өмгөөлөгч Б, нарийн бичгийн дарга Ц.Билгүүн нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

            Нэхэмжлэгч тал тус шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

 

            “Нэхэмжлэгч Ш нь хууль, эрх зүйн мэдлэггүй улмаас шүүхэд гаргасан нэхэмжлэлээ зөв тодорхойлж, тодруулж чадаагүй байна. Түүний гаргасан нэхэмжлэлийг үзвэл анх хариуцагчаас 3,320,200.00 төгрөгийг нэхэмжилсэн байх бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа 1,800,000.00 төгрөгөөр болон 400,000.00 төгрөгөөр тус тус нэмэгдүүлж, нийт 5,520,200.00 төгрөгийг нэхэмжилж байгааг үүгээр дэмжиж, энэхүү нэхэмжлэлд Багануур дүүргээс ирж, очсон унааны зардал 49,100.00 төгрөг болон н.Рд дамжуулан зээлдсэн гэх 240,000.00 төгрөгийг багтаагаагүйг дурьдаж байна.

 

            Хэрэгт авагдсан баримтаар нэхэмжлэгч тал өнгөрсөн хугацаанд нийт 5,320,000.00 төгрөгийг хариуцагчийн данс руу шилжүүлж, хариуцагчийн хүсэлтээр үүн дээр *******ы данс руу 200,000.00 төгрөгийг шилжүүлсэн бол н.Бы дансанд 350,000.00 төгрөгийг шилжүүлсэн ба уг 350,000.00 төгрөгийг 5,320,000.00 төгрөгт багтсан.

 

            Мөн н.Бд 500,000.00 төгрөгийг хариуцагчийн хүсэлтээр бэлнээр өгч, 550,000.00 төгрөгийн үнэтэй гутлыг Мид худалдсан хэдий ч тэрээр эдгээр төлбөрийг одоо болтол буцаан төлөөгүй. Мөн нэхэмжлэгч Шгийн гуйлтаар Ч.Баас хариуцагч Мийн дансанд 400,000.00 төгрөгийг шилжүүлсэн бөгөөд хожим нэхэмжлэгч тал тус төлбөрийг шилжүүлсэн этгээдэд буцаан төлсөн.

 

            Эдгээр шилжүүлгээс 550,000.00 төгрөг л гутлын үнэ бөгөөд бусад нь бүгд зээл, үүнд дээр хариуцагч тал бэлнээр 130,000.00 төгрөг, 20,000.00 төгрөг, 300,000.00 төгрөг болон 600,000.00 төгрөг, 50,000.00 төгрөгийг тус тус зээлж авсан ба Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрээр н.Нт төлөх болсон 823,000.00 төгрөг, 2 алтан бөгжний үнэ 777,000.00 төгрөг, эрэн сурвалжлуулахад гарсан зардал 70,200.00 төгрөг тус тус нэмэгдэнэ.

 

            Нэхэмжлэгчийн нэхэмжлэлд дурьдсанаар хариуцагч нь энэхүү авсан зээлээс үндсэн зээлд 3,000,000.00 төгрөг, зээлийн хүүнд 1,500,000.00 төгрөгийг тус тус төлсөн ба үлдэх төлбөрийг төлөөгүй. Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болж, тус шийдвэрийн дагуу нэхэмжлэгч нь өөрийн 777,000.00 төгрөгийн үнэтэй алтан бөгж болон 823,000.00 төгрөгийг н.Нт төлсөн.

 

            Хэрэгт авагдсан баримтад хариуцагчаас н.Нт үлдэгдэл 2,000,000.00 төгрөгийг төлнө гэж баталгаа бичиж өгсөн байдаг, үүнийг тайлбарлавал тэрээр 777,000.00 төгрөг болон 823,000.00 төгрөгийг нэхэмжлэгчид төлөх үүрэгтэй гэж ойлгогдож байна.

 

            Нэхэмжлэгч тал өнгөрсөн хугацаанд хариуцагчийн оршин суугаа хаягийг олж тогтоохоор шүүхэд улсын тэмдэгтийн хураамжид 70,200.00 төгрөг төлсөн, энэ бол түүнээс гарсан зардал тул хариуцагчаас гаргуулахад болохгүй зүйл байхгүй гэж байна.

 

            Иймд, дээр дурьдсаныг үндэслэн хариуцагч Моос 5,520,200.00 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчийг хохиролгүй болгож өгнө үү” гэв. 

 

            Хариуцагч тал тус шүүхэд гаргасан хариу тайлбартаа болон өмгөөлөгчийн хамт шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

 

            “Миний бие энэхүү хэргийг яаралтай шийдвэрлүүлэх хүсэлттэй байгаа бөгөөд нэхэмжлэгчээс нэхэмжлэлийн шаардлагаа 400,000.00 төгрөгөөр нэмэгдүүлснийг өнөөдрийн шүүх хуралдаанд хүлээн авч байгаа ч хуульд зааснаар 14 хоногийн хугацаанд тайлбар өгөхгүйгээр шууд мэтгэлцэх боломжтой.

 

            Хэрэгт авагдсан баримтаар нэхэмжлэгч тал өнгөрсөн хугацаанд миний дансанд 5,320,000.00 төгрөг шилжүүлсэн ба би Хэнтий аймагт ажиллаж байхдаа бусдад төлөх түрээсийн төлбөрийг *******ы дансаар дамжуулж, 200,000.00 төгрөгийг нэхэмжлэгчээс авсан.

 

            Гутлын үнэ гэх 550,000.00 төгрөгийн хувьд маргаан байхгүй бөгөөд н.Бы гуйлтаар шилжүүлсэн гэх 350,000.00 төгрөг нь тус 5,320,000.00 төгрөгт багтсан, харин 500,000.00 төгрөгийг би аваагүй, миний бие н.Бд 1,500,000.00 гаруй төгрөгийн өртэй байсан бөгөөд түүнд төлөх өрөөс энэ хэмжээний төлбөр чөлөөлөгдсөн байх гэж санаж байна.

 

             Нэхэмжлэгч Шгийн гуйлтаар н.Баар дамжуулан шилжүүлсэн 400,000.00 төгрөгийг би хүлээн авсан бөгөөд нэхэмжлэгчид өнгөрсөн хугацаанд түүний дансаар нийт 5,760,000.00 төгрөгийг буцаан төлсөн.

 

              Ерөнхийдөө нэхэмжлэгч бид хоёрын хооронд 10,000,000.00 гаруй авлага, өглөгийн асуудал байсан бөгөөд үүнээс нэхэмжлэгч нь надад 5,000,000.00 төгрөгийг н.Р, 5,000,000.00 төгрөгийг н.Н нараас тус тус авч зээлдүүлсэн, нэхэмжлэгч өөрөөсөө ямар ч мөнгө өгч байгаагүй, зөвхөн 550,000.00 төгрөгийн үнэтэй гутал түүнийх байсан.

 

            Би, н.Ргээс авсан 5,000,000.00 төгрөгийг буцаан төлсөн бөгөөд одоо гаргаж буй энэ нэхэмжлэлтэй ямар ч холбоогүй, н.Нт өнгөрсөн хугацаанд зээлийн хүүг төлөөрэй гээд Шд 2-3 удаа мөнгө өгч байсныг нэхэмжлэгч өөрөө цаашаа төлөөгүйн улмаас ийм асуудал гарахад хүргэсэн гэж бодож байна.

 

            Хэрэгт авагдсан миний дансны хуулгаар нэхэмжлэгчид 5,760,000.00 төгрөгийг төлсөн, үүнээс гутлын үнэ 550,000.00 төгрөгийг бүрэн төлсөн, одоо төлөх ёстой гэвэл 1,270,000.00 орчим төгрөгийг төлөх магадлалтай боловч бэлнээр олон удаа мөнгө төлж байсныг дурьдаж байна.

 

            Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэртэй төлбөрийг би төлөхгүй, намайг бэлнээр 130,000.00 төгрөг, 20,000.00 төгрөг, 300,000.00 төгрөг болон 600,000.00 төгрөг, 50,000.00 төгрөгийг тус тус бэлнээр зээлж авсан гэсэн тайлбарыг хүлээн зөвшөөрөхгүй, би зухтаж алга болоогүй” гэв.  

 

Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт авагдсан бичгийн баримтууд, талуудын гаргасан тайлбарыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Шгаас хариуцагч Мид холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 5,520,200.00 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан ба энэхүү хэрэгт шүүхээс 2017 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр иргэний хэрэг үүсгэж, хариуцагчид нэхэмжлэлийн хувийг гардуулж, зохигчдод Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан эрх, үүргийг тайлбарлаж, танилцуулсан байна.

 

            Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч тал тус шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа 2017 оны 12 дугаар сарын 21-ний өдөр 1,800,000.00 төгрөгөөр нэмэгдүүлснийг хариуцагчид 2018 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр гардуулсан бол 2018 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр нэмэгдүүлсэн 400,000.00 төгрөгийн шаардлагыг хариуцагчид шүүх хуралдаан дээр гардуулсан ба тэрээр хуульд заасан 14 хоногийн хугацаанд хариу тайлбар өгөхгүйгээр шүүх хуралдаан дээр мэтгэлцэх боломжтой гэсэн тайлбар гаргасан /х.х-ийн 62-р хуудас/.

 

            Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг тодруулбал тэрээр 2017 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр гаргасан нэхэмжлэлдээ хариуцагчаас зээлийн үлдэгдэл болон түүнийг эрэн сурвалжилахад гарсан зардалд нийт 3,320,200.00 төгрөгийг нэхэмжилсэн бол 2017 оны 12 дугаар сарын 21-ний өдөр хариуцагчид *******аар дамжуулан өгсөн 200,000.00 төгрөг, н.Нт төлсөн 777,000.00 төгрөг, шүүхийн шийдвэрийн дагуу төлөх болсон 823,000.00 төгрөгийг тус тус нэхэмжилсэн бол 2018 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлэхдээ н.Баар дамжуулан зээлдүүлсэн 400,000.00 төгрөг, нийт 5,520,200.00 төгрөг нэхэмжилснийг хариуцагч үл хүлээн зөвшөөрч, татгалзсан.

 

Шүүх, хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт авагдсан бичгийн баримт, талуудын тайлбарыг тус тус үндэслэн үндсэн нэхэмжлэлээс зарим шаардлагыг хангаж, үлдсэн хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

           

            Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн баримтаар нэхэмжлэгч Ш нь “Хаан банк” ХХК дах өөрийн эзэмшлийн ******* тоот данснаас хариуцагч Мийн тус банкин дахь ******* тоот дансанд 5,320,000.00 төгрөгийг шилжүүлсэн байх бөгөөд зохигчид энэхүү үйл баримтын талаар маргаагүй /х.х-ийн 3-9-р хуудас/.

 

            Талуудын шүүх хуралдаанд гаргасан тайлбар, шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн баримт болон гэрч П.Бы мэдүүлгээр тухайн шилжүүлсэн 5,320,000.00 төгрөгт хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд гэрчээр оролцсон П.Бд шилжүүлсэн гэх 350,000.00 төгрөг хамаарч байгаа бөгөөд хариуцагч тал үүнийг нэхэмжлэгчээс зээл хэлбэрээр авч, бусдад төлөх төлбөрөө төлсөн талаар зохигчдын тайлбар зөрөөгүй /х.х-ийн 7, 109-р хуудас/.

 

            Түүнчлэн талуудын шүүх хуралдаанд гаргасан тайлбарт дурьдсанаар хариуцагч тал нэхэмжлэгчээс *******ы дансаар дамжуулан 200,000.00 төгрөг, н.Баар дамжуулан 400,000.00 төгрөг, мөн нийт 550,000.00 төгрөгийн үнэтэй 2 ширхэг гутал авсан болон гэрч П.Бд төлөх ёстой байсан төлбөрт 500,000.00 төгрөгийг тус тус зээлж, түүнд төлсөн гэх үйл баримтын талаар маргаагүй /х.х-ийн 64, 75, 96, 97, 109-р хуудас/.

 

            Тодруулбал, нэхэмжлэгч Ш өнгөрсөн хугацаанд хариуцагч Мид дансаар 5,320,000.00 төгрөг /үүн дотор гэрч П.Бы дансаар төлсөн 350,000 багтсан/, бусад этгээдээр дамжуулан 200,000.00 төгрөг, 400,000.00 төгрөг, 500,000.00 төгрөг, нийт 1,100,000.00 төгрөгийн зээл өгсөн бол нийт 550,000.00 төгрөгийн үнэтэй 2 ширхэг гутал өгч, нийт 6,970,000.00 төгрөгийн авлага, өглөгтэй талаар зохигчдын тайлбар зөрөөгүй, татгалзаагүй.

 

            Харин хариуцагч тал нэхэмжлэлийн шаардлагаас бэлнээр зээлсэн гэх 130,000.00 төгрөг, 20,000.00 төгрөг, 300,000.00 төгрөг, 600,000.00 төгрөг, 50,000.00 төгрөг, н.Нт төлсөн гэх 777,000.00 төгрөг, шүүхийн шийдвэрийн дагуу төлөх ёстой 823,000.00 төгрөг болон эрэн сурвалжилахад гарсан зардал 70,200.00 төгрөгийг тус тус аваагүй, төлөх ёсгүй хэмээн үл хүлээн зөвшөөрч, татгалзсан.

 

            Зохигчдын шүүх хуралдаанд гаргасан тайлбараар нийт 6,970,000.00 төгрөгийн авлага, өглөгөөс 550,000.00 төгрөгийг гутлын үнэ буюу худалдах, худалдан авах гэрээний төлбөр, 6,420,000.00 төгрөгийг зээл хэмээн тодорхойлох нь тэдгээрийн  хүсэл зоригтой тохирч байна. Учир нь, хариуцагч тал өөрийн дансаар /үүн дотор гэрч П.Бы дансаар төлсөн 350,000 багтсан/ 5,320,000.00 төгрөгийг зээлсэн болон бусад этгээдээр дамжуулан 200,000.00 төгрөг, 400,000.00 төгрөг, 500,000.00 төгрөг, нийт 1,100,000.00 төгрөгийн зээлсэн талаар маргаагүй бөгөөд энэ нь Иргэний хуулийн 211 дүгээр зүйлийн 211.1.-д “Үүргийн гүйцэтгэлийг үүрэг гүйцэтгүүлэгчид, эсхүл хууль, гэрээ буюу шүүх, арбитрын шийдвэрт заасан эрх бүхий этгээдэд хүлээлгэж өгнө” гэж заасантай нийцэж байх тул хариуцагчийг 6,420,000.00 төгрөгийг зээлсэн гэж үзэх үндэслэлтэй байна.

 

Нөгөө талаар хэдийгээр зохигчид 550,000.00 төгрөгийн үнэтэй гутлын үнийг нэн даруй бус хожим төлөхөөр тохиролцсон гэх боловч хариуцагч тал зөвхөн гэрээний зүйл болсон гутлын худалдах үеийн үнийг төлөх тул тэдгээрийн хооронд худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүссэн ажээ.

 

Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1.-д “Зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ” гэж, мөн 282.4.-т “Мөнгө буюу эд хөрөнгийг зээлдэгчид шилжүүлэн өгснөөр зээлийн гэрээг байгуулсанд тооцно” гэж заажээ.

 

Өөрөөр хэлбэл, хэдийгээр талуудын хооронд зээлийн гэрээ байгуулагдсан боловч гэрээний зүйл болох мөнгө буюу эд хөрөнгийг бодитоор зээлдэгчид шилжүүлээгүй тохиолдолд түүнд зээлийг буцаан төлөх үүрэг үүсэхгүй юм.

 

            Тодруулбал, Иргэний хуулийн 196 дугаар зүйлийн 196.1.1.-д “эд хөрөнгө шилжүүснээр гэрээ байгуулахаар хуульд заасан бол гэрээний гол нөхцлийн талаар талууд тохиролцож, тухайн эд хөрөнгийг шилжүүлснээр гэрээ байгуулагдсанд тооцно” гэж заасны дагуу тус хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1.-д зааснаар зээлдэгчийн хувьд зээлийг буцаан төлөх болон зээлдүүлэгч зээлийг шаардах эрх, үүрэг үүсэх гол үндэслэл нь гэрээгээр тохиролцсон мөнгө болон бусад төрлийн шинжээр тодорхойлогдох эд хөрөнгийг шилжүүлсэн байх ёстой.

 

Түүнчлэн Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д “Худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ” гэж заажээ.

 

Энэ нь, худалдагч тал гэрээний зүйлийг аливаа эрхийн болон биет байдлын доголдолгүйгээр худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх үүрэг хүлээх бол худалдан авагч тал үнийг тохирсон хугацаанд бүрэн төлсөн тохиолдолд талуудыг гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор биелүүлсэн гэж үзэх юм.

 

Талуудын шүүх хуралдаанд гаргасан тайлбараар нийт 6,970,000.00 төгрөгийн авлага, өглөгөөс 550,000.00 төгрөгийг гутал худалдах, худалдан авах гэрээний үнэ, 6,420,000.00 төгрөгийг зээлийн гэрээний зүйл гэх үйл баримтын талаар маргаагүй тул тэдгээрийн хооронд Иргэний хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.1, 243 дугаар зүйлийн 243.1, 281 дүгээр зүйлийн 281.1.-д зааснаар зээлийн болон худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүссэн гэж үзэх үндэслэлтэй байна.

 

            Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн баримтаар хариуцагч М нь “Хаан банк” ХХК дах өөрийн эзэмшлийн ******* тоот данснаас нэхэмжлэгч Шгийн тус банкин дахь ******* тоот дансанд 5,760,000.00 төгрөгийг төлсөн ба зохигчид энэ талаар маргаагүй /х.х-ийн 21-47-р хуудас/.

 

            Хариуцагч тал шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа энэхүү 5,760,000.00 төгрөгт гутлын үнэ 550,000.00 төгрөг орж, худалдах, худалдан авах гэрээний үүргээ биелүүлсэн гэснийг нэхэмжлэгч тал баримтаар үгүйсгээгүй. Иргэний хуулийн 216 дугаар зүйлийн 216.1.-д “Үүрэг гүйцэтгэгч нь ижил төрлийн хэд хэдэн үүргийн гүйцэтгэлийг хангах үүрэгтэй бөгөөд үүргийн гүйцэтгэл нь бүх өрийг төлөхөд хүрэлцэхгүй бол үүрэг гүйцэтгэгч аль нэг үүргийг сонгож гүйцэтгэх эрхтэй. Үүрэг гүйцэтгэгч ийм сонголт хийгээгүй бол төлбөрийн хугацаа болсон өрийг тэргүүн ээлжинд төлүүлнэ” гэж заажээ.

 

            Тодруулбал, хариуцагч тал худалдах, худалдах авах гэрээ болон зээлийн гэрээний дагуу тус тус нэхэмжлэгчийн өмнө мөнгөн төлбөр төлөх үүрэг хүлээсэн бөгөөд тэрээр эдгээр гэрээний дагуу үүргээ гүйцэтгэхдээ аль нэгийг түрүүлж гүйцэтгэхээ ийнхүү сонгох эрхтэй ба гутлын үнэ 550,000.00 төгрөгийг төлж дуусгасан гэж тайлбарласан.

 

            Иймд, зохигчдын хооронд байгуулагдсан худалдах, худалдан авах гэрээний дагуу хариуцагчийн 550,000.00 төгрөг төлөх үүрэг Иргэний хуулийн 236 дугаар зүйлийн 236.1.1-д “үүрэг гүйцэтгэгч үүргээ зохих ёсоор гүйцэтгэсэн” гэж заасны дагуу дуусгавар болсон гэж үзэх үндэслэлтэй байна.

 

            Харин талуудын хооронд байгуулагдсан зээлийн гэрээний дагуу 6,420,000.00 төгрөгөөс хариуцагчийн худалдах, худалдан авах гэрээний гутлын үнэд төлсөн 550,000.00 төгрөгийг хасч тооцвол 5,210,000.00 төгрөгийн зээл төлөгдөж, 1,210,000.00 төгрөгийн зээл төлөгдөөгүй байна. Иргэний хуулийн 206 дугаар зүйлийн 206.1.-д “Үүргийг тогтоосон газар, хугацаанд нь, зохих ёсоор, шударгаар гүйцэтгэнэ” гэж, 208 дугаар зүйлийн  208.1.-д “Үүргийг хууль буюу гэрээнд заасан хугацаанд гүйцэтгэнэ” гэж зааснаар хариуцагч тал нийт зээлсэн 6,420,000.00 төгрөгийг зохих ёсоор төлөх үүрэгтэй бөгөөд хэрэгт авагдсан баримтаар тэрээр нэхэмжлэгчид 5,120,000.00 төгрөгийг төлж, 1,210,000.00 төгрөг төлөх үүргээ биелүүлээгүй, уг үүрэг дуусгавар болоогүй байна.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа хариуцагчийг хүүтэй мөнгө зээлсэн гэж тайлбарласан. Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.1.-д “Зээлийн гэрээгээр талууд хэлэлцэн тохиролцож хүү тогтоож болно” гэж, мөн 282.3.-д “Хуульд өөрөөр заагаагүй бол хүү тогтоосон бол зээлийн гэрээг бичгээр хийнэ. Энэ шаардлагыг хангаагүй бол хүү авах эрхээ алдана” гэж заасан. Тодруулбал, талууд зээлийг хүүтэй байхаар тохиролцсон тохиолдолд хүүгийн талаарх тэдгээрийн тохиролцоо нь тус хуулийн 42 дугаар зүйлийн 42.2.-т “Энгийн хэлбэртэй бичгийн хэлцэл нь хүсэл зоригоо илэрхийлэгч этгээд гарын үсэг зурснаар хүчин төгөлдөр болно” гэж заасны дагуу бичгийн хэлбэрт тусгагдсан байх ёстой юм.

 

            Гэтэл зохигчид 6,420,000.00 төгрөгийг хүүтэй зээлэхээр харилцан тохиролсон талаар бичгээр байгуулсан гэрээ байхгүй байгаа тул нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбар үндэслэлгүй байна.

 

            Нэхэмжлэгч тал хариуцагчаас бэлнээр зээлсэн гэх 130,000.00 төгрөг, 20,000.00 төгрөг, 300,000.00 төгрөг, 600,000.00 төгрөг, 50,000.00 төгрөг, н.Нт төлсөн гэх 777,000.00 төгрөг, шүүхийн шийдвэрийн дагуу төлөх 823,000.00 төгрөг болон эрэн сурвалжилахад гарсан зардал 70,200.00 төгрөг, нийт 2,770,200.00 төгрөгийг тус тус нэхэмжилсэн.

 

            Гэвч шүүх эдгээр шаардлагыг дараах үндэслэлээр хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв. Учир нь, хэдийгээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд гэрчээр оролцсон Л.Хурцбаатар тус шүүхэд гаргасан мэдүүлэгтээ хариуцагч Мийг 3 удаагийн үйлдлээр буюу 300,000.00 төгрөг, 600,000.00 төгрөгөөр нэхэмжлэгч Шгаас мөнгө авч байсан хэмээн мэдүүлсэн боловч түүний гаргасан энэхүү мэдүүлэг бусад баримтаар нотлогдоогүйгээс гадна нэхэмжлэгчийн “манай гэрээс ирж авсан” гэх тайлбараас гэрчийн “Ш эгчийнхээ ажил дээр очиж, эгчээсээ мөнгө авч өгсөн” гэх мэдүүлгүүд зөрүүтэй байна.

 

            Өөрөөр хэлбэл, хариуцагчид бэлнээр зээлсэн гэх 130,000.00 төгрөг, 20,000.00 төгрөг, 300,000.00 төгрөг, 600,000.00 төгрөг, 50,000.00 төгрөгийн шаардлага баримтаар нотлогдоогүй.

 

            Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн баримтаар Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 103/ШШ2017/00486 тоот шийдвэрээр нэхэмжлэгч Ц.Нийн гаргасан хариуцагч Шд холбогдох 1,900,000.00 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг шийдвэрлэж, талуудын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1.-д заасан зээлийн гэрээний харилцаа үүссэн гэж дүгнээд хариуцагчаас 823,000.00 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгохоор болжээ /67-69-р хуудас/.

 

            Тодруулбал, хэдийгээр хэрэгт нэхэмжлэгч Шгаас 2017 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр Ц.Нт нийт 777,000.00 төгрөгийн үнэтэй бөгж өгсөн, хариуцагч Моос 2,000,000.00 төгрөгийг Ц.Нт өгөхийг зөвшөөрсөн албан бичиг байгаа боловч 103/ШШ2017/00486 тоот шийдвэрээр 5,000,000.00 төгрөгийн зээлийн гэрээний харилцаа М болон Ц.Н нарын хооронд үүсээгүй, харин Ш болон Ц.Н нарын хооронд үүссэн гэж дүгнэж, 1,900,000.00 төгрөгийн шаардлагаас 777,000.00 төгрөгийн үнэтэй бөгж өгснийг хасч, нийт 823,000.00 төгрөгийг энэ хэргийн нэхэмжлэгч Шгаас гаргуулж, Ц.Нт олгохоор шийдвэрлэсэн байна.

 

 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4.-т “Шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр нэгэнт тогтоогдсон буюу нийтэд илэрхий үйл баримт хэрэг хянан шийдвэрлэхэд холбогдолтой байвал түүнийг дахин нотлохгүй” гэж заасан.

 

Өөрөөр хэлбэл, Иргэний хуулийн 1 дүгээр зүйлийн 1.2.-т “Иргэний хууль тогтоомж нь иргэний эрх зүйн харилцаанд оролцогчдын эрх тэгш, бие даасан байдал, өмчийн халдашгүй байдал, гэрээний эрх чөлөө, хувийн хэрэгт хөндлөнгөөс оролцохгүй байх, иргэний эрх, үүргийг ямар нэг хязгаарлалтгүйгээр хэрэгжүүлэх, зөрчигдсөн эрхийг сэргээлгэх, шүүхээр хамгаалуулах зарчимд үндэслэнэ” гэж заасан бөгөөд тус хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1.-д зааснаар Ш болон Ц.Н нарын хооронд байгуулсан зээлийн гэрээний дагуу бий болсон эрх, үүрэг буюу үүргийн харилцаа гагцхүү тэдгээр этгээдийн хооронд үүсэж, зөвхөн бие биедээ шаардлага тавих байдлаар хэрэгжиж, хязгаарлагдах бөгөөд тухайн гэрээгээр эрх, үүрэг хүлээгээгүй хариуцагч Мид хамааралгүй юм.

           

            Иймд, нэгэнт Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 103/ШШ2017/00486 тоот шийдвэрээр Ш болон Ц.Н нарын хооронд 5,000,000.00 төгрөгийн зээлийн гэрээний харилцаа үүссэн, хариуцагч Мийг Ц.Нт үлдэх 2,000,000.00 төгрөгийг төлөх үүрэг хүлээгээгүй гэж дүгнэсэн байх тул нэхэмжлэгчийн хариуцагчийн өмнөөс бусдад төлсөн гэх 777,000.00 төгрөг болон 823,000.00 төгрөгийг хариуцагч тал төлөх хууль зүйн үндэслэл тогтоогдохгүй байна.

 

            Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1.-д “Үүрэг гүйцэтгэгч хүлээсэн үүргээ зөрчсөн тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгч учирсан хохирлоо арилгуулахаар шаардах эрхтэй” гэж, мөн 229 дүгээр зүйлийн 229.1.-д “Үүрэг бүхий этгээд нь гэм хорыг арилгахдаа эд хөрөнгөд учруулсан бодит хохирол болон олох ёстой байсан орлогыг нөхөн төлөх үүрэгтэй” гэж тус тус заажээ. Тодруулбал, зээлийн гэрээ болон худалдах, худалдан авах гэрээгээр үүрэг хүлээсэн хариуцагч тал ийнхүү гэрээг зөрчсөнөөс үүрэг гүйцэтгүүлэгч буюу нэхэмжлэгчид хохирол учирсан тохиолдолд түүнийг нөхөн төлөх үүрэг хүлээнэ.

 

            Шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн баримтаар Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 08 дугаар сарын 07-ны өдрийн 103/ШШ2017/00322 тоот шийдвэрээр нэхэмжлэгч Шгийн гаргасан хариуцагч Мийг эрэн сурвалжлуулах тухай хүсэлтийг хангаж, нэхэмжлэгчийн төлсөн улсын тэмдэгтийн хураамж 70,200.00 төгрөгийг улсын орлого болгожээ /х.х-ийн 11, 12-р хуудас/.

 

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155.1.-д “Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд оршин суугаа газар нь мэдэгдэхгүй бол түүнийг эрэн сурвалжлуулах тухай хүсэлтийг шүүхэд гаргаж болно” гэж заасан.

 

            Гэвч Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 16.18.-д “улсынхаа нутаг дэвсгэрт чөлөөтэй зорчих, түр буюу байнга оршин суух газраа сонгох, гадаадад явах, оршин суух, эх орондоо буцаж ирэх эрхтэй. Гадаадад явах, оршин суух эрхийг үндэсний болон хүн амын аюулгүй байдлыг хангах, нийгмийн хэв журмыг хамгаалахын тулд зөвхөн хуулиар хязгаарлаж болно” гэж заасны дагуу хариуцагч М нь хуульд заасан үндэслэлээр оршин суух газраа солихыг зөвшөөрөөгүйгээс бусад тохиолдолд тэрээр түр болон байнга оршин суух газраа сонгох эрхтэй бөгөөд нэхэмжлэгчийн хүсэлтээр шүүхийн журмаар хариуцагчийн оршин суугаа газрыг олж тогтоож буй ажиллагаанд төлсөн улсын тэмдэгтийн хураамж нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.-д “Төрийн эрх бүхий байгууллагаас энэ хуульд заасан үйлчилгээ үзүүлсний төлөө иргэн, хуулийн этгээдийн төлж байгаа мөнгөн хөрөнгийг улсын тэмдэгтийн хураамж гэнэ” гэж зааснаар зохигчдод хуваарилагдах зардал биш, нэхэмжлэгчийн зайлшгүй төлөх ёстой төлбөр юм.

 

            Иймд, шүүхээс дээр дурьдсаныг тус тус нэгтгэн дүгнээд хариуцагчаас 1,210,000.00 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 4,310,200.00 төгрөгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 219 дүгээр зүйлийн 219.1.-д тус тус заасныг үндэслэн хариуцагч Моос 1,210,000.00 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Шд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 4,310,200.00 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1.-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 122,873.00 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагчаас 33,590.00 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2.-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй бөгөөд мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7.-д зааснаар шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                               Б.МАНДАЛБАЯР